A

A

A

Хариуцагч байгууллага
Нийтэлсэн огноо 2024-12-10 17:50:43
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 97
Журам болон жишиг төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-01-22

Танилцуулга:

Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний журам, Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны ... сарын ... өдөр

Дугаар____

Улаанбаатар хот

Журам болон жишиг төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний журам"-ыг 1 дүгээр, "Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Журам болон жишиг төлбөрийн хэмжээг батлах тухай" 2023 оны А/04 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД О.АЛТАНГЭРЭЛ

Төсөл

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

…………. оны ....... сарын ........ өдрийн

.................. дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журмаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтанд согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулна.

2.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулахад Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, эдгээр хуультай нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

Хоёр.Сургалтын агуулга, төлөвлөгөө, хөтөлбөр, түүнд тавигдах шаардлага

2.1.Сургалт нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан арга барилыг үйлчилгээ үзүүлэх ажилтанд төлөвшүүлэх зорилготой ба дараах агуулгын хүрээнд байна.Үүнд:

2.1.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай

тэмцэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хэм хэмжээний актыг таниулах;

2.1.2.Согтууруулах ундааны нийгэм болон хүний эрүүл мэндэд үзүүлэх

сөрөг нөлөө;

2.1.3.Үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэтрүүлэх хэрэглэхээс

урьдчилан сэргийлэх арга барил, харилцааны ур чадвар;

2.1.4.Үйлчүүлэгч 21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн

хэрэглэсэн үйлчлүүлэгчид согтууруулах ундаагаар үйлчлэхээс зайлсхийх арга барил, харилцааны ур чадвар;

2.2.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө /цаашид "сургалтын хөтөлбөр", "сургалтын төлөвлөгөө" гэх/ нь доор дурдсан шаардлага хангасан байна:

2.2.1.Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний

холбогдох байгууллага нь Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт явуулах хуулийн этгээдтэй хамтран сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах бөгөөд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь энэ журмын 2.1-д заасан агуулгын хүрээнд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4, 6.12-т заасанд нийцсэн байх ба мөн хуулийн 6.15-т заасны дагуу дүгнэлт гаргуулж, баталгаажуулсан байх;

Гурав.Сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулах хуулийн этгээдэд тавигдах шаардлага

3.1.Сургалтыг ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхлэн явуулах ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1.иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх;

3.1.2.татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх;

3.1.3.тухайн сургалтын чиглэлээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд дүгнэлт гаргуулсан байх;

3.1.4.сургалтын үйл ажиллагаа эрхлэх журамтай байх;

3.1.5.сургалтын чиглэлд нийцсэн сургалтын танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг сургалтын орчныг бүрдүүлсэн байх

3.1.6.сургалтын асуудал хариуцсан орон тооны ажилтантай, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадавх бүхий багшлах бүрэлдэхүүнтэй байх.

3.1.7.Багшлах бүрэлдэхүүн тухайн сургалтын чиглэлээр бэлтгэгдсэн байх.

Дөрөв.Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт

4.1.Сургалтыг энэхүү журмын 3.1-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд сургалт зохион байгуулах хүсэлтээ Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Ажлын албанд хүргүүлэх бөгөөд энэ журмын 1.3-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.

4.2.Сургалт эрхлэн явуулах хуулийн этгээд нь холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг танхимаар зохион байгуулах бөгөөд Онц байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан нөхцөл байдал үүссэн болон эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан тохиолдолд сургалтыг цахимаар зохион байгуулж болно.

4.3.Сургалтад бүрэн хамрагдаж, шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 /гурав/ жил байна.

4.4.Сургалт эрхлэх хуулийн этгээд нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга бүхий гэрчилгээг сургалт дуусмагц суралцагчид шууд олгоно.

4.5.Гэрчилгээ нь суралцаж төгссөн хугацааг заасан дахин давтагдахгүй дугаартай байх ба сургалт эрхлэх хуулийн этгээд нь гэрчилгээний асуудлаар бүрэн хариуцлага хүлээнэ.

4.6.Дараах тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгоно. Үүнд:

4.6.1.гэрчилгээ эзэмшигч хүсэлт гаргасан:

4.6.2.гэрчилгээг бусдад шилжүүлсэн, дамжуулсан, ашиглуулсан;

4.6.3.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон энэ журмыг зөрчсөн.

4.7.Хуулийн этгээд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, бүртгэл, сургалтын үйл ажиллагаа, гэрчилгээ олгосон талаарх бүртгэл мэдээллийн сантай байх бөгөөд мэдээлэл нийтэд ил тод байна.

Тав.Тайлан, үнэлгээ, сургалтын санхүүжилт

5.1.Сургалт эрхлэх хуулийн этгээд нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт зохион байгуулсан ажлын тайланг улирал тутам гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагаар үнэлгээ хийлгэн баталгаажуулж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн Ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/-нд дараах баримт бичгийн хамт ирүүлнэ. Үүнд:

5.1.1.хуулийн этгээдийн албан бичиг;

5.1.2.улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;

5.1.3.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, түүний дүгнэлт, баталгаажуулалтын талаар холбогдох баримт бичиг;

5.1.4.Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагаас сургалтын тайланд үнэлгээ хийж, баталгаажуулсан тодорхойлолт;

5.1.3.сургалтын тайлан;

5.1.4.Сургалтын гэрчилгээ олгосон бүртгэлийн цахим мэдээлэл;

5.1.4.Төлбөрийн нэхэмжлэл.

5.2.Ажлын алба хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийг магадлан шалгаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувиар тооцож, гүйцэтгэлээр санхүүжилтийг олгох бөгөөд сургалтын болон санхүүжилтийн тайланг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ийн хуралд улирал бүр танилцуулна.

5.3.Сургалтын төлбөрийн 50 хувийн зардлыг согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эсхүл суралцагч хариуцна.

5.3.Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт болон сургалтын үйл ажиллагаанд аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллага тогтмол хяналт тавих ба шаардлагатай тохиолдолд Ажлын алба хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, үнэлгээ хийж, Зөвлөлд танилцуулна.

5.4.Сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд нь сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, Зөвлөлөөс гарсан дүгнэлт, саналыг сургалтын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.

Зургаа.Бусад

6.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

___________оОо___________

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

…………. оны ....... сарын ........ өдрийн .................. дугаар тушаалын 2 дугаар хавсралт

Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын жишиг төлбөрийн хэмжээ

Сургалтын төлбөр Төлөх хэлбэр

40000 50% буюу 20000 төгрөг Суралцагч өөрөө эсхүл согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч төлнө.

50% буюу 20000 төгрөг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

Санал өгөх