A

A

A

Хариуцагч байгууллага Улаанбаатар
Нийтэлсэн огноо 2025-09-12 18:11:53
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 19
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-09-27

Танилцуулга:

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны …дугаар Улаанбаатар

сарын …-ны өдөр хот

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх, гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх

Хэвлэх

хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль,[2] энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэхэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

3.2.Өв залгамжлалын хэрэгт гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй.

3.3.Гэр бүлийн хэргийг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эвлэрүүлэн зуучлахад энэ хууль үйлчлэхгүй.

4 дүгээр зүйл.Хуулийн зарчим

Хэвлэх

4.1.Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах зарчим үйлчилнэ:

4.1.1.мэтгэлцэх;

4.1.2.шүүх нотлох;

4.1.3.хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ

5 дугаар зүйл.Гэр бүлийн хэргийн төрөл

Хэвлэх

5.1.Дараах гэр бүлийн хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ:

5.1.1.энэ хуулийн 5.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох;

5.1.2.хүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлах;

5.1.3.сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцох;

5.1.4.асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох;

5.1.5.хүүхэд үрчлүүлснийг хүчингүйд тооцох;

5.1.6.асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах;

5.1.7.эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, эсхүл сэргээх;

5.1.8.гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох.

5.2. Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно:

5.2.1.садан, төрлийн холбоо байгаа эсэх;

5.2.2.бусдын асрамжинд байгаа эсэх;

5.2.3.хүүхдийн эцэг, эхийг тогтоолгох.

5.3.Энэ хуулийн 5.1-д заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх гэр бүлийн хэргээс бусад гэр бүлийн хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

5.4.Гэр бүлийн хэрэгтэй холбогдуулан гэм хор, нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан бол гэр бүлийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ.

6 дугаар зүйл.Нэхэмжлэл, хүсэлт гаргах харьяалал

Хэвлэх

6.1.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

6.2.Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргаж болно.

6.3.Зохигч энэ хуулийн 6.1-д заасан маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг харилцан тохиролцон тогтоож болно.

6.4.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

6.5.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

6.6.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

6.7.Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай гэж тооцуулах хүсэлтийг уг иргэний оршин суугаа, эсхүл эмчлүүлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

6.6.Хорих ял эдэлж байгаа хүн нэхэмжлэл, хүсэлтээ ял эдэлж байгаа газрын нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд гаргана.

6.7.Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийн хүсэлтийг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу гаргана.

7 дугаар зүйл.Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал

Хэвлэх

7.1.Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид хамаарах нэхэмжлэл, хүсэлтийг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх харьяалан анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

7.2.Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх гэр бүлийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.

7.3.Улсын дээд шүүх гэр бүлийн хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл.Шүүх хуралдаан явуулах

Хэвлэх

8.1.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулна.

9 дүгээр зүйл.Шүүх бүрэлдэхүүн

Хэвлэх

9.1.Энэ хуульд заасан гэр бүлийн хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ.

10 дугаар зүйл.Зохигч биечлэн оролцох

Хэвлэх

10.1.Зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа ч гэсэн энэ хуулийн 10.6-д зааснаас бусад тохиолдолд зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох үүрэгтэй.

10.2.Зохигчийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно.

10.3.Хариуцагч хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно. Нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гаргана.

10.4.Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимаар оролцох бол энэ тухай хүсэлтийг шүүхэд урьдчилан гаргана.

10.5.Хүндэтгэн үзэх шалтгаантай бол зохигчийн төлөөлөгчийг цахимаар оролцуулж болно.

10.6.Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь үндэслэлтэй гэж шүүх үзвэл зохигч биечлэн оролцохгүй байж болно. Энэ тохиолдолд төлөөлөгч оролцоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

11 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам

Хэвлэх

11.1.Нэхэмжлэл, хүсэлт, хариу тайлбар, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын загварыг Улсын дээд шүүх батална.

11.2.Гэр бүлийн хэргийн шүүх хуралдааны дэгийг Улсын дээд шүүх батална.

11.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрдүүлээгүй бол хэрэг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангах 14 хоног хүртэл хугацаа тогтоож, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангах боломжийг олгоно.

11.4.Мэдэгдэх хуудас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, цахим баримт гаргах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754дүгээр зүйл, 756 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

12 дугаар зүйл.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл

Хэвлэх

12.1.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгаа эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

12.2.Хүүхдэд асрамж тогтоох, тэжээн тэтгэх, тусдаа амьдрах эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзах уулзалт тогтоох асуудлыг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл.Гэрлэгчдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах

Хэвлэх

13.1.Гэрлэгчид харилцан тохиролцож эд хөрөнгийн болон тэжээн тэтгэх тухай гэрээг тус тус байгуулсан бөгөөд тэдгээрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын нэхэмжлэлээр эдгээр гэрээг биелүүлэхтэй холбогдуулан шүүгч захирамж гаргана.

14 дүгээр зүйл.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

урьдчилсан арга хэмжээ

14.1.Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно:

14.1.1.насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх;

14.1.2.насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;

14.1.3.гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах;

14.1.4.гэрлэгч хэн нэгийг тэжээн тэтгүүлэх;

14.1.5.орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох;

14.1.6.шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх;

14.1.7.зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах;

14.1.8.энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлах ажиллагаа явуулах.

15 дугаар зүйл.Гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлах

Хэвлэх

15.1.Хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүгч шаардлагатай гэж үзвэл дараах ажиллагааг өөрийн санаачилгаар явуулна:

15.1.1.гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийхийг энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчид даалгах тухай захирамж гаргах;

15.1.2.холбогдох байгууллага, хувь хүнээс дансны мэдээлэл, хөрөнгийн байдал, орлого, боловсролын байдал болон бусад шаардлагатай мэдээлэл, лавлагаа, тодорхойлолтыг гаргуулах.

16 дугаар зүйл.Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч

Хэвлэх

16.1.Шүүхэд гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлах чиг үүрэг бүхий шүүхийн ажилтан байна.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчид дараах шаардлага тавигдана:

16.2.1.25 насанд хүрсэн;

16.2.2.сэтгэл зүй, боловсрол, нийгмийн хамгаалал, социологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй;

16.2.3.энэ хуулийн 16.2.2-т заасан мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан;

16.2.4.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч нь энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг 14 хоногийн дотор хийж, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тухай тайланг шүүхэд хүргүүлнэ.

16.4.Энэ хуулийн 16.1-д заасан гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч нь гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлахдаа хараат бус байх зарчмыг баримтална.

17 дугаар зүйл.Татгалзангарах үндэслэл

Хэвлэх

17.1.Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч дараах үндэслэл байвал гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлахгүй:

17.1.1.хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;

17.1.2.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг гэр бүлийн нөхцөл байдлыг шударгаар шинжлэн судалж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

17.1.3.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.

17.2.Энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үндэслэлээр гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийг татгалзаж үл болно.

18 дугаар зүйл.Татгалзангарах хүсэлт гаргах

Хэвлэх

18.1.Энэ хуулийн 17.1-д заасантатгалзангарах үндэслэл байвал гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч энэ хуулийн 16.3-т заасан шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор мэдэгдэжтатгалзангарах үүрэгтэй.

18.2.Татгалзангаргах тухай асуудлыг үндэслэлтэй эсэхийг шүүгч шийдвэрлэж, захирамж гаргана.

19 дүгээр зүйл.Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн тайлан

Хэвлэх

19.1.Гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлахдаа асуулт асуух, холбогдох байгууллагаас лавлагаа, тодорхойлолт гаргуулах зэргээр тухайн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн судлах бөгөөд дараах асуудлыг заавал судлан тусгана:

19.1.1.маргааны шалтгаан, нөхцөл, талуудын хүсэлт;

19.1.2.өр төлбөр, авлага, эд хөрөнгө, орлого, зарлага гэх зэрэг санхүүгийн байдал;

19.1.3.дундын эд хөрөнгийн асуудлаар маргаантай бол хэрхэн хуваах талаарх тохиролцоо, хүсэл зориг;

19.1.4.хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан хүлээн зөвшөөрөөгүй бол гэрлэгчдийн эрүүл мэнд, сэтгэлзүй, зан араншин, хүүхдийг өөрийн асрамжид үлдээхэд ажил төрлийн байдал, хүүхэдтэй уулзах боломж зэрэг асуудал;

19.1.5.долоогоос дээш насны хүүхдийн саналыг ярилцлага хэлбэрээр авах;

19.1.6.хүүхдийн онцлог байдал, шаардлагатай бол сурган хүмүүжүүлэгчээс лавлах;

19.1.7.эвлэрэх боломжтой эсэх талаарх гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн тухайн гэр бүлийн хэргийг хэрхэн шийдвэрлэвэл зохих санал.

19.2.Энэ хуулийн 15.1.1-д заасан үнэлгээ хийх журмыг Улсын дээд шүүх батална.

19.3.Энэ хуулийн 15.1.1-д заасан үнэлгээний тайланд талууд гомдол гаргах эрхгүй. байна.

19.4.Энэ хуулийн 15.1.1-д заасан үнэлгээг шүүгч шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ.

20 дугаар зүйл.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох

Хэвлэх

20.1.Шүүгч энэ хуулийн 14.1.8-д зааснаас бусад гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг зохигчийн хүсэлтээр өөрчлөх, эсхүл хүчингүй болгож болно.

20.2.Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг дараах нөхцөлд дуусгавар болсонд тооцно:

20.2.1.гэрлэгчид эвлэрч шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон;

20.2.2.гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан.

21 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлах тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

21.1.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах үндэслэл болохгүй.

21.3.Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

21.4.Дараах тохиолдолд шүүгч энэ хуулийн 21.1-д заасан арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно:

21.4.1.гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон;

21.4.2.гэрлэгчид бие биенээсээ тусдаа амьдраад таван жил болсон ба гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;

21.4.3.бага насны хүүхэдгүй бөгөөд гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн.

21.5.Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана.

21.6.Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хүүхдийг тусдаа амьдрах эцэг, эсхүл эхтэй хэрхэн уулзуулах уулзалт тогтоох талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол энэ тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран хамт шийдвэрлэнэ.

21.7.Хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, орон сууцны маргааныг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ.

21.8.Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.

21.9.Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана.

22 дугаар зүйл.Онцгой ажиллагааны журмаар хянан

Хэвлэх

шийдвэрлэх хэргийн хүсэлт

22.1.Энэ хуулийн 5.1, 5.2-т заасан хэргийн талаарх хүсэлтэд зорилго, шалтгаан, үндэслэлийг тодорхой тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.

23 дугаар зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагаа

Хэвлэх

23.1.Хүсэлт хүлээн авсан шүүгч алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах хүн /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан/ байгаа эсэхийг тодруулж, сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана.

23.2.Шүүгч шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно.

24 дүгээр зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

24.1.Иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүгч хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.

24.2.Шүүгч иргэнийг сураггүй алга болсонд тооцож, шийдвэртээ түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана.

24.3.Иргэнийг нас барсан гэж зарласан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.

25 дугаар зүйл.Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

Хэвлэх

25.1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.

25.2.Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана.

26 дугаар зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл

Хэвлэх

эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргах

26.1.Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.

27 дугаар зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх

Хэвлэх

27.1.Хүсэлт хүлээн авсан шүүх нь сэтгэцийн эмгэг судлалын шинжээч томилон шинжилгээ хийлгэж, тухайн иргэний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.

27.2.Шинжилгээ хийлгэхээс зайлсхийсэн этгээдэд шүүгчийн захирамжийн дагуу албадан шинжилгээ хийлгэж болно.

27.3.Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ асран хамгаалах байгууллагын төлөөлөгч, харгалзан дэмжвэл буюу асран хамгаалбал зохих этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж болно.

28 дугаар зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн

Хэвлэх

чадамжгүй гэж тооцох тухай шийдвэр

28.1.Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож уг иргэнд харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг тогтооно.

28.2.Хязгаарлагдмал чадамжтай, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал уг иргэн, түүний харгалзан дэмжигч,асран хамгаалагч, түүнчлэн энэ хуулийн 26.1-д заасан этгээдийн хүсэлтийн дагуу шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэн эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно.

28.3.Энэ хуулийн 28.2-т заасан шийдвэр гарсны дараа уг хүнд тогтоосон харгалзан дэмжилт, асран хамгаалалтыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргана.

29 дүгээр зүйл.Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн зардал

Хэвлэх

29.1.Иргэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас хязгаарлагдмал чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.

29.2.Сэтгэцийн талаар эрүүл гэдгийг мэдсээр байж иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах буюу хасуулахын тулд энэ хуулийн 26.1-д заасан хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.

30 дугаар зүйл.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, түүнийг хянан шийдвэрлэх

Хэвлэх

30.1.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.

30.2.Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.

30.3.Шүүх энэ хуулийн 30.2-т зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ШҮҮХИЙН ШАТАН ДАХЬ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА

31 дүгээр зүйл.Шүүхийн шатан дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Хэвлэх

31.1.Энэ хуулийн 21.2-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахад энэ бүлэгт заасан журам үйлчилнэ.

31.2.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6.3-т заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд энэ бүлэг хамаарахгүй.

31.3.Энэ хуулийн 21.1-д заасны дагуу хэрэг үүсгэсэн шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл энэ хуулийн 19.1-д заасан гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн үнэлгээгээр талуудыг эвлэрүүлэх боломжтой гэж үзсэн бол талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлалын хороонд хэргийг шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргана.

31.4.Энэ хуулийн 31.3-т заасны дагуу хэргийг эвлэрүүлэн зуучлалын хороонд шилжүүлэхэд гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн бол энэ тухай шинжээчийн тайланг хавсаргаж, гэрлэгчид эвлэрэх боломж, үндэслэлийн талаарх шүүгчийн тайлбарыг энэ хуулийн 31.3-т заасан захирамжид тусгана.

32 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын хороо

Хэвлэх

32.1.Эвлэрүүлэн зуучлалын хороо нь эвлэрүүлэн зуучлалын шүүгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гишүүн, орон тооны бус гишүүнээс бүрдэнэ.

32.2.Эвлэрүүлэн зуучлалын шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилно.

33 дугаар зүйл.Эвлэрүүлэн зуучлалын хорооны орон тооны бус гишүүн

Хэвлэх

33.1.Эвлэрүүлэн зуучлалын хорооны орон тооны бус гишүүн нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй, нийгэмд эзлэх байр суурьтай, гэр бүлтэй иргэн байна.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан эвлэрүүлэн зуучлалын хорооны орон тооны бус гишүүнийг хоёр жилийн хугацаагаар Шүүхийн ерөнхий зөвлөл томилно.

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан эвлэрүүлэн зуучлалын хорооны орон тооны бус гишүүн нь эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцсоны төлөө аливаа төрлийн урамшуулал авахгүй.

33.4.Энэ хуулийн 33.4-т заасан орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.

34 дүгээр зүйл.Шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам

Хэвлэх

34.1.Эвлэрүүлэн зуучлалын шүүгч энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлалын хорооны гишүүнд чиглэл өгч, гишүүн чиглэлийн дагуу эвлэрүүлэх хуралдааныг зохион байгуулна.

34.2.Шаардлагатай тохиолдолд эвлэрүүлэн зуучлалын шүүгч гэрлэгчдийг сэтгэлзүйчтэй уулзуулах арга хэмжээ авахыг эвлэрүүлэн зуучлалын хороонд даалгана.

34.3.Энэ хуулийн 34.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээний хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д заасан асуудлаар гэрлэгчдийг харилцан тохиролцоход эвлэрүүлэн зуучилж болно.

34.4.Гэрлэгчид энэ хуулийн 34.2-т заасан асуудлаар харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн гэж үзвэл хэрэг үүсгэсэн шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэрт энэ талаар тусгана.

34.5.Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД

35 дугаар зүйл.Дагаж мөрдөх журмын зохицуулалт

Хэвлэх

35.1.Энэ хуулийн 5, 7 дугаар зүйлийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

35.2.Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад зүйлийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

35.3.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө гарсан гэр бүлийн холбогдолтой хэргийг энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг харилцааг зохицуулж байсан хуулийн дагуу шүүх харьяалан хянан шийдвэрлэнэ.

Гарын үсэг

1

[1] Монгол Улсын Үндсэн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

Төслийн хавсралтууд
Санал өгөх