A

A

A

Бүлэг: 1979

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

 

 

 

ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ,

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам /цаашид "журам" гэх/-ын зорилго нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагад нийцүүлэн шүүгчид нэр дэвшигчээс бүрдүүлэх баримт бичиг, бүртгэл, шалгалт авах арга, хэлбэр, үнэлэх аргачлал, нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гаргах, олон нийтээс санал хүлээн авах болон холбогдох бусад харилцааг зохицуулахад оршино.

 1.2.Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шүүхийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хууль зүйн мэдлэг, чадвар, мэргэшил, ёс зүй, зан төлөвтэй хуульчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.

 1.3.Шүүгчийн сонгон шалгаруулалт /цаашид "сонгон шалгаруулалт" гэх/ олон нийтэд ил тод байх бөгөөд шалгалттай холбогдуулан гаргасан Ерөнхий зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий, оролцогч болон сонирхогч этгээдэд ойлгомжтой, нээлттэй байна.

 Хоёр.Сонгон шалгаруулалтын зарчим

 2.1.Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна.

 2.2.Сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахад энэ журмын 2.1-д заасан зарчмыг нэгэн адил баримтална.

 2.3.Шалгалтын даалгавар боловсруулах ажиллагаа хараат бус байна.

 Гурав.Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

 

 3.1.Ерөнхий зөвлөл шүүгчийн сонгон шалгаруулалтын зарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан хугацаанд өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тухай бүр, хүртээмжтэй хэлбэрээр мэдээлнэ.

  3.2.Шүүгчийн сонгон шалгаруулалтын зард дараах зүйлийг тусгана:

   3.2.1.шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх хуульд заасан болзол, шаардлага;

   3.2.2.шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл, хавсралт баримт бичгийн жагсаалт, тэдгээрийг хүлээн авах хугацаа, хэлбэр, хаяг;

   3.2.3.шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх хугацаа;

   3.2.4.сонгон шалгаруулалтын хугацаа, хуваарь;

   3.2.5.сонгон шалгаруулалтын журам, шалгалтын хэлбэр;

   3.2.6.сонгон шалгаруулалт зохион байгуулах газрын хаяг, холбоо барих мэдээлэл.
   3.2.7.сонгон шалгаруулалт зарлаж байгаа сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл.
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

  3.3.Иргэн анхан шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:

   3.3.1.хууль зүйн дээд боловсролын диплом (гадаадад их, дээд сургууль төгссөн бол диплом болон түүний баталгаат орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хувь); 
    Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
 

  3.3.2.хуульчаар гурваас доошгүй жил ажилласан хөдөлмөр эрхлэлтийн талаарх нотлох баримт буюу нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эсхүл нийгмийн даатгалын  лавлагаа, өмгөөлөгчийн хувьд гурваас доошгүй жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн тухай нотолгоо (нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, гурваас доошгүй жил өмгөөлөгчөөр оролцсон шүүхийн шийдвэрийн жагсаалт, өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ зэрэг);
 Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

 3.3.3.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа;

 3.3.4.шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй тухай Монгол Улсын ерөнхий прокурорын газрын лавлагаа;

 3.3.5.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /хуульчийн гэрчилгээ/;

 3.3.6.төрийн албан хаагчийн анкет;

3.3.7.Ерөнхий зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргасан мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга, түүний хавсралт;

3.3.8.оршин суугаа газрын тодорхойлолт, Монгол Улсын иргэний үнэмлэх;
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.3.9.гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсэн)-ийн лавлагаа;
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.3.10.шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаа; Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

3.3.11.Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

 3.3.12.өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

3.4.Иргэн давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:

 3.4.1.шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол энэ журмын 3.3.3, 3.3.4, 3.3.6, 3.3.7, 3.3.9-3.3.12-т заасан баримт бичиг;
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

 3.4.2.шүүгчээс бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол энэ журмын 3.3-т заасан баримт бичиг;

 3.4.3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан тухай нотлох баримт.

 3.5.Иргэн Монгол Улсын дээд шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага хангасан тухай дараах баримт бичгийг эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өргөдөлд хавсаргана:

 3.5.1.шүүгч нэрээ дэвшүүлж байгаа бол энэ журмын 3.3.3, 3.3.4, 3.3.6, 3.3.7, 3.3.9-3.3.12-т заасан баримт бичиг;
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. 

3.5.2.шүүгчээс бусад хуульч нэрээ дэвшүүлж байгаа бол энэ журмын 3.3-т заасан баримт бичиг;

 3.5.3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг хангасан тухай нотлох баримт.

 3.6.Өргөдөлд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл, шийдвэр хүлээн авах цахим шуудангийн хаяг, харилцах утас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан албан тушаалыг сүүлийн 6 жил эрхлээгүй тухай болон нэр дэвшигчийн талаар  эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авахыг зөвшөөрөх эсэх талаар бичсэн байна.

 3.7.Сонгон шалгаруулалтын зард дурдаагүй баримт бичгийг нэр дэвшигчээс шаардахгүй.

3.8.Ерөнхий зөвлөл шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын зарыг тухайн шүүгчийн ажиллах аймаг, нийслэлийн өдөр тутмын хэвлэлд нийтэлж болно.

 3.9.Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт заасныг үндэслэнэ.
3.10.Иргэн хэргийг дараах төрлөөр харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ:
            3.10.1.эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
            3.10.2.иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
            3.10.3.захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
            3.10.4.эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх.
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.
3.11.Иргэн хэргийг дараах төрлөөр харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ:
            3.11.1.эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
            3.11.2.иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
            3.11.3.захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
            3.11.4.эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх.
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.
3.12.Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ.
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

 

 

Дөрөв.Шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх

 

4.1.Шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтын тухайн зард дурдсан өргөдөл, баримт бичиг /цаашид "баримт бичиг" гэх/-ийг дурдсан хугацаанд багтаан Ерөнхий зөвлөлд цахимаар болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

 4.2.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагч иргэний баримт бичгийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор өргөдөл, хавсралт баримт бичгийг нягтлан шалгах дараах ажиллагаа явуулна:

 4.2.1.баримт бичиг сонгон шалгаруулалтын зард заасан хугацаанд ирсэн эсэх, бүрэн гүйцэд, үнэн зөв эсэхийг нягтлан шалгах, шаардлагатай тохиолдолд тухайн баримт бичгийн талаар эрх бүхий холбогдох байгууллагаас лавлагаа, тодруулга авах;

 4.2.2.иргэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан тухайн шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг нягтлан шалгах, шаардлагатай тохиолдолд эрх бүхий холбогдох байгууллагаас лавлагаа, тодруулга авах.

 4.3.Ерөнхий зөвлөл анхан шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн өргөдөл гаргагч иргэний баримт бичгийг нягтлан шалгаж доор дурдсан үндэслэлийн аль нэг байгаа тохиолдолд шүүгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргана:

 4.3.1.иргэн өргөдөл, баримт бичгээ сонгон шалгаруулалтын зард заасан хугацаанд ирүүлээгүй;

 4.3.2.энэ журмын 3.3-т заасан баримт бичгийн аль нэг нь дутуу;

 4.3.3.өргөдөл гаргагч иргэний баримт бичиг үнэн зөв бус;

 4.3.4.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзлыг хангаагүй;

 4.3.5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-31.1.4 дэх заалт, 31.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
4.3.6.энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй;
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

 4.3.7.энэ журмын 4.11-д заасан нөхцөл бий болсон;
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.
4.3.8.шүүгч адил шатны ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэрээ дэвшүүлсэн.
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

4.4.Ерөнхий зөвлөл давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн иргэний баримт бичгийг нягтлан шалгаж дараах үндэслэлийн аль нэг байгаа тохиолдолд шүүгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргана:

 4.4.1.энэ журмын 4.3.1, 4.3.3-4.3.8 заасан үндэслэл;
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. 


4.4.2.энэ журмын 3.4.1, 3.4.2-т заасан баримт бичгийн аль нэг нь дутуу;

4.4.3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

4.5.Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлсэн өргөдөл гаргагч иргэний баримт бичгийг нягтлан шалгаж дараах үндэслэлийн аль нэг байгаа тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоол гаргана:

 4.5.1.энэ журмын 4.3.1, 4.3.3-4.3.8 заасан үндэслэл;
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. 

4.5.2.энэ журмын 3.5.1, 3.5.2-т заасан баримт бичгийн аль нэг нь дутуу;
4.5.3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

4.6.Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан үнэлгээ нь хүчинтэй байгаа нэр дэвшигч сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэх, бүртгүүлэх эрхтэй. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх үед үнэлгээний хүчинтэй байх хугацаа нь дуусаагүй боловч шалгалт өгөх болон эрэмбэлэх үед хүчинтэй байх хугацаа нь дууссан нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл болохгүй. 

 4.7.Ерөнхий зөвлөл өргөдөл гаргагч иргэний баримт бичгийг нягтлан шалгаж энэ журмын 4.3-4.5-д дурдсан холбогдох үндэслэлийн аль нэг нь тогтоогдоогүй бол энэ журмын 3.10-3.12-т заасны дагуу шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн тухай тогтоол гаргана. 
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.

 4.8.Ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 34.5 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн баримт бичиг, мэдээллийг өөрийн болон тухайн шүүхийн, түүнчлэн нутгийн захиргааны байгууллагын цахим хуудаст байршуулж, олон нийтийг сонгон шалгаруулалтын мэдээллээр хүртээмжтэй хэлбэрээр хангаж, нэр дэвшигчийн талаар санал ирүүлэх боломжийг бүрдүүлнэ

 4.9.Нэр дэвшигчийн баримт бичиг үнэн зөв бус болох нь сонгон шалгаруулалтын явцад тогтоогдвол Ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох, шалгалтыг зогсоох, үнэлгээ, гүйцэтгэлийг хүчингүй болгох зэрэг шийдвэр гаргана.

  4.10.Нэр дэвшигч эрүү, иргэн, захиргааны болон эрүү, иргэний хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад нэг зэрэг нэрээ дэвшүүлж болно.
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
4.11.Энэ журмын 4.10-т заасны дагуу нэр дэвшиж, шүүгчийн албан тушаалд томилогдсон бол тухайн өдрөөс түүний нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээний хүчинтэй байх хугацаа дуусгавар болно. Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

 Тав.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт

 

 5.1.Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт

  5.1.1.Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дараах төрөл, арга, хугацаа, үнэлэх оноотой байна:

    5.1.1.1.Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 15  хүртэл оноогоор үнэлэх;
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан. 

   5.1.1.2.эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварыг тодорхой тохиолдол өгч түүний талаар шүүхээс гарах эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах аргаар 150 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх;

    5.1.1.3.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 25 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр тохиолдол шийдвэрлэнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр тохиолдол шийдвэрлэхийг сугалаагаар тодорхойлно;

    5.1.1.4.салбар эрх зүйн мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр сорилын асуултад хариулна. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр сорилын асуултад хариулахыг сугалаагаар тодорхойлно.
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

  5.2.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт

  5.2.1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дараах төрөл, арга, хугацаа, үнэлэх оноотой байна:

    5.2.1.1.магадлал бичих чадварыг эрх зүйн баримт бичиг боловсруулах аргаар 120 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр баримт бичиг боловсруулна. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр эрх зүйн баримт бичиг боловсруулахыг сугалаагаар тодорхойлно;

    5.2.1.2.хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 25 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр тохиолдол шийдвэрлэнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр тохиолдол шийдвэрлэхийг сугалаагаар тодорхойлно;

    5.2.1.3.шүүн таслах ажлын туршлагыг анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийг сугалаагаар тодорхойлно;

   5.2.1.4.салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 10 хүртэл оноогоор үнэлэх.
Энэ заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

 5.3.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн  хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт

  5.3.1.Хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дараах төрөл, арга, хугацаа, үнэлэх оноотой байна:

    5.3.1.1.Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 120 минутын хугацаанд шалгах, 10  хүртэл оноогоор үнэлэх;

    5.3.1.2.хууль тайлбарлах мэдлэг, чадварыг хууль тайлбарлан хэрэглэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлноЭнэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

    5.3.1.3.шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно;Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

    5.3.1.4.хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр эрх зүйн тохиолдол шийдвэрлэхээ сонгох бөгөөд энэ тухайгаа журмын 3.6-д заасан өргөдөлд тусгана. Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

      5.3.1.5.эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргааныг хяналтын журмаар болон бусад асуудлыг хянан шийдвэрлэх мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 90 минутын хугацаанд шалгах, 15 хүртэл оноогоор үнэлэх.

    5.4.Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалттай холбоотой бусад асуудал

   5.4.1.Нэр дэвшигчийг үнэлэхдээ аравны нарийвчлалтай оноо өгч болно. Нийт гишүүний үнэлгээний дунджаар нэр дэвшигчийн шалгалт тус бүрийн үнэлгээг зууны нарийвчлалтай гаргана.

   5.4.2.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын даалгаврыг боловсруулахдаа тухайн чиглэлээр мэргэшсэн хөндлөнгийн хараат бус шинжээчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсэгт заасны дагуу оролцуулж болно.

   5.4.3.Ерөнхий зөвлөлийн гишүүн эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргаар авсан шалгалтын хариуг үнэлэхдээ тухайн шалгалтын даалгаврыг зохиосон Ерөнхий зөвлөлийн гишүүн, эсхүл хөндлөнгийн хараат бус шинжээчийн хариулт, аргачлалыг баримтална.

   5.4.4.Ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт  заасны дагуу хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг тухайн шалгалтад тэнцсэнд тооцож, тогтоол гарган мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад оруулна.

5.4.5.Ерөнхий зөвлөл хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэн нэр дэвшигч яллагдагчаар татагдаагүй тухай лавлагааг Улсын ерөнхий прокурорын газраас авна. Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

 

Зургаа.Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт

 

6.1.Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт
  6.1.1.Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг дараах журмын дагуу авна:

   6.1.1.1.нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлсэн  тайланг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт заасны дагуу, нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийг 34.7.3 дахь заалтад заасны дагуу гаргуулахаар нэр дэвшигчийг тохиолдлын журмаар Ерөнхий зөвлөлийн нэг, эсхүл түүнээс дээш тооны гишүүн /цаашид "илтгэгч гишүүн" гэх/-д тэнцвэртэй хуваарилах;

  6.1.1.2.нэр дэвшигчийн баримт бичиг, мэдээллийг энэ журмын 4.8-д заасны дагуу цахим хуудаст байршуулснаас хойш 14 хоногийн дотор нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг сонирхсон этгээдээс хүлээн авах;

    6.1.1.3.хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт гаргах;

    6.1.1.4.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчтэй ярилцлага хийх;

    6.1.1.5.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлэх;

    6.1.1.6.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчийг нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэх.  

 6.2.Илтгэгч гишүүн нэр дэвшигчийг судалж үнэлэх

6.2.1.Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт заасныг судалж нэр дэвшигч шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж, нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлж энэ журмын 6.7.2, 6.7.3-т заасан шалгуурын дагуу үндэслэл бүхий тайлан бичнэ.

 6.2.2.Илтгэгч гишүүн нэр дэвшигчийн баримт бичгийг судлахдаа ирүүлсэн баримт бичгийг үндэслэнэ.

 6.2.3.Илтгэгч гишүүн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн талаар мэдээлэл авах зорилгоор дараах арваас доошгүй хүнтэй ярилцлага хийж, тэмдэглэл хөтөлнө:

 6.2.3.1.нэр дэвшигч хуульчийн хувиар оролцсон хэрэг, маргаанд хамтран ажилласан хуульч болон эсрэг талын хуульч;

 6.2.3.2.нэр дэвшигчийг удирдан ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа хүн;

 6.2.3.3.нэр дэвшигчийн удирдлагад ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа хүн;

 6.2.3.4.нэр дэвшигчтэй хамтран ажиллаж байсан, эсхүл ажиллаж байгаа хүн;

 6.2.3.5.нэр дэвшигчид хичээл зааж байсан хууль зүйн сургуулийн багш;

 6.2.3.6.Монголын хуульчдын холбоо, эсхүл Монголын  өмгөөлөгчдийн холбооны эрх бүхий ажилтан;

 6.2.3.7.шаардлагатай гэж үзсэн бусад хүн.

 6.2.4.Илтгэгч гишүүн энэ журмын 6.2.3-т заасан хүнтэй ярилцлага хийхдээ Ерөнхий зөвлөлөөс урьдчилан гаргасан жишиг асуултыг ашиглаж болох бөгөөд биечлэн ярилцах, шаардлагатай тохиолдолд утас, цахим шуудан, цахим уулзалт зэрэг бусад хэлбэрийг ашиглаж болно.

 6.2.5.Илтгэгч гишүүн ярилцлага хийхдээ тухайн этгээдэд дараах мэдээллийг заавал өгнө:

 6.2.5.1.нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн талаар мэдээлэл өгсөн хуульч, бусад этгээд өөрсдөө задруулахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тэдний нэр, холбогдох мэдээллийг илтгэгч гишүүн болон Ерөнхий зөвлөлийн бусад гишүүн нууцлах үүрэг хүлээсэн тухай;

 6.2.5.2.нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн талаар мэдээлэл өгсөн хуульч, бусад этгээд нэр дэвшигчийн нэр, ярилцлагын агуулгыг нууцлах үүрэгтэй тухай.

6.3.Илтгэгч гишүүн нэр дэвшигчтэй ярилцлага хийх

 6.3.1.Илтгэгч гишүүн нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд цахим уулзалт хийж болно.

 6.3.2.Илтгэгч гишүүн нэр дэвшигчтэй ярилцлага хийхдээ цугларсан сөрөг болон бусад тайлбар, мэдээллийн үндэслэл, нөхцөл байдлыг нэр дэвшигчид боломжит хэмжээнд мэдэгдэж хариу тайлбар өгөх боломжоор хангана.

 6.3.3.Нэр дэвшигчийн талаар сөрөг тайлбар, мэдээлэл өгсөн хүн өөрийгөө нэр дэвшигчид мэдэгдэхийг зөвшөөрөөгүй бөгөөд уг сөрөг тайлбар, мэдээллийн агуулгыг нэр дэвшигчид мэдэгдэх нь ярилцлага өгсөн хүний нууцлалыг задруулах эрсдэлд хүргэх тохиолдолд илтгэгч гишүүн уг сөрөг тайлбар, мэдээллийг нэр дэвшигчид хэлэхийг хориглоно. Нэр дэвшигчид өөрт нь танилцуулаагүй сөрөг тайлбарыг үнэлгээнд ашиглахгүй.

 6.4.Илтгэгч гишүүн тайлан бичих

6.4.1.Илтгэгч гишүүн Ерөнхий зөвлөлөөс баталсан загварын дагуу нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлсэн тайланг дараах агуулгаар бичнэ:

 6.4.1.1.нэр дэвшигчийн талаарх ерөнхий мэдээлэл;

6.4.1.2.ярилцлага өгсөн хүн тус бүрийн нэр дэвшигчийн талаар өгсөн товч тодорхойлолт;

 6.4.1.3.нэр дэвшигчийн талаарх ярилцлага бүрийн товч агуулга;

 6.4.1.4.нэр дэвшигчтэй хийсэн ярилцлагын товч агуулга, илтгэгч гишүүний танилцуулсан сөрөг мэдээлэл, тайлбарт нэр дэвшигчийн өгсөн хариу тайлбар;

 6.4.1.5.энэ журмын 4.8, 6.1.1.2-т заасны дагуу иргэдээс ирүүлсэн саналд хийсэн дүн шинжилгээ;

 6.4.1.6.энэ журмын 6.7.2, 6.7.3-т заасан шалгуурын дагуу нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн үнэлэмж;

 6.4.1.7.шаардлагатай бусад мэдээлэл. 

6.4.1.8.шүүгч нэр дэвшсэн бол шийдвэрлэсэн хэрэг, бичсэн тоймын талаарх товч мэдээлэл.
Энэ дэд заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

6.4.2.Илтгэгч гишүүн тайланд уулзалтын тэмдэглэлийг хавсаргана.

 6.4.3.Илтгэгч гишүүн тайланг энэ журмын 4.8, 6.1.1.2-т заасны дагуу ирүүлсэн асуулт, саналын хуулбарын хамт Ерөнхий зөвлөлийн гишүүдэд танилцах боломжит хугацааны өмнө хүргүүлнэ. Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн үнэлгээнд оролцохоос татгалзан гарсан гишүүнд тайланг хүргүүлэхгүй.

 6.4.4.Ерөнхий зөвлөлийн гишүүн илтгэгч гишүүний тайланг бусад этгээдэд задруулахыг хориглоно.

6.5.Нэр дэвшигчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт

6.5.1.Нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт нь нэр дэвшигчийн мэргэшил, чадварын болон нэр хүндийн талаарх хэсгээс бүрдэнэ. Мэргэшил, ур чадварын талаарх хэсэгт нэр дэвшигч нь хуульчийн хувьд эрх зүйн тогтолцоо, шүүх эрх мэдлийн салбарыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, мэдлэг, чадвараа түгээн дэлгэрүүлж хуваалцаж байгаа байдал, эрх зүйн тодорхой салбар, чиглэлээр мэргэшил, чадвараараа бусад хуульчид хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэргийг, нэр хүндийн талаарх хэсэгт нэр дэвшигч хуульчдын дунд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хуульчдын өөрөө удирдах байгууллага дахь оролцоо, хувь нэмрийг тодорхойлж тусгана.

6.6.Ерөнхий зөвлөлийн ярилцлага 

6.6.1.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчтэй хийх ярилцлагыг тодорхой сэдвээр хязгаарлахгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн асуулт, нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг танин мэдэхэд чиглэсэн асуулт асууж болно.

6.6.2.Ерөнхий зөвлөлийн ярилцлага хийх товыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заасан хугацаанд багтаан шийдвэрлэж зарлах бөгөөд нэр дэвшигчид уг ярилцлага болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө товыг мэдэгдэнэ.

6.7.Нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн үнэлгээ

6.7.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлэхдээ энэ журмын 6.7.4-т заасан эх сурвалж болон 6.7.2, 6.7.3-т заасан шалгуурт үндэслэн оноо өгөх ба тухайн шалгуурыг хэрхэн хангаж байгаа үндэслэлийн талаар санал хэлж болно.
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.

6.7.2.Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийн мэргэшлийг дараах шалгуураар доор дурдсан оноогоор үнэлж, онооны үндэслэлээ дурдана:

6.7.2.1.шүүн таслах ажлын, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагааны туршлага, чанар – 2 хүртэл оноо;

6.7.2.2.мэргэжил, мэдлэг, боловсролоо дээшлүүлж, хөгжүүлж байгаа байдал – 2 хүртэл оноо;

6.7.2.3.дүн шинжилгээ хийх, үндэслэл гаргах чадвар – 2 хүртэл оноо;

6.7.2.4.оновчтой илэрхийлэх чадвар – 2 хүртэл оноо;

6.7.2.5.харилцааны ур чадвар – 2 хүртэл оноо.

 6.7.3.Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөвийг дараах шалгуураар доор дурдсан оноогоор үнэлж, онооны үндэслэлээ дурдана:

6.7.3.1.хараат бус, бие даасан байдал – 3 хүртэл оноо; 

6.7.3.2.зарчимч, үнэнч, шударга байдал – 3 хүртэл оноо;

6.7.3.3.төвийг сахих чанар – 2 хүртэл оноо;

6.7.3.4.зохистой байдал – 2 хүртэл оноо;

6.7.3.5.хүмүүст тэгш хандах, хэвшмэл явцуу үзлээс ангид байдал – 2 хүртэл оноо;

6.7.3.6.хичээл зүтгэл – 2 хүртэл оноо;

6.7.3.7.шийдэмгий чанар – 2 хүртэл оноо;

6.7.3.8.ажил хэргийн болон мэргэжлийн нэр хүнд – 2 хүртэл оноо;

6.7.3.9.ажил хэргийн болон хувийн зохион байгуулалт – 2 хүртэл оноо.

6.7.4.Ерөнхий зөвлөлийн гишүүн энэ журмын 6.7.2, 6.7.3-т заасан шалгуураар нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлж оноо өгөхдөө дараах эх сурвалжид үндэслэнэ:

6.7.4.1.нэр дэвшигчтэй хийсэн ярилцлага;

6.7.4.2.нэр дэвшигчийн баримт бичиг;

6.7.4.3.нэр дэвшигчийн мэргэшил, чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлт;

6.7.4.4.сонирхсон этгээдээс хүлээн авсан санал;

6.7.4.5.илтгэгч гишүүний тайлан;

6.7.4.6.бусад.

6.7.5.Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг энэ журмын 6.7.2, 6.7.3-т заасан шалгуурын дагуу хараат бусаар, бие даан, бодитой үнэлнэ. Нэр дэвшигчийг үнэлэхдээ аравны нарийвчлалтай оноо өгч болно. Нийт гишүүний үнэлгээний дунджаар нэр дэвшигчийн шалгалт тус бүрийн үнэлгээг зууны нарийвчлалтай гаргана.

6.7.6.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20, түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг уг шалгалтад тэнцсэнд тооцно.

Долоо.Шүүгчид нэр дэвшигчид хориглох зүйл

 

 7.1.Сонгон шалгаруулалтын явцад нэр дэвшигчид дараах зүйлийг хориглоно:

 7.1.1.шалгалтын үйл ажиллагаанд саад учруулах;

 7.1.2.шалгалт эхлэх хугацаанаас хожимдох;

 7.1.3.шалгалтын танхимд хууль, хуулийн тайлбар, ном, гарын авлагыг файл болон цаасан хэлбэрээр, гар утас, чихэвч, зөөврийн компьютер, аудио, видео техник хэрэгсэл, ноорог цаас, дэвтэр, үзэг, харандаа, флаш, зургийн аппарат зэрэг бусад адилтгах зүйлс авч орох, ашиглах;

 7.1.4.шалгалтын программд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй байхад түрүүлж нэвтрэх үйлдэл хийх;

 7.1.5.шалгалтын явцад бусдад саад учруулах, ярилцах, бусдын гүйцэтгэлийг харах, ашиглах;

 7.1.6.өөр хүнийг шалгалтад оролцуулах, суудлын дугаарыг сольж суух;

 7.1.7.шалгалтын материалд тэмдэг, тэмдэглэгээ хийх;

 7.1.8.сонгон шалгаруулалтад оролцогч сонгон шалгаруулалт зарласнаас эхлэн өргөн мэдүүлэх хүртэл хугацаанд Ерөнхий зөвлөлийн гишүүнтэй сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар биечлэн уулзах, утсаар ярих, цахимаар харилцах болон бусад байдлаар шууд болон дам нөлөөлөх;

 7.1.9.шалгалтын дүн, үнэлгээнд урьдчилан нөлөөлөх гэсэн аливаа оролдлого хийх.
7.1.10.бодит байдалд нийцэхгүй мэдээлэл, баримт бүрдүүлж өгөх.
Энэ заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн. 

 7.2.Нэр дэвшигч энэ журмын 7.1-д заасныг зөрчсөн тохиолдолд танхимд нэвтрүүлэхгүй байх, танхимаас чөлөөлөх, тухайн нэр дэвшигчийн шалгалт болон үнэлгээг хүчингүй болгох арга хэмжээг Ерөнхий зөвлөл тогтоол гаргаж шийдвэрлэнэ.
7.3.Нэр дэвшигч бодит байдалд нийцэхгүй мэдээлэл, баримт бүрдүүлж өгсөн бол Ерөнхий зөвлөлийн тогтоолоор үнэлгээг хүчингүй болгох эсэхийг  шийдвэрлэнэ. 
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

Найм.Гомдол гаргах

  8.1.Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай тогтоолд тухайн иргэн, нэр дэвших эрхгүй иргэнийг бүртгэсэн тухай гомдлыг бусад нэр дэвшигч тухайн тогтоолыг цахим хуудаст мэдээлснээс хойш ажлын гурван өдрийн дотор Ерөнхий зөвлөлд бичгээр гаргах эрхтэй.

  8.2.Нэр дэвшигч шалгалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, шалгалтын цахим систем болон техник, тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаа, сорилын асуултад хариулах болон эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар авсан шалгалтын хариу зөрүүтэй талаар ажлын нэг өдрийн дотор Ерөнхий зөвлөлд бичгээр гомдол гаргах эрхтэй.

8.3.Нэр дэвшигч энэ журмын 5.4.4, 6.7.6-д заасан тогтоол гарснаас хойш ажлын нэг өдрийн дотор Ерөнхий зөвлөлд бичгээр гомдол гаргах эрхтэй.

8.4.Ерөнхий зөвлөл энэ журмын 8.1-8.3-т заасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаж хариуг ажлын гурван өдрийн дотор бичгээр өгнө.

Ес.Шүүгчид нэр дэвшигчийн үнэлгээг

эрэмбэлэх, өргөн мэдүүлэх

  9.1.Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ.

9.2.Нэр дэвшигч нийлбэр онооны эрэмбийн эхнээс дараалан энэ журмын 3.10-3.11-т заасны дагуу нэрээ дэвшүүлсэн шүүхээс сул орон тоо зарласан тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгож, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргана.
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 198 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

9.3.Сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгоогүй бол нэр дэвшигчийн шалгалтын оноо хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна.
Энэ хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нэмсэн.

  9.4.Ерөнхий зөвлөл эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ. 
Энэ хэсгийн дугаарлалтыг  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчилсөн.

 

Арав.Бусад зүйл

 10.1.Ерөнхий зөвлөлийн ажлын алба шүүгчийн сонгон шалгаруулалтыг энэ журамд заасны дагуу явуулах техник, зохион байгуулалтыг хангана.

 10.2.Ерөнхий зөвлөлийн ажлын алба шалгалт авах газар, он, сар, өдөр, эхлэх цагийг тусгасан мэдээллийг тухайн шалгалт товлосон хугацаанаас долоогоос доошгүй хоногийн өмнө Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулна.

 10.3.Ерөнхий зөвлөл шалгалтын даалгаврын агуулга, ярилцлагын жишиг асуулт, тэдгээрт тавигдах шаардлага, даалгавар боловсруулах, хараат бус шинжээч оролцуулах, даалгаврын нууцлалыг хадгалах, сонгон шалгаруулалтын цахим системийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг тухайлсан журмаар зохицуулна.

 10.4.Нэр дэвшигч шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцохтой холбогдон гарах зардлыг өөрөө хариуцна.

 10.5.Шалгалтыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

 10.6.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болсон зэрэг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тохиолдолд сонгон шалгаруулалтыг хойшлуулж болох бөгөөд энэ тухай нэн даруй нийтэд мэдээлнэ.

 

 

---oOo---