Танилцуулга:
ТӨСӨЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эдийн засгийн тусгай бүсийн төрөл, байгуулах, өөрчлөх, татан буулгах үндэслэл, оролцогчийн эрх зүйн байдал, бүсэд эрхлэх үйл ажиллагаа, бүсийн тусгай дэглэм, газрын харилцаа, дэд бүтэц, төрийн үйлчилгээ, удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ, маргаан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль тогтоомж
2.1.Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуульд тусгайлан зааснаас бусад татвар, төсөв, гааль, зөвшөөрөл, газар, хөрөнгө оруулалт, хөдөлмөр, байгаль орчин, банк, санхүү, барилга, хот байгуулалтын харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
3.2. Энэ хуулиар тогтоосон тусгай дэглэмээс илүү таатай нөхцөлийг бусад хуулиар тогтоосон бол илүү таатай нөхцөл бүхий тухайн хуулийг хэрэглэнэ.
3.3.Тусгай бүсэд тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зохицуулна.
4 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал
4.1.Тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг нийтэд нээлттэй байршуулна:
4.1.1.тусгай бүс байгуулах шийдвэр;
4.1.2.хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө;
4.1.3.хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэрэгжилтийн тайлан;
4.1.4.хөрөнгө оруулалтын ерөнхий үзүүлэлт;
4.1.5.тусгай бүсийн оролцогчийн бүртгэл;
4.1.6.төрөөс үзүүлж байгаа дэмжлэг буюу тусгай дэглэм;
4.1.7.хуульд заасан бусад мэдээлэл.
5 дугаар зүйл.Нэр томьёоны тодорхойлолт
5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."аж үйлдвэрлэлийн тусгай бүс" гэж боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн кластерын зориулалттай эдийн засгийн тусгай бүсийг;
5.1.2."аялал жуулчлалын тусгай бүс" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, жуулчны урсгал татах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор аялал жуулчлал, соёл, амралт, сувилал, зочлох үйлчилгээ болон тэдгээртэй холбогдох үйл ажиллагааг хөгжүүлэх зориулалттай эдийн засгийн тусгай бүсийг;
5.1.3."гаалийн нутаг дэвсгэр" гэж Гаалийн тухай хуулийн 4.1-д заасныг;
5.1.4."гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт" гэж Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг;
5.1.5."дотоодын нийлүүлэлтийн сүлжээ" гэж эдийн засгийн тусгай бүсийн оролцогч болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны тогтолцоог;
5.1.6."тусгай бүсийн дэд бүтэц" гэж тусгай бүс дэх зам, тээвэр, эрчим хүч, ус хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны болон бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтэц бүхий байгууламжийг;
5.1.7."зураасан код" гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг;
5.1.8."инновац, технологийн тусгай бүс" гэж судалгаа, хөгжүүлэлт, инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай эдийн засгийн тусгай бүсийг;
5.1.9."кластер" гэж ижил, эсхүл харилцан уялдаатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн газар зүйн болон эдийн засгийн хувьд төвлөрсөн хамтын ажиллагааны тогтолцоог;
5.1.10."монголын бараа" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
5.1.11."мэдээллийн нэгдсэн сан" гэж тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулийн 57-58 дүгээр зүйлд заасан мэдээллийг бүртгэх, боловсруулах, хадгалах, ашиглах цахим мэдээллийн тогтолцоог;
5.1.12."ногоон хөрөнгө оруулалт" гэж байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, усны үр ашигтай хэрэглээ, хаягдлын менежмент хөгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг;
5.1.13."нэг цонхны үйлчилгээ" гэж энэ хуульд заасан төрийн болон холбогдох бусад үйлчилгээг нэг цэгээс, цахимаар, эсхүл биечлэн үзүүлэх зохион байгуулалтын тогтолцоог;
5.1.14."оролцогч" гэж эдийн засгийн тусгай бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн этгээдийг;
5.1.15."тарифын бус хязгаарлалт" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.14-т заасныг;
5.1.16."технологи дамжуулалт" гэж дэвшилтэт техник, технологи, үйлдвэрлэлийн арга ажиллагаа, мэдлэг, ур чадварыг нэвтрүүлэх, нутагшуулах үйл ажиллагааг;
5.1.17."тусгай дэглэм" гэж эдийн засгийн тусгай бүс дэх татвараас хөнгөлөх, чөлөөлөх, гаалийн хяналт, зорчигч нэвтрүүлэх, бүртгэл, зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэлтийн хөнгөвчилсөн нөхцөл, төрийн үйлчилгээний харилцаанд үйлчлэх энэ хуульд заасан тухайлсан зохицуулалтыг;
5.1.18."үр нөлөөний үнэлгээ" гэж эдийн засгийн тусгай бүсийн эдийн засаг, нийгэм, байгаль орчин, бүсчилсэн хөгжилд үзүүлсэн үр дүнг хэмжих хөндлөнгийн, хараат бус үнэлгээг;
5.1.19."хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө" гэж эдийн засгийн тусгай бүсүүдийн хөгжлийн чиглэл, тусгай дэглэм, газар ашиглалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлсон дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг;
5.1.20."хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" гэж хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөнд үндэслэсэн, тухайн тусгай бүсэд хамаарах дунд болон богино хугацааны арга хэмжээ, төсөл, санхүүжилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг;
5.1.21."хөрөнгө оруулалтын гэрээ" гэж эдийн засгийн тусгай бүсийн захиргаа болон оролцогчийн хооронд байгуулах, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон гэрээг;
5.1.22."хөрөнгө оруулалтын төсөл" гэж тусгай бүсийн зорилго, зориулалтыг хангахад чиглэсэн аж ахуйн үйл ажиллагааны төслийг;
5.1.23."худалдаа, логистикийн тусгай бүс" гэж худалдаа, агуулах, логистик, дамжин өнгөрөх тээвэр, цахим худалдааны түгээлт болон нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулсан эдийн засгийн тусгай бүсийг;
5.1.24."худалдааг хөнгөвчлөх" гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
5.1.25."цогц тусгай бүс" гэж энэ хуулийн 7-13 дугаар зүйлд заасан хоёр буюу түүнээс дээш төрлийн үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэх тусгай бүсийг;
5.1.26."эдийн засгийн тусгай бүс" гэж энэ хуулийн 7.1-д заасан нэг, эсхүл хэд хэдэн зорилгоор байгуулж тусгай дэглэм тогтоосон Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг /цаашид "тусгай бүс" гэх/;
5.1.27."тусгай бүсэд үйлдвэрлэсэн бараа" гэж тусгай бүсийн нутаг дэвсгэрт бүхэлд нь үйлдвэрлэсэн, эсхүл үйлдвэрлэлийн явцад бий болсон нэмэгдсэн өртөг нь үйлдвэрийн үнийн 40 хувиас доошгүй, тарифын ангилал нь дөрвөн оронтой түвшинд өөрчлөгдсөн, эсхүл тухайн бараанд тогтоосон үйлдвэрлэл, технологийн тусгай ажиллагаа тусгай бүсийн нутаг дэвсгэрт хийгдсэн барааг;
5.1.28."эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс" гэж хил залгаа улстай тус тусын улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт олон улсын гэрээнд үндэслэн байгуулсан эдийн засгийн тусгай бүсийг;
5.1.29."экспортын зориулалттай тусгай бүс" гэж экспортод гаргах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зориулалттай эдийн засгийн тусгай бүсийг;
5.1.30."Евразийн эдийн засгийн холбоо" гэж 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээгээр байгуулагдсан бүс нутгийн эдийн засгийн интеграцын байгууллагыг /цаашид "ЕАЭЗХ" гэх/;
5.1.31."улсын хилийн зурвасын нутаг дэвсгэр" гэж Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг;
5.1.32."Худалдааны түр хэлэлцээр" гэж 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ БҮСИЙН ТӨРӨЛ
6 дугаар зүйл.Тусгай бүсийн төрөл
6.1.Тусгай бүс зориулалтын онцлогоос хамааран дараах төрөлтэй байна:
6.1.1.аж үйлдвэрлэлийн тусгай бүс;
6.1.2.аялал жуулчлалын тусгай бүс;
6.1.3.хөдөө аж ахуйн тусгай бүс;
6.1.4. инновац, технологийн тусгай бүс;
6.1.5. худалдаа, логистикийн тусгай бүс;
6.1.6. экспортын зориулалттай тусгай бүс;
6.1.7. эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс;
6.1.8.цогц тусгай бүс.
7 дугаар зүйл.Аж үйлдвэрлэлийн тусгай бүс
7.1.Аж үйлдвэрлэлийн тусгай бүсэд технологи дамжуулалт бүхий, нэмүү өртөг шингэсэн дараах үйлдвэрлэлийг тэргүүн ээлжинд нэвтрүүлж дэмжинэ:
7.1.1.эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл;
7.1.2.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл;
7.1.3.химийн үйлдвэрлэл;
7.1.4.хүнс, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
7.1.5.боловсруулах үйлдвэрлэл;
7.1.6.барилгын материалын үйлдвэрлэл;
7.1.7.машин механизмын үйлдвэрлэл;
7.1.8.металл боловсруулах үйлдвэрлэл;
7.1.9.нэмүү өртөг шингэсэн өндөр бүтээмжтэй бусад үйлдвэрлэл.
7.2.Аж үйлдвэрлэлийн тусгай бүсэд энэ хуулийн 7.1-д заасан үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийг цогцоор төлөвлөх бөгөөд төр, эсхүл төр, хувийн хэвшлийн түншлэл, эсхүл гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, хөгжүүлнэ.
7.3.Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэлийг байршуулах асуудлыг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
8 дугаар зүйл.Аялал жуулчлалын тусгай бүс
8.1.Аялал жуулчлалын тусгай бүсэд байгаль, түүх, соёлын өв, үндэсний уламжлалын онцлог, аялал жуулчлалын нөөцөд тулгуурлан олон улсын болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг тэргүүн ээлжинд нэвтрүүлж дэмжинэ:
8.1.1.байгаль, түүх, соёлын өв, спортын аялал жуулчлал;
8.1.2.сувилал, эрүүл мэндийн аялал жуулчлал;
8.1.3.олон улсын хурал, үзэсгэлэн, бусад арга хэмжээний аялал жуулчлал;
8.1.4.жуулчныг байр сууцаар хангах үйлчилгээ;
8.1.5.энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ.
8.2.Аялал жуулчлалын тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд байгаль орчны тогтвортой байдал, соёлын өвийн хамгаалалт, усны нөөцийн зохистой ашиглалт, орон нутгийн иргэдийн оролцоог хангах арга хэмжээг тусгана.
8.3.Аялал жуулчлалын тусгай бүсэд хэрэгжүүлэх төсөл нь байгаль орчин, түүх, соёлын өвд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангасан байна.
8.4.Аялал жуулчлалын тусгай бүс байгуулахад Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1-д заасан аялал жуулчлалын бүсийг харгалзана.
9 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн тусгай бүс
9.1.Хөдөө аж ахуйн тусгай бүсэд тухайн бүс нутгийн газар, хөрс, ус, бэлчээр, уур амьсгалын нөхцөл, хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадвар, нэмүү өртгийг нэмэгдүүлэх дараах үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг тэргүүн ээлжинд нэвтрүүлж, дэмжинэ:
9.1.1.газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэл;
9.1.2.хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах, ангилах, савлах, хадгалах, хөргөх болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа;
9.1.3.хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний агуулах, логистик, тээвэр, бөөний худалдаа, экспортын үйлчилгээ;
9.1.4.судалгаа, туршилт, инновац, технологи дамжуулалт, сургалт, зөвлөх болон хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээ;
9.1.5.хөдөө аж ахуйн гаралтай хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, органик бордоо, биоэнерги болон сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа;
9.1.6.энэ хуулийн 9.1.1-9.1.5-д заасан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих дагалдах дэд бүтэц, санхүү, даатгал, баталгаажуулалт, лаборатори, хорио цээрийн үйлчилгээ.
9.2.Хөдөө аж ахуйн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газрын зохистой ашиглалт, хөрсний үржил шимийн хамгаалалт, ойн зурвас, усны нөөцийн хэмнэлттэй ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, ургамал, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, биологийн аюулгүй байдал, орон нутгийн иргэд, малчид, тариаланчид, хоршоодын оролцоог хангах арга хэмжээг тусгана.
9.3.Хөдөө аж ахуйн тусгай бүсэд хэрэгжүүлэх төсөл нь газар, хөрс, ус, бэлчээрийн доройтол, орчны бохирдол үүсгэхгүй, ургамал, малын өвчин, хөнөөлт организм тархах эрсдэлийг нэмэгдүүлэхгүй, хүнсний болон биологийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.
9.4.Хөдөө аж ахуйн тусгай бүс байгуулахад тухайн нутаг дэвсгэрийн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц, түүхий эдийн хангамж, усны хүртээмж, дэд бүтэц, зах зээл, логистикийн нөхцөл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг харгалзана.
10 дүгээр зүйл.Инновац, технологийн тусгай бүс
10.1.Инновац, технологийн тусгай бүсэд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, судалгаа, инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн дараах үйл ажиллагааг тэргүүн ээлжинд нэвтрүүлж дэмжинэ:
10.1.1.технологи дамжуулалт;
10.1.2.өндөр технологийн үйлдвэрлэл;
10.1.3.программ хангамжийн хөгжүүлэлт;
10.1.4.дата төв(дата сентер)-ийн хөгжүүлэлт;
10.1.5.хиймэл оюун ухаан, дижитал технологи;
10.1.6.биотехнологи;
10.1.7.сансар, харилцаа холбооны технологи;
10.1.8.гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа.
10.2.Инновац, технологийн тусгай бүсэд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага ба аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хамтын ажиллагаа болон технологи дамжуулалтыг хөхиүлэн дэмжих зохицуулалт, арга хэмжээг энэ хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.
11 дугаар зүйл.Худалдаа, логистикийн тусгай бүс
11.1.Худалдаа, логистикийн тусгай бүсэд үндэсний болон олон улсын тээвэрлэлтийн сүлжээний үр ашгийг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, бараа бүтээгдэхүүний хадгалалт, түгээлт, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн дараах үйл ажиллагааг тэргүүн ээлжинд нэвтрүүлж дэмжинэ:
11.1.1.бөөний болон түгээлтийн худалдаа;
11.1.2.агуулах, терминалын үйлчилгээ;
11.1.3.нэмүү өртөг шингэсэн логистикийн төвийн үйл ажиллагаа;
11.1.4.чингэлэг, каргоны үйлчилгээ;
11.1.5.дамжин өнгөрөх тээвэр;
11.1.6.цахим худалдааны түгээлтийн төв;
11.1.7.гаалийн баталгаат агуулах болон холбогдох үйлчилгээ.
11.2.Худалдаа, логистикийн тусгай бүсийг олон улсын болон үндэсний тээврийн коридор, боомт, зам, тээвэр, бүсчилсэн хөгжлийн бодлого болон ойролцоох хот, суурины хөгжлийн бодлоготой уялдуулан байгуулна.
11.3.Худалдаа, логистикийн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд агуулах, логистик, гааль, мэдээллийн технологийн дэд бүтцийн уялдаа холбоог тусгана.
12 дүгээр зүйл.Экспортын зориулалттай тусгай бүс
12.1.Экспортын зориулалттай тусгай бүсэд гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргахад чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлж дэмжинэ.
12.2.Экспортын тусгай бүсэд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл нь зөвхөн экспортод чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ байна.
12.3.Экспортын зориулалттай тусгай бүсэд үйлдвэрлэлийн кластер, нийлүүлэлтийн сүлжээ хөгжүүлэхийг дэмжинэ.
12.4.Экспортын зориулалтын тусгай бүсийн хөгжлийн төлөвлөгөөнд экспортын логистик, чанарын баталгаажуулалт, стандартын дэд бүтцийг тусгана.
13 дугаар зүйл.Эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс
13.1.Эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс нь хил залгаа улстай тус тусын улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан эдийн засгийн тусгай бүс байна.
13.2.ЕАЭЗХ-ны гишүүн улстай хил залгаа нутаг дэвсгэрт эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс байгуулж болно.
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан тусгай бүсийг хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тээвэр, логистикийн дэд бүтэц, аялал жуулчлал, соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор байгуулна.
13.4.Энэ хуулийн 13.2-т заасан тусгай бүсийн хилийн зааг, нэвтрэх дэглэм, гааль, татвар, барааны гарал үүсэл, тээвэр, логистик, оролцогчид тавих тусгай шаардлагыг Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсаас ЕАЭЗХ, эсхүл түүний гишүүн улстай байгуулсан олон улсын гэрээгээр зохицуулна.
13.5.Энэ хуулийн 13.2-т заасан тусгай бүс байгуулах, ажиллуулах нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, гаалийн нутаг дэвсгэр болон төрийн бүрэн эрхэд нөлөөлөхгүй.
13.6.Улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт тусгай бүсийн барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.2.2-т заасны дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.
13.7.Тусгай бүсийн оролцогч, ажилтан болон гэрээт этгээд улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт нэвтрэх, ажил, үйлдвэрлэл явуулахдаа Монгол Улсын хилийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зөвшөөрөл, журам, хориглолтыг дагаж мөрдөнө.
13.8.Худалдааны түр хэлэлцээрийг энэ хуулийн 13.2-т заасан эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүсийн худалдаа, гаалийн тариф, тарифын квот, барааны гарал үүсэл, худалдааг хөнгөвчлөх болон хамгаалалтын арга хэмжээнд 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс дагаж мөрдөнө.
14 дүгээр зүйл.Цогц тусгай бүс
14.1. Цогц тусгай бүс нь үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, логистик, инновацийн үйл ажиллагааг цогц байдлаар, харилцан уялдаатай хөгжүүлэхэд чиглэнэ.Өмнөх томёололоор явах.
14.2.Цогц тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл, тэдгээрийн харилцан уялдаа, хөгжлийн үе шат, газар ашиглалтын зохион байгуулалт, инженерийн, тээвэр, логистик, нийгмийн дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тусгана.
14.3.Цогц тусгай бүсийг үндэсний болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц, зах зээл, түүхий эд, ажиллах хүч, тээвэр, логистикийн зохистой нөхцөл бүрдсэн байршилд байгуулж, хөгжүүлнэ.
14.4.Цогц тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар ашиглалтын төлөвлөлт, дэд бүтцийн хүчин чадал, байгаль орчин, нийгмийн даацтай нийцсэн байна.
15 дугаар зүйл.Тусгай бүсэд хориглох үйл ажиллагаа
15.1.Эдийн засгийн тусгай бүсэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
15.1.1.газрын хэвлийг ашиглах, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа;
15.1.2.ашигт малтмал олборлохтой холбоотой малталт, өрөмдлөг, тэсэлгээ болон газрын хэвлийн ашиглалтын бусад үйл ажиллагаа;
15.1.3.цөмийн зэвсэг, цөмийн дэлбэрэх төхөөрөмж, цацраг идэвхт материал үйлдвэрлэх, баяжуулах, боловсруулах, хадгалах, устгах, түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр хориглосон цөмийн үйл ажиллагаа;
15.1.4.үй олноор хөнөөх зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, турших, хадгалах, дэлгэрүүлэх болон үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, терроризмтой холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн үйлдвэрлэл, үйлчилгээ;
15.1.5.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, байлдааны зориулалттай зэвсэг, сум, галт хэрэгсэл үйлдвэрлэх, угсрах, хадгалах, турших, хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол худалдаалах үйл ажиллагаа;
15.1.6.байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах аюултай химийн бодис, хорт болон аюултай хаягдал боловсруулах, хадгалах, булшлах үйл ажиллагаа;
15.1.7.ашигт малтмалын анхан шатны баяжуулах үйлдвэр болон олборлолттой салшгүй холбоотой баяжуулах үйлдвэрлэл;
15.1.8.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, стратегийн ач холбогдол бүхий мэдээллийн дэд бүтэц, харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ;
15.1.9.Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээгээр хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ.
15.2.Энэ хуулийн 15.1.7-д заасан хориг нь ашигт малтмалын олборлолттой холбоотой анхан шатны баяжуулах үйлдвэрт хамаарах бөгөөд ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрт хамаарахгүй.
15.3.Тусгай бүсийн захирагч энэ зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан этгээдийг тусгай бүсийн оролцогчоор бүртгэхээс татгалзана.
15.4.Тусгай бүсийн оролцогч энэ зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн нь тогтоогдсон бол тусгай бүсийн захирагч энэ хуульд заасан журмын дагуу тухайн оролцогчийн бүртгэлийг хүчингүй болгож, хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ
16 дугаар зүйл.Тусгай бүс байгуулах зорилго
16.1.Тусгай бүсийг дараах зорилгоор байгуулна:
16.1.1.хөрөнгө оруулалтыг татах;
16.1.2.экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
16.1.3.дотоодод үйлдвэрлэдэггүй, эсхүл дотоодын үйлдвэрлэл нь хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа бараа, бүтээгдэхүүнийг тусгай бүсэд үйлдвэрлэх, дотоодын зах зээлийг тэргүүн ээлжид тогтвортой, өрсөлдөхүйц нөхцөлөөр хангах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
16.1.4.инновац, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
16.1.5.ажлын байр бий болгох;
16.1.6.орон нутгийн болон бүсчилсэн хөгжлийг дэмжих;
16.1.7.үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
16.1.8.эдийн засгийн төрөлжилтийг дэмжих.
17 дугаар зүйл.Тусгай бүс байгуулахад баримтлах зарчим
17.1.Тусгай бүс байгуулахад төрөөс дараах зарчим, нөхцөлийг баримтална:
17.1.1.тогтвортой хөгжлийг хангах;
17.1.2.байгаль орчинд ээлтэй байх, сөрөг нөлөөллөөс сэргийлэх;
17.1.3.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
17.1.4.тусгай бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;
17.1.5.тусгай бүсэд ашиглах усны нөөц, эрчим хүчний хангамжтай байх;
17.1.6.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
17.1.7.хот байгуулалтын норм, дүрэм, стандарт, орон зайн нөхцөлийг хангасан байх;
17.1.8.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
17.1.9.төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх орчин, нөхцөл бүрдүүлэх;
17.1.10. үндэсний аюулгүй байдал, хүн амын нутагшилт, бүс нутгийн хөгжлийн онцлогийг харгалзах.
18 дугаар зүйл.Тусгай бүс байгуулахад тавигдах шаардлага
18.1.Засгийн газар энэ хуулийн дагуу улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт тусгай бүс байгуулах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд дараах судалгаа, тооцооллыг хийж, шаардлагыг хангасан байна:
18.1.1.техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан байх;
18.1.2.байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсэн байх;
18.1.3.дэд бүтцийн төлөвлөлт, санхүүжилтийн төлөвлөгөө, шийдэл бүхий байх;
18.1.4.байршлийн хувьд тээвэр, логистикийн давуу талтай байх;
18.1.5.хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ тодорхойлогдсон байх;
18.1.6.байршил, хил заагийн зураглал буюу газрын эрх зүйн байдал тодорхой байх;
18.1.7.зорилтот салбар, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн эрэлт, өрсөлдөх чадварын судалгаа хийсэн байх.
18.2.Засгийн газар энэ хуулийн 18.1-д заасан судалгаа, тооцоолол, баримт бичгийг тусгай бүс байрших аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлж саналыг бичгээр авна.
19 дүгээр зүйл.Тусгай бүс байгуулах шийдвэр
19.1.Улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт тусгай бүс байгуулах бол холбогдох шийдвэрийн төслийг судалгаа, тооцоолол, баримт бичгийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
19.2.Энэ хуулийн 19.1-д зааснаас бусад байршилд тусгай бүс байгуулах бол Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэр гаргана.
19.3.Тусгай бүс байгуулах, түүний байршил, газар нутгийн хэмжээ, хилийн зааг, төрлийг тогтоох асуудлыг энэ хуулийн 19.1, 19.2-д заасны дагуу эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.
19.4.Улсын Их Хурал, Засгийн газар тусгай бүс байгуулах тухай шийдвэрээр дараах асуудлыг тогтооно:
19.4.1.тусгай бүсийн нэр;
19.4.2.тусгай бүсийн байршил;
19.4.3.тусгай бүсийн хилийн зааг;
19.4.4.нийт талбайн хэмжээ;
19.4.5.тусгай бүсийн төрөл;
19.4.6.шаардлагатай тохиолдолд тусгай бүс байгуулах хугацаа.
19.5.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс байгуулж болох бөгөөд уг тусгай бүсэд баримтлах бодлого, чиглэл, тэдгээрийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.
19.6.Тусгай бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ.
19.7. Эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүсийн үйл ажиллагааг нээх, түр хаах асуудлыг энэ хуулийн 19.5-д заасан үндэслэлээс гадна хил залгаа улстай байгуулсан олон улсын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр улсын эрх бүхий байгууллагын хооронд зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
19.8.ЕАЭЗХ-ны гишүүн улстай хил залгаа нутаг дэвсгэрт эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс байгуулах саналыг боловсруулахдаа хил орчмын худалдаа, тээвэр, логистикийн урсгал, гаалийн дэд бүтэц, аюулгүй байдал, аялал жуулчлал, соёлын харилцааны хэрэгцээ, үр нөлөөг тусгайлан судална.
19.9.Энэ хуулийн 19.8-д заасан тусгай бүсийн хил дамнасан дэд бүтэц, гаалийн ажиллагаа, бараа, тээврийн хэрэгсэл, зорчигч нэвтрүүлэх нөхцөл, мэдээлэл солилцох журмыг холбогдох олон улсын гэрээгээр зохицуулна.
20 дугаар зүйл.Тусгай бүсүүдийн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө
20.1.Засгийн газар тусгай бүсүүдийг хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөний үндсэн дээр удирдаж хөгжүүлнэ.
20.2.Хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд үндэслэнэ.
20.3.Хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө технологи дамжуулалт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, ур чадвартай хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд чиглэх бөгөөд дараах асуудлыг тусгана:
20.3.1.тусгай бүсийн зорилгыг хангах аж ахуйн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүн;
20.3.2.хөрөнгө оруулалтыг татах, технологи дамжуулалтыг хөхиүлэн дэмжих талаар авах арга хэмжээ;
20.3.3.ажлын байрны тоог нэмэгдүүлэх, ур чадвартай хүний нөөцийг хөгжүүлэх талаар авах арга хэмжээ;
20.3.4.тусгай бүсийн хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах арга хэмжээ;
20.3.5.бүсчилсэн хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөж;
20.3.6.дэд бүтцийн төлөвлөлт, санхүүжилтийн эх үүсвэр;
20.3.7.байгаль орчны тогтвортой байдал, эрсдэлийн удирдлагад;
20.3.8.газар зохион байгуулалтын төлөвлөлт;
20.3.9.шаардлагатай бусад асуудал.
20.4.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг эдийн засгийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч боловсруулан, Засгийн газрын батална.
21 дүгээр зүйл.Тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
21.1.Тусгай бүсийн захирагч тухайн тусгай бүсийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр удирдаж хөгжүүлнэ.
21.2.Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөнд үндэслэнэ.
21.3.Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
21.3.1.дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөгжүүлэлт, санхүүжилтийн эх үүсвэр, төлөвлөгөө;
21.3.2.хөрөнгө оруулалтыг татах, технологи дамжуулалтыг хөхиүлэн дэмжих талаар авах арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын төсөлд тавигдах үндсэн шаардлага;
21.3.3.ажлын байрны тоог нэмэгдүүлэх, ур чадвартай хүний нөөцийг хөгжүүлэх талаар авах арга хэмжээ;
21.3.4.нэгц цонхны үйлчилгээг хөгжүүлэх талаар авах арга хэмжээ;
21.3.5.мэдээллийн системийн хөгжүүлэлт;
21.3.6.орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөж;
21.3.7.усны нөөцийн зохистой ашиглалт;
21.3.8.байгаль орчны хамгаалал;
21.3.9.газар зохион байгуулалт, ашиглалтын төлөвлөлт;
21.3.10.аюулгүй байдлын төлөвлөлт;
21.3.11.эрсдэлийн удирдлага;
21.3.12.шаардлагатай бусад асуудал.
21.4.Тусгай бүсийн захирагч хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын саналыг авч боловсруулан тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
21.5.Энэ хуулийн 21.4-т заасан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батална.
21.6.Тусгай бүсийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, газар ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
22 дугаар зүйл.Тусгай бүсийн хилийн зааг
22.1.Тусгай бүсийн хилийн заагийг газар зүйн байршил, эдийн засгийн үндэслэл, дэд бүтцийн нөхцөлийг харгалзан тогтооно.
22.2.Тусгай бүсийн хилийн заагийг газрын улсын бүртгэл, кадастрын зурагт бүртгэнэ.
22.3.Улсын Их Хурал, Засгийн газар нь тусгай бүсийн хилийн заагийг хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, дэд бүтцийн өргөтгөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн шаардлагатай холбоотойгоор өөрчилж болно.
23 дугаар зүйл.Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
23.1.Засгийн газар хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөнд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
23.2.Тусгай бүсийн захирагч хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
23.3.Энэ хуулийн 23.1, 23.2-т заасан хяналт-шинжилгээ, үнэлгээг дараах шалгуур үзүүлэлтээр хийнэ:
23.3.1.тусгай бүсэд оруулсан хөрөнгө оруулалт;
23.3.2.экспортын хэмжээ;
23.3.3.нэмэгдүүлсэн ажлын байрны тоо;
23.3.4.технологи дамжуулалт;
23.3.5.төсөвт үзүүлсэн үр нөлөө;
23.3.6.байгаль орчны үзүүлэлт;
23.3.7.хууль тогтоомжид заасан бусад шалгуур үзүүлэлт.
24 дүгээр зүйл.Тусгай бүсийн үр нөлөөний үнэлгээ
24.1.Тусгай бүсийн зорилгын хэрэгжилт, үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр ашигтай байдалд таван жил тутам хараат бус үр нөлөөний үнэлгээ хийнэ.
24.2.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн, хараат бус этгээдээр захиалан хийлгүүлэх ажлыг зохион байгуулна.
24.3.Үр нөлөөний үнэлгээ нь эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлсэн үр өгөөжийг хэмжихэд чиглэх бөгөөд тусгай бүсийг үргэлжлүүлэх, өөрчлөх, татан буулгах шийдвэрийн үндэслэл болно.
24.4.Үр нөлөөний үнэлгээний дүнг Засгийн газар хуралдаанаараа авч хэлэлцэн, шаардлагатай тохиолдолд холбогдох шийдвэр гаргана.
25 дугаар зүйл.Тусгай бүсийг татан буулгах
25.1.Тусгай бүсийг дараах үндэслэлээр татан буулгаж болно:
25.1.1.байгуулах зорилго, үндэслэл алдагдсан;
25.1.2.хөгжлийн төлөвлөгөө удаа дараа хэрэгжээгүй;
25.1.3.үр нөлөөний үнэлгээгээр үр ашиггүй нь тодорхойлогдсон;
25.1.4.үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй;
25.1.5.байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн.
25.2.Тусгай бүсийг татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсийг татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
25.3.Татан буулгах шийдвэрт шилжилтийн хугацаа, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах арга хэмжээ, хөрөнгө, өр төлбөрийг шийдвэрлэх асуудлыг тусгана.
25.4.Тусгай бүсийг татан буулгасан нь оролцогчийн хуулиар хүлээсэн үүрэг, төлбөр тооцоо, гэрээний хариуцлагыг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТУСГАЙ БҮСИЙН ОРОЛЦОГЧ
26 дугаар зүйл.Тусгай бүсийн оролцогч
26.1.Захирагчийн ажлын албанд энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд тусгай бүсэд үйл ажиллагаа эрхэлнэ.
26.2.Энэ хуулийн 26.1-д заасны дагуу бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийг тусгай бүсийн оролцогч гэнэ.
26.3.Тусгай бүсийн оролцогчид дараах шаардлагыг хангасан байна:
26.3.1.Монгол Улсын иргэн, эсхүл гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
26.3.2.хөрөнгө оруулалтын төсөлтэй байх;
26.3.3.тусгай бүсийн төрөл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн үйл ажиллагаа эрхлэх;
26.3.4.санхүүгийн чадавхтай байх;
26.3.5.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар хууль тогтоомжийн шаардлага хангасан байх;
26.3.6.татварын ноцтой зөрчилгүй байх;
26.3.7.байгаль орчны шаардлага хангасан байх.
26.4.Тусгай бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлсэн хуулийн этгээд нь бусад хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж болох бөгөөд тусгай бүсэд гэрээгээр хамтран ажиллах хуулийн этгээд энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, тусгай бүсийн оролцогчийн гэрчилгээ авна.
26.5.ЕАЭЗХ-ны гишүүн улстай хил залгаа нутаг дэвсгэрт байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүсийн оролцогчид тавих нэмэлт шаардлага, гадаадын иргэн, хуулийн этгээд оролцох нөхцөл, хязгаарлалтыг Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний аюулгүй байдлын шаардлага болон холбогдох олон улсын гэрээнд нийцүүлэн тогтооно.
26.6.Энэ хуулийн 26.5-д заасан тусгай шаардлага, хязгаарлалт нь ил тод, ялгаварлан гадуурхахгүй, тухайн тусгай бүсийн аюулгүй байдал, зорилгод нийцсэн, зайлшгүй хэмжээнээс хэтрээгүй байна.
27 дугаар зүйл.Тусгай бүсийн оролцогчийг бүртгэх
27.1.Тусгай бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд дараах баримт бичгийг Захирагчийн ажлын албанд бүртгүүлнэ:
27.1.1.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан маягтын дaгуу гаргасан хүсэлт;
27.1.2.Монгол Улсын хуулийн этгээд бол улсын бүртгэлийн байгууллагаас олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг;
27.1.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бол улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон хөрөнгө оруулагчийн улсын харьяаллыг гэрчлэх баримт бичгийн хуулбар;
27.1.4.хөрөнгө оруулалтын төсөл;
27.1.5.технологи дамжуулалт;
27.1.6.ажлын байрны төлөвлөгөө;
27.1.7.байгаль орчны үнэлгээ;
27.1.8.хуульд заасан бусад баримт бичиг;
27.1.9.хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэл;
27.1.10.бүртгэлийн хураамж төлсөн баримт;
27.1.11.энэ хуулийн 26.4-т заасан хамтран ажиллах гэрээ.
27.2.Захирагчийн ажлын алба энэ хуулийн 27.1-д заасан баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг хянаснаас хойш ажлын таван өдрийн дотор тусгай бүсийн захирагч шаардлага хангасан этгээдийг тусгай бүсийн оролцогчийн бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, эсхүл татгалзах шийдвэр гаргана. Гэрчилгээ нь зөвхөн тухайн тусгай бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.
27.3.Тусгай бүсийн захирагчийн ажлын алба гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн болон хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд улирал бүр хүргүүлнэ.
27.4.Захирагчийн ажлын алба тусгай бүсийн оролцогчийн бүртгэлийн хувийн хэрэг хөтөлнө.
27.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай бүсийн захирагчийн олгосон бүртгэлийн гэрчилгээ, шийдвэрийг үндэслэж тусгай бүсийн оролцогчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулна.
27.6.Тусгай бүсийн оролцогч нь энэ хуулийн 27.5-д заасны дагуу хийгдсэн болон бусад нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг бүртгэл хийснээс хойш ажлын долоо хоногийн дотор Захирагчийн ажлын албанд дараах баримт бичгийн хамт бүрдүүлж ирүүлнэ:
27.6.1.бүртгэл шинэчлэх тухай хүсэлт;
27.6.2.үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, шийдвэр;
27.6.3.шинэчилсэн гэрээ, дүрэм, эсхүл дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;
27.6.4.хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт;
27.6.5.тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
27.7.Тусгай бүсийн оролцогч өөр тусгай бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулах тохиолдолд энэ хуульд заасны дагуу тухайн тусгай бүсэд бүртгүүлж, гэрчилгээ авна.
27.8.Тусгай бүсийн захирагч бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр оролцогчоор бүртгэхээс татгалзсан бол үндэслэл бүхий шийдвэрийг хүсэлт гаргагчид ажлын таван өдрийн дотор цахимаар хүргүүлнэ.
27.9.Энэ хуулийн 13.2-т заасан тусгай бүсийн оролцогчоор бүртгүүлэх хүсэлт, баримт бичгийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд олон улсын гэрээнд заасан нэмэлт баримт бичгийг хавсаргана.
27.10.Хүсэлт, баримт бичгийн бүрдэл дутуу бол Захирагчийн ажлын алба энэ тухай ажлын таван өдрийн дотор нэг удаа бүрэн жагсаалтаар мэдэгдэж, бүрдлийг хангах 15 хоногийнугацаа олгоно. Мэдэгдэлд тусгаагүй баримт бичгийг дараа нь шаардахыг хориглоно.
27.11.Тусгай бүсийн оролцогчоор бүртгэхээс татгалзсан шийдвэрт татгалзсан хууль зүйн болон бодит үндэслэл, шийдвэртэй холбоотой гомдол гаргах журам, хугацааг тодорхой тусгана.
28 дугаар зүйл.Тусгай бүсийн оролцогчийг бүртгэлээс хасах
28.1.Тусгай бүсийн захирагч дараах үндэслэлээр тусгай бүсийн оролцогчийг бүртгэлээс хасна:
28.1.1.хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тусгай бүсийн оролцогчийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй;
28.1.2.үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон;
28.1.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
28.1.4.хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дууссан, аль нэг талын санаачилгаар хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан;
28.1.5.тусгай бүсэд гэрээгээр хамтран ажиллаж буй хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хугацаа дууссан, гэрээ нь цуцлагдсан, эсхүл хүчингүй болсон;
28.1.6. өөрөө хүсэлт гаргасан;
28.1.7.хуульд заасан бусад үндэслэл.
29 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын гэрээ
29.1.Энэ хуулийн 33.4, 33.5-д заасан эрх бүхий этгээд тусгай бүсийн оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Гэрээний хугацааг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын хэмжээ, нөхөгдөх хугацаа, хэрэгжилтийн үе шаттай уялдуулан тогтоож, гэрээний хэрэгжилтийн үр дүнд үндэслэн талууд харилцан тохиролцож сунгаж болно.
29.2.Хөрөнгө оруулалтын гэрээнд дараах асуудлыг тусгана:
29.2.1.хөрөнгө оруулалтын хэмжээ;
29.2.2.хэрэгжүүлэх хугацаа;
29.2.3.ажлын байрны тоо;
29.2.4.экспортын зорилт;
29.2.5.технологи дамжуулалт;
29.2.6.газар ашиглалт;
29.2.7.талуудын эрх, үүрэг;
29.2.8.тайлагнал;
29.2.9.хариуцлага;
29.2.10.гэрээ дуусгавар болгох нөхцөл;
29.2.11.маргаан шийдвэрлэх журам;
29.2.12.харилцан тохиролцсон бусад асуудал.
29.3.Энэ зүйлд заасан хөрөнгө оруулалтын гэрээгээр татвар, гааль, төсөв, зөвшөөрөл, газар болон бусад салбарын хууль тогтоомжид заасан төрийн байгууллагын бүрэн эрхийг өөрчлөх, хөрөнгө оруулагчид хуульд заагаагүй эрх, баталгаа олгохгүй.
30 дугаар зүйл.Тусгай бүсийн оролцогчийн эрх, үүрэг
30.1.Тусгай бүсийн оролцогч дараах эрхтэй:
30.1.1. энэ хууль болон бусад хууль тогтоомжид хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа болон бусад аж ахуйн үйл ажиллагааг хуульд заасан зөвшөөрөл, нөхцөл, шаардлагын дагуу тусгай бүсэд эрхлэх;
30.1.2.нэг цонхны үйлчилгээ авах;
30.1.3.газар ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу авах;
30.1.4.дэд бүтцэд холбогдох;
30.1.5.энэ хуульд заасан татвар, гаалийн хөнгөлөлт эдлэх;
30.1.6.хөрөнгө оруулалтын төслөө өргөтгөх;
30.1.7.гэрээний эрхээ хуульд заасан журмын дагуу шилжүүлэх;
30.1.8.ашиг, орлогоо хуульд заасан журмын дагуу захиран зарцуулах;
30.1.9.маргаан шийдвэрлүүлэх;
30.1.10.хуульд заасан бусад эрх.
30.2.Тусгай бүсийн оролцогч дараах үүрэгтэй:
30.2.1.хууль тогтоомжийг дагаж мөрдөх;
30.2.2.хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх;
30.2.3.батлагдсан хугацаанд хөрөнгө оруулалтын төслөө эхлүүлэх;
30.2.4.тайлан мэдээллийг үнэн зөв гаргах;
30.2.5.хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах;
30.2.6.байгаль орчны шаардлагыг мөрдөх;
30.2.7.хяналт шалгалтад саад учруулахгүй байх;
30.2.8.хуульд заасан мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь гаргаж өгөх.
30.2.9.энэ хуулийн 16.1.3-т заасан бараа, бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хэмжээ, хугацаа, чанарын шаардлагын дагуу дотоодын зах зээлд тэргүүн ээлжид санал болгох;
30.2.10.дотоодын зах зээлд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнийг ижил нөхцөл бүхий худалдан авагчид гарал үүсэл, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүй, ил тод, зах зээлийн нөхцөлөөр нийлүүлэх;
30.3.Засгийн газар гааль, статистик болон салбарын мэдээлэлд үндэслэн дотоодын үйлдвэрлэл нь хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа бараа, бүтээгдэхүүний жагсаалт, дотоодын зах зээлд тэргүүн ээлжид санал болгох доод хэмжээ, хугацааг жил бүр тогтоож болно. Энэ зохицуулалт нь үндэслэлгүйгээр экспортыг хязгаарлах, өрсөлдөөнийг сааруулах, эсхүл хөрөнгө оруулагчид ялгавартай нөхцөл ногдуулах үндэслэл болохгүй.
31 дүгээр зүйл.Стратегийн хөрөнгө оруулалтын төсөл
31.1.Дараах шалгуурын аль нэгийг хангасан төслийг стратегийн хөрөнгө оруулалтын төсөлд хамааруулах бөгөөд тэдгээрийн босго хэмжээ, үзүүлэлтийг Засгийн газар батална.
31.1.1.хөрөнгө оруулалтын хэмжээ;
31.1.2.экспортын орлого;
31.1.3.технологи дамжуулалт;
31.1.4.ажлын байрны тоо;
31.1.5.бүсчилсэн хөгжилд үзүүлэх үр нөлөө.
31.2.Стратегийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх тусгай бүсийн оролцогчид энэ хууль болон бусад хуульд заасан нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
31.3.Стратегийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг энэ хуулийн 33 дугаар зүйл болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нөхцөл, журмын дагуу Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
31.4.Энэ хуулийн 31.3-т заасан гэрээний агуулга, хугацаа, тогтворжуулалтын нөхцөлийг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон энэ хуулийн 33 дугаар зүйлд нийцүүлэн тогтооно.
32 дугаар зүйл.Оролцогчийн эрхийн баталгаа
32.1.Төр нь тусгай бүсийн оролцогчийн хөрөнгө оруулалт, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх зүйн зохицуулалтаар хамгаална.
32.2.Тусгай бүсийн оролцогч нь ашгаа хуульд заасан журмын дагуу чөлөөтэй шилжүүлэх эрхтэй.
32.3.Тусгай бүсийн оролцогч төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр болон олон улсын гэрээ, хэлэлцээр, хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу гадаад валютаар гүйцэтгэж болно.
32.4.Тусгай бүс дэх банк, банк бус санхүүгийн байгууллага, түүний салбарын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
32.5.Төрийн байгууллага хөрөнгө оруулалтын төсөлд үндэслэлгүйгээр саад учруулахыг хориглоно.
32.6.Тусгай бүсийн оролцогчийн ялгаварлан гадуурхахыг хориглоно.
32.7.Төр тусгай бүсийн оролцогчийн хөрөнгө, өмчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр дайчлан авах, хураахыг хориглох бөгөөд хуульд заасан үндэслэлээр өмч дайчлан авсан тохиолдолд бодит хохирлыг бүрэн нөхөн төлнө.
32.8. Стратегийн оролцогчтой тогтворжилтын гэрээ байгуулж болно.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГАА
33 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх хэмжээ, гүйцэтгэлийн баталгаа
33.1.Тусгай бүсэд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг хөрөнгө оруулалтын хэмжээ, улсын болон орон нутгийн төсөв, төрийн өмчийн хөрөнгө, газар, дэд бүтцийн дэмжлэгийн хэмжээ, стратегийн ач холбогдол, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөөр нь ангилна.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан ангиллын шалгуур, хөрөнгө оруулалтын доод босго, түүнийг тооцох аргачлалыг Засгийн газар батална. Босгыг эдийн засгийн нөхцөл, үнийн өөрчлөлттэй уялдуулан тогтмол хянаж, нийтэд ил тод мэдээлнэ.
33.3.Хөрөнгө оруулалтын хэмжээ нь энэ хуулийн 33.2-т заасан босготой тэнцүү буюу түүнээс дээш, эсхүл төсөл нь стратегийн ач холбогдолтой, төрөөс үлэмж хэмжээний газар, дэд бүтэц, төсвийн дэмжлэг шаардах бол хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
33.4.Энэ хуулийн 33.3-т заасан гэрээг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай байгуулна.
33.5.Энэ хуулийн 33.3-т хамаарахгүй хөрөнгө оруулалтын гэрээг тусгай бүсийн захирагч хөрөнгө оруулагчтай байгуулна.
33.6.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шийдвэр, гэрээний үндсэн нөхцөл, хэрэгжилтийн тайланг хуульд заасан нууцад хамаарах мэдээллээс бусад хүрээнд олон нийтэд ил тод мэдээлнэ.
33.7.Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулалт хийх, төслийг хугацаанд нь эхлүүлэх, газар, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглах болон нөхөн сэргээх үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа гаргана.
33.8.Гүйцэтгэлийн баталгаа нь эскроу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө эсхүл эрх бүхий этгээдийн хүлээн зөвшөөрсөн түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгслийн хэлбэртэй байж болно.
33.9.Гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нь гэрээгээр хүлээсэн, тухайн үед биелээгүй хөрөнгө оруулалтын үүрэгтэй шууд уялдсан, эрсдэлд тохирсон байх бөгөөд гэрээнд заасан нийт хөрөнгө оруулалтын таван хувиас хэтрэхгүй байна.
33.10.Мөнгөн барьцааг тусгай зориулалтын дансанд байршуулж, төсвийн орлого болон Захирагчийн ажлын албаны орлогод тооцохгүй. Уг хөрөнгийг гэрээнд заасан үндэслэл бүрдээгүй бол захиран зарцуулах, бусдын үүргийн гүйцэтгэлд ашиглахыг хориглоно.
33.11.Хөрөнгө оруулагч гэрээний үе шатны үүргээ биелүүлсэн хэмжээгээр гүйцэтгэлийн баталгааг хувь тэнцүүлэн бууруулж, тухайн үе шатны гүйцэтгэлийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор чөлөөлнө.
33.12.Гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд зөрчлийг арилгах талаар хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэж, 30-аас доошгүй хоногийн хугацаа олгоно. Хөрөнгө оруулагч уг хугацаанд зөрчлийг арилгаагүй бол сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр учирсан шууд хохирол, биелэгдээгүй үүрэгт хувь тэнцүүлэн баталгааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн улсын орлого болгоно.
33.13.Давагдашгүй хүчин зүйл, төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, эсхүл хөрөнгө оруулагчаас үл хамаарах шалтгаанаар үүрэг биелээгүй бол гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгохгүй бөгөөд талууд хэрэгжүүлэх хугацаа, үе шатыг шинэчлэн тогтоож болно.
33.14.Гүйцэтгэлийн баталгааг байршуулах, үнэлэх, хадгалах, бууруулах, солих, чөлөөлөх, улсын орлого болгох, маргаан шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
33.15.ЕАЭЗХ-ны гишүүн улстай хил залгаа нутаг дэвсгэрт байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүсийн оролцогчийн гүйцэтгэлийн баталгааны хэлбэр, хэмжээ, эсхүл баталгаа гаргах үүргээс чөлөөлөх нөхцөлийг харилцан адил байх зарчимд үндэслэн холбогдох олон улсын гэрээнд өөрөөр тогтоож болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ДЭГЛЭМ
34 дугаар зүйл.Тусгай дэглэмийн зохицуулалт
34.1.Тусгай бүсэд гаалийн, визийн, Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, хуулийн этгээдийн бүртгэлийн, валют зохицуулалтын, хяналтын, хөдөлмөр эрхлэлтийн, татварын болон бусад тусгай дэглэм үйлчилнэ.
35 дугаар зүйл.Гаалийн тусгай дэглэм
35.1.Тусгай бүс дэх бараа оруулах, гаргах үйл ажиллагаа бүхэлдээ гаалийн хяналтад байна.
35.2.Барааг тусгай бүсэд оруулахад дараах баримт бичгийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ:
35.2.1.хилийн чанадаас тусгай бүсэд оруулах бараанд ачааны манифест, тээврийн баримт бичгийг заавал бүрдүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох зөвшөөрлийг нэмж бүрдүүлнэ;
35.2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс тусгай бүсэд оруулах бараанд энэ хуулийн 35.2.1-д заасан баримт бичгээс гадна татвар төлсөн баримт;
35.3.Хилийн чанадаас тусгай бүсэд оруулах, тусгай бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт тогтоохгүй.
35.4.Барааг хилийн чанадаас тусгай бүсэд оруулах, тусгай бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
35.5.Тусгай бүсээс хилийн чанадад гаргаж буй бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
35.6.Тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай цахим мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд тусгай бүсэд нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
35.7.Гаалийн байгууллага эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог хэрэгжүүлнэ.
35.8.Гаалийн байгууллага тусгай бүсэд гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай ажлын байраар хангуулна.
35.9.Энэ хуулийн 13.2-т заасан тусгай бүсэд чөлөөт бүсийн гаалийн горим хэрэглэх бол уг горимыг Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон Монгол Улсаас ЕАЭЗХ, эсхүл түүний гишүүн улстай байгуулсан олон улсын гэрээнд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
35.10.Тусгай бүсийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрийн хэсэг байна. Чөлөөт бүсийн гаалийн горим хэрэглэсэн нь тухайн нутаг дэвсгэрийг Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрээс гарсанд тооцох үндэслэл болохгүй.
35.11.Чөлөөт бүсийн гаалийн горим хэрэглэж байгаа тусгай бүсийн нутаг дэвсгэр нь гаалийн хяналтын бүс байх бөгөөд гаалийн хяналтыг Монгол Улсын гаалийн байгууллага хэрэгжүүлнэ.
35.12.Энэ хуулийн 35.9-д заасан олон улсын гэрээнд гаалийн мэдээлэл урьдчилан болон харилцан солилцох, эрсдэлийн удирдлага, хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, хамтарсан шалгалт хийх болон гаалийн ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг тусгаж болно.
35.13.Худалдааны түр хэлэлцээрийн тарифын хөнгөлөлтийн жагсаалтад хамаарах, ЕАЭЗХ-ны гишүүн улсаас гарал үүсэлтэй барааг Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулахад уг хэлэлцээрт заасан гарал үүслийн шалгуур, нотлох баримт, тарифын квот болон бусад нөхцөлийг хангасан бол хэлэлцээрийн хөнгөлөлттэй тариф хэрэглэнэ.
35.14.Гаалийн байгууллага энэ хуулийн 35.13-т заасан барааны гарал үүсэл, тарифын квот, гарал үүслийн гэрчилгээ болон тарифын хөнгөлөлт эдлэх нөхцөлийг Худалдааны түр хэлэлцээр, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ.
36 дугаар зүйл.Тусгай бүсэд бараа оруулах
36.1.Тусгай бүсэд оруулах бараа, тоног төхөөрөмж, түүхий эдэд гаалийн хууль тогтоомжид заасан тусгай дэглэм хэрэглэнэ.
36.2.Тусгай бүсэд бараа нэвтрүүлэхэд энэ хуульд заасан баримт бичгийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.
36.3.Тусгай бүсийн гарцаар нэвтрүүлж буй зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа бараагаар дамжин Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг хүний хөл хорио халдварт өвчин болон мал, амьтны олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх хяналт хийх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
36.4.Тусгай бүс дэх бараа, бүтээгдэхүүнд хүнс, химийн гаралтай хордлого, хордлогот халдвар гарсан үед болон байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол, мэдээлэл ирсэн нөхцөлд хяналт хийх.
36.5.Тусгай бүсэд хүн, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх үед болон хорио цээрийн дэглэм тогтоосон үед хийгдэх ариутгал, халдваргүйжүүлэх үйл ажиллагааны чанарт хяналт тавих.
36.6.Тусгай бүсэд нэвтрүүлж байгаа бараанд эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг тавина.
36.7.Чөлөөт бүсийн гаалийн горим хэрэглэж байгаа тусгай бүсэд хилийн чанадаас оруулсан барааг гаалийн хууль тогтоомж болон холбогдох олон улсын гэрээнд заасан журам, нөхцөлийн дагуу уг горимд байршуулна.
36.8.Энэ хуулийн 36.7-д заасан барааг гаалийн болон бусад татвар, тарифын бус зохицуулалтын арга хэмжээ хэрэглэх зорилгоор зөвхөн гаалийн хууль тогтоомж, холбогдох олон улсын гэрээнд тусгайлан заасан хүрээнд Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаа бараанд тооцож болно.
37 дугаар зүйл.Барааг тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулах
37.1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдан авсан, Засгийн газрын тогтоосон үнийн дүн хүртэлх барааг тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
37.2.Энэ хуулийн 37.1-т зааснаас дээш үнийн дүнтэй бараанд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулна.
37.3.Тусгай бүсэд үйлдвэрлэсэн барааг Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хууль тогтоомжийг мөрдөнө.
37.4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан энэ хуулийн 37.1-д заасан үнийн дүн хүртэлх, холбогдох журамд тусгасан барааг тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
37.5.Энэ хуулийн 36.1-д заасан үнийн дүнтэй барааг зорчигч хоногт нэгээс илүүгүй удаа тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад барааны нэр төрөл, тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй бөгөөд нэг удаагийн худалдан авсан барааны үнийн дүн нь тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд үнийн зөрүүд ногдох татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ногдуулна.
37.6.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заагдсан өндөр эрсдэлтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тусгай бүсэд нэвтрүүлэхэд зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хадгалах, худалдаалах нөхцөлийг бүрэн хангасан байна.
37.7.Хөрш улстай хэлэлцээрийн дагуу байгуулсан бүс хооронд барааг хилийн гарцаар нэвтрүүлэхэд гаалийн байгууллага эрсдэлд суурилсан хялбарчилсан хяналт тавина.
37.8.Тусгай бүсэд үйлдвэрлэсэн барааг ЕАЭЗХ-ны гишүүн улсад экспортлоход Худалдааны түр хэлэлцээрт заасан гарал үүслийн шалгуур, гарал үүслийг нотлох баримт болон бусад нөхцөлийг хангасан бол уг хэлэлцээрийн тарифын хөнгөлөлт эдэлнэ.
37.9.Тусгай бүсэд барааг зөвхөн хадгалах, савлах, дахин савлах, ангилах, шошголох, эсхүл гарал үүсэл олгоход хангалтгүй бусад энгийн ажиллагаа хийсэн нь Худалдааны түр хэлэлцээрийн дагуу Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд тооцох үндэслэл болохгүй.
38 дүгээр зүйл.Тусгай бүсэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх
38.1.Засгийн газар дотоодын зах зээлд хомсдолтой тусгай бүсэд үйлдвэрлэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс бусад бүтээгдэхүүний экспортыг тодорхой хугацаанд хойшлуулах, хязгаарлах арга хэмжээг дотоодын хэрэгцээнд тэргүүн ээлжинд нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж болно.
38.2.Энэ зүйлийн 38.1-д заасан арга хэмжээг дараах тохиолдолд авч хэрэгжүүлэхгүй:
38.2.1.бүтээгдэхүүнийг экспортын зориулалттай тусгай бүсэд үйлдвэрлэсэн;
38.2.2.тухайн бүтээгдэхүүнтэй адилтгах буюу орлож болохуйц бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд өрсөлдөхүйц үнэ, чанар, хэмжээгээр нийлүүлж буй дотоодын үйлдвэрлэгч байгаа;
38.2.3.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн акт, хэм хэмжээгээр хориглосон, хязгаарласан тохиолдол.
38.3.Энэ хуулийн 38.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.
39 дугаар зүйл.Тусгай бүс дэх визийн зохицуулалт
39.1.Улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт байрласан тусгай бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино.
39.2.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй болон "орох-гарах" визтэй гадаадын иргэн оршин суух болон визийн байх хугацаанд аль ч тусгай бүсэд визгүй зорчино.
39.3.Энэ хуулийн 39.1-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно.
40 дүгээр зүйл.Тусгай бүсэд зорчигч зорчих
40.1.Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн тусгай бүсэд дараах баримт бичгийн аль нэгийг шалгуулан нэвтэрнэ:
40.1.1.Монгол Улсын иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, эсхүл эдгээрийг орлох баримт бичиг, нэвтрэх үнэмлэх;
40.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад паспорт, эсхүл түүнийг орлох баримт бичиг;
40.1.3.Монгол Улсын 16 насанд хүрээгүй иргэн төрсний гэрчилгээ, гадаад паспорт, эсхүл эдгээрийг орлох баримт бичиг.
40.2.Тусгай бүсэд зорчсон иргэн нэвтэрсэн гүний гарцаараа буцаж гарна.
40.3.Тусгай бүсэд тогтмол ажиллах иргэнд олгох нэвтрэх үнэмлэх байнгын ба түр гэсэн төрөлтэй байх бөгөөд тусгай бүсийн Захирагч нэвтрэх үнэмлэхийн хугацаа, төрөл, олгох журмыг тогтооно.
40.4.Тусгай бүсийн захирагч тусгай бүсэд тогтмол ажиллах дараах этгээдэд нэвтрэх үнэмлэх олгох бөгөөд Захирагчийн ажлын алба уг үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг хариуцна:
40.4.1.Захирагчийн ажлын албаны албан хаагч;
40.4.2.тусгай бүсийн хөрөнгө оруулагч;
40.4.3.үйлчилгээний ажилтан;
40.4.4.гэрээт ажилтан;
40.4.5.тусгай бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн ажилтан;
40.4.6.төрийн байгууллагын албан хаагч;
40.4.7.хуульд болон холбогдох журамд заасан бусад албан хаагч.
40.5.Тусгай бүсийн захирагч нэвтрэх үнэмлэх бүхий этгээдийн тээврийн хэрэгсэлд нэвтрэх зөвшөөрөл олгох бөгөөд Захирагчийн ажлын алба уг үйл ажиллагааны техник, зохион байгуулалтыг хариуцна.
40.6.Нэвтрэх үнэмлэх бүхий этгээд тусгай бүсэд нэвтрэх болон гарахдаа хилийн болон гаалийн хяналт шалгалтад хамрагдана.
40.7.Тусгай бүсэд зорчсон гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийн бүртгэлийг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.
40.8.Бичиг баримтын зөрчилтэй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй этгээдийг тусгай бүсэд нэвтрүүлэхийг хориглоно.
40.9.Эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс хооронд зорчигч хилийн гарцаар нэвтрэхдээ хоёр талын хэлэлцээрт заасан баримт бичгээр нэвтэрч, орсон хилийн гарцаараа буцаж гарна.
41 дугаар зүйл.Тусгай бүсэд тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
41.1.Тусгай бүсэд тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд энэ хуульд заасан баримт бичгийг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийнэ.
41.2.Тусгай бүсэд гүний гарцаар нэвтрэх тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичгийг шалгуулан нэвтэрнэ:
41.2.1.Монгол Улсын иргэн бол:
41.2.1.1.гадаад паспорт, иргэний үнэмлэх, хил орчим зорчих үнэмлэхийн аль нэг, эсхүл эдгээрийг орлох баримт бичиг;
41.2.1.2.хүчин төгөлдөр жолооны үнэмлэх;
41.2.1.3.тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
41.2.1.4.ачааны дагалдах баримт бичиг.
41.2.2. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол:
41.2.2.1.иргэн паспорт, түүнийг орлох баримт бичиг, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхийн аль нэг;
41.2.2.2.хүчин төгөлдөр жолооны үнэмлэх;
41.2.2.3.тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
41.2.2.4.ачааны дагалдах баримт бичиг.
41.3.Эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай бүс хооронд тээврийн хэрэгслийг хилийн гарцаар хоёр талын хэлэлцээрт заасан баримт бичгээр нэвтрүүлнэ.
42 дугаар зүйл.Татварын тусгай дэглэм
42.1.Тусгай бүсэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ:
42.1.1.хилийн чанадаас тусгай бүсэд импортолсон бараанд импортын гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар ногдуулахгүй;
42.1.2.импортын гаалийн, онцгой болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлж гаалийн нутаг дэвсгэрт оруулсан барааг тусгай бүсэд оруулахад татвар ногдуулахгүй бөгөөд гаалийн нутаг дэвсгэрт тухайн татварыг төлсөн баримтыг үндэслэн бусад татвараас хасалт хийж буцаан олгох;
42.1.3.монголын барааг гаалийн нутаг дэвсгэрээс тусгай бүсэд оруулахад нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хувь хэмжээгээр ногдуулах;
42.1.4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан Засгийн газраас тогтоосон үнийн дүн хүртэлх барааг тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
42.1.5.энэ хуулийн 42.1.4-т зааснаас бусад барааг тусгай бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон бусад татварыг холбогдох хуулийн дагуу ногдуулах;
42.1.6.барааг тусгай бүсээс хилийн чанадад гаргахад татвар ногдуулахгүй;
42.1.7.тусгай бүсийн оролцогчийн тусгай бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй.
42.1.8.тусгай бүсэд инновац, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн, барилга байгууламж барьж бүртгүүлсэн аж ахуйн нэгжид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т заасны дагуу татварын зохих хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
42.1.9.тусгай бүсэд зориулсан эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтцэд 500.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн тусгай бүсээс олсон орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.7-д заасны дагуу татварын зохих хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
42.1.10.тусгай бүсэд агуулах, ачиж буулгах байгууламж, зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад 300.0 мянган америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулсан тусгай бүсийн оролцогчийн тусгай бүсээс олсон орлогод Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.8-д заасны дагуу татварын зохих хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
42.1.11.тусгай бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөх;
42.1.12.технологи дамжуулалтад суурилсан үйлдвэрлэл эрхэлж байгаа тусгай бүсийн оролцогчийг ашигт үйл ажиллагаагаа эхэлсний дараагийн таван жилд ногдох орлогын албан татвараас чөлөөлөх;
42.2.Энэ хуулийн 42.1.4-т заасан үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь баталж болно.
42.3.Энэ хуулийн 42.1.4-т заасан үнийн дүнтэй бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хамаарахгүй.
42.4.Тусгай бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд нь тусгай бүсэд эрхэлсэн үйл ажиллагааны санхүү, татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.
42.5. Энэ хуулийн заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой бусад харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулна.
42.6.Тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Татварын удирдлага, нэгдсэн системд холбогдож төлбөрийн баримт олгох үүрэгтэй бөгөөд олгоогүй тохиолдолд хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй.
42.7.Энэ хуулийн 42.6-д заасан төлбөрийн баримт олгоогүй, шаардлага биелүүлээгүй этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
42.8.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд эрсдэлд суурилсан татварын хяналтыг тавина.
42.9.Энэ хуулийн 36.7-д заасан мэдээллийг гаалийн байгууллага тухай бүр татварын албанд хүргүүлнэ.
42.10.Тусгай бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлсний үр дүнд улсын төсөвт төвлөрөх татварын болон татварын бус орлогын тухайн жилийн төсвийн хуульд тогтоосон хувь, хэмжээг тусгай бүс байрлах аймаг, нийслэлийн орон нутгийн төсөвт орлогын шилжүүлэг хэлбэрээр олгоно.
42.11.Энэ хуулийн 42.10-т заасан орлогын шилжүүлгийг тусгай бүсийн болон тухайн орон нутгийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, байгаль орчны хамгаалалт, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
42.12.Засгийн газар энэ хуулийн 42.10-т заасан орлогын шилжүүлгийн хувь, хэмжээг тусгай бүсээс улсын төсөвт төвлөрүүлсэн өмнөх оны орлогын гүйцэтгэл, тухайн бүсийн хөгжлийн түвшин, дэд бүтцийн хэрэгцээ, орон нутагт үзүүлэх эдийн засаг, нийгмийн нөлөөллийг харгалзан тооцож, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгана.
43 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийн тусгай зохицуулалт
43.1. Тусгай бүсийн оролцогч гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол ажлын байрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө.
43.2.Тусгай бүсийн оролцогч өөрийн ажилтныг чадваржуулах, мэргэшүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд зардлыг тухайн жилийн татвар ногдох орлогоос хасаж тооцно.
43.3.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжид гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулахад Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 22.1 дэх хэсэг хамаарахгүй.
44 дугаар зүйл.Тусгай бүс дэх хяналтын зохицуулалт
44.1.Тусгай бүсийн үйл ажиллагаанд хяналтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх бөгөөд хяналт нь эрсдэлд суурилсан, давхардалгүй байх, аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зарчимд үндэслэнэ.
44.2.Тусгай бүс дэх хяналтын үйл ажиллагааг хяналт хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тусгай бүсийн захирагч уялдуулан зохицуулна.
44.3.Дараах үндэслэлээр хяналт шалгалт хийнэ:
44.3.1.гаалийн хяналтын явцад мал, амьтан, ургамал, хорио цээртэй холбоотой зайлшгүй шалгах шаардлага гарсан;
44.3.2.тусгай бүс доторх бараа бүтээгдэхүүн, хүнсний эрүүл ахуй, барилга байгууламжийн чанар, байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол ирсэн.
45 дугаар зүйл.Тусгай дэглэмийн болон бусад үйлчилгээний зохицуулалтыг хэрэгжүүлэх
45.1.Захирагчийн ажлын алба улсын бүртгэл, татвар, гааль, шалган нэвтрүүлэх, хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ажлыг тухайн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тэдгээрийн төлөөллөөр дамжуулан хэрэгжүүлнэ.
45.2.Захирагчийн ажлын алба нийгмийн хэв журам сахиулах, галын аюулаас хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл ахуй болон дэд бүтцийн хангалтын үйлчилгээ зэргийг тухайн асуудал хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
45.3.Захирагчийн ажлын алба энэ хуулийн 45.2-т заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хууль тогтоомжид заасны дагуу гаргаж өгнө.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ХАРИЛЦАА
46 дугаар зүйл.Газрын ашиглах эрхийн зохицуулалт
46.1.Тусгай бүсийн захирагч тусгай бүс доторх газар ашиглах эрхийг тусгай бүсийн оролцогчид төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдааны аль нэг хэлбэрийг ашиглан зохион байгуулан олгоно.
46.2.Тусгай бүсийн захирагч газрыг тусгай бүсийн оролцогчид ашиглуулах шийдвэр гаргаж, газар ашиглагчтай гэрээ байгуулах бөгөөд уг шийдвэр, гэрээнд ашиглах газрын хэмжээ, зориулалт, хугацааг тусгана.
46.3.Тусгай бүсэд газар ашиглуулах эрхийг төсөл сонгон шалгаруулалтаар авсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу итгэлцүүрээр тогтоосон дуудлага худалдааны анхны үнэтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн төлбөрөө төлсний дараа газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгоно.
46.4.Тусгай бүсийн газар нь боомтын газар нутагт хамаарахгүй.
46.5.Тусгай бүсэд газар ашиглуулах газрын суурь үнэлгээ болон газрын төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно.
46.6.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу тусгай бүсийн оролцогчийн бүртгэлээс хасагдсан этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоно.
46.7.Улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсийн оролцогч аж ахуйн үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрөл авах гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлүүлээгүй нөхцөлд газар ашиглах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглоно.
46.8.Тусгай бүсэд газар ашиглуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулна.
47 дугаар зүйл.Тусгай бүсэд газар ашиглагчийн эрх, үүрэг
47.1.Тусгай бүсэд газар ашиглагч дараах эрх эдэлнэ:
47.1.1.Газрын тухай хуулийн 30.1-т заасны дагуу газар ашиглах хугацааг тооцох;
47.1.2.газар ашиглуулах тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх;
47.1.3.тусгай бүсэд газар ашиглах гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацааг дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;
47.1.4.хуульд заасан бусад эрх.
47.2.Тусгай бүсэд газар ашиглагч дараах үүрэг хүлээнэ:
47.2.1.газар ашиглах гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
47.2.2. газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэх;
47.2.3.тусгай бүсийн газрыг ашигласан төлбөрийг Газрын төлбөрийн тухай хууль болон газар ашиглах гэрээнд заасны дагуу, заасан хугацаанд төлөх;
47.2.4.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;
47.2.5.бусдын газар ашиглахтай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
47.2.6.хуульд заасан бусад үүрэг.
48 дүгээр зүйл.Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт
48.1.Аялал жуулчлал, худалдаа, логистикийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай бүсийн оролцогчийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тусгай бүсэд ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар хөнгөлнө.
48.2.Аж үйлдвэрлэл, инновац, технологи, эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай бүсийн оролцогчийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тусгай бүсэд ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар чөлөөлнө.
48.3.Тусгай бүсэд газар ашиглах гэрээ байгуулсан тусгай бүсийн оролцогч газрын үр өгөөжийг ашиглах, хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдлыг нь харгалзан тэдгээрийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар хөнгөлж болно.
48.4. Энэ хуулийн 48.3-т заасан газрын төлбөрөөс хөнгөлөх хугацаа, хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
49 дугаар зүйл.Тусгай бүсийн газрын сан
49.1.Тусгай бүсийн газар нь улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарна.
49.2.Тусгай бүсийн газрын ашиглалтыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хэрэгжүүлнэ.
49.3.Тусгай бүсийн захирагч тусгай бүсийн нутаг дэвсгэрт газрын ашиглалт, бүсчлэлийн төлөвлөгөө баталж мөрдөнө.
49.4.Захирагчийн ажлын алба газрын улсын бүртгэл, кадастрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж хөтөлнө.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ДЭД БҮТЭЦ
50 дүгээр зүйл.Тусгай бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийг хөгжүүлэх зохицуулалт
50.1.Тусгай бүсийн дэд бүтцийг урьдчилан төлөвлөж, үе шаттай хөгжүүлнэ.
50.2.Тусгай бүсийн дэд бүтэц тусгай бүсийн төрөлд нийцсэн, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай байна.
50.3.Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тусгай бүсийн хот байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай, Барилгын тухай , Авто замын тухай, Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
50.4.Тусгай бүсийн дэд бүтэц, барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг дараах эх үүсвэрээр санхүүжүүлж болно:
50.4.1.улсын төсөв;
50.4.2.орон нутгийн төсөв;
50.4.3.төр, хувийн хэвшлийн түншлэл;
50.4.4.гадаадын зээл, тусламжийн хөрөнгө;
50.4.5.хуульд нийцсэн бусад эх үүсвэр.
50.5.Тусгай бүсийн захирагч хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ус хангамж, ариутгах татуурга, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг бүрдүүлж, ашиглалт, үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
51 дугаар зүйл.Тусгай бүсийн дэд бүтэц
51.1.Тусгай бүсэд дараах инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар байгуулна:
51.1.1.цахилгаан хангамж;
51.1.2.дулаан хангамж;
51.1.3.ус хангамж;
51.1.4.ариутгах татуурга;
51.1.5.мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ;
51.1.6.цахим дата төв;
51.1.7.хог хаягдлын менежментийн байгууламж;
51.1.8.сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц.
51.2.Тусгай бүсийг үндэсний болон олон улсын тээврийн сүлжээтэй уялдуулан хөгжүүлэх бөгөөд төмөр зам, авто зам, нисэх буудал, боомт болон логистикийн дэд бүтцийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгана.
51.3.Тусгай бүсийн төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй усны дахин ашиглалт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг дэмжинэ.
51.4.Тусгай бүсийн төлөвлөлтөд ногоон хөгжлийн шалгуурыг үе шаттай мөрдүүлэх бөгөөд ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг Засгийн газар батална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ
52 дугаар зүйл.Нэг цонхны үйлчилгээний зарчим
52.1.Тусгай бүс дэх төрийн үйлчилгээ нь бүртгэл, гааль, татвар, газар, хяналтын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх нэг цонхны үйлчилгээнд суурилна.
52.2.Тусгай бүс бүр тусгай бүсийн оролцогч, зорчигчид зориулсан нэг цонхны үйлчилгээний төвтэй байна.
52.3.Нэг цонхны үйлчилгээ нь цахим болон биечлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэртэй байх бөгөөд тусгай бүсийн оролцогч үйлчилгээний хэлбэрийг сонгох нөхцөл бүрдүүлсэн байна.
52.4.Төрийн байгууллага нь төрийн мэдээллийн санд байгаа мэдээллийг оролцогчоос дахин шаардахгүй.
53 дүгээр зүйл.Нэг цонхны үйлчилгээний төрөл
53.1.Тусгай бүсэд дараах үйлчилгээг нэг цонхоор үзүүлнэ:
53.1.1.хөрөнгө оруулагчид мэдээлэл өгөх;
53.1.2.тусгай бүсийн оролцогчоор бүртгэх;
53.1.3.газар ашиглах эрхтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтийн явцыг мэдээлэх;
53.1.4.татварын тайлагнал, мэдээлэл өгөх;
53.1.5.гаалийн бүрдүүлэлт хийх;
53.1.6.хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах;
53.1.7.дэд бүтэц, барилга байгууламж барих зөвшөөрөл, бүртгэл;
53.1.8. тусгай бүсэд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад төрлийн зөвшөөрөл олгох, бүртгэл;
53.1.9.төрийн байгууллагуудтай харилцах ажиллагааг зохион байгуулах;
53.1.10.статистик тайлан;
53.1.11.өргөдөл, гомдол шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах.
53.2.Захирагчийн ажлын алба тусгай бүс дэх нэг цонхны үйлчилгээний зохион байгуулалтыг хариуцна.
54 дугаар зүйл.Цахим нэг цонхны үйлчилгээ
54.1.Тусгай бүсийн нэг цонхны үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхдээ төрийн мэдээллийн сантай холбогдсон байна.
54.2.Цахим систем нь дараах боломжийг бүрдүүлсэн байна:
54.2.1.хүсэлт гаргах;
54.2.2.шийдвэрийн явцыг хянах;
54.2.3.төлбөр төлөх;
54.2.4.тайлан хүргүүлэх;
54.2.5.мэдээлэл солилцох.
54.3.Төрийн мэдээллийн санд байгаа цахим мэдээллийг тусгай бүсийн оролцогчоос дахин шаардахыг хориглоно.
55 дугаар зүйл.Тусгай бүсийн оролцогчийн гомдол шийдвэрлэх үйлчилгээ
55.1.Тусгай бүсийн оролцогч нь тусгай бүсийн захирагч, түүний ажлын алба, төрийн холбогдох бусад байгууллага, үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхтэй.
55.2.Тусгай бүсийн захирагч тусгай бүсийн оролцогч, зорчигчийн гомдол, саналыг хүлээн авах цахим тогтолцоог нэг цэгийн үйлчилгээгээр бүрдүүлсэн байна.
55.3.Гомдол гаргасан нь тусгай бүийн оролцогчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
АРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН
56 дугаар зүйл.Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн сан
56.1.Тусгай бүсийн үйл ажиллагааг цахимжуулах, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах, хөрөнгө оруулалтын төсөл, тусгай бүсийн оролцогч, дэд бүтэц, газар ашиглалт болон бусад холбогдох мэдээллийг нэгтгэн удирдах зорилгоор мэдээллийн нэгдсэн сан ажиллуулна.
56.2.Мэдээллийн нэгдсэн сан нь тусгай бүсүүдийн захирагч ба тэдгээрийн ажлын албаны үндсэн мэдээллийн систем байна.
56.3.Захирагчийн ажлын алба мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтөлнө.
56.4.Мэдээллийн нэгдсэн сан төрийн мэдээллийн нэгдсэн бодлого, системийн архитектур, стандартад нийцсэн байна.
56.5.Тусгай бүсийн оролцогч нь Захирагчийн ажлын алба болон гаалийн байгууллагатай цахим мэдээллийн системд холбогдсон байх бөгөөд тусгай бүсэд нэвтрүүлсэн барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө.
56.6.Захирагчийн ажлын алба мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөлд үндэслэн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, экспорт, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтцийн ашиглалтын талаарх статистик болон аналитик мэдээлэл боловсруулж тусгай бүсийн хөгжлийн төлөвлөлт, бодлого, зохицуулалт боловсруулахад мэдээллийн сан бүрдүүлнэ.
57 дугаар зүйл.Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн сангийн бүрэлдэхүүн
57.1.Дараах мэдээллийг тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ:
57.1.1.оролцогчийн бүртгэл;
57.1.2.хөрөнгө оруулалтын төслийн бүртгэл;
57.1.3.газрын мэдээллийн сан;
57.1.4.дэд бүтэц, барилга байгууламжийн мэдээллийн сан;
57.1.5.зөвшөөрөл, үйлчилгээний бүртгэл;
57.1.6.экспорт, импортын мэдээлэл;
57.1.7.хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны мэдээлэл;
57.1.8.татвар, гаалийн дэмжлэгийн мэдээлэл;
57.1.9.хөрөнгө оруулагчийн өргөдөл, гомдлын бүртгэл;
57.1.10.хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэл;
57.1.11.шаардлагатай бусад мэдээлэл.
58 дүгээр зүйл.Төрийн мэдээллийн системтэй харилцан холбогдох
58.1.Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн сан нь төрийн мэдээлэл солилцооны үндсэн системтэй холбогдсон байна.
58.2.Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн сан нь хуульд заасан үндэслэл, зориулалтын хүрээнд дараах төрийн мэдээллийн сантай мэдээлэл солилцно:
58.2.1.улсын бүртгэлийн мэдээллийн сан;
58.2.2.татварын мэдээллийн сан;
58.2.3.гаалийн мэдээллийн сан;
58.2.4.газрын кадастрын мэдээллийн сан;
58.2.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн сан;
58.2.6.нийгмийн даатгалын мэдээллийн сан;
58.2.7.хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн сан;
58.2.8.барилга, хот байгуулалтын мэдээллийн сан;
58.2.9.төрийн бусад мэдээллийн сан.
58.3.Төрийн мэдээлэл солилцох ажиллагааг төрийн мэдээлэл солилцооны цахим платформоор дамжуулан хэрэгжүүлнэ.
58.4.ХУР системээр дамжуулан төрийн мэдээллийн сангаас авах боломжтой мэдээллийг тусгай бүсийн оролцогч, хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс давхар шаардахыг хориглоно.
58.5.ХУР системээр дамжуулан авсан мэдээллийг зөвхөн хуульд заасан зориулалтаар ашиглана.
58.6.Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн сан нь таних, баталгаажуулах "ДАН" системтэй холбогдон ажиллана.
58.7.Тусгай бүсийн цахим үйлчилгээ авахдаа тоон гарын үсэг, цахим таних хэрэгслийг ашиглаж болно.
58.8.Цахим хэлбэрээр бүрдүүлсэн баримт бичиг нь хуульд өөрөөр заагаагүй бол цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байна.
59 дугаар зүйл.Нэг удаа бүрдүүлэх зарчим
59.1.Тусгай бүсийн оролцогч, хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагад нэгэнт гаргаж өгсөн мэдээллийг дахин гаргаж өгөх үүрэг хүлээхгүй.
59.2.Төрийн байгууллага нь шаардлагатай мэдээллийг ХУР болон бусад мэдээллийн системээр дамжуулан өөрөө авах үүрэгтэй.
59.3.Энэ зүйлд заасан зарчмыг зөрчин мэдээллийг давхар шаардахыг хориглоно.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТУСГАЙ БҮСИЙН УДИРДЛАГА
60 дүгээр зүйл.Тусгай бүсийн удирдлагын тогтолцоо
60.1.Тусгай бүсийн удирдлага дараах тогтолцооноос бүрдэнэ:
60.1.1.төрийн бодлогын үндсийг тодорхойлох, улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Улсын Их Хурал;
60.1.2.тусгай бүсийн талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх, улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрээс бусад байршилд тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар;
60.1.3.тусгай бүсийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн;
60.1.4.тусгай бүсийн захирагч.
60.2.Тусгай бүсийн удирдлагын тогтолцоо нь хөрөнгө оруулагчид чиглэсэн, шуурхай шийдвэр гаргах, үйлчилгээ үзүүлэх зарчимд үндэслэнэ.
60.3.Тусгай бүсийн удирдлага нь хөрөнгө оруулалт татах, нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй байна.
60.4.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага эдийн засгийн тусгай бүсийн оролцогчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
61 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
61.1.Улсын Их Хурал тусгай бүсийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
61.1.1.тусгай бүсийн талаар төрөөс баримтлах бодлогын эрх зүйн үндсийг тодорхойлох;
61.1.2.тусгай бүсүүдийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан холбогдох бодлогын баримт бичигт тусган батлах;
61.1.3.улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх;
61.1.4.тусгай бүсийн хөгжил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын тайланг хэлэлцэх;
61.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
61.2.Засгийн газар тусгай бүсийн үйл ажиллагааны үр нөлөө, улсын болон бүс нутгийн хөгжилд үзүүлж байгаа нөлөөллийг жил бүр үнэлж холбогдох тайланг жил бүр Улсын Их Хуралд ирүүлнэ.
61.3.Тусгай бүсийн талаарх Улсын Их Хурлын шийдвэр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжлийн бодлого болон улсын эдийн засгийн урт хугацааны ашиг сонирхолд нийцсэн байна.
62 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх Төрийн өмчит үйлдвэрийн газар гүйцэтгэх захирал
62.1.Засгийн газар тусгай бүсийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
62.1.1.тусгай бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
62.1.2.улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх;
62.1.3.улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт байгуулах тусгай бүсийн зорилго, төрөл, байршил, хилийн зааг, газар нутгийн хэмжээг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж өргөн мэдүүлэх;
62.1.4.улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрээс бусад байршилд тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах шийдвэр гаргах;
62.1.5.тусгай бүсийн талаарх хууль тогтоомж хэрэгжилтийг хангах;
62.1.6.хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг батлах;
62.1.7.тусгай бүсийн үйл өуажиллагаанд мөрдөх хуульд заасан журам, шалгуур үзүүлэлтийг батлах;
62.1.8.тусгай бүсийн талаар төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах;
62.1.9.тусгай бүс дэх нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт, журам батлах;
62.1.10.хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авах;
62.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
63 дүгээр зүйл.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
63.1.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
63.1.1.тусгай бүсийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг боловсруулах;
63.1.2.тусгай бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;
63.1.3.тусгай бүсийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
63.1.4.тусгай бүсүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
63.1.5.хөгжлийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах;
63.1.6.хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд хяналт тавих;
63.1.7.дэд бүтцийн асуудлаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
63.1.8.тусгай бүсийн талаарх төрийн зохицуулалт, үйл ажиллагаатай холбоотой төсвийг нэгтгэн боловсруулах;
63.1.9.тусгай бүс дэх нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт болон журам боловсруулах;
63.1.10.тусгай бүсийн үйл ажиллагаанд мөрдөх хуульд заасан дүрэм, журам, аргачлал боловсруулах, батлах;
63.1.11.хуульд өөрөөр заагаагүй бол тусгай бүсэд үзүүлэх төлбөртэй нийтлэг үйлчилгээний төрөл, төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох, орлогыг зарцуулах журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
63.1.12.хөрөнгө оруулалтын төсөлд тавигдах шалгуур, нөхцөлийг тогтоох;
63.1.13.тусгай бүсийн захиргааны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
63.1.14.тусгай бүсийн талаарх улсын хэмжээний мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх;
63.1.15.тусгай бүсийн үйл ажиллагааны тайланг нэгтгэн жил бүр Засгийн газарт танилцуулах;
63.1.16.бүрэн эрхийн асуудлаар тусгай бүсийн захирагчид чиглэл, үүрэг даалгавар өгөх;
63.1.17.тусгай бүсэд зээл, тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийг удирдлагаар хангаж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
63.1.18.тусгай бүсийн захирагчийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
63.1.19.тусгай бүсэд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал боловсруулах;
63.1.20.хуульд заасан бусад бүрэн эрх.
64 дугаар зүйл.Тусгай бүсийн захирагч
64.1.Тусгай бүсийн захирагч тухайн тусгай бүсийн төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлнэ.
64.2.Тусгай бүсийн захирагч тогтоосон загварын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
64.3.Тусгай бүсийн захирагч ажлаа тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.
64.4.Тусгай бүсийн захирагч эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд уг захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өөрчлөх, эсхүл хүчингүй болгоно.
64.5.Хэд хэдэн тусгай бүс нэг захирагч болон захирагчийн ажлын албатай байж болно.
64.6.Тусгай бүсийн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
64.6.1.тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тусгай бүсийг төлөөлөх, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах;
64.6.2.хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах;
64.6.3.хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;
64.6.4.тусгай бүсийн төсвийн төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
64.6.5.Захирагчийн ажлын албаны захиралтай гүйцэтгэлийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг дүгнэх;
64.6.6.тусгай бүсийг төлөөлж гэрээ, хэлцэл хийх;
64.6.7.тусгай бүсийн дэд бүтэц буюу инженерийн шугам сүлжээ, ус зайлуулах суваг, авто замын сүлжээг хангах;
64.6.8.тусгай бүсийн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах;
64.6.9.тусгай бүс дэх төрийн өмчийн барилга байгууламж, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах, хяналт тавих;
64.6.10.төрийн үйлчилгээг хөнгөвчлөх нэг цонхны үйлчилгээг зохион байгуулах;
64.6.11.тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх оролцогчийг бүртгэх, бүртгэлээс хасах;
64.6.12.хуульд тусгайлан эрх олгосон хүрээнд тусгай бүсийн оролцогчтой гэрээ байгуулах;
64.6.13.тусгай бүсийн нутаг дэвсгэрт газар ашиглуулах ажлыг Газрын тухай хууль болон энэ хуульд заасны дагуу зохион байгуулах;
64.6.14.тусгай бүс дэх нийтлэг болон шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг зохион байгуулах;
64.6.15.энэ хуульд заасан бусад байгууллагатай хамтран ажиллах;
64.6.16.тусгай бүсэд гарал үүсэл нь тодорхой, барааны тэмдэг, зураасан кодтой барааг худалдах талаар тусгай бүсийн оролцогчид шаардлага тавих, хэрэгжилтэд хяналт тавих;
64.6.17.тусгай бүсийн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг сахиулах, галын аюулаас хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг зохицуулж хэрэгжүүлэх;
64.6.18.тусгай бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, тамхи худалдах болон согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөлтэй холбоотой нэг цонхны үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуульд заасан эрх бүхий этгээдтэй хамтран зохион байгуулах;
64.6.19.газрын ашиглалт, бүсчлэл, дэд бүтцийн төлөвлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулах;
64.6.20.мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, эрхлэх;
64.6.21.хөрөнгө оруулалтын төсөлд дэмжлэг үзүүлэх;
64.6.22.тусгай бүсийн үйл ажиллагааны тайлан, статистик гаргах;
64.6.23.оролцогчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
64.6.24.орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргатай хамтран ажиллах;
64.6.25.хуульд заасан бусад бүрэн эрх.
65 дугаар зүйл.Тусгай бүсийн захирагчийг томилох, чөлөөлөх
65.1.Тусгай бүсийн захирагч дараах шаардлага хангасан байна:
65.1.1.эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, инженер, эрх зүйн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
65.1.2.мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;
65.1.3.тусгай бүсийн төсвийн хэмжээнээс багагүй санхүүгийн хөрөнгө удирдаж байсан, эсхүл түүнтэй адилтгах ажлын туршлагатай байх;
65.1.4.хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх;
65.1.5.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;
65.1.6.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь тусгай бүсийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
65.1.7.Монгол Улсын иргэн байх;
65.1.8.ялгүй байх.
65.2.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай бүсийн захирагчид нэр дэвшүүлэх хороог байгуулах бөгөөд нэр дэвшүүлэх хороо сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
65.3.Нэр дэвшүүлэх хороо дараах бүрэлдэхүүнтэй байна:
65.3.1.тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний ажлын албаны дарга;
65.3.2.эдийн засаг, санхүү, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тус бүр нэг төлөөлөл;
65.3.3.эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллагын нэг төлөөлөл;
65.4.Нэр дэвшүүлэх хороо дараах аргын аль нэгийг сонгох замаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулна:
65.4.1.энэ хуульд заасан шаардлага хангасан таваас доошгүй иргэнд сонгон шалгаруулалтад оролцох урилга хүргүүлэх;
65.4.2.сонгон шалгаруулалт явуулах зарыг сонгон шалгаруулалт болох өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өдөр тутмын сонин, албан ёсны мэдээллийн хэрэгсэлд байршуулж, иргэнийг нэр дэвшихийг нээлттэй урих.
65.5.Нэр дэвшүүлэх хороо энэ хуулийн 65.4-т заасны дагуу холбогдох материалаа ирүүлсэн иргэдтэй ярилцлага хийж, энэ хуулийн 65.1-д заасан шаардлагыг хамгийн сайн хангасан хоёр иргэнийг санал хураалтаар тодруулан тусгай бүсийн захирагчид нэр дэвшүүлэх бөгөөд хурлын шийдвэр, холбогдох материалын хамт тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд ирүүлнэ.
65.6.Нэр дэвшүүлэх хороо энэ хуульд заагаагүй техник зохион байгуулалтын бусад асуудлыг хурлаараа олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд энэ хуулийн 65.5-д заасны дагуу нэр дэвшүүлснээр хорооны үйл ажиллагаа дуусгавар болно.
65.7.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 65.6-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хоёр иргэнээс хуульд заасан шаардлагыг хамгийн сайн хангасан гэж үзсэн нэр дэвшигчийг тусгай бүсийн захирагчаар томилох бөгөөд таван жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллуулна.
65.8.Тусгай бүсийн захирагчтай байгуулах гэрээнд дараах зүйлийг тусгана:
65.8.1.тусгай бүсийн зорилгыг хангахад хүлээх үүрэг;
65.8.2.хөрөнгө оруулалтыг татахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ;
65.8.3.хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг цаг тухайд хангах арга хэмжээ;
65.8.4.төрийн үйлчилгээг хөнгөвчлөх талаар хүлээх үүрэг;
65.8.5.хууль тогтоомжид заасан болон бусад нөхцөл, эрх, үүрэг.
65.9.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай бүсийн захирагчтай байгуулсан гэрээний үр дүн, хэрэгжилтийг жил бүр дүгнэнэ.
65.10.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай бүсийн захирагчтай байгуулсан гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлнө:
65.10.1.гэрээний хугацаа дуусгавар болсон;
65.10.2.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг дуусгавар болгох хүсэлтийг өөрөө гаргасан;
65.10.3.энэ хуулийн 65.1-д заасан шаардлагыг хангахгүй болсон;
65.10.4.тусгай бүсийн зорилгыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаагүй, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг цаг тухайд хангаагүй;
65.10.5.гэрээнд заасан үр дүнд хүрэх болон холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангахад зохих арга хэмжээ аваагүй, ажил үүрэгтээ хайнга хандсан;
65.10.6.ашиг сонирхлын зөрчил үүссэн;
65.10.7.хууль, гэрээнд заасан бусад үндэслэл.
65.11.Тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай бүсийн захирагчтай байгуулсан гэрээний хугацааг гүйцэтгэлийн үр дүн, хэрэгжилтээс шалтгаалан нэг удаа таван жилээр сунгаж болно.
66 дугаар зүйл.Тусгай бүсийн захирагчийн ажлын алба
66.1.Тусгай бүсийн захирагчийн ажлын алба /цаашид "Захирагчийн ажлын алба" гэх/ нь тусгай бүсийн хөгжүүлэлт, менежмент, дэд бүтцийн ашиглалт, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байна.
66.2.Захирагчийн ажлын албыг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, өөрчлөн зохион байгуулж, татан буулгах бөгөөд түүний дүрэм, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тусгай бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
66.3.Захирагчийн ажлын алба нь хуулийн этгээдийн эрхтэй, өөрийн дүрэм, оноосон нэр, тамга, тэмдэг, банкны данс, баланс, төрийн өмчийн хөрөнгөтэй байна.
66.4.Захирагчийн ажлын алба өөрийн үйл ажиллагааны орлогоор зардлаа санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Нийтийн зориулалттай дэд бүтэц болон эхний хөрөнгө оруулалтыг улсын, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл, зээл, тусламж, бусад хууль ёсны эх үүсвэрээр санхүүжүүлж болно.
66.5.Захирагчийн ажлын албаны ажилтан төрийн албан хаагчид хамаарахгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна. Захирагчийн ажлын албаны захирлыг хуульд заасан сонгон шалгаруулалтын үндсэн дээр эрх бүхий этгээд томилж, чөлөөлнө.
66.6.Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
66.6.1.тусгай бүсийн хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах судалгаа, тооцоо, техникийн баримт бичгийг бэлтгэх;
66.6.2.дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, нийтийн эзэмшлийн байгууламжийг барих, ашиглах, засварлах, үйлчилгээ үзүүлэх;
66.6.3.төрийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, бусад хөрөнгийг гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, хамгаалах;
66.6.4.хөрөнгө оруулагч, тусгай бүсийн оролцогчид нэг цонхны, зөвлөгөө, мэдээлэл, техникийн болон бусад үйлчилгээ үзүүлэх;
66.6.5.тусгай бүсийн оролцогчийн бүртгэл, зөвшөөрөл, нэвтрэх үнэмлэх болон газар ашиглалтын шийдвэр гаргахад шаардлагатай баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг хянах, санал, дүгнэлт боловсруулах;
66.6.6.тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, статистик, тайлан боловсруулах;
66.6.7.хууль болон дүрэмд заасан бусад ажил, үйлчилгээ эрхлэх.
66.6.8.тусгай бүсэд шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох зах зээл, хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн сүлжээний судалгаа хийх, тусгай бүсийг сурталчлах;
66.6.9.нэг цонхны үйлчилгээний хүрээнд тусгай бүсийн оролцогч, хөрөнгө оруулагчийг төрийн болон үйлчилгээ үзүүлэгч бусад байгууллагатай харилцахад төлөөлөх, уулзалт, зөвшилцлийг зохион байгуулах;
66.6.10.хөрөнгө оруулалтын болон бусад гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж, дүнг тусгай бүсийн захирагчид танилцуулах;
66.6.11.хууль болон гэрээнд заасан хүрээнд инженерийн дэд бүтэц, нийтийн аж ахуй, логистик, ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлэх;
66.6.12.тусгай бүсийн дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд хуульд заасан чиг үүргийн хүрээнд оролцох.
66.7.Захирагчийн ажлын алба захиргааны акт гаргах, зөвшөөрөл олгох, бүртгэх, бүртгэлээс хасах, албадлагын арга хэмжээ авах зэрэг төрийн захиргааны бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй. Эдгээр шийдвэрийг энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан гаргана.
66.8.Захирагчийн ажлын албаны орлого нь дэд бүтэц, барилга байгууламж, талбай, тоног төхөөрөмж ашиглуулсны төлбөр, хууль болон гэрээний үндсэн дээр үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого, төсөл, хөтөлбөр, зээл, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
66.9.Татвар, газрын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж болон бусад төсвийн орлогыг Захирагчийн ажлын албаны орлого гэж үзэхгүй.
66.10.Захирагчийн ажлын алба санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа хуульд заасан хугацаанд гаргаж, тусгай бүсийн захирагч, төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагад хүргүүлж, хуульд заасан аудит, хяналтад хамруулна.
67 дугаар зүйл.Тусгай бүсийн үйл ажиллагааны тайлан
67.1.Захирагчийн ажлын алба санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа хуульд заасан хугацаанд гаргаж, тусгай бүсийн захирагчид хүргүүлнэ. Тусгай бүсийн захирагч уг тайлан болон холбогдох байгууллагын мэдээлэлд үндэслэн дараах үзүүлэлтээр тусгай бүсийн зорилгын хэрэгжилтийн тайланг жил бүр нэгтгэн гаргана:
67.1.1.татсан хөрөнгө оруулалтын хэмжээ;
67.1.2.экспортын хэмжээ;
67.1.3.дэд бүтцийн хэрэгжилт;
67.1.4.бий болгосон ажлын байр;
67.1.5.төсөвт үзүүлсэн нөлөө;
67.1.6.технологи дамжуулалт;
67.1.7.дотоодын нийлүүлэлтийн сүлжээний хөгжил;
67.1.8.байгаль орчны үзүүлэлт.
67.2.Тусгай бүсийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
68 дугаар зүйл.Тусгай бүсийн орлогыг дэд бүтэц, орон нутгийн хөгжилд зарцуулах
68.1.Тусгай бүсийн үйл ажиллагаанаас улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогын тодорхой хэсгийг тусгай бүсийн дэд бүтэц, орон нутгийн хөгжилд зарцуулах хэмжээ, эх үүсвэр, хуваарилалт, батлах болон тайлагнах журмыг Төсвийн тухай хууль болон тухайн жилийн төсвийн тухай хуульд нийцүүлэн тогтооно.
69 дүгээр зүйл.Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран ажиллах
69.1.Тусгай бүсийн захирагч тухайн тусгай бүс байрлаж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргатай дараах байдлаар хамтран ажиллана:
69.1.1.тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын саналыг авах;
69.1.2.тусгай бүсийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад танилцуулах;
69.1.3.тусгай бүсийн үйл ажиллагаа бүс, орон нутгийн эдийн засгийн хөгжил, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтцэд үзүүлэх нөлөөллийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын санал, зөвлөмжийг авах;
69.1.4.нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлтийн талаар мэдээлэл, санал солилцох;
69.1.5.гамшиг, онцгой нөхцөл байдлын бэлэн байдлыг хангахад харилцан туслалцаа үзүүлэх;
69.1.6.олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах;
69.1.7.шаардлагатай тохиолдолд шуурхай мэдээлэл солилцох харилцаа холбооны суваг нээн ажиллуулах;
69.1.8.тусгай бүсийн үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд тогтмол мэдээлэл хүргэхэд хамтран ажиллах;
69.1.9.хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, томоохон хөрөнгө оруулалтын төсөл, байгаль орчинд нөлөөлөхүйц үйл ажиллагааны талаар олон нийтийн хэлэлцүүлэг хамтран зохион байгуулах;
69.1.10.тусгай бүсийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ханган нийлүүлэлтийн оролцоог дэмжихэд хамтран ажиллах;
69.1.11.хууль тогтоомжид заасан бусад хэлбэр.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ БҮСИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТ
70 дугаар зүйл.Тусгай бүсийн аюулгүй байдлыг хангах үндсэн зарчим
70.1.Тусгай бүс улсын онцгой объектод хамаарна.
70.2.Тусгай бүсэд үндэсний аюулгүй байдал, олон нийтийн хэв журам, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоо ажиллана.
70.3.Аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрсдэлд суурилсан удирдлагын зарчимд үндэслэнэ.
70.4.Тусгай бүсийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах, цагдаа, онцгой байдал болон бусад эрх бүхий байгууллагын энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
70.5.Тусгай бүс бүр аюулгүй байдлын нэгдсэн төлөвлөгөөтэй байх бөгөөд төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:
70.5.1.объектын хамгаалалт;
70.5.2.нэвтрэх хяналтын тогтолцоо;
70.5.3.гамшиг, ослын үеийн бэлэн байдал;
70.5.4.кибер аюулгүй байдал;
70.5.5.галын аюулгүй байдал;
70.5.6.аюултай ачаа, барааны хяналт;
70.5.7.онцгой нөхцөл байдлын үеийн ажиллагаа.
70.6.Тусгай бүсийн захирагч аюулгүй байдлын нэгдсэн төлөвлөгөөг холбогдох төрийн байгууллагатай зөвшилцөн батална.
70.7.Оролцогч нь гамшгаас хамгаалах болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хангах үүрэгтэй бөгөөд Захирагчийн ажлын алба жил бүр гамшгийн бэлэн байдлын сургалт, дадлага зохион байгуулна.
71 дугаар зүйл.Тусгай бүсийн хамгаалалт
71.1.Улсын хилийн зурвасын нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсийн харуул хамгаалалт, зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, холбогдох бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх үүргийг улсын хил хамгаалах байгууллага, бусад тусгай бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
71.2.Хөрш улсын хилийн гарцаар тусгай бүсэд нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр зохих журмын дагуу нэвтрүүлнэ.
71.3.Хилийн зөрчлийн мэдээлэл авагдсан, шинж тэмдэг илэрсэн үед хил хамгаалах байгууллага цаг хугацаа харгалзахгүйгээр хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хилийн эрлийг явуулна.
71.4.Тусгай бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг цагдаа, дотоодын цэрэг гүйцэтгэнэ.
71.5.Тусгай бүсийн захирагчийн тухайн тусгай бүсийн ажиллах цагийн хуваарь, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн ажиллах цагийн хуваарийг харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байгаа хилийн байгууллагатай зөвшилцөн тус тус тогтооно.
71.6.Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн нутаг дэвсгэр болон бусад өөрийн улсын бусад нутаг дэвсгэрийн хооронд тусгаарлах төхөөрөмж байрлуулж энэ хуулийн 71.1-д заасны дагуу хилийн хамгаалах байгууллага харуул хамгаалалтыг гүйцэтгэнэ.
72 дугаар зүйл.Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа
72.1.Тусгай бүсийн нутаг дэвсгэрт оролцогчийн объект, дэд бүтэц, агуулах, терминал, үйлдвэрлэлийн байгууламж болон бусад эд хөрөнгийг хамгаалах зорилгоор гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж болно.
72.2.Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хэрэгжүүлнэ.
72.3.Гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхгүй бөгөөд зөвхөн гэрээгээр хүлээсэн хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО
73 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлал
73.1.Талууд харилцан тохиролцсоноор маргааныг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэж болно.
73.2.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
74 дүгээр зүйл.Арбитраар маргаан шийдвэрлэх
74.1.Талуудын тохиролцсоны үндсэн дээр маргааныг дотоодын болон олон улсын арбитраар шийдвэрлүүлж болно.
74.2.Арбитрын шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасны дагуу хүлээн зөвшөөрч биелүүлнэ.
75 дугаар зүйл.Шүүхээр маргаан шийдвэрлэх
75.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол маргааныг Монгол Улсын шүүх шийдвэрлэнэ.
75.2.Захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
76 дүгээр зүйл.Албан тушаалтны хариуцлага
76.1.Албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус шаардлага тавьсан, тусгай бүсийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
76.2.Албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг холбогдох хуульд заасны дагуу нөхөн төлүүлнэ.
77 дугаар зүйл.Тусгай бүсийн оролцогчийн хариуцлага
77.1.Тусгай бүсийн оролцогч дараах зөрчил гаргасан бол энэ хуульд заасан дэмжлэгийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болно:
77.1.1.бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг, худал мэдээлэл гаргасан;
77.1.2.хөрөнгө оруулалтын гэрээг ноцтой зөрчсөн;
77.1.3.байгаль орчны шаардлагыг ноцтой зөрчсөн;
77.1.4.мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөрчил гаргасан;
77.1.5.хууль тогтоомжид заасан бусад зөрчил.
77.2.Энэ хуулийн 77.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө оролцогчид Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах, сонсох ажиллагаанд оролцох боломж олгоно.
78 дугаар зүйл.Хохирол нөхөн төлүүлэх
78.1.Энэ хуульд заасныг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу нөхөн төлүүлнэ.
78.2.Байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээд бүрэн хариуцан төлнө.
79 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
79.1.Энэ хуулийг 20.... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
79.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан чөлөөт бүс, эдийн засгийн чөлөөт бүс, "эдийн засгийн тусгай бүс", "тусгай бүс", "худалдааны чөлөөт бүс", "олон улсын санхүүгийн төв"-ийг энэ хуульд заасан эдийн засгийн тусгай бүсэд тооцох бөгөөд тэдгээрийг энэ хуульд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах арга хэмжээг Засгийн газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлнэ.
79.3.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хууль тогтоомжийн дагуу олгосон зөвшөөрөл, газар ашиглах эрх, байгуулсан гэрээний хугацаа, нөхцөлийг уг эрх, гэрээнд заасан хугацаа дуусах хүртэл хэвээр хадгална.
79.4.Энэ хуульд заасан татвар, газрын төлбөр болон төсвийн орлогын хуваарилалтыг холбогдох татварын хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон тухайн жилийн төсвийн хуульд тусгасны дагуу хэрэгжүүлнэ.
79.5.Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан энэ хуулийн 13.8, 35.13, 35.14, 37.8, 37.9-д заасан зохицуулалтыг уг хэлэлцээрт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
Гарын үсэг
Нүүр
Санал өгөх