Танилцуулга:
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны ... дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
/Анхдагч хууль/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс баримтлах зарчим, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, төрийн байгууллагын хүлээх үүргийг тодорхойлж хувийн аж ахуй эрхлэх эрхийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж
2.1.Эдийн засгийн эрх чөлөөний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулиар хориглосноос бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд хамаарна.
3.2.Цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт зэвсэг, хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох харилцаанд энэ хууль хамаарахгүй.
3.3.Иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой энэ хуулиар тогтоосон зарчим, зохицуулалтад нийцээгүй хууль тогтоомж, эрх зүйн актыг дагаж мөрдөхгүй.
4 дүгээр зүйл.Эдийн засгийн эрх чөлөөг хангах талаартөрөөс баримтлах зарчим
4.1.Төр иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулахтай холбоотой дараах зарчмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө:
4.1.1.хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй байх;
4.1.2.аж ахуйн үйл ажиллагаанд эрхлэгчдийн эрх тэгш байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх;
4.1.3.хуульд зааснаас бусад тохиолдолд өмчийн халдашгүй байдлыг хангах;
4.1.4.эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн төрийн бодлого, эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах;
4.1.5.аж ахуйн үйл ажиллагаа дахь төрийн оролцоог багасгаж, зохицуулалтын үр нөлөөтэй байх;
4.1.6.төрийн үйл ажиллагааны ил тод болон мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах;
4.1.7.үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
4.1.8.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
4.1.9.аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд хууль ёсны ашиг сонирхлоо бие даан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх.
5 дугаар зүйл.Эдийн засгийн эрх чөлөөний баталгааг хангах
5.1.Эдийн засгийн эрх чөлөөний баталгааг хангахад дараах нөхцөлийг бүрдүүлсэн байна:
5.1.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулиар хязгаарлаж, хориглосноос бусад зорилгоор төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль тогтоомж, захиргааны шийдвэр батлахгүй байх;
5.1.2.төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн, хөрөнгө оруулагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх;
5.1.3.төрөөс хөрөнгө оруулагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй төрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх захиргааны шийдвэр гаргаж, дүрэм, журам батлахгүй байх;
5.1.4.төрөөс зарим аж ахуйн нэгжид давуу эрх олгосон хууль тогтоомж гаргах, захиргааны шийдвэр, үйл ажиллагаа явуулахгүй байх;
5.1.5.хууль тогтоомж хооронд давхардал, хийдэл, зөрчил үүссэн, эсхүл хууль буцаан хэрэглэх тохиолдолд хөрөнгө оруулагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зохицуулалтыг баримтлах;
5.1.6.хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл хуулиар тогтоосон журам зөрчиж баталсан хөрөнгө оруулагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчтэй холбоотой шийдвэрийг зохих журмын дагуу хүчингүй болгох;
5.1.7.төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эрх ашгийг хөндөх бодлогыг тодорхойлох, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг боловсруулахад иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын оролцоог хангах, санал авах;
5.1.8.аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч, хөрөнгө оруулагчид үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулах, цахимаар авах боломжийг бүрдүүлэх;
5.1.9.аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай хүсэлтийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргах үйл явцыг цахим хэлбэрээр харах боломжтой, ил тод, нээлттэй байх;
5.1.10.төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчээс хуульд заагаагүй баримт бичиг, эсхүл нэмэлт мэдээлэл ирүүлэхийг шаардахгүй байх;
5.1.11.аж ахуйн үйл ажиллагааны төрийн зохицуулалттай холбоотой бодлого, хууль тогтоомж, захиргааны шийдвэр нь тодорхой, хоёрдмол утгагүй, нийтэд ойлгомжтой байх;
5.1.12.аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх;
5.1.13.төрийн хяналт, шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтан нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч албан тушаалтнаас татгалзах боломжийг бүрдүүлэх;
5.1.14.төрийн албадлагын арга хэмжээ нь зорилгодоо нийцсэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн үйлдсэн зөрчлийн шинж чанарт тохирсон байх;
5.1.15.төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид хохирол учруулсан тохиолдолд холбогдох этгээдэд хуульд заасан хариуцлагыг ногдуулах;
5.2.хуульд заасан зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт батлан бүртгэл, гэрчилгээ, сертификат нэртэй зөвшөөрлийн хэлбэр үүсгэн аж ахуйн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
5.3.Төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хяналт тавих, өмч хөрөнгийг нь хууль бусаар хураан авах, дайчлахыг хориглоно.
5.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэйгээс бусад тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эд хөрөнгийг хураан авч болохгүй. Хуульд заасан тохиолдолд улсын хэрэгцээнд зориулан эд хөрөнгийг түүнтэй адилтгах нөхөн олговортойгоор албадан хурааж болно.
5.5.Хөрөнгө оруулагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бие мах бодид халдах, хүчирхийлэл үйлдэх, эд хөрөнгийг сүйтгэх зэргээр хууль бус арга, хэрэгсэл ашиглах, тэдгээрийн энэ хуульд заасан эдийн засгийн эрх чөлөөнд халдах, халдахаар завдахыг хориглоно.
5.6.Төр аж аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн оюуны өмчийг зээлийн баталгаа болгон ашиглах боломжийг бүрдүүлнэ.
6 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны талаарх төрийн зохицуулалт
6.1.Аж ахуйн үйл ажиллагаанд төрийн зохицуулалт хийхдээ дараах нөхцөлийг бүрдүүлсэн байна:
6.1.1.аж ахуйн үйл ажиллагааны талаар батлах хууль тогтоомж, шийдвэр нь үндэслэл бүхий, тодорхой байх; батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн талаарх мэдээлэл, ил тод нээлттэй байх;
6.1.2.аж ахуйн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, захиргааны шийдвэрээр тогтоох шаардлагыг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч биелүүлэх боломжтой, урьдчилан таамаглахуйц байх;
6.1.3.аж ахуйн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, захиргааны шийдвэрээр тогтоох шаардлага нь хөрөнгө оруулагч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
6.1.4.эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, хориглосон хууль тогтоомжийг батлахын өмнө хууль тогтоомжийн төслийг бүрдүүлбэрийн хамт Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo)-д хуанлийн 90 хоногоос доошгүй хугацаанд нээлттэй байршуулж, олон нийтээс санал авах;
6.1.5.эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, хориглосон болон аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах татвар нэмэгдүүлэх хууль тогтоомж, шийдвэрийн төслийг боловсруулах шатанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлгийг 3-аас доошгүй удаа зохион байгуулах;
6.1.6.хууль санаачлагч эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, хориглосон хууль тогтоомжийн төслийг Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсгол зохион байгуулах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИЙГ ДЭМЖИХ
7 дугаар зүйл.Төр, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хамтын ажиллагаа
7.1.Төр өөрт хамаарах дараах зарим чиг үүргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид шилжүүлж болно:
7.1.1.сургалт, боловсролын үйлчилгээ: Төрийн сургуулиудын программ хангамж, сургалтын үйлчилгээ, сургалтын материалын хөгжүүлэлт;
7.1.2.Эрүүл мэндийн үйлчилгээ: Төрийн эмнэлгүүдийн зарим үйлчилгээ (эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн үйлчилгээний менежмент);
7.1.3.Дэд бүтцийн үйлчилгээ: Зам, гүүр, ус, цахилгаан, холбоо зэрэг дэд бүтэц, үйлчилгээний хөгжүүлэлт, засвар үйлчилгээ;
7.1.4.Нийтийн үйлчилгээ: Хог хаягдлын менежмент, цэвэрлэгээ, нийтийн тээвэр;
7.1.5.Технологийн шийдлүүдийн үйлчилгээ: Төрийн байгууллагуудын технологийн шийдлүүд (мэдээллийн систем, цахим үйлчилгээ).
7.2.Төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаадын зээл, тусламж, тухайн шатны жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлнэ.
7.3.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зорилгоор 1 жилээс дээш хугацаагаар ашиглалтгүй байгаа төрийн өмчийн эд хөрөнгийг тодорхой нөхцөл, журмын дагуу эзэмшүүлэх, ашиглуулж болно.
7.4.Төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалтын давхардлыг арилгах, улсын бүртгэл, зөвшөөрөл, татварын тогтолцоог боловсронгуй болгох санал, хүсэлтийг жилд 1-ээс доошгүй удаа хүлээн авч шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
7.5.Төр бизнес эрхлэгчдэд зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, уулзалтыг зохион байгуулахдаа аж ахуй үйл ажиллагаа эрхлэгчийн оролцоог хангаж, хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.
7.6.Төрөөс орон нутагт эдийн засгийн эрх чөлөөт байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үнэлж аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг жил бүр эрэмбэлж, дүгнэнэ.
8 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг мэдээллээр хангах
8.1.Төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид шаардлагатай өөрт байгаа хуулиар хязгаарлаж, хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулах бөгөөд аж ахуйн эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан өөрт цугларсан нээлттэй, хязгаарлалттай, хаалттай мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон үнэ төлбөргүй нийтэлж, тогтмол шинэчилнэ.
8.2.Төр өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчээс шаардахгүй.
8.3.Төр аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой батлагдсан хууль тогтоомжийг нэн даруй сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
9 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийнгомдол гаргах эрхийг хангах
9.1.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.
9.2.Төрийн байгууллага, албан тушаалтан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас татгалзаж болохгүй бөгөөд гомдол хүлээн авах үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж ажиллана.
10 дугаар зүйл.Эдийн засгийн зөвлөл, түүний бүрэн эрх
10.1.Төр болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хооронд байнгын ажиллагаатай зөвлөлдөх тогтолцоо бүрдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчээс гаргасан саналыг хэлэлцэн зөвлөмж гаргах Эдийн засгийн бодлогын зөвлөл ажиллана.
10.2.Эдийн засгийн бодлогын зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.
10.3.Эдийн засгийн бодлогын зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна:
10.3.1.бизнес, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлөх татвар, зөвшөөрөл, ажиллах хүч зэрэг асуудлаар төрийн захиргааны төв байгууллагаас Засгийн газарт танилцуулах бүх хууль, журмын төсөлд хувийн хэвшлийн, тухайлан хөрөнгө оруулагчдын төлөөллөөс урьдчилан санал авах, дүгнэлт гаргах, тэдгээрийг шийдвэрт тусгасан эсэх талаар эргэн мэдээлэх зэргээр шийдвэр гаргалтад хувийн хэвшлийн оролцоог хангах;
10.3.2.бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай болон хууль тогтоомжийн зөрчил, хийдлийг арилгах, боловсронгуй болгоход чиглэсэн судалгаа хийлгэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, яам, агентлаг хоорондын зохицуулалтыг сайжруулах, уялдаа холбоог хангах талаар зөвлөмж боловсруулах;
10.3.3.аж ахуй эрхлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол, саналыг шуурхай шийдвэрлэх болон шүүх, олон улсын арбитрын байгууллагад Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрээс ирүүлсэн гомдлыг урьдчилан хэлэлцэх, зөвлөмж, чиглэл гаргах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
11 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
11.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
12 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
12.1.Энэ хуулийг 2025 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Санал өгөх