Танилцуулга:
Төсөл
ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах, үйлдвэрлэх эрхийг хангах, тэдгээрийн эргэлтэд хяналт тавих, аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж
2.1.Галт зэвсгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль, Зөвшөөрлийн тухай болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."албаны зориулалттай галт зэвсэг, сум" гэж цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллага, шүүх шинжилгээ, төрийн тусгай хамгаалалтын алба, байгаль хамгаалах болон хууль сахиулах, аюулгүй байдлын боловсон хүчин бэлтгэх сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа эсхүл хууль сахиулах албанд ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн галт зэвсэг, сумыг;
3.1.2."ан агнах зориулалттай галт зэвсэг" гэж ажиллагааны хувьд гараар цэнэглэгдэх, өөрөө цэнэглэгдэх боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсгийг;
3.1.3."буудлага үйлдэх байгууламж /тир/" гэж галт зэвсгээр спортын болон албаны буудлага үйлдэх аюулгүй байдал хангасан, сургалт, бэлтгэл, дадлага, туршилт хийх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалтаар тоноглосон дотор, хагас битүү, задгай орчин бүхий байгууламжыг;
3.1.4."бүтэн автомат галт зэвсэг" гэж ажиллагааны хувьд эхний сумыг гараар цэнэглэж буудлага хийсний дараа тухайн зэвсэг дарин цэнэгийн даралтаар болон бусад энергийн нөлөөгөөр ээлжийн сумыг өөрөө цэнэглэж гохны нэг даралтаар нэг болон түүнээс олон сум дараалан буудагдах боломжтой галт зэвсгийг;
3.1.5."галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг;
3.1.6."галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл" гэж гадаад хэлбэр хийц, ажиллах зарчмын хувьд галт зэвсэгтэй төсөөтэй дарин цэнэгийн шаталтаас бусад аргаар үүссэн шахагдсан хийн даралтын хүчээр хошуу буюу үрлийг гол төмрөөс шидэх зориулалттай хийн буу, чанга дуу чимээ, гэрэл гаргах зориулалттай дохионы хэрэгсэл, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, цочироох үйлчилгээ бүхий химийн бодис ашигладаг, сумны хошуу нь резин, хуванцар, даавуу, тугалган болон бусад төрлийн материалаар хийгдсэн, дангаараа буюу утсаар дамжуулан цахилгаанаар цохих үйлчилгээ үзүүлэх болон цохих, гэмтээх, бэртээх зориулалттай тусгай хэрэгсэл, зэвт хошуу бүхий сумаар харвах зориулалттай хавчаахай нумт бууг;
3.1.7."галт зэвсгийн үндсэн эд анги" гэж галт зэвсгийн гол төмөр болон хагас автомат, бүтэн автомат галт зэвсгийн хайрцаг анги, гар цэнэглэлттэй галт зэвсгийн замгийг;
3.1.8."галт хэрэгсэл" гэж бүх төрлийн сумнууд, тийрэлт, шидэлт, нисэлтээр байнд хүрч дэлбэрэлтийн хүчээр байг устгах зориулалт бүхий зэвсгийн зүйлсийг;
3.1.9."сум" гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;
3.1.10."сумны зүрхэвч" гэж хуяг нэвтлэх чанарыг сайжруулахын тулд тусгай хайлшаар хийж сумны дотор байрлуулсан хэсгийг;
3.1.11."спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл" гэж ажиллагааны хувьд гар ажиллагаатай, эсхүл өөрөө цэнэглэгдэх боломжтой хагас автомат хүхээгт нь 30 хүртэл сум орох багтаамжтай, үйлдвэрийн хийцийг нь өөрчлөөгүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг;
3.1.12."тусгай хэрэгсэл" гэж аминд үл хүрэх, амьд болон бусад биетийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлах зориулалт бүхий резин, хуванцар, даавуу зэрэг материалаар хийгдсэн сумтай буудлагын хэрэгсэл, мөн цочироох үйлчилгээ бүхий чанга дуу чимээ, хурц гэрэл гаргах, цахилгаан, долгионоор цохих, эсхүл амьсгал боогдуулах, нулимс асгаруулах хий цацах болон бусад багаж хэрэгслийг;
3.1.13."үйлдвэрийн хийцийг өөрчлөх" гэж галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийн үйлдвэрийн үндсэн хийц загварыг засварлаж өөрчилсөн, зориулалтын бус эд ангиар сольсоныг;
3.1.14."үзмэр, цуглуулгын зориулалттай галт зэвсэг" гэж түүхэн, ховор, үнэт, дурсгалтай, холбогдох байгууллага болон гарал үүсэл, эх сурвалжийн тодорхойлолттой галт зэвсгийг;
3.1.15."харуул хамгаалалтын зориулалттай" гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 4.5-12.7 мм хүртэлх калибрийн богино галт зэвсэг, бүх төрлийн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг;
3.1.16."хагас автомат галт зэвсэг" гэж ажиллагааны хувьд хагас автомат буюу эхний сумыг гараар цэнэглэж буудлага хийсний дараа тухайн зэвсэг дарин цэнэгийн даралтаар болон бусад энергийн нөлөөгөөр ээлжийн сумыг өөрөө цэнэглэж гохны нэг даралтаар зөвхөн нэг сум буудагдах боломжтой галт зэвсгийг;
3.1.17."цэргийн зориулалттай галт зэвсэг, сум, галт хэрэглэл" гэж цэргийн тусгай ажиллагаа болон батлан хамгаалах, хил хамгаалах үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар үйлдвэрлэгдсэн зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд анги, сумыг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ
ХЭРЭГСЛИЙН ЗОРИУЛАЛТ
4 дүгээр зүйл. Галт зэвсэг, сумны зориулалт
4.1.Иргэний зориулалтаар ашиглаж, эзэмшиж, өмчилж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг доор дурдсанаар ангилна:
4.1.1.ан агнуурын;
4.1.2.спорт-сургалтын;
4.1.3.харуул хамгаалалтын;
4.1.4.үзмэр, цуглуулгын.
4.2.Галт зэвсэг, сум нь албаны болон цэргийн зориулалттай байна.
4.3.Бүтэн автомат галт зэвсгийг иргэний зориулалтаар ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглоно. Хагас автомат галт зэвсгийг хуульд өөрөөр заагаагүй бол зөвхөн спорт-сургалтын зориулалтаар ашиглах, эзэмших, өмчлөх эрхтэй байна.
5 дугаар зүйл.Иргэний зориулалттай галт зэвсэг
5.1.Ан агнах, спорт-сургалтаар хичээллэх, үзмэр, цуглуулга, харуул хамгаалалтын зорилгоор Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг иргэний зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл гэнэ.
5.2.Ан агнах, спорт-сургалтын сумны хошуу нь зүрхэвчгүй байх бөгөөд тусгай зориулалт бүхий гэрэлт болон шатаагч сум ашиглахыг хориглоно.
5.3.Ан агнах зориулалттай галт зэвсэг нь гар ажиллагаатай, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай байна.
5.4.Ан агнах, спорт-сургалтын зориулалттай сум нь гар хийцийн болон тусгай зориулалттайгаас бусад 4,5 мм-ээс 12,7 мм хүртэлх калибрийн, бянттай болон гөлгөр гол төмөрт галт зэвсэгт зориулсан сум байна.
5.5.Буудлага-спортын холбооны гишүүнчлэлтэй иргэн сургалт, бэлтгэл, спортын тэмцээнд ашиглах зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг спорт-сургалтын зориулалтын галт зэвсэг гэнэ.
5.6.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг зөвхөн ан агнуур, үзмэр, цуглуулгын, спорт-сургалтын зорилгоор иргэн, хуулийн этгээд өмчилнө.
5.7.Спорт-сургалт, үзмэр цуглуулагын зориулалттай галт зэвсгээр зөвхөн буудлага үйлдэх байгууламж /цаашид "тир" гэх/-д буудлага үйлдэнэ.
5.8.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, байгаль хамгаалагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг гэнэ.
5.9.Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна.
5.10.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд галт зэвсгийг харуул хамгаалалтын зориулалтаар бүртгүүлсний үндсэн дээр өмчлөх, эзэмших эрх үүснэ.
5.11.Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, тусгай хэрэгслийг зөвхөн харуул, болон хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй хугацаанд, төлөвлөгөөт цэгт ашиглана.
6 дугаар зүйл.Албаны зориулалттай галт зэвсэг
6.1.Албаны зориулалттай галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
6.2.Энэ хуульд заасан бүх зориулалтын галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, галт хэрэгсэл, сумыг албаны зориулалтаар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын санал болгосноор албаны зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумыг улсын хилээр оруулах зөвшөөрөл олгоно.
6.3.Тусгай ажиллагаанд хэрэглэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан галт зэвсгийн сумны хошуу нь зүрхэвчгүй байна. Тусгай ажиллагаанд зүрхэвчтэй хошуу бүхий сум хэрэглэж болно.
7 дугаар зүйл.Цэргийн зориулалттай галт зэвсэг
7.1.Цэргийн зориулалттай галт зэвсэгтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
7.2.Бусад улсаас Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд, эсхүл энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг Монгол Улсад зохион байгуулахад олон улсын байгууллага, гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бол Тагнуулын ерөнхий газрын дарга, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын болон батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, БҮРТГҮҮЛЭХ,
ХАДГАЛАХ, ХЯЗГААРЛАХ
8 дугаар зүйл.Галт зэвсэг өмчлөх
8.1.Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хүнд гэмт хэрэг болон галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.4 дэх заалтад заасан галт зэвсэг өмчилж болно.
8.2.Монгол Улсын иргэн 21 насанд хүрж, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад сурж гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхээ эдлэнэ.
8.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд үзмэр, цуглуулгын болон ан агнах, спорт-сургалт, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор галт зэвсэг өмчилж болно.
8.4.Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, 16 дугаар зүйлд заасан галт зэвсгийн гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх, ашиглах эрх үүснэ.
8.5.Иргэн иргэний эрх зүйн чадамжаа алдсан, эсхүл галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдсэн бол галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрх хязгаарлагдана.
8.6.Иргэний зориулалттай галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
8.7.Энэ хуулийн 5.5-д заасан холбооны гишүүнчлэлийн сургалтыг энэ зүйлийн 8.6-д заасан сургалттай адилтган үзнэ.
9 дүгээр зүйл.Галт зэвсэг эзэмших
9.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, эсхүл цэргийн жинхэнэ алба хаасан, хууль сахиулах, аюулгүй байдлын боловсон хүчин бэлтгэх сургууль төгссөн ажилтан, байгаль хамгаалагч, харуул хамгаалалтын ажилтан, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.
9.2.Энэ хуулийн 5.5-д заасан холбоо нь өөрийн өмчилж байгаа галт зэвсгээ холбооны гишүүнд эзэмшүүлж болох бөгөөд холбооны гишүүнчлэл, галт зэвсгийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгүүлнэ.
9.3.Энэ хуулийн 9.1-д заасан харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчид галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
9.4.Энэ хуулийн 5.5-д заасан холбооны гишүүн холбооны өмчлөлийн галт зэвсгийг 3 жил хамтран эзэмшиж, ашигласан бол уг галт зэвсгийг тухайн гишүүний өмчлөлд шилжүүлж болно.
10 дугаар зүйл.Спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд эзэмших
10.1.Спорт-сургалтын зориулалтаар галт зэвсэг эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд нь галт зэвсгээ энэхуулийн 14.1-д заасны дагуу бүртгүүлнэ. Холбоо нь холбооны гишүүнчлэл, галт зэвсгийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгүүлнэ.
10.2.Спорт-сургалтад суралцагч, тамирчид нь зөвхөн багш, дасгалжуулагч, зааварлагчийн хяналт, удирдлага дор галт зэвсэг эзэмшинэ.
10.3.Галт зэвсгийг ашиглах, хэрэглэхийн өмнө хариуцсан багш, дасгалжуулагч, зааварлагч нь тамирчин, суралцагчид осол, аюулгүйн ажиллагааны зааварчилга өгч, гарын үсэг зуруулна.
10.4.Энэ хуулийн 9.2, 10.2-т заасныг тэмцээн уралдаанд оролцох тохиолдолд баримтлахгүй байж болно.
10.5.Тамирчин, суралцагч нь хариуцсан сум, галт зэвсэгтэй осол, аюулгүй ажиллагааны зааварчилгын дагуу харьцаж буудлага үйлдэнэ.
10.6.11.6.Спорт-сургалтын буудлагыг шаардлага хангасан тирд хийнэ.
10.7.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашигласан, буудлага үйлдсэн тухай бүртгэл, галт зэвсэг, сум, галт хэрэгсэл хүлээлгэн өгсөн талаарх баримтыг заавал хөтөлнө.
10.8.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн гишүүнчлэлийн сургалт, түүнд тавигдах шаардлагыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
10.9.Энэ хуулийн 10.8-д заасан сургалтын агуулга, төлөвлөгөө болон сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хууль зүйн болон спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
10.10.Спорт-сургалтын зориулалтаар эзэмших галт зэвсгийг авч явах, тээвэрлэхэд энэ хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагыг хангана.
10.11.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчилж, эзэшиж байгаа галт зэвсэг, сумны тооллогыг сар бүр явуулж, бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж, цагдаагийн байгууллагад тайланг хүргүүлнэ.
10.12.Улс, олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцох буудлагын спортын тамирчинд энэ хуулийн 9.1-д заасан насны хязгаарлалт хамаарахгүй.
11 дүгээр зүйл.Галт зэвсэг ашиглах
11.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсгийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ өөрийн болон бусдын амь бие, эд хөрөнгийг араатан, амьтан, бусад гадны халдлагаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.
11.2.Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт иргэний зориулалттай галт зэвсэг ашиглан устгаж болно.
11.3.Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр хугацаагаар ашиглуулж болно.
11.4.Хот, суурин газарт тирд буудлага хийж болно.
11.5.12.5.Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
11.6.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд зориулалтын галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулах, буудлага үйлдэх тиртэй байна.
11.7.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, энэ хуулийн 22.3-т заасан комиссын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллага олгоно.
11.8.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
11.8.1.энэ хуулийн 11.7 дахь хэсэгт заасан байгууллагын санал;
11.8.2.спорт-сургалтын төрөл, чиглэл, үйл ажиллагааны талаарх танилцуулга;
11.8.3.өөрийн өмчлөлийн спорт-сургалтын зориулалтаар ашиглах буудлага үйлдэх шаардлага хангасан байгууламж /тир/-ийн танилцуулга;
11.8.4.өөрийн өмчлөлийн галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, сумны төрөл, тоо, тэдгээрийн бүртгэл;
11.8.5.галт зэвсэг, сум хадгалах агуулахын дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;
11.8.6.ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
11.8.7.галт зэвсэг, сум ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;
11.8.8.харуул хамгаалалт, аюулгүй байдал хангасан талаарх баримт.
11.9.Буудлага үйлдэх тирээс өөр газар галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.10.Спорт-сургалтын зориулалтаар эзэмших галт зэвсгийг авч явах, тээвэрлэхэд энэ хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагыг хангана.
11.11.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн өмчилж, эзэшиж байгаа галт зэвсэг, сумны тооллогыг улирал тутамд явуулж, бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж, цагдаагийн байгууллагад тайланг хүргүүлнэ.
11.12.Ан агнах болон үзмэр цуглуулга, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийг буудлага спортын тэмцээнд ашиглаж болно.
11.13.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийг зөвхөн багш, дасгалжуулагч, зааварлагчийн хяналт, удирдлага дор тирд 14 нас хүрсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнээр спортын буудлага хийлгүүлж болно.
11.14.Энэ хуулийн 11.13-т заасан үйл ажиллагааны улмаас учирсан аливаа хохирлыг галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд хариуцна.
12 дугаар зүйл.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг ашиглах
12.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан зориулалтаар, аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг амь бие, эд хөрөнгийг араатан, амьтан, бусад гадны халдлагаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.
12.2.Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлийг эзэмших, ашиглах тохиолдолд энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан ерөнхий шаардлагын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулна.
12.3.Иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгэлийн гэрчилгээний хамт зориулалтын сав хайрцагт хийж, гохыг цоожилж, сумыг тусад y, авч явна. Энэ нь албан үүргээ гүйцэтгэж байгаа хамгаалалтын алба хаагч, байгаль хамгаалагчид хамаарахгүй.
12.4.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн зориулалт, бүтцийг өөрчлөхийг хориглоно.
12.5.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд болон зориулалтын бусаар ашигласан, эрэн сурвалжлагдаж байгаа, үйлдвэрийн хийц, бүтцийг өөрчилсөн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг эрх бүхий албан тушаалтан хураана.
12.6.Хураагдсан галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуулийн 44, 45, 46, 47, 48, 49 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
13 дугаар зүйл.Байгаль хамгаалагч галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмших, ашиглах
13.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "байгаль орчны газар" гэх/ болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь өөрийн өмчлөлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байгаль хамгаалагчид эзэмшүүлж, ашиглуулж болно.
Тайлбар:Энэ хуульд заасан "байгаль хамгаалагч" гэдэгт туслах болон идэвхитэн байгаль хамгаалагч хамаарахгүй.
13.2.Байгаль орчны газар болон хамгаалалтын захиргаа нь 4,5 мм-ээс дээш 12,7 мм хүртэлх калибрийн бянттай болон гөлгөр гол төмөртэй, ажиллагааны хувьд гараар цэнэглэгддэг, автоматаар боломжгүй, хүхээгт нь арав, түүнээс цөөн сум орох багтаамжтай, үйлдвэрийн үндсэн хийцийг өөрчлөөгүй галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж болно.
13.3.Байгаль орчны газар болон хамгаалалтын захиргаа нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, гол төмөр худалдан авснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авна.
13.4.Байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үедээ галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл биедээ авч явах эрхтэй.
13.5.Байгаль хамгаалагч нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр хэрэглэхийг хориглоно.
13.6.Байгаль орчны газар болон хамгаалалтын захиргаа нь өөрийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн бүрэн бүтэн байдалд нь хяналт тавьж, тооллогыг сар бүр явуулан тайлан мэдээг цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
13.7.Байгаль орчны газар болон хамгаалалтын захиргаа, байгаль хамаалагч нь энэ хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хадгална.
13.8.Байгаль орчны газар, хамгаалалтын захиргаа болон байгаль хамаалагч нь өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бусад этгээдэд шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.
14 дүгээр зүйл.Галт зэвсэг бүртгүүлэх
14.1.Иргэн, хуулийн этгээд ан агнах, спорт-сургалт, үзмэр цуглуулгын зориулалттай галт зэвсэг, гол төмөр, замаг болон хонгио цохигч, спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан бол ажлын таван өдрийн дотор галт зэвсгээ оршин суугаа цагдаагийн байгууллагад холбогдох баримт бичгийн хамт бүртгүүлэх хүсэлт гаргана.
14.2.Энэ хуулийн 9.1-д заасан иргэнийг галт зэвсгээр гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг цагдаагийн байгууллага гаргана.
14.3.Энэ хуулийн 14.1, 15.1-д заасан хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг гарцаагүй шаардлагатай байх, иргэн, хуулийн этгээд гаргаж өгөх боломжтой байх, давхцалгүй байх шаардлагыг харгалзан Цагдаагийн төв байгууллага батална.
14.4.Шүүх шинжилгээний байгууллага энэ хуулийн 4.1.1- 4.1.4-т заасан галт зэвсгээр буудсан 2 ширхэг сумны хонгио, хошуунаас тус дээж болгон авч, тухайн галт зэвсэг болон түүнийг эзэмшигчийн талаарх мэдээллийг галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн санд бүртгэн оруулсан баримтыг үндэслэн цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор галт зэвсгийг бүртгэх, галт зэвсгийн гэрчилгээ олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана.
14.5.Монгол Улсын хилээр оруулсан галт зэвсэг, гол төмөр, цохигч төмөрийг худалдан борлуулах, ашиглахаас өмнө шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэн буудлага үйлдүүлж, сумны хонгио, хошууг нь галт зэвсгийн, хонгио, хошууны адилтгал мэдээллийн нэгдсэн санд авч бүртгүүлэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.
14.6.Галт зэвсэг өмчлөгч иргэн оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын 10 өдрийн дотор мэдэгдэж галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрынхаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор бүртгүүлнэ.
14.7.Энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу галт зэвсгийн өмчлөгч өөрчлөгдсөн бол энэ хуульд заасан журмын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулна.
14.8.Цагдаагийн байгууллага нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн бүртгэх, хадгалах, ашиглах зориулалттай галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн сантай байна.
14.9.Энэ хуулийн 14.8-д заасан мэдээллийн санг цагдаагийн төв байгууллага эрхлэн хөтөлж, түүний бодлого, зохион байгуулалт, аюулгүй байдал, нууцлал, ашиглалт, хяналтыг хариуцна.
14.10.Энэ хуулийн 14.8-д заасан сангийн мэдээллийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ашиглана.
14.11.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 15.1, 15.2-т заасан галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, хийн буу өмчлөх, эзэмших тохиолдолд шүүх шинжилгээний байгууллагад бүртгүүлэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.
14.12.Энэ хуулийн 9.1-д заасан харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
14.13.Үзмэр, цуглуулгын галт зэвсгийг цагдаагийн байгууллагад ажлын 10 хоногийн дотор бүртгүүлнэ.
14.14.Галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие солигдсон тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.
15 дугаар зүйл.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлэх
15.1.Хийн бууны гол төмрөөс хошуу буюу үрлийн шидэгддэг агшины кинетик энерги нь 7.5 буюу түүнээс дээш жоуль, хавчаахай /нумт буу/ нь зэвт хошуу бүхий сумтай, нумны хөвчний татах хүч нь 43 кг буюу түүнээс дээш бол галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамааруулж, иргэн, хуулийн этгээд өмчилж, эзэмших тохиолдолд оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, гэрчилгээ авна.
15.2.Гол төмрөөс хошуу буюу үрлийн шидэгддэг агшины кинетик энерги нь 7,5-аас доош 3 жоуль хүртэлх хийн бууг иргэн, хуулийн этгээд өмчилж, эзэмших бол цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
15.3.Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан борлуулахаас өмнө тэдгээрийн нэр, төрөл, загвар, тооширхэгийг тусгасан мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлж бүртгүүлнэ.
15.4.Цагдаагийн байгууллага гаалийн байгууллагаас ирүүлсэн улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээг тухай бүр энэ хуулийн 14.8-д заасан мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулна.
16 дугаар зүйл.Галт зэвсгийн гэрчилгээ
16.1.Энэ хуулийн 14, 15 дугаар зүйлийн дагуу галт зэвсгээ бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийн гэрчилгээ олгоно.
16.2.Галт зэвсгийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:
16.2.1.өмчлөгч иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээдийн тухайд оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, оршин байгаа газрын хаяг;
16.2.2.нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаар;
16.2.3.өмчлөх зориулалт;
16.2.4.гол төмрийн голчийн хэмжээ;
16.2.5.тухайн галь зэвсэгт таарах сумны төрөл, зориулалт.
16.3.Галт зэвсгийн гэрчилгээнд галт зэвсэг эзэмшигч иргэний цээж зураг, хуулийн этгээд болон хамтран эзэмших этгээдийн цээж зураг, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тусгана.
16.4.Галт зэвсгийг хамтран эзэмших этгээд нь энэ хуулийн 9.1.-д заасан шаардлагыг хангасан байна.
16.5.Галт зэвсгийн гэрчилгээний загвар, үнийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
17 дугаар зүйл.Галт зэвсэг хадгалах
17.1.Галт зэвсэг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн галт зэвсгийн гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгалах ба галт зэвсгээс замгийг салгах боломжтой бол замгийг салгаж хадгална.
17.2.Галт зэвсэг өмчлөгч хуулийн этгээд галт зэвсгийг зориулалтын төхөөрөмжилсөн өрөөнд, сумыг тусад нь түгжээтэй шүүгээ /сав/-нд хадгална.
17.3.Иргэн, хуулийн этгээд арав, түүнээс дээш тооны галт зэвсгийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээнд хадгална.
17.4.Галт зэвсгийг хаяж, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд энэ талаар мэдсэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
17.5.Энэ хуулийн 19.8.-д заасан байгууллага нь аюулгүй байдлыг хангасан дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон ажлын байр болон шаардлага хангасан агуулахад галт зэвсгийг хадгална.
17.6.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг тус тусад нь хадгалах бөгөөд үйл ажиллагаагаа явуулдаг байр нь Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хамгаалалттай байна.
18 дугаар зүйл.Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглахыг хязгаарлах
18.1.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд галт зэвсгийг бүртгүүлснээс өөр зориулалтаар болон хот, суурин газарт ашиглахыг хориглоно.
18.2.Галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж ял шийтгүүлсэн этгээд галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй.
18.3.Энэ хуулийн 11.6.-д заасан жагсаалтын дагуу галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогтой иргэн галт зэвсэг өмчлөхийг хориглоно.
18.4.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт галт зэвсэг өмчлөх, эзэмших, хориглоно.
18.5.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд галт зэвсэг өмчлөхийг хориглоно.
18.6.Энэ хуулийн 3.1.4-т заасан галт зэвсгийг иргэн улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглах, эзэмших, өмчлөхийг хориглоно.
18.7.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад галт зэвсэгт дуу намсгах хэрэгсэл, цэргийн зориулалттай шөнийн болон дулаан мэдрэгчтэй харааны хэрэгсэл, суурилуулах, нийтэд худалдах, импортлохыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЛТ ЗЭВСЭГ, СУМЫГ ХУДАЛДАХ, ХУДАЛДАЖ АВАХ,
ӨВЛӨХ, БЭЛЭГЛЭХ
19 дүгээр зүйл.Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах
19.1.Энэ хуульд заасан галт зэвсэг, сум, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл /цаашид "тусгай зөвшөөрөл" гэх/-ийг хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6 жилийн хугацаатайгаар олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг ижил хугацаагаар сунгаж болно.
19.2.Энэ хуулийн 19.1.-д заасан тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 38.1-д заасан тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.
19.3.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн ажиллуулж байгаа буудлага үйлдэх байгууламж /тир/-д ашиглуулах зориулалтаар сум худалдаалах, импортлох эрхтэй байна.
19.4.Энэ хуулийн 19.3-т заасан хуулийн этгээд сумыг өөрийн ажиллуулж байгаа буудлага үйлдэх байгууламжаас өөр газар, спорт, сургалтын буудлага үйлдэгчээс бусад иргэн, хуулийн этгээдэд худалдаалах, ашиглуулахыг хориглоно.
19.5.Энэ хуулийн 19.3-т заасан этгээд худалдаалсан, ашиглуулсан сумны бүртгэлийг тухай бүр хөтөлсөн байна.
19.6.Энэ хуульд заасан галт зэвсэг, сум, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Монгол Улсад галт зэвсэг, сум нийтэд худалдах төв /цаашид "Төв" гэх/ -д байрлан худалдах бөгөөд түүнийг ажиллуулах эрхийг хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
19.7.Энэ хуулийн 19.1, 19.6-д заасан эрх авсан болон түүний хамаарал бүхий этгээдэд энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг давхар олгохыг хориглоно.
19.8.Энэ хуулийн 11.7, 19.1-д заасан тусгай зөвшөөрлийг 19.6-д заасан эрх авсан болон түүний хамаарал бүхий этгээдэд давхар олгохыг хориглоно.
19.9.Галт зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "Борлуулагч" гэх/ нь Борлуулагч энэ хуулийн 19.6-д заасан Төвд байрлан галт зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулна.
19.10.Энэ хуулийн 19.1-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд энэ хуулийн 10.6-д заасан тир ажиллуулах эрхтэй.
19.11.Борлуулагч галт зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авагч иргэн, хуулийн этгээдийн бичиг баримтыг хуулбарлан авч, бүртгэл хөтөлнө.
19.12.Тухайн жилд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
19.13.Борлуулагч нийтэд худалдах галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх маршрут, хугацааг цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
19.14.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигч нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг бусдад худалдах, удирдах болон гүйцэтгэх удирдлага өөрчлөх замаар бусдад шилжүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
19.15.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавина.
20 дугаар зүйл.Галт зэвсэг, сум худалдаж авах
20.1.Иргэн, хуулийн этгээд нь борлуулагчаас энэ хуулийн 4.1.1-4.1.4-т заасан галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, галт зэвсгийн гол төмөр, их бие, замаг, цохигч төмөр худалдаж авах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр болон цахимаар гаргана.
20.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 20.1.-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд иргэний үнэмлэх, энэ хуулийн 11.5-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудсыг үндэслэн, хуулийн этгээдэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн зөвшөөрөл олгоно.
20.3.Борлуулагч энэ хуулийн 20.2-т заасан зөвшөөрлийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг худалдана.
20.4.Борлуулагч нь иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан галт зэвсэг, сумны талаарх мэдээллийг цахимаар болон цаасаар хөтөлж, цагдаагийн байгууллагад сар бүр тайланг хүргүүлнэ.
20.5.Борлуулагч галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг иргэн, хуулийн этгээдэд худалдахдаа худалдан авсан тоо, төрөл, марк, дугаарын тэмдэглэл бүхий тодорхойлолтыг олгоно.
20.6.Иргэн, хуулийн этгээд худалдаж авсан галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ энэ хуулийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авна.
21 дүгээр зүйл.Галт зэвсэг, худалдах, өвлөх, бэлэглэх
21.1.Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлд 1 жилээс багагүй хугацаанд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно.
21.2.Галт зэвсгийг худалдан авсан иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.
21.3.Иргэн, хуулийн этгээд галт зэвсгийг худалдсан талаар тухайн галт зэвсгийг бүртгэлд авсан цагдаагийн байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэж, тэмдэглэл хийлгэн бүртгэлээс хасуулна.
21.4.Галт зэвсэг худалдах, өвлүүлэх, бэлэглэх тохиолдолд энэ хуулийн 21.1-д заасныг баримтална.
21.5.Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшиж, өмчилж байгаа галт зэвсэг, сумыг сайн дураар цагдаа болон шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАХ, ШАЛГАРУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
22 дугаар зүйл.Комиссын үйл ажиллагаа
22.1.Хууль зүйн, спорт, байгаль орчин, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тагнуул, цагдаа, гаалийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн, энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумыг хилээр оруулах зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий комисс /цаашид "Комисс" гэх/ хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
22.2.Комиссын дарга, нарийн бичгийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
22.3.Энэ хуулийн 22.1-д заасан Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана:
22.3.1.энэ хуулийн 19.1, 19.6-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах эсэх;
22.3.2.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эсэх;
22.3.3.энэ хуульд заасан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, тэдгээрийн дагалдах хэрэгслийг импортлох, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэх;
22.3.4.тухайн жилд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо, хэмжээний талаар.
22.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 22.3-т заасан санал, дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргана.
22.5.Төрийн захиргааны байгууллагаас томилогдсон Комиссын гишүүд комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар харьяалах байгууллагын удирдлагад мэдээлэл өгнө.
22.6.Комиссын гишүүн, нарийн бичгийн даргад улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.3-т хэсэгт заасан нийслэлийн батлагдсан төсвөөс олгоно.
22.7.Комиссын гишүүн, нарийн бичгийн даргад улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.3 дахь хэсэгт заасан нийслэлийн батлагдсан төсвөөс олгоно.
22.8.Урамшууллын хэмжээг Хууль, зүйн асуудал эрхэлсэн дэд сайдын гаргасан саналын дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа
23.1.Энэ хуулийн 19.1, 19.6, 37.1-д заасан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвхөн хуулийн этгээдэд олгоно.
23.2.Сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулах ба сонгон шалгаруулалтын зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хоёроос доошгүй хэвлэлд нийтлүүлж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудаст байршуулна.
23.3.Сонгон шалгаруулалтын зард дараах мэдээллийг тусгана:
23.3.1.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан шаардлага;
23.3.2.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичиг;
23.3.3.сонгон шалгаруулалтын саналыг ирүүлэх, мэдээлэл авах хаяг;
23.3.4.сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаа.
24 дүгээр зүйл.Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдэд тавих шаардлага
24.1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
24.1.1.гадаадын хөрөнгө оруулалтгүй байх
24.1.2.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах өөрийн өмчлөлийн агуулахтай байх;
24.1.3.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх;
25.1.4.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй байх;
24.1.5.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болоншүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүйбайх;
24.1.6.аюулгүй байдлыг хангах дотоод журамтай байх.
24.2.Галт зэвсэг, сум, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь энэ хуулийн 24.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
24.2.1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг экспортлогч талын эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчийн тодорхойлолттой байх;
24.2.2.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх;
24.2.3.галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх.
24.3.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь энэ хуулийн 24.1-д зааснаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
24.4.Галь зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь энэ хуулийн 24.1, 37.1, 38.1-д зааснаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
24.4.1.үйлдвэрлэх бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, тодорхойлолт нь олон улсын стандарт нийцсэн байх;
24.4.2.үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори, энэ хуулийн 24.5-д заасан шаардлагад нийцсэн өөрийн өмчлөлийн тиртэй байх;
24.4.3.түүхий эд нь чанар, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангасан байх;
24.4.4.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны чанар шалгах гадна талбайтай байх;
24.4.5.чанарын үзүүлэлт нь үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан байх;
24.4.6.эрсдэлийн үнэлгээ, хяналт тавих үйл ажиллагааны заавар, журамтай байх;
24.4.7.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын санал авсан байх;
24.4.8.төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн боломжтойг нотолсон төслийн товч танилцуулга, макро болон микро орчны судалгаа, төслийн зорилго, зорилт, үйлдвэрлэлийн төлөвлөлт, үйлдвэрлэл явуулах техник технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтэн, боловсон хүчний төлөвлөлт, танилцуулга, маркетинг борлуулалтын болон санхүүгийн төлөвлөгөөтэй байх;
24.4.9.байгаль орчны төлөв байдлын судалгаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчсан үнэлгээ хийлгэсэн байх.
24.5.Энэ хуулийн 24.1.2-т заасан агуулах нь дараах шаардлагыг хангасан байна:
24.5.1.хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, Монгол Улсын стандартад нийцсэн дуу, дүрсний төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
24.5.2.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулах;
24.5.3.агуулахын хаалга нь төмөр, дотор тал нь галд шатдаггүй материалаар хийгдсэн, давхар хаалга, лацтай байх;
24.5.4.нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй эсхүл салхивчтай байх. Салхивчтай бол дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалагдсан байх
24.5.5.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, дагалдах хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 20 см-ээс багагүй өндөрт байх;
24.5.6.аюулгүй байдлыг хангах дотоод журамтай байх.
25 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг
25.1.Энэ хуулийн 19.1-д заасан сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримт бичгийг бичгээр болон цахимаар бүрдүүлнэ:
25.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм;
25.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга;
25.1.3.улсын хилээр оруулах, нийтэд худалдах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, марк, техникийн болон бусад үзүүлэлтийг заасан нийлүүлэгч хуулийн этгээдийн албан бичиг эсхүл захидал;
25.1.4.үйлдвэрлэгч болон нийлүүлэгч байгууллагын тодорхойлолт, байгууллага, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга;
25.1.5.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, тодорхойлолт;
25.1.6.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, баланс;
25.1.7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахтайг нотлох баримт бичиг, агуулахын байршил, дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тавиур, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;
25.1.8.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичиг;
25.1.9.ажилтнуудын танилцуулга, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;
25.1.10.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ.
25.2.Энэ хуулийн 25.1.3-т зааснаас бусад баримт бичгийг энэ хуулийн 19.1, 37.1-д заасан сонгон шалгаруулалтад орох этгээдэд хамаарна.
26 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтын баримт бичиг ирүүлэх, түүнийг хүлээн авах
26.1.Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг товлосон хугацаанд, дурдсан хаягаар, хуудас тус бүрийг дугаарлан ирүүлнэ.
26.2.Оролцогч хуулийн этгээдийн нэр, хаяг, ирүүлсэн баримт бичгийн хуудасны тоо, огноо, цагийг Комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэж, хүлээн авах ба хүлээн авсан тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө.
26.3.Тогтоосон хугацаанаас хожимдсон бол хүлээж авахгүй.
26.4.Оролцогч нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг Комиссын гишүүдийн тоогоор ирүүлнэ.
27 дугаар зүйл.Сонгон шалгаруулалт явуулах
27.1.Комисс нь оролцогч тус бүр энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрэн гүйцэд зохих журмын дагуу бүрдүүлсэн эсэхийг хянан үзнэ.
27.2.Комисс нь сонгон шалгаруулалтын явцад оролцогчийн талаарх тодорхой мэдээлэлтэй газар дээр нь очиж танилцах буюу шаардлагатай нэмэлт мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр холбогдох байгууллагаас авч болно.
27.3.Комисс нь баримт бичиг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 21 өдөрт багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
27.4.Комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн баримт бичгийг хянан үзээд энэ хуульд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийг дийлэнх олонхийн саналаар сонгож, ажлын 2 өдрийн дотор санал, дүгнэлтээ гаргаж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
27.5.Комисс шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан, болон шалгараагүй үндэслэлийг тодорхой дурдсан мэдэгдлийг Комиссын санал, дүгнэлт гарснаас хойш ажлын тав өдрийн дотор хүргүүлнэ.
28 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
28.1.Шалгарсан хуулийн этгээд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай[2]хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлнө.
28.2Энэ хуулийн 27.3-т заасан Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрөл олгоно.
28.3.Оролцогч нь Комиссын санал, дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдлоо ажлын долоон өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.
28.4.Гомдлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээн авснаас хойш ажлын арван өдөрт шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
28.5.Гомдол гаргасан хуулийн этгээд энэ хуулийн 28.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.
29 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
29.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах тохиолдолд энэ хуулийн 19.1,19.6, 37.1-д заасан тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
29.1.1.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь Комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагын бусад шийдвэрээр тогтоогдсон;
29.1.2.энэ хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл буруу гаргасан;
29.1.3.тусгай зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон.
29.1.4.энэ хуульд заасан хязгаарласан, хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн.
29.2.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 29.1-д заасан үндэслэл бүхий Комиссын санал, дүгнэлт, бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай урьдчилан мэдэгдэнэ.
29.3.Энэ зүйлийн 29.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч ажлын 5 өдрийн дотор зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн бол энэ тухай тайлбар, холбогдох баримт бичгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд ирүүлэх бөгөөд ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
29.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 29.1-д заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд Комиссын санал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
30 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
30.1.Энэ хуулийн 19.1, 19.6, 37.1-д заасан тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
30.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
30.1.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй;
30.1.3.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
30.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
30.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг бусдад худалдах, төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлага өөрчлөх замаар бусдад шилжүүлсэн, бэлэглэсэн, барьцаалсан;
30.1.6.тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
30.1.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан;
30.1.8.хуульд заасан бусад.
30.2.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмыг баримтална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ.
ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА,
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
31 дүгээр зүйл.Төвийн салбар нээх
31.1.Энэ хуулийн 19.6-д заасан Төв ажиллуулах эрхтэй хуулийн этгээд нь орон нутагт салбартай байж болно. Төвийн салбарт нь энэ хуулиар төвд тавигдах шаардлагыг нэгэн адил хангасан байна.
31.2.Төв ажиллуулах эрхтэй хуулийн этгээд нь салбар нээх хүсэлтийг Комисст гаргана.
31.3.Комисс нь Төвийн салбар ажиллуулах байр, агуулах, аюулгүй байдлын болон бусад стандарт, дүрэм, журамд нийцэж байгаа эсэх талаар лавлагаа, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас авч болно.
31.4.Комисс нь салбар нээх тухай хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулах ба Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Төвийн салбар нээх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв шийдвэрлэнэ.
31.5.Төвийн салбар нээх тусгай зөвшөөрлийг Төв ажиллуулах эрхийн хугацаатай ижил хугацаагаар олгоно.
32 дугаар зүйл.Төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах
32.1.Борлуулагч нь энэ хуулийн 19.8-д заасан Төв, түүний салбарт байрлан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, дагалдах хэрэгсэл худалдан борлуулна.
32.2.Төв нь зохион байгуулалт, аюулгүй байдлын талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
32.2.1.төв, агуулахын аюулгүй ажиллагааны дотоод журамтай байх;
32.2.2.үйл ажиллагааны эрсдэл болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг даатгуулсан байх;
32.2.3.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтан нь энэ хуулийн 9.1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх;
32.2.4.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг харуул хамгаалалтын алба хаагчаар хамгаалуулах;
32.2.5.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахын гадна буюу эргэн тойронд тэсэрч дэлбэрэх, галд шатамхай аюултай бодисыг байрлуулахгүй байх;
32.2.6.болзошгүй аюул, гамшиг, халдлага бий болсон нөхцөлд ажиллах төлөвлөгөөтэй байх;
32.2.7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тухай бүрт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллагын эргүүлийн чиглэл, хяналт-шалгалт хийх боломжоор хангах.
32.3.Төв энэ хуулийн 32.2-т зааснаас гадна дараах шаардлагыг хангаж ажиллана:
32.3.1.нэг борлуулагч тутамд ногдох худалдааны талбайг 12 м2, агуулахын талбайг 9 м2-аас тус тус багагүй хэмжээтэй байлгах;
32.3.2.агуулахыг Төвд байрлаж буй борлуулагч бүрээр тусгаарлаж, борлуулагчийн агуулахын өрөө /тасалгаа/-нд бусад этгээд нэвтрэх боломжгүй байхаар зохион байгуулах;
32.3.3.Төвийн ажлын байр, агуулахын аюулгүй байдлыг энэ хуулийн 32.2-т заасан шаардлага, аюулгүй ажиллагааны дотоод журамд нийцүүлэн ажиллах;
32.3.4.Төвийн хамгаалалт, дохиолол, телехяналтын системийг гэрээт харуул хамгаалалтын албаны байнгын хяналтад байлгах.
32.4.Борлуулагч нь дараах байдлаар аюулгүй байдлыг хангаж ажиллана:
32.4.1.Төвийн ажлын байранд борлуулж буй бүх галт зэвсгийн гохыг цоожилж аюулгүй байдлыг хангасан байх;
32.4.2.галт зэвсгийн сумыг галт зэвсэгтэй хамт үйлчлүүлэгчид үзүүлэх болон гохны цоожгүй галт зэвсэг үзүүлэхийг хориглох;
32.4.3.камерын бичлэг ажиллахгүй үед галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн худалдаа хийхгүй байх;
32.4.4.худалдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн дэлгэрэнгүй бүртгэлийг энэ хуулийн 20.4-т заасны дагуу хөтлөх;
32.4.5.агуулахад галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг сумнаас тусад нь галт зэвсэг /урт буу/, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг тусгай бэлтгэсэн давхар тавиур дээр нэг эгнээнд тоолж болохуйц 10-20 ширхэгээр эгнүүлэн байрлуулан хадгалах;
32.4.6.гар бууг сумнаас тусад нь аюулгүй байдлыг хангасан саванд гохыг түгжиж хадгалах;
32.4.7.сумыг тусгайлан савалсан хайрцагт, шаардлага хангасан өрөөнд төмөр шүүгээнд хадгалах;
32.4.8.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн агуулах, өрөөний түлхүүрийг хариуцсан ажилтан төмөр хайрцагт хийж, лацдан харуул хамгаалалтын ажилтанд хадгалуулах;
32.4.9.харуул хамгаалалтын ажилтан нь агуулахын лац хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бүртгэлийг өдөр тутам хөтлөх;
32.4.10.алдагдсан, дутсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн талаар тагнуул, цагдаагийн байгууллагад мэдсэн даруйдаа мэдэгдэх;
32.4.11.Борлуулагч нь энэ хуулийн 19.10-т заасан баримт бичгийг авч энэ хуулийн 20.4.-т заасан хугацаанд цагдаагийн байгууллагад хүргүүлэх.
ДОЛООДУГААР БҮЛЭГ.
ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ
УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ
33 дугаар зүйл. Галт зэвсэг, сум улсын хилээр нэвтрүүлэх
33.1.Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй бөгөөд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цахим болон цаасан хэлбэрээр цагдаагийн байгууллагад гаргана. Хүсэлтэд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн зориулалтыг гэрчилсэн үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг хавсаргана. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш хоёр жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно.
33.2.Энэ хуулийн 33.1.-д заасан галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгох эсэхийг цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
33.3.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно.
33.4.Үйлдвэрлэгч нь сумны хонгио, бялт, дарин цэнэг, хошуу зэрэг бүрдэл хэсэг, галт зэвсгийн үндсэн анги болон дагалдах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх эрхтэй.
33.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээдэд олгоно.
33.6.Энэ хуулийн 33.5-д заасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:
33.6.1.тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөө;
33.6.2.тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн хэрэгцээний галт зэвсэг, сумны тоо ширхэг, төрөл;
33.6.3.тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт.
33.7Спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, спортын бэлтгэл хийхээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
33.8.Энэ хуулийн 33.5-д заасан галт зэвсгийг төрийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд бэлэглэх, өвлүүлэх, худалдах, шилжүүлэхийг хориглоно.
33.9.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь өөрийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуулийн 24.2-т заасан шаардлага хангасан агуулахад хадгалах бөгөөд спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийхээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах, хадгалуулахыг хориглоно.
34 дүгээр зүйл.Спортын тэмцээн, сургалт, ан агнуурын зориулалтаар галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх
34.1.Галт зэвсэг ашиглах спортын тэмцээн, сургалтад оролцох, ан агнах зорилгоор Монгол Улсын иргэн, гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтэд хилээр нэвтрүүлэх галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, тоо, дугаар, улсын хилээр оруулах, гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг заасан байна.
34.2.Энэ хуулийн 34.1-д заасан ан агнах зорилготой гадаадын иргэний галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд эрх бүхий байгууллагаас олгосон ан агнах зөвшөөрлийг үндэслэнэ.
34.3.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 34.1-д заасан хүсэлтийг ажлын таван өдрийн дотор хянан үзэж, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
34.4.Энэ хуулийн 34.1-д заасан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан авсан бол энэ хуулийн 8.1 дэх хэсэг, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлага, журмын дагуу бүртгүүлнэ.
34.5.Энэ хуулийн 34.3-т заасны дагуу галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулахад гаалийн байгууллага зөвшөөрлийн хуудсан дээр тэмдэглэгээ хийж, улсын хилээр буцаан гаргахад зөвшөөрлийн хуудсыг хураан авч, цагдаагийн төв байгууллагад улирал бүр хүргүүлнэ.
34.6.Энэ хуулийн 34.3-т заасан зөвшөөрлийн хуудасны загварыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
34.7.Гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулсан бол буцаан гаргах бөгөөд тус галт зэвсгийг Монгол Улсад борлуулах, бэлэглэх, шилжүүлэхийг хориглоно.
34.8.Ан агнах зорилготой гадаадын иргэний улсын хилээр оруулсан галт зэвсгийн сум нь улсын хилээр оруулсан галт зэвсэг бүрт 60 ширхэг байна.
35 дугаар зүйл.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх
35.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох холбогдох журам, стандартын дагуу батлагдсан маягтаар гаргана.
35.2.Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгоход дараах баримт бичгийг хавсаргана:
35.2.1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт;
35.2.2.спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 34.5-д заасан мэдээллийг тусгасан спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлт.
35.3.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд нь энэ хуулийн 35.1-д заасан өргөдөлд тухайн барааны тодорхойлолт буюу улсын хилээр оруулах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, зориулалт, марк, техникийн үзүүлэлтийг тусгана.
35.4.Зөвшөөрөл олгох гэж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн онцлогоос шалтгаалан бусад шаардлагатай тодорхойлолт, дүгнэлтийг зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээдээс гаргуулж болно.
35.5.Энэ хуулийн 22.3 дахь хэсэгт заасан Комисс өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хянаж, санал, дүгнэлт гаргана.
35.6.Комисс нь зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох холбогдох журамд заасны дагуу хянан үзнэ.
35.7.Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
35.8.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох холбогдох журамд заасан маягт, хугацаа, хэлбэрээр олгоно.
36 дугаар зүйл.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийгулсын хилээр оруулахад хийх гаалийн шалгалт
36.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад шаардагдах бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна.
36.2.Гаалийн газар, хороо нь мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авч, гаалийн хууль тогтоомжийн дагуу бичиг баримт болон бараанд шалгалт хийж, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
36.3.Улсын хилээр оруулсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн зөвшөөрөлд гаалийн газар, хороо тэмдэглэл хийж, гаалийн мэдүүлэгт хавсаргаж үлдээнэ.
36.4.Гаалийн байгууллага нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, тэдгээрийн эд анги, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэхэд шаардлагатай бараа, эд зүйлийг улсын хилээр оруулсан мэдээллийг цагдаагийн төв болон тагнуулын байгууллагад дараа сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ
36.5.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээг сар бүр татвар, цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.
36.6.Гаалийн хууль тогтоомжийн зөрчлийн улмаас хураагдсан, нягтлан шалгах зорилгоор саатуулагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн талаарх мэдээллийг гаалийн удирдах байгууллага ажлын таван өдрийн дотор цагдаагийн төв байгууллагад ирүүлнэ.
36.7.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг иргэн, хуулийн этгээд бусдаар дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
36.8.Цагдаагийн төв байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх нэгж нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдийн бүртгэлээр тухайн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын нэгдсэн бүртгэлд орсон эсэхэд хяналт тавьж ажиллана.
НАЙМДУГААР БҮЛЭГ.
ГАЛТ ЗЭВСЭГ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ, СУМ ҮЙЛДВЭРЛЭХ, ДАХИН ЦЭНЭГЛЭХ
37 дугаар зүйл.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх үйлдвэрт тавишдах шаардлага
37.1.Энэ хуульд заасан галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх /цаашид "Үйлдвэрлэгч" гэх/ тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 6 жилийн хугацаатайгаар олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг ижил хугацаагаар сунгаж болно.
37.2.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх тусгай зөвшөөрөлтэй этгээд (цаашид "Үйлдвэрлэгч" гэх) нь стандартад нийцсэн үйлдвэрийн болон агуулахын зориулалт бүхий өөрийн өмчлөлийн байртай байна.
37.3.Үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн, экспортолсон, худалдсан, устгасан галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны нэр төрөл, сери /цуврал/ дугаар, тоо ширхэг, байршлыг нарийвчлан тусгасан мэдээллийг цагдаагийн төв байгууллагад сар бүр хүргүүлнэ.
37.4.Үйлдвэрлэгчийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах нь аюулгүйн бүстэй байна.
37.5.Энэ хуулийн 37.3-т заасан аюулгүйн бүсийг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
38 дугаар зүйл.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэхэд тавих шаардлага
38.1.Үйлдвэрлэгч хуулийн этгээдэд дараах шаардлага тавина:
38.1.1.үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, лаборатори, энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан туршилтын байгууламжтай байх;
38.1.2.аюулгүй байдлын шаардлага хангасан зориулалтын агуулах, ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх;
38.1.3.чанарын үзүүлэлт нь үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан байх;
38.1.4.шинэ төрлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэхэд туршилт хийлгэн, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх;
38.1.5.галт зэвсэг, сумны чиглэлээр мэргэшсэн гурваас доошгүй ажилтантай байх;
38.1.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх;
38.1.7.үйлдвэрийн байр, агуулахад гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх.
38.2.Үйлдвэрлэгч хуулийн этгээд нь үйл ажиллагааны эрсдэл, иргэний амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байна.
38.3.Үйлдвэрлэсэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум, дахин цэнэглэлэгдсэн сумны сери /цуврал/ дугаар бүхий сав, баглаа боодолтой байх ба сери /цуврал/ дугаарыг цагдаагийн төв байгууллага олгож, хяналт тавина.
38.4.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны сав, баглаа боодлын гадна талд үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн болон хадгалах баталгаат хугацаа, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны аюултайг анхааруулсан таних тэмдэгтэй байна.
38.5.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэх үйлдвэрийг шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөхөд Комиссын санал, дүгнэлтийг гаргуулна.
38.6.Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, дотоодын цэрэг, тагнуулын байгууллагын дэргэд үйлдвэрийн нэгжтэй байж болно.
38.7.Үйлдвэрлэгч нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг засварлаж болох бөгөөд энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тухай бүр дэлгэрэнгүй тайланг хүргүүлнэ.
38.8.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 3.1.12-т заасан тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, галт зэвсэг угсрах, засварлах эрхтэй.
39 дүгээр зүйл.Хориглох зүйл.
39.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон үйлдвэрлэгчид дараах зүйлийг хориглоно:
39.1.1.өөрийн эзэмшлийн газар, зориулалтын байр, тээврийн хэрэгсэл, мэргэжлийн ажиллах хүчин, гэрээт харуул хамгаалалтгүй хуулийн этгээдэд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэх тусгай зөвшөөрөл олгох;
39.1.2.зориулалтын бус газарт галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэхтэй холбоотой тэсэрч дэлбэрэх, шатамхай бодисыг хадгалах;
39.1.3.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэх хэрэгслийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх;
39.1.4.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумыг арилжааны зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд сурталчлах;
39.1.5.энэ хуулийн 37.4-т заасан аюулгүйн бүсэд хүн, тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй нэвтрэх, түр болон байнга суурьших, бүсийн дэглэм зөрчих;
39.1.6.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум, тэсэрч дэлбэрэх, шатамхай бодисыг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг аюулгүй байдлын удирдагч болон хамгаалалтын ажилтнаас бусад хүн дагалдан явах;
39.1.7.галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, дахин цэнэглэхэд шаардагдах материал, эд зүйл, хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах;
39.1.8.хуулийн этгээд нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сум үйлдвэрлэх, сум дахин цэнэглэхэд шаардлагатай материал, эд зүйлийг зориулалтын бусаар ашиглах, хадгалах, бусдад дамжуулан худалдах, шилжүүлэх.
39.1.9.үйлдвэрлэгч нь галт зэвсэг, сумыг барьцаанд тавих;
39.1.10.иргэн, төрийн эрх бүхий байгууллагаас бусад хуулийн этгээдэд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг үйлдвэрээс худалдах.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ТИРД ТАВИГДАХ ШААРДЛАГА
40 дугаар зүйл.Тирд тавигдах нийтлэг шаардлага
40.1.Тир нь битүү, хагас битүү, задгай байж болно.
40.2.Битүү, хагас битүү, задгай тир нь тухайн буудлагын зэвсэг, суманд тохирсон аюулгүй байдлыг хангасан хаалт баригчтай байна.
40.3.Тир нь олон тооны буудагчид зориулсан төрөл бүрийн зай, талбайтай байж болно.
40.4.Тир болон агуулах нэг барилгад байгаа тохиолдолд буудлага хийх талбайгаас галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн өрөө нь заавал тусдаа байна.
40.5.Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжийг хангасан байна.
40.6.Тир нь энэ хуульд заасан шаардлага хангасан эсэхэд спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргаж, цагдаагийн байгууллага хяналт тавина.
40.7.Галт зэвсэг, сум худалдах төв нь тиртэй байж болно. Тиртэй байх тохиолдолд битүү тир ашиглана.
40.8.Агааржуулалтын хоолой болон бусад инженерийн шугам сүлжээний нүхийг 50х50 мм-ийн хэмжээтэй торлог бүтэцтэй 16 мм-ээс багагүй огтлол бүхий арматураар бэхэлнэ.
40.9.Галын аюулаас хамгаалах тоног хэрэгсэлтэй, дохиолол хамгаалалтын системтэй байна.
40.10.Тирний сумны нисэлтийн талбайн урт нь 50 м-ээс доошгүй байна.
40.11.Тир нь галт зэвсгийн ажиллагааг шалгахад зориулсан зай, талбай, төхөөрөмжтэй, зориулалтын суурь, тавиуртай, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий зааварлагч-ажилтантай байна.
41 дүгээр зүйл.Битүү тирэнд тавигдах шаардлага
41.1.Хана, тааз, шалыг сум нэвтрэхээргүй материалаар бэхжүүлэн баригдсан барилга бүхий байгууламж байна.
41.2.Хана тааз шал нь үндсэн барилгын хийцтэй, чулуун болон тоосгон өрлөгний зузаан нь 360 мм-ээс багагүй, ханын бетонон блокны зузаан нь 200 мм-ээс багагүй хоёр үе өрлөгтэй буюу нийт 400 мм-ээс багагүй байна. Төмөр бетон хавтантай бол 180 мм-ээс багагүй зузаантай байна. Ханын дагуу сум баригч болон сум хүлээн авагч хийж болох бөгөөд сумны хэлтэрхийг зогсоох зориулалтын баллистик резинтэй байна
41.3.Битүү тир нь хот суурин газарт байрлаж болно.
42 дугаар зүйл.Хагас битүү тирэнд тавигдах шаардлага
42.1.Хана нь сум үл нэвтрэх материалаар хийгдсэн, буудагчийн хэвтээ байрлалаас тэнгэр харагдахааргүй хөндлөн сум баригч ханатай байна. Хагас битүү тирэнд нэмэлт сум баригч байрлуулж болно.
42.2.Хагас битүү тир нь барилга, байгууламж, нийтийн орон сууцаас нүүрэн талаасаа 100 метрээс багагүй, бусад талаасаа 300 метрээс багагүй зай байрлана.
43 дугаар зүйл.Задгай тирэнд тавигдах шаардлага
43.1.Сум үл нэвтрэх шороон далан бүхий бүтэцтэй, аль эсвэл материалын бүтцийн хувьд сум эргэн ойхооргүй, нэвтрэхээргүй далан /хаалт/ нь 2,5 метрээс багагүй өндөртэй байна. Шороон далан нь 3 талыг хаасан байна.
43.2.Аюулгүйн бүс, анхааруулах тэмдэг /буудлагын тир/ гэсэн тэмдэглэгээтэй байна.
43.3.Задгай тир буудах чиглэлдээ суурин газраас 3000 метрээс багагүй зайтай байрлана. Задгай тирний буудах чиглэлд байгалийн хаалт, саад байгаа бол газар зүйн онцлогоос нь хамаарч энэ зайг 1500 метрээс багагүй тогтоож болно. Тирийн буудах чиглэлээс бусад чиглэлд суурин газраас 500 метрээс багагүй зайтай байх бөгөөд нүүрэн хэсэг нь далантай байна.
43.4.Таваг буудлагын спортын задгай тир нь суурин газраас 300 м-ээс багагүй зайд байрлана.
43.5. Энэ хуулийн 41.3-т заасан нүүрэн хэсгийн далангийн өндөр 2.5 доошгүй бол 300 метрээс, 5 метрээс доошгүй бол 200 метрээс багагүй, эсхүл нийтэд үйлчлэх зориулалт бүхий барилга байгууламжтай бол тухайн хэсгээрээ 100 метрээс доошгүй зайд тус тус байрлаж болно.
АРАВДУГААР БҮЛЭГ
ХУРААГДСАН ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙГ УСТГАХ, ӨМЧЛӨГЧИД БУЦААН ОЛГОХ, ШИЛЖҮҮЛЭХ
44 дүгээр зүйл.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хураах
44.1.Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хурааж, ажлын арван таван өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ:
44.1.1.энэ хуулийн 8.1-д заасан шаардлага хангаагүй, эсхүл энэ хуулийн 11.5-д заасан жагсаалтад заасан өвчин, гэмтэл согогтой хүн галт зэвсэг өмчилж байсан нь тогтоогдсон бол;
44.1.2.энэ хуулиар хориглосон галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд өмчилж байгаа нь тогтоогдсон бол;
44.1.3.эрэн сурвалжилж байгаа галт зэвсэг бол;
44.1.4.гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашигласан бол;
44.1.5.галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу гол төмрийн хайрцаг, ангийн үйлдвэрийн үндсэн хийц, зориулалтыг өөрчилсөн бол, зориулалтын бус эд ангиар солих;
44.1.5.галт зэвсгийг энэ хуульд заасан зориулалтын бусаар болон хууль бусаар ашигласан бол.
44.2.Галт зэвсэг өмчлөгч иргэн нас барсан, эсхүл хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хураах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
44.3.Иргэн галт зэвсэг олсон бол түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгнө.
44.4.Энэ хуулийн 44.1.-д заасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тухайн этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
44.5.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх, мэдээллийн сан үүсгэх, ашиглах, судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт, холбогдох мэдээ, тайлан гаргах, сангийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.
45 дугаар зүйл.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хүлээн авах, хадгалах
45.1.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн төв байгууллагын харьяа зөвшөөрөл, үйлчилгээ хариуцсан нэгжид хураан авсан тэмдэглэл, бусад шаардлагатай бичиг баримтын хамт улирал тутамд хүргүүлнэ.
45.2.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хүлээн авахдаа хураагдсан шалтгаан, төрөл, загвар, гол төмөр эсхүл сангийн ангийн дугаар, замгийн дугаар, үйлдвэрлэсэн он, бусад шинж байдлыг хураан авсан тэмдэглэлтэй тулган хүлээн авч, хураагдсан галт зэвсгийн бүртгэлд бүртгэнэ.
45.3.Хүлээн авсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.
46 дугаар зүйл.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх
46.1.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг үзлэг шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах, тэдгээрийг устгах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх ажлыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.
46.2.Энэ хуулийн 46.1-д заасан ажлын хэсэгт цагдаагийн төв байгууллагын төрөл мэргэжлийн албадаас эрх зүйн болон галт зэвсгийн чиглэлээр мэргэшсэн алба хаагчдыг томилох бөгөөд шүүх шинжилгээний байгууллагын галт зэвсгийн шинжээч, мэргэжилтнийг Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, томилон ажиллуулна.
46.3.Энэ хуулийн 46.2-т заасан галт зэвсгийн шинжээч, мэргэжилтнийг томилон ажиллуулахад Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үйлчилгээний хөлс, шинжилгээ хийх зардал тооцож авахгүй.
46.4.Энэ хуулийн 46.1-д заасан ажлын хэсэг галт зэвсгийн шинжээч, мэргэжилтний дүгнэлт, холбогдох бусад баримтыг үндэслэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх тухай шийдвэр гаргана.
46.5.Дараах тохиолдолд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгана:
46.5.1.үйлдвэрийн үндсэн хийц, зориулалтыг өөрчилсөн;
46.5.2.цаашид ашиглах техникийн боломжгүй болсон;
46.5.3.аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдаагүй;
46.5.4.гэмт хэрэг санаатай үйлдэхэд ашигласан;
46.5.5.устгах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.
46.6.Дараах тохиолдолд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид буцаан олгоно:
46.6.1.зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээд зөрчлөө арилгасан;
46.6.2.өмчлөгчид буцаан олгох тухай эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.
46.7.Дараах тохиолдолд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг холбогдох иргэн, хуулийн этгээдэд шилжүүлнэ:
46.7.1.эрэн сурвалжлагдаж байгаад олдсон;
46.7.2.цэргийн зориулалттай галт зэвсгийн жагсаалтад бүртгэгдсэн.
46.7.3.үзмэр цуглуулгын зориулалттай галт зэвсгийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд холбогдох хууль сахиулах байгууллагад эзэмшүүлэхээр шилжүүлнэ.
46.8.Хураагдсан галт зэвсэг, сумыг сургалт, шинжилгээ, судалгаанд зориулан шүүхийн шинжилгээний болон хууль сахиулах алба хаагчийг бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлнэ.
46.9.Энэ хуулийн 46.1-д заасан ажлын хэсэг нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэсэн тухай тайланг цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулна.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
47 дугаар зүйл.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл авч явах, тээвэрлэхэд тавих шаардлага
47.1.Иргэн улс, хот хооронд, орон нутагт агаарын хөлөг, хөлөг онгоц, галт тэрэг, бусад нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо галт зэвсэг авч явах бол галт зэвсгийг тухайн тээврийн хэрэгслийн дарга, эсхүл жолоочид хадгалуулна.
47.2.Энэ хуулийн 47.1-д заасан тээврийн хэрэгслийн дарга, жолооч нь галт зэвсгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.
47.3.Хот, суурин газарт, эсхүл нийтийн тээврийн хэрэгслээр галт зэвсгийг авч явахдаа гох, эсхүл замгийг цоожилж, сумыг тусад нь байлгаж, зориулалтын сав /хайрцаг/-нд хийн аюулгүй байдлыг ханган, галт зэвсгийн гэрчилгээний хамт авч явна.
48 дугаар зүйл.Галт зэвсгийн тооллого
48.1.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг жил бүр цагдаагийн байгууллага улсын хэмжээнд зохион байгуулна.
48.2.Галт зэвсгийн тооллого явуулах ажлыг Цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулна.
48.3.Энэ хуулийн 48.2-т заасан ажлын хэсэг нь галт зэвсгийн тооллого явуулах удирдамж, төлөвлөгөө гарган холбогдох алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчийг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллана.
48.4.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого явуулах ажлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчилна.
48.5.Энэ хуулийн 48.2-т заасан ажлын хэсэг галт зэвсгийн тооллогыг зохион байгуулахдаа бусад байгууллагатай хамтран ажиллаж, тооллого, бүртгэлийг зохион байгуулах ажилд бүх шатны Засаг дарга дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
48.6.Иргэн, хуулийн этгээд тооллого зохион байгуулагдах хугацаанд өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийн болон иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хамт галт зэвсгийг биет болон цахим /бодит нөхцөл байдлын 3 хэмжээст зурган файл/ байдлаар бүртгэл хийлгэж болно.
49 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
49.1.Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавина.
49.2.Цагдаа байгууллага нь галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны марк, ангилал, хүчин чадал, ашиглах хугацаа, стандартын чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлохдоо мэргэжлийн байгууллагын туслалцааг авна.
50 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
51 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт
51.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан галт зэвсгийн зориулалт энэ хуульд заасны дагуу өөрчлөгдсөн бол тухайн галт зэвсгийг энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.
51.2.Энэ хуулийн 51.1-д заасныг дараах журмаар хэрэгжүүлнэ:
51.2.1.хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа харуул хамгаалалтын зориулалттай энэ хуулийн 3.1.14-т заасан шаардлага хангаагүй галт зэвсгийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн энэ хуулийн 10.1-д заасан спорт-сургалтын холбоо, мөн иргэнд холбогдох журмын дагуу шилжүүлж, энэ хуульд заасан зориулалтаар шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн бүртгүүлнэ.
51.3.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлээгүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуулийн 51.2.1-д заасан хугацаанд нөхөн бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.
51.4.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгүүлээгүй, хэлбэр хийцийг өөрчилсөн, эх сурвалж тодорхойгүй, бичиг баримтгүй зэрэг галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ хуулийн 51.2.1-д заасан хугацаанд нөхөн бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй.
Тайлбар: Энэ хуулийн 51.3-т заасан галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нөхөн бүртгүүлэхэд галт зэвсгийн албан татварыг нөхөн төлөх, эх үүсвэр тодорхой бус байх талаар тайлбар шаардахгүй. Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
51.5.Энэ хуулийн 51.2.1-д заасан үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг цагдаагийн байгууллага зохих журмын дагуу хураан авна.
51.6.Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум ашиглан харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор зөвшөөрлөө нөхөн авна.
51.7.Харуул хамгаалалтын зорилгоор өөрөө цэнэглэгдэх галт зэвсгийг худалдан авч, эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол бүртгэлд спорт-сургалтын зориулалтаар гэж бүртгүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Нүүр
Санал өгөх