A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-03-20 16:10:06
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 12
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-04-04

Танилцуулга:

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

Төсөл

МОНГОЛ УЛСЫНХУУЛЬ

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр         Улаанбаатар хот

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, шүгэл үлээгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Авлигын эсрэг хууль[2], Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль[3], Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль[4], Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль[5], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1. Энэ хууль нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг аливаа дарамт шахалт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт болон эрх зүйн байдлыг нь дордуулах бусад үйлдлээс хамгаалах, шүгэл үлээгчийг дэмжих, түүний нууцлал, аюулгүй байдлыг нь хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Шүгэл үлээгч нь мэдээлэл гаргах үед тухайн мэдээлэл нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол шалгалтын үр дүнгээс үл хамааран энэ хуульд заасан шууд хамгаалалт үйлчилнэ.

3.3. Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн талаар шүгэл үлээх тохиолдолд тухайн мэдээллийг энэ хуульд заасан тусгай сувгаар мэдээлнэ. Тусгай сувгаар мэдээлсэн шүгэл үлээгчид энэ хуульд заасан хамгаалалт нэгэн адил үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."шүгэл үлээх" гэж шүгэл үлээгч ажил, хөдөлмөр эрхлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, мэргэжлийн болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд олж мэдсэн, өөрт нь ил болсон нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлэл, баримт сэлт гаргаж өгөхийг;

4.1.2."нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдал" гэж дараах харилцаанд хамаарах хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчих эрсдэлтэй нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүйг:

4.1.2.а.авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил;

4.1.2.б.төрийн болон орон нутгийн өмч, төсөв, татвар, хураамж;

4.1.2.в.Эрүүгийн хуулийн Арван есдүгээр, Хорьдугаар, Хорин дөрөвдүгээр, Хорин есдүгээр бүлэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан.

4.1.3."шүгэл үлээгч" гэж энэ хуулийн 4.1.1-д заасан мэдээллийг гаргасан хүн, хуулийн этгээдийг;

4.1.4."хамаарал бүхий этгээд" гэж шүгэл үлээгчийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, болон шүгэл үлээсэнтэй холбоотойгоор сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй бусад этгээдийг;

4.1.5."нэргүй мэдээлэл" гэж мэдээлэл гаргасан этгээдийн хэн болохыг мэдээлэл хүлээн авагч тогтоох боломжгүй мэдээллийг;

4.1.6."нууцалсан мэдээлэл" гэж шүгэл үлээгчийн хувийн мэдээлэл, түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг задруулахгүй байх нөхцөлтэйгөөр гаргасан мэдээллийг.

5 дугаар зүйл.Шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд

Хэвлэх

баримтлах зарчим

5.1.Шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хүний эрх, эрх чөлөөг дээдлэх;

5.1.2.нууцлал, аюулгүй байдлыг хангах;

5.1.3.мэдээлэх сувгийн хүртээмж, найдвартай байдлыг хангах;

5.1.4.ялгаварлан гадуурхахгүй байх, өс хонзон авахыг хориглох;

5.1.5.шударга, хараат бус байдлыг хангах;

5.1.6.шуурхай, үр нөлөөтэй ажиллагааг хангах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ШҮГЭЛ ҮЛЭЭХ

6 дугаар зүйл.Мэдээлэл хүлээн авах

Хэвлэх

6.1.Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг амаар, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.

6.2.Шүгэл үлээгч мэдээллээ монгол хэл, өөрийн эх хэл, эсхүл мэддэг хэлээр гаргаж болно.

6.3.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээлэлд дараах асуудлыг тусгасан байна:

6.3.1.нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдалд холбогдох этгээдийн овог, нэр, албан тушаал болон тухайн этгээдийг тодорхойлох боломжтой бусад мэдээлэл;

6.3.2.нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хуулийн дагуу олж авсан ач холбогдол бүхий, аливаа баримт сэлт;

6.3.3.шүгэл үлээгчээс шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

6.4.Шүгэл үлээгч нь төлөөлөгчөөр дамжуулан, нууцалсан болон нэргүй мэдээлэл гаргаж болно. Төлөөлөгчөөр дамжуулан мэдээлэл гаргасан тохиолдолд төлөөлөгчөөс мэдээллийн эх сурвалжийг задруулахыг төлөөлөгчөөс шаардахыг хориглоно. Төлөөлөгчид энэ хуульд заасан хамгаалалт шүгэл үлээгчийн нэгэн адил үйлчилнэ.

6.5.Амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдэж, шүгэл үлээгчид танилцуулан баталгаажуулна. Шүгэл үлээгч гарын үсэг зурахаас татгалзсан нь мэдээллийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.

6.6.Шүгэл үлээгч нууцалсан мэдээлэл гаргасан тохиолдолд түүнтэй холбоо барих арга, хэрэгслийг энэ хуулийн 8.1, 13.2, 14.3-т заасан эрх бүхий албан тушаалтан хариуцна.

6.7.Энэ хуулийн 6.6-д заасан тохиолдолд шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг шалгалт явуулах албан тушаалтанд задруулахыг хориглоно. Ийм мэдээллийг шүгэл үлээгчийг дэмжих нэгж тусгаарлан хадгална.

6.8. Мэдээлэл хүлээн авах эрх бүхий албан тушаалтан шаардлагатай бол шүгэл үлээгчээс гаргасан мэдээлэлтэй холбогдуулан нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулан авч болно.

6.9. Шүгэл үлээгчийг дэмжих нэгж мэдээллийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хүлээн авсан тухай мэдэгдэж, 30 хоногийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар шүгэл үлээгчид мэдээлнэ.

7 дугаар зүйл.Мэдээлэл хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

7.1.Дараах тохиолдолд мэдээллийг хүлээн авахгүй:

7.1.1.өмнө нь шалгагдаж, эрх бүхий байгууллага эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар шинэ нөхцөл байдал, баримтгүйгээр давтан мэдээлэл гаргасан;

7.1.2.цахим орчин, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон мэдээллээс өөр шинэ баримт агуулаагүй;

7.1.3.мэдээлэл болон түүнд дурдсан нөхцөл байдал нь энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхолд хамаарахгүй.

7.2.Мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд энэ талаар мэдээлэл гаргагчид 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

8 дугаар зүйл.Нэргүй мэдээлэл гаргах

Хэвлэх

8.1.Шүгэл үлээгч нь нэргүй мэдээлэл гаргаж болно.

8.2. Нэргүй мэдээлэл нь нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий баримт, мэдээллийг агуулсан бол уг мэдээллийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.

8.3.Нэргүй мэдээлэл гаргасан шүгэл үлээгчийн хэн болохыг тогтоох зорилгоор мэдээлэл цуглуулах, мөрдөн мөшгөхийг хориглоно.

9 дүгээр зүйл.Мэдээлэл хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх эрх бүхий этгээд

Хэвлэх

9.1.Шүгэл үлээсэн мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хамгаалалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий нэгж /цаашид "Шүгэл үлээгчийг дэмжих нэгж" гэх/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд ажиллана.

9.2.Шүгэл үлээгчийг дэмжих нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.2.1.мэдээллийг хүлээн авах, бүртгэх;

9.2.2.мэдээллийг шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан /цаашид "эрх бүхий байгууллага, албан тушаалтан" гэх/-д шилжүүлэх;

9.2.3.шилжүүлсэн мэдээллийн шалгалт, шийдвэрлэлтийн явцын талаар мэдээлэл авч, шүгэл үлээгчид мэдэгдэх;

9.2.4.хамгаалалтын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

9.2.5.мэдээллийн сан бүрдүүлж, нууцлал, аюулгүй байдлыг хангах;

9.2.6.энэ хуулийн хэрэгжилт болон шүгэл үлээгчийн хамгаалах, дэмжих ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар санал, зөвлөмж гаргах, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;             

9.2.7.шүгэл үлээгчид урамшуулал, нөхөн төлбөр олгох үндэслэлийг хянаж шийдвэрлүүлэх;

9.2.8.шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах;

9.2.9.шүгэл үлээгчид хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;

9.2.10.шүгэл үлээгч болон мэдээлэл гаргахаар төлөвлөж буй этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх;

9.2.11. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан журмын дагуу шалгах, шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа эсэхэд хяналт тавих, мөн шүгэл үлээгчийн мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу шалгаагүй, үл хайхарсан, мэдээллийн нууцлалыг алдагдуулсан, шүгэл үлээгчид аюул, заналхийлэл учруулсан болон хууль тогтоомжид харшилсан бусад үйлдэл, эс үйлдэхүй илэрсэн тохиолдолд энэ талаар дээд шатны байгууллагад нь, шаардлагатай бол хуульд заасан журмын дагуу олон нийтэд мэдээлэх;

9.2.12.энэ хуулийн 18.1-д заасан шүгэл үлээгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүйн талаар хяналт, шалгалт явуулах, зөрчлийг таслан зогсоох, арилгуулах талаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах;

9.2.13.шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар жил бүр нэгдсэн тайлан гаргаж, нийтэд мэдээлэх;

9.2.14.энэ хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан мэдээлэх сувгийг хариуцсан ажилтан, албан тушаалтанд заавар, зөвлөгөө өгөх;

9.2.15.хуульд заасан бусад.

9.3. Шүгэл үлээгчийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд мэдээллийг шилжүүлэхдээ шүгэл үлээгчийг тодорхойлох боломжтой мэдээллийг нууцална.

10 дугаар зүйл.Шүгэл үлээгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар шалгалт хийх

Хэвлэх

10.1. Шүгэл үлээгчийг дэмжих нэгж нь шүгэл үлээгчийн гаргасан мэдээлэлтэй холбогдуулан түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар шүгэл үлээгчийн гомдлыг үндэслэн шалгалт явуулж болно.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан шалгалт нь дараах асуудлыг тогтоох зорилготой байна:

10.2.1.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь шүгэл үлээгчээс мэдээлэл гаргасантай холбоотой эсэх;

10.2.2.өс хонзон авах шинжтэй эсэх;

10.2.3.шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэх;

10.2.4.шүгэл үлээгчийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн эсэх;

10.2.5.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан мэдээлэх суваг бий болгосон эсэх;

10.2.6.шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийн дагуу зохих арга хэмжээг авсан эсэх, шүгэл үлээгч болон мэдээллийн нууцлалыг хангах шаардлагатай арга хэмжээг авсан эсэх;

10.2.7.хуульд заасан бусад.

10.3.Шалгалтыг хийх талаар Шүгэл үлээгчийг дэмжих нэгж дараах эрх эдэлнэ:

10.3.1.ажил олгогч, холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл, баримт бичиг шаардах;

10.3.2.ажил олгогч, холбогдох байгууллагад очиж нөхцөл байдалтай танилцах;

10.3.3.ажил олгогч, холбогдох байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн шийдвэр, захиргааны акттай танилцах;

10.3.4.холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах;

10.3.5.шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, шинжээчээр дүгнэлт гаргуулах.

10.4.Шалгалтыг гомдол хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд явуулна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно.

10.5. Шалгалтын явцад шүгэл үлээгчид ноцтой эрсдэл үүссэн гэж үзвэл шүгэл үлээгчийг дэмжих нэгж холбогдох байгууллага, албан тушаалтанд хуульд заасан журмын дагуу зөрчил, эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээ авах тухай шаардлага хүргүүлж болно.

10.6.Ажил олгогч, холбогдох байгууллага энэ хуулийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

10.7.Шалгалтын хүрээнд Шүгэл үлээгчийг дэмжих нэгж зөрчлийг таслан зогсоох, шүгэл үлээгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар зөвлөмж, дүгнэлт гаргана.

10.8.Ажил олгогч, холбогдох байгууллага зөвлөмж, дүгнэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор бичгээр хариу ирүүлэх үүрэгтэй. Хэрэв биелүүлэхээс татгалзсан бол шүгэл үлээгчийг дэмжих нэгж, эсхүл шүгэл үлээгч дээд шатны байгууллагад хандах, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

10.9.Шүгэл үлээгчийг дэмжих нэгжийн шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар эрх бүхий байгууллагад санал гаргах үндэслэл болно.

11 дүгээр зүйл.Мэдээллийг шалгах

Хэвлэх

11.1.Эрх бүхий байгууллага нь мэдээллийг хүлээн авсан тухайгаа Шүгэл үлээгчийг дэмжих нэгжид мэдэгдэж, шалгалтын явц, шийдвэрлэлтийн талаар холбогдох мэдээллийг шүгэл үлээгчид, эсхүл шүгэл үлээгчийг дэмжих нэгжид 14 хоногийн дотор хүргүүлнэ.

11.2. Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг шалгахтай холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжид заасан журмаар зохицуулна. Шүгэл үлээгчийг дэмжих нэгж нь шалгалтын агуулга, явц, эцсийн шийдвэрт нөлөөлөх, шалгалтын ажиллагааг хэрхэн явуулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд заавар, чиглэл өгөх зэргээр шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлөхийг хориглоно.

11.3.Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, 8 дугаар зүйлд заасан тохиолдолд эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн хувийн мэдээлэл, түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг задруулах, таних боломж бүрдүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

11.4. Шалгалт явуулахад зайлшгүй шаардлагатай бөгөөд өөр аргаар нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлыг нотлох боломжгүй тохиолдолд энэ хуулийн 6.6-д заасан шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг ил болгох асуудлыг шүгэл үлээгчийг дэмжих нэгжид хүргүүлж шийдвэрлүүлнэ. Энэ тохиолдолд шүгэл үлээгчид урьдчилан мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авна.

11.5.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь шүгэл үлээгчийн хэн болохыг тогтоох зорилгоор түүнийг дуудан илрүүлэх, тайлбар авах, дарамт шахалт үзүүлэх, мэдээллээ татан авахыг шаардахыг хориглоно.

12 дугаар зүйл.Олон нийтэд хандах

Хэвлэх

12.1.Шүгэл үлээгч дараах тохиолдолд өөрийн гаргасан мэдээлэлтэй холбогдох асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд мэдээлж болно.

12.1.1.шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг шалгаж, хуульд заасан хугацаанд хариу мэдэгдээгүй;

12.1.2.нотлох баримт устах, гэмт хэрэг, зөрчил үргэлжлэх, түүнийг нуун дарагдуулах бодит эрсдэл үүссэн;

12.1.3.гаргасан мэдээлэлд дурдсан гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрөө уг хэрэгт холбогдсон гэх үндэслэлтэй;

12.1.4.шүгэл үлээгчийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол, хор уршиг учирч болзошгүй;

12.1.5.мэдээллийг нэн даруй олон нийтэд хүргэх нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатай бусад үндэслэл.

12.2.Шүгэл үлээгчийг олон нийтэд мэдээлэл гаргасан нь энэ хуульд заасан хамгаалалт, дэмжлэг, баталгаанд хамрагдахад саад болохгүй.

12.3.Шүгэл үлээгчийн гаргасан мэдээллийг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнаас уг мэдээлэлтэй нь холбогдуулан гэрчээр мэдүүлэг авах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардах, шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг гаргуулан авахыг хориглоно.

12.4.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн дагуу олон нийтэд мэдээлэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

МЭДЭЭЛЭХ СУВАГ

13 дугаар зүйл.Дотоод мэдээлэх суваг

Хэвлэх

13.1.Тавь ба түүнээс дээш ажилтантай төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, түүнчлэн хувийн хэвшлийн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад /цаашид "байгууллага" гэх/ нь шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах дотоод сувгийг байгуулж, тогтмол ажиллагааг хангана.

13.2.Дотоод мэдээлэх суваг нь дараах шаардлагыг хангасан байна:

13.2.1.шүгэл үлээгчийн нэр, хувийн мэдээллийг нууцлах, шүгэл үлээгч нэргүй мэдээлэл, нууцалсан мэдээлэл гаргах боломж, нөхцөлийг хангасан техникийн болон зохион байгуулалтын бүтэцтэй байх;

13.2.2.бичгээр, амаар, цахим хэлбэрээр мэдээлэл гаргах боломжтой байх;

13.2.3.мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хадгалах журамтай байх;

13.2.4.мэдээллийг хүлээн авах, урьдчилан шалгах асуудлыг хариуцсан ажилтан, эсхүл нэгжтэй байх.

13.3.Шүгэл үлээгч дотоод мэдээлэх суваг ашиглан мэдээлэл гаргасан тохиолдолд байгууллага дараах үүрэгтэй:

13.3.1.шүгэл үлээгчийг аливаа дарамт шахалт, хүчирхийллээс хамгаалах;

13.3.2.мэдээллийг нууцлах;

13.3.3.ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх;

13.3.4.шаардлагатай бол ажлын байр, ажлын нөхцөлийг түр өөрчлөх зэрэг хамгаалалтын арга хэмжээ авах;

13.4.Шүгэл үлээгч дотоод мэдээлэх суваг ашиглан мэдээлэл гаргасан тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих арга хэмжээг хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналтын журамд тусган хэрэгжүүлнэ.

13.5.Дотоод мэдээлэх сувгийг хариуцсан ажилтан, нэгж нь тухайн мэдээлэлд холбогдох албан тушаалтнаас хараат бус байна.

13.6.Дотоод мэдээлэх сувгаар ирсэн мэдээллийг тухайн байгууллагын удирдлага, ажилтанд шүгэл үлээгчийг таних боломжтой хэлбэрээр дамжуулахыг хориглоно.

13.7.Шүгэл үлээгч нь дотоод мэдээлэх сувгийг ашиглах эсэхийг өөрөө сонгоно. Шүгэл үлээгчийг дотоод мэдээлэх сувгийг ашиглаагүй үндэслэлээр Шүгэл үлээгчийг дэмжих нэгж, эрх бүхий бусад байгууллага мэдээллийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.

13.8.Энэ хуулийн 13.1-д зааснаас бусад хуулийн этгээд, байгууллага нь шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах дотоод сувгийг байгуулж болно. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд дотоод мэдээлэх сувгийг заавал байгуулж, ажиллуулна.

13.9.Энэ хуулийн 13.2.4-т заасан ажилтан, эсхүл нэгж шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авч долоо хоногийн дотор мэдээлэл хүлээн авсан тухай мэдэгдэх бөгөөд 30 хоногийн дотор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдэгдэнэ.

13.10.Дотоод мэдээлэх сувгаар ирүүлсэн мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй бол энэ хуулийн 13.2.4-т заасан ажилтан, эсхүл нэгж уг мэдээллийг эрх бүхий байгууллагад нэн даруй шилжүүлж, шалгуулах үүрэгтэй.

13.11.Шүгэл үлээгч хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхдээ шүгэл үлээгчийг таних боломжтой мэдээллийг нууцална.

13.12.Байгууллага, дотоод мэдээлэх суваг болон мэдээлэл гаргах журмын талаарх мэдээллийг нийтэд ил байлгана.

14 дүгээр зүйл.Төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээлэл гаргах

Хэвлэх

14.1.Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэх явцад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн бол энэ хуулийн 14.3-т заасан тусгай сувгаар мэдээлэл гаргаж болно.

14.2.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллээр шүгэл үлээхэд тагнуулын төв байгууллагад мэдээллийг гаргана.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцтай холбоотой мэдээллийг хүлээн авах, урьдчилан шалгах тусгай хамгаалалттай сувагтай байна.

14.4.Энэ зүйлд заасны дагуу мэдээлэл гаргасан этгээдийг төрийн болон албаны нууц задруулсан гэж үзэхгүй.

14.5.Энэ зүйлд заасан тусгай хамгаалалтай сувгаар шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах, урьдчилан шалгах ажиллагаанд энэ хуулийн 13.9, 13.10-т заасан зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.

14.6.Шүгэл үлээгчийн зөвшөөрөлгүйгээр түүний талаарх мэдээллийг мөрдөн шалгах байгууллагаас бусад этгээдэд задруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

15 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээ авах

Хэвлэх

15.1.Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн тохиолдолд тэдгээрийг хамгаалах арга хэмжээ авна.

15.2.Шүгэл үлээгчийг дэмжих нэгж нь шүгэл үлээгчийн хүсэлтэд үндэслэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ авах тухай саналыг эрх бүхий байгууллага, нэгжид нэн даруй хүргүүлнэ.

15.3. Хамгаалалтын арга хэмжээ авах эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 15.2-т заасан саналыг хүлээн авмагц Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

15.4. Шүгэл үлээгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогчоор оролцож байгаа бөгөөд түүнийг хамгаалалтад авах шаардлагатай бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтад авна.

15.5. Шүгэл үлээгч нь түүний мэдээллийн дагуу эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн эсэх, эсхүл уг ажиллагаанд оролцож байгаа эсэхээс үл хамааран хамгаалалтын арга хэмжээнд хамрагдах эрхтэй.

16 дугаар зүйл.Хамгаалалтын арга хэмжээ авахаас татгалзах

Хэвлэх

16.1. Шүгэл үлээгчийг дэмжих нэгж дараах тохиолдолд хамгаалалтын арга хэмжээ авах тухай саналыг эрх бүхий байгууллагад гаргахаас татгалзаж болно:

16.1.1.хамгаалалтын арга хэмжээ авах хүсэлтийг шүгэл үлээгч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гаргаагүй;

16.1.2. шүгэл үлээгч өөрөө хамгаалалтаас татгалзах тухай бичгээр хүсэлт гаргасан;

16.2.Хамгаалалтын арга хэмжээ авах тухай санал гаргахаас татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, шүгэл үлээгчид даруй мэдэгдэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ШҮГЭЛ ҮЛЭЭХ БАТАЛГАА

17 дугаар зүйл.Шүгэл үлээх эрхээ хэрэгжүүлэх

Хэвлэх

17.1.Шүгэл үлээсэнтэй нь холбогдуулан шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн эсрэг өс хонзон авах, ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх, түүнчлэн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулахыг хориглоно.

17.2.Шүгэл үлээгчид шүгэл үлээсэн, шүгэл үлээхээр оролдсон мөчөөс хамгаалуулах тухай хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран энэ хуулийн 17.1-д заасан хамгаалалт үүснэ.

17.3.Шүгэл үлээгч нь хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах хүсэлт гаргаж болно.

17.4.Шүгэл үлээгч хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авсан, холбогдсон, мэдээлэл өгсөнтэй холбоотой баримт, түүнчлэн түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно.

17.5. Шүгэл үлээгч нь мэдээлэл өгсний төлөө хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн мэдээлэл нотлогдоогүй нь түүнийг хамгаалалтад хамруулахаас татгалзах үндэслэл болохгүй.

18 дугаар зүйл.Шүгэл үлээгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг хориглох

Хэвлэх

18.1.Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдэд шүгэл үлээсэнтэй нь холбогдуулан тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах, эсхүл хохирол учруулж болзошгүй дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:

18.1.1.заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, сэтгэл зүйн дарамтад оруулах, нэр төр, алдар хүндэд нь халдах, гутаах;

18.1.2.албан тушаалыг нь бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халах, чөлөөлөх, ажлаас чөлөөлөгдөхийг шаардах;

18.1.3.ажлын үүрэг, ажлын байрыг өөрчлөх, ажил гүйцэтгэх боломжийг хязгаарлах, цалин, урамшуулал, зэрэг дэв, цол, түүний нэмэгдэл, үнэлгээ, ажлын цагийг зориудаар бууруулах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах, хөдөлмөрийн нөхцөлийг нь зориудаар дордуулах;

18.1.4.мэргэшил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамрагдах, хөгжих боломжоос хасах;

18.1.5.албан тушаалын байр суурь, бизнесийн харилцаа, мэргэжлийн нэр хүнд, давуу байдал, нийгмийн баталгаа, хангамж, ашиг сонирхлыг алдагдуулах;

18.1.6.өөрийнх нь зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх;

18.1.7.цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын үр дүнг үнэлэх болон шагнал, урамшуулал олгоход ялгаварлан гадуурхах;

18.1.8.хууль бусаар аудит, хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын үр дүнг задруулах, зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;

18.1.9.бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцлах, бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх захиргааны болон эдийн засгийн бусад арга хэмжээ авах;

18.1.10.бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх болон хөлсөөр ажиллах гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, үндэслэлгүйгээр сунгахаас татгалзах;

18.1.11.шүгэл үлээгчийн ажлын байр, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хохирол учруулсан, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл, эс үйлдэхүй.

18.2.Шүгэл үлээгч энэ хуулийн 18.1-д заасан нөхцөл үүссэн гэж үзвэл Шүгэл үлээгчийг дэмжих нэгжид гомдол гаргаж болно.

18.3. Энэ хуулийн 18.1-д заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлсэн байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэлийг нотлох үүрэгтэй. Шийдвэрийн үндэслэлээ нотлоогүй тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдлийг нэн даруй зогсоон, учруулсан хохирлыг нөхөн төлж, энэ тухай мэдээллийг Шүгэл үлээгчийг дэмжих нэгж болон холбогдох бусад эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

18.4. Шүгэл үлээгч шүгэл үлээснээс хойш хоёр жилийн хугацаанд түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг шүгэл үлээсэнтэй нь холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь шүгэл үлээсэнтэй холбоогүй болохыг шийдвэр гаргасан этгээд өөрөө нотлох үүрэгтэй.

18.5.Өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байсан этгээдийг шүгэл үлээсэнтэй нь холбогдуулан ажилд авах, гэрээ байгуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл авах боломжийг хязгаарлах, мэргэжлийн тодорхойлолт, санал, мэдээлэл өгөхөөс үндэслэлгүй татгалзах, хар жагсаалтад оруулах, эсхүл бусад байдлаар нэр хүнд, ажил мэргэжлийн боломжид нь сөргөөр нөлөөлөхийг хориглоно.

18.6.Шүгэл үлээгчтэй байгуулсан нууцын гэрээ, эсхүл бусад гэрээний заалт нь энэ хуульд заасан шүгэл үлээх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

19 дүгээр зүйл.Шүгэл үлээгчид хариуцлага хүлээлгэхгүй байх

Хэвлэх

19.1. Шүгэл үлээгч нь мэдээлэл гаргах үедээ тухайн мэдээлэл нь нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдалд хамаарах бөгөөд үнэн зөв гэж итгэх хангалттай үндэслэлтэй байсан бол уг мэдээлэлтэй нь холбогдуулан түүнд иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

19.2. Төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн тохиолдолд түүнд хууль тогтоомжоор тогтоосон холбогдох хязгаарлалт хамаарахгүй.

19.3. Энэ хуулийн 19.1-д зааснаас бусад этгээдээс гаргасан нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээлэл нь байгууллагын, албаны, арилжааны, мэргэжлийн болон хувь хүний нууцын мэдээллийг агуулсан нь тухайн этгээдийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, нууцын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

19.4.Шүгэл үлээгчийн гаргасан мэдээлэл нь нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдалд хамаарахгүй болох нь тогтоогдсон нь шүгэл үлээгчийг мэдээлэл гаргасантай нь холбогдуулан Эрүүгийн хууль[6], Зөрчлийн тухай хууль[7] болон бусад хуульд заасан хариуцлагад татах үндэслэл болохгүй.

19.5.Мэдээллийг хууль бусаар олж авсан, эсхүл санаатайгаар худал мэдээлэл тараасан нь тогтоогдсон тохиолдолд энэ зүйл хамаарахгүй.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД НӨХӨН ТӨЛБӨР, УРАМШУУЛАЛ ОЛГОХ

20 дугаар зүйл.Шүгэл үлээгчид нөхөн төлбөр олгох

Хэвлэх

20.1.Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд нь шүгэл үлээсэнтэй нь холбогдуулан тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.

20.2.Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол, хор уршиг учруулсан этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлнө.

20.3.Дараах хохирлыг нөхөн төлбөрт хамааруулна:

20.3.1.алдсан цалин хөлс, орлого, урамшуулал;

20.3.2.ажлаас халагдсан, албан тушаал буурсан, гэрээ цуцлагдсанаас үүссэн орлогын алдагдал;

20.3.3.хууль зүйн туслалцаа, хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой зардал;

20.3.4.нэр төр, алдар хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд учирсан хохирол;

20.3.5.сэтгэл санааны хохирол.

20.4.Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн[8] 10 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр авах эрхтэй.

21 дүгээр зүйл.Шүгэл үлээгчид олгох урамшуулал

Хэвлэх

21.1.Шүгэл үлээгчийн мэдээллийг үндэслэн дараах үр дүн гарсан тохиолдолд шүгэл үлээгч мөнгөн урамшуулал авах эрхтэй:

21.1.1.Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн олсон эд хөрөнгө, орлогыг хураасан;

21.1.2.гэмт хэрэг, зөрчилд торгох ял, шийтгэл оногдуулсан, алданги, нөхөн төлбөр гаргуулсан;

21.1.3.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийн хөрөнгө, орлогыг хураасан;

21.1.4.нийтийн ашиг сонирхолд хохирол учрахаас урьдчилсан сэргийлсэн.

21.2.Энэ хуулийн 21.1.4-т заасан урьдчилан сэргийлсэн хохирлын хэмжээг санхүү, эдийн засгийн шинжилгээний дүгнэлт, аудитын шалгалт, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт зэрэгт үндэслэн тогтооно.

21.3.Мөнгөн урамшууллыг шүгэл үлээгчийн мэдээлэл нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хяналт шалгалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан болох нь тогтоогдсон тохиолдолд олгоно.

21.4.Мөнгөн урамшууллыг энэ хуулийн 21.1-д заасны дагуу хураасан эд хөрөнгө, орлого, ногдуулсан торгох ял, шийтгэл, гаргуулсан алданги, нөхөн төлбөр, урьдчилан сэргийлсэн хохирлын дүнгийн дараах хувь, хэмжээгээр тооцон олгоно:

21.4.1.тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;

21.4.2.тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 7.5 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;

21.4.3.хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 31.5 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;

21.4.4.нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 106.5 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;

21.4.5.хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 166.5 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.

21.5.Мөнгөн урамшууллын хэмжээ нь 1 сая төгрөгөөс 5 тэрбум төгрөг хүртэл байна.

21.6.Нэг асуудлаар хэд хэдэн шүгэл үлээгч мэдээлэл гаргасан бол тэдгээрийн оруулсан хувь нэмрийг харгалзан мөнгөн урамшууллыг хуваарилна.

21.7.Илт худал мэдээлэл гаргасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд хамтран оролцсон нь тогтоогдсон бол мөнгөн урамшуулал олгохгүй.

21.8.Шүгэл үлээгч энэ хуульд заасны дагуу ирүүлсэн мэдээлэлтэй холбоотойгоор бусад хууль тогтоомжийн дагуу мөнгөн урамшуулал авсан бол уг дүнг энэ хуульд заасан мөнгөн урамшууллын хэмжээнээс хасаж тооцно.

22 дугаар зүйл.Мөнгөн урамшууллыг олгох

Хэвлэх

22.1.Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй нөхцөл байдлыг шалгаж, шийдвэрлэсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, Шүгэл үлээгчийг дэмжих нэгж энэ хуулийн 21.1-д заасан шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүгэл үлээгчид мэдэгдэнэ.

22.2.Шүгэл үлээгч мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор урамшуулал авах хүсэлтээ Шүгэл үлээгчийг дэмжих нэгжид гаргана.

22.3.Шүгэл үлээгчийг дэмжих нэгж хүсэлтийг хянаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

22.3.1.мөнгөн урамшууллыг бүрэн эсхүл хэсэгчлэн олгох;

22.3.2.мөнгөн урамшуулал олгохоос татгалзах.

22.4.Шүгэл үлээгчийг дэмжих нэгж нь мөнгөн урамшууллыг хүсэлт гаргагчид хэсэгчлэн олгох тухай шийдвэр гаргасан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг дараагийн жилд бүрэн барагдуулах талаар танилцуулгад тусгана.

22.5.Энэ хуулийн 22.3.1-д заасан шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны даргад танилцуулна.

22.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албаны дарга саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана.

22.7.Мөнгөн урамшууллын зөвлөл энэ хуулийн 21.4-т заасан аргачлалд нийцүүлэн мөнгөн урамшууллын хэмжээг тогтоох бөгөөд дараах нөхцөлийг харгалзан үзнэ:

22.7.1.мэдээллийн ач холбогдол;

22.7.2.шалгалт, мөрдөн ажиллагаанд үзүүлсэн дэмжлэг;

22.7.3.мэдээлэлгүйгээр зөрчил илрэх боломж байсан эсэх;

22.7.4.шүгэл үлээгчид учирсан эрсдэл.

22.8.Энэ хуульд заасны дагуу шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгоогүй тохиолдолд шүгэл үлээгч энэ талаар эрх бүхий байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

23 дугаар зүйл.Санхүүжилт

Хэвлэх

23.1.Шүгэл үлээгчид олгох мөнгөн урамшууллыг шүгэл үлээгчийн мэдээллийг үндэслэн хураан авсан, нөхөн төлүүлсэн, эсхүл торгууль, алданги, төлбөр хэлбэрээр улсын орлого болгосон хөрөнгөөс санхүүжүүлнэ.

23.2.Шүгэл үлээгчид олгох урамшуулал, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Шүгэл үлээгчийг дэмжих сангаас олгоно.

23.3.Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг /Эдийн засгийн гэмт хэрэг/, Хорьдугаар бүлэг /Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг/, Хорин хоёрдугаар бүлэг /Авлигын гэмт хэрэг/, Хорин дөрөвдүгээр бүлэг /Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг/-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болон эдгээр гэмт хэрэгт шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж, төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ хуульд заасны дагуу шүгэл үлээгчийг дэмжих үйл ажиллагаанд зориулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 214 дүгээр зүйлд заасан Шүгэл үлээгчийг дэмжих санд тухай бүр төвлөрүүлж, санхүүжүүлнэ.

23.4.Тухайн жилийн төсвөөс мөнгөн урамшууллыг олгох боломжгүй тохиолдолд дараагийн жилийн төсөвт тусгайлан тусгаж, санхүүжүүлнэ.

23.5.Шүгэл үлээгчид учруулсан аюул заналхийлэл, өс хонзонгийн үйлдэл тогтоогдсон бол хамгаалалтын арга хэмжээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэ хэсэгт заасан зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Шүгэл үлээгчийг дэмжих нэгж гаргана.

24 дүгээр зүйл.Хориглох зүйл

Хэвлэх

24.1.Шүгэл үлээгчид мэдээллээсээ татгалзах, мэдээллээ буцаан авах, өөрчлөх, эсхүл тодруулахгүй байхыг шаардах, ятгах, дарамтлах, аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

24.2.Шүгэл үлээгч өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдэд ашиг хонжоо, давуу байдал олж авах зорилгоор шүгэл үлээж, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараахыг хориглоно.

25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

25.1. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

26.1.Энэ хуулийг 2026 оны .. дугаар сарын … өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

Санал өгөх