A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2025-09-01 20:34:04
Төслийн төлөв Идэвхтэй
  • 24
  • 0
  • 1507
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2025-10-30

Танилцуулга:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

Нэгдүгээр бүлэг.Нийтлэг үндэслэл

 

1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт

 

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж

 

3 дугаар зүйл.

Хуулийн үйлчлэх хүрээ

 

4 дүгээр зүйл.

Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

Хоёрдугаар бүлэг.Татвар төлөгч, түүнд үзүүлэх хөнгөлөлт

 

5 дугаар зүйл.

Татвар төлөгч

 

6 дугаар зүйл.

Татвар төлөгчид үзүүлэх татварын хөнгөлөлт, урамшуулал

 

Гуравдугаар бүлэг.Татвар суутган төлөгч, түүний бүртгэл

 

7 дугаар зүйл.

Татвар суутган төлөгч

 

Дөрөвдүгээр бүлэг.Татвар ногдуулах бараа, ажил, үйлчилгээ, татварын хувь

 

8 дугаар зүйл.

Татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

 

9 дүгээр зүйл.

Татвар ногдуулах

 

10 дугаар зүйл.

Татвар ногдуулах борлуулалтын үнэлгээ

 

11 дүгээр зүйл.

Татварын хувь

 

12 дугаар зүйл.

Татвараас чөлөөлөх

 

Тавдугаар бүлэг.Худалдан авалтад төлсөн татварын хасалт, татварын эцсийн тооцоо хийх

 

13 дугаар зүйл.

Худалдан авалтад төлсөн татварын хасалт

 

14 дүгээр зүйл.

Тайлант хугацааны татварын эцсийн тооцоо хийх

 

Зургаадугаар бүлэг.Татвар тайлагнах, төлөх, илүү төлсөн татварыг буцаан олгох

 

15 дугаар зүйл.

Татвар тайлагнах

 

16 дугаар зүйл.

Татвар төлөх

 

17 дугаар зүйл.

Татвар төлөх хугацааны хөнгөлөлт

 

18 дугаар зүйл.

Татвар суутган төлөгчийн илүү төлсөн татварыг баталгаажуулах

 

19 дүгээр зүйл.

Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын төлсөн татварыг баталгаажуулах

 

20 дугаар зүйл.

Илүү төлсөн татварыг буцаан олгох

 

21 дүгээр зүйл.

Монгол Улсад түр хугацаагаар аялсан гадаадын иргэний

худалдан авсан бараанд төлсөн татварыг буцаах олгох

 

Долдугаар бүлэг.Тусгайлсан татварын харилцаа

 

22 дугаар зүйл.

Татварын хялбаршуулсан горим

 

23 дугаар зүйл.

Гадаад улсаас цахимаар үзүүлэх үйлчилгээ

 

Наймдугаар бүлэг.Бусад

 

24 дүгээр зүйл.

Хууль хүчин төгөлдөр болох

 

Хэвлэх

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны ... сарын ... өдөр                                                                  Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид "татвар" гэх/-ыг ногдуулах, тайлагнах, төлөх, буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хууль нь Монгол Улсад импортоор оруулсан, Монгол Улсаас экспортод гаргасан, Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулах харилцааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."ажил" гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх" гэснийг;

4.1.2."бараа" гэж мөнгөн хөрөнгө, цахим мөнгө, виртуал хөрөнгөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;

4.1.3."борлуулалт" гэж мөнгө болон түүнтэй адилтгах үнэ цэнээр үнэлж, барааг бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг;

4.1.4."орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай баригдан, уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа нийтийн болон амины орон сууцны барилгыг;

4.1.5."оршин суугч бус этгээд" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д заасан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус татвар төлөгчийг;             

4.1.6."үйлчилгээ" гэж мөнгөн хөрөнгө, цахим мөнгө, виртуал хөрөнгө, бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад бүх төрлийн үйл ажиллагаа.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТАТВАР ТӨЛӨГЧ, ТҮҮНД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТ

5 дугаар зүйл.Татвар төлөгч

Хэвлэх

5.1.Аж ахуйн үйл ажиллагаанд бус, хувийн хэрэглээндээ зориулан татвар ногдуулсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авч байгаа эцсийн хэрэглэгч хувь хүн татвар төлөгч байна.

5.2.Татвар төлөгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлнэ.

6 дугаар зүйл.Татвар төлөгчид үзүүлэх татварын хөнгөлөлт, урамшуулал

Хэвлэх

6.1.Татвар төлөгчийн тухайн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 100 хувь, 500,001-1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 50 хувь, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олгоно.

6.2.Татвар төлөгч нь татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, холбогдох төлбөрийн баримтыг хуульд заасан хугацаанд цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлж, баталгаажуулснаар татварын хөнгөлөлтийг эдэлнэ.

6.3.Татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварын хөнгөлөлтийг төлбөрийн баримт баталгаажсанаас хойш хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 45 хоногт, бусад тохиолдолд нэг сарын дотор тухайн татвар төлөгчийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй дансанд олгоно.

6.4.Татварын албанаас төлбөрийн баримтыг энэ зүйлийн 6.2-т заасан шаардлагад нийцээгүй эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд уг худалдан авалт, төлбөрийн баримтыг нягтлан, татвар төлөгчөөс шаардлагатай тайлбар, тодруулгыг авсны үндсэн дээр төлбөрийн баримтыг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэнэ.

6.5.Татвар төлөгчийг бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, холбогдох төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн тохиолдолд сугалааны тохирлоор урамшуулал олгож болно.

6.6.Татвар төлөгчид үзүүлэх энэ зүйлийн 6.1-д заасан хөнгөлөлтийг олгох, баталгаажуулах, түүнийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам, 6.5-д заасан урамшууллын хэмжээ, олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧ,

ТҮҮНИЙ БҮРТГЭЛ

7 дугаар зүйл.Татвар суутган төлөгч

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 4.1.3-т заасан борлуулалт хийж үйл ажиллагааны орлого олсон этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч (цаашид "татвар суутган төлөгч") болно.

7.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албанд бүртгэлтэй төлөөний газар нь татвар суутган төлөгч байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТАТВАР НОГДУУЛАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ТАТВАРЫН ХУВЬ

8 дугаар зүйл.Татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ

Хэвлэх

8.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан, Монгол Улсад импортоор оруулсан, Монгол Улсаас экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулна.

8.2.Оюуны өмч, патент, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрх, ноу-хау, аж үйлдвэрийн өмч, (барааны тэмдэг, газар зүйн заалт, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар), худалдааны нууц, франчайз, мерчандайз, лиценз зэрэг оюуны өмчийг ашиглах, шилжүүлэхийг энэ хуульд заасан үйлчилгээнд хамааруулна.

8.3.Төрийн байгууллагаас олгосон эрхийг борлуулах, шилжүүлэхийг энэ хуульд заасан бараанд хамааруулна.

8.4.Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй.

9 дүгээр зүйл.Татвар ногдуулах

Хэвлэх

9.1.Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан, экспортод гаргасан, импортоор оруулсан тухай бүр татвар ногдуулж, төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн баримт эсхүл гаалийн мэдүүлэг үйлдэнэ.

9.2.Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1-д заасны дагуу хүлээн зөвшөөрч, борлуулалтын нэхэмжлэл, эсхүл төлбөрийн баримт үйлдсэнээр татвар ногдуулна.

9.3.Татвар суутган төлөгч нь татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчид барааг хуваарилах шийдвэр гаргасан өдрөөр тооцож татвар ногдуулна.

9.4.Барааг импортоор оруулсан, экспортод гаргасан бол уг барааг гаальд мэдүүлж бүрдүүлэлт хийсэн өдрөөр тооцож татвар ногдуулна.

9.5.Татвар суутган төлөгчийн ногдуулсан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг (цаашид "татварын өглөг" гэх)-өөр тооцож бүртгэнэ.

10 дугаар зүйл.Татвар ногдуулах борлуулалтын үнэлгээ

Хэвлэх

10.1.Бараа, ажил, үйлчилгээний татвар ногдуулах үнэлгээг доор дурдсаны дагуу тодорхойлно:

10.1.1.импортоор оруулсан барааны татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж;

10.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний гэрээ, хэлцлийн үнээр;

10.1.3.татвар суутган төлөгч нь татан буугдахдаа хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгчид барааг хуваарилах үед тухайн барааны татвар тооцох үнэлгээг жишиг үнийн аргаар;

10.1.4.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол өр төлбөрийн дүнгээр;

10.1.5.зуучлалын үйлчилгээний хувьд зуучлалын гэрээнд заасан зуучлалын шагнал, хөлсний дүнг гэрээнд тусгайлан заагаагүй бол жишиг үнийн аргаар;

10.2.Жишиг үнийн арга хэрэглэх, үнэ шилжилтийн тохируулга хийх харилцааг Татварын ерөнхий хуульд заасны дагуу зохицуулна.

11 дүгээр зүйл.Татварын хувь

Хэвлэх

11.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан, импортолсон бараа, ажил, үйлчилгээнд 10 хувийн татвар ногдуулна.

11.2.Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд тэг /"0"/ хувийн татвар ногдуулна.

11.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргаж гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;

11.2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;

11.2.3.олон улсын болон орон нутгийн нислэгт үзүүлэх агаарын навигацийн үйлчилгээ, нисэхийн үйлчилгээ, зорчигч, ачаа, шуудангийн агаарын тээврийн үйлчилгээ;

11.2.4.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн ажил, үйлчилгээ;

11.2.5.төлөөний газартайгаас бусад Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ;

11.2.6.олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүн, зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ, нисэх буудлаас үзүүлэх зорчигч үйлчилгээ, зорчигчийн аюулгүй байдлын хураамж;

11.2.7.ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн;

11.2.8.эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;

11.2.9.тур оператор, аяллын агент гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг гадаадын жуулчинд үзүүлсэн үйлчилгээ.

11.3.Энэ зүйлийн 11.2.1, 11.2.2, 11.2.4, 11.2.5, 11.2.7, 11.2.9 дэх заалтыг Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа татвар суутган төлөгчид хамааруулна.

11.4.Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ зүйлийн 11.2.2 дахь заалт хамаарахгүй.

11.5.Энэ зүйлийн 11.2.9-д заасан үйлчилгээнд жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй.

11.6.Энэ зүйлийн 11.2.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу, 11.2.8-д хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл.Татвараас чөлөөлөх

Хэвлэх

12.1.Дараах бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлнө:

12.1.1.гаалийн байгууллагаас баталсан, гадаад улс, гаалийн баталгаат бүс, чөлөөт бүсээс зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;

12.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;

12.1.3.гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар импортолсон бараа, тус санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;

12.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

12.1.5.зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын байгууллагын болон авлигатай тэмцэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл;

12.1.6.орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр, түүний тодорхой хэсгийг борлуулсны орлого;

12.1.7.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

12.1.8.энэ хуулийн 11.2.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;

12.1.9.Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

12.1.10.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерын хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж;

12.1.11. экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир.

12.2.Энэ зүйлийн 12.1.3 дахь заалтад давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр олгосон хандив, тусламжийг хамааруулна.

12.3.Тусгай зориулалтын бус автомашин худалдан авахад энэ зүйлийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй.

12.4.Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагсдад энэ зүйлийн 12.1.9-д заасан чөлөөлөх татварыг буцаан олгоно.

12.5.Дараах үйлчилгээг татвараас чөлөөлнө:

12.5.1.санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ;

12.5.2.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

12.5.3.албан боловсролын үйлчилгээ;

12.5.4.Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д заасан таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээ;

12.5.5.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;

12.5.6.орон сууцны зориулалтаар барьсан, энэ зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ;

12.5.7.Монгол Улсын Их Хурал, түүний харьяа байгууллагууд, Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ;

12.5.8.Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлогын эх үүсвэр, сангийн хөрөнгө оруулалтын орлого;

12.5.9.шашны байгууллагын үйлчилгээ;

12.5.10.оршуулгын үйлчилгээ.

12.6.Энэ зүйлийн 12.5.1-д заасан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд доор дурдсаныг хамруулна:

12.6.1.валют солих үйлчилгээ, хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбоотой үйлчилгээ;

12.6.2.даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, даатгалын хураамж;

12.6.3.үнэт цаас, хувьцаа, санхүүгийн бусад хэрэгсэл гаргах, бүртгүүлэх, шилжүүлэх, борлуулах, хүлээн авах, хадгалах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;

12.6.4.банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны зээл, зээлийн хүү, зээлийн баталгааны хураамж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн хүү, санхүүгийн түрээсээс үүсэх шаардах эрх;

12.6.5.шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/.

12.7.Энэ зүйлийн 12.5.1 дэх заалтад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүү, 10.1.3-т заасан хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ хамаарна.

12.8.Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол албан татвараас чөлөөлөхгүй.

12.9.Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ энэ зүйлийн 12.5.7-д хамаарахгүй.

12.10.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН ТАТВАРЫН ХАСАЛТ, ТАТВАРЫН ЭЦСИЙН ТООЦОО ХИЙХ

13 дугаар зүйл.Худалдан авалтад төлсөн татварын хасалт

Хэвлэх

13.1.Татвар суутган төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, импортын бараанд төлсөн татварыг татварын өглөгөөс хасаж тооцно.

13.2.Монгол Улсад оршин суугч харилцан хамааралгүй этгээдээс төлбөрийн баримтгүй худалдан авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар хийсэн тохиолдолд төлбөрийн баримт үүсгэж, төлбөрийн дүнд 10 хувийн татвар шингэсэн гэж үзэн татварын өглөгөөс хасаж тооцож болно.

13.3.Татвар суутган төлөгчийн Монгол Улсад оршин суугч бус этгээдээс ажил, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд төлбөрийг бэлэн бусаар гүйцэтгэсэн баримт, ажил, үйлчилгээний гэрээг үндэслэн ногдуулж суутгасан татварыг татварын өглөгөөс хасаж тооцно.

13.4.Энэ зүйлийн 13.2-т заасан төлбөр тооцоог хүлээн авсан этгээд борлуулалтыг хийгээгүй гэж гомдол гаргасан тохиолдолд хасалтыг түдгэлзүүлж, татварын алба 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

13.5.Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон аж ахуйн үйл ажиллагаатай шууд холбоогүй ажилтны хангамжид зориулж худалдан авалтад төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон өмнөх дараалсан 12 сарын цалингийн зардлын дундаж дүнгийн 5 хувиас тус тус хэтрэхгүй дүнгээр хасаж тооцно.

13.6. Ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхэд зориулж худалдан авалтад төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон өмнөх дараалсан 12 сарын цалингийн зардлын дундаж дүнгийн 10 хувиас хэтрэхгүй дүнгээр хасаж тооцно

13.7.Татвараас чөлөөлөгдөх үйл ажиллагаа эрхлэхэд зориулан импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулсан татварыг татварын өглөгөөс хасаж тооцохгүй.

13.8.Татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг татвар ногдох, үлдсэн хэсгийг татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд төлсөн татварыг татварын өглөгөөс хасаж тооцно.

14 дүгээр зүйл.Тайлант хугацааны татварын эцсийн тооцоо хийх

Хэвлэх

14.1.Татвар суутган төлөгч нь тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулсан татварын өглөгөөс худалдан авалтад төлсөн татварын дүнг хасаж тайлант хугацаанд төлбөл зохих татвар, эсхүл татварын илүү төлөлтийг тодорхойлно.

14.2.Худалдан авалтад төлсөн татварыг хасах, тайлант хугацаанд төлөх татварын тооцоо хийх, нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ТАТВАР ТАЙЛАГНАХ, ТӨЛӨХ, ИЛҮҮ ТӨЛСӨН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ

15 дугаар зүйл.Татвар тайлагнах

Хэвлэх

15.1.Татвар суутган төлөгч нь тухайн сарын татварын тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд цахимаар тушаана.

15.2.Татвар суутган төлөгч нь оршин суугч бус этгээдээс худалдан авсан ажил, үйлчилгээнд суутган авсан татварын тайланг энэ зүйлийн 15.1-д заасан хугацаанд харьяалах татварын албанд тушаана.

15.3.Импорт, экспортын барааны мэдүүлэг, ногдуулсан, төлсөн татварыг гаалийн байгууллага татварын албанд цахимаар харилцан мэдээлэл солилцож тухай бүр хүргүүлнэ.

16 дугаар зүйл.Татвар төлөх

Хэвлэх

16.1.Импортын барааны татварыг тухайн барааг гаальд бүрдүүлэлт хийх үед ногдуулан төсөвт төлнө.

16.2.Татвар суутган төлөгч нь энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлж тухайн сард тайлагнасан төлбөл зохих татвараа дараа сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө.

16.3.Оршин суугч бус этгээдээс татвар суутгаж тайлагнасан энэ зүйлийн 15.2-т зааснаас бусад этгээд дараа сарын 15-ны өдрийн дотор төсөвт төлнө.

17 дугаар зүйл.Татвар төлөх хугацааны хөнгөлөлт

Хэвлэх

17.1.Татварын ерөнхий хуулийн 6.1.51-д заасан хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг нэг сарын хугацаанд хойшлуулан татвар төлөх хугацааны хөнгөлөлт үзүүлнэ.

17.2.Энэ зүйлийн 17.1-д заасан хугацаанд хойшлуулсан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй татвар суутган төлөгч тухайн сард хүсэлт гаргасан тохиолдолд татвар төлөх хугацааг хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хойшлуулна.

17.3.Хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын бараанд төлөх импортын татвар төлөх хугацааг нэг сарын хугацаагаар хойшлуулна.

17.4.Энэ зүйлийн 17.3-т заасан хугацаанд хойшлуулсан татвараа бүрэн төлсөн, хууль даган мөрдөлтийн түвшин сайн буюу түүнээс дээш үнэлгээтэй импортын барааны мэдүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн импортын бараанд төлөх импортын татварын хугацааг хоёр сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр хойшлуулж болно. Хойшлуулан төлөх татварын хэмжээ нь тухайн татвар төлөгчийн сүүлийн улиралд импортолсон ижил төрлийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын сарын дунджаас хэтрэхгүй байна.

17.5.Энэ зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4-т заасны дагуу хойшлуулсан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй, хууль даган мөрдөлтийн түвшин буурсан, борлуулалтдаа цахим төлбөрийн баримт олгоогүй нь тогтоогдсон бол татвар төлөх хугацаа хойшлуулсан шийдвэр үл маргах журмаар хүчингүй болж, хүчингүй болсон өдрөөс татварын өр үүссэнд тооцно.

17.6.Энэ зүйлийн 17.5-д заасны дагуу татвар төлөх хугацааг хойшлуулсан шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тухайн татвар суутган төлөгч нэг улирлын хугацаанд энэ зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.4-т заасан хүсэлт гаргахгүй бөгөөд энэ зүйлийн 17.5-д заасан зөрчил арилсан тохиолдолд дахин 17.1-д заасан хөнгөлөлтийг эдлэхээр хүсэлт гаргаж болно.

17.7.Энэ зүйлд заасан татвар төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, хууль даган мөрдөлтийн түвшинд үндэслэн харьяа татварын алба хүсэлт ирүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.

17.8.Энэ зүйлд заасны дагуу хойшлуулсан хугацаанд татварын өр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэж өр хураах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.

Тайлбар: "Ижил төрлийн бараа" гэж Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зургаан орны түвшинд нэг ангилалд хамаарах барааг ойлгоно.

18 дугаар зүйл.Татвар суутган төлөгчийн илүү төлсөн татварыг баталгаажуулах

Хэвлэх

18.1.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар шийдвэрлэнэ:

18.1.1.дараагийн сар, улирал, жилд төлөх татварт шилжүүлэн тооцох;

18.1.2.хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох;

18.1.3.татвар төлөгчид буцаан олгох.

18.2.Татварын алба нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах, илүү төлөлтийг тооцох, энэ зүйлийн 18.1-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх цахим системтэй байна.

18.3.Татвар суутган төлөгч нь илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд цахимаар хүргүүлнэ.

18.4.Харьяа татварын алба энэ зүйлийн 18.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

18.5.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ зүйлийн 18.4-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

18.6.Буцаан олгох татварын хэмжээ нь тайлант хугацаанд худалдан авалтад төлсөн татварын дүнгээс хэтрэхгүй байна.

19 дүгээр зүйл.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын төлсөн татварыг баталгаажуулах

Хэвлэх

19.1.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг буцаан олгоно.

19.2.Энэ зүйлийн 19.1-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр, эсхүл цахимаар хүргүүлнэ.

19.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ зүйлийн 19.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж, буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

20 дугаар зүйл.Илүү төлсөн татварыг буцаан олгох

Хэвлэх

20.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.5, 19.3-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана.

20.2.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хасалт, 18, 19 дүгээр зүйлд заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21 дүгээр зүйл.Монгол Улсад түр хугацаагаар аялсан гадаадын иргэний худалдан авсан бараанд төлсөн татварыг буцаах олгох

Хэвлэх

21.1.Гадаад улсаас Монгол Улсад 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялж байгаа гадаадын иргэний хувийн хэрэгцээнд зориулж гаалийн нутаг дэвсгэрээс худалдан авсан бараанд төлсөн татварыг 100 хувь буцаан олгоно.

21.2.Энэ зүйлийн 21.1-д заасан буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:

21.2.1.татварын албаны шаардлагад нийцсэн кассын машин, пос терминал болон түүнтэй адилтгах программ хангамж, тоног төхөөрөмж бүхий татвар суутган төлөгчөөс бараа худалдан авсан байх;

21.2.2.худалдан авсан бараа цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн байх;

21.2.3.татварын албаны шаардлагад нийцсэн цахим төлбөрийн баримт авсан байх;

21.2.4.буцаан олголт авах барааны төлбөрийн баримт дээрх худалдан авалтын дүн нь Засгийн газрын баталсан үнийн дүнгээс дээш байх;

21.2.5.барааг худалдан авснаас хойш 90 хоногийн дотор өөрийн биеэр улсын хилээр авч гарах.

21.3.Энэ зүйлийн 21.1-д заасан иргэн олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараа татвар буцаан авах хүсэлтийг гаргана.

21.4.Энэ зүйлийн 21.1-д заасан иргэнд буцаан олгох төлбөрийн баримтыг бүртгэх, түүнд хяналт тавих журам, барааны жагсаалт, буцаан олгох татварын хувь хэмжээ, энэ зүйлийн 21.2.4-т заасан үнийн дүнг Засгийн газар батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ТУСГАЙЛСАН ТАТВАРЫН ХАРИЛЦАА

22 дугаар зүйл.Татварын хялбаршуулсан горим

Хэвлэх

22.1.Дараалсан 12 сарын хугацаанд 400 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, эсхүл шинээр үүсгэн байгуулагдсан, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.2-т заасан үйл ажиллагаа эрхэлдэггүй татвар суутган төлөгч өөрийн хүсэлтээр татварын хялбаршуулсан горимд хамрагдаж болно.

22.2.Татвар суутган төлөгчийн борлуулалтын орлогын хэмжээ нь татварын жилийн дундуур 400 сая төгрөгт хүрсэн тохиолдолд татварын хялбаршуулсан горимын бүртгэлээс хасаж, дараагийн сараас энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасны дагуу татвараа тайлагнаж төлнө.

22.3.Энэ зүйлийн 22.2-т заасны дагуу татварын хялбаршуулсан горимоос хасагдсан татвар суутган төлөгч дараагийн 12 сарын хугацаанд хялбаршуулсан горимд бүртгүүлэх хүсэлт гаргахгүй.

22.4.Санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй хөрөнгийн болон татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг энэ зүйлийн 22.1-д заасан борлуулалтын орлогод тооцохгүй.

22.5.Хялбаршуулсан горимд хамрагдсан татвар суутган төлөгчийн тухайн улиралд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний дүнгийн 90 хувьтай тэнцэх хэмжээгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авснаар тооцон төлбөл зохих татварыг тодорхойлж, тухайн улирлын татварын тайланг дараагийн сарын 20-ны өдрийн дотор харьяа татварын албанд цахимаар тушаана.

22.6.Хялбаршуулсан горимд хамрагдах татвар суутган төлөгч этгээд энэ зүйлийн 22.5-д заасны дагуу тодорхойлж тайлагнасан татварыг тухайн улирлын дараа сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө.

23 дугаар зүйл. Гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах татвар төлөгчид зайнаас цахимаар үзүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулах

Хэвлэх

23.1.Монгол Улсад оршин суугч бус этгээд гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах этгээдэд зайнаас, цахимаар үйлчилгээ үзүүлж, жилийн 400 сая төгрөг ба түүнээс дээш борлуулалтын орлого олсон бол оршин суугч бус этгээд нь татвар суутган төлөгчөөр бүртгүүлнэ.

23.2.Дараах нөхцөлөөс хоёр ба түүнээс дээш нөхцөлийг хангасан үйлчилгээ авагчийг зайнаас үйлчилгээ авч буй Монгол Улсад байрлах татвар төлөгч гэнэ:

23.2.1.төлбөр гүйцэтгэсэн этгээд нь Монгол Улсад байрлах;

23.2.2.зайнаас авах үйлчилгээг ашиглах төхөөрөмжийн интернэт протокол хаяг нь Монгол Улсад байрлах;

23.2.3.татвар төлөгчийн төлбөр хийхэд ашигласан дансны мэдээлэл, банкны хаяг нь Монгол Улсад байрлах;

23.2.4.татвар төлөгчийн утасны дугаар нь Монгол Улсад хамаарах;

23.2.5.үйлчилгээ авч буй байрлал нь Монгол Улсад байрлах;

23.2.6.үйлчилгээ авч буй татвар төлөгчийн худалдаанд шаардлагатай мэдээлэл нь Монгол Улсад хамаарах.

23.3.Оршин суугч бус татвар суутган төлөгч нь борлуулалтын орлогоос 10 хувиар төлөх татварыг тодорхойлно.

23.4.Оршин суугч бус татвар суутган төлөгч нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг хасагдуулахгүйгээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгээс татварыг шууд тайлагнана.

23.5.Оршин суугч бус татвар суутган төлөгч этгээд тухайн жилийн тайланг дараа жилийн эхний сарын 10-ны өдрийн дотор татварын албанд цахимаар тушаана.

23.8.Оршин суугч бус татвар суутган төлөгч этгээд энэ зүйлд заасны дагуу тухайн улиралд жилд төлбөл зохих татвараа тодорхойлж дараа сарын 15-ны өдрийн дотор төсөв төлнө.

Тайлбар: Энэ зүйлд заасан гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах татвар төлөгчид зайнаас цахимаар үзүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулах харилцаа гэж олон улсын татварын харилцаанд нийтлэг ашиглагддаг "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдалтай тэмцэх 1 дүгээр үйл ажиллагаа" буюу "Addressing the Tax Challenges of the Digital Economy"-г ойлгож, хуульд өөрөөр заагаагүй бол энэ үйл ажиллагааны дүрмийг баримтална.

НАЙМДУГААР БҮЛЭГ

БУСАД

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

24.1.Энэ хуулийг ... оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

Төслийн хавсралтууд
Төслийн саналууд
Гарчиг
  • Зочин
  • 2025-09-11 18:30:14
  • ID: LKRL-EIMF-APS31
  • Хариу илгээсэн эсэх :
Гарчиг
  • Зочин
  • 2025-09-10 11:09:57
  • ID: LKQX-DDDR-HOR11
  • Хариу илгээсэн эсэх :
Гарчиг
  • ХУЛАН БАТБААТАР
  • 2025-09-08 14:39:39
  • ID: LKQD-EMJO-XLS18
  • Хариу илгээсэн эсэх :
Гарчиг
  • МӨРӨН ГАНБОЛД
  • 2025-09-08 14:05:19
  • ID: LKQC-XUZG-ZMG99
  • Хариу илгээсэн эсэх :
Санал өгөх