Танилцуулга:
Төсөл 2026-05-12
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
202...он... сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, хүлэмжийн хийн тэг ялгаралд хүргэхэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн механизм, карбон зах зээлийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого, бүртгэл, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль тогтоомж
2.1.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээн дэх төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага болон бусад оролцогч талуудын эрх, үүрэг, тэдгээрийн уялдаа, холбоог хангахтай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.2.Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөлтэй холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."гарз хохирол" гэж уур амьсгалын өөрчлөлтийн зайлшгүй болон даван туулах боломжгүй нөлөөллөөс үүдэн бий болж буй эдийн засгийн болон эдийн засгийн бус хохирол, алдагдлыг;
4.1.2."даван туулах" гэж уур амьсгалын өөрчлөлт, аюултай үзэгдэл тулгарахад нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтолцоо үндсэн чиг үүргээ хадгалан хариу үйлдэл үзүүлэх, дасан өөрчлөгдөх, сэргээн зохион байгуулагдах чадавхыг;
4.1.3."давхар тооллого" гэж нэг ижил хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлт эсхүл сааруулалтын үр дүнг давхардуулан бүртгүүлэх, тайлагнах, ашиглах ажиллагааг;
4.1.4."дасан зохицох" гэж уур амьсгалын өөрчлөлтийн бодитой бий болсон эсхүл ирээдүйд тохиолдож болзошгүй сөрөг нөлөөлөлд өртөх байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтвортой үйл ажиллагааг;
4.1.5."дүйцүүлэх" гэж хүн, хуулийн этгээд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүргийг биелүүлэх болон сайн дурын санаачилгыг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд баталгаажсан, бүртгэгдсэн сааруулалтын үр дүнг зохих журмын дагуу өөрийн үүрэгт дүйцүүлэн тооцуулахыг;
4.1.6."карбон зах зээл" гэж карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, бүртгэх, шилжүүлэх, худалдах, ашиглахтай холбоотой зах зээлийн тогтолцоог;
4.1.7."карбон кредит" гэж худалдах, арилжих, шилжүүлэх, дүйцүүлэх боломжтойгоор баталгаажуулсан, үндэсний болон олон улсын бүртгэлийн системд дахин давтагдашгүй дугаараар бүртгэгдсэн карбон нэгжийг;
4.1.8."карбон нэгж" гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, ялгарахаас урьдчилан сэргийлсэн, эсхүл шингээлтийг нэмэгдүүлсэн хэмжээг илэрхийлэх, нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцэлд дүйцэх тооцооллын нэгжийг;
4.1.9."ногоон санхүүжилт" гэж байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэх, доройтлыг бууруулах, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжихэд чиглэсэн, тодорхой шалгуур үзүүлэлтэд нийцсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг;
4.1.10."ногоон таксономи" гэж эрх бүхий байгууллагаас баталсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах зорилгод нийцсэн бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар нь ангилж, ногоон болон уур амьсгалын санхүүжилтэд хамааруулах шалгуур, ангиллыг;
4.1.11."олон талт карбон зах зээл" гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олон талын оролцоотойгоор хэрэгжих олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг бий болгох, шилжүүлэх, худалдах, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан зах зээлийн тогтолцоог;
4.1.12."олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн" гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуу оролцогч талуудын зөвшөөрлөөр үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх эсхүл олон улсын бусад сааруулалтын зорилгоор ашиглахад зориулан шилжүүлж, харгалзах тохируулгыг хийсэн сааруулалтын үр дүнг;
4.1.13."Парисын хэлэлцээр" гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хүрээнд батлагдсан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн бага ялгаралтай хөгжлийг дэмжих зорилготой олон улсын гэрээг;
4.1.14."сааруулалтын үр дүн" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, ялгарахаас урьдчилан сэргийлсэн, шингээсэн, баталгаажсан, хэмжигдэхүйц үр дүнг нүүрстөрөгчийн давхар ислийн тэнцлээр эсхүл хүлэмжийн хийн бус хэмжүүрээр илэрхийлснийг;
4.1.15."сайн дурын карбон зах зээл" гэж хууль тогтоомжоор биелүүлэх шаардлагаас ангид, иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагаанд оролцох зорилгоор ашигладаг карбон зах зээлийн тогтолцоог;
4.1.16."тэг ялгарал" гэж Парисын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн бага түвшинд шингээлтээр тэнцвэржүүлсэн төлөвийг;
4.1.17."урьдчилсан баталгаажуулалт" гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөр хэрэгжихээс өмнөх суурь түвшин, аргачлал, хүлээгдэж буй сааруулалтын үр дүн болон бусад мэдээлэл нь холбогдох стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх үйл ажиллагааг;
4.1.18."уур амьсгалын өөрчлөлт" гэж байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны улмаас дэлхийн агаар мандлын бүтцэд урт хугацаанд гарч буй өөрчлөлтийн дүнд бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг;
4.1.19."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий бүлэг" гэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөх магадлал болон эрсдэл харьцангуй өндөр, дасан зохицох эдийн засаг, нийгэм, институтийн чадавх хязгаарлагдмал бага орлоготой иргэд, алслагдсан бүс нутгийн оршин суугчид, малчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг бүлгийг;
4.1.20."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар" гэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөх, мэдрэг байдал өндөр, дасан зохицох чадавх хязгаарлагдмал байдлаас шалтгаалан үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашигт нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөр салбарыг;
4.1.21."уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах" гэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааг;
4.1.22."уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл" гэж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, нийгмийн тогтолцоо, эдийн засгийн үйл ажиллагаа, экосистемд үзүүлэх сөрөг өөрчлөлтийг;
4.1.23."уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл" гэж уур амьсгалын аюултай үзэгдэл болон эмзэг байдал, өртөмтгий байдлын харилцан нөлөөлөл, хамаарлаас үүсэх сөрөг үр дагаврын магадлал, хэмжээг;
4.1.24."уур амьсгалын санхүүжилт" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон улсын, үндэсний болон орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээс бүрдүүлж, олгож, зарцуулж буй санхүүгийн эх үүсвэрийг;
4.1.25."уур амьсгалын хөрөнгө оруулалт" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд оруулж буй хөрөнгө оруулалтыг;
4.1.26."үндэсний карбон зах зээл" гэж үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгарахаас урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанаас үүссэн карбон кредитийг дотоодын бүртгэл, арилжаа, дүйцүүлэлт, шилжилт, урамшууллын тогтолцоогоор дамжуулан ашиглах зах зээлийн тогтолцоог;
4.1.27."уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ" гэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн ялгарлыг тэг ялгаралд хүргэхэд чиглэсэн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийн нэгдсэн цахим мэдээллийн системийг;
4.1.28."Үндэсний тодорхойлсон хувь нэмэр" гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр тодорхойлсон зорилт, арга хэмжээг;
4.1.29."үр дүнгийн баталгаажуулалт" гэж итгэмжлэгдсэн, хараат бус этгээдээс төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад бодитоор бий болсон сааруулалтын үр дүнг хэмжилт, тайлагналын мэдээлэлд үндэслэн холбогдох стандарт, аргачлалын дагуу шалгаж баталгаажуулах үйл ажиллагааг;
4.1.30."харгалзах тохируулга" гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд давхар тооллогоос зайлсхийх зорилгоор олон улсад шилжүүлсэн сааруулалтын үр дүнг олон улсын аргачлалын дагуу хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд тохируулга хийж нэмж тооцохыг;
4.1.31."хоёр талт карбон зах зээл" гэж Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сааруулалтын үр дүнг шилжүүлэн тооцох замаар хэрэгжих карбон зах зээлийн тогтолцоог;
4.1.32."хүлэмжийн хий" гэж агаар мандалд дулааныг шингээж хадгалах шинж чанартай, байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг нүүрсхүчлийн хий, метан, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчид, перфторт нүүрстөрөгчид, хүхрийн гексафторид, азотын трифторид болон бусад хийг;
4.1.33."хүлэмжийн хийг шингээх" гэж ой, ургамлын бүрхэвч, хөрс, ус болон бусад экосистемийн, геологийн, биологийн, физикийн эсхүл технологийн аргаар хүлэмжийн хийг агаар мандлаас урт хугацаанд тогтвортой шингээх, хадгалах үйл ажиллагааг;
4.1.34."хүлэмжийн хийн тооллого" гэж холбогдох хууль тогтоомж, журам, олон улсын аргачлалын дагуу улсын, салбарын, бүс нутгийн болон байгууллагын түвшинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд ялгаруулж эсвэл агаар мандлаас шингээн авч буй хүлэмжийн хийг тооцоолох үйл ажиллагааг;
4.1.35."хүлэмжийн хийн ялгарал" гэж хүлэмжийн хий агаар мандалд ялгарч гарахыг;
4.1.36."хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх" гэж бодлого, арга хэмжээ, технологи, газар ашиглалтын зохистой менежмент хэрэгжүүлэн хүлэмжийн хийн ялгарлыг бий болгохоос зайлсхийх эсхүл ялгарал нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;
4.1.37."хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах" гэж хүлэмжийн хийн ялгарлаас урьдчилан сэргийлэх, ялгарлын эх үүсвэр болон хэмжээг багасгах, агаар мандлаас зайлуулах, шингээн хадгалах замаар агаар мандал дахь хүлэмжийн хийн нийт хэмжээг бууруулах үйл ажиллагааг;
4.1.38."хүлэмжийн хийн ялгарлын тэнцэл" гэж тайлант хугацаанд үүссэн хүлэмжийн хийн нийт ялгарал болон шингээлтийн зөрүүгээр тодорхойлогдох цэвэр дүнг;
4.1.39."хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт" гэж хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлтийн үр дүнг батлагдсан аргачлалын дагуу хэмжих, үр дүнг тайлагнах, тайлагнасан мэдээллийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн этгээдээр шалгуулан баталгаажуулах үйл ажиллагааны цогцыг;
4.1.40."эрсдэлийн сан" гэж хоёр болон олон талт карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруулалтын үр дүн бүрэн буюу хэсэгчлэн алдагдсан тохиолдолд нөхөн бүрдүүлэх зорилгоор тодорхой хувийг шилжүүлэх, ашиглах боломжгүйгээр хадгалж төвлөрүүлсэн санг.
5 дугаар зүйл.Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Энэ хуулиар зохицуулах харилцаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.ил тод, нээлттэй байх;
5.1.2.талуудын оролцоог хангах;
5.1.3.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар, бүлгийг тэргүүн ээлжинд авч үзэх;
5.1.4.тэгш хүртээмжтэй шилжилтийг дэмжих;
5.1.5.шинжлэх ухаанд үндэслэх;
5.1.6.менежментийн нэгдсэн бодлоготой байх;
5.1.7.олон улсын эрх зүйн хэм хэмжээг баримтлах;
5.1.8.байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах;
5.1.9.уламжлалт мэдлэг, инновацад суурилсан дэвшилтэт технологийг ашиглах;
5.1.10.жендэрийн эрх тэгш байдлыг хангах.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:
5.2.1."ил тод, нээлттэй байх" гэж хуулиар хамгаалагдсан төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулагдсанаас бусад тохиолдолд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, хүлэмжийн хийн тэнцвэрийг хангах үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байхыг;
5.2.2."талуудын оролцоог хангах" гэж энэ хуулийн хэрэгжилтэд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, иргэд, сонирхлын бүлгийн оролцоог хангахыг;
5.2.3."уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий салбар, бүлгийг тэргүүн ээлжинд авч үзэх" гэж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд харьцангуй илүү өртөх, дасан зохицох чадавх сул салбар болон хүн амын бүлгийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээнд тулгуурлан тодорхойлж, тэдгээрт чиглэсэн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, дасан зохицох бодлого, төлөвлөлт, санхүүжилт болон хэрэгжилтийн арга хэмжээнд тэргүүн ээлжинд хамруулахыг;
5.2.4."тэгш хүртээмжтэй шилжилтийг дэмжих" гэж хүлэмжийн хийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй тогтвортой эдийн засагт шилжих үйл явцад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий бүлэг, орон нутгийн иргэд, шилжилтэд өртөх салбарын ажиллах хүчний эрх ашиг, хөдөлмөр эрхлэлт, орлогын тогтвортой байдал, нийгмийн хамгааллыг хангах, ур чадварыг нь хөгжүүлэх замаар шилжилтийн сөрөг нөлөөллийг бууруулж, үр өгөөжийг тэгш хүртээмжтэй хуваарилахыг;
5.2.5."шинжлэх ухаанд үндэслэх" гэж нийгэм, эдийн засаг, байгаль, газар зүйн нөхцөлийг тодорхойлсон шинжлэх ухааны судалгаа, уламжлалт мэдлэг, инновац, дэвшилтэт технологид үндэслэн шийдвэр гаргахыг;
5.2.6."менежментийн нэгдсэн бодлоготой байх" гэж агаар, ой, усны нөөц, хөрс, газар зэрэг байгалийн нөөц, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах болон бусад үйл ажиллагаанд менежментийн нэгдсэн бодлого баримтлахыг;
5.2.7."олон улсын эрх зүйн хэм хэмжээг баримтлах" гэж Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц болон бусад олон улсын гэрээ, хэлэлцээр, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, удирдамж, зөвлөмж, бусад баримт бичгийг баримтлахыг;
5.2.8."байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах" гэж байгалийн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг, үйл явцын экологийн тэнцвэртэй, тогтвортой, эрүүл төлөв байдлыг хадгалахыг;
5.2.9."уламжлалт мэдлэг, инновацад суурилсан дэвшилтэт технологийг ашиглах" гэж тухайн газар нутгийн газар зүйн онцлог, байгаль, нийгмийн нөхцөл байдлыг харгалзан, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий иргэдийн хэрэгцээнд нийцсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, уламжлалт мэдлэг, инновац, дэвшилтэт технологийг ашиглахыг;
5.2.10."жендэрийн эрх тэгш байдлыг хангах" гэж уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтэд эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон жендэрийн хувьд эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээ, үүрэг, нөлөөллийг харгалзан үзэж, тэдгээрийн тэгш оролцоо, шийдвэр гаргалтад оролцох боломжийг хангах, үр өгөөжийг шударгаар хүртээх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал уур амьсгалын өөрчлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах асуудлыг тусган батлах;
6.1.2.Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн төсөлд энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусган батлах, хяналт тавих;
6.1.3.Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд боловсруулах тайлан, илтгэлийг танилцах;
6.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг батлах,
7.1.2.уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн салбар хоорондын уялдааг хангах;
7.1.3.энэ хуульд заасан асуудлаар хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах;
7.1.4.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн бодлого, ногоон санхүүжилтийн стратегийг батлах;
7.1.5.улс, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон төсөл, хөтөлбөрийг тодорхойлсон ногоон таксономийг батлах;
7.1.6.эрсдэлийн санд төвлөрүүлэх сааруулалтын үр дүнгийн хувь хэмжээг тогтоох;
7.1.7.Энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан карбон зах зээлийг зохицуулах, карбон кредитийг бүртгэх журам батлах;
7.1.8.хүлэмжийн хийн ялгарлын бууралт, шингээлтийн үр дүнг тооцох, баталгаажуулах, тайлагнахтай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам батлах;
7.1.9.ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн орлогын урсгал, үр ашиг, зарцуулалтыг бүртгэх, хянах, тайлагнах, цаашдын төлөвлөлтийг хангах, олон улсын тайлагнал болон ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн орлогын урсгалыг бүртгэх, тайлагнах, ил тод байдлыг хангах журам батлах;
7.1.10.Энэ хуулийн 4.1.27-д заасан уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформын үйл ажиллагааг удирдах журам батлах;
7.1.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
8.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээний эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах зорилгоор ногоон санхүүжилтийн үндэсний стратегийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төслийг Засгийн газраар батлуулан, стратегийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих;
8.1.2.ногоон хөгжил болон урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийг дэмжих ногоон хөрөнгө оруулалтын бодлого, арга хэмжээг тодорхойлох;
8.1.3.ногоон санхүүжилтийн үндэсний стратегийг боловсруулах хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, дунд хугацааны төсвийн хүрээ, олон улсын санхүүжилт, төсөл арга хэмжээ, улсын төсөв болон хувийн хэвшлийн санхүүжилтийн уялдааг хангах;
8.1.4.ногоон таксономийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;
8.1.5.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, урт хугацааны хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн шилжилтийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих;
8.2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.2.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, төлөвлөгөө, Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах;
8.2.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцүүлэн карбон зах зээлийн үйл ажиллагааг удирдах;
8.2.3.хоёр талт хэлэлцээрийн хамтарсан хороодын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;
8.2.4.Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн хүрээнд Үндэсний эрх бүхий байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж, холбогдох үйл ажиллагаанд зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох, оролцогч этгээдийг бүртгэх, хяналт тавих;
8.2.5.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрт татгалзахгүй тухай тодорхойлолт олгох;
8.2.6.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрт зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох;
8.2.7.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэгт зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгох;
8.2.8.сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрт татгалзахгүй тухай тодорхойлолт олгох;
8.2.9.карбон зах зээлийн хүрээнд хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагыг бүртгэх;
8.2.10.техникийн хороо, мэргэжлийн зөвлөлийг байгуулах;
8.2.11.олон улсын гэрээгээр үүрэг хүлээсэн тайланг хянах, олон улсын байгууллагад хүргүүлэх;
8.2.12.карбон зах зээлийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийн хэмжээг тогтоох;
8.2.13.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг хариуцан удирдаж, хяналт тавих;
8.2.14.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үр дүнг тооцох, мэдээлэл цуглуулах, нэгтгэх, тайлагнах, баталгаажуулах үйл ажиллагааны нэгдсэн аргачлал, зохион байгуулалтын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах журам батлах;
8.2.15.уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнахтай холбоотой үйл ажиллагаа, аргачлал, зохицуулалтын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам батлах;
8.2.16. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран энэ хуулийн 7.1.9-т заасан журмын төслийг боловсруулж, хууль тогтоомжийн дагуу Засгийн газраар батлуулах;
8.2.17. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 7.1.8, 7.1.10-д заасан журмын төслийг боловсруулж, хууль тогтоомжийн дагуу Засгийн газраар батлуулах;
8.2.18.Энэ хуулийн 7.1.4-т заасан карбон зах зээлийн бодлого, стратегийг боловсруулах;
8.2.19.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд салбар дундын бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол, судалгааны өгөгдөл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
8.2.20.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8.3.Бусад төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.3.1.энэ хуулийн 6.1.1, 7.1.1-т заасныг хэрэгжүүлэх арга хэмжээг салбарын хэмжээнд тодорхойлж, улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
8.3.2.салбарын хэмжээнд хүлэмжийн хийн тооллоготой холбоотой мэдээллийг цуглуулах, мэдээллийн санд оруулах, тайлагнах, баталгаажуулах;
8.3.3.салбарын хүлэмжийн хийн ялгарлыг тооцох аргачлалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох;
8.3.4.салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
8.3.5.салбарын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлын тооллоготой холбоотой өгөгдөл мэдээлэл цуглуулах, тайлагнах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэнтэй байх;
8.3.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлан орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж, гүйцэтгэлд хяналт тавина.
10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг энэ хуулийн 8.2-т заасан байгууллагаар хийлгэнэ.
10.2.Энэ хуулийн 6.1.1, 7.1.1, 10.1-т заасантай уялдуулан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн төсөвт тусгуулах хэрэгжилтийг ханган тайлагнана.
11 дүгээр зүйл.Үндэсний зохицуулагч байгууллагын эрх, үүрэг
11.1.Үндэсний зохицуулагч байгууллага нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийн хүрээнд ажиллах төрийн захиргааны байгууллага байх бөгөөд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг удирдан зохион байгуулах;
11.1.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний хэрэгжилтийн гүйцэтгэлийн жилийн тайлан болон энэ хуулийн 28.3-т заасан тайланг боловсруулж, хариуцсан зохих байгууллагад хүргүүлэх;
11.1.3.карбон зах зээлийн хүрээнд үүсэх карбон кредитийн болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн бүртгэлийн системийг удирдах;
11.1.4.карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрийн санал, баримт бичгийг хянах, шаардлага хангасан төслийг бүртгэх, холбогдох саналыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
11.1.5.сааруулалтын үр дүнгийн бүртгэл, шилжүүлгийг хянах, давхар тооллогоос сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах;
11.1.6.Парисын хэлэлцээрийн шаардлагад нийцүүлэн хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийх;
11.1.7.Уур амьсгалын үндэсний платформын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
11.1.8.ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн эх үүсвэр, зориулалт, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг бүртгэх, хянах, тайлагнах.
11.1.9.эрсдэлийн сангийн бүртгэл, удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх;
11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
12 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ
12.1.Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээг жил тутам, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн чиг хандлага, нөлөөллийн үнэлгээг таван жил тутам боловсруулж, холбогдох байгууллагын салбарын нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний дүнг нэгтгэн дээд шатны байгууллагад тайлагнана.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан үнэлгээний үр дүнд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг нийгэм, эдийн засгийн салбар, бүс нутаг тус бүрээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага нь Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэж, шинжлэх ухаанд суурилсан сааруулах болон дасан зохицох арга хэмжээний бодлого, төлөвлөлтийг тодорхойлно.
12.3.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг үндэсний, бүс нутгийн, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулахад ашиглана.
12.4.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
12.5.Энэ хуулийн 12.2-т заасан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 8.2.15-д заасан журмын дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, орон нутгийн байгууллага нь Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Гарз хохирлын үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан журмын дагуу холбогдох төрийн захиргааны байгууллага хийж гүйцэтгэнэ.
13 дугаар зүйл. Хүлэмжийн хийн үндэсний тооллого
13.1.Үндэсний зохицуулагч байгууллага нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын дүн, тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн боловсруулж, энэ хуулийн 8.2-т заасан байгууллагад баталгаажуулахаар хүргүүлнэ.
13.2.Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь үндэсний тооллогын үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоог хангах нэгдсэн зохицуулалтыг хэрэгжүүлж, тооллогын тайланд хяналт тавина.
13.3.Үндэсний зохицуулагч байгууллага нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын шаардлагатай өгөгдөл, мэдээллийг цуглуулах, баталгаажуулах, үндэсний нөхцөл онцлогт тохирсон ялгарал болон шингээлтийн коэффициентыг тодорхойлох, шинэчлэх судалгааг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай хамтран зохион байгуулна.
13.4.Үндэсний зохицуулагч байгууллага нь хөгжлийн бодлого, төлөвлөлт болон бусад холбогдох мэдээлэлд үндэслэн үндэсний түвшний хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөллийг боловсруулж, тогтмол хугацаанд шинэчилнэ.
13.5.Хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэтийн төсөөллийг боловсруулах аргачлал болон хяналт, чанарын баталгаажуулалт хийх аргачлалыг энэ хуулийн 8.2-т заасан байгууллага батална.
13.6.Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, бусад холбогдох байгууллага нь хүлэмжийн хийн үндэсний тооллого хийхэд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг гаргаж өгнө.
13.7.Хүлэмжийн хийн үндэсний тооллого нь улсын болон салбарын түвшинд хийгдэж, уур амьсгалын бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын суурь мэдээлэл байна.
13.8.Хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайланг хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн ил тод байдлын тайлангийн хамтаар олон улсын гэрээ болон тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу тогтоосон хугацаанд хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
14 дүгээр зүйл. Харгалзах тохируулгыг хийх
14.1.Хоёр талт болон олон талт хэлэлцээрийн хүрээнд олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг шилжүүлж, хүлэмжийн хийн ялгарлын тэнцэлд харгалзах тохируулгыг хийхдээ дараах шаардлагыг хангана:
14.1.1.Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод нийцсэн байх;
14.1.2.олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн нь зөвшөөрсөн тухай тодорхойлолтод үндэслэсэн байх;
14.1.3.карбон бүртгэлийн системд бүртгэгдэж, давхар тооллого үүсгэхгүй байх;
14.1.4.харгалзах тохируулгыг холбогдох олон улсын гэрээнд нийцсэн журам, удирдамжийн дагуу хийх.
14.2.Энэ хуулийн 14.1-т зааснаас бусад Монгол Улсаас олон улсад шилжүүлэхээр зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгоогүй сааруулалтын үр дүн, карбон кредитэд харгалзах тохируулгыг хийхгүй.
15 дугаар зүйл. Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ
15.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад хуулийн этгээд нь үйл ажиллагаанаас үүдэн ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг энэ хуулийн 18.7-д заасан аргачлалын дагуу тооцож, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 8.2.15-д заасан журмын дагуу хийж болно. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
16 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлт
16.1.Үндэсний зохицуулагч байгууллага нь энэ хуулийн 12.1, 12.2-т заасан үнэлгээний үр дүнд үндэслэн Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилттой уялдуулан тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлнэ.
16.2.Үндэсний дасан зохицох төлөвлөгөөг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.
16.3.Үндэсний дасан зохицох төлөвлөгөөнд заасан арга хэмжээг улсын болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд тусган хэрэгжүүлнэ.
16.4.Нийгэм, эдийн засгийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий, эмзэг, ирээдүйд учирч болзошгүй байгалийн гамшигт үзэгдэлд өртөх эрсдэл өндөртэй байгаа салбар, бүлгийн дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгоно.
16.5.Энэ хуулийн 16.4-т заасан салбар, оролцогч талууд болон иргэдийн дасан зохицох, даван туулах чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг жил бүр төлөвлөж, санхүүжүүлэлтийг тодорхойлон хэрэгжүүлнэ.
16.6.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах мэдлэг, чадварыг бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад суралцагчид, олон нийтэд эзэмшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
16.7.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, олон улсын төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж, хандив болон хуульд заасан бусад эх үүсвэрээр санхүүжүүлнэ.
17 дугаар зүйл. Дасан зохицох арга хэмжээний үнэлгээ, тайлан
17.1.Энэ хуулийн 11.1-т заасан байгууллага нь Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний гүйцэтгэлийг жил тутамд үнэлж, хэрэгжилтийн тайланг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулна.
17.2.Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний тайланг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, удирдамжид нийцүүлэн боловсруулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
18 дугаар зүйл. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөлт
18.1.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөлтийг энэ хуулийн 16.2-т заасны дагуу тодорхойлно.
18.2.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хүлэмжийн хийн үндэсний тооллого, хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэтийн төлөв, төсөөлөлд үндэслэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр үндэсний түвшний урт болон дунд хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөөг батлах бөгөөд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг таван жил тутам шинэчлэн батална.
18.3.Энэ хуулийн 18.2-т заасан бодлого, стратеги, төлөвлөгөөнд хүлэмжийн хийг ялгаруулагч болон шингээгч салбар тус бүрээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тусгана.
18.4.Салбарын болон бусад төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 8.3, 9, 10 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээг салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж хэрэгжүүлнэ.
18.5.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг харгалзан үзнэ.
18.6.Хувийн хэвшлийн байгууллага өөрийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцох, бууруулах, урьдчилан сэргийлэх, шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжинэ.
18.7.Үндэсний зохицуулагч байгууллага нь байгууллагын болон төслийн түвшний хүлэмжийн хийн ялгарлын тооцоо, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалттай холбоотой заавар, аргачлалыг баталж, хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
18.8.Үндэсний зохицуулагч байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, арга хэмжээний гүйцэтгэлийг жил тутамд үнэлж, хэрэгжилтийн тайланг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулна.
18.9.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд институтын болон боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг тусгана.
19 дүгээр зүйл. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын үр дүнг тооцох ба тайлагнах
19.1.Үндэсний зохицуулагч байгууллага нь энэ хуулийн 13.1-т заасан хүлэмжийн хийн үндэсний тооллого, холбогдох өгөгдөл, мэдээлэлд үндэслэн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үр дүнг тооцно.
19.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу боловсруулж, тогтоосон хугацаанд тухайн асуудлыг хариуцсан олон улсын байгууллагад хүргүүлнэ.
19.3.Хуульд заасан журмын дагуу хоёр болон олон талт карбон зах зээлийн хүрээнд холбогдох зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгогдсон төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруулалтын үр дүнг талуудын тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын үр дүнд оруулан тооцож болно.
19.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжсэн үйл ажиллагаанаас бий болсон олон улсад шилжүүлээгүй, холбогдох журмын дагуу баталгаажсан сааруулалтын үр дүнг талуудын тохиролцсоны үндсэн дээр Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын биелэлтэд тооцож болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НОГООН САНХҮҮЖИЛТ
20 дугаар зүйл.Ногоон санхүүжилт
20.1.Ногоон санхүүжилтийн бодлого, санхүүгийн хөшүүрэг нь Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, төсөв, мөнгөний бодлого, ногоон санхүүжилтийн стратегитай нийцсэн байна.
20.2.Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд тусгахдаа зардал, үр ашгийн тооцоо, эдийн засгийн өгөөж, төсөвт үзүүлэх нөлөөлөлд үндэслэн эрэмбэлж, үр ашиг багатай, давхардсан төслүүдийг санхүүжүүлэхгүй.
20.3.Карбон зах зээл, ногоон санхүүжилтийн механизм хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн зардал, татаас, урамшууллыг улсын төсөвт урьдчилан тусгаагүй тохиолдолд хэрэгжүүлэхгүй бөгөөд эдгээр арга хэмжээг улсын төсвийн төлөвлөлт, дунд хугацааны төсвийн хүрээтэй уялдуулан хэрэгжүүлнэ.
20.4.Ногоон санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
20.4.1.улсын болон орон нутгийн төсөв;
20.4.2.олон улсын уур амьсгалын сан, хөгжлийн сан, хөтөлбөр;
20.4.3. гадаадын зээл, буцалтгүй тусламж, хандив;
20.4.4.дотоод, гадаадын хуулийн этгээд, хувь хүний санхүүжилт;
20.4.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийн санхүүжилт;
20.4.6.байгаль орчин, уур амьсгалын сан;
20.4.7.хууль тогтоомжид нийцсэн бусад эх үүсвэр.
20.5.Ногоон санхүүжилтийг дараах санхүүгийн хэрэгслээр дамжуулан олгож болно:
20.5.1.буцалтгүй тусламж;
20.5.2.зорилтот бонд, зээл;
20.5.3.төр, хувийн хэвшлийн болон олон улсын эх үүсвэртэй холимог санхүүжилт;
20.5.4.даатгал;
20.5.5.батлан даалт;
20.5.6.татвар;
20.5.7.хууль тогтоомжид нийцсэн бусад санхүүгийн хэрэгсэл болон хөшүүрэг.
20.6.Ногоон санхүүжилтийн хүрээнд олгох батлан даалт, хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, даатгалын дэмжлэгийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж, тэдгээрт заасан хязгаарлалт, хяналт, тайлагналын шаардлагыг хангасан байна.
20.7.Уур амьсгалын хөрөнгө оруулалтад үзүүлэх урамшуулал, дэмжлэг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эрсдэлийг бууруулах, урт хугацааны тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
20.8.Ногоон санхүүжилт, түүнтэй холбоотой урамшуулал, дэмжлэгийг олгохдоо ногоон санхүүжилтийн шалгуур, таксономи, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үндэслэнэ.
21 дүгээр зүйл. Ногоон санхүүжилтийн шалгуур, нийцэл
21.1.Ногоон санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа нь ногоон таксономитой нийцсэн байна.
21.2.Ногоон санхүүжилт нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл учруулахгүй байх зарчмыг хангана.
21.3.Уур амьсгалын санхүүжилтэд хамрагдах төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл, хохирлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулж байгаа нь хэмжигдэхүйц, баталгаажихуйц байна.
21.4.Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулахад энэ хуульд заасан хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо, холбогдох аргачлалыг баримтална.
21.5.Карбон зах зээлийн хүрээнд үүсэх карбон кредит, сааруулалтын үр дүн тэдгээрээс үүсэх орлогын тооцоо, шилжүүлэг, ашиглалт нь энэ хуулийн карбон зах зээлийн зохицуулалтаар зохицуулагдана.
22 дугаар зүйл. Ногоон санхүүжилтийн ил тод байдал, хяналт
22.1.Ногоон санхүүжилт олгох шийдвэр, санхүүжилтийн эх үүсвэр, зориулалт, хэрэгжилтийн явц, үр дүн, байгаль орчин, уур амьсгалын нөлөөллийн талаарх мэдээлэл нь ил тод, нээлттэй, нийтэд хүртээмжтэй байна.
22.2.Ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн үр дүнг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах эрсдэл болон гарз хохирлыг бууруулахад оруулж буй бодит хувь нэмрээр хэмжиж, энэ хуулийн 7.1.9-т заасан журмын дагуу үнэлнэ.
22.3.Ногоон санхүүжилтийн үр дүнг болон энэ хуулийн 21.3-т заасан уур амьсгалын санхүүжилтийн үр дүнг баталгаажуулах үйл ажиллагааг стандартын дагуу магадлан итгэмжлэгдсэн хараат бус мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
22.4.Ногоон санхүүжилтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үүссэн, баталгаажсан үр дүнг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайланд тусган тайлагнана.
22.5.Хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр үүсгэн байгуулагдсан санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах, тайлагнах, хэрэгжилтэд хяналт тавих журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батална.
22.6.Хүлэмжийн хий ялгаруулдаг салбарт ногоон санхүүжилт, зээл олгох, хөрөнгө оруулалт хийхдээ байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн үнэлгээг харгалзана.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
КАРБОН ЗАХ ЗЭЭЛ
23 дугаар зүйл. Карбон зах зээлийн зохицуулалт
23.1.Карбон зах зээл нь дараах хэлбэртэй байна:
23.1.1.олон талт;
23.1.2.хоёр талт;
23.1.3.үндэсний;
23.1.4.дүйцүүлэх;
23.1.5.сайн дурын.
23.2.Энэ хуулийн 23.1-т заасан карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийн үр дүнд сааруулалтын үр дүн, карбон кредит, олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүн үүснэ.
23.3.Карбон зах зээлийн үйл ажиллагаанд дараах үндсэн шаардлагыг хангана:
23.3.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах төрийн бодлого, зорилттой нийцсэн байх;
23.3.2.бодит, хэмжигдэхүйц, нэмэлт, баталгаажсан үр дүнд суурилах;
23.3.3.давхар тооллого үүсгэхгүй байх;
23.3.4.сааруулалтын үр дүн нь урт хугацаанд хадгалагдах;
23.3.5.байгаль орчин, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх;
23.3.6.сонирхогч талуудын тэгш оролцоог хангах, үр ашгийг шударгаар хуваарилах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
23.3.7.тухайн төсөл хэрэгжих орон нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжсэн тогтоолд үндэслэсэн байх;
23.3.8.тухайн төсөл хэрэгжих орон нутгийн иргэдтэй урьдчилан зөвлөлдөж, санал авсан байх.
23.4.Карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч нь карбон бүртгэлийн системд бүртгүүлж, дараах тодорхойлолтыг авна:
23.4.1.энэ хуулийн 8.2.5-д заасан тодорхойлолт;
23.4.2.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрт олгосон зөвшөөрсөн тухай тодорхойлолт;
23.4.3.хоёр талт болон олон талт карбон зах зээлийн хүрээнд үүссэн олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн шилжүүлэгт олгосон зөвшөөрсөн тухай тодорхойлолт;
23.4.4.энэ хуулийн 8.2.8-т заасан тодорхойлолт.
23.5.Карбон зах зээлийн төсөлд олгох зөвшөөрсөн тухай тодорхойлолтод дараах асуудлыг тусгана:
23.5.1.үүсэх сааруулалтын үр дүнгээс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтод тооцох хэмжээ;
23.5.2.эрсдэлийн санд хуримтлуулах сааруулалтын үр дүнгийн хувь хэмжээ;
23.5.3.хүлэмжийн хийн үндэсний тооллогод харгалзах тохируулга хийх шаардлага;
23.5.4.давхар тооллого үүсгэхээс сэргийлэхэд шаардлагатай суурь мэдээлэл;
23.5.5.сааруулалтын үр дүнгийн ашиглах зорилго;
23.5.6.зөвшөөрсөн тухай тодорхойлолт олгож буй сааруулалтын үр дүнгийн хамрах хүрээ, хэмжээ;
23.5.7.төслийн суурь түвшин, аргачлал, нэмэлт чанарын шаардлага;
23.5.8.хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шаардлага;
23.5.9.сааруулалтын үр дүнгийн эхний шилжүүлэг;
23.5.10.төслийн хугацаа болон сааруулалтын үр дүн үүсгэх хугацаа;
23.5.11.сааруулалтын үр дүнгийн тогтвортой байдал, буцаалтын эрсдэлийн удирдлагын шаардлага.
23.6.Энэ хуулийн 23.1.1 болон 23.1.2-т заасан карбон зах зээлийн хүрээнд сааруулалтын үр дүнгийн урт хугацааны хадгалалт алдагдах, хэтрүүлэн тооцож шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан буцаан алдагдах эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруулалтын үр дүнгээс тогтоосон хувь хэмжээгээр тооцож, энэ хуулийн 4.1.40-д заасан санд төвлөрүүлнэ.
23.7.Карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнг төсөл хэрэгжүүлэгч талууд хооронд хуваарилах, ашиглах асуудлыг хоёр талт хэлэлцээр болон төсөл хэрэгжүүлэх гэрээгээр зохицуулна.
23.8.Энэ хуулийн 11.1-т заасан байгууллага карбон зах зээлийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний төлбөр, хураамж, шимтгэлийг Байгаль орчин, уур амьсгалын санд байршуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
24 дүгээр зүйл.Карбон кредитийн бүртгэл, шилжүүлэг
24.1.Баталгаажсан карбон кредит нь карбон кредитийн бүртгэлийн системд бүртгэгдсэнээр эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах, арилжаалах болон захиран зарцуулах эрх үүснэ.
24.2.Улсын, орон нутгийн төсвийн санхүүжилтээр шууд санхүүжээгүй төслөөс үүссэн карбон кредитийн эзэмших эрхийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, төслийг хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөл болон бусад сонирхогч талуудын хооронд байгуулсан гэрээгээр тогтоох бөгөөд тухайн гэрээнд талуудын оролцоо, эрх, үүрэг, үр ашгийн хуваарилалт тусгагдсан байна.
24.3.Улсын, орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслөөс үүсэх кредитийг эзэмших, ашиглах, шилжүүлэх, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулахтай холбоотой харилцааг энэ хуулийн 7.1.7-д заасан журмаар зохицуулна.
24.4.Карбон кредитийн эзэмшил, шилжүүлгийн мэдээллийн үндэсний бүртгэлд бүртгэж, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийн тайланд тусгаж тайлагнана.
25 дугаар зүйл.Газартай холбоотой карбон кредитийн зохицуулалт
25.1.Газрын ашиглалттай холбоотой сааруулалтын үйл ажиллагаанаас үүсэх карбон кредитийн эзэмшил, ашиглалт, шилжүүлэг нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлахгүй байна.
25.2.Газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч болон төсөл хэрэгжүүлэгч этгээдийн хооронд карбон кредиттэй холбоотой эрх, үүргийг гэрээгээр зохицуулна.
25.3.Төрийн нийтийн өмчийн газарт хэрэгжүүлсэн төслөөс үүсэх сааруулалтын үр дүн, кредитийн өмчлөл, ашиглалт, шилжүүлэлтийг энэ хуульд заасан зарчимд нийцүүлэн төслийн оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
25.4.Хамтын ашиглалтын шинжтэй бэлчээр, төрийн нийтийн өмчийн газарт хэрэгжүүлэх карбон зах зээлийн төсөл, хөтөлбөрөөс үүсэх үр өгөөж, орлогын хуваарилалтыг тухайн орон нутгийн иргэд, малчдын оролцоог хангах шударга зарчимд нийцүүлэн тогтооно.
26 дугаар зүйл.Хэмжилт, тайлагнал, баталгаажуулалт
26.1.Төсөл хэрэгжүүлэгч нь сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрийн хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтыг батлагдсан аргачлалын дагуу жил бүр хийж, энэ хуулийн 11.1-т заасан байгууллагад хүргүүлнэ.
26.2.Сааруулалтын үр дүнгийн баталгаажуулалт нь урьдчилсан баталгаажуулалт болон үр дүнгийн баталгаажуулалтаас бүрдэх бөгөөд баталгаажуулалтыг холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу итгэмжлэгдсэн, хараат бус хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
26.3.Сааруулалтын үр дүн үүсгэх төсөл, хөтөлбөрийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын журмыг энэ хуулийн 8.2-т заасан байгууллага батална.
26.4.Энэ хуулийн 26.2-т заасан итгэмжлэгдсэн, хараат бус этгээдийг бүртгэх журмыг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангана.
26.5.Сайн дурын карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрөөс үүсэх карбон кредиттэй холбоотой хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тайланг баталгаажуулалт хийгдсэний дараа энэ хуулийн 11.1-т заасан байгууллагад хүргүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН САН, ИЛ ТОД БАЙДАЛ
27 дугаар зүйл. Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформ
27.1.Үндэсний платформ нь төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага болон олон улсын түншүүдийн мэдээлэл солилцох, зөвлөлдөх, хамтын ажиллагааг дэмжих үндэсний мэдээллийн систем байна.
27.2.Энэ хуулийн 11.1-т заасан байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, төсөл, хөтөлбөрийн үр дүн, хүлэмжийн хийн үндэсний тооллоготой холбоотой мэдээллийг Үндэсний платформоор дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, түүнийг удирдлага, зохион байгуулалтаар хангана.
28 дугаар зүйл. Хяналт, шинжилгээ, үнэлгээ, ил тод байдал
28.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах, гарз хохирлыг бууруулах, технологи дамжуулах, чадавх бэхжүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгож, аргачлалыг батална.
28.2.Энэ хуулийн хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, арга хэмжээ, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн үр дүнгийн үнэлгээг жил бүр хийж, хөндлөнгийн хараат бус мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан Засгийн газарт танилцуулна.
28.3.Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн хүрээнд батлагдсан холбогдох шийдвэр, удирдамжийн дагуу дараах тайлан, мэдээллийг тогтоосон хугацаанд ил тод байдлыг ханган тайлагнана:
28.3.1.хүлэмжийн хийн үндэсний тооллогын тайлан;
28.3.2.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн ил тод байдлын тайлан;
28.3.3.уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын үндэсний тайлан, илтгэл;
28.3.4.карбон кредит болон олон улсад шилжүүлэн тооцох сааруулалтын үр дүнгийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан;
28.3.5.уур амьсгалын санхүүжилтийн талаарх жил тутмын шинэчилсэн мэдээлэл бүхий тайлан.
28.4.Энэ хуулийн 28.3-т заасан тайлан, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор дотоодын хяналт, чанарын баталгаажуулалт болон олон улсын техникийн шинжилгээнд хамруулна.
28.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл, хүлэмжийн хийн ялгарал, сааруулалт болон дасан зохицох арга хэмжээний талаарх мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тайлагналын стандартын дагуу ил тод мэдээлж болно.
29 дүгээр зүйл.Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбоны бүртгэл
29.1.Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, дасан зохицох болон сааруулах арга хэмжээний талаарх мэдээллийг хадгалах, шинэчлэх мэдээллийн сантай байна.
29.2.Төрийн болон орон нутгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой холбогдох өгөгдөл, мэдээллийг тогтоосон журмын дагуу энэ хуулийн 29.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.
29.3.Энэ хуулийн 11.1-т заасан байгууллага хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийн систем болон карбон бүртгэлийн системийг удирдлага зохион байгуулалтаар хангана.
29.4.Карбон бүртгэлийн систем нь хүлэмжийн хийн үндэсний тооллогын систем болон олон улсын холбогдох карбон бүртгэлийн системтэй уялдсан байна.
29.5.Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбон бүртгэлийн систем нь Үндэсний платформын бүрэлдэхүүн хэсэг байна.
29.6.Мэдээллийн сан, бүртгэлийн систем дэх өгөгдөл, мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн ил тод, хүртээмжтэй байлгах бөгөөд үндэсний аюулгүй байдал, нууцлалтай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
30 дугаар зүйл. Хориглох үйл ажиллагаа
30.1.Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах зохицуулалттай карбон кредитийг энэ хуулийн 8.2-т заасан байгууллагын зөвшөөрсөн тухай тодорхойлолтгүйгээр худалдах, арилжих, бусад байдлаар шилжүүлэхийг хориглоно.
30.2.Ногоон санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх үр нөлөө, үр дүнгийн талаар илт худал, төөрөгдүүлсэн, баталгаажаагүй мэдээлэл ашиглан тайлагнахыг хориглоно.
31 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.2.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
31.3.Энэ хуулийн 22.7-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тухайн ногоон санхүүжилтийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
32 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
32.1.Энэ хуулийг 2026 оны … сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
-оОо-
1
Нүүр
Санал өгөх