A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-06-05 22:12:04
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 79
ӨГӨГДЛИЙН ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-06-20

Танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2026 оны ... сарын ... өдөр   Төрийн ордон,   Улаанбаатар хот

ӨГӨГДЛИЙН ТУХАЙ

/Анхдагч хууль/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь өгөгдлийн дэд бүтэц, эрх зүйн үндэс болон өгөгдлийн засаглалыг бүрдүүлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, халдашгүй байдлыг хангах замаар өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад оршино.

2 дугаар зүйл.Өгөгдлийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Өгөгдлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль өгөгдлийн амьдралын мөчлөгт суурилсан харилцааг зохицуулахаас гадна Монгол Улсын нутаг дэвсгэрт дата төвийн үйл ажиллагаа эрхлэх харилцаанд үйлчилнэ.

Тайлбар:"өгөгдлийн амьдралын мөчлөг" гэдэгт өгөгдлийг үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, хадгалах, солилцох, дамжуулах, ашиглах, дахин ашиглах, нөөцлөх, устгах харилцаа хамаарна.

3.2.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.2.1.хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээллийг ил болгохтой холбоотой харилцаа;

3.2.2.үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, тагнуулын ажиллагаанд хамаарах тусгай хуулиар зохицуулагдах өгөгдөлтэй холбоотой харилцаа;

3.2.3.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гүйцэтгэх ажилтай холбоотой харилцаа.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."өгөгдөл" гэж үйл явдал, баримтыг илэрхийлсэн тодорхой бүтэцтэй бичвэр, тэмдэгт, тоо, дүрс, дуу авиа бүхий тоон утгын цуглуулгыг;

4.1.2."өгөгдлийн бүтээгдэхүүн" гэж өгөгдлийг боловсруулах, нэгтгэх, ангилах, дүн шинжилгээ хийх болон бусад аргаар бий болсон, тодорхой хэрэглээ, үнэ цэн бүхий, цахим орчинд ашиглах, солилцох, түгээх, дахин ашиглах боломжтой албажуулсан өгөгдлийн бүрдлийг;

4.1.3."өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн" гэж тодорхой хэрэгцээг хангахад зориулж боловсруулсан, багцалсан, стандартын дагуу бэлтгэж, хэрэглээнд шууд ашиглах боломжтой, тодорхой үнэ цэн бий болгосон мэдээллийг;

4.1.4."анхдагч өгөгдөл" гэж эх сурвалж хэлбэрээр цуглуулсан өгөгдлийг;

4.1.5."агрегат өгөгдөл" хүн, хуулийн этгээдийн мэдээллийг бүлэг, салбар, нутаг дэвсгэр, хугацааны түвшинд нэгтгэн илэрхийлсэн мэдээллийг;

4.1.6."мета өгөгдөл" гэж өгөгдлийн эх сурвалж, бүтэц, агуулгын тайлбар, үүсгэсэн болон өөрчлөлт, шинэчлэлтийн огноо, гарал үүслийн бүртгэл, өгөгдлийн эзэмшигч, ашиглалтын нөхцөл зэргийг тодорхойлсон тайлбар мэдээллийг;

4.1.7."нээлттэй өгөгдөл" гэж ялгаварлалгүй, машин унших боломжтой хэлбэрээр түгээгдсэн нийтийн мэдээллийг;

4.1.8."түүхий өгөгдөл" гэж боловсруулаагүй, бүтэцжүүлээгүй, чанаржуулаагүй өгөгдлийг;

4.1.9."үйлдвэрлэлийн өгөгдөл" гэж үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, юмсын интернэт төхөөрөмж, технологийн процесс, логистик, үйл ажиллагаанаас үүссэн өгөгдлийг;

4.1.10."хувийн бус өгөгдөл" гэж хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл дахин тодорхойлох боломжгүй болгосон мэдээллийг;

4.1.11."хүнийг тодорхойлох боломжгүй болгосон өгөгдөл" гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.13-т заасныг;

4.1.12."өгөгдлийн дэд бүтэц" гэж мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, цахим үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий техник, программ хангамж, мэдээллийн сүлжээ, мэдээллийн системийг цогцыг;

4.1.13."өгөгдлийн сан" гэж мета-өгөгдөл, хандалтын хязгаарлалт, солилцох болон дахин ашиглах боломжийг хамарсан цогц өгөгдлийг;

4.1.14."өгөгдлийн каталог" гэж өгөгдлийн бүрдэл бүрийн мета өгөгдөл, эх сурвалж, эзэмшигч, хариуцагч, ангилал, чанарын үзүүлэлт, гарал үүслийн бүртгэл, ашиглах нөхцөл, хандалтын эрх, API холболтын мэдээллийг нэгтгэн хадгалах, хайлт хийх боломж бүхий мэдээллийн системийг;

4.1.15."өгөгдөл эзэмшигч" гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан этгээдийг;

4.1.16."өгөгдлийн кастодиан" гэж өгөгдлийг хадгалах, нөөцлөх, боловсруулах, дамжуулах физик болон виртуал дэд бүтцийг хариуцах, уг дэд бүтцийн аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах үүрэг бүхий этгээдийг;

4.1.17."өгөгдөл хариуцагч (зохицуулагч)" өгөгдлийн тодорхойлолт, чанар, мета өгөгдөл, ангилал, ашиглах нөхцөл, өгөгдлийн амьдралын мөчлөгийн өдөр тутмын хэрэгжилтийг хариуцагчийг;

4.1.18."өгөгдөл боловсруулагч" гэж өгөгдөлд дүн шинжилгээ хийх, системчилсэн хэлбэрт оруулах эрх бүхий этгээдийг;

4.1.19."өгөгдөл нийлүүлэгч" гэж өгөгдлийг өгөгдлийн хэрэглэгч, өгөгдлийн дэд бүтцэд нийлүүлж байгаа этгээдийг;

4.1.20."өгөгдөл зуучлагч" хүн, хуулийн этгээдээс өгөгдлийг өгөгдөл хэрэглэгчид хүргэх шаардлага хангасан этгээдийг;

4.1.21."өгөгдөл зуучлалын үйлчилгээ" гэж өгөгдөл эзэмшигч болон өгөгдөл ашиглагч талуудын хооронд хууль зүйн болон техникийн харилцан хамаарал тогтоох замаар өгөгдлийг хамтран ашиглах, солилцох, нэгтгэх боломжийг олгож байгаа, өгөгдөл ашиглагчаас хараат бус дижитал платформ болон техникийн дэд бүтцийн үйлчилгээг;

4.1.22."өгөгдөл хэрэглэгч" гэж хуульд заасан үндэслэл, нөхцөлийн дагуу өгөгдлийг ашиглаж байгаа этгээдийг;

4.1.23."дата төвийн үйлчилгээ үзүүлэгч" гэж өгөгдлийг хадгалах, нөөцлөх, боловсруулах, дамжуулах зориулалттай физик болон виртуал дэд бүтэц үзүүлэгч хүн, хуулийн этгээдийг.

5 дугаар зүйл.Өгөгдлийн харилцаанд баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Өгөгдлийн харилцаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.өгөгдөл нь анхдагч, хууль ёсны эх сурвалжид тулгуурласан байх;

5.1.2.үнэн зөв, бүрэн бүтэн, чанартай байх;

5.1.3.тодорхой зорилготой байх;

5.1.4.хэмжигдэхүйц байх;

5.1.5.хуульд өөрөөр зааснаас бусад өгөгдөл нээлттэй, хүртээмжтэй байх;

5.1.6.хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, хувийн нууцыг хамгаалсан байх;

5.1.7.өгөгдлийн нууцлал, кибер аюулгүй байдлыг хангасан байх;

5.1.8.өгөгдлийн дэд бүтэц нь найдвартай, тасралтгүй ажиллагаатай байх.

5.2.Дата төвийн үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, хүний эрх, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй байх зарчмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЭЦ, ӨГӨГДЛИЙН САН

6 дугаар зүйл.Төрийн их өгөгдлийн дэд бүтэц

Хэвлэх

6.1.Монгол Улс төрийн их өгөгдлийн дэд бүтэцтэй байна.

6.2.Төрийн их өгөгдлийн дэд бүтэц нь хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хооронд өгөгдлийг аюулгүй, найдвартай, харилцан уялдаатай солилцох, ашиглах, дахин ашиглуулах нөхцөлийг бүрдүүлсэн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний нэгдэл байна.

6.3.Төрийн их өгөгдлийн дэд бүтэц нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.1-д заасан нийтийн мэдээллийн дэд бүтцэд хамаарна.

6.4.Энэ хуулийн 6.2-т заасан мэдээллийн систем нь төрийн их өгөгдөл, түүнийг хадгалах, боловсруулах системээс бүрдэнэ.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан системийн үйл ажиллагаа дараах хэсгүүдтэй:

6.5.1.кибер аюулгүй байдлыг хангах, хандалтын хяналт, шифрлэлт болон тасралтгүй ажиллагааг зохицуулах систем;

6.5.2.өгөгдөл ашиглалт, хандалт, дамжуулалтын үйл ажиллагааны бүртгэл (лог, аудит лог);

6.5.3.өгөгдлийн нэгдсэн каталог болон мета өгөгдлийн бүртгэлийн систем;

6.5.4.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 26.1-д заасан төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ болон шаардлага хангасан бусад сүлжээ.

6.6.Төрийн их өгөгдлийн дэд бүтцэд холбогдох техникийн нөхцөл, шаардлагыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7 дугаар зүйл.Төрийн их өгөгдөл

Хэвлэх

7.1.Монгол Улсын төрийн их өгөгдөл нь (цаашид "Төрийн их өгөгдөл" гэх) Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан нийтийн мэдээллийн сан дахь өгөгдөл болон бусад өгөгдөл байна.

7.2.Төрийн их өгөгдлийн системд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1-т заасан мэдээллийн сангаас өгөгдөл нийлүүлэх бөгөөд хувийн өмчийн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хүн сайн дурын үндсэн дээр өгөгдөл нийлүүлж болно.

7.3.Төрийн их өгөгдлийн системд өгөгдлийг мета өгөгдлийн нэгдсэн каталог, мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код, стандартын дагуу нийлүүлнэ.

7.4.Төрийн их өгөгдлийн системд өгөгдөл цуглуулах, солилцоход өгөгдөл солилцооны дундын системтэй холбогдож, ашиглана.

Тайлбар:"өгөгдөл солилцооны дундын систем" гэж энэ хуулийн 7.2-т заасан архитектурт суурилсан, төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн систем хооронд их хэмжээний өгөгдөл, мета өгөгдлийг багцлан дамжуулах, солилцох, удирдах зориулалт бүхий технологийн нэгдсэн платформыг;

7.5.Төрийн их өгөгдлийг ашиглах зориулалтаас нь шалтгаалж дараах байдлаар ангилж, дамжуулна:

7.5.1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нээлттэй, хязгаарлалттай мэдээлэл;

7.5.2.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хүний хувийн болон эмзэг мэдээлэл;

7.5.3.Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууц мэдээлэл;

7.5.4.хуулиар хамгаалагдсан байгууллагын нууцад хамаарах мэдээлэл;

7.5.5.стратегийн ач холбогдол бүхий өгөгдөл;

7.5.6.эрдэм шинжилгээ, судалгаа, статистик болон бодлогын шинжилгээний зориулалттай өгөгдөл.

7.6.Энэ зүйлийн 5-д заасан ангиллын өгөгдлийг машин унших, хэрэглээний програмчлалын интерфейс (API) ашиглан солилцох техникийн нөхцөлийг хангасан байна.

7.7.Төрийн их өгөгдлийн систем нь мета өгөгдлийн нэгдсэн каталог, хяналттай хэрэглээний програмчлалын интерфейс (API), эрхийн удирдлага болон аудитын бүртгэлд суурилсан төвлөрсөн, тархмал архитектурын, эсхүл тэдгээрийн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж, хэрэгжинэ.

7.8.Төрийн их өгөгдлийн сангийн архитектурын хослолыг тодорхойлох, санг бүрдүүлэх, түүнд өгөгдөл нийлүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглах болон өгөгдлийн ангиллаас хамаарч эрх олгох журмыг Засгийн газар батална.

8 дугаар зүйл.Их өгөгдлийн сан болон өгөгдлийн сан үүсгэх, түүнд тавигдах шаардлага

Хэвлэх

8.1.Хүн, хуулийн этгээд хуульд заасан чиг үүрэг, гэрээ, тусгай зөвшөөрөл, мэдээллийн эзний зөвшөөрөл, нийтийн ашиг сонирхол, эсхүл хууль ёсны бусад үндэслэлийн хүрээнд их өгөгдлийн сан болон өгөгдлийн сан (цаашид "өгөгдлийн сан" гэх)-г үүсгэж, ашиглах эрхтэй бөгөөд энэ хуулийн 7.4-т заасан нэгдсэн ангилал, код, стандартыг мөрдөж болно.

8.2.Өгөгдлийн санд хадгалагдах өгөгдөл нь нэр, зориулалт, хариуцагч, эх сурвалж, ангилал, ашиглах нөхцөл, шинэчлэх давтамж, хадгалах хугацаа, чанарын үзүүлэлт болон хандалтын нөхцөл бүхий мета өгөгдлийн бүртгэлтэй байна.

8.3.Өгөгдлийн сан дараах шаардлагыг хангана:

8.3.1.өгөгдлийн мөр бүрийг дахин давтагдашгүй байдлаар ялган таних, бусад нээлттэй өгөгдөлтэй холбох, уялдуулан ашиглах боломжтой түлхүүр талбартай байх;

8.3.2.энэ заалтын 1-т заасан түлхүүр, талбарыг өөрчлөхгүйгээр урт хугацаанд тогтвортой хэрэглэх;

8.3.3.бусад эх сурвалж бүхий өгөгдөлтэй шууд харилцан хамааралтай ажиллах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.

8.4.Үндэсний аюулгүй байдал, төрийн нууцад хамаарахаас бусад өгөгдлийн санг өгөгдлийн ангилал, кибер аюулгүй байдлын эрсдэлийн болон мэдээллийн аюулгүй байдлын аудитын үнэлгээнд үндэслэн дотоод болон гадаадын дата төвд байршуулж болно.

8.5.Төрийн байгууллага нь хувийн өмчийн хуулийн этгээдтэй хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27.1-т зааснаас бусад өгөгдлийг ашиглан дундын өгөгдлийн сан үүсгэж болно.

8.6.Өгөгдөл эзэмшигч нь мета өгөгдлийг үнэн зөв, бүрэн, тухай бүр шинэчлэн хөтлөх үүрэгтэй.

8.7.Төрийн байгууллага нь харилцан ажиллагааг хангах зорилгоор өгөгдлийн каталог болон мета өгөгдлийг нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тухай бүр шинэчилнэ.

8.8.Өгөгдлийн каталог болон мета өгөгдлийн бүртгэл нь өгөгдлийг илрүүлэх, ашиглах, солилцох, дахин ашиглах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ нь тухайн өгөгдөлд шууд хандах эрхийг үүсгэх үндэслэл болохгүй.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДЛИЙН АМЬДРАЛЫН МӨЧЛӨГ

9 дүгээр зүйл.Өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах

Хэвлэх

9.1.Өгөгдлийг хууль ёсны эх сурвалжаас, мэдээллийн эзний эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйгээр үүсгэж, цуглуулах ба хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

9.2.Өгөгдөл үүсгэх, цуглуулахад дараах шаардлагыг хангасан байна:

9.2.1.зорилго, үндэслэлийг баталгаажуулсан байх; /Legal Basis Documentation/

9.2.2.зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний өгөгдлийг цуглуулах; /Data Minimisation/

9.2.3.давхардсан эх сурвалжаас цуглуулахад дахин давтагдашгүй түлхүүр ашиглах; /Unique Identifier / UID/

9.2.4.өгөгдлийг цуглуулахад бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг шалгах. /Quality at Source/

9.3.Өгөгдөл хариуцагч нь цуглуулсан өгөгдлийг энэ хуулийн 7.4-т заасан нэгдсэн ангилал, кодын дагуу ангилна.

9.4.Өгөгдлийг эдийн засаг, бизнес, инновац, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг дэмжих, мэдээллийн хүртээмж, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгох, шифрлэх, нэгтгэх, эсхүл нууцлалыг хамгаалах бусад арга хэрэглэн боловсруулж, хуваалцаж, дахин ашиглаж болно.

9.5.Өгөгдлийг үүсгэсэн тухай бүрд дараах ангиллын дагуу хамгаалалтын зэрэгт үнэлж, тэмдэглэнэ: /Data Classification Tier/

9.5.1.нийтэд чөлөөтэй нийтлэгдэх, ашиглагдах нээлттэй өгөгдөл; /Open Data/

9.5.2.хуульд заасан нөхцөлд зөвшөөрөлтэй хандах хязгаарлалттай өгөгдөл; /Restricted Access Data/

9.5.3.хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээлэл, байгууллагын нууц агуулсан нууцлалтай өгөгдөл; /PII / Sensitive Personal Data / Trade Secret/

9.5.4.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой стратегийн өгөгдөл. /Strategic Data/

9.6.Өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан мэдээллийн ангиллыг баримтлах бөгөөд дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

9.6.1.боловсруулалтын зорилго нь анх тогтоосон зорилготой нийцсэн байх ба өгөгдлийн эх сурвалж, боловсруулалтын талаарх мэдээллийг баримтжуулсан байх;

9.6.2.хүний хувийн мэдээллийг боловсруулахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 16.1-д заасан мэдээллийн эзний эрхийг хангах;

9.6.3.өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтлэх, өгөгдлийн бүтээгдэхүүн болгох, судалгаа шинжилгээ, хиймэл оюуны систем болон өгөгдөлд дүн шинжилгээ хийхийн өмнө хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлох эрсдэлийн үнэлгээг хийсэн байх;

9.6.4.хязгаарлалттай болон хуулиар тусгайлан хамгаалсан бусад өгөгдлийг үндэсний өгөгдлийн дэд бүтцээр дамжуулан ашиглахад хуульд заасан үндэслэл, мэдээллийн эзний зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээ, техникийн болон зохион байгуулалтын аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх;

9.6.5.хаалттай болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тусгай хамгаалалттай дэд бүтцээр дамжуулан боловсруулах.              

9.7.Хүн, хуулийн этгээдийн өгөгдлийг зөвхөн автоматжуулсан систем, хиймэл оюун ухаан ашиглан боловсруулж, тухайн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдал, нэр хүнд, санхүүгийн чадамжид нөлөөлөхүйц шийдвэр гаргах, профайл үүсгэхийг хориглох бөгөөд автоматжуулсан боловсруулалтын үр дүнд хяналт тавих хүний оролцоог хангасан байна.

9.8.Өгөгдөл хариуцагч нь өгөгдөл боловсруулах үйл ажиллагааны аргачлал, логик дараалал, хандалтын түүх болон аюулгүй байдлын бүртгэлийг устгах, өөрчлөх боломжгүйгээр цахим хэлбэрээр хөтлөх ба уг бүртгэлд дараах мэдээллийг агуулна:

9.8.1.эх сурвалжийн тодорхойлогч, системийн нэр, огноо; /Source Identifier/

9.8.2.хийгдсэн хувиргалт бүрийн нэр, хийсэн огноо, хариуцагч этгээд; /Data Transformation Log/

9.8.3.хандалт, ашиглалт, дамжуулалт, устгалт бүрийн огноо, субъект, зорилго;

9.8.4.өгөгдөл нийлүүлэгч, ашиглагч этгээд, солилцсон өгөгдлийн ангилал, зорилго, үндэслэл, огноо, ашигласан систем, программ хангамжийн интерфейс болон хандалтын түүх. /API / Audit Log/

9.9.Өгөгдөл хариуцагч өөрийн боловсруулсан өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангаж, түүнийг тогтмол шинэчилнэ.

10 дугаар зүйл.Өгөгдөл ашиглах, нийтлэх

Хэвлэх

10.1.Өгөгдлийг хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлох боломжгүй болгох шифрлэх, эсхүл нууцлалыг хангах бусад хэлбэрээр боловсруулж, төрийн их өгөгдлийн дэд бүтцээр дамжуулан ашиглана.

10.2.Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ технологи, инновацыг турших зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 4.1.6-д заасан зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг ашиглаж болно.

10.3.Өгөгдөл, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүнийг хууль тогтоомж болон лицензийн гэрээнд заасны дагуу төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр ашиглуулна.

10.4.Өгөгдөл, өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн ашиглах тусгай нөхцөл (цаашид "лиценз" гэх)-ийг дараах төрлөөр ангилна:

10.4.1.нээлттэй лиценз: нийтэд үнэ төлбөргүй, ялгаварлалгүй, чөлөөтэй ашиглуулах;

10.4.2.судалгааны лиценз: их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, инновацын төслийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах;

10.4.3.хязгаарлагдмал лиценз: тогтоосон зорилго, цар хүрээний хүрээнд ашиглуулах;

10.4.4.арилжааны лиценз: арилжаа, бизнесийн зорилгоор гэрээний нөхцөлөөр ашиглуулах;

10.4.5.нийтийн ашиг сонирхлын лиценз: нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулах.

10.5.Өгөгдөл, өгөгдлийн бүтээгдэхүүн ашиглах лицензийн гэрээний жишиг загварыг санхүү, төсвийн болон цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

10.6.Өгөгдлийг анх бүрдүүлсэн зорилго, эсхүл лицензийн гэрээнд заасан зорилго, цар хүрээний хүрээнд ашиглах бөгөөд анх авсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулан ашиглуулахад нэмэлт зөвшөөрөл, лиценз авна.

10.7.Төрийн их өгөгдлийн сангаас өгөгдөл ашиглуулахад хүн, хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, зах зээлд өрсөлдөөнийг хязгаарлах, монопол орчин үүсгэхийг хориглох бөгөөд адил нөхцөл бүхий лицензийг ижил шаардлага хангасан этгээдэд ялгаварлалгүй олгоно.

10.8.Тодорхойлох боломжгүй болгосон (анонимжуулсан) өгөгдлийг бусад өгөгдөлтэй нэгтгэх, холбоос үүсгэх, эсхүл дүгнэлт гаргах (inference) замаар хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлсон тохиолдолд тухайн өгөгдлийг хувийн болон байгууллагын нууцад хамаарах мэдээлэлтэй адил нөхцөлөөр хамгаална.

10.9.Хиймэл оюун, машин сургалт, автомат шийдвэр гаргах системд өгөгдлийг ашиглахад дараах шаардлагыг хангасан байна:

10.9.1.хууль ёсны эх сурвалжтай байх;

10.9.2.өгөгдлийн ангилал, зөвшөөрөл, лицензийн нөхцөлийг хангасан байх;

10.9.3.хүний хувийн мэдээлэл, төр, албаны нууц, стратегийн ач холбогдол бүхий өгөгдөл агуулсан бол тусгаарласан тооцооллын орчинд боловсруулж ашиглах;

10.9.4.сургалтын өгөгдөл, системийн гаралт, үйл ажиллагааны бүртгэл (лог), өгөгдсөн заавар (prompt) болон дүгнэлтийн түүх (inference history)-ийг аюулгүй хадгалах, хамгаалах;

10.9.5.хүнийг дахин тодорхойлох, нууц мэдээллийг сэргээх, зөвшөөрөлгүй зан төлөвийн тодорхойлолт (profiling) хийхээс сэргийлэх техникийн шийдлийг нэвтрүүлсэн байх;

10.9.6.өгөгдлийг ашиглах явцад тухайн өгөгдөлд хамаарах оюуны өмчийн эрх, бизнесийн нууцыг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх;

10.10.Энэ зүйлийн 9-д заасны дагуу өгөгдлийг ашиглан автоматжуулсан системээр гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг тухайн системийг эзэмшигч, ашиглагч хууль тогтоомжид заасны дагуу хариуцна.

10.11.Хуульд нийтэд нийтлэхийг заасан болон нээлттэй лицензтэй өгөгдлийг машинаар уншигдах, ялгаварлалгүй, үнэ төлбөргүй хэлбэрээр өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтэлнэ. /Machine-Readable Open Data/

10.12.Нийтлэгдэх өгөгдөл дараах шаардлагыг хангасан байна:

10.12.1.мандат мета өгөгдлийн бүрдэл хангагдсан байх;

10.12.2.нийтлэхийн өмнө дахин тодорхойлох эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байх; /Re-identification Risk Assessment/

10.12.3.хуульд тусгайлан хамгаалсан мэдээлэл арилгасан буюу анонимжуулсан байх;

10.12.4.чанарын үнэлгээ хийгдэж, чанарын баримт мета өгөгдөлд тусгагдсан байх.

10.13.Нийтэлсэн өгөгдлийг хандахад хялбар байх, хуулах, эрэмбэлэх, хайлт хийх боломжтой байх, ашиглах нөхцөлийг тодорхойлсон байна.

10.14.Нээлттэй өгөгдлийн жагсаалт, нээлттэй өгөгдлийгнийтлэх хугацааг Засгийн газар тогтооно.

10.15.Дараах тохиолдолд нээлттэй өгөгдлийг нийтлэхийг хориглоно:

10.15.1.тухайн нээлттэй өгөгдлөөр дамжуулан төрийн болон албаны нууц, хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой бол;

10.15.2.тухайн нээлттэй өгөгдөл нь оюуны өмчийн эрхийг зөрчихөөр бол;

10.15.3.тухайн нээлттэй өгөгдлийг нийтэлснээр хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр бол;

10.15.4.хуульд заасан бусад.

10.16.Нээлттэй өгөгдөл нь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар ирүүлсэн гомдлыг өгөгдөл хариуцагч ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэнэ.

10.17.Энэ хуулийн 10.16-д заасан үндэслэлээр гомдол ирүүлсэн тохиолдолд тухайн өгөгдөлд хандах хандалтыг гомдол шийдвэрлэх хүртэл хугацаанд түр зогсооно.

10.18.Энэ зүйлийн 10.17-д заасан гомдлыг хянан шийдвэрлэсэн мэдээлэл хариуцагчийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

11 дүгээр зүйл.Өгөгдөл солилцох, дамжуулах

Хэвлэх

11.1.Өгөгдөл солилцох болон дамжуулах үйл ажиллагаанд өгөгдлийн дэд бүтцийг ашиглах бөгөөд өгөгдлийг дамжуулах суваг, сүлжээний аюулгүй байдал, шифрлэлтийн техникийн нөхцөлийг хангасан байна. Хувийн өмчийн хуулийн этгээд өөрийн дэд бүтцийг ашиглаж болно.

11.2.Өгөгдөл солилцох үйл ажиллагаанд өгөгдөл нийлүүлэгч, ашиглагч этгээд, солилцсон өгөгдлийн ангилал, зорилго, үндэслэл, огноо, ашигласан систем, хэрэглээний програмчлалын интерфейс (API) болон хандалтын түүх бүхий үйл ажиллагааны бүртгэл (лог)-ийг энэ хуулийн 6.5.2-д заасан аудитын системд бүртгэнэ.

11.3.Төрийн байгууллагаас өгөгдөл солилцох, эсхүл өгөгдлийн дэд бүтцийг ашиглан өгөгдөл дамжуулахад давуу байдал үүсгэхгүй байх, систем хоорондын харилцан ажиллагааг хангах зорилгоор өгөгдлийг нээлттэй, дундын формат, стандартын дагуу солилцоно.

11.4.Өгөгдөл солилцооны явцад өгөгдөл алдаатай, эсхүл бүрэн бус болох нь илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээг авна:

11.4.1.өгөгдөл ашиглагч нь өгөгдөл нийлүүлэгчид алдааны талаар даруй мэдэгдэж, засах, эсхүл шинэчлэхийг шаардах;

11.4.2.өгөгдөл нийлүүлэгч нь алдааг эх сурвалжид буцаан баталгаажуулах шаардлагатай бол тухай бүр шийдвэрлэж, үр дүнг өгөгдөл ашиглагчид мэдэгдэх;

11.4.3.алдаа засагдах хүртэл тухайн өгөгдлийн ашиглалтыг зогсоох эсэхийг өгөгдөл хариуцагч шийдвэрлэх.

11.5.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах өгөгдлийг стратегийн ач холбогдол бүхий өгөгдөл (цаашид "стратегийн өгөгдөл" гэх)-д хамааруулна:

11.5.1.үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбартай холбоотой өгөгдөл;

11.5.2.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.12-т заасан онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өгөгдөл;

11.5.3.эрчим хүч, тээвэр, санхүү, уул уурхай, эрүүл мэндийн салбарын онц чухал системийн өгөгдөл;

11.5.4.кибер халдлагын дохио, осол, заналхийллийн талаарх мэдээлэл агуулсан өгөгдөл.

11.6.Стратегийн өгөгдлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулах бөгөөд уг өгөгдлийг хил дамнуулан дамжуулахад тагнуулын байгууллага болон кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна.

11.7.Хүний хувийн мэдээлэл агуулсан өгөгдлийг хил дамнуулан дамжуулахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжид заасан аюулгүй байдлын шаардлагыг бууруулахгүй.

11.8.Стратегийн бус боловч хүний хувийн мэдээлэл, хуулийн этгээдийн өгөгдлийг хил дамнуулан дамжуулах, ашиглах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр зохицуулах бөгөөд уг гэрээнд гадаад улсад байгаа өгөгдлийн ашиглалтын зорилгод хяналт тавих, шаардлагатай тохиолдолд өгөгдлийг буцаан татах, устгуулах эрх зүйн нөхцөлийг тусгасан байна.

12 дугаар зүйл.Өгөгдлийг хадгалах, архивлах, нөөцлөх, устгах

Хэвлэх

12.1.Өгөгдлийг анх цуглуулсан зорилгын дагуу хууль, журам, стандарт болон лицензийн гэрээнд заасан хугацаанд хадгалах бөгөөд хадгалах хугацаа дуусгавар болсон тохиолдолд энэ зүйлийн 3-т заасны дагуу устгана.

12.2.Өгөгдлийн идэвхтэй ашиглалт дуусгавар болсноор хадгалалтад шилжүүлж архивлах ажиллагааг хийнэ.

12.3.Өгөгдлийг алдагдахаас хамгаалах, кибер халдлага болон системийн доголдлын үед сэргээх боломжийг бүрдүүлэх, байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор өгөгдлийн эх хуулбарыг үүсгэж, нөөцөлнө.

12.4.Өгөгдлийг дараах тохиолдолд устгана:

12.4.1.хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан, боловсруулсан, эсхүл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд мэдээллийн эзэн, эсхүл эрх бүхий байгууллага шаардсан;

12.4.2.хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, эсхүл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өгөгдлийг устгахаар заасан;

12.4.3.өгөгдөл хадгалах хугацаа дуусгавар болсон;

12.4.4.хуульд заасан бусад үндэслэл үүссэн.

12.5.Энэ зүйлийн 4-т заасны дагуу өгөгдлийг устгахдаа түүнийг нөхөн сэргээх боломжгүй болгох техникийн нөхцөлийг хангасан байна.

12.6.Энэ зүйлийн 4-т заасан үндэслэлээр өгөгдлийг устгах үед тухайн өгөгдлийн нөөцөлсөн хуулбар (backup)-ыг үндсэн өгөгдөлтэй нэгэн зэрэг устгах ба техникийн шалтгаанаар шууд устгах боломжгүй бол нөөцөлсөн хуулбараас буцаан сэргээх, ашиглах боломжгүйгээр тусгаарлаж, хамгаалалтын горимд шилжүүлнэ.

12.7.Өгөгдөл хариуцагч нь өгөгдлийг устгасан үйл ажиллагааны огноо, үндэслэл, аргачлал болон устгасан этгээдийн мэдээлэл бүхий баримтжуулсан бүртгэл (лог)-ийг энэ хуулийн 6.5.2-д заасан аудитын системд бүртгэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ДАТА ТӨВ

13 дугаар зүйл.Дата төвийн үйлчилгээ эрхлэх, эрх зүйн баталгаа

Хэвлэх

13.1.Монгол Улсад болон гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт дата төвийн үйлчилгээ эрхэлж болно.

13.2.Дата төвийн үйлчилгээ эрхэлж байгаа этгээдэд дараах дэмжлэг үзүүлнэ:

13.2.1.цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилтын нэгдүгээр зэрэглэлд хамруулах;

13.2.2.олон улсын дата төвийн үйл ажиллагаанд ашиглуулах харилцаа холбооны сүлжээ байгуулах тусгай зөвшөөрлийг саадгүй олгох;

13.2.3.нам орбитын харилцаа холбооны хиймэл дагуулын сүлжээ ашиглан үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай радио давтамж ашиглах зөвшөөрлийг саадгүй олгох;

13.2.4.эрчим хүчний бие даасан эх үүсвэрийг бий болгоход тусгай зөвшөөрлийг саадгүй олгох;

13.2.5.бие даасан эх үүсвэрийг шийдвэрлэхэд шаардлагатай сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи, ус эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргээгдэх нөөц) болон нүүрс ашиглах зөвшөөрлийг саадгүй олгох;

13.2.6.дата төв байгуулахтай холбоотой техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаанд заасан хэмжээгээр эрчим хүчний үндсэн сүлжээнээс шаардлагатай эх үүсвэрээр хангах;

13.2.7.чөлөөт бүсээс бусад байршилд дата төвийн үйлчилгээ эрхэлж байгаа этгээд Чөлөөт бүсийн тухай хуульд заасан тусгай дэглэм, татвар, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх.

13.3.Олон улсын дата төвд байршуулсан гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүний өгөгдөл, мэдээлэл нь халдашгүй байх бөгөөд олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд тухайн өгөгдөлд эрх бүхий байгууллага шууд хандах, хяналт тогтоохыг хориглоно.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан хориглолт нь төрлөөр устгах, хүн төрөлхтний аюулгүй байдлын эсхүл хүүхдийн эсрэг гэмт хэрэг, террорист үйлдэлд тухайн өгөгдөл, мэдээллийн системийг ашигласан нь Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээнд заасны дагуу тогтоогдсон бол үйлчлэхгүй.

13.5.Энэ зүйлийн 13.3-т заасан өгөгдөлд хандах, мэдээлэл авах эсхүл эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг зөвхөн Монгол Улсын соёрхон баталсан Олон улсын гэрээ, хил дамнасан өгөгдлийн тусгай хэлэлцээрт заасан нөхцөл, журмын дагуу зохион байгуулна.

13.6.Олон улсын дата төвд хадгалагдаж байгаа өгөгдлийг гэрээний үндсэн дээр хадгалах, нөөцлөх, түүний бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах техникийн, зохион байгуулалтын хамгаалалтыг өгөгдөл эзэмшигч болон хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг бүхий этгээд хариуцна.

13.7.Хөрш улсын нутаг дэвсгэрээр дамжих транзит урсгалын халдашгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас хөрш орнуудтай тусгайлсан хэлэлцээрийг байгуулна.

13.8.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын дата төвийн сүлжээнд эрх бүхий байгууллагаас хяналт, хязгаарлалт хийхгүй байна.

13.9.Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын дата төвийн өгөгдөлд олон улсын эрх зүйн дагуу дипломат халдашгүй статус олгох харилцааг зохицуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг гуравдагч улстай байгуулж болно.

13.10.Дата төвийн дамжуулах сүлжээний аюулгүй, найдвартай байдлыг хангах, геополитикийн болон техникийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улс нь олон улсын интернэтийн гарцыг газар зүйн болон техникийн хувьд бие даасан, хоорондоо хамааралгүй гурваас доошгүй байхаар зохион байгуулна.

13.11.Дата төвийн үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай (газар, барилга, эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ) дэд бүтцийг бий болгохтой холбоотой бүх төрлийн хүсэлтийг нэг цонхны үйлчилгээгээр хүлээн авна. Хүсэлтэд дата төв байгуулахтай холбоотой техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хавсаргана.

13.12.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 321.1-д заасан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.10-т заасан хүсэлтиийг шийдвэрлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулна.

13.13.Монгол Улсад олон улсын дата төвийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан этгээдтэй харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах нөхцөлөөс харилцан тохиролцож гэрээ байгуулна.

13.13.1.харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх, ажлын байр бий болгох;

13.13.2.харилцаа холбоо, мэдээллийн технологийн өндөр бүтээмжтэй, нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологи, ноу-хау дамжуулах;

13.13.4.дата төвийн үйлчилгээний импорт, гадаад валют, татварын орлогыг нэмэгдүүлэх;

13.13.5.бүс нутгийн өгөгдлийн зангилаа төв, мэдээллийн аюулгүй байдлыг хангах найдвартай түнш болох орчныг бүрдүүлэх.

13.14.Энэ хуулийн 13.13-д заасан Монгол Улсад бий болгох эдийн засаг, технологи, хүний нөөцийн болон дэд бүтцийн үр өгөөжийн хэмжүүр, шалгуур үзүүлэлтийг Засгийн газар батална.

14 дүгээр зүйл.Ногоон технологи, эрчим хүчний үр ашигтай дата төвд тавигдах шаардлага, дэмжлэг

Хэвлэх

14.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдах дата төв нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлэх зарчим баримтлана.

14.2.Ногоон дата төвд тавигдах шаардлага, эрчим хүчний үр ашиг, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологи нэвтрүүлсэн эсэхийг дараах шалгуурыг харгалзан тогтооно:

14.2.1.эрчим хүчний ашиглалтын үр ашгийн стандарт үзүүлэлт (PUE)-ийг Засгийн газраас тогтоосон нормоос хэтрэхгүй байх;

14.2.2.цахилгаан эрчим хүчний хэрэглээний ….. хувийг нар, салхи, ус, газрын гүний дулаан болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангасан байх;

14.2.3.цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хуваарилалт, нөөцлөлтийн системийг өөр дээрээ иж бүрэн шийдэх эрчим хүч хадгалах (BESS) болон ухаалаг эрчим хүчний удирдлагын систем нэвтрүүлсэн байх;

14.2.4.хөргөлтийн эрчим хүчний хэрэглээг бууруулах байгаль орчинд ээлтэй эко-хөргөлт (free cooling), шингэн хөргөлт, эсхүл дулаан дахин ашиглах шийдлийг нэвтрүүлсэн байх;

14.2.5.эрчим хүчний үр ашгийн үндэсний болон олон улсын стандарт, техникийн зохицуулалтыг хангасан байх;

14.2.6.хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, тайлагнал болон түүнийг бууруулах, нөхөх төлөвлөгөөтэй байх.

14.3.Ногоон дата төв байгуулсан хуулийн этгээдэд холбогдох татварын болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлж болно:

14.3.1.дата төвийн зориулалтаар импортоор оруулж ирж буй дэвшилтэт тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;

14.3.2.эрчим хүчний үр ашгийн шаардлага хангасан хөргөлт, тасралтгүй тэжээлийн систем (UPS), эрчим хүч хадгалах систем (BESS), цахилгаан түгээх болон хяналтын системд түргэвчилсэн элэгдлийг 5 жилээр тооцох;

14.3.3.орон нутагт, эсхүл стратегийн ач холбогдол бүхий бүсэд байгуулсан ногоон дата төвд газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон дэд бүтцийн холболтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх.

14.4.Ногоон дата төвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор энэ зүйлийн 14.3-т заасан татварын хөнгөлөлтөөс гадна дараах хэлбэрийн зохицуулалтын болон дэд бүтцийн дэмжлэгийг үзүүлнэ:

14.4.1.дата төвийн дэргэдэх сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг тухайн дата төвийн өөрийн хэрэглээнд шууд тооцох (дүйцүүлэн хасах);

14.4.2.хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хугацаанд тухайн дата төвийн өөрийн үүсгэсэн сэргээгдэх эрчим хүчний илүүдэл урсгалыг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд давуу эрхтэйгээр худалдан авах нөхцөлөөр хангах.

14.5.Ногоон дата төвийг байгуулахад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүчний үр ашгийн үнэлгээг тус тус хийлгэсэн байна.

14.6.Энэ зүйлийн 14.3, 14.4-т заасан татварын болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийг тухайн дата төв нь сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, эрчим хүчний үр ашгийн талаарх дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу эдлүүлнэ.

14.7.Ногоон дата төвийн шаардлагыг үнэлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологийг баталгаажуулах, энэ хуулийн 14.6-д заасан хамтарсан дүгнэлтийг гаргах нөхцөл, журмыг байгаль орчин, уур амьсгалын болон эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

15 дугаар зүйл.Хил дамнасан өгөгдлийн урсгал, технологийн зохицуулалтын туршилтын орчин

Хэвлэх

15.1.Монгол Улсын төрийн байгууллагын өгөгдөл, мэдээллийг энэ хуулийн 15.2-т зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах дата төвд хадгалж, нөөцлөх ба холбогдох шаардлага, журмыг Засгийн газар батална.

15.2.Монгол Улсын Засгийн газраас өгөгдлийн аюулгүй, тасралтгүй байдлыг хангах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэр дэх дата төвд өгөгдөл байршуулах талаар олон улсын гэрээ, хэлэлцээрийг гуравдагч улстай байгуулж болно.

15.3.Өгөгдлийн дэд бүтцийн сүлжээний холболт, хил дамнасан өгөгдөл солилцох, дамжуулах шинэ технологийг хязгаарлагдмал хүрээнд бодитоор турших, нэвтрүүлэх зорилгоор зохицуулалтын туршилтын орчин (сэндбокс)-ыг бий болгоно.

15.4.Энэ зүйлийн 15.3-т заасан зохицуулалтын туршилтын орчныг ажиллуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДЛИЙН ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦОО

16 дугаар зүйл.Өгөгдлийн харилцаанд оролцогч, тэдгээрийн нийтлэг эрх, үүрэг

Хэвлэх

16.1.Өгөгдлийн харилцаанд дараах оролцогч байна:

16.1.1.өгөгдөл эзэмшигч;

16.1.2.өгөгдөл хариуцагч;

16.1.3.өгөгдөл боловсруулагч;

16.1.4.өгөгдөл нийлүүлэгч;

16.1.5.өгөгдөл зуучлагч;

16.1.6.өгөгдөл хэрэглэгч;

16.1.7.өгөгдлийн кастодиан;

16.1.8.эрх бүхий төрийн байгууллага.

16.2.Өгөгдлийн харилцаанд оролцогч этгээд дараах нийтлэг эрхтэй байна:

16.2.1.хууль тогтоомж болон лицензийн гэрээнд заасан нөхцөл, цар хүрээний дагуу өгөгдөл, өгөгдлийн бүтээгдэхүүнийг ашиглах, дамжуулах;

16.2.2.өгөгдөл солилцох дундын систем болон үндэсний өгөгдлийн дэд бүтцийг адил тэгш, ялгаварлалгүй ашиглах;

16.2.3.солилцсон, дамжуулсан өгөгдлийн үнэн зөв байдал, чанарын шаардлагыг хангахыг нөгөө талаас шаардах;

16.2.4.өгөгдөл зуучлалын үйлчилгээг сайн дурын болон гэрээний үндсэн дээр сонгон ашиглах.

16.3.Өгөгдлийн харилцаанд оролцогч этгээд дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

16.3.1.өгөгдлийн амьдралын мөчлөгийн үе шат бүрд кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг хангах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах;

16.3.2.анх цуглуулсан зорилго, эсхүл лицензийн гэрээгээр зөвшөөрсөн цар хүрээнээс хэтрүүлж өгөгдлийг ашиглахгүй байх;

16.3.3.өгөгдлийг цуглуулах, боловсруулах, солилцох, дамжуулах, устгах үйл ажиллагаа бүрийг энэ хуулийн 6.5.2-д заасан аудитын системд бүртгэгдэх техникийн нөхцөлийг хангах;

16.3.4.өгөгдөл алдагдах, кибер орчны осол үүсэх тохиолдолд эрх бүхий төрийн байгууллага болон холбогдох оролцогч талуудад нэн даруй мэдэгдэх;

16.3.5.өгөгдлийг хууль, журам, стандарт, гэрээнд заасан хугацаанд хадгалах;

16.3.6.өгөгдлийн нөөцлөлтийн давтамжийн хугацааг тогтоох;

16.3.7.хууль бус аргаар олж авсан мэдээллийг өгөгдлийн эргэлтэд оруулахгүй байх.

16.4.Хүн, хуулийн этгээд өөрийн үүсгэсэн, боловсруулсан, нэмүү өртөг шингээсэн өгөгдөл, өгөгдлийн бүтээгдэхүүнийг Иргэний хууль болон Оюуны өмчийн тухай хуульд заасан биет бус хөрөнгөд тооцон эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчлөх, ашиглах эрхтэй.

18 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

18.1.Өгөгдлийн засаглалын чиглэлээр Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.өгөгдлийн засаглал, хөгжлийн талаарх төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, төрийн их өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх стратеги, хөтөлбөрийг батлах;

18.1.2.төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгө, төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

18.1.3.стратегийн өгөгдлийг хил дамнуулан дамжуулахад хяналт тавих нөхцөлийг тогтоох;

18.1.4.өгөгдлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж болон нууцлалын зэрэглэлд үндэслэн өгөгдлийн зэрэглэл тогтоох, ангилах журмыг батлах;

18.1.5.өгөгдлийг эдийн засаг, бизнесийн эргэлтэд оруулах зорилгоор түүнийг биет бус хөрөнгө (Intangible assets) болгон үнэлэх, тайлагнахад мөрдөх үнэлгээний аргачлалыг батлах;

18.1.6.өгөгдлийн каталог, мета өгөгдлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, ашиглах, мэдээлэл солилцох журам болон техникийн стандартыг батлах.

19 дүгээр зүйл.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

19.1.Өгөгдлийн засаглалын талаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.өгөгдлийн засаглалын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, төрийн их өгөгдлийн дэд бүтцийг хөгжүүлэх стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх;

19.1.2.энэ хуулийн 6.1-т заасан өгөгдлийн дэд бүтцээр дамжуулан өгөгдөл солилцох, ашиглах, дамжуулах журмыг батлах, мөрдүүлэх;

19.1.3.төрийн их өгөгдлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, мета өгөгдлийн нэгдсэн каталог, мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код, стандартыг баталж, мөрдүүлэх;

19.1.4.өгөгдөл хариуцагчаас нийлүүлэх өгөгдлийн чанарын шалгуур, үзүүлэлтийг тогтоож, өгөгдлийн чанарын хяналт, үнэлгээ хийх аргачлалыг батлах;

19.1.5.өгөгдөл зуучлалын үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, тэдгээрт тавигдах шаардлагыг тогтоох; 19.1.6.Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуулийн 21.4.1-т заасан Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн боловсролын диплом, гэрчилгээтэй дүйцүүлэн тооцох гэрчилгээний жагсаалтыг батлах.

20 дугаар зүйл.Их өгөгдлийн үндэсний зөвлөл

Хэвлэх

20.1.Өгөгдлийн засаглал, өгөгдөл солилцоо, өгөгдлийн чанар, өгөгдлийн ангилал, өгөгдлийн каталог, мета өгөгдлийн удирдлага, өгөгдлийн аюулгүй байдал, өгөгдлийн дахин ашиглалтын асуудлаар төрөөс баримтлах бодлогыг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Их өгөгдлийн үндэсний зөвлөл цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

20.2.Зөвлөл нь хүний эрх, цахим хөгжил, кибер аюулгүй байдал, статистик, мэдээллийн технологи, харилцаа холбоо, эрдэм шинжилгээ, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.

21 дүгээр зүйл.Өгөгдлийн зохицуулагч байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

Хэвлэх

21.1.Өгөгдлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих чиг үүргийг Үндэсний статистикийн хороо (цаашид "Зохицуулагч" гэх) хэрэгжүүлнэ.

21.2.Өгөгдлийн зохицуулагч дараах эрхтэй:

21.2.1.өгөгдлийн чанарын нэгдсэн шаардлага, машин унших боломжтой формат, мета өгөгдлийн стандартыг салбарын төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, хэрэгжилтийг хангуулах;

21.2.2.өгөгдөл солилцоог итгэлтэй, аюулгүй, зохицуулалтайгаар гүйцэтгэх шаардлагыг тодорхойлох, Өгөгдлийн итгэмжлэлийн гэрчилгээ (Data protection Trustmark)-г шаардлага хангасан этгээдэд олгох, цуцлах;

21.2.3.өгөгдөл нийлүүлэгч, зуучлагч, хэрэглэгчээс хуулиар хүлээсэн үүрэгтэй нь холбоотой мэдээлэл, тайлан, аудитын мөр (audit trail) гаргуулан авах;

21.2.4.өгөгдөл хариуцагч болон боловсруулагчийн үйл ажиллагаанд хяналт тавих, өгөгдлийн нууцлал, чанарын аудит (Data Privacy & Quality Audit) хийх, удирдамж гаргах;

21.2.5.төрийн байгууллагын өгөгдлийн бүрдүүлэлт, давхардал, чанарт үнэлгээ хийх;

21.2.6.иргэн, хуулийн этгээдээс өгөгдлийн аюулгүй байдал, нууцлалтай холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

21.2.7.хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, иргэний эрхийг зөрчсөн этгээдийн өгөгдөл боловсруулах үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоох, Зөрчлийн тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах;

21.2.8.өгөгдлийн ангилал, мета өгөгдөл, чанар, харилцан ажиллагааны стандарт боловсруулах, батлуулах санал гаргах;

21.2.9.өгөгдлийг дахин ашиглах хүсэлтийг холбогдох эрх зүйн үндэслэл, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан дүгнэж, зөвлөмж гаргах.

21.3.Өгөгдлийн зохицуулагч дараах үүрэгтэй:

21.3.1.өгөгдлийн аюулгүй байдал, ёс зүй, найдвартай байдлыг хангах арга хэмжээ хэрэгжүүлэх;

21.3.2.өгөгдөл солилцоо өгөгдлийн экосистем, инновацыг дэмжих санал боловсруулах.

21.3.3.их өгөгдлийн ашиглалтын тайланг жил бүр гаргаж, нийтэд ил тод тайлагнах.

22 дугаар зүйл.Үндэсний дата төвийн чиг үүрэг

Хэвлэх

22.1.Үндэсний дата төв нь төрийн их өгөгдлийн дэд бүтцийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, өгөгдөл хадгалах, нөөцлөх, боловсруулах, төрийн их өгөгдлийн дэд бүтцийг хариуцагч байгууллага байна.

22.2.Үндэсний дата төв нь өгөгдлийн харилцаанд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

22.2.1.төрийн их өгөгдөл, их өгөгдлийн системийн техникийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хариуцах;

22.2.2.төрийн их өгөгдлийг цуглуулах, нэгтгэх, шаардлагатай тохиолдолд төрийн шийдвэр гаргалтад ашиглах өгөгдлийн дүн шинжилгээ хийх;

22.2.3.оролцогч этгээдүүдийн өгөгдөлд хандсан, ашигласан, дамжуулсан, өөрчилсөн, эсхүл устгасан үйлдэл бүрийн түүх, дамжуулалтын үйл ажиллагааны бүртгэл, аудит (лог)-ийг өөрчлөх боломжгүйгээр хадгалах, хамгаалах;

22.2.4.төрийн байгууллагуудын өгөгдлийн бүртгэл, мета өгөгдөл, чанар, солилцоо болон аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг эрх бүхий байгууллагаас шаардсан бол техникийн түвшинд шалгаж, төрийн захиргааны төв байгууллагаас явуулах өгөгдлийн засаглалын үнэлгээнд техникийн дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах;

22.2.5.төрийн их өгөгдлийг энэ хуулийн 12.1-д заасны дагуу тогтмол нөөцлөх, системийн доголдлын үед сэргээх техникийн бэлэн байдлыг хангах.

23 дугаар зүйл.Өгөгдөл хариуцагчийн эрх, үүрэг

Хэвлэх

23.1.Өгөгдөл хариуцагч дараах эрхтэй:

23.1.1.өгөгдөл хэрэглэгч, зуучлагч лицензийн гэрээ, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд өгөгдөл ашиглах эрхийг түдгэлзүүлэх, гэрээг цуцлах;

23.1.2.өөрийн цуглуулсан, боловсруулсан өгөгдлөөр нэмүү өртөг шингэсэн өгөгдлийн бүтээгдэхүүн үүсгэх, түүнийг ашиглуулах тусгай нөхцөл (лиценз)-ийг тодорхойлох.

23.2.Өгөгдөл хариуцагч дараах үүрэг хүлээнэ:

23.2.1.энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу бусад оролцогч этгээдэд өгөгдөл, мэдээлэл нийлүүлэх;

23.2.2.өгөгдлийн амьдралын мөчлөгийн үе шат бүрд өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцах, тогтмол шинэчлэх;

23.2.3.энэ хуулийн 10.10-т заасны дагуу автоматжуулсан систем, алгоритмаар гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцах;

23.2.4.мэдээллийн эзнээс олгосон зөвшөөрлийн бүртгэл, хандалтын түүхийг хадгалах.

24 дүгээр зүйл.Өгөгдөл нийлүүлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

24.1.Өгөгдөл нийлүүлэгч дараах эрхтэй:

24.1.1.нийлүүлж буй өгөгдлийг анхны зорилгоос өөрөөр ашиглахгүй байх, аюулгүй байдлыг хангахыг өгөгдөл хэрэглэгч, зуучлагчаас шаардах;

24.1.2.өгөгдлийн дэд бүтцийн техникийн бэлэн байдал, харилцан ажиллагааны стандартыг хангахыг Үндэсний дата төвөөс шаардах.

24.2.Өгөгдөл нийлүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

24.2.1.хууль ёсны эх сурвалж бүхий өгөгдлийг мета өгөгдлийн нэгдсэн каталог, мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код, стандартын дагуу төрийн их өгөгдлийн дэд бүтцэд нийлүүлэх;

24.2.2.нийлүүлсэн өгөгдлийн бүтэц, өөрчлөлт, алдааны талаарх мэдээллийг өгөгдөл хариуцагч, хэрэглэгч, зуучлагчид тухай бүр даруй мэдэгдэх, засах;

24.2.3.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан нийтийн мэдээллийн сангаас өгөгдөл нийлүүлэгч этгээд нь өгөгдлийн тодорхойлолт, чанар, мета өгөгдөл, ангилал, ашиглах нөхцөл, өгөгдлийн амьдралын мөчлөгийн өдөр тутмын хэрэгжилтийг хариуцах ажилтантай байх;

24.2.4.өгөгдлийн чанарыг хангах зорилгоор үнэн зөв, бүрэн бүтэн, шинэчлэгдсэн өгөгдлийг харилцан тохиролцсон хугацаанд тасалдалгүй, тогтмол нийлүүлэх.

25 дугаар зүйл.Өгөгдөл хэрэглэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

25.1.Өгөгдөл хэрэглэгч дараах эрхтэй:

25.1.1.энэ хууль болон лицензийн гэрээний дагуу өгөгдлийг өөрийн үйл ажиллагаа, судалгаа, инновац, бизнесийн эргэлтэд ашиглах;

25.1.2.ашиглаж буй өгөгдөл нь алдаатай, бүрэн бус тохиолдолд түүнийг засуулах, шинэчлүүлэхийг өгөгдөл нийлүүлэгчээс шаардах.

25.2.Өгөгдөл хэрэглэгч дараах үүрэг хүлээнэ:

25.2.1.лицензийн гэрээнд заасан зорилго, цар хүрээнээс хэтрүүлж өгөгдлийг ашиглахгүй байх;

25.2.2.анонимжуулсан өгөгдлийг ашиглах явцдаа хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлох (re-identify) аливаа үйлдэл хийхгүй байх;

25.2.3.өгөгдлийн ашиглалттай холбоотой бүртгэл, аудитын мөр хөтлөх;

25.2.4.лицензийн хугацаа дуусгавар болсон, эсхүл гэрээ цуцлагдсан тохиолдолд өөрт байгаа өгөгдлийг энэ хуулийн 12.3-т заасны дагуу нөхөн сэргээх боломжгүйгээр устгах.

26 дугаар зүйл.Өгөгдөл зуучлагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, үүрэг

Хэвлэх

26.1.Өгөгдөл зуучлагч нь өгөгдөл солилцооны харилцаанд дундын зуучлалын үйлчилгээ үзүүлэхдээ дараах шаардлагыг мөрдөнө:

26.1.1.өөрийн системээр дамжиж буй бусдын өгөгдлийг гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд өөрийн серверт хуулбарлахгүйгээр дамжуулах урсгал (транзит)-ыг хангах;

26.1.2.зуучлалын үйлчилгээ үзүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, хүний хувийн мэдээллийн нууцыг чанд хадгалах;

26.1.3.өөрийн үзүүлж буй үйлчилгээгээр дамжуулан оролцогч этгээдэд ялгавартай нөхцөл тулгахгүй, шударга өрсөлдөөнийг хангах;

26.1.4.өгөгдөл зуучлалын үйл ажиллагаа, хандалтын бүртгэлийг бүрэн, үнэн зөв хөтлөх.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ӨГӨГДЛИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ХАРИУЦЛАГА

27 дугаар зүйл.Өгөгдлийн чанар, бэлэн байдлыг хангах

Хэвлэх

27.1.Өгөгдөл хариуцагч болон өгөгдөл нийлүүлэгч нь төрийн их өгөгдлийн дэд бүтцэд нийлүүлж буй өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн, цаг үеэ олсон, тууштай (consistent) байх чанарын шаардлагыг хангана.

27.2.Өгөгдөл хариуцагч нь өөрийн хариуцаж буй өгөгдлийн сангийн нэршил, хаягжилт, тайлбарыг багтаасан мета өгөгдлийн бүртгэлийг тогтмол шинэчилж, өгөгдөл ашиглагчид хайлт хийх, ашиглах нөхцөл буюу өгөгдлийн бэлэн байдлыг хангасан байна.

27.3.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын өгөгдлийн засаглалын стандартыг хэрэгжүүлэгч мэргэжлийн хараат бус байгууллагаар төрийн байгууллагын өгөгдлийн чанар, бэлэн байдлын түвшинд жил бүр үнэлгээ хийлгэж, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ.

28 дугаар зүйл.Өгөгдлийн аюулгүй байдлыг хангах

Хэвлэх

28.1.Үндэсний өгөгдлийн дэд бүтцийг ашиглан өгөгдөл цуглуулах, боловсруулах, хадгалах, солилцох, дамжуулах, нөөцлөх, устгах үе шат бүрд Кибер аюулгүй байдлын тухай хууль, мэдээллийн аюулгүй байдлын аудитын стандарт болон холбогдох техникийн зохицуулалтыг мөрдөнө.

28.2.Энэ хуулийн 17.1-д заасан этгээд нь өгөгдлийн халдашгүй байдлыг хангах зорилгоор өгөгдлийг дамжуулах, солилцох урсгалд криптографийн шифрлэлт (encryption), цахим гарын үсэг болон хандалтын хяналтын дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлсэн байна.

28.3.Үндэсний дата төв болон өгөгдлийн операторууд нь кибер халдлага, дохио, мэдээллийн аюулгүй байдлын осол үүссэн тохиолдолд халдлагыг таслан зогсоох, өгөгдлийг нөөц хуулбараас даруй сэргээх техникийн бэлэн байдлыг хангана.

29 дүгээр зүйл.Маргаан шийдвэрлэх

Хэвлэх

29.1.Энэ хуулийн ....-т заасан дүгнэлт, зөвлөмжийг, эсхүл эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

29.2.Өгөгдлийг биет бус хөрөнгөөр үнэлэх, өгөгдлийн өмчлөл болон гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн эдийн засгийн маргааныг талууд гэрээндээ тусгасан бол Арбитрын тухай хуулийн дагуу арбитраар, эсхүл шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

30 дугаар зүйл.Хуулиар хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

30.1.Өгөгдлийн харилцаанд дараах үйл ажиллагааг хориглоно:

30.1.1.боловсруулсан, ашигласан өгөгдлийг бусад эх сурвалжтай нэгтгэх, гаргалгаа хийх замаар хүн, хуулийн этгээдийг дахин тодорхойлох, нууцад хамаарах мэдээллийг сэргээх;

30.1.2.гадаад улсын болон гадаадын хөрөнгө оруулалттай мэдээлэл боловсруулах төв (дата төв)-д Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбар болон стратегийн өгөгдлийг байршуулах;

30.1.3.чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын мэдээлэл боловсруулах төв (дата төв)-д энэ хуулийн 11.5-д заасан стратегийн өгөгдлийг байршуулах;

30.1.4.өгөгдлийн оператор, дата төв болон үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн өгөгдөлд зөвшөөрөлгүйгээр хандах, хуулбарлах, өөрчлөх, устгах, гуравдагч этгээдэд дамжуулах, эсхүл лицензийн гэрээнд зааснаас өөр зорилгоор ашиглах;

30.1.5.Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан чөлөөт бүс дэх олон улсын дата төвийн өгөгдөл хадгалалт, дамжуулалт, технологийн урсгалд хөндлөнгийн хяналт тавих, саад учруулах, эсхүл зөвшөөрөлгүй хандах;

30.1.6.чөлөөт бүсэд байрлах олон улсын дата төв нь харилцагчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл лицензийн гэрээнээс гадуур өгөгдлийг гуравдагч этгээд болон Монгол Улсын төрийн байгууллагад дамжуулах.

31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

31.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

31.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

32.1.Энэ хуулийг 2027 оны …. дүгээр сарын ….-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Төслийн хавсралтууд
Санал өгөх