A

A

A

Бүлэг: 1979

Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/282 дугаар тушаалын хавсралт

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Чөлөөт бүсийн горим /цаашид горим гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Чөлөөт бүсийн тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг мөрдөнө.

1.2.Горим сонгох, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг үндэслэн барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3.Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг энэ горимд байршуулна.

1.4.Чөлөөт бүсэд шинээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд бүртгэлийн гэрчилгээ авсан даруйд аж ахуйн нэгжийн мэдээллийг Чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба нь тухай бүр гаалийн байгууллагад ирүүлж байна.

1.5.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.7.6-д заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын барааг энэ горимд байршуулна.

1.6.“Чөлөөт бүсэд боловсруулах” үйл ажиллагааг Гаалийн тухай хуулийн 99.2 зааснаар ойлгоно.

1.7.Гаалийн байгууллага чөлөөт бүсэд байгаа барааг аль ч үед шалгах эрхтэй байна.

1.8.Чөлөөт бүсэд оруулсан барааны чанарыг хадгалах зорилгоор ердийн арчилгаа хийх, баглаа боодлыг өөрчлөх, бүлэглэх, ангилах, задгай барааг савлах, хэсэглэх, зэрэглэл тогтоох, ачилтад бэлтгэх зэрэг шаардлагатай арга хэмжээ авч болно.

Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код

2.1.Чөлөөт бүсийн горимд дараах барааг байршуулна:

2.1.1.Гаалийн тухай хуулийн 231.1 дэх хэсэгт заасан бараа;

2.1.2.Чөлөөт бүсэд барилга байгууламж, дэд бүтцийг барьж байгуулахад шаардагдах хилийн чанадаас болон гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд болон бусад бараа материал;

2.1.3.Чөлөөт бүс дотор барааг хадгалах, боловсруулах зориулалтаар ашиглах тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн боловсруулах үйл ажиллагаанд ашиглах зориулалттай, химийн урвал өдөөгч, хурдасгагч удаашруулагч бодис, тухайн чөлөөт бүсэд ажиллаж буй ажилчдын ажлын байран дахь хэрэглээний бараа, дэлгүүрийн бараа, түлш шатахуун, хоол хүнс болон ус ундаа.

2.2.Нийгмийн аюулгүй байдал, ёс зүй, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулахад хязгаарлалт тогтоохгүй.

2.3.Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарах бөгөөд гадаадын бараа нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.

2.4.Горимд дараах кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:

Горимын утга Бүрдүүлэлт хийх горимын код Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1 Гадаадын барааг чөлөөт бүсэд оруулах
Гадаадын барааг хилийн чанадаас оруулах 770 шаардахгүй
Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулсан барааг оруулах 771 551-554
2 Монголын барааг чөлөөт бүсэд оруулах
Монголын барааг хилийн чанадаас оруулах 772 100, 101, 120, 141-144, 150
Монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс оруулах 773 шаардахгүй
3 Барааг гаалийн баталгаат бүсээс чөлөөт бүсэд оруулах
Барааг гаалийн баталгаат агуулахаас оруулах 774 700, 703, 705, 706, 707, 709
Барааг гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас оруулах 775 720, 722, 724
Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газраас оруулах 776 710, 712, 713, 715
4 Чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах 777 770-776, 778
5 Гаалийн бусад хяналтаас чөлөөт бүсэд оруулах 778 шаардахгүй
6 Чөлөөт бүсэд оруулсан барааг чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт худалдах, зарцуулах 779 770-778

Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
2.5.Гадаадын барааг чөлөөт бүсэд оруулахад гаалийн бүрдүүлэлтийн горимын 770, 771, 774-776, 778 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.

2.6.Чөлөөт бүсэд оруулсан, эсхүл тэнд үйлдвэрлэсэн барааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн өөр чөлөөт бүсэд оруулахад мөн тухайн чөлөөт бүс дотор үйл ажиллагаа явуулж байгаа өөр этгээдэд барааг шилжүүлэхэд гаалийн бүрдүүлэлтийн горимын 777 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.

Гурав.Гаалийн бүрдүүлэлт

3.1.Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас болон гаалийн баталгаат агуулах, баталгаат үзэсгэлэнгийн газар, баталгаат үйлдвэрийн газраас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргахад Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.

3.2.Барааг энэ горимын дагуу гаалийн байгууллагад мэдүүлэхдээ тээврийн бичиг баримт, гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн гэрчилгээ, чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгнө.

3.3.Горимд байршуулах монголын бараанд гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг гаргаж өгнө.

3.4.Мэдүүлэгч 3.2, 3.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг цахим шуудан, болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар  факс гэсэн үгийг хассан.

3.5.Журмын 3.2, 3.3 дахь хэсэгт заасан мэдээлэл, бичиг баримт нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.

3.6.Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулж, боловсруулалт хийх бараа, материалын жагсаалтыг аж ахуйн нэгж, байгууллага хяналт тавьж буй гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгнө.

3.7.Гадаад худалдааны гэрээ, бараа, материалын жагсаалтыг Чөлөөт бүс хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч бүртгэж, хяналт тавина.

3.8.Мэдүүлэгч нь барааг чөлөөт бүсэд боловсруулахтай холбогдсон мэдээллээр гаалийн байгууллагыг хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, марк серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болох бүтээгдэхүүний загвар дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг гаргаж өгнө.

3.9.Гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан заасан байна.

3.10.Гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байна.

3.11.Материалын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч боловсруулалтанд ашиглагдсан барааны тооцоог хянаж, гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө баталгаажуулсан байна.

3.12.Баталгаажуулсан материалын тооцоог үндэслэн зохих горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

3.13.Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулан боловсруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахад татвар тооцох гаалийн үнийг энэ журмын 3.10-т заасан материалын орц болон дараах үнэ, зардал, өртөг дээр үндэслэн тодорхойлно:

3.13.1.тухайн бараанд бүрэлдэхүүн болсон импортын түүхий эд, бүрдэл хэсэг, эд анги тэдгээртэй адилтгах зүйлсийн үнэ;

3.13.2.тухайн барааг үйлдвэрлэхэд ашигласан химийн урвалж, эрчим хүч, бензин, тос тосолгооны материалын үнэ;

3.13.3.тухайн барааг боловсруулахад шаардлагатай бөгөөд хилийн чанадад хийж гүйцэтгэсэн инженерийн болон өөрчлөн шинэчлэх шийдэл, урлал чимэглэл болон дизайны ажил, ерөнхий бүдүүвч болон техникийн зураг төслийн өртөг.

3.14.Энэ журмын 3.13.1-3.13.3-д заасан үнэ, өртөг, зардлыг тооцохдоо хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах /горимын код-770/ горимд байршуулсан барааны мэдүүлгээр тодорхойлсон гаалийн үнэд үндэслэнэ.

3.15.Энэ журмын 3.13.3-д заасан өртгийг хуваарилахдаа боловсруулах барааны тоог гэрээгээр хатуу тогтоосон бол холбогдох өртгийг хүлээгдэж буй нийт боловсруулах тоо хэмжээнд, харин боловсруулах барааны тоог тогтоох боломжгүй бол эхний бүрдүүлэлтэд тооцож мэдүүлнэ.

3.16.Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч бүтээгдэхүүний орц нормын тооцоо, барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах горимд байршуулсан гаалийн мэдүүлгээр тодорхойлсон үнэ дээр үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг шалгаж шийдвэрлэнэ.

3.17.Чөлөөт бүсэд боловсруулах барааны боловсруулалтын явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ. 

3.18.Горимын дагуу байршуулах барааны мэдээллийг хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн автоматжуулсан системээр хүлээн авч, бичиг баримттай тулган шалгаж, “баталгаажуулах” үйлдэл хийж, мэдээллийг гаалийн улсын ахлах байцаагчид гаалийн автоматжуулсан систем ашиглан цахимаар илгээнэ. Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” үйлдэл хийсэнээр гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно.

3.19.Мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг хэвлэж гаалийн улсын байцаагч баримтад “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн улсын байцаагч гарын үсгээ зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.

3.20.Худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт болон бусад бичиг баримтыг үндэслэн чөлөөт бүсэд байх хугацаанд барааны өмчлөх эрхийг шилжүүлж болно. Өмчлөх эрхийг шилжүүлсэн барааг өөр горимд байршуулах гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ мэдүүлгийн Илгээгч/Экспортлогч хүснэгтэд бараа өмчлөх эрхийг шилжүүлж байгаа хуулийн этгээд, иргэний нэр, Хүлээн авагч/Импортлогч хүснэгтэд өмчлөх эрх олж авч байгаа  хуулийн этгээд, иргэний нэрийг бичнэ.
Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан.
3.21.Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт зорчигчдод худалдсан барааг сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгож нэгтгэн, дараа сарын 05-ны өдрийн дотор санхүүгийн баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийн горимын 779 кодоор гаалийн байгууллагад мэдүүлж, хялбарчилсан бүрдүүлэлт хийлгэнэ.
Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар нэмсэн.

Дөрөв.Горимын шаардлага

4.1.Чөлөөт бүсэд бараа оруулах, гаргах, боловсруулалт хийх үйл ажиллагаа гаалийн хяналтад байна.

4.2.Чөлөөт бүсийн орох, гарах хаалга, бүсийн доторх барилга байгууламж, объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, телехяналтын систем бүхий харуул хамгаалалттай байна.

4.3.Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь Гаалийн тухай хуулийн 285.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн байгууллагыг үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангана.

4.4.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дараах шаардлагыг хангаж ажиллана:

4.4.1.чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга, байгууламж нь битүү, барааг бүрэн бүтэн байлгах, бүртгэл тооцоо хийх боломжийг хангасан байх;

4.4.2.чөлөөт бүсэд бараа бүтэгдэхүүний борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь гаалийн байгууллагатай гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бүртгэлд GS1 системийг нэвтрүүлсэн байх;

4.4.3.чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгч иргэн, Аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагын гаалийн хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж, ажлын байр, хяналтын талбай чөлөөт бүсийн орох, гарах хаалга, бүсийн доторх барилга байгууламжийг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, теле хяналтын систем бүхий харуул хамгаалалттай байх;

4.4.4.чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдох;

4.4.5.чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах, гаалийн хяналтын шаардлага хангахуйц тоо хэмжээгээр тохирох газарт байрлуулна. Камерын бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх;

4.4.6.аж ахуйн нэгж, байгууллага нь чөлөөт бүсэд байр, талбай, хашаа, авто зам, холбоо, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ зэргийг барихтай холбогдуулан хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд болон бусад бараа материалын жагсаалтыг хяналт тавьж буй гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгөх;

4.4.7.Чөлөөт бүсэд оруулсан барааны бүрэн бүтэн байдлыг мэдүүлэгч хариуцах бөгөөд барааны бүртгэлийг цахим маягтын дагуу хөтөлж, зарцуулалтын мэдээг холбогдох нотлох баримтын хамт гаалийн байгууллагад улирал тутам гаргаж өгөх;

4.4.8.Мэдээ тайлан, баримтуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу архивын нэгж болгон боловсруулж, хадгалах.
4.4.9.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 28.2, 28.5 дахь хэсэгт заасныг мөрдөж, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтыг бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд олгох.
Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар нэмсэн. 
4.4.10.Чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа чөлөөт бүсэд орсон зорчигчийн бүртгэлийг үндэслэн худалдаа хийх бөгөөд худалдан авагч болон худалдсан барааны мэдээллийг бодит цагийн горимоор цахимаар гаалийн байгууллагад илгээнэ.Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар нэмсэн.
4.4.11.Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь зорчигч чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад тоо, хэмжээний хязгаарлалт тогтоосон барааг тогтоосон тоо, хэмжээнээс хэтрүүлэн худалдахгүй байх.Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар нэмсэн.
4.4.12.Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчигчийн бүртгэлийг цахимаар татахгүй худалдсан, мөн худалдсан барааны мэдээллийг бодит цагийн горимоор цахимаар илгээгээгүй тохиолдолд тус бараанд энэ журмын 5.2.2-т зааснаар гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ.Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар нэмсэн.

 

Тав.Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа

“5.1. Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд гаалийн болон бусад албан татвар ногдуулах, чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.1-16.3 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах байдлаар шийдвэрлэнэ:

5.1.1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна Засгийн газрын 2020 оны 105 дугаар тогтоолоор баталсан “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт”-д дурдсан барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.

5.1.2 Энэхүү журмын 5.1.1-д заасан үнийн дүнтэй барааг зорчигч хоногт нэгээс илүүгүй удаа чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад нэр төрөл, тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй бөгөөд нэг удаагийн худалдан авсан барааны үнийн дүн нь 3.0 сая төгрөгөөс хэтэрсэн тохиолдолд үнийн дүнгийн зөрүүд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан, хурааж авна.

5.1.3 Зорчигчийн худалдан авалтын давтамж нь татвараас зайлсхийх нөхцөл байдал үүсгэсэн буюу хоногт нэгээс дээш удаа чөлөөт бүсэд орж, энэ журмын 5.1.1-д заасан барааг худалдан авсан тохиолдолд барааны нийт үнийн дүнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан, хурааж авна.

5.1.4 Энэхүү журмын 5.1.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй.

5.1.5. Энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт нэгээс илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулна.
Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар хассан.
5.1.5.Энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Зорчигч чөлөөт бүсээс Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1-д заасан барааг хоногт нэг удаа, тухайн сард нийтдээ таваас илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулж болно.Энэ хэсгийг Гаалийн ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/338 дугаар тушаалаар нэмсэн.

5.1.6. Хадгалалтын тусгай нөхцөл шаардах барааг чөлөөт бүсэд оруулахад зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах нөхцөлийг хангасан байна.

5.1.7. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу Чөлөөт бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд чөлөөт бүсэд оруулсан хүнсний бүтээгдэхүүнээс зорчигч энэхүү журмын 5.1.1-д заасан барааны үнийн дүнд багтаан гаалийн нутаг дэвсгэрт оруулж болно.”

/ГЕГД-ын 2020 оны А/102 дугаар тушаалаар нэмсэн/

5.2.Дараах тохиолдолд чөлөөт бүсийн горимд байршуулсан бараанд холбогдох гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, улсын төсөвт төвлөрүүлнэ:

5.2.1.давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар чөлөөт бүсээс алдагдсан, устгагдсан;

5.2.2. гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй захиран зарцуулсан.

5.3.Энэ журмын 5.2-д заасан тохиолдолд импортын гаалийн татварыг зөрчил илрүүлсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн, хүчин төгөлдөр мөрдөж буй ердийн тарифаар ногдуулан, хураан авч улсын төсөвт төвлөрүүлнэ.

5.4.Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулан боловсруулалт хийсэн барааг, дотоодын хэрэглээнд зориулан оруулахад барааны татвар тооцох гаалийн үнийг энэ журмын 3.13-т заасны дагуу тодорхойлон, импортын Гаалийн болон бусад татварыг ногдуулан улсын төсөвт төвлөрүүлнэ.

5.5.Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулсан барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт боловсруулахаар оруулахад Гаалийн тухай хуулийн 102.1 дэх хэсэгт заасны дагуу гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ.

Зургаа.Горим дуусгавар болох

6.1.Барааг өөр горимд байршуулснаар, эсхүл чөлөөт бүс татан буугдсанаар горим дуусгавар болно.

6.2.Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.7.6-д заасны дагуу чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлээс хассан тохиолдолд үлдэгдэл барааг тоолж, 3 сар хүртэлх хугацаанд бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгж байгууллагын байр, агуулахад гаалийн хяналтын дор хадгална.

6.3.Энэ журмын 6.2-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулна.

6.4.Энэ журмын 6.2-т заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулаагүй бол гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.