A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2025-02-24 16:18:04
Төслийн төлөв Идэвхтэй
  • 8
  • 0
  • 804
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙМОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-04-25

Танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

202.. оны ... дугаар сарын ...-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид "Хөгжлийн банк" гэх)-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх ажил, үйлчилгээний хүрээг тогтоож, эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хөгжлийн банкны хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хөгжлийн банкны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар, энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого" гэж Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай зүйлийн 4.1.4, 4.6.2-т заасныг;

4.1.2."Хөгжлийн зорилтот хөтөлбөр" гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай зүйлийн 4.1.5, 4.6.5-д заасныг;

4.1.3."Экспортыг дэмжих бодлого" гэж экспортлогч аж ахуйн нэгжүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлийн үйл ажиллагааг нь дэмжих, эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх зорилгоор төрөөс үзүүлэх санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг тодорхойлсон нэгдсэн төлөвлөлт бүхий Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгийг;

4.1.4."Тогтвортой, ногоон хөгжлийн бодлого" гэж хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад чиглэсэн, байгалийн баялгийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилго бүхий Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгийг;

4.1.5."Төсөл" гэж төсөвлөсөн өртөг, зардал нь батлагдсан зураг, техник эдийн засгийн үндэслэлээр баталгаажсан, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох үйлдвэр, үйлчилгээ, дэд бүтцийн барилга байгууламжийг шинээр барьж байгуулах болон тэдгээрийг сайжруулах, өргөтгөх, өөрчлөхтөслийн бүтцийн хүрээнд хамаарах цогц ажлыг;

4.1.6."Хөтөлбөр" гэж тухайлсан нэг эсхүл хэд, хэдэн эдийн засгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг;

4.1.7."Нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөр" гэж энэ хуулийн 4.1.5-д зааснаас бусад санхүүгийн өгөөжийг нь шууд тооцоолох боломжгүй боловч нийгэм, эдийн засгийн үр ашигтай гэж Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон арга хэмжээ, үйл ажиллагааг;

4.1.8."Зорилтот салбар" гэж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн, энэ зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасан бодлогыг дэмжих хүрээнд Хөгжлийн банкнаас тэргүүн ээлжид санхүүжүүлэх ирээдүйд эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар бүхий салбарыг;

4.1.9."Төслийн бүтэц" гэж тогтоосон цаг хугацаанд төсөвлөсөн мөнгөн дүнд багтаан төслийг бүхэлд нь хэрэгжүүлж дуусгах ажлын хүрээг тогтоосон загварчлал бөгөөд баримтлах зарчим, үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хийх ажлын төлөвлөгөөг төслийн үе шат бүрд хариуцах эзэн, зарцуулах мөнгөн дүн, шийдвэрлэх асуудал ба арга замыг зааварласан төслийн баримт бичгийг;

4.1.10."Төслийн санхүүжилт" гэж Хөгжлийн банкнаас төслийн бүтэц, санхүүжилтийн схемийн дагуу төсөл хэрэгжүүлэгч, тусгай зориулалтын компанид энэ хуульд заасан арга хэрэгсэл ашиглан санхүүжилт олгох, экспортыг дэмжсэн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэн хуулийн этгээдэд олгох зээлийг;

4.1.11."Санхүүжилтийн арга хэрэгсэл" гэж төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулах хэлбэр бөгөөд зээл олгох, төсөл санхүүжүүлэх, энэ хуулийн 4.1.15-4.1.22-т заасан ажил үйлчилгээ болон экспортын урьдчилгаа, худалдааны төлбөр, хувьцаа, өрийн хэрэгслийн санхүүжилт болон старт-апп, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, дижитал ба ногоон бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн олон төрлийг;

4.1.12." Зээл, санхүүжилтын бодлогын баримт бичиг (цаашид "Бодлогын баримт бичиг" гэх) гэж Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийн бодлого, хөрөнгө оруулалт, зээл, санхүүжилтийн арга хэрэгслүүд, тэдгээрийн нөхцөл, шаардлагыг тогтоосон бодлого, журмыг;

4.1.13."Төслийн хөгжүүлэлт" гэж төслийн бүтцийг тодорхойлох, хөрөнгө оруулалт, санхүүжилтын судалгаа, тооцоолол хийх, схем гаргах, төслийн баримт бичигт зөвлөгөө өгөх, төслийг сайжруулахад туслах үйл ажиллагааг;

4.1.14."Баталгаа, батлан даалт" гэж Иргэний хуулийн 234, 457, 458 дугаар зүйлд заасныг;

4.1.15."Экспортын санхүүжилт" гэж худалдааны гэрээний үндсэн дээр гадаад улсад бараа, ажил үйлчилгээ экспортлогчийн гэрээнд заасан бараа, ажил үйлчилгээний үйлдвэрлэлд зориулж урьдчилгаа өгөх болон энэ хуулийн 4.1.16-д заасан худалдааны санхүүжилт олгохыг;

4.1.16."Импортын болон худалдааны санхүүжилт" гэж гадаад худалдааны гэрээний үндсэн дээр бараа, ажил үйлчилгээ экспортлогч, импортлогчид бараа, тээврийн баримт бичгийг нь үндэслэн гэрээнд заасан валютын төрөл, төлбөрийн дүнгийн хэмжээнд аккредитив, факторинг, форфейт, гадаад худалдааны баталгаа гаргах зэргээр санхүүжилт олгохыг;

4.1.17."Ногоон ба дижитал санхүүжилт" гэж энэ зүйлийн 4.1.4-д заасан бодлогыг дэмжсэн, дэвшилтэд технологийн шийдлийг хөгжүүлэх, ашиглах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулахыг;

4.1.18."Нөхцөлт өрийн бичгийн /мезанин/ санхүүжилт" гэж тодорхой хугацааны дараа тохиролцсон болзол биелснээр хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн бичгийн санхүүжилтийг;

4.1.19."Гүүрэн зээл" гэж үйл ажиллагаанд шаардлагатай мөнгөн урсгалын дутагдалыг нөхөх зориулалттай богино хугацааны зээлийг;

4.1.20."Хамтарсан санхүүжилт" гэж гэрээний дагуу гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтарсан санхүүжилт хийхийг;

4.1.21."Дамжуулан зээл" гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагаттай байгуулсан гэрээний дагуу дотоодын банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээд эргэн төлөлтийг нь хариуцах нөхцөлтэйгөөр эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэхийг;

4.1.22."Синдикат санхүүжилт" гэж бусад санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран тодорхой төслийг хэрэгжүүлэхэд оролцож, гэрээнд тохиролцсон нөхцөлөөр санхүүжүүлэхийг;

4.1.23."Санхүүжилт авсан этгээд" гэж гэрээний үндсэн дээр Хөгжлийн банкнаас санхүүгийн ажил, үйлчилгээ авч, төлбөрийн үүрэг хүлээсэн этгээдийг;

4.1.24."Санхүүжилтийн гэрээ" гэж энэ хууль, бусад хууль болон энэ хуулийн 4.1.12-т заасан бодлого, журамд нийцүүлэн Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт, санхүүжилт авсан этгээдтэй байгуулсан, санхүүжилтийн дүн, нөхцөл, талуудыг хүлээх эрх, үүрэг, хариуцах эрсдэлийг тодорхойлсон, тогтоосон хугацаанд төслийн үр дүнд бий болох орлого, мөнгөн урсгал болон хууль тогтоомжоор зөвшөөрсөн аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон бичгээр илэрхийлсэн хэлцлийг;

4.1.25."Бүтцийн өөрчлөлт хийх" гэж эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар төлбөрийн чадваргүй болсон эсхүл болж болзошгүй нөхцөл байдалд байгааг тогтоосон тохиолдолд Банкийг болон түүнээс хөрөнгө оруулалт, санхүүжилт авсан этгээдийг санхүү, төлбөрийн чадварын хүндрэлээс гаргах, цаашид хэвийн үйл ажиллагааг нь хангах, эрсдэлд орсон зээл, түүнтэй адилтгах активыг нь удирдан төслийн бүтцийг сайжруулах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, банканд учирч болзошгүй хохирлын хэмжээг бууруулах зорилгоор энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг."

4.1.26."Дахин санхүүжүүлэх" гэж энэ зүйлийн 4.1.25-д заасан арга хэмжээний хүрээнд төсөл хэрэгжүүлэгч болон төслийн удирдлагын компанийн үйл ажиллагааг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах замаар үйл ажиллагааг нь өөрчлөн зохион байгуулах, төслийн бүтцийг өөрчлөхтэй холбоотой гарах зардлын санхүүжилт гаргахыг;

4.1.27."Хувьцаа худалдаж авах" гэж энэ зүйлийн 4.1.25-д заасан арга хэмжээний хүрээнд Банкнаас санхүүжилт авсан этгээдийн төслийн хэрэгжилт, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор санхүүжилт авсан этгээдийн хувьцаа, хувьцаанд хөрвөх нөхцөлт өрийн бичиг худалдан авахыг;

4.1.28."Төслийн удирдлагын компани" гэж төслийг удирдах, төслийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд болон төслийн удирдлагыг хэрэгжүүлэхээр тусгай зориулалтаар байгуулсан компанийг тус тус хэлнэ.

5 дугаар зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь эдийн засгийн үр ашигтай байх;

5.1.2.тасралтгүй, залгамжтай байх;

5.1.3.тогтвортой, хараат бус байх;

5.1.4.ил тод, нээлттэй байх;

5.1.5.засаглалын олон улсын стандартыг нэвтрүүлж, хариуцлагатай байх;

5.1.6.Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр нь мэргэжлийн үнэлгээ, судалгаа, тооцоолол, хамтын удирдлагад үндэслэгдсэн улс төрөөс ангид байх;

5.1.7.хөндлөнгийн хяналттай байх;

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг энэ хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журамд тусган хэрэгжүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЧИГЛЭЛ, ЭРХ ХЭМЖЭЭ, ЗАРЧИМ

6 дугаар зүйл.Хөгжлийн банкны эрх зүйн байдал

Хэвлэх

6.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зорилгыг хэрэгжүүлэх, төрөөс үүсгэн байгуулсан экспортыг дэмжигч хөгжлийн институт мөн.

6.2.Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хэлбэр нь "банк ХХК" байх бөгөөд Хөгжлийн банкийг байгуулах, хувьцааны бүтцийг өөрчлөх, банкийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгахтай холбоотой шийдвэрийг Засгийн газар гаргана.

7 дугаар зүйл.Хөгжлийн банкны зорилт

Хэвлэх

7.1.Хөгжлийн банкны зорилт нь Монгол улсын тогтвортой хөгжлийг дэмжин үндэсний эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий дэд бүтэц, аж үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тэдгээрийг санхүүжүүлэхэд оршино.

8 дугаар зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагааны чиглэл

Хэвлэх

8.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

8.1.1. энэ хуулийн 7.1-д заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж, тэдгээрийг санхүүжүүлэх зоритын хүрээнд энэ хуулийн дөрөвдүгээр бүлэгт заасан санхүүгийн ажил, үйлчилгээ үзүүлэх;

8.1.2.эргэн төлөгдөх эх үүсвэр нь улсын төсөвт тусгагдсан нөхцөлд төрөөс хэрэгжүүлэх нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж болно;

8.1.3.зах зээлийг хамгаалах зорилгоор төсвөөс иргэн, аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан хязгаарлалт хангагдах нөхцөлд оролцох;

8.1.4.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хэрэгжүүлэх төслийн эх үүсвэрийг санхүүжүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр дамжуулан зээлдүүлэх;

8.1.5.тогтвортой, ногоон бодлогыг дэмжин олон улсын хөгжлийн байгууллагаас гэрээний үндсэн дээр эх үүсвэр татан төвлөрүүлэх, хууль, гэрээнд заасан зорилгоор ашиглах, банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээдэд зээлдүүлэх буюу санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх;

8.1.6.төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн байгууллагатай хамтарсан болон синдикат санхүүжилт олгох, бусад санхүүгийн байгууллагад баталгаа гаргах;

8.1.7.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан сангийн хөрөнгийг удирдаж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх;

9 дүгээр зүйл.Хөгжлийн банкны эрх хэмжээ

Хэвлэх

9.1.Хөгжлийн банк дараах эрх, үүрэгтэй байна:

9.1.1.санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгох, судлах, хөгжүүлэх, төслийн бүтцийг загварчлахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

9.1.2.төсөлд хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хяналт тавих, төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор салбарын мэргэшсэн зөвлөх, эксперттэй хамран ажиллах, үнэлгээ, дүгнэлт хийлгэх;

9.1.3.төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэрийг судалгаанд үндэслэн бие даан гаргах;

9.1.4.Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага, менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгөх, сануулах, шаардлага тавих, газар дээрх хяналт, шалгалт хийх;

9.1.5.Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан тохиолдолд гэрээний хэрэгжилтийг дүгнэж, тэдгээрийн буруутай үйл ажиллагаа, санхүүгийн сахилга, хариуцлага алдсаны улмаас гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд гэрээнд зааснаар хариуцлага хүлээлгэх, харилцан тохиролцсон тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөрийн зөрчлийг арилгуулах, гэрээг цуцлах, төслийн санхүүжилтийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах;

9.1.6.давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн түр зуурын хүндрэлд орсон, энэ нь төсөл зогсох, саатах нөхцөл байдал үүссэн тохиолдолд төслийн үнэ цэнийг бууруулахгүйгээр эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд нь тусалж, төсөл хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр төслийн бүтцэд өөрчлөлт оруулах, санхүүгийн схемийг шинэчлэх, дахин санхүүжилт хийх замаар хяналтаа тогтоож, эрсдлээс сэргийлэх;

9.1.7.энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл, нөхцөл бүрдсэн тохиолдолд эрсдэлд орсон банкны активт бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээ авах;

9.1.8.Хөгжлийн банк нь санхүүгийн ажил үйлчилгээг төрөлжүүлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх, хөгжлийн ба хөрөнгө оруулалтын сан байгуулах, активыг чанарыг сайжруулах, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн түрээсийн, төслийн нэгжийн, хөрөнгө оруулалтын менежментийн болон активын удирдлагыг хэрэгжүүлэх охин компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр байгуулж болно;

9.1.9.Хөгжлийн банк салбар, төлөөлөгчийн газартай байж болно. Салбар, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хувьцаа эзэмшигчийн саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН БОЛОН ӨӨРИЙН ХӨРӨНГӨ, ХЯЗГААРЛАЛТ, ХОРИГЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

10 дугаар зүйл.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн болон өөрийн хөрөнгө

Хэвлэх

10.1.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний бүтэц, хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.

10.2.Хөгжлийн банк нь тухайн жилийн цэвэр ашгаас хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, алдагдлыг нөхөх зорилго бүхий нөөц сан байгуулах, ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг Компанийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

10.3.Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багассан тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

10.4.Энэ хуулийн 10.2-т заасан санг бүрдүүлэх, түүнийг удирдах журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

10.5.Хөгжлийн банк нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр давуу эрхийн хувьцаа, хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргаж болно.

11 дүгээр зүйл.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

Хэвлэх

11.1.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дараах хязгаарлалт хийнэ:

11.1.1.Хөгжлийн банкны зээл, баталгаа, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй;

11.1.2.Хөгжлийн банкны нэг зээлдэгч болон түүнтэй холбоотой этгээдэд олгох зээл, санхүүжилтийн нийт дүн нь банкны өөрийн хөрөнгийг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс хэтрэхгүй;

11.1.3.Төрөөс хэрэгжүүлэх нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд санхүүжилтийн эргэн төлөлтийг жил бүр улсын төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.

11.2.энэ хуулийн 11.1.3-д заасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх дээд хэмжээ нь Хөгжлийн банкны нийт активын 10 хувиас хэтрэхгүй байна.

12 дугаар дүгээр зүйл.Хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

12.1.Хөгжлийн банкны дүрэмд заасан эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь Хөгжлийн банкны болон түүний харилцагч хуулийн этгээд, хувь хүний нууц мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд бусдад өгөх, задруулах, ашиглахыг хориглоно.

12.2.Төрийн өндөр албан тушаалтан болон Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь гагцхүү холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зөвшөөрсөн эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд гүйцэтгэх удирдлага болон бусад ажилтнуудад хууль бус шийдвэр гаргуулахаар нөлөөлөхийг хориглоно.

12.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагыг төрийн өндөр албан тушаалтан эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг шаардахыг хориглоно.

12.4.Хөгжлийн удирдлага нь ажилтнуудад хууль бус шийдвэр гаргуулахаар нөлөөлөхийг хориглоно.

12.5.Хөгжлийн банкны санхүүжүүлэхийг хориглосон салбар, чиглэл, үйл ажиллагаанд санхүүжилт өгөхийг хориглоно.

12.6.Хөгжлийн банк нь иргэдийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулах, иргэд хоорондын төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРХЛЭХ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

13 дугаар зүйл.Хөгжлийн банкны эрхлэх ажил, үйлчилгээ

Хэвлэх

13.1.Хөгжлийн банк дараах ажил, үйлчилгээ үзүүлнэ:

13.1.1.зээл авах, эх үүсвэр татан төвлөрүүлэх;

13.1.2.төслийн санхүүжилт хийх, зээл олгох;

13.1.3.төлбөр тооцоо гүйцэтгэх;

13.1.4.баталгаа, батлан даалт гаргах;

13.1.5.үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

13.1.6.валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;

13.1.7.компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх;

13.1.8. төслийн удирдлага, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ;

13.1.9.экспорт, импорт, худалдааны санхүүжилт олгох;

13.1.10.экспортын зээлийн баталгаа гаргах, даатгал хийх;

13.1.11.ногоон, дижитал санхүүжилт олгох.

13.2.Энэ хуулийн 13.1.2, 13.1.4, 13.1.9, 13.1.10, 13.1.11-д заасан үйл ажиллагааны хүрээнд активын багц бүрдүүлэхдээ эрсдэлийг харгалзан ирээдүйд эдийн засагт өсөлттэй байх зорилтот салбарыг түлхүү санхүүжүүлэх зарчим баримтална. Хөгжлийн банкны эрхлэх ажил үйлчилгээний нөхцөл, санхүүжилтийн бодлогыг энэ хуулийн 4.1.12-т заасан бодлогын баримт бичигт тодорхойлно.

13.3.Хөгжлийн банкнаас энэ хуулийн 13.1.2, 13.1.4, 13.1.9, 13.1.10, 13.1.11-д заасны дагуу олгох санхүүжилтийн дээд хэмжээ нь тухайн төсөл, хөтөлбөрийн нийт өртгийн 85 хувиас хэтрэхгүй байна.

13.4.Хөгжлийн банк энэ хуульд заасан үйл ажиллагаа явуулахад Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасан энгийн болон тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй.

14 дүгээр зүйл.Зээл авах, эх үүсвэр татан төвлөрүүлэх

Хэвлэх

14.1.Хөгжлийн банк нь урт, дунд хугацаатай санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээлэх, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах замаар бүрдүүлнэ.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан Хөгжлийн банкны бусдаас авсан санхүүжилт нь Төсвийн тухай хуулийн 4.1.48-д заасан болзошгүй өр төлбөрт хамаарна.

14.3.Хөгжлийн банк нь төслийг санхүүжүүлэхэд дамжуулан зээлдүүлэх зээлийн эх үүсвэр бүрдүүлэх, төлбөрийн чадвараа сайжруулах, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор өөрийн мөнгөн урсгалтай уялдуулан олон улсын, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас, эсхүл мөнгөний зах зээл дээрээс богино хугацаатай санхүүгийн эх үүсвэрийг зээлж болно.

15 дугаар зүйл. Төслийн санхүүжилт хийх, зээл олгох

Хэвлэх

15.1. Хөгжлийн банк дараахь шалгуур, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж болно:

15.1.1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, зорилтот салбарт хамаарах;

15.1.2.эдийн засгийн үр ашигтай байх, санхүүгийн ашиг орлого нь зээлийг эргэн төлөх чадвартай нь судалгаагаа нотлогдож байгаа;

15.1.3 төслийн бүтцийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэл, тооцоолол хийгдсэн, мэргэжлийн байгууллага, экспертийн дүгнэлт гарсан;

15.1.4. төслийн үр дүнд үйлдвэрлэх, барьж байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрийн ашиглалтыг хариуцах, зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтыг хариуцах этгээд тодорхой байх;

15.1.5. хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийлгэж, баталгаажуулсан байх.

15.2. Хөгжлийн банк энэ хууль болон энэ хуулийн 15.1-д заасан шалгуур, шаардлагад нийцсэн, банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бодлогын баримт бичигт заасан нөхцөл, болзлыг хангасан төсөл, зээлийн материалыг хүлээн авч, судалж, гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хамтран санхүүжүүлж болно.

15.3.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад тусгай шалгуур, шаардлагыг энэ хуулийн 4.1.12-т заасан бодлогоын баримт бичгээр тодорхойлно.

16 дугаар зүйл.Төлбөр тооцоо гүйцэтгэх

Хэвлэх

16.1.Хөгжлийн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу гүйцэтгэнэ.

16.2.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг гүйцэтгэх удирдлага тогтооно.

16.3.Хөгжлийн банк нь өөрийн харилцагчид болон хуулиар зөвшөөрсөн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.

16.4.Хуульд өөрөөр заагаагүй бол уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцогчдын төлбөр тооцоог гүйцэтгэж болно.

17 дугаар зүйл.Баталгаа, батлан даалт гаргах

Хэвлэх

17.1.Хөгжлийн банк нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага, журам, 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтад нийцүүлэн дангаар болон бусад этгээдтэй хамтран гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргаж болно.

17.2.Хөгжлийн банкны баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаанд тавигдах шалгуур, шаардлагыг энэ хуулийн 4.1.12-т заасан бодлогын баримт бичгээр тодорхойлно.

18 дугаар зүйл.Үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах

Хэвлэх

18.1.Хөгжлийн банк нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бизнес төлөвлөгөөнд нийцүүлэн үнэт цаас болон бусад санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалж, хадгалуулж болно.

18.2.Хөгжлийн банкны санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулахтай холбогдсон харилцааг хууль тогтоомжоор зохицуулна.

19 дүгээр зүйл.Валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах

Хэвлэх

19.1.Хөгжлийн банкны валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулахтай холбогдсон харилцааг хууль тогтоомж, санхүүгийн ажил, үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр зохицуулна.

20 дугаар зүйл.Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх

Хэвлэх

20.1.Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө байршуулахдаа энэ хуулийн 4.1.12-т заасан баримт бичгээр тогтоосон шаардлагад нийцүүлэн тухай бүр шийдвэрлэнэ.

21 дүгээр зүйл.Төслийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

Хэвлэх

21.1.Хөгжлийн банк төслийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлж болно.

21.2.Хөгжлийн банкны төслийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 4.1.12-т заасан бодлого, журмаар тодорхойлно.

22 дугаар зүйл.Экспортын болон худалдааны санхүүжилт олгох

Хэвлэх

22.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зорилтот салбарын аж ахуй нэгжид нэмүү өртөг бүтээх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, инновацыг дэмжих, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд нь зориулж экспортын болон худалдааны санхүүжилт олгож болно.

22.2.Хөгжлийн банкны экспорт, импортын болон худалдааны санхүүжилт хийх нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 4.1.12-т заасан бодлого, журмаар тодорхойлно.

23 дугаар зүйл.Экспортын зээлийн баталгаа гаргах, даатгал хийх

Хэвлэх

23.1.Гадаад, дотоодын даатгалын байгууллага, батлан даалтын сантай хамтран зорилтот салбарын экспортлогч аж ахуйн нэгжид экспортын зээлийн баталгаа гаргаж, даатгал хийж болно.

23.2.Хөгжлийн банкны экспортын баталгаа гаргах нөхцөл, энэ хуулийн 4.1.12-т заасан бодлогын баримт бичигт тусгана.

23.4.Хөгжлийн банкны хийх экспортын даатгалтай холбогдсон харилцааг хууль тогтоомжоор зохицуулна.

24 дүгээр зүйл.Ногоон санхүүжилт олгох

Хэвлэх

24.1.Тогтвортой ногоон хөгжлийн бодлого, дижитал шийдлийг дэмжсэн, төсөл, хөтөлбөрт энэхүү санхүүжилтыг олгож болно. Ногоон санхүүжилтийн зээл нь нийт активын 5 хувиас доошгүй хэмжээнд байна.

24.2.Хөгжлийн банкны ногоон санхүүжилтийн үйл ажиллагаанд тавигдах шалгуур, шаардлагыг энэ хуулийн 4.1.12-т заасан бодлогын баримт бичгээр тодорхойлно.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГА

25 дугаар зүйл.Хөгжлийн банкны удирдлага

Хэвлэх

25.1.Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.

25.2.Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, Хөгжлийн банканд хувь нийлүүлсэн бусад этгээд байна.

25.3.Хөгжлийн банкны төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг төлөөлөн хэрэгжүүлэгч нь эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

25.4.Энэ хуулийн 25.3-д заасан этгээд нь Хөгжлийн банкны төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг Компанийн тухай хуульд нийцүүлэн төөөлөн хэрэгжүүлэх бөгөөд энэ хууль болон бусад хуулиар Засгийн газрын гишүүний хувьд олгогдсон эрх, үүргээс тусдаа хэрэгжүүлнэ.

25.5.Энэ хуулийн 25.3-д заасан этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргахгүй.

26 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох, чөлөөлөх

Хэвлэх

26.1.Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байх ба үлдсэн 5 гишүүн нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүн байна.

26.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг энэ хуулийн 34.1.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч гурван жилийн хугацаатай томилно.

26.3.Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнийг дараах байгууллагаас тус бүр нэг төлөөллийг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч гурван жилийн хугацаатай томилно.

26.3.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

26.3.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

26.3.3.Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

26.3.4.Засгийн газрын хэрэг эрхлэх газар;

26.3.5.Хяналт, хэрэгжилт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.

26.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлөөр улируулан томилж болно.

26.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг дараах нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд чөлөөлөхийг хориглоно.

26.5.1.томилсон хугацаа дууссан;

26.5.2.өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

26.5.3.нас барсан;

26.5.4.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

26.5.5.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байх нөхцөл, шалтгаан, статус нь өөрчлөгдсөн;

26.5.6. хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон;

26.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд түүний оронд томилогдсон гишүүнийг гурван жилийн хугацаагаар шинээр томилно.

27 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд тавигдах шалгуур

Хэвлэх

27.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шалгуурыг хангасан байна:

27.1.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

27.1.2. Хөгжлийн санхүүгийн байгууллагад ажиллаж байсан, хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, санхүүжилтаар мэргэшсэн, банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, санхүү, бизнесийн салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

27.1.3.ял шийтгэлгүй байх;

27.1.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй, сүүлийн 5 жил төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх;

27.1.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх хугацаанд нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуураагүй, албадан татан буугдаагүй байх;

27.1.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

27.1.7. зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

27.1.8.Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан этгээдтэй харилцан хамааралгүй байх.

27.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 27.1, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна.

27.2.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

27.2.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

27.2.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.

28 дугаар зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа

Хэвлэх

28.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь ээлжит ба ээлжит бус хэлбэртэй байна. Ээлжит хурлыг улирал бүрийн төгсгөлд хийж байх ба түүгээр хэлэлцэх асуудлыг тухайн жилийнэхний хурлаар хэлэлцэн баталж холбогдох этгээдүүдэд хүргүүлсэн байна.

28.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар томилно.

28.3.Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагааныхаа журмыг өөрөө тогтоох бөгөөд уг журамд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний дараах үүргийг заавал тусгана:

28.3.1.хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил, үүргээ биелүүлэх;

28.3.2.банк, банкны харилцагчийн эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавих;

28.3.3.сонирхлын зөрчлөөс зайлсхийж, сонирхлын зөрчил үүссэн үед төлөөлөн удирдах зөвлөлд зохих журмын дагуу мэдээлдэг байх;

28.3.4.хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр ашиг хүртэхгүй байх;

28.3.5.банкны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байх.

28.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

29 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

29.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:

29.1.1.Хөгжлийн банкны дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн батлах;

29.1.2.Хөгжлийн банкны тухайн жилийн бизнес төлөвлөгөө батлах;

29.1.3.Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулах, дүгнэх;

29.1.4.Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах;

29.1.6.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд баримтлах санхүүжилтийн, эрсдэлийн удирдлагын, актив, пассив хөрөнгийн удирдлагын, тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

29.1.7.Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах ажлыг зохион байгуулах;

29.1.8.энэ хуулиар Хөгжлийн банканд тавьсан шаардлага, хязгаарлалтыг хангуулж, хяналт тавьж ажиллах;

29.1.9.Хувьцаа эзэмшигчдийн хуралд жил бүр ажлын тайланг танилцуулан дүгнүүлж, үр дүнг нийтэд мэдээлэх;

29.1.10.Хөгжлийн банкны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн зохих дүгнэлт гаргуулах;

29.1.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах, ажилтныг томилох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

29.1.12.хөндлөнгийн хараат бус аудитын байгууллагыг сонгох;

29.1.13.Хөгжлийн банкны зохистой засаглалын, авлигын эсрэг, ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох бодлого, журмыг батлах;

29.1.14.Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хувьцаа эзэмшигчид жил бүр тайлагнах;

29.1.15.Хөгжлийн банкны санхүүгийн болон үйл ажиллагаанд хийх дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлийн хэм, хэмжээг батлах;

29.2.Төлөөлөн удирдах зөвлөл дэргэдээ аудитын, нэр дэвшүүлэлтийн, цалин урамшуулалын, эрсдэлийн хороотой байна. Хороодын ажиллах журмыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

29.3.Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрийн болон өөрийн гишүүд, хороодын ажлыг тусгайлан боловсруулсан аргачлалаар жил бүр дүгнэж байх бөгөөд үнэлгээний дүнг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулна.

29.4.Энэ хуулийн 29.3-т заасан аргачлалыг төлөөлөн удирдах зөвлөл батална.

29.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь гаргасан шийдвэртээ Компанийн тухай хуулийн 84.8, 84.9, 85 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

30 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлага, түүнийг томилох, чөлөөлөх

Хэвлэх

30.1.Гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

30.2.Гүйцэтгэх удирдлагыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ.

30.3.Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг энэ хуулийн 34.1.8-д заасан журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, Засгийн газраас 6 жилийн хугацаатай томилж, энэ хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.

30.4.Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг доор дурдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлнө:

30.4.1.хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон;

30.4.2.биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан;

30.4.3.энэ хуулийн 30.3-д заасан хугацаа дууссан;

30.4.4.гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон;

30.5.Хөгжлийн банкны үйл ажиллагаа санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй нөхцөлд байгааг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд банкны удирдлагыг сайжруулах онцгой нөхцөл бүхий гэрээг төлөөлөн удирдах зөвлөл дадлага туршлага, мэргэжлийн ур чадвартай энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хангасан иргэнтэй байгуулж, гэрээнд заасан хугацаагаар гүйцэтгэх удирдлагаар томилж болно.

30.6.Энэ хуулийн 30.5-т заасны дагуу Гүйцэтгэх удирдлагыг томилсон тохиолдолд энэ хуулийн 34.1.8-д заасан журам банк хэвийн үйл ажиллагаанд шилжих, эсхүл гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд хамаарахгүй.

31 дүгээр зүйл.Гүйцэтгэх удирдлагад тавих шалгуур

Хэвлэх

31.1.Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь дараах шаардлагыг хангасан байна:

31.2.1.банк, санхүү, эдийн засаг, эрх зүйн дээд боловсролтой,

31.2.2.санхүүгийн салбарт удирдах албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх;

31.2.3.мэргэжлийн дадлага туршлагатай байх;

31.2.4.ял шийтгэлгүй, ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

31.2.5.эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх хугацаанд нь ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуураагүй, албадан татан буугдаагүй байх;

31.2.6.Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан этгээдтэй харилцан хамааралгүй, холбогдох этгээд бус байх.

32 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг

Хэвлэх

32.1.Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:

32.1.1.хуульд төлөөлөн удирдах зөвлөл батлахаар зааснаас бусад Хөгжлийн банкны дотоод дүрэм, журам, заавар, аргачлал болон хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг батлах;

32.1.2.санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар шийдвэр гаргах;

32.1.3.Хөгжлийн банкны жилийн батлагдсан бизнес төлөвлөгөө, төсвийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэр гаргах, гүйцэтгэлийг тайлагнах;

32.1.4.шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;

32.1.5. хууль, дүрэм, гэрээгээр олгосон эрхийн хүрээнд Хөгжлийн банкийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах;

32.1.6. хүний нөөцийн бодлого, цалингийн сүлжээ батлах, мэргэжлийн хороодын гишүүн, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, ажиллагсадад олгох урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийн хэмжээг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах;

32.1.7.Хөгжлийн банкны нэрийн өмнөөс холбогдох мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тэдний тайлан тэнцэлтэй танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаалах, санхүүжилтийг түр зогсоох.

32.2.Гүйцэтгэх удирдлага дараах үүрэг хүлээнэ:

32.2.1.Хөгжлийн банкны үйл ажиллагааны дунд, урт хугацааны стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

32.2.2.энэ хуулиар Хөгжлийн банканд тавьсан шаардлага, хуулийн хязгаарлалтыг хангаж, энэ хуульд заасан зорилт, эрх хэмжээний хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;

32.2.3.санхүүгийн сахилга батыг сахиулах, Хөгжлийн банкны хэвийн үйл ажиллагааг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

32.2.4.банкны дотоод нэгжүүд болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагааны уялдааг хангах;

32.2.5.хөрөнгө оруулах төсөл, хөтөлбөрийн болон зээлийн шинжилгээ, үнэлгээ хийх зориулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх;

32.2.6.эрсдлийн удирдлагын болон дотоод хяналт, шалгалтын тогтолцоо бүрдүүлэх;

32.2.7.Хөгжлийн банкны өмнө хүлээсэн бусад этгээдийн үүргийг хангуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

32.2.8.үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах;

32.2.9.ашигт ажиллагааг сайжруулах, чөлөөт мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах хүрээнд актив, пассив хөрөнгийн удирдлагын бодлогод нийцүүлэн мөнгөний болон хөрөнгийн зах зээлд оролцох;

32.2.10.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, зээлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гаргаж, нийтэд мэдээлж, тэдгээрийн үнэн зөв байдлыг хариуцах;

32.2.11.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, олгосон зээлийн хэмжээ, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөлд жилд 2-оос доошгүй удаа танилцуулж, зохих шийдвэр гаргуулан үр дүнг нийтэд мэдээлж байх;

32.2.12.Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

32.2.13.хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх;

32.2.14.Компанийн үйл ажиллагааг тодорхойлох үзүүлэлтийг боловсруулан төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулан түүнийг хэрэгжүүлж ажиллах ба үр дүнг төлөөлөн удирдах зөвлөлд гэрээнд заасан хугацаанд танилцуулж байхаас гадна нийтэд мэдээлж байна;

32.2.15.энэ хуулийн 13.1.7-д заасан болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч этгээдийн эрх бүхий албан тушаалтнаар томилогдохоос бусад тохиолдолд өөр байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхгүй байх;

32.2.16.энэ хуулийн 42 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкны мэдээллийг нийтэд тайлагнах явцад хяналт тавих.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ХАМТЫН АЖИЛЛАГАА

33 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

33.1.Улсын Их Хурал нь Хөгжлийн банкны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.1.1.Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэртэй танилцах;

33.1.2.Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, Засгийн газарт чиглэл өгөх;

33.1.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хөгжлийн зорилтыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг батлах;

33.2.Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх этгээдийн жагсаалтыг тусгайлан батлахгүй.

34 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

34.1.Засгийн газар нь Хөгжлийн банкны талаар Компанийн тухай хуулийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд нийцүүлэн Хөгжлийн банкнаас санхүүжүүлж болох зорилтот салбар, чиглэлийг тодорхойлох;

34.1.2.Хөгжлийн банкны буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх;

34.1.3.Хөгжлийн банкны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэлэлцэж, Улсын Их Хуралд хүргүүлэх;

34.1.4.Хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах;

34.1.5.Хөгжлийн банкийг байгуулах, дүрмийг батлах, гаргасан хувьцааг худалдан авах, нэмэлт хувьцаа гаргах, Хөгжлийн банкийг татан буулгах талаар шийдвэр гаргах;

34.1.6.Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;

34.1.7.Хөгжлийн банкны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх болон санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар хоёр жил тутамд ээлжит хяналт, шалгалт хийх ба шаардлагатай тохиолдолд ээлжит бус хяналт, шалгалт хийх;

34.1.8.Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн болон хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг тус тус батлах, энэ хуулийн 30.5-д заасан үндэслэлээр Гүйцэтгэх удирдлагыг томилох;

34.1.9.Засгийн газраас Хөгжлийн банканд баталгаа гаргаж болох ба уг харилцааг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зохицуулна.

34.1.10.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд энэ хуулийн дагуу болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу хийсэн хөндлөнгийн хяналт, шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хэрэгжилтийн дүгнэлт, тайланг Монгол Улсын Их Хуралд хүргүүлэх;

34.1.11.энэ хуулийн 13.1-д заасан ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхтэй холбоотой Хөгжлийн банкны санал, зөвлөмжийг хүлээн авч шийдвэрлэх.

34.2.Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, тэдгээрийг хэрэгжүүлэх этгээдийн жагсаалтыг тусгайлан батлахгүй бөгөөд санхүүжилт олгох зорилтот салбарыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг батална.

34.3.Хөгжлийн банкны алдагдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас тус банкны тогтвортой байдал, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай дараах санхүүгийн дэмжлэгийг үзүүлж болно.

34.3.1.өөрийн хөрөнгөд нэмэлт хөрөнгө оруулах;

34.3.2.Өрийн удирдлагын хуульд заасны дагуу өрийн баталгаа гаргах;

34.3.3.зээл олгох.

34.4.энэ хуулийн 34.3.2-т заасан дэмжлэгийг үзүүлэхдээ Өрийн удирдлагын тухай хуулийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлаас баталсан тухайн жилийн өрийн баталгааны дээд хэмжээнд нийцүүлнэ.

34.5.Энэ хуулийн 34.3-д заасан дэмжлэгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.

35 дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

35.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хөгжлийн банкны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

35.1.1.Хөгжлийн банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах талаар санал боловсруулж Засгийн газарт хүргүүлэх;

35.1.2.энэ хуулийн 6.1-д заасан чиг үүргийн хэрэгжилтийн хүрээнд шаардлагатай мэдээллийг Хөгжлийн банкнаас гаргуулан авах;

35.1.3.Хөгжлийн банкны санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Засгийн газарт хүргүүлэх;

35.1.4.Хөгжлийн банкны санхүүжилт олгох зорилтот салбарыг тодорхойлсон бодлогын баримт бичгийг боловсруулж, Засгийн газраар батлуулах;

35.1.5.энэ хуулийн 36.1.3-д заасан журамд санал өгөх;

36 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх

Хэвлэх

36.1.Монголбанк нь Хөгжлийн банкны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

36.1.1.Хөгжлийн банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, хяналт тавих;

36.1.2. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийг тооцоолох аргачлалыг Засгийн Газартай хамтран батлах;

36.1.3.активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг харгалзан батлах;

36.1.4.Хөгжлийн банкны гадаад валютаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зах зээлийн эрсдэлийг удирдахад дэмжлэг үзүүлж, тусгай нөхцөл бүхий санхүүгийн хэрэгсэл ашиглах журмыг батлах.

36.2.Улсын Их хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкийг дэмжиж ажиллана.

36.3.Зохистой харьцаа үзүүлэлтийг тогтоохдоо Хөгжлийн банкны үнэт цаасыг Засгийн газрын үнэт цаастай адилтгаж, тооцно.

36.4.Монголбанк нь Хөгжлийн банкны үйл ажиллагааны онцлогийг харгалзан активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн саналыг харгалзан батлах ба активыг ангилах шалгуурыг арилжааны банкнаас өөрөөр тогтооно.

36.5.Монголбанк нь энэ хуулийн 36.1.4-д заасан журмыг батлахдаа Хөгжлийн банкны зорилт, экспортыг дэмжих бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр татан төвлөрүүлсэн гадаад валютын эх үүсвэрийн ханшийн эрсдэлийг зардалгүй удирдахаар зохицуулна.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

37 дугаар зүйл.Хөгжлийн банканд тавих хяналт

Хэвлэх

37.1.Хөгжлийн банкны санхүүгийн болон үндсэн үйл ажиллагаанд дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлнэ:

37.1.1.энэ хуулийн 34.1.7-д заасан Засгийн газраас томилсон ажлын хэсгийн хяналт шалгалт;

37.1.2. энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан хязгаарлалтын хэрэгжилт, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт биелсэн эсэхэд Монголбанкнаас зайнаас тавих болон газар дээр нь хийх хяналт, шалгалт;

37.1.3.Хөгжлийн банкны үйл ажиллагаанд төлөөлөн удирдах зөвлөлөөс хэрэгжүүлэх дотоод аудит болон банкны дотоодын хяналт, шалгалт.

37.2.Хөгжлийн банканд энэ хуулийн 37.1-д заасан хяналт, шалгалтаас гадна Төрийн аудитын тухай хуулийн дагуу хийгдэх нийцлийн болон гүйцэтгэлийн аудит, энэ хуулийн 41.1-д заасан жил тутамд хийгдэх санхүүгийн аудитыг хийнэ.

38 дугаар зүйл.Хөгжлийн банкны дотоод хяналт шалгалт

Хэвлэх

38.1.Хөгжлийн банк нь төлөөлөн удирдах зөвлөлийн шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах гүйцэтгэх удирдлагаас хараат бус аудитын үүрэг гүйцэтгэх дотоод аудитын нэгжтэй байх ба Гүйцэтгэх удирдлагын дэргэдэх банкны дотоод үйл ажиллагааг хянаж, шалгах дотоод хяналтын нэгжтэй байна.

38.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудит нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.2.1.Хөгжлийн банкны удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;

38.2.2.хувь нийлүүлэгчийн санал, гомдлын дагуу Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудит хийж, төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;

38.2.3.Хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлөөс удирдлагад өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хангуулах, төлөөлөн удирдах зөвлөл болон хувь нийлүүлэгчийг банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах.

38.3. Хөгжлийн банк дотоод үйл ажиллагаандаа хяналт, шалгалт хэрэгжүүлэх хяналт шалгалтын нэгжийг Гүйцэтгэх удирдлагын шууд удирдлагад байгуулах ба тус нэгж нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

38.3.1.банкны үйл ажиллагаанд зайнаас хяналт тавьж, газар, хэлтэс, нэгжийн үйл ажиллагаанд ээлжит болон ээлжит бус шалгалт хийх;

38.3.2.Хөгжлийн банкны санхүүгийн баримтад хяналт, шалгалт хийх, тайлбар, лавлагаа авах;

38.3.3.шаардлагатай баримт бичгийг Хөгжлийн банкны харилцагчаас гаргуулан авах;

38.3.4.Гүйцэтгэх удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.

39 дүгээр зүйл.Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт

Хэвлэх

39.1.Хөгжлийн банкны хянан шалгагч нь энэ хууль болон санхүүжилтийн гэрээнд заасны дагуу тус банкнаас санхүүжилт авсан этгээдийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийнэ.

39.2.Хянан шалгагч Монголбанкны Ерөнхийлөгчөөс олгосон улсын байцаагчийн эрхтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна:

39.2.1.төсөл хэрэгжүүлэгчийн данс бүртгэл, тайлан тэнцэл, санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа болон шаардлагатай бусад баримтыг гаргуулан авах;

39.2.2.төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, тайлангаа холбогдох саналын хамт Хөгжлийн банкны удирдлагад танилцуулах;

39.2.3.хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар акт тавих, Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах.

39.3.Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа, эрх, үүргийг энэ хуульд нийцүүлэн Хөгжлийн банкны дүрмээр тогтооно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

АКТИВЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ

40 дүгээр зүйл.Активын бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах шаардлага

Хэвлэх

40.1.Хөгжлийн банк чанаргүй активын эрсдэлийг бууруулах зорилгоор дараах тохиолдолд эрсдэлтэй активт бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж болно:

40.1.1.нийт активт эзлэх чанаргүй активын хэмжээ 50 хувиас дээш болсон, өөрийн хөрөнгий хүрэлцээ алдагдаж, төлбөрийн чадваргүй болсон эсхүл болж болзошгүй нөхцөл байдал үүссэн;

40.1.2.банк хэвийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон;

40.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Хөгжлийн банкны нэгдлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд банкны баланс дахь чанаргүй активыг тусгай зориулалтын охин компанид шилжүүлэн удирдаж болно.

40.3.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, зааврыг төлөөлөн удирдах зөвлөл баталж, хяналт тавих ба банк хэрэгжүүлнэ.

41 дүгээр зүйл.Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд авах арга хэмжээ

Хэвлэх

41.1.Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно:

41.1.1.найдваргүй ангилалд ангилагдсан зээл, санхүүжилтийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг зогсоох, эрсдэлтэй активын удирдлагыг хэрэгжүүлэх тусгай үүрэг бүхий охин компанийн балансад шилжүүлэх, энэ зорилгоор түүнд үнэт цаас гарган эзэмшүүлэх;

41.1.2.төслийн хэрэгжилтэд хяналт хэрэгжүүлэх этгээдийг томилох;

41.1.3.төслийн бүтэц, санхүүжилтийн схемд өөрчлөлт оруулах, дахин санхүүжүүлэх, өрийг үнэт цаасанд хөрвүүлэх, өрийн хэрэгслийг худалдан авах, гүүрэн зээл олгох, баталгаа гаргах, төсөл хэрэгжүүлэгч болон төслийн удирдлагын компанийн хувьцааг худалдан авах замаар хяналтаа тогтоох;

41.1.4. зээл, санхүүжилтийн барьцаа хөрөнгийг хууль тогтоомжид нийцүүлэн нээлттэй, ил тод, уламжлалт болон цахим дуудлага худалдааны арга хэрэгсэл ашиглан дуудлага худалдаагаар худалдан борлуулах;

41.1.5.нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах замаар төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх;

41.1.6. хууль тогтоомжид заасан үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах.

41.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтийн сан бүрдүүлж болно.

41.3.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үр дүнд төслийн үр ашиг сайжирч, зээл, санхүүжилтийн эргэн төлөлт гэрээний дагуу хэвийн төлөгдөж эхэлсэн тохиолдолд тухайн активыг Хөгжлийн банкны баланст шилжүүлж, бүртгэнэ.

41.4.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд тухайн активт бүтцийн өөрчлөлт хийх боломжгүй, орлого, үр дүнгийн болон мөнгөн урсгалын тайлангаар санхүүгийн үр ашиггүй нь тогтоогдсон, эсхүл зээл, санхүүжилтийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан орлогоор төлүүлсэн нь зээл, хүүгийн болон бусад төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцээгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийг түүнд байгуулсан эрсдэлийн сангаас хаана.

41.5. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд эрсэлд орсон зээл, хүүгийн төлбөрийг барагдуулахдаа энэ хууль болон Монгол улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан зарчмыг баримтална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ

42 дугаар зүйл.Санхүүгийн тайлагнал

Хэвлэх

42.1.Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Монголбанк, Засгийн газарт хүргүүлж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ

42.2.Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хариуцна.

42.3.Хөгжлийн банк нь холбогдох тайлан, мэдээллийг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

42.4.Энэ хуулийн 42.3-д заасан тайлан, мэдээлэл гаргах журам, загвар, маягтыг Монголбанк, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх Засгийн газрын гишүүн хамтран батална.

43 дугаар зүйл.Ил тод байдал

Хэвлэх

43.1.Хөгжлийн банкны жилийн эцсийн аудит хийсэн санхүүгийн тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

43.2.Хөгжлийн банк шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу гаргаж өгнө.

43.3.Татварын албанаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгнө.

43.4.Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, түүний гүйцэтгэлийн явц, хэрэгжилт болон судлагдаж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан тогтмол мэдээлнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

44 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

44.1.Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль, Иргэний хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

45 дугаар зүйл.Хүчин төгөлдөр болох

Хэвлэх

45.1.Энэ хуулийг 202.. оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

    Журмын төсөл татаж авах

Төслийн хавсралтууд
Санал өгөх