A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2025-12-02 16:13:56
Төслийн төлөв Идэвхтэй
  • 1
  • 0
  • 392
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-12-30

Танилцуулга:

Энэ хуулийн зорилго нь хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд оршино.

Төсөл

6 дахь хувилбар

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны. . .сарын ... -ны өдөр            ... дугаар             Улаанбаатар хот

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

Хэвлэх

  

1.1.Энэ хуулийн зорилго нь хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд оршино.

  

2 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хууль тогтоомж

Хэвлэх

  

2.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

  

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

  

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

  

3.1.Энэ хууль нь төсвийн хөрөнгө оруулалтын төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн үнэлэх, эрэмбэлэх замаар оновчтой төлөвлөж, төслийн хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтын үр дүнтэй удирдлагыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ.

  

3.2.Улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад хамаарах харилцааг энэ хуулиар, бусад харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

  

3.3.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хүрээнд худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.

  

3.4.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн харилцааг энэ хуулиар зохицуулна.

  

3.5.Төрийн болон албаны нууцад хамаарах төсвийн хөрөнгө оруулалтын энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

  

3.6.Төсвийн хөрөнгө оруулалтаас бусад хөрөнгө оруулалтын харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

  

4 дүгээр зүйл.Нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

  

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

  

4.1.1."авто зам" гэж Авто замын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

  

4.1.2."барилга байгууламж" гэж Барилгын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

  

4.1.3."гадаадын зээл" гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.17-д заасныг;

  

4.1.4."гадаадын тусламж" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.53-т заасныг;

  

4.1.5."гүйцэтгэгч" гэж захиалагчтай байгуулсан төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээдийг;

  

4.1.6."гүйцэтгэл" гэж төслийн төлөвлөгөө, хугацаа болон гэрээнд заасны дагуу хэрэгжиж буй байдал, ажлын явц, үр дүнг илэрхийлэх төлөв байдлыг;

  

4.1.7."дэд бүтэц" гэж нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн барилга байгууламж, харилцаа холбоо, захиргаа, эрчим хүч, ус хангамж, зам тээвэр, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний тогтолцоог;

  

4.1.8."захиалагч" гэж энэ хуулийн 16.1-д заасан этгээдийг;

  

4.1.9."зөвлөх үйлчилгээ" гэж төслийн хэрэгжилт, удирдлага, үнэлгээ, төлөвлөлт, зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа, хууль зүйн дүгнэлт, аудит, хяналт шинжилгээ, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх болон бусад чиглэлээр мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагад суурилан зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, сургалт зохион байгуулах зэрэг гэрээний үндсэн дээр үзүүлж буй мэргэжлийн үйлчилгээг;

  

4.1.10."зураг төсөл" гэж Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасныг;

  

4.1.11."зураг төсөл зохиогч" гэж Барилгын тухай хуулийн 4.1.31-д заасан этгээдийг;

  

4.1.12."зураг төсөл зохиогчийн хяналт" гэж Барилгын тухай хуулийн 4.1.32-т заасныг;

  

4.1.13."их засвар" гэж барилга байгууламжийг бүрэн сэргээн засварлах, түүнд суурилуулсан цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор үндсэн хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэх хэмжээний засварын ажлыг;

  

4.1.14."магадлалын дүгнэлт" гэж зураг төсөл, технологи, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд, тав тухтай, амьдрах эрх, холбогдох норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэх, эдийн засгийн үр ашигтай төлөвлөгдсөн эсэх, байгаль, цаг уур, газар нутгийн нөхцөлд зохицож байгаа эсэхийг мэргэжлийн түвшинд, хараат бусаар бие даан хянаж гаргасан дүгнэлтийг;

  

4.1.15."нийгмийн ач холбогдол" гэж төсөл хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар сайжрах, төрөөс нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зэрэг хүн, нийгэм, байгаль орчинд гарах үр дүнг;

  

4.1.16."орон нутгийн төсөв" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.27-д заасныг;

  

4.1.17."тайлагналт" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагчаас төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлийн талаарх мэдээ, тайланг энэ хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлэх үйл ажиллагааг;

  

4.1.18."техник, технологийн хяналт" гэж төсөл батлагдсан зураг төсөл, төсөв, холбогдох норм, норматив, техникийн баримт бичиг болон гэрээнд заасны дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

  

4.1.19."техник, эдийн засгийн үндэслэл" гэж төслийг хэрэгжүүлэх боломж, технологийн шийдэл, байршил, хүчин чадал, хөрөнгө оруулалтын хэмжээ, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, байгаль орчны нөлөөлөл, эрсдэлийг үнэлж тооцсон, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглагдах иж бүрэн судалгаа, дүн шинжилгээнд суурилсан баримт бичгийг;

  

4.1.20."тоног төхөөрөмж" гэж төрийн болон орон нутгийн өмчид бүртгэгдэх хөрөнгө оруулалтын шинж чанартай авто машин, машин, тавилга, компьютер, техник хэрэгсэл, багаж зэмсгийг;

  

4.1.21."төр, хувийн хэвшлийн түншлэл" гэж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.11-д заасныг;

  

4.1.22."төсвийн ерөнхийлөн захирагч" гэж Төсвийн тухай хуулийн 14.1-д заасан албан тушаалтныг;

  

4.1.23."төсвийн хөрөнгө оруулалт" гэж төрөөс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг хангах, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэх, сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд хуваарилан зарцуулах үйл ажиллагааг;

  

4.1.24."төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн сан" /цаашид "мэдээллийн сан" гэх/ гэж төсвийн хөрөнгө оруулалтын өгөгдөл, мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн цогцыг;

  

4.1.25."төсвийн хөрөнгө оруулалтын төсөл" /цаашид "төсвийн хөрөнгө оруулалтын төсөл", эсхүл "төсөл" гэх/ гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт заасан зорилтыг хангах, нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор барилга байгууламж барих, их засвар хийх, тоног төхөөрөмж нийлүүлэх, тэдгээрийг ашиглалтад оруулах, хэвийн үйл ажиллагааг хангах, тохируулах, зүгшрүүлэх болон түүнтэй холбоотой хийгдэх, тодорхой цаг хугацаанд хэрэгжих цогц үйл ажиллагааг;

  

4.1.26."төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага" гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах болон хөрөнгийн удирдлага, ашиглалт, үр өгөөжийг тооцох үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар үр дүнтэй хэрэгжүүлэх үйл явцыг;

  

4.1.27."төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем" /цаашид "цахим систем" гэх/ гэж мэдээллийн технологид суурилсан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэх, өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын мэдээлэл солилцох, хадгалах, нийтэд ил тод мэдээлэхэд ашиглах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий программ хангамж, техник хангамжийн нэгдлийг;

  

4.1.28."төслийн санхүүжилт" гэж гүйцэтгэгч, захиалагчийн хүсэлтээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуульд заасны дагуу төсөвт багтсан зардлыг гүйцэтгэгчид шилжүүлэх үйл ажиллагааг;

  

4.1.29."төслийн төлөвлөлт" гэж төслийн хэрэгцээ, шаардлагыг тооцох, төслийг хэрэгжүүлэх, ашиглалтад оруулах болон төслийн өгөөжийг хадгалах, бууруулахгүй байх зорилгоор төслийн төлөвлөгөө боловсруулах, төсөл хэрэгжүүлэх санал гаргах үйл ажиллагааг;

  

4.1.30."төслийн хэрэгжилт" гэж төслийн багц хуваарилах, эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, төсвийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, ажлын даалгаварт заасан ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх, гэрээнд заасан үндсэн болон дагалдах үүргийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх буюу төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг;

  

4.1.31."төсөвт өртөг" гэж төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт зардлыг тооцоолж, магадлалын дүгнэлтээр баталгаажсан зураг төсөл, төсөвт тусгагдсан дүнг;

  

4.1.32."төсөл хэрэгжүүлэх гэрээ" гэж төслийг хэрэгжүүлэх зорилгоор захиалагч болон гүйцэтгэгчийн байгуулсан ажлын даалгавар, гүйцэтгэл, санхүүжилт, хугацаа, хариуцлага, хяналт, бусад нөхцөлийг тодорхойлсон гэрээг;

  

4.1.33."улсын төсөв" гэж Төсвийн тухай хуулийн 4.1.6-д заасныг;

  

4.1.34."уур амьсгалын өөрчлөлт" гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын нэгдүгээр зүйлийн 2-т заасныг;

  

4.1.35."үр өгөөж" гэж төсвийн хөрөнгө оруулалтын төслөөс нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг үр нөлөө, ашиг тусыг;

  

4.1.36."хөгжлийн бодлого" гэж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.1-д заасныг;

  

4.1.37."худалдан авах ажиллагаа" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.23-т заасныг;

  

4.1.38."хяналт" гэж төсөл нь тогтоосон хугацаанд, төсөвт өртгийн хүрээнд, ажлын даалгавар, батлагдсан зураг төсөл, холбогдох норм, нормативын баримт бичгийн дагуу хэрэгжиж буй эсэхийг шалгах үйл ажиллагааг;

  

4.1.39."эдийн засгийн үр ашиг" гэж төсөл хэрэгжсэнээр улс, нийгэмд бий болох үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр, орлогын өсөлт, зарлагын бууралт болон бусад эдийн засгийн өгөөжийг хэмжсэн тооцоолол болон чанарын үнэлгээг;

  

5 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын зарчим

Хэвлэх

  

5.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан зарчмаас гадна доор дурдсан зарчмыг баримтална:

  

5.1.1.төсвийн хөрөнгө оруулалт нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцсэн байх буюу нийцлийн зарчим;

  

5.1.2.төсвийн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг үнэлэх шинжилгээнд үндэслэсэн, нийгмийн ач холбогдол, эдийн засгийн өгөөжтэй байх буюу үр ашигтай байх зарчим;

  

5.1.3.тэргүүн ээлжийн эрэмбэд шилжих буюу он дамжин хэрэгжүүлж байгаа төслийг төсвийн төсөлд тусгах буюу эрэмбийн зарчим;

  

5.1.4.төсвийн хөрөнгө оруулалтын бүхий л үе шатанд олон нийтийн оролцоог хангаж, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх буюу ил тод байдлын зарчим;

  

5.1.5.төсвийн хөрөнгө оруулалтад хяналт, хөндлөнгийн аудит, үнэлгээний тогтолцоог бүрдүүлж, захиалагчийн болон зохиогчийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх буюу хяналтын зарчим;

  

5.1.6.эрх бүхий албан тушаалтан, албан хаагч, мэргэжилтэн нь бүрэн эрх, чиг үүргээ төсвийн сахилга бат, мэргэжлийн ёс зүйг баримтлан, хууль ёсны дагуу, ашиг сонирхлын зөрчилгүй, авлигаас ангид, хараат бус, бие даан гүйцэтгэж, санхүүгийн хариуцлагыг чанд баримтлах буюу хариуцлагатай байх зарчим;

  

5.1.7.төсвийн хөрөнгө оруулалтыг их өгөгдөл, хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтцэд тулгуурлан цахим системээр хэрэгжүүлэх буюу цахим удирдлагын зарчим;

Тайлбар:"Их өгөгдөл" гэдэгт төрөл бүрийн эх сурвалжаас өндөр хурдтай, их хэмжээ, өргөн цар хүрээтэйгээр үүсдэг бөгөөд өгөгдөл, статистикт суурилсан дүн шинжилгээ, шийдвэр гаргалтад ашиглах боломж бүхий мэдээллийн цогцыг ойлгоно.

  

5.1.8.хувийн хэвшил бие даан санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломжтой төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхгүй байх буюу оновчтой хөрөнгө оруулалтын зарчим;

  

5.1.9.төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгэж, ашиглалт, сайжруулалтыг тогтмол хийх буюу хөрөнгийн үр өгөөжийг хадгалах зарчим;

  

5.1.10.байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах буюу ногоон хөрөнгө оруулалтын зарчим;

  

5.1.11.төсвийн хөрөнгө оруулалт нь иргэн бүрийн оролцоо, тэгш боломжийг хангах, нийгмийн бүлэг тус бүрийн ялгаатай хэрэгцээг харгалзан асуудлыг шийдвэрлэхэд чиглэх буюу хүртээмжтэй байх зарчим.

6 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын үе шат

Хэвлэх

  

6.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг дараах үе шатаар хэрэгжүүлнэ:

  

6.1.1.төслийн бэлтгэл ажиллагааг хангах буюу төлөвлөлтийн үе шат;

  

6.1.2.төслийн хэрэгжилтийн үе шат;

  

6.1.3.төслийн санхүүжилтийн үе шат;

  

6.1.4.төслийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах буюу хяналт, тайлагналтын үе шат;

  

6.1.5.төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд бий болсон өмч, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, ашиглалтыг сайжруулах буюу өмч, хөрөнгийн удирдлага, ашиглалтын үе шат.

  

6.2.Төлөвлөлтийн үе шатанд улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагад үндэслэн санаачилсан төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг боловсруулах, төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох, төсөв, зардлын тооцоог гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг эрэмбэлэн төсвийн хөрөнгө оруулалтын төслийг оновчтой тодорхойлж, үнэлсний дагуу төсөвт тусгана.

  

6.3.Хэрэгжилтийн үе шатанд төсөвт тусгагдсан төслийн эрх шилжүүлэх, багц хуваарилах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулах ба төслийг хэрэгжүүлэх явцад захиалагчийн хяналт, захиалагчийн техникийн болон зураг төсөл зохиогчийн хяналтыг тавьж ажиллана.

  

6.4.Санхүүжилтийн үе шатанд төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс батлагдсан төлөвлөгөөний дагуу олгох, зарцуулах, санхүүгийн гүйцэтгэлийг хянах, тайлагнах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  

6.5.Хяналт, тайлагналтын үе шатанд төслийн хэрэгжилтэд явц, үр дүн, санхүүжилт, чанар, хугацааг гэрээнд зааснаар хяналт тавьж, тайлагнах бөгөөд гүйцэтгэлийн хяналт, үнэлгээ хийх үйл ажиллагааг хамруулна.

  

6.6.Өмч, хөрөнгийн удирдлага, ашиглалтын үе шатанд төсвийн хөрөнгө оруулалтын дүнд бий болсон хөрөнгийг ашиглалтад оруулах, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэх, өмчлөгч болон ашиглагч байгууллагад шилжүүлэх, өмчийн үр ашигтай удирдлага, засвар, үйлчилгээ, ашиглалтыг сайжруулах, хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  

7 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн ангилал, төрөл

Хэвлэх

  

7.1.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг хөрөнгө оруулалтын төсөвт өртөг, хэрэгжих хугацаанд үндэслэн дараах байдлаар ангилна:

Төслийн ангилал

Төсөвт өртөг

/төгрөг/

Хэрэгжих хугацаа /жил/

1.

I түвшин буюу жижиг

5 тэрбум хүртэл

Хоёр хүртэл

2.

II түвшин буюу дунд

5 тэрбумаас дээш 20 тэрбум хүртэл

Гурав хүртэл

3.

III түвшин буюу том

20 тэрбумаас дээш 100 тэрбум хүртэл

Дөрөв хүртэл

4.

IV түвшин буюу хөгжлийн

100 тэрбумаас дээш 350 тэрбум хүртэл

Тав хүртэл

5.

V түвшин буюу мега

350 тэрбумаас дээш

Таваас дээш

Тайлбар:"Мега төсөл" гэдэгт улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий, олон жилийн хугацаанд хэрэгжих, олон улсын болон үндэсний түвшний, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан, иж бүрэн төлөвлөлт, техник, эдийн засгийн үндэслэлтэй V ангиллын төслийг ойлгоно.

  

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан төслийн ангиллыг тогтооход төсөвт өртөг, төсөл хэрэгжүүлэх хугацааны хувьд зөрүү үүсэх тохиолдолд төсөвт өртгийг суурь үзүүлэлтэд тооцно.

  

7.3.Энэ хуулийн 7.1-д заасан V ангиллын төслийн хэрэгжих хугацаа нь тухайн төслийн онцлог, төсөл хэрэгжих байршлаас хамаарч 5 хүртэлх жил байж болно.

  

7.4.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл нь дараах төрөлтэй байна:

  

7.4.1.боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг хүний хөгжлийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэсэн нийгмийн салбарын төсөл;

  

7.4.2.эрчим хүч, зам тээвэр, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ, шинжлэх ухаан, цахим хөгжил, инноваци, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн болон хүнд аж үйлдвэр зэрэг эдийн засгийн салбарын төсөл;

  

7.4.3.үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, онцгой байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын төсөл;

  

7.4.4.шүүх засаглал, хууль зүй, дотоод хэрэг, төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг захиргааны удирдлага, зохион байгуулалтаар хангахад чиглэсэн төрийн захиргааны салбарын төсөл.

  

8 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цаглавар

Хэвлэх

  

8.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл болон энэ хуульд заасан цаглаврыг мөрдөнө.

  

8.2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын төлөвлөлтийн үе шатанд дараах цаглаврыг мөрдөнө:

  

8.2.1.сум, дүүрэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор авах;

  

8.2.2.сум, дүүргийн Засаг дарга иргэдийн саналыг харгалзан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 24.2.1-д заасны дагуу үнэлгээ хийж, жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

  

8.2.3.аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 24.2.2-т заасны дагуу үнэлж, эрэмбэлэн, шаардлага хангасан төслийг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор тухайн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.

  

9 дүгээр зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтад хориглох зүйл

Хэвлэх

  

9.1.Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэхийг хориглоно.

  

9.2.Төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэхэд эх үүсвэр давхардуулах болон зөвлөх үйлчилгээ, инженер-геологи, зураг төслийн ажлыг өр үүсгэх байдлаар боловсруулах, зардлыг давхардуулан олгохыг тус тус хориглоно.

  

9.3.Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний төслийн зардлыг хооронд нь шилжүүлэх, батлагдсан нэр, байршлыг солих, хүчин чадлыг өөрчлөх болон хуулиар батлагдсан төсөвт өртгийг хэтрүүлэн худалдан авах ажиллагааг зарлах, зохион байгуулах, гэрээ байгуулах, санхүүжүүлэхийг хориглоно.

  

9.4.Энэ хуульд заасан шаардлагын дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөл батлагдаагүй, магадлалаар зураг төсөл баталгаажаагүй, эсхүл газрын зөвшөөрөл олгогдоогүй төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхийг хориглоно.

  

9.5.Төслийн худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулаагүй төслийг төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.

  

9.6.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг батлагдсан төсөвт өртөгт багтаан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд эрх бүхий этгээдээс нэмэлт санхүүжилтийг энэ хуульд зааснаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төсвөөс нэмэлт эх үүсвэр, санхүүжилтийг төлөвлөх, санхүүжүүлэхийг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ТАЛААРХ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ

 10 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

  

10.1.Засгийн газар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  

10.1.1.энэ хуулийн 17.3-т зааснаар төсвийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарыг тогтоох;

  

10.1.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн батлагдсан төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх;

  

10.1.3.төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах.

  

10.2.Засгийн газар нь төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд салбар хоорондын уялдааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

  

11 дүгээр зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Хэвлэх

  

11.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  

11.1.1.улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

  

11.1.2.төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

  

11.1.3.багц дүнгээр батлагдсан төсвийг хуваарилах шийдвэрийг тухайн салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтарч батлах;

  

11.1.4.хууль зөрчсөн, зөрчилтэй, эсхүл хөрөнгө оруулалтын шаардлага хангаагүй төслийг зогсоох, хариуцлага, тооцох, дахин төлөвлөх талаарх саналыг Засгийн газарт танилцуулах, шийдвэрлүүлэх;

  

11.1.5.төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын санг удирдах, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах.

  

12 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

  

12.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  

12.1.1.төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, энэ хуулийн хэрэгжилтийг хариуцах;

  

12.1.2.хөгжлийн бодлого, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцүүлэх, санхүүжилтийн боломж, урсгал зардлын ачааллыг тооцох, эдийн засагт үзүүлэх үр өгөөж, нийгмийн ач холбогдлыг дүгнэх, хөрөнгө оруулалтын төслүүдийг харьцуулан эрэмбэлэх ажлыг Засгийн газрын түвшинд зохион байгуулах;

  

12.1.3.энэ хуульд заасны дагуу төслийн саналыг үнэлж, эрэмбэлэн төсвийн төсөлд тусгах нэгдсэн жагсаалтыг боловсруулах;

  

12.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллага, холбогдох бусад этгээдээс төсвийн хөрөнгө оруулалтад шаардлагатай баримт бичиг, мэдээллийг гаргуулж авах;

  

12.1.5.цахим системийн удирдлагыг хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах;

  

12.1.6.тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан төслийн санхүүжилт, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;

  

12.1.7.шаардлага хангасан төслийн гүйцэтгэлийн санхүүжилтийн эрхийг нээх, шаардлага хангаагүй төсөлд санхүүжилт олгохгүй байх;

  

12.1.8.төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийг бодлого, зохицуулалтаар хангах, зөвлөмж өгөх, үйл ажиллагаанд хяналт тавих;

  

12.1.9.төсвийн нийт хөрөнгө оруулалтын нэгдсэн тайланг боловсруулах, үр дүнг тооцох, тайлагнах.

  

12.1.10.төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үйл ажиллагааны журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;

  

12.1.11.төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг, төсвийн эрсдэлийн үнэлгээ болон төслийн үр дүн, хөрөнгийн ашиглалт, түүний үр өгөөжийг тооцох журам, аргачлалыг боловсруулах;

  

12.1.12.төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, чадавхжуулах;

  

12.1.13.төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээ авах, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, зөвлөмж, чиглэл өгөх.

  

13 дугаар зүйл.Төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрх

Хэвлэх

  

13.1.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  

13.1.1.төсвийн хөрөнгө оруулалтын шилжих болон шинээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 24.2.3-т заасны дагуу үнэлгээ хийж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

  

13.1.2.төслийн төсвийн эрсдэлийн үнэлгээг хийх, тухайн төслийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцож, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд төслийн урсгал зардлыг тооцох;

  

13.1.3.төслийн хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг бүрэн хариуцах;

  

13.1.4.төслийн санхүүжилтэд хяналт тавих, санхүүжилтийг хянан баталгаажуулах;

  

13.1.5.төслийн зураг төслийн ажлын даалгаврыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

  

13.1.6.төслийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд явцын, гүйцэтгэлийн болон захиалагчийн хяналт хэрэгжүүлэх;

  

13.1.7.төслийн мэдээ, тайланг энэ хуульд зааснаар эрх бүхий этгээдэд тогтоосон хугацаанд хүргүүлэх, тайлагнах;

  

13.1.8.төслийг эх үүсвэр давхардуулан төлөвлөхгүй, төсөвт тусгах санал гаргахгүй байх, эх үүсвэр давхардуулан төсөл хэрэгжүүлэхгүй байх;

  

13.1.9.төслийн үр дүнд бий болсон өмч, хөрөнгийн удирдлага, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах;

  

13.1.10.төсвийн хөрөнгө оруулалтын талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, танилцуулга, мэдээлэл бэлтгэх;

  

13.1.11.тухайн төслийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, оролцогч талуудтай салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах;

  

13.1.12.төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг цахим системээр хэрэгжүүлэх, холбогдох мэдээллийг мэдээллийн санд оруулах, мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах;

  

13.1.13.өөрийн багцад төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төслийн гүйцэтгэл, үр дүнгийн тайланг боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цаглаврын дагуу хүргүүлэх;

  

13.1.14.төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр тус бүрээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах, дүгнэх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх.

  

14 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

  

14.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:             

  

14.1.1.орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн өргөн мэдүүлснээр хэлэлцэж, энэ хуульд заасан зарчим, төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төслийн ангилал, зориулалтыг баримтлан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцүүлэн батлах;

  

14.1.2.орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төслийн нэгдсэн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих, гүйцэтгэлийн тайланг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэх.

  

15 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчийн бүрэн эрх

Хэвлэх

  

15.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  

15.1.1.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 24.2.2-т заасны дагуу үнэлж, эрэмбэлэн тухайн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;

  

15.1.2.төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, түүний гүйцэтгэлийн талаарх тайлан мэдээллийг нэгтгэх, төслийн үр дүнд бий болсон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг хариуцах;

  

15.1.3.эрх шилжүүлсэн төслийн хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтыг зохион байгуулах;

  

15.1.4.орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт тайлагналт болон хөрөнгийн удирдлага, ашиглалтад энэ хуульд заасан зарчим, нийтлэг шаардлага болон журам, аргачлалыг мөрдөх;

  

15.1.5.төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр тус бүрээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтын төслийн мэдээллийн нэгдсэн санг төлөвлөлтийн шатанд бүрдүүлэх, тайлагнах, дүгнэх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх.

  

15.1.6.энэ хуулийн 13.1.2 – 13.1.10-д заасан бүрэн эрх.

  

15.2.Сум, дүүргийн Засаг дарга төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  

15.2.1.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөлд энэ хуулийн 24.2.1-д заасны дагуу үнэлгээ хийж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

  

15.2.2.энэ хуулийн 15.1.2-15.1.6-д заасан бүрэн эрх.

  

15.3.Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж ажиллах бөгөөд томилох эрх бүхий этгээд нь нэгжийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.

  

16 дугаар зүйл.Захиалагчийн чиг үүрэг

Хэвлэх

  

16.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын харилцаанд дараах этгээд нь захиалагч байна:

  

16.1.1.төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан төсвийн захирагч;

  

16.1.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан этгээд.

  

16.2.Захиалагч нь төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  

16.2.1.төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд заасан хугацаа, шаардлагын дагуу гүйцэтгэх;

  

16.2.2.зураг төсөл батлагдсанаас хойш зураг төсөлд засвар оруулах, шинэчлэх шаардлага гаргахгүй байх, ажлын даалгавар зураг төслийг иж бүрэн боловсруулахад хяналт тавих;

  

16.2.3.зураг төсөл батлагдсанаас хойш зураг төслийг өөрчлөх, шинэчлэх зэргээр төслийн төсөвт өртгийг нэмэгдүүлэх аливаа шийдвэр гаргахгүй байх;

  

16.2.4.төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийг хянах;

  

16.2.5.гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хуваарийг мөрдөөгүй тохиолдолд тухай бүр гүйцэтгэгчид сануулах, алданги тооцох, гэрээг цуцлах зэрэг шаардлагатай арга хэмжээг тухай бүр авах;

  

16.2.6.төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийг батлагдсан төсөвт өртөг, гэрээний нийт дүн, холбогдох норм, нормативын баримт бичиг, барилгын ажлын батлагдсан болон магадлалын дүгнэлтээр баталгаажсан зураг төсөл болон төсөв, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд тусгасан барилгын ажлын үе шатны хуваарь, санхүүжилтийн хуваарийн дагуу тулган шалгаж, хянан баталгаажуулах;

  

16.2.7.төслийн гүйцэтгэлийг үнэн зөв гаргаж, цахим системд бүрэн оруулах;

  

16.2.8.захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч болон зураг төслийн зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх этгээд тус бүртэй уг чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээг байгуулах;

  

16.2.9.төслийн санхүүжилт хүссэн гүйцэтгэлийн баримт бичиг, иж бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцах.

  

16.3.Захиалагч энэ хуулийн 16.2.4, 16.2.5-д заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас тухайн төслийн хэрэгжих хугацаа болон төсөвт өртгийг нэмэгдүүлсэнтэй холбоотой төсөвт учруулсан хохирлыг бүрэн хариуцна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ,

ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭ, ТАВИГДАХ ШААРДЛАГА

  

17 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх салбар

Хэвлэх

  

17.1.Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого нь төсвийн эх үүсвэрийн оновчтой хуваарилалтын дагуу нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай төлөвлөх, хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгө оруулалтын зохистой удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

  

17.2.Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байна.

  

17.3.Төсвийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарыг Засгийн газраас тогтоох бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.

  

18 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, зориулалт

Хэвлэх

  

18.1.Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрт улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилт хамаарна.

  

18.2.Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр дараах зорилго, зориулалт бүхий төслийг хэрэгжүүлнэ:

  

18.2.1.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт заасан зорилго, зорилтыг хангах, тогтвортой хөгжилд чиглэсэн, нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй, төрийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын II – V ангиллын төсөл;

  

18.2.2.орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн хөгжлийн бодлогод нийцсэн, орон нутгийн хөгжил, дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, ногоон орчин бүрдүүлэх, цахим шилжилт, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын I – II ангиллын төсөл;

  

18.2.3.орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн хөгжлийг дэмжих, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, нэмэгдүүлэх, ногоон байгууламж, орчны тохижилтыг нэмэгдүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын I – II ангиллын төсөл;

  

18.2.4.гадаадын зээлийн санхүүжилтээр хөгжлийн түнш орон, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны бодлого, зорилготой уялдсан, эдийн засгийн үр ашиг, өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нарийн төвөгтэй техник технологи шаардсан, нийгмийн ач холбогдолтой, урт хугацаанд үр өгөөжөө хадгалах, дэд бүтцийн буюу төсвийн хөрөнгө оруулалтын II – V ангиллын төсөл;

  

18.2.5.гадаадын тусламжийн санхүүжилтээр энэ хуулийн 18.2.4-т зааснаас гадна хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн түншээс Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан салбар, зориулалт хязгаарлахгүй, нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулж, хүний хөгжлийг дэмжих нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсвийн хөрөнгө оруулалтын бүх ангиллын төсөл;

  

18.2.6.төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилт нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан зорилго, нөхцөл бүхий төсвийн хөрөнгө оруулалтын III – V ангиллын төсөл.

  

19 дүгээр зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд тавигдах шаардлага

Хэвлэх

  

19.1.Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

  

19.1.1.төсөл хэрэгжих газрын болон шаардлагатай бусад зөвшөөрлийг авсан байх;

  

19.1.2.сүүлийн хоёр жилийн дотор магадлалын дүгнэлтээр баталгаажсан зураг төсөл, төсөвтэй байх;

  

19.1.3.IV, V ангиллын төсөлд техник, эдийн засгийн үндэслэл хийлгэсэн байх;

  

19.1.4.төсөл нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх;

  

19.1.5.төслийн тоног төхөөрөмж, хүний нөөц, ашиглалтын болон бусад урсгал зардлыг тооцсон байх;

  

19.1.6.хөгжлийн бодлогын зорилго, зорилтод нийцсэн, чиглэсэн байх;

  

19.1.7.их өгөгдөл болон хиймэл оюун ухаанд суурилсан, цахим системээр төлөвлөсөн байх;

  

19.1.8.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төслийг эрчим хүчний хэмнэлттэй, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжсэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, жендерийн мэдрэмжтэй байдлаар төлөвлөсөн байх;

  

19.1.9.эх үүсвэр хооронд давхардалгүй байх;

  

19.1.10.олон нийтээр хэлэлцүүлж, саналыг авсан байх.

  

19.2.Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хөгжлийн түншийн хамтын ажиллагааны бодлого, чиглэлтэй нийцсэн, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгайлсан шаардлагыг хангасан байна.

  

19.3.Орон нутгийн төсвөөс хэрэгжүүлэх төсөл нь энэ хуулийн 19.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  

19.3.1.орон нутгийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн, иргэдийн саналыг харгалзан төслийг эрэмбэлсэн байх;

  

19.3.2.бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн бодлоготой уялдсан байх.

  

20 дугаар зүйл.Төслийн төлөвлөлт, бэлтгэл ажлыг хангах

Хэвлэх

  

20.1.Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, бэлтгэл ажлын үе шатанд төслийн суурь судалгааг хийж, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох ажлыг энэ хуулийн 10.1.3-т заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

  

20.2.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөхөд энэ хуулийн 17.3-т заасан төслийн тэргүүлэх салбарыг харгалзаж үзнэ.

  

20.3.Төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа дуусахаас өмнө тухайн төслийн хэрэгцээ, шаардлага нь техник, эдийн засгийн үндэслэл, энэ хуулийн 10.1.3-т заасан журмын хүрээнд хийгдсэн шинжилгээгээр тогтоогдоогүй тохиолдолд төлөвлөлтийн шатанд ижил төрлийн барилга байгууламж дахин шинээр барих төслийн санал гаргахгүй.

  

21 дүгээр зүйл.Техник, эдийн засгийн үндэслэл

Хэвлэх

  

21.1.Энэ хуулийн 7.1-д заасан төсвийн хөрөнгө оруулалтын IV, V ангиллын төсөлд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.

  

21.2.Шинэ техник технологи, инноваци нэвтрүүлэх энэ хуулийн 7.1-д заасан I, II болон III ангиллын төсөлд техник, эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай эсэхийг төслийн онцлог, цар хүрээнээс хамаарч, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн шийдвэрлэнэ.

  

21.3.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь тухайн салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчтай хамтран төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зардлын дээд хэмжээг төсөвт өртгийн 3 хувьд багтаан тогтооно.

  

21.4.Техник, эдийн засгийн үндэслэлээр эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол нь тогтоогдсон төслийг эрэмбэлж, түүний дагуу зураг төслийг боловсруулна.

  

21.5.Техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгавар болон тайланг боловсруулах, гүйцэтгүүлэх, хүлээн авах, баталгаажуулах асуудлыг энэ хуулийн 10.1.3-д заасан журмаар зохицуулна.

22 дугаар зүйл.Техник, эдийн засгийн үндэслэлийн тайлан

Хэвлэх

  

22.1.Техник, эдийн засгийн үндэслэлийн тайлан дараах үндсэн агуулгатай байна:

  

22.1.1.төслийн нэр, зорилго, хамрах хүрээ, төслийн хэрэгцээ, шалтгаан, нөхцөл байдлын дүн шинжилгээ, хүрэх үр дүн, ач холбогдол, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөөн, бусад хүчин зүйлсийн шинжилгээ;

  

22.1.2.төсөл хэрэгжүүлэх хувилбар, боломж, техник технологийн сонголт, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтэц, талбайн мэдээллийг агуулсан техник технологийн шийдэл, урьдчилсан зураг төсөл, шаардагдах мэргэжлийн болон бусад ажиллах хүчний тооцоо судалгаа;

  

22.1.3.орлого, зарлага, хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг тооцоолсон санхүүгийн болон эдийн засгийн бүрэн хэмжээний нарийвчилсан тооцоо судалгаа, шинжилгээ;

  

22.1.4.төслийн нөлөөлөлд өртөх хүн амын бүлэг, иргэд, оролцогч тал болон зорилтот хэрэглэгчийг тодорхойлж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахтай холбоотой асуудлыг тусгасан нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ;

  

22.1.5.байгаль орчин, уур амьсгалд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах, урьдчилсан сэргийлэх болон нөхөн сэргээлтийн арга хэмжээг тусгасан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ;

  

22.1.6.төсөл хэрэгжих боломж, эрсдэл, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө бүхий төслийн эрсдэлийн үнэлгээ;

  

22.1.7.төсөл, бүрэлдэхүүн хэсгийн ажлын үе шатны хуваарь, үе шат бүрд тодорхойлсон хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, төслийн удирдлагын бүтэц, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлыг тусгасан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө.

  

22.2.Төрийн нууцад хамаарахаас бусад төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгавар болон тайлан, баталгаажуулсан тайлан, нэгдсэн дүгнэлт олон нийтэд ил тод, нээлттэй байна.

  

22.3.Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан этгээд болон баталгаажуулсан төсвийн ерөнхийлөн захирагч нь тайлангийн үнэн зөв байдал, үр дагаврыг хамтран хариуцна.

  

23 дугаар зүйл.Төслийн нийгмийн ач холбогдол болон эдийн засгийн үр ашиг

Хэвлэх

  

23.1.Энэ хуулийн 21.1, 21.2-т зааснаас бусад төсвийн хөрөнгө оруулалтын төсөлд энэ хуулийн 10.1.3-т заасан журам, аргачлалын дагуу төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох шинжилгээ хийнэ.

  

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан шинжилгээ нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна:

  

23.2.1.үнэн зөв, бодит, бүрэн мэдээлэлд үндэслэсэн байх;

  

23.2.2.төслийн бүх үе шатны зардал, өгөөж, үр ашиг, эрсдэлийг харгалзсан байх;

  

23.2.3.төслийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх нөхцөл байдлыг харьцуулан тооцсон байх;

  

23.2.4.нийгмийн зорилтот бүлэгт үзүүлэх нөлөөллийг тусгасан байх;

  

23.2.5.байгаль орчин, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн байх;

  

23.2.6. батлагдсан аргачлал, зааврын дагуу хийгдсэн байх.

  

23.3.Төслийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох шинжилгээний үр дүнг төслийн иж бүрдэлд тусгаж, төсөлд үнэлгээ хийх, төсөл эрэмбэлэх, сонгох үе шатанд ашиглана. /үндэслэнэ./

Тайлбар:"Төслийн иж бүрдэл" гэдэгт төслийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөвт өртгийн тооцоолол болон холбогдох бусад баримт бичгийг ойлгоно.

  

24 дүгээр зүйл.Төслийг үнэлж, эрэмбэлэх

Хэвлэх

  

24.1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт нь шаталсан үнэлгээний тогтолцоотой байх бөгөөд төслийг энэ хуулийн 10.1.3-т заасан журам, аргачлалын дагуу үнэлж эрэмбэлнэ.

  

24.2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийн шаталсан үнэлгээг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

  

24.2.1.сум, дүүргийн Засаг дарга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн саналыг орон нутгийн хэрэгцээ, шаардлага, хэрэгжүүлэх байршил, иргэдийн санал зэрэгт үндэслэн тодорхойлж, үнэлж, эрэмбэлэн жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ;

  

24.2.2.аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг нэгтгэж, төслийн ач холбогдлыг бүс нутгийн түвшинд үнэлж, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан бүс нутгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэн, байгаль орчин, дэд бүтцийн нөхцөлд суурилсан үнэлгээг хийх бөгөөд төслийг эрэмбэлэн жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

  

24.2.3.салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн саналыг нэгтгэж, салбарын болон хөгжлийн бодлоготой уялдуулж, хэрэгцээ, шаардлагыг үнэлэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох бөгөөд төслийг үнэлж, эрэмбэлэн, жил бүрийн 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

  

24.2.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийт ирүүлсэн төслийн саналыг хөгжлийн бодлого, төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн эсэхийг хянаж, санхүүжилтийн болон төсвийн хязгаар, урсгал зардлын ачаалал зэргийг тооцсоны дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийт төслийг эрэмбэлэн төсвийн төсөлд тусгах санал боловсруулна.

  

24.3.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийн шаталсан үнэлгээг энэ хуулийн 24.2-т зааснаар хийсэн талаарх тайлан болон төсвийн төсөлд тусгах төслийн нэгдсэн жагсаалтыг цахим системээр ил тод, нээлттэй мэдээлнэ.

  

24.4.Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийн шаталсан үнэлгээг төсвийн хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэхэд ашиглаж болно.

  

25 дугаар зүйл.Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, үнэлэх, шийдвэрлэх

Хэвлэх

  

25.1.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл санаачлах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд энэ хууль, Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлага, зарчим, журмыг баримтална.

  

25.2.Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтийн эх үүсвэрээр хөгжлийн түнш орон, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны бодлого, зорилготой уялдсан, эдийн засгийн үр ашиг, өгөөж өндөртэй, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зорилттой нийцсэн төслийг хэрэгжүүлнэ.

  

25.3.Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн саналыг төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд үнэлж, эх үүсвэрийг тодорхойлж, төсөвт тусгахад энэ хуулийн 10.1.3-т заасан журмыг баримтална.

  

26 дугаар зүйл.Төслийг төсөвт тусгах

Хэвлэх

  

26.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хөрөнгө оруулалтын төслийн жагсаалтыг энэ хууль болон Төсвийн тухай хууль тогтоомжид зааснаар боловсруулна.

  

26.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь

энэ хуульд заасан төлөвлөлтийн цаглаврыг баримтлан хуульд заасан шаардлагыг хангасан, төсөвт тусгах эрэмбийн дагуу батлагдсан зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох бусад баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан төслийг үнэлж, эрэмбэлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсөвт тусгана.

  

26.3.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төсөвт тусгахад дараах эрэмбийг баримтална:

  

26.3.1.үргэлжлэн хэрэгжих буюу он дамжин хэрэгжүүлж байгаа төсөл;

  

26.3.2.их засвар, засвар арчлалтын төсөл;

  

26.3.3.шинээр хэрэгжүүлэх төсөл.

  

26.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шинээр эхлэх төслийг төсөвт тусгахдаа тухай төслийн нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсгийг энэ хуулийн 7.1-д заасан төслийн ангилал, төслийн онцлог, хэрэгжихүйц байх төслийг тооцож тусгах журмыг баримтална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ,

САНХҮҮЖИЛТ, ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛТ

  

27 дугаар зүйл. Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжилт

Хэвлэх

  

27.1.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх үе шатанд төслийн эрх шилжүүлэх, багцын хуваарилалт хийх,худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг хянах, санхүүжүүлэх, тайлагнах үйл ажиллагаа хамаарна.

  

27.2.Төсөл хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангаж, тухайн төслийн гүйцэтгэлд энэ хуульд заасны дагуу захиалагчийн хяналт, техникийн болон зураг төсөл зохиогчийн хяналтыг хэрэгжүүлнэ.

  

27.3.Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч болон гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч нь төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах бөгөөд төслийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

  

27.4.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэхтэй холбоотой харилцааг Төсвийн тухай хуульд заасан журмаар зохицуулна.              

  

27.5.Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэхэд Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан иргэд, олон нийтийн оролцоог хангах зохицуулалтыг мөрдөнө.

  

27.6.Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, зарцуулах, бүртгэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Төсвийн тухай хуульд заасан журмаар зохицуулна.

  

27.7.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хэрэгжилтийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.

  

27.8.Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлан, батлагдсан төсөвт өртөгт багтаан тухайн жилийн 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулж, дуусгана.

  

27.9.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн худалдан авах ажиллагаа зарлах, гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих, өмчид бүртгэх үйл ажиллагаанд цахим системээс үүсгэсэн төслийн кодыг ашиглана.

Тайлбар: "Төслийн код" гэдэгт тухайн төслийг ангилан бүртгэж, бусдаас ялгах зорилгоор эх үүсвэр, төсвийн ерөнхийлөн захирагч, эхлэх он зэрэг үзүүлэлтээр бүтэцлэн, цахим системд дахин давтагдашгүйгээр автоматаар үүсгэсэн тэмдэглэгээг ойлгоно.

  

27.10.Төсөвт батлагдсан, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхэлсэн төслийн зураг төсөл, төсөвт өртгийг техникийн нөхцөл, холбогдох хууль тогтоомж, салбарын норм дүрмээр өөрчлөхийг хориглоно.

28 дугаар зүйл.Эрх шилжүүлэх, багц хуваарилах

Хэвлэх

  

28.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслийн хэрэгжүүлэх эрхийг дараах байдлаар шилжүүлж болно:

  

28.1.1.төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь шилжүүлэх;

  

28.1.2.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрхийг Төсвийн тухай хуулийн 14, 61 дүгээр зүйлийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэх.

  

28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсөл хэрэгжүүлэх эрхийг тухайн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төсвийн төвлөрүүлэн, шууд захирагч, эсхүл аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлнэ.

  

28.3.Эрх шилжүүлэн авсан этгээд нь төслийг хэрэгжүүлэхэд энэ хууль болон Төсвийн тухай хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллах бөгөөд эрх шилжүүлсэн этгээд нь тухайн төслийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагналт, үр дүн, гүйцэтгэлийг эрх бүхий этгээдийн хувиар хариуцна.

  

28.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран тухайн жилийн төсвийн тухай хуулиар батлагдсан багц төслийн хуваарилалтыг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор батална.

  

28.5.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хуулиар батлагдсан төслийн хугацаа, зориулалт, хүчин чадалд нийцүүлэн багцын хуваарилалтыг хийнэ.

  

29 дүгээр зүйл.Төслийн гэрээний удирдлага

Хэвлэх

  

29.1.Төслийн онцлог, цар хүрээнээс хамааран төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх гэрээ нь ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, бараа нийлүүлэх болон бусад төрөлтэй байна.

  

29.2.Төсөл хэрэгжүүлэх гэрээний талууд харилцан тохиролцон энэ хуулийн 7.1-д заасан IV, V ангиллын төсөлд олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны /FIDIC/ жишиг гэрээний нөхцөлийг сонгон хэрэглэж болно.

  

29.3.Төсөл хэрэгжүүлэх гэрээний талууд төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу захиран зарцуулж, энэ хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлнэ.

  

29.4.Төсөл хэрэгжүүлэх гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39.3-т зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:

  

29.4.1.төслийн ажлын үе шат, санхүүжилтийн хуваарь;

  

29.4.2.гэрээний үйлчлэх хугацаа болон ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, бараа нийлүүлэх буюу төсөл хэрэгжүүлэх хугацаа;

  

29.4.3.гэрээний нийт үнийн дүнг батлагдсан төсвийн дагуу зардлын нэр төрөл бүрээр буюу барилга угсралт, төсөл хэрэгжүүлэхэд тавих хяналт, магадалшгүй ажил, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сан болон зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг зөвлөх үйлчилгээний зардал /нэг бүрчлэн/;

Тайлбар:"Магадалшгүй ажил" гэдэгт зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй бөгөөд ажлын явцад бий болох нэмэлт, өөрчлөлт, зайлшгүй шаардлагатай ажлын зардлыг ойлгоно.

  

29.4.4.төслийн гэрээний нийт дүн /барилга угсралтын дүнгээс бусад зардлыг давхардуулж олгохоос сэргийлж, нягталсны үндсэн дээр тусгах/;

  

29.4.5.төслийн хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчид татварын өр бий болсон тохиолдолд төслийн гүйцэтгэлийн санхүүжилтээс тухайн татварын өрийг суутган тооцох зохицуулалт;

  

29.4.6.талуудын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах алдангийн хувь хэмжээ болон тооцох журам;

  

29.4.7.талуудын гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх шалгуур үзүүлэлт, гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт;

  

29.4.8.талуудын эрх хэмжээ, үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт;

  

29.4.9.захиалагчид төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар тайлагнах, шаардсан мэдээллийг гаргаж өгөх гүйцэтгэгчийн үүрэг;

  

29.4.10.барьцаа болон шаардлагатай нөхцөлд өмч, хөрөнгийн эзэмшил, ашиглалтын зохицуулалт;

  

29.4.11.маргаан шийдвэрлэх журам.

  

29.5.Төсөл хэрэгжүүлэх гэрээний дугаар нь Төсвийн тухай хуулийн 33.2.6-д заасан төслийн код байх ба багцын хуваарилалтын дагуу хэрэгжүүлэх төслийн гэрээний дугаар нь цахим системээс үүсгэсэн төслийн код байна.

  

29.6.Төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгч этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулж, төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулах бөгөөд захиалагч нь төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулснаас хойш ажлын 5 өдөрт багтаан цахим системд гэрээний баталгаажуулалтыг хийж, бүртгэнэ.

  

29.7.Гүйцэтгэгчийн боловсруулсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, шаардлагатай баримт бичиг, нэмэлт болон дагалдах гэрээ зэргийг төсөл хэрэгжүүлэх гэрээний салшгүй хэсэгт тооцно.

  

29.8.Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохиогчийн болон захиалагчийн хяналтын зардлын дээд хэмжээ нь гэрээний нийт үнийн дүнгийн 3 хувиас хэтрэхгүй байх бөгөөд Засгийн газраас төслийн төсөвт өртөг, төсөл хэрэгжих байршил болон төслийн онцлог, цар хүрээг харгалзан дээд хэмжээнд багтаан хяналтын зардал бүрээр тогтооно.

  

29.9.Талууд төсөл хэрэгжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээ дүгнэсэн актын дагуу дүгнэж, хамтран баталгаажуулах бөгөөд улсын комиссын акт, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт болон энэ хуулийн 10.1.3-т заасан журамд заасан баримт бичгийг хавсаргасан байна.

  

29.10.Гэрээний хугацааг тухайн жилийн төсвийн тухай хуулиар баталсан эхлэх, дуусах хугацааны дагуу гэрээнд тусгах бөгөөд тухайн төслийн санхүүжилт хийгдэж дуусах хүртэл гэрээний дуусах хугацаа хүчинтэй байна.

  

30 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилт

Хэвлэх

  

30.1.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэлийн санхүүжилтийг захиалагч буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 10.1.3-т заасан журмын дагуу хянан баталгаажуулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

  

30.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь захиалагчаас хянан баталгаажуулж ирүүлсэн гүйцэтгэлийн баримт бичиг энэ хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд төслийн санхүүжилтийн эрхийг нээнэ.

  

30.3.Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, цахим систем болон зөвлөх үйлчилгээний төслийн санхүүжилтийг энэ хуулийн 10.1.3-т заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

  

30.4.Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилт, төсвийн зарцуулалтыг Төсвийн тухай хуульд заасан журмаар зохицуулна.

  

30.5.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн санхүүжилтийг Төсвийн тухай хуульд заасан журмаар зохицуулна.

  

31 дүгээр зүйл.Төслийн санхүүжих дүнд хийх хөрөнгийн зохицуулалт

Хэвлэх

  

31.1.Тухайн жилийн төсвийн тухай хуулиар батлагдсан төслийн санхүүжих дүнд хөрөнгийн зохицуулалт хийх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

  

31.2.Энэ хуулийн 31.1-д заасан хөрөнгийн зохицуулалт нь дараах шаардлагыг хангасан байна:

  

31.2.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтсан байх;

  

31.2.2.хуулиар батлагдсан төслийн төсөвт өртөг, нэр, байршил, хүчин чадалд өөрчлөлт оруулахгүй зөвхөн тухайн жилийн санхүүжих дүнд зохицуулалт хийх;

  

31.2.3.санхүүжилтийн зохицуулалтыг тухайн төслийн хэрэгжилт, гүйцэтгэлд үндэслэх;

  

31.2.4.санхүүжилтийн зохицуулалтыг эдийн засгийн ангилал хооронд хийхгүй бөгөөд хөрөнгийн зохицуулалтад хамаарах төсөл нь дараа онд шилжин хэрэгжих төсөл байх.

  

31.3.Хөрөнгийн зохицуулалт хийх талаар Засгийн газрын шийдвэр гарсны дараа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 10.1.3-т заасан журмын дагуу хөрөнгийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  

32 дугаар зүйл.Төслийн хэрэгжилтэд тавих хяналт

Хэвлэх

  

32.1.Төслийн хэрэгжилтэд тавих хяналт нь төслийн чанар, аюулгүй байдал, хугацаа, зардлын үр ашгийг хангах зорилготой бөгөөд захиалагчийн техникийн хяналт, зураг төслийн зохиогчийн хяналт болон хөндлөнгийн хяналтаар хэрэгжинэ.

  

32.2.Захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч нь захиалагчтай байгуулсан гэрээнд үндэслэн захиалагчийг төлөөлж энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу төслийн хэрэгжилтэд техникийн хяналт тавина.

  

32.3.Зураг төслийн зохиогчийн хяналт хэрэгжүүлэгч нь төслийн барилга угсралт болон инженерийн ажлыг магадлалын дүгнэлтээр баталгаажсан зураг төслийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавина.

  

32.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөлд тавих захиалагчийн техник хяналтыг захиалагч болон гүйцэтгэгчээс хараат бус, мэргэжлийн эрх бүхий этгээдээр хэрэгжүүлж болно.

  

32.5.Төсөл хэрэгжүүлэхэд хийгдэх захиалагчийн техник хяналтыг тендер шалгаруулалтын үндсэн дээр эрх бүхий мэргэжлийн этгээдээр зөвлөх үйлчилгээний гэрээгээр гүйцэтгүүлнэ.

  

32.6.Төслийн хэрэгжилтэд тавих захиалагчийн техник хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх этгээд нь холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичиг, стандартыг баримтлан ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бусаар, мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ.

  

32.7.Захиалагчийн техник, технологийн хяналт хэрэгжүүлэгч болон зураг төслийн зохиогчийн хяналт хэрэгжүүлэгч нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  

32.7.1.үр дүнтэй, хариуцлагатай, хэмнэлттэй, ил тод, нээлттэй ажиллах;

  

32.7.2.төслийн хэрэгжилт, гүйцэтгэл, санхүүжилтийн явц бүрд зураг төсөл, норм, нормативын баримт бичиг, стандартын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж, тэмдэглэл, дүгнэлт, тайлан, зөвлөмж, санал, шаардлага гаргах;

  

32.7.3.төслийн хяналтын нэгдсэн дүгнэлт, тайлан, зөвлөмж гаргах.

  

32.8.Гүйцэтгэгч нь төслийн хяналтын тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлнэ.

  

32.9.Энэ хуульд зааснаас бусад төслийн хэрэгжилтэд хяналт тавих болон хяналт хэрэгжүүлэгч этгээдийн чиг үүрэг, тавигдах шаардлага зэрэг бусад нарийвчилсан асуудлыг энэ хуульд заасан журмаар зохицуулна.

  

32.10.Бүх шатны төсвийн захирагч, захиалагч, захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэгч нь төслийн батлагдсан төсөвт өртгийг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг бие даан гаргахгүй болно.

  

33 дугаар зүйл.Төсөвт өртгийн өөрчлөлт

Хэвлэх

  

33.1.Төслийг батлагдсан төсөвт өртгийн хүрээнд бүрэн хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд захиалагч нь холбогдох үндэслэл бүхий тайлбар, баримтыг төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

  

33.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь захиалагчийн энэ хуулийн 33.1-д заасны дагуу ирүүлсэн тайлбарыг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд зураг төслийг шинэчлэх, магадлалын дүгнэлт гаргуулах тухай шийдвэр гаргана.

  

33.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 33.2-т заасан шийдвэр, шинэчилсэн зураг төсөл, магадлалын дүгнэлт болон холбогдох бусад баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

  

33.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 33.3-т заасны дагуу ирүүлсэн баримт бичигт эрх бүхий мэргэжлийн этгээдээр аудитын болон шинжээчийн дүгнэлт гаргуулна.

  

33.5.Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 33.4-т заасан аудитын болон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн төслийн төсөвт өртөгт өөрчлөлт оруулах эсэх саналыг тухайн жилийн төсвийн төсөлд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу гаргана.

  

33.6.Захиалагч, захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэгч нь энэ хуульд заасныг зөрчиж төсөвт өртгийг нэмэгдүүлэх аливаа шийдвэр гаргасан, эсхүл төсөвт өртгийг нэмэгдүүлэх тухай гаргасан хүсэлт нь энэ хуулийн 33.4-т заасан дүгнэлтээр үндэслэлгүй болох нь тогтоогдсон тохиолдолд захиалагчийн техникийн хяналтын болон зохиогчийн хяналтын зардлыг холбогдох төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрт буцаан төвлөрүүлнэ.

  

34 дүгээр зүйл.Тайлагналт, үр дүн

Хэвлэх

  

34.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн жилд батлагдсан нийт төслийн санхүүжилтийн дүн, явц байдлыг энэ хуульд зааснаар тогтмол ил тод, нээлттэй тайлагнана.

  

34.2.Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төслийн хэрэгжилт, санхүүжилтийн талаарх мэдээллийг цахим системд ил тод, тогтмол мэдээлж, санхүүжилт хийгдэх бүрд мэдээллийг шинэчилнэ.

  

34.3.Төсвийн ерөнхийлөн захирагч ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээлэл, хэрэгжүүлсэн төслийн үр нөлөө, үр дүнгийн нэгтгэсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор энэ хуулийн 10.1.3-т заасан журамд заасан маягтын дагуу гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тайлагнана.

  

34.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн багцад төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн жилд батлагдсан нийт төслийн гүйцэтгэл, үр дүнгийн тайланг энэ хуулийн 10.1.3-т заасан журам, аргачлалын дагуу боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Төсвийн тухай хуулийн 8.9.5-д заасан цаглаврын дагуу хүргүүлж, тайлагнана.

  

34.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 34.4-т заасан төслийн үр дүнгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8.10-т заасны дагуу нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, тайлагнана.

  

34.6.Төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, санхүүжилтийн мэдээ, явц, үр дүнгийн тайланг сар бүр гаргаж, дараа сарын 5-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тайлагнана.

  

34.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн хөрөнгө оруулалтын явц, хэрэгжилт болон гүйцэтгэлийн танилцуулгыг улирал бүрийн сүүлийн 10 хоногт багтаан Засгийн газарт танилцуулна.

  

34.8.Захиалагч нь захиалагчийн техник, технологийн хяналт хэрэгжүүлсэн ажлын нэгдсэн тайлан, зардлын зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг, төрийн захиргааны төв байгууллага норм, нормативын зардлаар хэрэгжүүлсэн ажлын нэгдсэн тайлан, зардлын зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг тус тус дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, тайлагнана.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН

ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ, ЦАХИМ

СИСТЕМИЙН УДИРДЛАГА

  

35 дугаар зүйл.Мэдээллийн нэгдсэн сан, ил тод, нээлттэй байдал

Хэвлэх

  

35.1.Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилт, хяналт, тайлагналттай холбоотой мэдээллийг нэгтгэн бүртгэх, шинжилж боловсруулах, ил тод, хүртээмжтэй байдлаар ашиглах зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг ажиллуулна.

  

35.2.Мэдээллийн нэгдсэн сангийн төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.

  

35.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, цахим системээр мэдээллийг ил тод, нээлттэй байх нөхцөлийг хариуцан ажиллана.

  

35.4.Төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн болон шууд захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж болон бусад мэдээлэл хариуцагч этгээд нь төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг тооцоолох, их өгөгдөлд тулгуурлан оновчтой шийдвэр гаргахтай холбоотой болон мэдээллийн санг бүрдүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүрдүүлж өгнө.

  

35.5.Мэдээллийн нэгдсэн санд энэ хуульд заасны дагуу мэдээлэл бүрдүүлж буй этгээд нь тухайн мэдээллийн бүрэн, үнэн зөв байдлыг хангах үүрэгтэй бөгөөд мэдээллийн үнэн, бүрэн байдлыг баталгаажуулах хариуцлага хүлээнэ.

  

35.6.Мэдээллийн нэгдсэн сангийн удирдлага, зохион байгуулалтыг энэ хуулийн 10.1.3-т заасан журмаар зохицуулна.

36 дугаар зүйл.Олон нийтийн оролцоо

Хэвлэх

  

36.1.Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч нь төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт болон хяналт, тайлагналтын явцад олон нийтийн оролцоог хангаж ажиллана.

  

36.2.Олон нийтийн оролцоог хангахад дараах зарчмыг баримтална:

  

36.2.1.мэдээллийг хүртээмжтэй, ил тод, ойлгомжтой хэлбэрээр түгээх;

  

36.2.2.олон нийтэд хэлэлцүүлгийн тов, байршлыг урьдчилан мэдэгдэх, хэлэлцүүлэг зохион байгуулах журам ойлгомжтой, тодорхой байх;

  

36.2.3.иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн үндэслэл бүхий саналыг хүлээн авах, харгалзан үзэх.

  

36.3.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг төлөвлөхөд олон нийтийн саналыг цахим системээр энэ хуулийн 8.2.1-д заасан цаглаврын дагуу авна.

  

36.4.Төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч нь төслийн хэрэгжилт болон хяналт, тайлагналтын талаарх мэдээ, тайлан, дүгнэлтийг байгууллагын цахим хуудсаар тухай бүр олон нийтэд мэдээлнэ.

  

36.5.Орон нутгийн иргэд хамтран төслийн төлөвлөлт, хэрэгжилт болон хяналт, тайлагналтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах санал гаргавал захиалагч нь орон нутгийн Засаг даргатай хамтран зохион байгуулж болно.

  

36.6.Иргэн, хуулийн этгээд, иргэний нийгмийн байгууллагын төслийн хэрэгжилт болон хяналт, тайлагналтын асуудлаар мэдээлэл хүссэн хүсэлтэд төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч, орон нутгийн Засаг дарга Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баримтлан зохих мэдээллийг өгнө.

  

36.7.Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд олон нийтийн оролцоог хангах, төслийн хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийг төлөвлөхөд цахим системээр иргэдийн саналыг авах, тусгах, уялдуулах арга хэмжээг зохион байгуулна.              

  

37 дугаар зүйл.Цахим системийн удирдлага, зохион байгуулалт

Хэвлэх

  

37.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  

37.1.1.их өгөгдөл ашиглан, хиймэл оюун ухаанд тулгуурлан төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төслийг үнэлэх, эрэмбэлэх;

  

37.1.2.төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах;

  

37.1.3.өмчид бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хадгалах;

  

37.1.4.мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх.

  

37.2.Цахим системийн удирдлага, зохион байгуулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

  

37.3.Цахим системийн хэрэглэгч нь цахим системд холбогдох мэдээллийг оруулах, бүртгэх, баталгаажуулах, илгээхэд энэ хууль болон энэ хуулийн 10.1.3-т заасан журмыг мөрдөж ажиллах бөгөөд мэдээллийн бүрдэл, үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

  

37.4.Цахим системийн хэрэглэгчийн эрхийн нууцлалт, аюулгүй байдлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцах ба бусдад дамжуулж, ашиглуулахгүй байна.

  

37.5.Цахим системд админ эрхтэй хэрэглэгч нь өөрийн админ эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд тухайн хэрэглэгчийн ажлын байр өөрчлөгдсөн тохиолдолд админ эрхээ дараагийн хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.

  

37.6.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд цахим системд үйлдэл хийх хугацааг хойшлуулж болно.

  

37.7.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, үнэлгээ, тайлагналтыг цахим системээр хэрэгжүүлэхэд энэ хуулийн 10.1.3-т заасан журам болон холбогдох гарын авлагыг баримтална.

  

37.8.Энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй, шаардлагатай баримт бичгийн иж бүрдэл, мэдээллийг албан бичгээр болон цахим системээр ирүүлээгүй нь төслийг төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд тусгахгүй байх үндэслэл болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ХӨРӨНГИЙН УДИРДЛАГА, АШИГЛАЛТ, ТҮҮНИЙ ҮР ӨГӨӨЖ

  

38 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгийн удирдлага

Хэвлэх

  

38.1.Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр хэрэгжүүлсэн төслийн үр дүнд бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байх бөгөөд хөрөнгийн удирдлагын энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулна.

  

38.2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон, эсхүл түншлэлийн зүйлийн эзэмших, ашиглах, өмчлөх эрх нь шилжсэн хөрөнгийн удирдлага, өмчлөл, бүртгэлийн харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.

  

38.3.Захиалагч нь төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хамаарах газар, бусад эд хөрөнгө, өмчлөлийн зүйлийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэхээс өмнө барьцаалах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах шийдвэр гаргахыг хориглоно.

  

39 дүгээр зүйл.Хөрөнгийн бүртгэл, өмчлөл

Хэвлэх

  

39.1.Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон барилга байгууламж, тоног төхөөрөмж, аливаа хөрөнгийг энэ хуулийн 29.10-т заасан хүлээн авсан актаар баталгаажуулан захиалагч нь төрийн болон орон нутгийн өмчид бүртгүүлнэ.

  

39.2.Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллага хөтөлнө.

  

39.3.Энэ хуулийн 39.1-д заасан хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгүүлсний дараа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлнэ.

  

39.4.Төрийн өмчийн бүртгэлийн нэгдсэн систем дэх энэ хуулийн 39.1-д заасан хөрөнгийн өмчийн бүртгэл, баталгаажуулалтыг холбогдох журамд зааснаар зохицуулна.

  

39.5.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгө олж авах тухай саналаа улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагад гаргах бөгөөд холбогдох байгууллага саналыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

  

40 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн сан

Хэвлэх

  

40.1.Захиалагч, ашиглагч нь төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийн мэдээллийг төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

  

40.2.Өмчийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, бүртгэл, тооллого, өмч эзэмшигч, өмчийн хөдөлгөөн болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан тайлан, хөрөнгийн үнэлгээний талаарх мэдээллийг төвлөрүүлнэ.

  

40.3.Захиалагч, ашиглагч болон төрийн болон орон нутгийн өмч хариуцагч нь өмчийн мэдээллийн санд холбогдох бүртгэл, мэдээллийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тогтоосон хугацаанд бүрэн, үнэн зөв оруулна.

  

41 дүгээр зүйл.Хөрөнгийн ашиглалт, сайжруулалт

Хэвлэх

  

41.1.Хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч, ашиглагч нь барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах бөгөөд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах, хяналт тавих ажлыг хариуцна.

  

41.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн хөрөнгө оруулалтын дүнд бий болсон хөрөнгийг ашиглалтад оруулах үед цахим систем дээр хөрөнгийн бүртгэлтэй уялдуулан кодлох бөгөөд энэхүү бүртгэлээр тухайн хөрөнгийн шаардлагатай засвар, сайжруулалтын хуваарь, хугацааг урьдчилан тодорхойлдог байна.

  

41.3.Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах зорилгоор барилгын даацын элементийг өөрчлөхгүйгээр барилгыг засварлах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах зэргээр сайжруулалт хийх үүрэгтэй.

  

41.4.Ашиглагч, эзэмшигч, өмчлөгч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, Барилгын тухай хууль тогтоомжид заасан мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

  

41.5.Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа, ашиглалт, сайжруулалт, засвар, үйлчилгээ хийхтэй холбоотой харилцааг Барилгын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгээр зохицуулна.

  

41.6.Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийн турших, зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг талуудын байгуулсан гэрээгээр зохицуулна.

  

41.7.Чанарын баталгаат хугацаанд барилга байгууламжид илэрсэн ашиглагчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарах зөрчил, гэмтэл, согогийг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр засварлаж, хариуцна.

  

41.8.Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаанд гарсан зөрчлийг Барилгын тухай хуулийн 46.5-д зааснаар арилгаж, хариуцлага хүлээнэ.

  

42 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгийн үр өгөөж

Хэвлэх

  

42.1.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төслийн үр дүн, хөрөнгийн ашиглалт, түүний үр өгөөжийг энэ хуулийн 10.1.3-т заасан журмын дагуу тооцож, үнэлэх бөгөөд үнэлгээний тайланг цахим системд тайлагнана.

  

42.2.Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаатай уялдуулан төслийн үр дүн, хөрөнгийн ашиглалт, түүний үр өгөөжийн үнэлгээнд үндэслэн зөвлөмж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулна.

  

42.3.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 42.1-д заасан үнэлгээг дотоод болон хөндлөнгийн аудит, хяналт шалгалтын байгууллага, шинжээч оролцуулан зохион байгуулж болно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН САН

  

43 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сан

Хэвлэх

  

43.1.Барилга, авто зам, төмөр зам болон эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын технологийн хөгжлийг дэмжих, норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, төсвийн хөрөнгө оруулалтын төслийн эрсдэлээс сэргийлэх, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилго бүхий төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сантай байна.

  

43.2.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн удирдлага, зохион байгуулалтыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

  

43.3.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.

  

43.4.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн удирдлага, зохион байгуулалт, зарцуулалт, хяналттай холбоотой нарийвчилсан харилцааг энэ хуулийн 10.1.3-т заасан журмаар зохицуулна.

  

44 дүгээр зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн эх үүсвэр

Хэвлэх

  

44.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн орлогыг төсөл хэрэгжих салбар, төслийн ангиллаас хамааран төслийн гэрээний үнийн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож гүйцэтгэлийн санхүүжилтээс төвлөрүүлнэ:

 

Д/д

Төслийн нэр /хэрэгжих салбар/

Төслийн ангилал /хувь хэмжээ/

I түвшний төсөл

II түвшний төсөл

III түвшний төсөл

IV түвшний төсөл

V түвшний буюу мега төсөл

1

Барилга байгууламжийн төсөл

0.18

0.17

0.16

0.15

0.14

2

Авто замын төсөл

0.4

0.39

0.38

0.37

0.36

3

Төмөр замын төсөл

0.4

0.39

0.38

0.37

0.36

4

Эрчим хүчний төсөл

0.18

0.17

0.16

0.15

0.14

  

44.2.Энэ хуулийн 44.1-д зааснаас бусад дэд бүтцийн төслийн хувьд төсөл хэрэгжүүлэх гэрээний үнийн дүнгээс 0.1 хувь хэмжээгээр тооцно.

  

44.3.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн орлогыг төслийн санхүүжилтээс тухай бүр тооцож, төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлнэ.

  

45 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн хөрөнгийн зарцуулалт

Хэвлэх

  

45.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

  

45.1.1.барилга, авто зам, төмөр зам болон эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын технологийн хөгжлийг дэмжих;

  

45.1.2.норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах;

  

45.1.3.төсвийн хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол болон хэрэгжсэн төслийн үр дүн, хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг тооцох;

  

45.1.4.төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага буюу төлөвлөлт, хэрэгжүүлэлт, санхүүжилт, хяналт, тайлагналтыг сайжруулах зорилго бүхий цахим системийн удирдлагыг хөгжүүлэх;

  

45.1.5.төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой судалгаа, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх;

  

45.1.6.төсвийн хөрөнгө оруулалтын салбарын хүний нөөцийг сургах, чадавхжуулах;

  

45.1.7.энэ хуулийн 33.4-т заасан дүгнэлтийг гаргуулах.

  

45.2.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн хөрөнгийг энэ хуулийн 45.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.

  

46 дугаар зүйл.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн ил тод байдал, тайлагналт

Хэвлэх

  

46.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн үйл ажиллагаа, санд төвлөрүүлсэн орлого болон хөрөнгийн зарцуулалтын мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.

  

46.2.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн орлого төвлөрүүлэлт болон хөрөнгийн зарцуулалтын нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор олон нийтэд танилцуулна.

  

46.3.Энэ хуулийн 46.2-т заасан жилийн нэгдсэн тайланд дараах зүйлийг тусгасан байна:

  

46.3.1.санд төвлөрсөн орлогын хэмжээ /салбар, эх үүсвэрээр/;

  

46.3.2.сангийн хөрөнгийн зарцуулалт /энэ хуулийн 45.1-д заасан зарцуулалт тус бүрээр/;

  

46.3.3.гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, хүрсэн үр дүн;

  

46.4.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын сангийн орлого төвлөрүүлэлт, хөрөнгийн зарцуулалт, ажлын тайлан, үр дүнг Засгийн газарт танилцуулж, цахим системд ил тод, нээлттэй байршуулна.

  

47 дугаар зүйл.Төслийн гүйцэтгэгчийг үнэлэх

Хэвлэх

  

47.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэгчийг нийт гүйцэтгэсэн төслийн гүйцэтгэл, үр дүнд үндэсэлэн дараах шалгуур үзүүлэлтээр жил тутамд үнэлнэ:

  

47.1.1.төслийн чанар, стандартын болон аюулгүйн шаардлага хангасан байдал;

  

47.1.2.төслийн хэрэгжүүлсэн хугацаа;

  

47.1.3.төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй хэрэгжүүлсэн байдал;

  

47.1.4.төслийн үр өгөөж, ашиглагч болон олон нийтийн үнэлгээ;

  

47.1.5.ногоон технологи хэрэглэсэн байдал, байгаль орчин болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ.

  

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан үнэлгээнд үндэслэн гүйцэтгэгчийг дараах жагсаалтад хамруулна:

  

47.2.1.сайн гүйцэтгэлтэй буюу "ногоон";

  

47.2.2.дундаж гүйцэтгэлтэй буюу "шар";

  

47.2.3.хангалтгүй гүйцэтгэлтэй буюу "улаан".

  

47.3.Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг энэ хуулийн 47.1, 47.2-т заасны дагуу гүйцэтгэлийн үнэлгээний жагсаалт нь цахим системд олон нийтэд нээлттэй, ил тод байна.

  

47.4.Төслийн гүйцэтгэгчийг дараах байдлаар урамшуулна:

  

47.4.1.худалдан авах ажиллагаанд ижил үнэлгээтэй хэд хэдэн тендер байх тохиолдолд энэ хуулийн 47.2-т заасан гүйцэтгэгчийн жагсаалтын дагуу эрэмбэлнэ;

  

47.4.2.гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр олгоход "ногоон" жагсаалтын гүйцэтгэгчээс урьдчилгаа төлбөрийн баталгаа шаардахгүй, "шар" жагсаалтын гүйцэтгэгч төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгийн баталгаа ирүүлнэ.

  

47.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 47.1-д заасан үнэлгээнд үндэслэн "улаан" жагсаалтын гүйцэтгэгчийн төрийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг гурван жилийн хугацаагаар хязгаарлаж болно.

  

47.6."Улаан" жагсаалтын гүйцэтгэгч болон түүний хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан "улаан" жагсаалтад байх хугацаандаа шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр, эсхүл бусад хуулийн этгээдээр дамжуулан төсвийн хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэлд оролцохыг хориглоно.

  

47.7.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн гүйцэтгэгчээр гурваас доош жил ажилласан этгээд энэ хуулийн 47.1-д заасан хугацаанаас өмнө үнэлгээ хийлгүүлэх хүсэлт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.

  

47.8.Төслийн гүйцэтгэгчийг үнэлэх харилцааг энэ хуулийн 10.1.3-т заасан журмаар нарийвчлан зохицуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

  

48 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

Хэвлэх

  

48.1.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын явцад үүссэн маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

  

48.2.Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд үүссэн маргааныг талууд харилцан тохиролцож, шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.

  

48.3.Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн явцад үүссэн маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр олон улсын гэрээнд тусгасан тохиолдолд арбитрын журмаар шийдвэрлүүлнэ.

  

48.4.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлал болон арбитраар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцож болно.

  

48.5.Талууд энэ хуульд заасны дагуу маргааныг шийдвэрлэж чадаагүй бол холбогдох хуульд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.

  

48.6.Төсвийн хөрөнгө оруулалтын төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол, маргааныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар шийдвэрлүүлнэ.

  

49 дүгээр зүйл.Хохирол, гэм хор нөхөн төлүүлэх

Хэвлэх

  

49.1.Энэ хуулийг зөрчсөн үйлдлийн улмаас улс, орон нутгийн төсөв болон төсвийн хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрт учруулсан хохирол, гэм хорыг Захиргааны ерөнхий хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

  

49.2.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх нь тухайн этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

  

50 дугаар зүйл.Хариуцлага хүлээлгэх үндэслэл

Хэвлэх

  

50.1.Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт нь энэ хуульд заасан шаардлагыг зөрчихөөр бол Төсвийн тухай хуулийн 8.4.9-д заасны дагуу төслийн жагсаалтыг батлахгүй байх буюу буцаах үндэслэл болно.

  

50.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуульд заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.7-д заасны дагуу Засаг даргыг огцруулах үндэслэл болно.

  

50.3.Энэ хуульд зааснаар эрхээ шилжүүлсэн этгээд нь төслийн хэрэгжилт, үр дүн, гүйцэтгэлд эрх бүхий этгээдийн хувиар хариуцлага хүлээнэ.

  

50.4.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд энэ хуульд заасны дагуу хариуцлага тооцсон, албан тушаалаас огцруулсан, чөлөөлсөн нь түүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

  

50.5.Төсвийн хөрөнгө оруулалтын явцад гэрээний талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.

  

51 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

  

51.1.Энэ хуульд заасан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлэхэд хориглох зүйлийг зөрчсөн эрх бүхий этгээд, удирдах болон гүйцэтгэх албан хаагчид төрийн албанд таван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна.

  

51.2.Төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн болон шууд захирагч энэ хуульд заасныг зөрчсөн бол эрхэлж байгаа албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно.

  

51.3.Төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчил гаргасан эрх бүхий этгээд, удирдах болон гүйцэтгэх албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48.1.3, 48.1.4-т заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ:

  

51.3.1.төсөл хэрэгжүүлэх гэрээнд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажлын даалгаврыг иж бүрэн, тодорхой тусгаагүй, эсхүл хавсаргаагүй;

  

51.3.2.төсөл хэрэгжүүлэх гэрээнд зардал, хохирол болон зардал, хохирлыг гэрээний аль тал, ямар нөхцөлд хэрхэн хариуцах талаар тусгаагүй;

  

51.3.3.төсөл хэрэгжүүлэх гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг бодитой, үндэслэлтэй тусгаагүй, эсхүл ажил гүйцэтгэх хугацааг зайлшгүй шалтгаанаар сунгасан нөхцөлд гэрээнд гэрээний нийт үнийн дүнг нэмэгдүүлэхгүй талаар тусгаагүй;

  

51.3.4.төсөл хэрэгжүүлэх гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хэрэглэх үндэслэл, нөхцөл бүрдсэн байхад хэрэглээгүй, хэрэглэхээс үндэслэлгүй татгалзсан;

  

51.3.5.төсөл хэрэгжүүлэх гэрээнд заасан ажлыг хугацаанд нь, зохих ёсоор хүлээн авах үүргээ биелүүлээгүйгээс бусдад хохирол учирсан;

  

51.3.6.энэ хуулиар тогтоосон төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй төслийг төсвийн төсөлд тусгах, тусгахыг оролдох, эрх бүхий этгээдэд танилцуулах;

  

51.3.7.төсвийн хөрөнгө оруулалтын харилцаанд оролцогч эрх бүхий этгээд нь санхүүжилтийн болон бусад баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, бүрдүүлэхэд оролцсон, тусалсан, дэмжсэн;

  

51.3.8.захиалагч энэ хуульд заасан төслийг хянах, тайлагнах үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлээгүй;

  

51.3.9.захиалагч энэ хуульд заасан хугацаанд төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах үүргээ биелүүлээгүй;

  

51.3.10.захиалагч төсвийн хөрөнгө оруулалтын төслийн ажил эхлэхийн өмнө энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан бэлтгэл ажил хангагдсан эсэхийг нягтлаагүй;

  

51.3.11.эрх шилжүүлэн авсан этгээд нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслийг ашиглалтад оруулах болон ашиглалтын дараа үүсэх аливаа асуудлыг хариуцан ажиллах үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлээгүй;

  

51.3.12.захиалагч төслийн гэрээ, дагалдах гэрээнд хууль зөрчсөн, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхэд хамаарах зохицуулалт тусгасан;

  

51.3.13.албан тушаалтан төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх үүргээ биелүүлээгүй;

  

51.3.14.төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллийг хариуцагч этгээд нь энэ хуулийн 35.4-т заасны дагуу мэдээлэл бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй;

  

51.3.15.цахим системд админ эрхтэй хэрэглэгч нь өөрийн эрхээ бусдад шилжүүлсэн, ажлаас чөлөөлөгдөхдөө эрхээ хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй;

  

51.3.16.төсвийн ерөнхийлөн, төвлөрүүлэн болон шууд захирагч, захиалагч, захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэгч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэгч нь энэ хуульд заасныг зөрчиж төсөвт өртгийг нэмэгдүүлэх аливаа шийдвэр гаргасан.

  

51.4.Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын хууль тогтоомжийг зөрчсөн эрх бүхий этгээд, албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

  

51.5.Төслийн гүйцэтгэгч гэрээнд тусгаагүй нэмэлт ажил гарсан, эсхүл ажлыг өөрчлөн хийх зайлшгүй шаардлага гарсан зэрэг нөхцөлд захиалагчид урьдчилан мэдэгдээгүй, зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй бол холбогдох зардал, хохирол, гэм хор болон бусад эрсдэлийг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна.

  

51.6.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

  

51.7.Хууль зөрчигчид хариуцлага оногдуулсан нь зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

  

52 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

  

52.1.Энэ хуулийг 2026 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төслийн хавсралтууд
Төслийн саналууд
Гарчиг
  • Зочин
  • 2025-12-03 09:15:41
  • ID: LLZP-WSLR-NJT50
  • Хариу илгээсэн эсэх :
Санал өгөх