Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
Нэгдүгээр бүлэг
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн маргааныг шүүхийн бус, эвийн журмаар, шуурхай шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагч дэмжлэг үзүүлэн зуучлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж
2.1.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хөдөлмөрийн тухай, Арбитрын тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Зөрчлийн тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Иргэний эрх зүйн маргаан, арилжааны эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрхийн болон гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхэд энэ хууль үйлчилнэ.
3.2.Хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ хуулийн 3.1-д зааснаас бусад маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болно.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх аль ч үе шатанд болон арбитрын ажиллагаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болно.
3.4.Энэ хуулийн 3.1-д заасан харилцаанаас үүссэн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.
3.5.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн зохицуулалт эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэггүйгээр зохигчид сайн дурын үндсэн дээр маргаанаа шийдвэрлэх болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."арилжааны маргаан" гэж арилжааны эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны аль нэг тал арилжаа эрхлэгч байх тохиолдлыг;
4.1.2."талууд" гэж энэ хуулийн 3.1-д заасан маргаанд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээр хүсэлт гаргасан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрсөн зохигч;
4.1.3."эвлэрүүлэн зуучлал" гэж маргалдагч талуудын аливаа маргааныг шийдэл тулгах эрхгүй гуравдагч этгээд буюу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвийн журмаар шийдвэрлэх ажиллагааг;
4.1.4."эвлэрүүлэн зуучлагч" гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон, эсхүл зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий бие даасан, эрх бүхий мэргэшсэн хүнийг;
4.1.5."эвлэрүүлэн зуучлах төв" гэж энэ хуульд заасан журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн эрхтэй, эсхүл эрхгүй этгээдийг;
4.1.6."эвлэрлийн гэрээ" гэж маргаанд эвлэрүүлэн зуучлал явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хийсэн хэлцлийг;
4.1.7."эвлэрүүлэн зуучлуулах гэрээ/хэлцэл" гэж энэ хуульд заасны дагуу эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор маргаанаа шийдвэрлүүлэх тухай талуудын тохиролцоог.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчим
5.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дараах зарчимд үндэслэн явуулна:
5.1.1.талуудын бие даасан байдлыг хангах;5.1.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нууцыг хадгалах;5.1.3.эвлэрүүлэн зуучлагч хараат бус, бие даасан байх;5.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох;5.1.5.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд харилцан тохиролцох;5.1.6.эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хаалттай явагдах.
6 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах журмаар маргаан шийдвэрлэх харьяалал
6.1.Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид, эсхүл энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлах төвд гаргана.
6.2.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлах төв нь хуульд тусгайлан зааснаас бусад маргаанд харьяалал харгалзахгүй эвлэрүүлэн зуучлуулах хүсэлтийг хүлээн авна.
6.3.Шүүх маргалдагч талуудад эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй.
6.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, арилжааны маргаан, түрээс болон эд хөрөнгө хөлслөх гэрээний маргаан, хөршийн эрхийн маргаан, сууц өмчлөгчдийн холбооны маргаанд эвлэрүүлэн зуучлалыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэрэглэнэ.
6.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.2-т заасан гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлуулах хүсэлтийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргана.
6.6.Энэ хуулийн 6.4-т зааснаас бусад маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр талууд гэрээндээ хэлэлцэн тохиролцсон бол шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзнэ.
6.7.Энэ хуулийн 6.6-д заасан гэрээнд эвлэрүүлэн зуучлалыг явуулах газар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэл, уулзалтын тоо, тов, эвлэрүүлэн зуучлагчийг сонгох журам, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахтай холбоотой талуудын хүлээх үүрэг зэргийг зааж болно.
6.7.Энэ хуулийн 6.4, 6.6-д заасан журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.
6.8.Энэ хуулийн 6.4, 6.6-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахыг хязгаарлахгүй.
6.9.Арбитрын ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлалын дүнд талууд эвлэрсэн бол Арбитрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу арбитрын үндсэн шийдвэрт эвлэрлийн нөхцөлийг тусгаж баталгаажуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ
7 дугаар зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч
7.1.Анхан шатны шүүх дээр орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч ажиллана.
7.2.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид дараах шаардлага тавигдана:
7.2.1.эрх зүйн бүрэн чадамжтай байх;7.2.2.дээд боловсролтой байх;7.2.3.эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан гэрчилгээ авсанбайх;
7.2.4.ял шийтгэлгүй байх;7.2.5.эрх зүйч мэргэжилтэй.
7.3.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хууль, энэ хуулийн 9.2-т заасан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.
7.4.Энэ хуулийн 7.1-д заасан эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн тамгын газар хариуцаж, холбогдох төсвийг тухайн шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.
8 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл
8.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сургалт, давтан сургалтыг зохион байгуулах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, эрхийн гэрчилгээ олгох чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ -ийг байгуулна.
8.2.Зөвлөл нь шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгч, нотариатч, хууль зүйн дээд сургуулийн багш, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, арбитрч гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байна.
8.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргах хүсэлт, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.
8.4.Шүүхийн ерөнхий зөвлөл нь Зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх болон Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батална.
9 дүгээр зүйл.Зөвлөлийн бүрэн эрх
9.1.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, дүрэм, эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлс, урамшууллын журам, ажлын байрны стандартыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.2.эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах;
9.1.3.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулж, эрхийн гэрчилгээ олгох;
9.1.4.шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хасах, гэрчилгээг хүчингүй болгох;
9.1.5.зөвлөлийн хуралдааны дэгийг тогтоох.
9.2.Зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮХИЙН БУС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ
10 дугаар зүйл. Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлал
10.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх энэ хуульд заасан журмын дагуу магадлан итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлах төв/цаашид "Төв" гэх/-ийг ажиллуулж болно.
10.2.Төв нь аль нэг байгууллагын дэргэд хуулийн этгээдийн эрхгүй, эсхүл ашгийн бус хуулийн этгээд байж болно.
10.3.Төвийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Эвлэрүүлэн зуучлалын хороо/цаашид "Хороо" гэх/-ны саналыг үндэслэн магадлан итгэмжилнэ.
10.4.Төвд энэ хуулийн 13.3-т заасны дагуу эрх авсан, тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн бүртгэлд бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна.
10.5.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хууль, энэ хуулийн 9.2-т заасан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.
10.6.Төвөөр дамжуулж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах бөгөөд эвлэрүүлэн зуучлагч дангаар эвлэрүүлэн зуучлал явуулахгүй.
11 дүгээр зүйл. Эвлэрүүлэн зуучлалын хорооны бүтэц зохион байгуулалт, бүрэн эрх
11.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд орон тооны бус Хороо ажиллана.
11.2.Хороо нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн олонхын саналаар хорооны даргыг дотроосоо 2 жилийн хугацаатай сонгоно.
11.3.Хорооны гишүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
11.4.Хорооны бүрэлдэхүүнд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хоёр, шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, их сургуулийн багш тус бүр нэг байх бөгөөд хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
11.5.Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.5.1.эвлэрүүлэн зуучлал явуулах эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох санал дүгнэлт гаргах, бүртгэл хөтлөх;
11.5.2.төвийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох санал дүгнэлт гаргах, бүртгэл хөтлөх;
11.5.3.төвийн үйл ажиллагаанд гаргасан гомдлыг шийдвэрлэх;
11.5.4.төвийн эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн талаар гаргасан гомдлыг шийдвэрлэх.
11.6.Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байж болно. Хорооны ажлын албаны чиг үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, бүртгэлийн нэгж хэрэгжүүлнэ.
11.7.Хорооны ажлын алба энэ хуулийн 13.3-т заасан эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэж, аль нэг салбараар мэргэшсэн талаарх нийтэд нээлттэй зарлана.
11.8.Эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн талаар гаргасан гомдол болон Төвийн үйл ажиллагаанд гаргасан гомдлыг Хорооны ажлын албанд гаргах бөгөөд ажлын алба гомдлыг хүлээн авч бүртгэн, Хорооны аль нэг гишүүнд санамсаргүй байдлаар хуваарилна.
11.9.Хорооны гишүүн гомдлыг хүлээн авч, гомдолтой холбоотой нотлох баримтыг цуглуулж шалгаад гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй гэж үзвэл энэ талаар гомдол гаргагчид хариу мэдэгдэх, гомдлыг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл хорооны нийт гишүүдэд танилцуулж шийдвэрлүүлнэ.
11.10.Хорооны нийт гишүүд гомдлыг хэлэлцээд дараах санал гаргана:
11.10.1.эвлэрүүлэн зуучлагчид сануулах;11.10.2.эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;11.10.3.төвийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох.
11.11.Хорооны ажиллах журам, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн гомдлыг шийдвэрлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах төвийг магадлан итгэмжлэх
12.1.Дараах шаардлагыг хангасан Төв магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг Хорооны ажлын албанд гаргана:
12.1.1.таваас доошгүй эвлэрүүлэн зуучлагчтай байх; 12.1.2.үйл ажиллагаа явуулах ажлын байртай байх.
12.2.Магадлан итгэмжлүүлэх хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:
12.2.1.эвлэрүүлэн зуучлах төвийн нэр, хуулийн этгээдийн дэргэд байгуулагдах бол тухайн хуулийн этгээдийн нэр, хаяг, тухайн эвлэрүүлэн зуучлах төвийг төлөөлөх эрх бүхийн этгээдийн овог нэр, хаяг;
12.2.2.эвлэрүүлэн зуучлах төвийн байрлах хаяг;
12.2.3.хуулийн этгээдийн хэлбэрээр байгуулагдсан эвлэрүүлэн зуучлах төв бол байгууллагын дүрэм;
12.2.4.төрийн болон ашгийн төлөө бус байгууллагын дэргэд байгуулагдаж буй эвлэрүүлэн зуучлах төв бол тухайн төрийн болон ашгийн төлөө бус байгууллагын дүрэм;
12.2.5.энэ хуулийн 12.3-т заасан шаардлагыг хангасан дүрэм холбогдох баримт бичиг;
12.2.6.эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах журам.
12.3.Төвийн дүрэмд дараах зүйлсийг тусгана:
12.3.1.эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах маргааны төрөл, хүрээ;
12.3.2.маргааны талуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх арга, хэлбэр;
12.3.3.эвлэрүүлэн зуучлагчийг сонгох, татгалзах журам;
12.3.4.эвлэрүүлэн зуучлагч нь эрх зүйч биш байх тохиолдолд эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй болохыг баталгаажуулах үүднээс хуульч, өмгөөлөгч оролцуулж болох журам;
12.3.5.маргааны талуудын хүсэлт гаргах загвар, бүрдүүлэх бичиг баримт;
12.3.6.эвлэрүүлэн зуучлах төвд хандаж хүсэлт гаргасан бол уригдагч талд энэ талаар мэдэгдэх арга, журам
12.3.7.эвлэрүүлэн зуучлах төвийн баримт материал хадгалах, хамгаалах, буцаан өгөхтэй холбоотой журам;
12.3.8.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нууцлалыг хадгалах, хамгаалах журам;
12.3.9.эвлэрүүлэн зуучлагч болон төвийн ажилтнууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж мэдсэн нууцыг хадгалах, хамгаалах журам;
12.3.10.эвлэрүүлэн зуучлагч болон эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагааны зардал болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөлс, хураамжийг тооцоолох аргачлал болон тэдгээрийн дүн, хөлс хураамж төлөх аргачлал;
12.3.11.эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагаанд гомдол гаргах журам.
12.4.Төвийн дүрмийн жишиг загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
12.5.Хорооны ажлын алба энэ хуулийн 12.2-т заасан хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянаж, шаардлага хангасан Төвийг магадлан итгэмжлэх саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
12.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.5-д заасан саналыг үндэслэн Төвийг 5 жилийн хугацаагаар магадлан итгэмжилнэ.
12.7.Төвийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ талаар 15 хоногийн дотор Хороонд мэдэгдэж бүртгүүлнэ.
13 дугаар зүйл.Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлагчид эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
13.1.Энэ хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3, 7.2.4-т заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн эвлэрүүлэн зуучлагчийн эрх авах хүсэлтээ энэ хуульд заасан баримтын хамт Хороонд гаргана.
13.2.Хороо энэ хуулийн 13.1-д заасан хүсэлт, холбогдох нотлох баримтыг ажлын 10 хоногийн дотор шалгаж шаардлага хангасан тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчид эрх олгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
13.3.Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг Хорооны саналыг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
13.4.Эвлэрүүлэн зуучлагч энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудыг албадах, тэдгээрт дарамт, шахалт үзүүлэх зэрэг аливаа хэлбэрээр нөлөөлсөн бол Хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг түдгэлзүүлнэ.
13.5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг зөрчлийн шинж байдал, маргааны талуудад учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан 3-аас 6 сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. Түдгэлзүүлсэн хугацаа дууссан тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг сэргээсэнд тооцно.
13.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах үндэслэлээр эвлэрүүлэн зуучлагчийн эрхийг хүчингүй болгоно:
13.6.1.эвлэрүүлэн зуучлалын эрхийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон;
13.6.2.эвлэрүүлэн зуучлагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
13.6.3.эвлэрүүлэн зуучлагчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
13.6.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж авсан мэдээллийг задруулсан.
13.6.5.хорооноос эвлэрүүлэн зуучлагчийн зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргасан.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ОРОЛЦОГЧ
14 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч
14.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд, талуудын зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй бусад этгээд байна.
14.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хоёр ба түүнээс дээш тал, нэг, эсхүл хэд хэдэн зуучлагч оролцож болно.
14.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд биечлэн оролцох, эсхүл цахимаар, утсаар холбогдох байдлаар оролцож болно. Хуулийн этгээд итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцож болно.
14.4.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд өмгөөлөгч, орчуулагч, хэлмэрч, мэргэжилтэн болон бусад этгээдийн туслалцаа авч болох бөгөөд эдгээр нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч байна.
15 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч талуудын эрх, үүрэг
15.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах эрх эдэлнэ:
15.1.1.эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах;
15.1.2.тохиролцох асуудлын хүрээг чөлөөтэй сонгох, эвлэрэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзах, хүлээн зөвшөөрөх, биелүүлэх;
15.1.3.эвлэрүүлэн зуучлагчийг зөвшөөрөх, татгалзах, сонгох талаар хүсэлт гаргах;
15.1.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны арга, хэлбэрийг сонгох, уг ажиллагаанд хүсэл зоригоо илэрхийлэх, хамгаалах, мэдээлэл авах, маргаанд холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх, маргааныг зохицуулах тохиролцооны нөхцөлийг үнэлэх;
15.1.5.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үйл явц, түүний үр дагавар, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаас үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;
15.1.6.эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврын талаар мэдээлэл авах;
15.1.7.эвлэрүүлэн зуучлалын аль ч үед уг ажиллагаанаас татгалзах;
15.1.8.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах;
15.1.9.эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах;
15.1.10.эвлэрүүлэн зуучлагчийг сонгохтой холбоотойгоор Төвөөс туслалцаа хүсэх;
15.1.11.нууцлалаа хамгаалуулах;15.1.12.хуульд заасан бусад эрх.
15.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах үүрэг хүлээнэ:
15.2.1.эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд уг гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар, шударгаар гүйцэтгэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эвлэрлийн гэрээгээ шүүхээр баталгаажуулж албадан гүйцэтгүүлэх;
15.2.2.энэ хуульд заасан журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, ажлын хөлс, зайлшгүй зардлыг хариуцах;
15.2.3.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох, эвлэрүүлэн зуучлагчийн дуудлага, товлосон уулзалтад хүрэлцэн ирэх, эвлэрүүлэн зуучлагчийг сонгоход түргэн шуурхай хандах;
15.2.4.хуульд заасан бусад үүрэг.
16 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэг
16.1.Эвлэрүүлэн зуучлагч дараах эрх эдэлнэ:
16.1.1.Төвийн эвлэрүүлэн зуучлагч талуудтай харилцан тохиролцож, ажлын хөлс авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг төлүүлэх;
16.1.2.нууцлалыг хадгалах зарчмыг баримтлан үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэх;
16.1.3.энэ хуульд заасан журмыг дагаж мөрдөн эвлэрүүлэн зуучлах үйл явцыг зохион байгуулахдаа өөрийн арга, хэлбэрийг сонгон хэрэглэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмын талаар талуудад зөвлөмж өгөх;
16.1.4.эвлэрүүлэн зуучлалд идэвхтэй оролцохыг талуудаас шаардах, талуудыг ганцаарчилсан болон хамтарсан уулзалтад дуудан ирүүлэх;
16.1.5.хуульд заасан бусад эрх.
16.2.Эвлэрүүлэн зуучлагч дараах үүрэг хүлээнэ:
16.2.1.хууль тогтоомж болон холбогдох журам, дүрэмд заасан үндэслэл байвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах;
16.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зарчмыг чандлан сахиж, үйл ажиллагаагаа талуудын эрх, ашиг сонирхолд нийцүүлэн тэдний тэгш оролцоог хангаж явуулах;
16.2.3.талуудад эвлэрүүлэн зуучлалын үйл явц, түүний зорилго, үр дагаврын талаар мэдээлэл өгөх;
16.2.4.маргаанд ямар нэг хувийн ашиг сонирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах;
16.2.5.эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих;
16.2.6.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудаас итгэмжлэн өгсөн баримт бичгийг буцааж өгөх;
16.2.7.талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө тусгайлан өгөх, эсхүл туслалцаа үзүүлэхгүй байх;
16.2.8.хэлэлцэж байгаа асуудал бүрд талуудын хүсэлтийг бататгаж, харилцан буулт хийх нөхцөлийг бүрдүүлэх;
16.2.9.эвлэрүүлэн зуучлалын үйл явцын талаар тэмдэглэл хөтлөх, талуудад асуулт тавих, тайлбарыг баримтжуулах;
16.2.10.хуульд заасан бусад үүрэг.
17 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өмгөөлөгч оролцох
17.1.Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашигт нийцэж байвал эвлэрүүлэн зуучлуулахыг зөвлөх, үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохдоо эвлэрэх нөхцөл болон үр дагаврын талаар тайлбарлах, эрх ашигт нь нийцэж байвал үйлчлүүлэгчээ тохиролцоонд хүрэхийг зөвлөнө.
17.2.Өмгөөлөгч мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч бол өөрийн явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч аль нэг талд хожим тухайн асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр оролцох, эсхүл урьд өмнө өмгөөлөгчөөр оролцож байсан хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахыг хориглоно.
17.3.Талуудын хүсэлтээр өмгөөлөгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, талууд эвлэрэхэд саад учруулахыг хориглоно.
17.4.Өмгөөлөгч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж мэдсэн мэдээллийг хуульд заасны дагуу нууцлах үүрэгтэй.
18 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гуравдагч этгээд оролцох
18.1.Эвлэрүүлэн зуучлалын үр дүнд хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдөхөөр бол гуравдагч этгээдийг өөрийнх нь болон талуудын хүсэлтээр уг ажиллагаанд оролцуулж болно.
18.2.Талуудын хүсэлтээр тэдний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн болон холбогдох бусад этгээдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулж болно.
19 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргах
19.1.Талууд дангаар, эсхүл харилцан тохиролцсоноор эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргаж болно. Шүүхээс шилжүүлсэн хэрэгт эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргасан бол энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.
19.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зарчмын дагуу хэрэгжүүлэхэд саад болох нөхцөл байдал бий болсон тохиолдолд эвлэрүүлэн зуучлагч уг ажиллагаанаас нэн даруй татгалзан гарах үүрэгтэй.
19.3.Энэ хуулийн 19.4-т зааснаас гадна эвлэрүүлэн зуучлагч өөрийн хүчин зүтгэлээр талуудыг эвлэрэлд хүргэж чадахгүй гэж үзсэн бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах, эсхүл талуудын санал, зөвшөөрлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох эрхтэй.
19.4.Эвлэрүүлэн зуучлагч нь талуудын аль нэгтэй гэр бүлийн, төрөл, садангийн холбоотой, эсхүл аль нэг талд хууль зүйн зөвлөгөө өгсөн, нууц задруулсан, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн бол талууд эвлэрүүлэн зуучлагчийг татгалзан гаргах эрхтэй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
20 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нийтлэг үндэслэл
20.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогчоос бусад этгээдийн хувьд хаалттай явагдана.
20.2.Талууд эсрэг талдаа мэдэгдэхгүйгээр зуучлагчтай уулзах, тухайн маргаанд өмгөөлөгчөөр ажиллах талаар эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт, шаардлага тавих зэрэг үйлдэл, эс үйлдэхүйгээр эвлэрүүлэн зуучлагчийн төвийг сахисан байр суурийг алдагдуулахыг хориглоно.
20.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудыг албадах, тэдгээрт дарамт, шахалт үзүүлэх зэрэг аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.
20.4.Талууд эвлэрүүлэн зуучлалыг сонгосон, уг ажиллагаанд оролцсон байдал нь шүүхээс Иргэний хуулийн 79.1, 82.4-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсхүл уг хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болно.
20.5.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудын хүсэлтээр цахимаар явуулж болно.
20.6.Арбитрын ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлалын дүнд талууд эвлэрсэн бол Арбитрын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу арбитрын үндсэн шийдвэрт эвлэрлийн нөхцөлийг тусгаж баталгаажуулна.
21 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах газар, хугацаа
21.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг уг ажиллагааны хаалттай явагдах зарчмыг хангах боломжтой зориулалтын танхим, эсхүл талуудын тохиролцсон бусад газарт болон талуудын хүсэлтээр цахимаар, утсаар явуулна.
21.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 20 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч энэ хугацааг 20 хоногоор сунгаж болно.
21.3.Энэ хуулийн 32.1-д заасны дагуу явуулах эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасан хугацааны дотор явуулна.
22 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нууцлал
22.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж авсан мэдээллийг нууцлах үүрэгтэй.
22.2.Арбитр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үүнтэй төстэй бусад ажиллагаанд дараах мэдээллийг задруулах, энэ талаар нотлох баримт гаргах, гэрчийн мэдүүлэг өгөхийг хориглоно:
22.2.1.талуудын эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, талуудын эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн баримт;
22.2.2.маргааныг шийдвэрлэх талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудын гаргасан санал;
22.2.3.эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гаргасан талуудын мэдүүлэг, тайлбар;
22.2.4.эвлэрүүлэн зуучлагчийн гаргасан санал;22.2.5.эвлэрүүлэн зуучлагчийн санал болгосон эвлэрлийн саналыг талууд хүлээн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн баримт;
22.2.6.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зориулж тусгайлан бэлтгэсэн баримт.
22.3.Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад олж авсан баримт бичгийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
22.4.Шүүх, арбитр, бусад эрх бүхий байгууллага энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийг ил болгохыг шаардах эрхгүй бөгөөд үүнийг зөрчиж авсан мэдээлэл нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй.
22.5.Дараах тохиолдолд энэ хуулийн 22.1-д заасан нууцыг хадгалах үүрэгт хамаарахгүй:
22.5.1.талуудын зөвшөөрснөөр;
22.5.2.талууд ил болгох боломжтой байсан мэдээллийг нуун дарагдуулахын тулд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг урвуулан ашиглах;
22.5.3.олон нийтэд нээлттэй мэдээлэл;
22.5.4.эвлэрүүлэн зуучлагч үүргээ зөрчсөн эсэхийг шалгахад шаардлагатай тохиолдолд;
22.5.5.хуульд заасны дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай тохиолдолд;
22.5.6.эвлэрлийн гэрээг гүйцэтгэх, албадан гүйцэтгэхийн тулд мэдээллийг ил болгох шаардлагатай тохиолдолд;
22.5.7.хуульд заасан бусад.
22.6.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ил болсон мэдээллийг бусдад задруулсан этгээд хуульд заасан хариуцлага хүлээнэ.
23 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эхлэх
23.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дараах үндэслэлээр эхэлнэ:
23.1.1.талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эсхүл Төвд хандаж хүсэлт гаргасныг уригдагч талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох талаарх мэдэгдэл ирүүлсэн;
23.1.2.шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигчид өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон;
23.1.3.шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн;
23.1.4.арбитрын ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулахыг талууд зөвшөөрсөн.
23.2.Төв нь 3 хоногийн дотор уригдагч талд эвлэрүүлэн зуучлалын хүсэлтийн хувийг болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох эсэх мэдэгдлийг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны танилцуулга, оролцогчийн эрх, үүргийн хамт оршин суугаа хаяг, мэдэгдэж байгаа бол цахим хаягаар хүргүүлнэ.
23.3.Уригдагч тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоо илэрхийлж энэ хуулийн 23.2-т заасан мэдэгдэлд гарын үсэг зурж мэдэгдлийг Төвд илгээнэ.
23.4.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу талууд болон холбогдох этгээдийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудаж ирүүлнэ.
23.5.Энэ хуулийн 23.3-т заасан мэдэгдэлд гарын үсэг зурсан өдрөөс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эхэлсэнд тооцно.
23.6.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон Төв нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах уулзалтын товыг талуудад мэдэгдэнэ.
23.7.Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэргийг тодруулах зорилгоор шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон Төвд тусгайлан хүсэлт гаргаж болно.
24 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлагчийг сонгох
24.1.Талууд хоёр болон түүнээс дээш тооны эвлэрүүлэн зуучлагчаар зуучлуулахаар тохиролцсоноос бусад тохиолдолд нэг эвлэрүүлэн зуучлагчийг сонгоно.
24.2.Талууд эвлэрүүлэн зуучлагчийг сонгох асуудлаар Төвөөс туслалцаа хүсэж болно. Энэ тохиолдолд Төв нь эвлэрүүлэн зуучлагчдын нэрсийн жагсаалт, танилцуулгыг талуудад хүргүүлж талуудыг эвлэрүүлэн зуучлагчаа сонгох боломжоор хангана.
24.3.Энэ хуулийн 24.2-т заасан эвлэрүүлэн зуучлагчдын нэрсийн жагсаалт, танилцуулгыг хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор талуудын сонгосон эвлэрүүлэн зуучлагчийг баталгаажуулж, эвлэрүүлэн зуучлагч сонгох ажлыг зохион байгуулна.
24.4.Төв нь ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар ажиллах боломжтой эвлэрүүлэн зуучлагчийг санал болгоно.
24.5.Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах санал авсан эвлэрүүлэн зуучлагч нь ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц бүхий л нөхцөл байдлыг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв эвлэрүүлэн зуучлах ажиллагаа эхэлсний дараа энэ нөхцөл байдал үүсвэл нэн даруй талуудад мэдэгдэх үүрэгтэй.
24.6.Энэ хуулийн 24.3-т заасан хугацаанд талууд эвлэрүүлэн зуучлагчаа сонгож чадаагүй бол эвлэрүүлэн зуучлах төв энэ хуулийн 24.4-т заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлагчийг сонгож томилно.
24.7.Төвийг нэг болон хэд хэдэн эвлэрүүлэн зуучлагч томилох эрхтэй байхаар талууд тохиролцож болно.
24.8.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ачаалал нэмэгдсэн, тусгай мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч шаардлагатай болсон, эсхүл талууд өөр эвлэрүүлэн зуучлагч сонгосон тохиолдолд тухайн маргаанд орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулж болно.
25 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэлбэр
25.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах хэлбэр нь уулзалт байна.
25.2.Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, тухайн маргааны нөхцөл байдлыг харгалзан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.
25.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
25.4.Нэг уулзалтын хугацаа нь талуудын тайлбарыг бүрэн сонсох, харилцан ойлголцоход хангалттай байвал зохино.
26 дугаар зүйл. Эхний уулзалт
26.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлалын талаарх ойлголт, онцлог, ажиллагааны журам, талуудын эрх үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсоно.
26.2.Эхний уулзалтаар талууд эвлэрэлд хүрч болно.
26.3.Эхний уулзалтаар талууд эвлэрээгүй бол дараагийн уулзалтыг талууд товлож, товд гарын үсэг зурна.
26.4.Энэ хуулийн 23.3-т зааснаар уригдагч талаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох талаар мэдэгдсэн, эсхүл 26.3-т зааснаар дараагийн уулзалтын товд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр уулзалтад ирээгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болж, шүүх хэргийг хянан шийдвэрлэж байгаа бол улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эвлэрүүлэн зуучлалын уулзалтад ирээгүй талаар төлүүлж шийдвэртээ энэ талаар тусгана.
27 дугаар зүйл.Тэмдэглэл
27.1.Эвлэрүүлэн зуучлагч эсхүл түүний даалгавраар эвлэрүүлэн зуучлах ажилтан ажиллагаа бүрийн тэмдэглэлийг монгол хэлээр цаг тухайд нь хөтөлнө.
27.2.Тэмдэглэлд уулзалтыг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, эвлэрүүлэн зуучлагч болон уулзалтад оролцсон талуудын овог, нэр, хаяг, талуудын асуулт, хариулт, тайлбар, санал нэгдсэн байдал, шийдэл, дараагийн ажиллагааны арга, хэлбэр, товыг тусгана.
27.3.Тэмдэглэлд эвлэрүүлэн зуучлагч болон талууд гарын үсэг зурна.
27.4.Эвлэрүүлэн зуучлагч талуудаас гаргаж өгсөн баримт бичиг болон эд зүйлсийг өөрсдийнх нь хүсэлтээр буцаан олгоно.
27.5.Талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад үйлдсэн баримт бичиг болон тэмдэглэлийг хадгалах хүрээ, хугацааг тогтоож болно.
27.6.Эвлэрүүлэн зуучлагч нь Зөвлөлөөс баталсан журмын дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцаж, зөвхөн талуудын зөвшөөрлөөр бусдад үзүүлэх эрхтэй.
28 дугаар зүйл.Эвлэрлийн гэрээ
28.1.Талуудын тохиролцооны агуулгыг талууд өөрсдөө, эсхүл тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна.
28.2.Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан тохиолдолд гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.
28.3.Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна. Эвлэрлийн гэрээг цахимаар байгуулж болно.
28.4.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
28.5.Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.
28.6.Талууд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэх хугацааг харилцан тохиролцож гэрээнд тусгана. Эвлэрлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэх хугацаа 20 хоног байна.
29 дүгээр зүйл.Эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах
29.1.Төвийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй бол эвлэрлийн гэрээ зөрчигдөж эхэлсэн үеэс үүрэг гүйцэтгэгчийн харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулна.
29.2.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 74.6 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасан журмын дагуу захирамж гаргана.
30 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох
30.1.Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:
30.1.1.аль нэг тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй;30.1.2.уулзалт, ярилцлага удаа дараа үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон буюу эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон;
30.1.3.талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан;
30.1.4.эвлэрүүлэн зуучлалын цаашид сунгах боломжгүй болсон;30.1.5.эвлэрүүлэн зуучлагчийг талууд татгалзсанаар уг ажиллагаагцаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.
31 дүгээр зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж, зардал, хөлс
31.1.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө.
31.2.Эвлэрүүлэн зуучлагчаас маргааныг зохицуулахтай холбогдон зайлшгүй гарах зардлыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал гэнэ.
31.3.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
31.4.Төв, төвд ажилласан эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлсийг тухайн Эвлэрүүлэн зуучлах төвөөс тогтоосон журмаар зохицуулах бөгөөд зардлыг хэрхэн хуваарилах талаар талууд тохиролцоно.
31.5.Шүүх дэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийн ажлын хөлсийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ЗАРИМ ТӨРЛИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА
32 дугаар зүйл.Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
32.1.Шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.
32.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгоно.
32.3.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй дуусгавар болсон тохиолдолд шүүх иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
32.4.Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд талууд бүх шаардлага, эсхүл аль нэг, эсхүл хэд хэдэн шаардлагын талаар эвлэрүүлэн зуучлагчийн туслалцааг ашиглаж болно.
32.5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар хоорондоо эвлэрсэн тохиолдолд эвлэрлийг тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тусгана.
32.6.Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг шүүгч тогтооно.
29.3.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.7-д заасны дагуу шийдвэрлэнэ.
33 дугаар зүйл.Арилжааны маргааныг эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
33.1.Маргааны нэг тал нь арилжаа эрхлэгч байх тохиолдолд тухайн харилцаанаас үүссэн маргаанд эхний уулзалтыг эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор энэ хуульд заасан журмын дагуу хийнэ.
33.2.Эхний уулзалт амжилтгүй болсон бол талууд ердийн журмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргана.
33.3.Энэ хуулийн 33.1-д заасан уулзалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тал шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцаж төлнө.
34 дүгээр зүйл.Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
34.1.Хөдөлмөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн эрхийн маргааны хүрээнд явагдана.
34.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэсэн нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.
35 дугаар зүйл.Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа
35.1.Энэ хуулийн 6.4-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн холбогдолтой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
35.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.1-д заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хэрэгжүүлнэ.
35.3.Шүүхээс тогтоосон хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол шүүх гэрлэгчдийн хооронд үүссэн гэрлэлт цуцлахаас бусад тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг болон дундын эд хөрөнгө хуваахтай холбогдсон маргаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулж болно.
35.4.Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйч болон төрөл, садан, найз нөхөд, хамтран ажиллагсдыг оролцуулж болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
36 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчилах
36.1.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, талуудыг эвлэрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг эвлэрүүлэн зуучлагч, Төв, шүүхийн тамгын хэлтэс, алба болон шүүхийн мэдээлэл, лавлагааны алба хэрэгжүүлнэ.
36.2.Энэ хуулийн 36.1-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ нууцлалыг хадгалах зарчмыг баримлана.
37 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
37.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээд нөхөн төлнө.
38 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
38.1.Энэ хуулийг 20... оны .... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
1
Санал өгөх