A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-06-08 10:53:25
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 273
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-06-23

Танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр           Улаанбаатар хот

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН
 АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, технологийн зохицуулалт хийхтэй холбогдсон оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаанд хамаарна.

3.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

3.3.Энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."зохицуулалттай нийгмийн сүлжээ" гэж энэ хуулийн 7.5-д заасан жагсаалтад багтсан нийгмийн сүлжээг;

4.1.2."насны баталгаажуулалт" гэж хэрэглэгчийн насыг итгэмжлэгдсэн эх сурвалжийн өгөгдөлд үндэслэн үйлчилгээ авах насны босгыг хангаж буй эсэхийг технологийн арга хэрэгслийг ашиглан баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

4.1.3."нийгмийн сүлжээ" гэж хэрэглэгч бүртгэл үүсгэн оролцох, өөрийн болон бусдын үүсгэсэн зураг, дүрс бичлэг, дуу, бичвэр зэрэг агуулгыг нийтлэх, түгээх, сэтгэгдэл бичих, хуваалцах, бүлэг үүсгэх, харилцах боломж олгодог цахим хэрэглүүр /аппликэйшн/, цахим хуудас болон түүнтэй адилтгах үйлчилгээг;

4.1.4."нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч" гэж энэ хуулийн 4.1.3-т заасан үйлчилгээг нийтэд санал болгож буй этгээдийг;

4.1.5."харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч" гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийг;

4.1.6."хориотой агуулга" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.15-д заасан агуулгыг;

4.1.7."хүүхдэд хортой агуулга" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.16-д заасан агуулгыг;

4.1.8."эцэг эхийн хяналтын хэрэгсэл" гэж хүүхдийн нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ашиглах хандалтын хязгаарлалт, зохицуулалт болон шүүлтүүр бүхий техникийн шийдлийг.

5 дугаар зүйл. Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад баримтлах зарчим

Хэвлэх

5.1.Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дараах зарчмыг баримтална:

5.1.1.хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих;

5.1.2.хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;

5.1.3.эрсдэлд суурилсан байх;

5.1.4.хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах;

5.1.5.хамтын оролцоог хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ЭРСДЭЛ БА ХАМГААЛАЛТ

6 дугаар зүйл. Технологийн хамгаалалтын арга хэмжээ

Хэвлэх

6.1.Нийгмийн сүлжээний эрсдэлийн түвшинд үндэслэн энэ хуульд заасан урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.2.Нийгмийн сүлжээг 13 насанд хүрээгүй хүүхдэд ашиглуулахыг хориглоно.

6.3.Зохицуулалттай нийгмийн сүлжээнд 13–16 насны хүүхдийн хэрэглээнд дараах урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ:

6.3.1.хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээ, түүний хугацаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хяналт тавих боломжийг бүрдүүлэх;

6.3.2.хүүхдийн хувийн мэдээлэл, байршил болон бүртгэлийн нууцлалыг хамгаалах анхдагч тохиргоо хэрэгжүүлэх;

6.3.3.хориотой, хүүхдэд хортой агуулгын харагдац, түгээлт, санал болгох алгоритмыг хязгаарлах;

6.3.4.танихгүй хэрэглэгчтэй харилцаа тогтоох, шууд дамжуулалт хийх боломжийг хязгаарлах;

6.3.5.хориотой, хүүхдэд хортой агуулгыг мэдээлэх, гомдол гаргах, хаах технологийн боломжийг бүрдүүлэх;

6.3.6.хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцсэн бусад технологийн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх.

6.4.Энэ хуулийн 6.2, 6.3-т заасан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор насны баталгаажуулалт хийнэ.

7 дугаар зүйл. Нийгмийн сүлжээний эрсдэлийн үнэлгээ

Хэвлэх

7.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсаас 100,000-аас дээш хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээ хийнэ.

7.2.Энэ хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаас гадна иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээлэлд үндэслэн нийгмийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээ хийж болно.

7.3. Нийгмийн сүлжээний эрсдэлийг үнэлэхдээ дараах асуудлыг харгалзан үзнэ:

7.3.1.хэрэглэгчийн цар хүрээ;

7.3.2.системийн загварчлал, ажиллах зарчим;

7.3.3.түгээгдэж буй агуулгын шинж;

7.3.4.танихгүй хүнтэй шууд харилцах боломж;

7.3.5.мэдээлэл тархах боломж;

7.3.6.хэрэглэгчийн гомдол, мэдээллийн шийдвэрлэлт.

7.4.Нийгмийн сүлжээний эрсдэлийг үнэлэх журмыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

7.5.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зохицуулалттай нийгмийн сүлжээний жагсаалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтэд мэдээлнэ.

7.6.Энэ хуулийн 7.5-д заасан жагсаалтад өөрчлөлт орсон тухай бүр жагсаалтад нэмэгдсэн болон хасагдсан нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид Харилцаа холбооны зохицуулах хороо мэдэгдэл хүргүүлнэ.

7.7.Зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 7.6-д заасан мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногт багтаан энэ хуулийн 10.2-т заасан шаардлагыг хангаж, энэ тухай мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
ХАНГАХАД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

8 дугаар зүйл. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх, үүрэг

Хэвлэх

8.1.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн насны онцлогт нийцүүлэн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

8.2.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар дараах эрх, үүрэгтэй:

8.2.1.хүүхдийн ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, зөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагаас авах;

8.2.2.хүүхдэд нийгмийн сүлжээний аюулгүй хэрэглээний мэдлэг олгох, эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгөх;

8.2.3.хүүхдийнхээ ашиглаж буй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт үнэн зөвөөр бүртгүүлэн, хэрэглээнд хяналт тавих;

8.2.4.гэр бүлийн орчинд хүүхдийн ашиглаж буй интернэтийг насанд хүрэгчдэд зориулсан контентын шүүлтүүртэй байхаар тохиргоог идэвхжүүлэх;

8.2.5.эцэг эхийн хяналтын хэрэгслийг ашиглаж 13–16 насны хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс хамгаалах;

8.2.6.хүүхэд нийгмийн сүлжээнээс хэт хамааралтай байхаас урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;

8.2.7.хориотой, хүүхдэд хортой агуулгад өртөхөөс хамгаалах;

8.2.8.нийгмийн сүлжээнд хориотой, хүүхдэд хортой агуулга нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан, эсхүл нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

8.3.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ хуулийн 8.2.3-т заасны дагуу хүүхдийн насаар баталгаажуулаагүй харилцаа холбооны сүлжээний дугаарыг хүүхдэд ашиглуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

9.1.Боловсролын сургалтын байгууллага нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, суралцагчид нийгмийн сүлжээний эрсдэл, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал, ур чадвар олгох урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй.

9.2.Боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 9.1-т заасан үүргээ биелүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

9.2.1.эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид мэдлэг олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, зөвлөмж өгөх;

9.2.2.суралцагч нийгмийн сүлжээнд хариуцлагатай байх, бусдыг хүндэтгэх зан үйлд сургах;

9.2.3.суралцагчид нийгмийн сүлжээнд хувийн мэдээлэл хамгаалах, нууцлал, аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаарх мэдлэг, дадал олгох;

9.2.4.нийгмийн сүлжээнээс үүдэлтэй аливаа сөрөг нөлөөлөлд өртсөн суралцагчид шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ болон бусад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;

9.2.5.сургуулийн орчинд зохицуулалттай нийгмийн сүлжээ ашиглахыг хязгаарлах;

9.2.6.нийгмийн сүлжээнд суралцагчийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх.

9.3.Боловсролын сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход энэ хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээний программ хангамж ашиглахыг хориглоно.

10 дугаар зүйл. Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

10.1.Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч дараах эрх, үүрэгтэй байна:

10.1.1.мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологи ашиглан хэрэглэгчийн насны бүлгийг баталгаажуулан бүртгэх;

10.1.2.нийгмийн сүлжээнд 13 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй байх;

10.1.3.нийгмийн сүлжээнд нийтэлсэн, түгээсэн, сурталчилсан хориотой агуулгыг нэн даруй устгах;

10.1.4.эрх бүхий байгууллагын мэдэгдэлд үндэслэн хүүхдэд хортой агуулгад 24 цагийн дотор хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах;

10.1.5.хиймэл оюун ашиглан бүтээсэн контентод "хиймэл оюун ашиглан бүтээсэн" гэх агуулгатай таних тэмдгийг харагдахуйц байдлаар байрлуулах;

10.2.Зохицуулалттай нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 10.1-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

10.2.1.энэ хуулийн 6.3-т заасан технологийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;

10.2.2.нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн үүргийн хэрэгжилтийг хангахад шуурхай дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах суурин төлөөлөгч томилж, Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;

10.2.3.эрх бүхий байгууллагатай шууд харилцах суваг нээх;

10.2.4.Монгол Улсын хэрэглэгчийн тоон мэдээлэл, гомдол шийдвэрлэлт, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд ашиглаж буй технологийн шинэчлэлийн талаарх тайланг жил бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх;

10.3.Хэрэглэгчийн насыг баталгаажуулахад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчээс дамжуулсан насны бүлгийн мэдээллийг ашиглаж болно.

11 дүгээр зүйл. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

11.1.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:

11.1.1.харилцаа холбооны сүлжээний дугаарыг 16-аас доош насны хүүхдэд түүний овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар болон эцэг, эх, асран хамгаалагчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаарын хамт баталгаажуулан олгох;

11.1.2.мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологи ашиглан насны баталгаажуулалтад шаардлагатай өгөгдөл дамжуулах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчтэй хамтран ажиллах;

11.1.3.насны баталгаажуулалт хийх зорилгоор ашигласан мэдээллийг энэ хуульд зааснаас бусад этгээдэд дамжуулахгүй байх;

11.1.5.насны баталгаажуулалтын үйл явц, хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар хэрэглэгчийг шаардлагатай мэдээллээр хангах;

11.1.6.Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдэлд үндэслэн өөрийн сүлжээнд шаардлагатай технологийн арга хэмжээ авах.

12 дугаар зүйл. Нийгмийн сүлжээ хэрэглэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

12.1.Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:

12.1.1.хориотой, хүүхдэд хортой агуулгын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;

12.1.2.насны баталгаажуулалтын үйл явц дахь хүний хувийн мэдээллийн нууцлалыг хангах үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;

12.1.3.өөрийн нийгмийн сүлжээний бүртгэл, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

12.1.4.хориотой агуулгыг олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй, түгээхгүй, сурталчлахгүй байх;

12.1.5.эрх бүхий байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ

13 дугаар зүйл. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

13.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.1.2.нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийг энэ хуульд заасан үүргээ биелүүлэхэд хамтран ажиллах;

13.1.3.нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчтэй улс хоорондын, бүс нутгийн болон олон улсын гэрээ, хэлцлийн түвшинд хамтран ажиллах;

13.1.4.хуульд заасан бусад.

14 дүгээр зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

14.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

14.1.1.боловсролын байгууллага, сургуулийн орчинд нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

14.1.2.сургалтын хөтөлбөрт нийгмийн сүлжээнд аюулгүй байдлыг хангах агуулгыг үе шаттайгаар тусгах;

14.1.3.сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцох зориулалтын программ хангамж нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

14.1.4.сургалтын үйл ажиллагаа, суралцагчтай холбоотой мэдээлэл солилцоход энэ хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээний программ хангамж хэрэглээг хязгаарлах ажлыг зохион байгуулах;

14.1.5.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Боловсролын байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулах, хангуулан ажиллах;

14.1.6.хуульд заасан бусад.

15 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

15.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

15.1.1.нийгмийн сүлжээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

15.1.2.холбогдох төрийн байгууллагатай хамтран нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, олон нийтэд чиглэсэн мэдлэг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах;

15.1.3.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын санаачилгад нэгдэх, үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх;

15.1.4.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах салбар дундын зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

15.1.5.нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрсдэлийг судалж, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бүхий хориотой, хүүхдэд хортой агуулгад дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;

15.1.6.нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээний стандартыг боловсруулж, Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулах.

15.1.7.хуульд заасан бусад.

15.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон бусад салбарын мэргэжилтний нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн, цахим хөгжил, харилцаа холбооны, боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

16 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

16.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

16.1.1.нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хүүхэд хамгааллын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

16.1.2.хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, олон нийт, мэргэжилтэнд зориулсан хүүхдийг нийгмийн сүлжээний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим ур чадвар олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

16.1.3.хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зориулсан нийгмийн сүлжээний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулах;

16.1.4.хүүхэд, залуучуудын оролцооны байгууллага, хуулийн этгээд болон иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хамтран ажиллах;

16.1.5.хүүхдийн эрхийн улсын байцаагчид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах;

16.1.6.нийгмийн сүлжээнээс үүдэлтэй эрсдэлийг судалж, дүн шинжилгээ хийх, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах санал боловсруулж, дээд шатны байгууллагад уламжлах;

16.1.7.нийгмийн сүлжээнд эрх, ашиг нь хөндөгдөж, хохирсон хүүхдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх;

16.1.8.хуульд заасан бусад.

17 дугаар зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэг

Хэвлэх

17.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1.нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч энэ хуульд заасан үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

17.1.2.нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай технологийн арга хэмжээг хэрэгжүүлэх;

17.1.3.эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид нэн даруй хүргүүлэх.

17.1.4.хуульд заасан бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ

18 дугаар зүйл. Гомдол, мэдээлэл хүлээн авах, шилжүүлэх

Хэвлэх

18.1.Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг Нэг зуун найм хүүхдийн шуурхай тусламж хамгааллын төвд гаргана.

18.2.Нэг зуун найм хүүхдийн шуурхай тусламж хамгааллын төв нь гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, бүртгэл хөтөлнө.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

19 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

19.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

20 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

20.1.Энэ хуулийг 2027 оны ... дугаар сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ

Төслийн хавсралтууд
Санал өгөх