- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯЗГААРЛАЛТЫГ ТООЦОХ, ХАНГАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны
А-36 дугаар тушаалын хавсралт
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯЗГААРЛАЛТЫГ ТООЦОХ, ХАНГАХ,
ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмын зорилго нь Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих харилцаа зохицуулах, харилцан хамаарал бүхий этгээд, банкнаас томоохон харилцагч, холбогдох этгээдтэй харилцахад баримтлах зарчмыг тодорхойлоход оршино.
1.2.Банк аливаа этгээд, түүний харилцан хамаарал бүхий этгээд, холбогдох этгээд, томоохон харилцагчтай Монгол Улсын Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага, холбогдох бусад хууль, тогтоомж болон энэ журмыг удирдлага болгон харилцана.
1.3.Банк аливаа этгээд, түүний харилцан хамаарал бүхий этгээд, холбогдох этгээд, томоохон харилцагчтай шударга, ижил тэгш, аливаа нөлөөллөөс ангид байдлаар харилцана.
ХОЁР. ХАРИЛЦАН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ТОДОРХОЙЛОЛТ
2.1.Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалтад тодорхойлсон харилцан хамаарлыг хөрөнгийн өмчлөл, удирдлага болон эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхол бүхий санхүү, үйл ажиллагааны гэж хоёр ангилна.
2.2.Дараах тохиолдолд гуравдагч этгээдийг хөрөнгийн өмчлөл, удирдлагын хувьд тухайн этгээдтэй харилцан хамааралтай гэж үзнэ:
Компанийн нэгдэлд оролцогч бусад хуулийн этгээд;
2.2.1.Тухайн этгээд гуравдагч этгээдийн саналын эрхтэй хувьцааны тав ба түүнээс дээш хувийг шууд, эсхүл бусад этгээдээр дамжуулан эзэмшдэг бол;
2.2.2.Тухайн этгээд гуравдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтанг томилох, чөлөөлөх, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахад нөлөөлөх чадвартай бол;
2.2.3.Тухайн этгээд гуравдагч этгээдийн бодлого, үйл ажиллагаа, шийдвэрт нөлөөлөх чадвартай бол.
2.3.Дараах тохиолдолд гуравдагч этгээд санхүү, үйл ажиллагааны хувьд тухайн этгээдтэй харилцан хамааралтай гэж үзнэ:
2.3.1.Тухайн этгээдийн үйл ажиллагаа доголдох, төлбөрийн чадваргүй болох, татан буугдсаны улмаас гуравдагч этгээдийн үйл ажиллагааг доголдох, төлбөрийн чадваргүй болох, татан буугдах бол;
2.3.2.Тухайн этгээдээс гуравдагч этгээдийн жилийн нийт орлогын 50 ба түүнээс их хувь хамаардаг ба энэ орлогыг шууд орлуулах боломжгүй бол;
2.3.3.Тухайн этгээд гуравдагч этгээдийн үйл ажиллагаа, өр төлбөрт өөрийн төлбөрийн чадварт хүндрэл учруулж болзошгүй баталгаа, батлан даалт гаргасан бол.
2.4.Банк зээлдэгчийн харилцан хамаарал бүхий этгээдийн судалгааг холбогдох активыг шийдвэрлэх болон явцын хяналтын үед энэ журмын 2.2, 2.3 дахь заасны дагуу гүйцэтгэж, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгасан хязгаарлалтыг мөрдөж ажиллана.
2.5.Нэг зээлдэгчийн актив банкны өөрийн хөрөнгийн 0.25 хувиас бага бол түүнд энэ журмын 2.4-т тусгасан судалгаа хийхгүй байж болно.
ГУРАВ. БАНКНААС ХОЛБОГДОХ ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ
3.1.Банкны тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасанэтгээд (цаашид “Холбогдох этгээд” гэх)-тэй шуудболон тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, өгөөж хүртээх зорилгоор гуравдагч этгээдтэй хийж буй бизнесийг холбогдох этгээдтэй хийх хэлцэлд тооцно.
3.2.Банкнаас холбогдох этгээдтэй харилцах бодлого, журам, зарчим тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн (цаашид “ТУЗ” гэх) үүрэг байна. Ингэхдээ дараах ажил үүргийн хуваарийг баримтална:
3.2.1.ТУЗ-ийн ажлын алба нийт холбогдох этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, тэдгээрийн зээл, зээлтэй адилтган тооцох актив, бусад хэлцлийг бүртгэл хөтлөх, банкны алба, нэгжид хүргүүлэх;
3.2.2.Ажлын албанд мэдээлэл хүргүүлэх ажилтан, хөрөнгө оруулагч, бусад этгээд, хугацаа, давтамжийг ТУЗ тогтооно;
3.2.3.Аудитын асуудал эрхэлсэн хороо нь сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох этгээдтэй хийсэн хэлцлийг хамруулан банкны нийт холбогдох этгээдийн хэлцэл хууль, тогтоомж, энэхүү журам, банкны бодлого, эрсдэлийн удирдлагатай нийцсэн байдал, холбогдох этгээдийн мэдээллийн сангийн үнэн зөв, бүрэн, бодитой эсэхэд улирал бүр хяналт тавьж, тайланг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн, шаардлагатай арга хэмжээ авна.
3.2.4.Гүйцэтгэх удирдлага холбогдох этгээдтэй хийж буй хэлцлийн тайланг улирал бүр ТУЗ-д хүргүүлнэ.
3.3.Холбогдох этгээдийн хэлцэл нь активын болон активын бус хэлбэртэй байна.
3.4.Холбогдох этгээдийн активын хэлцэлд дараах хэлцлийг хамааруулна:
3.4.1.Зээл, авлага, зээлтэй адилтган тооцох актив үүсгэх, шилжүүлэн авах;
3.4.2.Шууд болон гуравдагч этгээдээр дамжуулан эх үүсвэр байршуулах;
3.4.3.Бүх төрлийн өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх, түүнтэй адилтгах үнэт цаас худалдан авах, хөрөнгө оруулах;
3.4.4.Бүх төрлийн баталгаа, батлан даалт, зээлийн шугам, аккредитив, бусад хүлээж болох үүрэг үүсгэх, шилжүүлэн авах.
3.5.Холбогдох этгээдийн активын бус хэлцэлд дараах хэлцлийг хамааруулна:
3.5.1.Эх үүсвэр татах, хүү төлөх;
3.5.2.Санхүүгийн үүсмэл хэрэгсэл байгуулах;
3.5.3.Хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, худалдах,
3.5.4.Хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх;
3.5.5.Мэргэжлийн зөвлөгөө авах, өгөх.
3.6.Холбогдох этгээдийн хэлцэл дараах шаардлагыг хангасан байна:
3.6.1.Бизнесийн хувьд ашигтай;
3.6.2.Банкны эрсдэл даах болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг муутгахгүй;
3.6.3.Хэлцлийн шаардлага, хүү, нөхцөл нь бусад харилцагчийн ижил, төстэй хэлцлийн шаардлага, хүү, нөхцөлөөс онцгой бус, давуу тал үүсгээгүй;
3.6.4.Хэлцлээс учирч болзошгүй эрсдэл судлагдсан;
3.6.5.Хэлцлийн бодит хэрэгцээ, шаардлага урьдчилан үүссэн;
3.6.6.Хэлцлийн зардал, үнэ хөлс нь зах зээлийн жишигт нийцсэн;
3.6.7.Ханган нийлүүлэгчийг нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар сонгосон.
3.7.Банкнаас холбогдох этгээдтэй хийсэн дараах хэлцлийг Банкны тухай хуулийн 17.9 дахь хэсэгт заасан хөнгөлөлттэй хэлцэлд хамааруулна:
3.7.1.Хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрт нийцүүлэн эрх бүхий албан тушаалтан, ажилтанд банкны төлбөрийн чадварт нөлөөлөхгүй хэмжээгээр тэтгэмж, нөхөн олговор олгохоос бусад тохиолдолд холбогдох этгээдэд буцалтгүй тусламж олгох, хандив өгөх;
3.7.2.Холбогдох этгээдээс авах авлагыг түүнээс шууд болон шууд бусаар хөрөнгө, үйлчилгээ худалдан авах замаар барагдуулах;
3.7.3.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг холбогдох этгээдээс шууд болон шууд бусаар хөрөнгө, үйлчилгээ худалдан авах замаар нэмэгдүүлэх;
3.7.4.Банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон хязгаарлалт, зохистой харьцаа хангаагүй банк холбогдох этгээдтэй энэ журмын 3.4, 3.5.2, 3.5.3-т заасан хэлцэл хийх.
3.8.Гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл нь талуудын дунд байгуулсан гэрээ, хэлцэл, эсвэл санхүү, гүйлгээний баримтаар холбогдох этгээдийн үйл ажиллагааг дэмжих, өгөөж хүртээх зориулалтаар ашиглагдсан нь нотлогдсон тохиолдолд түүнийг холбогдох этгээдийн хэлцэл гэж үзнэ.
3.9.Банкны хувьцаа эзэмшигчтэй ураг, төрөл, бизнесийн холбоогүй эрх бүхий албан тушаалтанд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр банкны санхүүгийн байдлыг муутгахгүй хэмжээгээр олгосон зээлд энэ журмын 3.6.3-т заасан шаардлага хамаарахгүй.
3.10.Дараах тохиолдолд холбогдох этгээдийн хэлцэл гэж үзэхгүй:
3.10.1.Банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны зээл, зээлтэй адилтган тооцох актив,
3.10.2.Банкны нэгдэлд оролцогчийн эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны зээл. Хэрэв нэгдэлд оролцогч ажилтнаараа дамжуулан зээл авсан бол холбогдох этгээдийн хэлцэл гэж үзнэ.
3.11.Монголбанк банкны холбогдох этгээдийн сүүлийн 2 жилийн хугацаанд уг банктай хийсэн хэлцлийн нөхцөл, шаардлагыг тухайн үеийн үйлчилгээний нөхцөл, зах зээлийн жишиг, бусад мэдээлэлтэй харьцуулан шалгалт хийж, хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авч болно.
ДӨРӨВ. ТӨВЛӨРЛИЙН ХЯЗГААРЛАЛТЫГ ТООЦОХ
4.1.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд тодорхойлсон хязгаарлалтыг тооцоход ашиглагдах өөрийн хөрөнгө нь банкны нягтлан бодох бүртгэлийн багц материалын дагуу тодорхойлсон өөрийн хөрөнгө болон зохистой харьцааны зохицуулалтын хүрээнд эрсдэл даах чадвартай гэж тооцогдсон эх үүсвэрийн нийлбэр байна.
4.2.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн хязгаарлалтыг тооцоход ашиглагдах актив, хүлээж болох үүргийн дүнгээс хямдруулалт, урамшуулал, дахин үнэлгээ, бодит үнийн залруулга, хойшлогдсон төлбөр, эрсдэлийн сан, эх үүсвэрийг хасч тооцохгүй бөгөөд зөвхөн энэ журмаар зөвшөөрсөн тохируулгыг хийнэ.
4.3.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан хязгаарлалтыг аливаа этгээд болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн активын нийлбэрээр тооцох бөгөөд актив дараах бүрэлдэхүүнтэй байна:
4.3.1.Зээл, авлага, эх үүсвэрийн үлдэгдэл;
4.3.2.Бүх төрлийн өрийн хэрэгслийн үлдэгдэл;
4.3.3.Хувьцааны үлдэгдэл;
4.3.4.Аккредитив, баталгаа, батлан даалтын нийт дүнгийн 50 хувь;
4.3.5.Зээлийн шугамын ашиглаагүй дүн;
4.3.6.Харилцагч худалдан авах нөхцөлтэй аливаа активын үлдэгдэл.
4.4.Энэ журмын 4.3.1-4.3.7 заасан активын үлдэгдлээс доор дурдсаныг хасч бууруулах байдлаар дараах тохируулгыг хийж тооцно:
4.4.1.Актив нь Монгол Улсын Засгийн газрын баталгаа, олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч байгууллагын “А”-аас доошгүй үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагаас гаргасан баталгаа, батлан даалт, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлээр баталгаажсан бол харгалзах дүнгээр;
4.4.2.Актив нь Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн байгаль орчны сан, Ногоон уур амьсгалын сангаас гаргасан баталгаа, батлан даалт, тэдгээртэй эрсдэл хуваах хэлцлээр баталгаажсан бол харгалзах дүнгээр;
4.4.3.Нэгдмэл ашиг сонирхолтой, харилцан хамаарал бүрий банкууд байхаас бусад тохиолдолд, актив нь дотоодын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Төрөөс үүсгэн байгуулсан Зээлийн батлан даалтын сантай эрсдэл хуваах нөхцөлтэйбол харгалзах дүнгээр тухайн банкны активыг хасч тооцон, эрсдэл хуваагч банкны активыг нэмэгдүүлэх;
4.4.4.Актив нь активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах зохицуулалтын дагуу хугацааны үзүүлэлтээр хэвийн бус, эргэлзээтэй, муу ангилалд бүртгэгдсэн бол харгалзах тусгай эрсдэлийн сангаар;
4.4.5.Актив нь үл маргах журмаар шаардлага харилцан тооцох нөхцөлтэй тухайн банкинд байршуулсан санхүүгийн эх үүсвэр болон сорьцоор баталгаажсан алт, мөнгөн гулдмайгаар баталгаажсан бол харгалзах (спот) дүнгээр шаардлагыг харилцан тооцох;
4.4.6.Активын барьцаа нь Засгийн газрын үнэт цаас, Төв банкны үнэт цаас бол Төв банкнаас санхүүжилт олгоход барьцаалах хөрөнгийн жагсаалтад тусгасан хэлбэр, хугацаанд харгалзах хувиар хямдруулсан үнэлгээгээр;
4.4.7.Зээлдэгчийн төлбөрийн чадвар алдагдах эрсдэл үүссэн үед банкны санаачилгаар шууд хаагдах нөхцөлтэй зээлийн шугамын ашиглаагүй үлдэгдлээр.
4.4.8. Энэ журмын 4.3.1-д заасан эх үүсвэрт Монголбанк, олон улсад зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагын “А”-аас дээш үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийн үлдэгдлийг оруулж тооцохгүй байж болно. 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А-98 дугаартай тушаалаар нэмэлт оруулсан.
4.5.Дараах тохиолдолд Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан хязгаарлалтыг банкаар хангуулахаар 30 хоногийн хугацааг тогтооно:
4.5.1.Энэ журмын 5.4 дэх заалтаар тодорхойлсон томоохон зээлдэгчийн активын чанар муудаж, тусгай эрсдэлийн сан байгуулснаар банкны өөрийн хөрөнгө буурч, хязгаарлалт хангахгүй болсон (эрсдэлийн сан байгуулсан өдрөөс);
4.5.2.Зээлдэгчдийн дунд шинээр харилцан хамаарал бий болсны улмаас хязгаарлалт хангахгүй болсон (харилцан хамаарал бий болсон өдрөөс).
4.6.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт тусгасан хязгаарлалтыг дараах төрөл бүхий, энэ журмын 4.4-т заасан тохируулгыг хийсэн баталгаа, батлан даалтыг ашиглан тооцно:
4.6.1.Импорт, худалдааны баталгаа, батлан даалт, факторинг, аккредитивын дүн;
4.6.2.Урьдчилгаа төлбөрийн баталгаа, батлан даалтын дүн;
4.6.3.Векселийн баталгаа, батлан даалтын дүн;
4.6.4.Тендер, гүйцэтгэлийн баталгаа, батлан даалтын дүн;
4.6.5.Бусад баталгаа, батлан даалтын дүн.
4.7.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт тусгасан хязгаарлалтыг дараах бүрэлдэхүүнтэй холбогдох этгээдийн активыг ашиглан тооцно:
4.7.1.Холбогдох этгээдэд олгосон зээл, түүнээс авах авлага, түүнд байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл;
4.7.2.Холбогдох этгээдийн бүх төрлийн өрийн хэрэгслийн үлдэгдэл;
4.7.3.Холбогдох этгээдийн хувьцааны үлдэгдэл;
4.7.4.Холбогдох этгээдэд гаргасан баталгаа, батлан даалт, аккредитив, түүнтэй адилтгах бусад хүлээж болзошгүй үүргийн дүн;
4.7.5.Холбогдох этгээдэд гаргасан зээлийн шугамын ашиглаагүй дүн;
4.7.6.Холбогдох этгээдтэй байгуулсан санхүүгийн үүсмэл хэрэгслийн бодит үнэ цэнийн авлага;
4.7.7.Холбогдох этгээдэд дамжуулан зээлдүүлэх, ашиглуулахад зориулан гуравдагч этгээдэд олгосон зээл, байршуулсан эх үүсвэр, өрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт, гаргасан баталгаа, батлан даалт, аккредитив, бусад хүлээж болзошгүй үүргийн дүн; Энэ хэсэгт Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний А-118 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан.
4.7.8.Холбогдох этгээдийн хэлцлээс банкинд хохирол учирсан гэж Монголбанкнаас үзсэн бол учирсан хохирлын хэмжээг хэлцлийн хугацаанд болон хэлцлийн хугацаа дууссанаас хойш 12 сарын хугацаанд хязгаарлалтад оруулна;
4.7.9.Холбогдох этгээд нь банк бол эх үүсвэргүй хамтын зээлжүүлэлтийн хүрээнд хүлээсэн үүргийн дүн.
4.8.Энэ журмын 4.7.1-4.7.8 дэх заалтад тусгасан активыг үлдэгдлийг энэ журмын 4.4.1, 4.4.2, 4.4.5-т заасан тохируулгыг хийж тооцно.
Энэ хэсэгт Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны А-201 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан.
4.9.Холбогдох этгээдийн активын нийлбэрийг тооцоход Монголын Ипотекийн Корпораци, түүний тусгай зориулалтын компанийн гаргасан ипотекийн зээлээр баталгаажсан бондын үлдэгдэл, түүнд худалдсан ипотекийн зээлийн багцаас үүсч болох үүргийн дүнг хамруулахгүй.
4.10.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан банкны худалдан авах үнэт цаасны нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалтыг дараах төрөл бүхий, энэ журмын 4.4 дахь хэсэгт заасан тохируулгыг хийсэн үнэт цаасыг ашиглан тооцно:
4.10.1.Компанийн хувьцааны үлдэгдэл;
4.10.2.Хуулийн этгээдийн өрийн хэрэгслийн үлдэгдэл;
4.10.3.Хуулийн этгээдийн векселийн үлдэгдэл;
4.10.4.Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгслийн үлдэгдэл.
4.11.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан банкны худалдан авах хувьцаа нь нэг компанийн гаргасан хувьцааны 10 хувиас дээшгүй байх хязгаарлалтыг тооцоход зөвхөн компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг хамруулна.
4.12.Банкууд нэгдэж байгуулсан, банкуудад үйлчилдэг, нэг болон бүлэг банкнаас хамааралгүй, компанийн хувьцааг энэ журмын 4.11-т заасан хязгаарлалтыг тооцоонд оруулахгүй байж болно.
ТАВ. БАНКНЫ ТОМООХОН ХАРИЛЦАГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ
5.1.Банк өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдсан томоохон харилцагч, тэдгээрийн актив, эх үүсвэртэй холбогдох харилцааг зохицуулсан бодлого, журамтай байна.
5.2.Энэ журмын 5.1 дахь заасан банкны журам нь дараах зохицуулалтыг агуулсан байна:
5.2.1.Томоохон харилцагч, түүнтэй холбогдох активын тодорхойлолт;
5.2.2.Эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага;
5.2.3.Томоохон харилцагчтай холбогдох активыг шийдвэрлэх зарчим, хийгдэх судалгаа, шинжилгээний арга аргачлал;
5.2.4.Томоохон харилцагчтай холбогдох активтай холбоотой давхар, дараалсан хяналтын тогтолцоо;
5.2.5.Томоохон харилцагчтай холбогдох активын чанар, ашиглалтад хийх хяналт, түүний хугацаа, давтамж, зарчим;
5.2.6.Томоохон харилцагчтай холбогдох актив, эх үүсвэрээс банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болох эрсдэлийг тодорхойлох арга, аргачлал;
5.2.7.Томоохон харилцагчтай холбогдох актив, эх үүсвэрийг мэдээлэх, тайлагнах зарчим;
5.2.8.Томоохон харилцагчид үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал.
5.3.Энэ журмын 4.3, 4.4-т заасны дагуу тооцсон зээлдэгчийн актив, банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтэрсэн бол түүнийг банкны хяналт, шалгалтын зорилгоор томоохон зээлдэгч гэж үзнэ.
ЗУРГАА. ТАЙЛАГНАЛ, ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
6.1.Хамгийн том 40 зээлдэгчийн активын мэдээг Хавсралт №1-ийн дагуу Монголбанкинд сар бүрийн 5-ны өдрийн дотор ирүүлнэ.
6.2.Хамгийн том 40 холбогдох этгээдийн активын мэдээг Хавсралт №2-ын дагуу Монголбанкинд сар бүрийн 5-ны өдрийн дотор ирүүлнэ.
6.3.Хамгийн том 40 эх үүсвэрийн мэдээг Хавсралт №3-ын дагуу Монголбанкинд сар бүрийн 5-ны өдрийн дотор ирүүлнэ.
6.4.Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-17.5 дахь хэсэгт заасан хязгаарлалтыг Хавсралт №4-ийн дагуу Монголбанкинд сар бүрийн 5-ны өдрийн дотор ирүүлнэ.
6.5.ТУЗ-ын ажлын алба нийт холбогдох этгээдийн жагсаалт, тэдгээрт хамаарах зээл, зээлтэй адилтган тооцох актив, бусад хэлцлийн мэдээ, ТУЗ-ын аудитын асуудал эрхэлсэн хорооны тайланг Хавсралт № 5-ын дагуу жил бүрийн 1, 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ.
6.6.Энэ журмын хэрэгжилтэд Монголбанкны банкны хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгж, хяналт шалгагч хяналт тавьж, хууль тогтоомжид заасан шаардлагатай арга хэмжээг авна.
Текст томруулах
A
A
A