- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТАНИХ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ХУВЦАС ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Цагдаагийн ерөнхий газрын даргын
2017 оны 06 дугаар сарын 21–ны
өдрийн А/121 дүгээр тушаалын
нэгдүгээр хавсралт
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТАНИХ ТЭМДЭГ,
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ХУВЦАС
ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хэрэглэлийг зориулалтын дагуу хэрэглэх, тооцоо хийх, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Олон нийтийн цагдаа улсын хэмжээнд ижил загвар, өнгийн хувцас хэрэглэх ба хувцасны ханцуйн бэлэгдэл таних тэмдэг нь тухайн аймаг, нийслэлийн ялгагдах бэлэгдэл бүхий таних тэмдэгтэй байна.
1.3.Олон нийтийн цагдаа нь таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хэрэглэлийг хэрэглэхдээ энэ журмыг мөрдөж биедээ зөв тохируулан иж бүрэн, цэвэр үзэмжтэй, ариг гамтай эдэлж хэрэглэх үүрэгтэй.
1.4.Олон нийтийн цагдаа нь таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг зөвхөн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэнэ.
1.5.Олон нийтийн цагдаа нь гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэж байхдаа заавал хэрэглэнэ.
1.6.Олон нийтийн цагдааг өвөл, зуны улирлын хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсанд шилжүүлэх хугацааг “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-д зааснаар Цагдаагийн даргын тушаалаар тогтооно.
1.7.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга олон нийтийн цагдаагийн албан үүрэг гүйцэтгэх, нэгдсэн арга хэмжээ, хичээл сургалт, цаг улирлын онцлогт тохируулан газар, хэлтэстээ өмсөх хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг жигдрүүлнэ.
1.8.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэсэн үед эрэгтэй олон нийтийн цагдаа нь үсээ засуулсан, эмэгтэй олон нийтийн цагдаа нь хар өнгийн үсний боолтоор үсээ шууж боосон байна.
1.9.Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, таних тэмдэг болон хамгаалах тусгай хэрэгслийн чанар, ашиглалт, хангамжтай холбоотой санал хүсэлтийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга хүлээн авч шийдвэрлэнэ.
Хоёр. Таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, түүний төрөл, хэрэглэх журам
2.1.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд түүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд нормоор олгогдсон өдөр тутмын хувцас, хэрэгслийг хэлнэ.
2.2.Дараахь хувцас, таних тэмдгийг өдөр тутмын үйл ажиллагаа, хичээл сургалт, албаны арга хэмжээнүүдэд болон улирлын нөхцөлд тохируулан хэрэглэнэ.
2.2.1.Зуны улирал (хавар, зун, намар)-д: /Энэ заалтыг ЦЕГ-ын 2025 оны А/277 дугаар тушаалаар өөрчилөн найруулсан./
а/саравчтай малгай;
б/хээрийн хүрэм, өмд;
в/савхин хүрэм;
г/борооны хүрэм, өмд;
д/гэрэл ойлгогчтой хантааз (зуны);
е/өдөр тутмын цамц (урт ханцуйтай);
ж/поло цамц;
з/дан өмд;
и/богино түрүүтэй гутал;
к/пүүзэн гутал;
м/усны гутал;
о/таних тэмдэг (ханцуйн бэлгэдэл тэмдэг, нэрийн бичиглэл тэмдэг, хувийн дугаар, цусны бүлэг, малгайн бичиглэл тэмдэг, арын бичиглэл тэмдэг, мөрдэс).
Ханцуйн бэлгэдэл тэмдэг: Ханцуйн бэлгэдэл тэмдгийг хээрийн хүрэм, савхин хүрэм, өвлийн хүрэм, урт ханцуйтай өдөр тутмын цамцны ханцуйн зүүн талд ханцуйн залгаа оёдлоос доош 50мм зайд голлуулан хэрэглэнэ.
Нэрийн бичиглэл тэмдэг: Нэрийн бичиглэл тэмдэгт олон нийтийн цагдаагийн овгийн эхний үсэг болон олон нийтийн цагдаагийн нэрийг бүтнээр нь кирилл үсгээр бичсэн байна. Үүнийг хээрийн хүрэм, савхин хүрэм, өвлийн хүрэмний энгэрийн баруун талын халаасны тагны дээд талын ирмэг, гэрэл ойлгогчтой хантаазны энгэрийн баруун талын дээд ирмэгтэй зэрэгцүүлэн хэрэглэнэ.
Хувийн дугаар, цусны бүлэг: Хувийн дугаар, цусны бүлэгт тухайн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын индексийг хоёр оронтой тоогоор, алба хаагчийн хувийн дугаарыг 3 оронтой тоогоор, цусны бүлгийн хамтаар бичиж тэмдэглэсэн байна. Үүнийг хээрийн хүрэм, савхин хүрэм, өвлийн хүрэмний зүүн талын халаасны тагны дээд талын ирмэгт, гэрэл ойлгогчтой хантаазны энгэрийн зүүн талын дээд ирмэгтэй зэрэгцүүлэн хэрэглэнэ.
Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын индекс:
Алба, нэгж, нийслэлийн дүүргийн нэр |
Индекс |
Аймгийн нэр |
Индекс |
Аймгийн нэр |
Индекс |
Тээврийн цагдаагийн алба |
10 |
Архангай |
20 |
Завхан |
30 |
Багануур |
11 |
Баян-Өлгий |
21 |
Орхон |
31 |
Багахангай |
12 |
Баянхонгор |
22 |
Өвөрхангай |
32 |
Баянгол |
13 |
Булган |
23 |
Өмнөговь |
33 |
Баянзүрх |
14 |
Говь-Алтай |
24 |
Сүхбаатар |
34 |
Налайх |
15 |
Говьсүмбэр |
25 |
Сэлэнгэ |
35 |
Сонгинохайрхан |
16 |
Дархан-Уул |
26 |
Төв |
36 |
Сүхбаатар |
17 |
Дорноговь |
27 |
Увс |
37 |
Хан-Уул |
18 |
Дорнод |
28 |
Ховд |
38 |
Чингэлтэй |
19 |
Дундговь |
29 |
Хөвсгөл |
39 |
Хэнтий |
40 |
Малгайн бичиглэл тэмдэг: Малгайн бичиглэл тэмдгийг саравчтай малгайны урд цох болон ноосон малгайн эргэсэн манжетны урд талыг голлуулан хэрэглэнэ.
Арын бичиглэл тэмдэг: Арын бичиглэл тэмдгийг хээрийн хүрэм, өвлийн хүрэм, өдөр тутмын цамц /урт ханцуйтай/-ны арын дээд талд хатгамал хийцтэй, борооны хүрэмний ар тал, гэрэл ойлгогчтой хантаазны ар талд цацруулагч /гэрэл ойлгогч/-тай бичиглэлийг хэрэглэнэ.
Хээрийн хүрэм, урт ханцуйтай өдөр тутмын цамцанд арын бичиглэл тэмдгийг захны ухаарын оёдлоос доош 100мм, өвлийн хүрэм, гэрэл ойлгогчтой хантааз, борооны хүрэмний захны ухаарын оёдлоос доош 160 мм зайтай хадна.
Саравчтай малгай: Зуны улиралд өдөр тутмын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөж хэрэглэнэ.
Хээрийн хүрэм: Хээрийн хүрмийг өмсөх тохиолдолд мөрдэстэй, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг, ханцуйн бэлгэдэл тэмдэг, арын бичиглэл тэмдгийн хамт хэрэглэнэ.
Агсамж (тоногтой бүс), хамгаалах тусгай хэрэгслийг хээрийн хувцсанд зүүж хэрэглэнэ. Шаардлагатай онцгой нөхцөлд хүрэмний дотуур хутганаас хамгаалах хантаазыг давхар өмсүүлнэ.
Хүрэмний өмд: Хээрийн хүрэмтэй хамт, богино түрийтэй гутал болон пүүзэн гуталтай өмсөнө.
Савхин хүрэм: Савхин хүрмийг өмсөх тохиолдолд мөрдэстэй, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг, ханцуйн бэлгэдэл тэмдэг, арын бичиглэл тэмдгийн хамт хэрэглэх бөгөөд хээрийн болон өдөр тутмын хувцасны гадуур өмсөнө.
Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/: Өдөр тутмын цамцыг өмсөх тохиолдолд мөрдэстэй, ханцуйн ялгах тэмдэг, арын бичиглэл тэмдэгтэй, цамцыг өмдний дотор хийж өмсөнө.
Дан өмд: Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/-тай хамт өмсөнө.
Поло цамц: Поло цамцыг мөрдэстэй, хээрийн хүрэмний дотуур өмсөх бөгөөд дангаар өмсөх тохиолдолд хээрийн хүрэмний өмдтэй өмсөнө.
Гэрэл ойлгогчтой хантааз (зуны): Гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэх үед хээрийн хүрэм, өдөр тутмын цамц (урт ханцуйтай)-ны гадна талаар давхарлаж өмсөх ба нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэгтэй хэрэглэнэ.
Борооны хүрэм, өмд: Бороотой үед хээрийн болон өдөр тутмын хувцасны гадна талаар өмсөнө.
2.2.2.Өвлийн улирал (намар, өвөл, хавар)-д:/Энэ заалтыг ЦЕГ-ын 2025 оны А/277 дугаар тушаалаар өөрчилөн найруулсан./
а/ноосон малгай;
б/хиймэл үсэн захтай өвлийн хүрэм, өмд
в/хээрийн хүрэм, өмд;
г/өдөр тутмын цамц (урт ханцуйтай);
д/дан өмд;
е/гэрэл ойлгогчтой хантааз (өвлийн);
ж/өвлийн дотортой гутал
з/тоногтой бүс;
и/таних тэмдэг (ханцуйн бэлгэдэл тэмдэг, нэрийн бичиглэл тэмдэг, хувийн дугаар, цусны бүлэг, малгайн бичиглэл тэмдэг, арын бичиглэл тэмдэг, мөрдэс).
Ноосон малгай: Өвлийн улиралд өмсөх тохиолдолд “малгайн бичиглэл” тэмдэгтэй өмсөж хэрэглэнэ. Ноосон малгайн доод хүрээ нь хөмсөгнөөс 1 см-ээс дээш түвшинд байна.
Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм: Хиймэл үсэн захтай өвлийн хүрмийг өвлийн улиралд өмсөх тохиолдолд мөрдэстэй, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлэг, ханцуйн бэлгэдэл тэмдэг, арын бичиглэл тэмдгийн хамт хэрэглэнэ.
Өвлийн хүрэмний юүдэнг салхи, шуургатай үед ноосон малгайн гадуур давхарлаж өмсөнө.
Шаардлагатай онцгой нөхцөлд хүрэмний дотуур хутганаас хамгаалах хантаазыг давхар өмсүүлнэ.
Өвлийн өмд (салдаг дулаан дотортой): Салдаг дулаан дотортой өвлийн өмдийг өвлийн улиралд өмсөх тохиолдолд шуумгийг өвлийн нэхий дотортой гуталны түрийний дотор хийж өмсөнө. Өвлийн өмдний салдаг дотрыг сэрүүний улирал (хавар, намар)-д салгаж өмсөж болно.
Гэрэл ойлгогчтой хантааз (өвлийн): Гэрэл ойлгогчтой хантаазыг үүрэг гүйцэтгэх үед өвлийн хүрэмний гадна талаар давхарлаж өмсөх ба нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэгтэй хэрэглэнэ.
Гурав. Тусгай хувцсыг хэрэглэх үеийн хязгаарлалт
3.1. Олон нийтийн цагдаа нь хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцсыг хэрэглэхэд дараахь зүйлийг хязгаарлана. Үүнд:
3.1.1.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны батлагдсан загвар, өнгийг өөрчлөх, нэмэлт ялгах тэмдэг чимэглэл хийх, энгийн хувцастай хольж өмсөх;
3.1.2.Цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас, чимэг хэрэгслээс өмсөж хэрэглэх;
3.1.3.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг ажлын бус цагаар албан үүргээ гүйцэтгээгүй үед өмсөж хэрэглэх, бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах;
3.1.4.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг таних тэмдэггүйгээр өмсөж албан үүрэг гүйцэтгэх;
3.1.5.Албаны үнэмлэхгүй үед таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх;
3.1.6.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсанд нугалаа гарган индүүдэх, этгээд хэлбэр, тод өнгийн гутал, оймс өмсөх, бүрэн бус хувцаслах, бохир үзэмжгүй өмсөж хэрэглэх;
3.1.7.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх үед үсээ урт ургуулах, эмэгтэй алба хаагчид үсээ задгай тавьж явах, хэт этгээд хэлбэр дүрстэй унждаг ээмэг, бөгж зүүж хэрэглэх, хумсаа урт ургуулах, тод өнгөөр будах.
Дөрөв. Тусгай хувцасны тооцоо хийх, актлан устгах
4.1.Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон холбооны болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хураан авч, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны тооцоог 4.2-т заасан эдэлгээний хугацаагаар тооцож, эдэлгээний хугацаа дуусаагүй тусгай хувцасны үнийн зөрүүг нөхөн төлүүлнэ.
4.2.Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцсыг дараах хүснэгтэд тусгасан эдэлгээний хугацаагаар баримтална. Үүнд: /Энэ хэсгийг ЦЕГ-ын 2025 оны А/277 дугаар тушаалы өөрчлөн найруулсан./
№ |
Хувцас, хэрэглэлийн нэрс
|
Хэмжих нэгж |
Олгох тоо |
Эдэлгээний хугацаа /жилээр/ |
Нэг.Малгай |
||||
1. |
Ноосон малгай |
ш |
1 |
3 |
2. |
Саравчтай малгай |
ш |
1 |
2 |
Хоёр.Гадуур хувцас |
||||
1. |
Хээрийн хүрэм, өмд |
хос |
1 |
2 |
2. |
Хиймэл үсэн захтай өвлийн хүрэм өмд |
хос |
1 |
3 |
3. |
Савхин хүрэм |
ш |
1 |
5 |
4. |
Борооны хүрэм, өмд |
хос |
1 |
4 |
5. |
Гэрэл ойлгогчтой хантааз /өвөл, зуны/ |
ш |
2 |
1 |
Гурав.Дан хувцас |
||||
1. |
Өдөр тутмын цамц /урт ханцуйтай/ |
ш |
1 |
1 |
2. |
Поло цамц |
ш |
1 |
1 |
3. |
Дан өмд |
ш |
1 |
2 |
Дөрөв.Гутал |
||||
1. |
Өвлийн гутал |
хос |
1 |
2 |
2. |
Богино түрийтэй гутал |
хос |
1 |
2 |
3. |
Пүүзэн гутал |
хос |
1 |
2 |
4. |
Усны гутал |
хос |
1 |
2 |
Тав.Тоногтой бүс |
||||
1. |
Тоногтой бүс |
иж бүрдэл |
1 |
2 |
Тайлбар: Ханцуйн бэлгэдэл тэмдэг, мөрдэс, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэг, малгайн болон арын бичиглэл тэмдгийг нормоор олгох хувцсанд дагалдуулан олгоно.
4.3.Таних тэмдэг болох ханцуйн бэлэгдэл тэмдэг, нэрийн болон хувийн дугаар, цусны бүлгийн тэмдэг, малгайн болон арын бичиглэл тэмдэг, мөрдсийг нормоор олгох хувцсанд хэрэглэх журамд нийцүүлэн дагалдуулан олгоно. /Энэ хэсгийг ЦЕГ-ын 2025 оны А/277 дугаар тушаалы өөрчлөн найруулсан./
4.4.Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан олон нийтийн цагдаагаас хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцсыг хураан авах, хувцасны эдэлгээний хугацааны үнийн зөрүү төлбөрийн тооцоо хийх, хувцсыг актлан устгах комиссыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын тушаалаар байгуулна.
4.5.Хураагдсан хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг устгах ажлыг хагас, бүтэн жилд комиссоос зохион байгуулж, дүнг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад танилцуулна.
4.6.Хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны эдэлгээний хугацааны үнийн зөрүүг бүрэн барагдуулсан тохиолдолд иргэнд таних тэмдэггүйгээр энгийн үед өмсөх боломжтой хувцсыг буцаан олгож болно.
4.7.Дараахь тохиолдолд олон нийтийн цагдаагийн эдэлгээний хугацаа дуусаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны үнийн зөрүү төлбөрийг тооцохгүй. Үүнд:
а/ хөдөлмөрийн чадвар алдсаны; Энэ хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/267 дугаар тушаалаар өөрчилсөн.
б/нас барсан;
в/тэтгэвэрт гарсан;
г/хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны өнгө, загвар өөрчлөгдсөн.
4.8.Эдэлгээний хугацаа дуусаагүй хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны зөрүү төлбөрийг тухайн аймаг, нийслэлийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэн гэрээ цуцлагдсан иргэдийн оронд нөхөн томилогдсон олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас бэлтгэхэд зарцуулахаас бусад зүйлд зарцуулахыг хориглоно.
4.9.Гэрээ цуцлагдсан иргэн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны эдэлгээний хугацааны үнийн зөрүү төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
Тав. Хяналт тавих
5.1.Энэ журмын хэрэгжилтэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, хяналт тавьж, дүнг жил бүр Цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулна. Энэ хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/267 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан.
5.2.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцсыг батлагдсан журмын дагуу эдэлж, хэрэглүүлэх, ашиглалтын байдалд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага өдөр тутам хяналт тавина.
5.3.Энэ журмыг зөрчсөн олон нийтийн цагдаад хүлээлгэх хариуцлагын талаар хөдөлмөрийн гэрээнд заасан байна.
---000---
Текст томруулах
A
A
A