A

A

A

Хариуцагч байгууллага Ч.Халиун
Нийтэлсэн огноо 2024-12-20 20:09:02
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 24
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-01-19

Танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20… оны … дугаар сарын …-ны өдөр Улаанбаатар хот

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэн дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, урамшуулахтай, холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын байгуулсан олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан гадаадын хөрөнгө оруулалтад хамаарна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гадаадын хөрөнгө оруулалт (цаашид "хөрөнгө оруулалт" гэх)" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулагчаас шууд болон шууд бусаар явуулж буй дараахь ашгийн төлөө үйл ажиллагааг хамааруулна:

4.1.1.а/гадаадын хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах;

4.1.1.б/хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;

4.1.1.в/үйлдвэр, машин, тоног төхөөрөмж, технологи дамжуулалт, барилга байгууламж зэрэг үндсэн хөрөнгөд биет байдлаар хөрөнгө оруулах;

4.1.1.г/төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;

4.1.1.д/компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;

4.1.1.е/оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх;

4.1.1.ё/гадаадын хөрөнгө оруулагчаас өөрийн хөрөнгө оруулсан хуулийн этгээдийн хувьцаанд хөрвөх зээл олгох;

4.1.1.ж/санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрээр хөрөнгө оруулах;

4.1.1.з/бие даан эсвэл бусад хөрөнгө оруулагчтай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэх;

4.1.1.и/гадаадын хөрөнгө оруулалтын тодорхойлолтод хамаарах хуулиар хориглоогүй хөрөнгө оруулалтын бусад хэлбэр.

4.1.2."гадаадын хөрөнгө оруулагч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсаас хөрөнгө оруулалт хийж байгаа хувь хүн /гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, гадаад улсад оршин суудаг Монгол Улсын иргэн /, гадаад улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг;

4.1.3."гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд" гэж хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа ба хөрөнгийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнээс багагүй байх Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.

4.1.4."хөрөнгө оруулалтыг дэмжих" гэж хөрөнгө оруулалтыг шинээр татах, хадгалах, нэмэгдүүлэх зорилгоор маркетинг, мэдээллийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг.

4.1.5."үндэсний таатай нөхцөл" гэж гадаадын хөрөнгө оруулагчид болон тэдний хөрөнгө оруулалтад олгох нөхцөлийг дотоодын хөрөнгө оруулагчдад олгодог нөхцөлөөс дордуулахгүй байхыг;

4.1.6."сөрөг жагсаалт" гэж тодорхой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэхэд төрөөс зөвшөөрөл олгох, хязгаарлалт, хориглолт тогтоох зэрэг захиргааны шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг;

4.1.7."татварын хувь, хэмжээг тогтворжуулах" гэж энэ хуулийн 17.1-т заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд энэ хуулийн 17.2-т заасны дагуу нэмэхгүйгээр хэвээр хадгалах, эсхүл бууруулахыг;

4.1.8."татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ" гэж энэ хуулийн 18.1 дэх хэсгийн дагуу тогтоосон шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн төлөх энэ хуулийн 17.1-д заасан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг тогтворжуулах зорилгоор олгосон гэрчилгээг /цаашид "тогтворжуулах гэрчилгээ" гэх/;

4.1.9."төрийн өмч" гэж төрийн болон орон нутгийн өмчийг.

5 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлого, зарчим

Хэвлэх

5.1.Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй бодлого баримтлах ба гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийхэд урамшуулан дэмжинэ.

5.2.Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тогтолцоог бүрдүүлж, боловсронгуй болгон, хөрөнгө оруулалтад нээлттэй, тааламжтай нөхцөлийг олгон, зах зээлийн тогтвортой, ил тод, урьдчилан таамаглахуйц, тэнцвэртэй орчныг бүрдүүлнэ.

5.3.Гадаадын хөрөнгө оруулалтын хууль тогтоомжид дараахь зарчмыг баримтална:

5.3.1.тогтвортой байх;

5.3.2.хууль дээдлэх;

5.3.3.хөрөнгө оруулагчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг буцаан хэрэглэхгүй байх;

5.3.4.төр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

5.3.5.нээлттэй, ил тод, шуурхай, цахим байх;

5.4.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинэчлэн батлах болон гадаадын хөрөнгө оруулалтыг аливаа хэлбэрээр хязгаарлах, хориглох, дайчлан авах тухай хуулийн төслийгхэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.20-д зааснаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд заавал хүрэлцэн ирж оролцоно.

6 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалт хийх хүрээ

Хэвлэх

6.1.Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад урьдчилан тогтоосон үндэсний таатай нөхцөл олгох эсхүл сөрөг жагсаалтад хамруулах замаар зохицуулалт хийнэ.

6.2.Сөрөг жагсаалтад тусгагдаагүй гадаадын хөрөнгө оруулалтад үндэсний таатай нөхцөл олгоно.

6.3.Сөрөг жагсаалтыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

7 дугаар зүйл. Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг

Хэвлэх

7.1.Төрөөс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт, орлого болон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаална.

7.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ба Монгол Улсын аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахыг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ

8 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтыг дэмжих төрийн чиг үүрэг

Хэвлэх

8.1.Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийг боловсруулахад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс холбогдох саналыг хууль тогтоомжийн дагуу авна.

8.2.Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн баримт бичиг болон шүүхийн шийдвэр зэргийг хууль тогтоомжид заасны дагуу хугацаанд нь хэвлэн нийтэлнэ.

8.3.Төрөөс гадаадын хөрөнгө оруулалтад зориулсан үйлчилгээний тогтолцоог бий болгож, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлнэ.

8.4.Төрөөс хөрөнгө оруулалтын салбарт олон улсын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бусад улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагуудтай хөрөнгө оруулалтыг дэмжих олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлнэ.

8.5.Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, нээлттэй байдлыг өргөжүүлэх зорилгоор шаардлагатай бол эдийн засгийн тусгай бүс байгуулах, тодорхой салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийх туршилтын бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж болно.

8.6.Төрөөс үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу гадаадын хөрөнгө оруулагчийг тодорхой үйлдвэрлэл, салбарт хөрөнгө оруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлж, чиглүүлж болох ба энэ тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу давуу эрхийн хөнгөлөлт үзүүлж болно.

8.7.Төрөөс хуульд нийцүүлэн стандарт тогтоох үйл явцад гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг оролцуулах боломжийг олгож, стандарт тогтоохтой холбоотой мэдээллийн ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.

8.8.Төрөөс баталсан стандартууд нь гадаад хөрөнгө оруулалттай хуулийн этгээдүүдэд ижил үйлчилнэ.

8.9.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь хувьцаа, өрийн бичиг болон бусад үнэт цаасыг нийтэд санал болгох болон бусад арга замаар санхүүжилт татаж болно.

9 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын үндэсний зөвлөлийн чиг үүрэг

Хэвлэх

9.1.Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулалтын Үндэсний зөвлөлийг (цаашид "Үндэсний зөвлөл" гэх) гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулан, бүрэлдэхүүнд Монголбанк, бусад салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллага, хараат бус гишүүний төлөөлөл бүхий бүхий 9-өөс доошгүй гишүүнтэй байгуулна.

9.2.Үндэсний зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус байх ба хараат бус гишүүнийг 2 жил тутам, нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, хамгийн өндөр санал авсан, нөхцөл, шалгуурыг хангасан хүнийг томилно.

9.3.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх ба хуралдаанаас гарах шийдвэр нь санал, зөвлөмж, албан даалгавар хэлбэртэй байна.

9.4.Үндэсний зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

9.5.Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл нь дараахь чиг үүрэгтэй ажиллана:

9.5.1.гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх;

9.5.2.бусад улстай байгуулах гадаадын хөрөнгө оруулалтын асуудлаарх гэрээ, хэлэлцээрийн багт орж ажиллах;

9.5.3.гадаадын хөрөнгө оруулагчийн гомдлыг хүлээн авч, хянан холбогдох төрийн байгууллагуудад үүрэг чиглэл өгөх.

9.6.Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөлөөс чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, судалгааг төрийн холбогдох байгууллагуудаас гаргуулан авах эрхтэй ба энэ чиглэлийн судалгааг төрийн өмчийн болон төрийн бус өмчийн хэлбэрийн аль ч шатны байгууллагыг хамруулан гүйцэтгэнэ.

10 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас үзүүлэх үйлчилгээ, чиг үүрэг

Хэвлэх

10.1.Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, өргөжүүлэх зэрэг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

10.1.2.хөрөнгө оруулагчийн хэрэгцээ, шаардлагыг судалж, мэдээлэл өгөх, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг гадаадын хөрөнгө оруулагчид сурталчлах, мэдээллээр хангах;

10.1.3.гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өргөтгөх, хадгалахад мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар дэмжих;

10.1.4.гадаадын хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгч, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх;

10.1.5.гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаатай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;

10.1.6.гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлээр төрийн бусад байгууллагаас хамтран статистик мэдээллийг гарган, мэдээллийн санг хөтлөх;

10.1.7.гадаадын хөрөнгө оруулалтыг бүртгэх, хянах;

10.1.8.хуульд заасан бусад.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМГААЛАЛТ

11 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгийн баталгаа

Хэвлэх

11.1.Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө, орлогыг хууль бусаар дайчлан авахыг хориглоно.

11.2.Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс үл ялгаварлах зарчмаар зөвхөн хуульд заасан үндэслэлийн дагуу нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан авч болно.

11.3.Гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дайчлан авах бол нөхөх олговор олгож буй үеийн үнэлгээгээр бодитоор тооцож, бүрэн хэмжээгээр зохих ёсоор шуурхай, цаг хугацаанд нь төлнө.

11.4.Гадаадын хөрөнгө оруулагч нь хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны орлого, ашиг, ногдол ашиг, хөрөнгийн орлого, биет болон биет бус хөрөнгө, эрх борлуулсны орлого, оюуны өмчийн эрхийн шимтгэл, хууль ёсоор олж авсан нөхөн төлбөр, татан буулгаснаас олсон орлого зэргийг төгрөг эсвэл гадаад валютаар чөлөөтэй шилжүүлэх баталгааг эдэлнэ.

11.5.Төр нь гадаадын хөрөнгө оруулагчийн оюуны өмчийн эрх, оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасны дагуу хамгаалах ба гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх явцад технологийг нутагшуулахад дэмжинэ.

12 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааны баталгаа

Хэвлэх

12.1.Төрийн байгууллага, албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бизнесийн нууцыг хадгалж, бусдад задруулах, хууль бусаар дамжуулахыг хориглоно.

12.2.Төрөөс хуульд нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргах ба хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, нэмэлт үүрэг хүлээлгэх, зах зээлд нэвтрэх, гарах нөхцөлийг тогтоох, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр эрх зүйн байдлыг нь дордуулах аливаа шийдвэр гаргахыг хориглоно.

12.3.Төрөөс гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн өмнө хүлээсэн үүрэг, хууль тогтоомжийн дагуу байгуулсан гэрээний үүргээ биелүүлж ажиллана.

12.4.Үндэсний болон нийтийн эрх ашгийн үүднээс төрөөс байгуулсан гэрээ, хэлэлцээр болон олгосон тогтворжуулах гэрчилгээний нөхцөлийг өөрчлөх шаардлагатай бол хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гарган, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд учирсан хохирлыг хуульд заасны дагуу нөхөн төлнө.

12.5.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, хөрөнгө оруулагч нь төрөөс гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхтэй бөгөөд төр гомдлыг хүлээн авч, хугацаанд нь шийдвэрлэнэ.

12.6.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, хөрөнгө оруулагч нь тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль тогтоомж зөрчиж байна гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдол гаргах эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ, УРАМШУУЛАЛ

13 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бүртгэх, зөвшөөрөл олгох

Хэвлэх

13.1.Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх явцад гадаадын хөрөнгө оруулалтын төслийг баталгаажуулах, бүртгэх шаардлага бий болсон бол холбогдох хууль тогтоомжийг баримтална.

13.2.Тусгай зөвшөөрөл авах шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээнд гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийсэн бол тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

13.3.Хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулагчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дотоодын хөрөнгө оруулалтын нэгэн адил нөхцөл, журмын дагуу холбогдох эрх бүхий газар хянан шийдвэрлэнэ.

13.4.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

13.5.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал, татвар, нягтлан бодох бүртгэл, гадаад валютын болон бусад асуудлыг хууль тогтоомжийн дагуу биелүүлнэ.

13.6.Гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь гадаадын хөрөнгө оруулалтын мэдээллийг гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон агуулгын хүрээнд тайлагнана.

13.7.Гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн төрд байгаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагуудын мэдээллийн сангаар дамжуулан гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авна.

13.9.Гадаадын хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төрийн хяналт шалгалтыг давхардалгүй төлөвлөж, хэрэгжүүлэх ба хуульд зааснаас бусад тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байна.

13.10.Хууль бус үндэслэлээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг аливаа хэлбэрээр зогсоох, түдгэлзүүлэх, саад учруулах болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрөл, эрх олгох, гэрээ байгуулах зэрэгт үндэслэлгүйгээр татгалзах, эс үйлдэхүй гаргахыг хориглоно.

14 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтай хуулийн этгээдийн хөрөнгийн хэмжээ

Хэвлэх

14.1.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хөрөнгөд гадаадын хөрөнгө оруулагчаас оруулах хөрөнгийн доод хэмжээг салбарын онцлогоос хамаарч Үндэсний зөвлөлийн санал болгосноор Засгийн газар тогтооно.

15 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын урамшуулал

Хэвлэх

15.1.Гадаадын хөрөнгө оруулагчид төрөөс татварын хувь, хэмжээг тогтворжуулах дэмжлэг болон татварын бус урамшууллыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлнэ.

15.2.Гадаадын хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбарыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

15.3.Энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээг тогтворжуулахаас бусад төрлийн татварын харилцааг татварын хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

15.4.Тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, галт зэвсэг, сум үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалтын урамшуулал үзүүлэхгүй.

16 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулал

Хэвлэх

16.1.Гадаадын хөрөнгө оруулагчид дараахь хэлбэрээр татварын бус урамшууллыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлж болно:

16.1.1.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрлийг, гадаадын мэргэжилтэн инженер, техникийн ажилтанд Монгол Улсад зорчих олон удаа орж гарах болон урт хугацааны виз олгох;

16.1.2.чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

16.1.3.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх;

16.1.4.экспортод чиглэсэн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ технологи нэвтрүүлэх, инновацын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

16.1.5.хуульд заасан бусад урамшуулал.

17 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын татварын хувь хэмжээг тогтворжуулах дэмжлэг

Хэвлэх

17.1.Гадаадын хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлөх доор дурдсан татварын хувь, хэмжээг тогтворжуулах дэмжлэг олгоно:

17.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

17.1.2.гаалийн албан татвар;

17.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

17.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

17.2.Тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаанд татварын хууль тогтоомжид энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээг бууруулах өөрчлөлт орсон тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд уг өөрчлөлтөд хамаарах ба харин нэмэгдүүлэх өөрчлөлт орсон тохиолдолд уг өөрчлөлт хамаарахгүй.

18 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур

Хэвлэх

18.1.Тогтворжуулах гэрчилгээг 30 жил хүртэлх хугацаагаар олгож болох ба тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг Үндэсний зөвлөлийн санал болгосноор Засгийн газар тогтооно.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан шалгуурыг хангасан Монгол Улсын хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авч болно.

18.3.Тогтворжуулах гэрчилгээг бусдад худалдах, барьцаалах, бэлэглэх, шилжүүлэхгүй.

19 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын гэрээ

Хэвлэх

19.1.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг Үндэсний зөвлөлийн санал болгосноор Засгийн газар тогтооно.

19.2.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулагчийн төлөх энэ хуулийн 17.1-д заасан татварын хувь, хэмжээ нь хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд тогтвортой мөрдөгдөнө.

19.3.Хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын бус урамшууллыг олгоно.

20 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах

Хэвлэх

20.1.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 19.1-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг Үндэсний зөвлөлөөр дамжуулан Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

20.2.Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулалтын зорилго, үндсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, эх үүсвэр, хөрөнгө оруулах хугацаа, үе шат зэргийг харгалзан 30 хүртэлх жилийн хугацаагаар байгуулж болно.

20.3.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргах, хэлэлцээ хийх, гэрээ байгуулахад тавигдах шаардлага, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, хяналт тавихтай холбоотой журам, хөрөнгө оруулалтын гэрээний загварыг Засгийн газар батална.

20.4.Энэ хуулийн 19.1-д заасан нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд энэ хуулийн 20.3-т заасан журмын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

21 дүгээр зүйл.Гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргах, гомдлыг хүлээн авах

Хэвлэх

21.1.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулагч нь төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тухай гомдлыг Үндэсний зөвлөлд гаргаж болно.

21.2.Үндэсний зөвлөл нь гадаадын хөрөнгө оруулагчийн гомдол, түүнд хавсаргасан нотлох баримтыг хүлээн авч бүртгэх ба уг бүртгэл нь гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрхлэх мэдээллийн сангийн цахим системд бүртгэгдэнэ.

21.3.Үндэсний зөвлөл нь гомдлыг хүлээн авч, хэлэлцэн, холбогдох асуудлаар энэ хуулийн 9.3-т заасан шийдвэр гарган, холбогдох төрийн байгууллагад үүрэг даалгавар өгч, энэ талаар Засгийн газарт мэдээлнэ.

21.4.Холбогдох төрийн байгууллага нь Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн талаар тухай бүр Үндэсний зөвлөлд, Үндэсний зөвлөл нь улирал тутам Засгийн газарт тус тус тайлагнана.

22 дугаар зүйл.Гадаадын хөрөнгө оруулалтын маргаан

Хэвлэх

22.1.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулагч болон Монгол Улсын төрийн байгууллага хооронд үүссэн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг талууд хэлэлцээний замаар шийдвэрлэнэ.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан маргааныг 6 сарын дотор хэлэлцээний замаар шийдвэрлэж чадаагүй, талууд өөрөөр харилцан тохиролцоогүй тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг зохицуулах олон улсын төвийн арбитрын дүрэм, журмын дагуу шийдвэрлүүлж болно.

22.3.Гадаадын хөрөнгө оруулагч болон Монгол Улсын хувь хүн, хуулийн этгээд хооронд үүссэн гадаадын хөрөнгө оруулалтын маргааныг талууд харилцан тохиролцсоны дагуу арбитрт хандан шийдвэрлүүлж болно. Хэрэв ийм тохиролцоогүй бол маргааныг Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

23 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

23.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

23.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

24 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

Хэвлэх

24.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тогтворжуулах гэрчилгээ авсан хуулийн этгээдийн тогтворжуулах гэрчилгээний хугацаа, нөхцөл нь тухайн гэрчилгээний хугацаанд хүчинтэй байна

24.2.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа, нөхцөл тухайн гэрээний хугацаанд хүчинтэй байна.

24.3.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө энэ хуулийн 24.1, 24.2-т заасан тогворжуулах гэрчилгээ авсан эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор энэ хуулийн дагуу татварын хувь, хэмжээг тогтворжуулах урамшуулалд хамрагдахгүй.

24.4.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ нь тухайн хүсэлт гаргах үеийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу төлнө.

24.5.Тогтворжуулах гэрчилгээ авах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэх явцад энэ хууль хүчин төгөлдөр болсон бол ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хүсэлтийг энэ хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.

24.6.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө төрийн хяналт шалгалтын тухайн жилийн нэгдсэн хуваарь батлагдсан бол хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд тухайн жилд 2-оос дээш удаа хяналт шалгалт хийж болно.

24.7.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө шүүх, арбитрт хандсан хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалттай холбоотой маргааны хэргийн харьяалалд энэ хууль хамаарахгүй.

25 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

25.1.Энэ хуулийг 20... оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төслийн хавсралтууд
Санал өгөх