Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
202... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүүхэд, эх, эцэгт мөнгөн дэмжлэг олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж
2.1.Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн 3 дугаар бүлгийн үйлчлэлд хуульд заасан шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.8-д заасан хүн хамаарна.
3.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн үйлчлэлд Монгол Улсын иргэн хамаарна.
3.3.Энэ хуулийн шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа гадаадын иргэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.8-д заасан хүн, тэдгээрийн гэр бүл энэ хуулийн 3.1, 3.2-т зааснаас бусад бүлгийн үйлчлэлд хамаарна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."гэр бүл" гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
4.1.2."гэр бүлд ээлтэй орчин" гэж хүүхэд, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, хэрэгцээг нэн тэргүүнд тавьсан нийгмийн эрүүл, тав тухтай, гэр бүлд ээлтэй ажлын байр, олон нийтийн газар, тэдгээрийн хүртээмжтэй байдлыг;
4.1.3."ажил, амьдралын тэнцвэрийг хангах" гэж ажилтан хувийн амьдрал, гэр бүл, ажил хөдөлмөртөө зохистой цагийг зарцуулж, бүтээлч байх, ажил, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл, орчныг бүрдүүлэх, ажилтанд тусламж дэмжлэг үзүүлэх зэргээр хоёр талаас тэнцвэрт байдлаа хангах зохицуулалт хийхийг;
4.1.4."гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа" гэж гэр бүлийн үнэт зүйл, сайн сайхан байдал, тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, ёс суртахууныг бэхжүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн орон сууц, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн олон талт хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээг;
4.1.5."залуу гэр бүл" гэж гэрлэгчдийн аль нэг нь анх удаа гэрлэлтээ иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн 35 хүртэл насны байхыг;
4.1.6."асран хамгаалагч, харгалзан дэмжигч" гэж Гэр бүлийн тухай хуулийн 67.1.1-д заасан хүнийг;
4.1.7."хүүхэд үрчлэн авах" гэж Гэр бүлийн тухай хуулийн 55, 57, 58 дугаар зүйлд заасны дагуу үрчлэн авсан эцэг, эх болон үрчлүүлсэн хүүхдийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн адил эрх, үүрэг, хариуцлага үүсгэхээр иргэний улсын бүртгэлд бүртгүүлснийг;
4.1.8."хүүхдээ асарч байгаа" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй, эсхүл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, эцэг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;
4.1.9."гэр бүлийн үйлчилгээний цахим мэдээллийн сан" гэж гэр бүлд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох, иргэний бие даан хөгжих, суралцах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий цахим платформыг;
5 дугаар зүйл. Гэр бүлийн хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим
5.1.Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах;
5.1.2.жендэрийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.3.үндэсний өв соёл, уламжлал, ёс заншил, гэр бүлийн үнэт зүйлийг хүндэтгэх;
5.1.4.иргэний үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
5.1.5.хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг хадгалах;
5.1.6.гэр бүл, олон нийтийн оролцоог дэмжих;
5.1.7.орон нутаг, хувийн хэвшлийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэх;
5.1.8.үйлчилгээг үл тулгах, сонголттой байх, сайн дурын үндсэн дээр хамруулах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
6 дугаар зүйл. Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа
6.1.Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
6.1.1.орон сууцны дэмжлэг үзүүлэх;
6.1.2.ажил, амьдралын тэнцвэрийг хангах;
6.1.3.гэр бүлийн боловсролыг дэмжих;
6.1.4.эрүүл мэндийг дэмжих;
6.1.5.нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;
6.1.6.гэр бүлийн өдрийг тэмдэглэх;
6.1.7.хууль тогтоомжид заасан бусад.
7 дугаар зүйл. Орон сууцны дэмжлэг үзүүлэх
7.1.Гэр бүл орон сууцтай болоход нь дараах дэмжлэгийг үзүүлнэ:
7.1.1.Анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авах гэж байгаа эсвэл түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн хүүхэдтэй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжид хамруулах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлнэ.
7.1.2.Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа гэр бүлд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалт гаргах;
7.2.Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан болон эзэмших эрхтэй газар дээрээ эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад дэмжлэг үзүүлэх асуудлыг тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Орон нутгийн нэгжийн удирдлага хэрэгжүүлнэ.
7.3.Бүх шатны засаг дарга нь гэр бүлийн эрүүл амьдрах орчныг сайжруулах, иргэдийн цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг жил бүр төлөвлөн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.
8 дугаар зүйл. Ажил, амьдралын тэнцвэрийг хангах
8.1.Ажил олгогч нь хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан ажилтны хөдөлмөр эрхлэлтэд уян хатан нөхцөл хэрэглэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг ажилтны төлөөлөлтэй зөвшилцөн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлж болно:
8.1.1.сургуулийн өмнөх болон бага боловсролд хамрагдаж байгаа хүүхэдтэй өрхийн эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэгд хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэг, сургуульд хүүхдээ хүргэж өгөх, авахад нь зориулж, ажилтны цалин хөлсийг нь бууруулахгүйгээр ажлын цагийг 2 хүртэлх цагаар богиносгох;
8.1.2.гэр бүлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтныг жилд нэг удаа 3 хүртэлх сарын хугацаанд долоо хоногийн 1 өдөр гэрээсээ, зайнаас ажиллуулах;
8.1.3.ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхэдтэй ажилтан хичээлийн жилийн өвлийн амралтын хугацаанд ээлжийн амралтаа эдлэхийг хүсвэл ээлжийн нэмэгдэл амралтын хугацааг ажлын 2 өдрөөр нэмэгдүүлж олгох;
8.1.4.ажилтны тоо, хүсэлтийг үндэслэн байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхдийн өрөө бий болгох;
8.2.Ажил олгогч нь ажилтны эрүүл мэндийг дэмжих, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.
9 дүгээр зүйл. Гэр бүлийн боловсролыг дэмжих
9.1.Иргэн, гэр бүл, олон нийт рүү чиглэсэн гэр бүлийн боловсролыг дэмжих дараах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
9.1.1.гэрлэлт, гэрлэгчдийн үүрэг, хариуцлага;
9.1.2.гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд;
9.1.3.гэр бүлийн үнэт зүйл, угийн бичиг хөтлөлт;
9.1.4.гэр бүлийн харилцаа, ёс зүй;
9.1.5.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгаалал;
9.1.6.гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;
9.1.7.гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд;
9.1.8.гэр бүлийн төсөв, санхүү.
9.2.Гэр бүлийн боловсролыг дэмжих сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг аймаг, нийслэл, дүүргийн боловсролын, соёлын болон гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага зохион байгуулна.
10 дугаар зүйл. Эрүүл мэндийг дэмжих
10.1.Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
10.1.1.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13.2.2-д заасны дагуу гэр бүлд эрүүл зан үйл, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох чиглэлээр үйлчилгээ үзүүлэх;
10.1.2.Өсвөр үе, оюутан, суралцагчдын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв дадал, зан үйлийг хэвшүүлэх, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;
10.1.3. Бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлд эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
10.1.4. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүнд бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд байгаа сэтгэлзүйчдээр дамжуулан гэр бүлийн сэтгэлзүйн тусламж, үйлчилгээг тусгайлан үзүүлэх;
10.1.5.Архидан согтуурах, тамхидалт, мансуурах донтой болон дэлгэцийн хамааралтай хүүхэд, гэр бүлийн гишүүдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах төвүүдэд үзүүлэх;
10.1.6.Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэн тэргүүнд хүргэх;
10.1.7.Үргүйдэлтэй гэр бүлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулж, нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх.
10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.6, 10.1.7-д заасан үйл ажиллагааг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн байгууллага тус тус хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйл. Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх
11.1.Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлнэ:
11.1.1.гэрлэгчдийн харилцааг сайжруулах, гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;
11.1.2.эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд хүмүүжлийн эерэг аргын ур чадвар олгох сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгөх;
11.1.3.эх, эцгээсээ тусдаа амьдарч байгаа хүүхдэд нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх;
11.1.4.гэр бүлд нийгмийн ажлын үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх;
11.1.5.гэр бүлийн гишүүдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага зохион байгуулна.
12 дугаар зүйл. Гэр бүлийн өдрийг тэмдэглэх
12.1.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр, 4.1.3-т заасан Цагаан сарын баярын өдөр долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна.
12.2.Эрүүл, тогтвортой гэр бүлийг төлөвшүүлэхэд хувь хүн, гэр бүл, нийгэм нийтээрээ идэвхтэй оролцох, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.5-д заасан "Гэр бүлийн өдөр" тохиосон долоо хоногийг нийтээр тэмдэглэнэ.
12.3.Энэ хуулийн 12.2-т заасан өдрийн хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны боловсролын, соёлын болон гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
12.3.1.гэр бүлийн үнэ цэн, сайн сайхан байдал, соёл, өв уламжлалын талаар олон нийтийг соён гэгээрүүлэх;
12.3.2.угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх;
12.3.3. 25 ба түүнээс дээш жил хамт амьдарч, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн гэр бүл болон гэр бүлд ээлтэй үйл ажиллагаа явуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, алдаршуулах;
12.3.4.аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр гэр бүлд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ, тарифт хөнгөлөлт, тусламж үзүүлэхийг дэмжих;
12.3.5.орон нутгийн онцлогт тохирсон бусад арга хэмжээ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД, ЭХ, ЭЦЭГТ ОЛГОХ МӨНГӨН ДЭМЖЛЭГ
13 дугаар зүйл.Хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэг
13.1.Хүүхэд, эх, эцэгт олгох мөнгөн дэмжлэг /цаашид "мөнгөн дэмжлэг" гэх/ дараах төрөлтэй байна:
13.1.1.хүүхдийн мөнгөн дэмжлэг;
13.1.2.жирэмсэн эхийн мөнгөн дэмжлэг;
13.1.3.хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг;
13.1.4.ихэр хүүхдийн мөнгөн дэмжлэг;
13.1.5.олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох мөнгөн дэмжлэг.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан мөнгөн дэмжлэгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
13.3.Энэ хуулийн 13.1-д заасан мөнгөн дэмжлэгийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
13.4.Засгийн газар мөнгөн дэмжлэгийн хэмжээг өөрчлөн тогтоохдоо хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтийн түвшинг харгалзан үзнэ.
13.5.Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөнгөн дэмжлэгийн үр нөлөөнд дөрвөн жил тутамд үнэлгээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулах бөгөөд Засгийн газар шаардлагатай гэж үзвэл мөнгөн дэмжлэгийг зогсоох, нэгтгэх, өөрчлөх эсэх асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлнэ.
14 дүгээр зүйл.Хүүхдийн мөнгөн дэмжлэг
14.1.Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг хүүхдэд төрснөөс хойш 18 нас хүртэлх хугацаанд сар бүр олгоно.
14.2.Хүүхдийн мөнгөн дэмжлэгт хамрагдах хүсэлтийг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно.
14.3.Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг тухайн хүүхдийн нэр дээр нээлгэсэн арилжааны банкны дансаар дамжуулан олгох бөгөөд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд банкандданснээлгэнэ.
14.4.Хүүхдийн мөнгөн дэмжлэгт хамрагдах эрх үүссэн боловч иргэнээс үл хамаарах шалтгаанаар тухайн төсвийн жилд дансанд нь ороогүй тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өглөг үүсгэж, дараагийн төсвийн жилд багтаан нөхөн олгоно.
14.5.Асрамжийнгазарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхдэд тухайнасрамжийнгазар нь хадгаламжийн данс нээлгэж, хүүхдийн мөнгөн дэмжлэгийг банканд бүрэн хадгалуулна.
14.6.Асрамжийнгазарт амьдарч байгаа 14ба түүнээс дээш насныхүүхдийн мөнгөн дэмжлэгийн 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий банкны харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.
14.7.Энэ хуулийн 14.5, 14.6-д заасан хадгаламжийг харилцагч банктай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн банк хариуцан хадгална.
14.8. Асрамжийн газар байрлах аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь хадгаламжийн бүртгэл, зарцуулалтад хяналт тавиж, хүүхдийг 16 нас хүрсний дараа тухайн банкны салбарт холбогдох бичиг баримтын хамт очиж өөрт нь хүлээлгэж өгнө.
14.9.Цагдан хоригдож байгаа, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдийн нэр дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа газар, хэлтэс банкинд хадгаламжийн данс нээлгэж, хүүхдийн хадгаламжийн дэвтрийг тухайн хорих анги байрлах аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.
14.10.Хүүхэд нас барсан тохиолдолд хадгаламжийн дэвтрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өв залгамжлагчид, хууль ёсны өв залгамжлагч байхгүй тохиолдолд Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгнө.
14.11.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө Хүүхдийн төлөө санд хүүхдийн мөнгөн дэмжлэгээ шилжүүлэх хүсэлт гаргаж болно.
14.12.Энэ хуулийн 14.11-д заасан мөнгөн дэмжлэгээ шилжүүлэх хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтанд эсхүл цахим системээр дамжуулан гаргана.
14.13.Энэ хуулийн 14.11-д заасан шилжүүлэх хүсэлтээс татгалзаж хүүхдийн мөнгөн дэмжлэгээ дахин авахыг хүсвэл уг хүсэлтээ энэ хуулийн 14.2-т заасны дагуу гаргана.
15 дугаар зүйл.Жирэмсэн эхийн мөнгөн дэмжлэг
15.1.Ниймийн даатгалын сангаас жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхгүй эх жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэл буюу 5 хүртэлх сарын хугацаанд сар бүр мөнгөн дэмжлэг авах эрхтэй.
15.2.Эрүүл мэндийн байгууллага нь жирэмсэн эхийн эмнэлгийн хяналтад орсон тухай мэдээллийг төрийн мэдээлэл солилцооныцахим системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
15.3.Хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг авч байх хугацаандаа эхэд жирэмсэн эхийн мөнгөн дэмжлэг авах эрх үүсвэл уг мөнгөн дэмжлэгийг олгоно.
16 дугаар зүйл.Хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг
16.1.Төрүүлсэн болон үрчилж авсан 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг 36 хүртэлх сарын хугацаанд асарч байгаа хүүхдийн тооноос үл хамааран сар бүр хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг авах эрхтэй.
16.2.Хүүхэд асарсны мөнгөн дэмжлэгийг авч байсан эх, эцгийн аль нэг энэ хуулийн 16.1-т заасан тэтгэмж авах хугацаа дуусахаас өмнө ажилд орсон тохиолдолд мөнгөн дэмжлэгийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.
16.3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хугацаанд хүүхэд асарсны мөнгөн дэмжлэгийг давхардуулан олгохгүй.
16.4.Хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг авч байх хугацаанд эх, эсхүл эцэгт түүний ажил олгогчоос урамшуулал, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, цагийн ажлын хөлс олгосон тохиолдолд тухайн орлогын талаарх ажил олгогчийн тодорхойлолтыг хянан үзэж, мөнгөн дэмжлэгийг нөхөж олгох эсэхийг шийдвэрлэнэ.
16.5.Энэ хуулийн 16.2-т заасан үндэслэлээр хүүхэд асарсны мөнгөн дэмжлэг нь зогссон эх, эсхүл эцэг хүүхдээ асрах шаардлагын улмаас ажлаасаа гарсан, урт хугацааны чөлөө авсан тохиолдолд хүсэлтээ дахин гаргаж хүүхэд асарсны мөнгөн дэмжлэгийг авах эрхтэй.
17 дугаар зүйл.Ихэр хүүхдийн мөнгөн дэмжлэг
17.1.4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн дэмжлэг олгоно.
17.2.Ихэр хүүхдэд олгох мөнгөн дэмжлэгийг хүүхэд тус бүрээр тооцож олгоно.
17.3.3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд олгох мөнгөн дэмжлэгийн хэмжээг 2 ихэр хүүхдэд олгох мөнгөн дэмжлэгийн хэмжээнээс өндрөөр тогтоож болно.
18 дугаар зүйл.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгох мөнгөн дэмжлэг
18.1.Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, "Эхийн алдар" одонгоор шагнагдсан эх бага хүүхдээ 18 нас хүртэлх хугацаанд жилд нэг удаа мөнгөн дэмжлэг авах эрхтэй.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан 1 ба түүнээс дээш настай хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
18.3.Энэ хуулийн 18.4.1-д заасан "зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн", 18.4.2-т заасан "дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдгийг энэ хуулийн 18.2-т заасан агуулгаар төсөөтэй хэрэглэж ойлгоно.
18.4.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнана:
18.4.1.зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор;
18.4.2.дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор.
18.5.Энэ хуулийн 18.4.1, 18.4.2-т заасан одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
18.6.Энэ хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө "Эхийн алдар" одонгоор шагнагдсан эх бага хүүхдийн нас харгалзахгүй жилд нэг удаа мөнгөн дэмжлэг авах эрхтэй.
19 дүгээр зүйл.Мөнгөн дэмжлэг олгохтой холбоотой харилцаа
19.1. Энэ хуулийн 13.1-д заасан мөнгөн дэмжлэг олгохтой холбоотой үйл ажиллагааг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн халамжийн ажилтан зохион байгуулна.
19.2.Мөнгөн дэмжлэгийг хүсэлт гаргасан өдрөөс эхлэн мөнгөн дэмжлэг авагчийн сонгосон арилжааны банк дахь дансаар дамжуулан олгоно.
19.3.Мөнгөн дэмжлэг авах эрх үүссэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн онд мөнгөн дэмжлэгээ авч чадаагүй тохиолдолд дараа онд нь нөхөн олгоно. Нэг жилээс дээш хугацаагаар мөнгөн дэмжлэгээ аваагүй тохиолдолд нөхөн олгохгүй.
19.4.Хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгөн дэмжлэг тогтоолгон авсан нь тогтоогдвол уг мөнгөн дэмжлэгийн олголтыг зогсооно.
19.5.Хуурамч бичиг баримт бүрдүүлсний улмаас илүү олгогдсон мөнгөн дэмжлэгийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно.
19.6.Суутгалын хэмжээ нь сарын мөнгөн дэмжлэгийн 50 хувиас хэтрэхгүй.
19.7.Энэ хуулийн 19.5-д зааснаас бусад тохиолдолд мөнгөн дэмжлэгээс суутгал хийх, мөнгөн дэмжлэгийг барьцаалах, өр төлбөрт суутгахыг хориглоно.
20 дугаар зүйл.Хүүхдийн мөнгөн дэмжлэг олгохыг түдгэлзүүлэх, зогсоох.
20.1.Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгохыг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ:
20.1.1.хүүхдийн эх, эцэг нь сураггүй алга болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа;
20.1.2.хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10.1-д заасан үндэслэлээр гэр бүлээс нь тусгаарласан;
20.1.3.эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн талаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан;
20.1.4.эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
20.1.5.асрамжийн газарт тухайн сард шинээр ирсэн хүүхэд бүрийн мөнгөн дэмжлэгийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгохыг түр түдгэлзүүлэх талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагч нэн даруй нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
20.3.Хүүхдийн мөнгөн дэмжлэг олгохыг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн түдгэлзүүлсэн хугацаа нь 6 сар хүртэл хугацаанд нөхөн олгоно.
20.4.Хүүхдийн мөнгөн дэмжлэг олгохыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн хугацаа нь 6 сараас дээш хугацаагаар үргэлжлэх бол Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.12-т заасан асралт гэр бүл, Гэр бүлийн тухай хуулийн 25.9-д заасан гэр бүлдээ авч асарч байгаа иргэн, 25.10-т заасан хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож нөхөн олгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦОО
22 дугаар зүйл. Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
22.1.Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна гэр бүлийн хөгжлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;
22.1.2.гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
22.1.3.гэр бүлийн хөгжлийг дэмжих, ээлтэй орчныг бий болгох чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах;
22.1.4.гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээг иргэн, гэр бүлд цахимаар, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж, гэр бүлийн үйлчилгээний цахим системийг төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй уялдуулан ажиллуулах;
22.1.5.гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
22.1.6.хуульд заасан бусад чиг үүрэг.
23 дугаар зүйл. Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
23.1.Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д зааснаас гадна гэр бүлийн хөгжлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.1.1.гэр бүлийн хөгжлийг дэмжих талаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг Засгийн газар, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын өмнө хариуцан тайлагнах;
23.1.2.гэр бүлийн хөгжлийг дэмжих хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, статистик тоо мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;
23.1.3.гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийг төлөвлөн хэрэгжүүлэх, зарцуулалтад хяналт тавих;
23.1.4.аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
23.1.5.гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх ажилтныг давтан сургах, мэргэшүүлэх ажлыг холбогдох байгууллага, их, дээд сургуультай хамтран зохион байгуулах;
23.1.6.гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах эрх бүхий байгууллага, мэргэжилтэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;
23.1.7.гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээд, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, хамтран ажиллах.
23.1.8.хуульд заасан бусад чиг үүрэг.
23.2.Гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэр бүлийн үйлчилгээний цахим системийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.2.1.цахим системээр дамжуулан үзүүлэх үйлчилгээний хүрээ, нөхцөл, хэрэглэгчийн нэвтрэлт, танилт, мэдээлэл солилцох, зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагааны аргачлал, зааврыг батлах;
23.2.2.нийтэд нээлттэй мэдээллийн порталын контентыг мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, шинжээчдийн оролцоотойгоор боловсруулах, батлах, хөтөлж, удирдах;
23.2.3.цахим системийн үйл ажиллагаанд хувь хүний нууц, мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих;
23.2.4.цахим системийн программ хангамж, техникийн дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, аюулгүй байдлыг техникийн түвшинд хангах засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгийг үзүүлэх;
23.2.5.цахим системийн программ хангамжийг хөгжүүлэх, шинэчлэх, сайжруулах;
23.2.6.гэр бүлд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг хангах үүднээс холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах;
24 дүгээр зүйл. Аймаг, дүүргийн гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын чиг үүрэг
24.1.Аймаг, дүүрэг гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.1.1.гэр бүлийн талаарх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтийг гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын өмнө тайлагнах;
24.1.2.гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж ажиллах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх;
24.1.3.гэр бүл угийн бичгээ хөтлөхөд нь мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн соёлын газар, сум, дүүргийн соёлын төвтэй хамтран хэрэгжүүлэх;
24.1.4.Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг удирдлагаар хангах;
24.1.5.гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамруулах, холбон зуучлах;
24.1.6.гэр бүлд үзүүлж буй нийгмийн ажлын үйлчилгээний хэрэгжилтэд хяналт тавих;
24.1.7.хүн, хуулийн этгээдтэй гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах;
24.1.8.хуульд заасан бусад чиг үүрэг.
25 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны чиг үүрэг
25.1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
25.1.1.гэр бүлийн боловсролыг дэмжих үйл ажиллагааг боловсролын сургалтын байгууллага, соёлын болон насан туршийн суралцахуйн төвтэй хамтран хэрэгжүүлэх;
25.1.2.гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран хэрэгжүүлэх;
25.1.3.гэр бүлд нийгмийн ажлын үйлчилгээг кейс менежментийн үе шатны дагуу үзүүлэх;
25.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
26 дугаар зүйл. Орон нутгийн чиг үүрэг
26.1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.1.2.аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг, хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн шатны орон нутгийн төсвийн төсөлд гэр бүлийн хөгжил, сайн сайхан байдлыг дэмжих үйл ажиллагааг тусгах;
26.1.2.гэр бүлийн хөгжлийг дэмжих талаар энэ хуульд заасан орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт жил бүр тусгаж батлах;
26.1.3.орон нутгийн гэр бүл, хүн амын бүлгийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
26.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.
26.2.Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
26.2.1.гэр бүлийг дэмжих бодлого, хууль тогтоомж, Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
26.2.2.тухайн нутаг дэвсгэрт байгаа соёл, спорт, хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон бусад боломжтой байгууламжийг түшиглэн гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгөх, гэр бүлийн боловсрол олгох, гэр бүл, түүний гишүүдийн хөгжлийг дэмжих бусад хөтөлбөр бүхий гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээг гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай хамтран үзүүлэх;
26.2.3.барилга байгууламж, дэд бүтцийг гэр бүлд ээлтэй байдлаар төлөвлөх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, зам, гудамж, талбайн гэрэлтүүлэг, хяналтын камер байрлуулалтыг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах;
26.2.4.холбогдох хүсэлтийг харгалзан иргэнийг орон байртай болгох, иргэнийг малжуулах, ажлын байртай болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах;
26.2.5.гэр бүлийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, гэр бүлийн гишүүдийн оролцоог хангасан, гэр бүлд ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулахад иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах, санаачилгыг дэмжих;
26.2.6.гэр бүлд ээлтэй орчныг бий болгох, гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, үйлчилгээ, үйл ажиллагаа явуулсан хүн, хуулийн этгээдийг орон нутгийн хөгжлийн бодлогын дагуу дэмжих.
26.2.7.хуульд заасан бусад чиг үүрэг.
27 дугаар зүйл. Гэр бүл, хүн ам зүйн судалгаа хийх
27.1.Гэр бүл, хүн амын өсөлтийг дэмжих урт, дунд хугацааны бодлого, төлөвлөлт, стратегийг тодорхойлох зорилгоор гэр бүл, хүн ам зүйн суурь судалгааг Үндэсний статистикийн хороо, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний дэргэдэх сургалт, үнэлгээ, судалгааны байгууллагатай хамтран таван жил тутамд хийнэ.
28 дугаар зүйл. Гэр бүлийн үйлчилгээний цахим мэдээллийн систем
28.1.Гэр бүлийн үйлчилгээний цахим мэдээллийн систем /цаашид "цахим систем" гэх/-ийг гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэд ажиллуулна.
28.2.Цахим системд мэдээлэл бүртгэх, баяжуулах, баталгаажуулах чиг үүргийг хариуцсан албан хаагч мэдээллийн үнэн, бодит байдлыг хариуцаж ажиллана.
28.3.Цахим систем нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.8-д заасан мэдээлэл хариуцагчтай байна.
28.4.Цахим системийг ашиглан дараах үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ:
28.4.1.гэр бүлийн цахим бүртгэлд үндэслэн төрийн үйлчилгээг урьдчилан тодорхойлж, мэдэгдэх;
28.4.2.төрийн үйлчилгээ авах хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх;
28.4.3.гэр бүлд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг хүртээмжтэйгээр хүргэх;
28.4.4.иргэн, гэр бүл, олон нийтэд чиглэсэн гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн зөвлөгөө, мэдээллээр хангах;
28.4.5.хууль тогтоомжид заасан бусад.
28.5.Цахим системийн үндсэн мэдээллээс бусад мэдээллийг хуваалцах, үйлдэл хийхэд Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу иргэн, гэр бүлээс цахим зөвшөөрөл авсан байна.
28.6.Цахим системийн хэрэглэгч гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний өмнөөс үйлчилгээ авах хүсэлт гаргах тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүний цахим зөвшөөрлийг авна.
28.7.Цахим систем нь мэдээллийн нэгтгэл, боловсруулалт хийхэд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хуулийг дагаж мөрдөнө.
28.8.Мэдээллийн ашиглалт, хадгалалт, хуваалцах талаарх тодорхой мэдээллийг хэрэглэгчдэд өгнө.
28.9.Хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах, өөрчлөх, задруулах, устгахаас хамгаалж, техникийн болон зохион байгуулалтын найдвартай аюулгүй байдлыг хангана.
28.10.Энэ хуулийн 28.4-т заасан үйлчилгээг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24.2 дахь хэсэгт заасан төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан үзүүлнэ.
28.11.Гэр бүлийн үйлчилгээний цахим мэдээллийн системийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах, түүнийг хөгжүүлж шинэчлэх, кибер аюулгүй байдлыг хангах асуудлыг Төрийн цахим үйлчилгээний асуудал хариуцсан байгууллага хариуцна.
ТАВДУГААР БҮЛЭГ
САНХҮҮЖИЛТ БА ХЯНАЛТ
29 дүгээр зүйл. Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилт
29.1.Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ:
29.1.1.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр;
29.1.2.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилтээр;
29.1.3.Зээлийн батлан даалтын сангийн мөнгөн хөрөнгөөр;
29.1.4.дараа эргэн төлөгдөх нөхцөлөөр байгуулсан гэрээний үндсэн дээр банкны зээл болон хувийн хэвшлийн байгууллагаас гаргах хөрөнгөөр;
29.1.5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан орон нутгийн сангийн хөрөнгөөр;
29.1.6.хүн, хуулийн этгээд, гадаад улс, олон улсын байгууллагын хандив тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр;
29.1.7.хуульд заасан бусад эх үүсвэр.
29.2.Энэ хуулийн 13.1, 23.1.5, 27.1, 28.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг Гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгаж санхүүжүүлнэ.
29.3.Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлын хүрээнд энэ хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах арга хэмжээг авна.
29.4.Энэ хуулийн 9, 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааны жишиг зардал, хэрэгжүүлэх заавар, аргачлалыг гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
29.5.Орон нутаг энэ хуулийн 7.2, 12.3, 26 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
29.6.Хүн, хуулийн этгээд, гадаад улс, олон улсын байгууллага гэр бүлд ээлтэй орчин, үйлчилгээ, дэд бүтцийг бий болгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг санхүүжүүлэх, төр, орон нутгаас зохион байгуулах арга хэмжээнд хандив, тусламж үзүүлж болно.
30 дугаар зүйл.Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
30.1.Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу энэ хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийнэ.
30.2.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтийн үр дүнг жил бүр Засгийн газарт тайлагнана.
30.3.Холбогдох байгууллага, албан тушаалтан нь 30.2-т заасан тайлан, мэдээллийн ил тод байдлыг хангаж, үнэн зөв байдлыг хариуцна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
31 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
32.1.Энэ хуулийг 2027 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Нүүр
Санал өгөх