Танилцуулга:
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь амьжиргааны түвшин доогуур, эмзэг байдалд өртсөн өрх, иргэнийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, амьжиргааг дэмжих, нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлт, бие даан амьдрах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн хууль тогтоомж
2.1.Нийгмийн халамжийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл, шалгуурыг хангасан Монгол Улсын иргэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.8-д заасан хүн нийгмийн халамжид хамрагдах эрхтэй.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."асаргаа шаардлагатай хүн" гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон хүнийг;
4.1.2."асрамжийн үйлчилгээ" гэж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, сэтгэцийн эмгэгтэй хүн, асаргаа шаардлагатай хүнийг өөрийн хүсэлт, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн, түүнчлэн бүтэн өнчин болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр болон урт хугацаагаар байршуулж, хоол хүнс, хувцас, ахуй, асаргаа сувилгаа, сэтгэл зүйн дэмжлэг, нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, аюулгүй, хэвийн амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрөлжсөн болон хувилбарт үйлчилгээ, үйл ажиллагааг;
4.1.3."ахмад настан" гэж Ахмад настны тухай хуулийн 3.1, 3.3-т заасан хүнийг;
4.1.4."бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ" гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.14-т заасан үйл ажиллагааг;
4.1.5."босго шугам" гэж нийгмийн халамжийн тухайн арга хэмжээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлох зорилгоор өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, амьжиргааны түвшингээр эрэмбэлсэн өрхөөс нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эсхүл тухайн мэдээллийн санг ашиглах бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн тогтоосон онооны хязгаарыг;
4.1.6."бүтэн өнчин хүүхэд" гэж эцэг, эх нь хоёул тогтоогдоогүй, эсхүл нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүйд тооцогдсон эсхүл эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан бөгөөд тусдаа амьдарч байсан эцэг /эх/ асрамждаа аваагүй 18 хүртэлх насны хүүхдийг;
4.1.7."гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээ" гэж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэлд нэрвэгдэж гэр орон, амьжиргааны эх үүсвэрээ алдсан нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх арга хэмжээг;
4.1.8."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.2-т заасан хүнийг
4.1.9."зорилтот өрх, иргэн" гэж энэ хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.6, 4.1.8, 4.1.15, 4.1.17, 4.1.22, 4.1.24, 4.1.25, 4.1.26-д заасан болон нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг;
4.1.10."зорилтот өрх, иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ" гэж кейс менежментийн арга зүйд суурилан зорилтот өрх, иргэний нийгмийн оролцоо, бие даан амьдрах чадавх, хөгжлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээр гэрээ байгуулан гүйцэтгүүлэх үйл ажиллагааг;
4.1.11."кейс менежмент" гэж зорилтот өрх, иргэний тулгамдсан асуудлыг тодорхойлж, хэрэгцээ болон эрсдэлийн зэргийг үнэлэх, төлөвлөх, төлөвлөгөөний дагуу нийгмийн халамжийн арга хэмжээ болон бусад тусламж, үйлчилгээг үе шаттай үзүүлэх, зохицуулах, эргэн хянах үйл ажиллагааг;
4.1.12."мэргэжлийн хамтарсан зөвлөл" гэж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх, асаргааны тэтгэмж, халамжийн үйлчилгээ, дэмжлэг, тусламж, хөнгөлөлтийн хэрэгцээг тодорхойлох бүрэлдэхүүнийг;
4.1.13."нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага" гэж нийгмийн халамжийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн мэргэжилтэн, нийгмийн ажилтныг онол, арга зүйн хувьд удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.14."нийгмийн халамж" гэж зорилтот өрх, иргэнд төрөөс тэтгэмж олгох, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан дэмжлэг, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг;
4.1.15."нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрх, иргэн" гэж өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур үнэлэгдсэн бөгөөд тухайн мэдээллийн санг ашиглах төсвийн ерөнхийлөн захирагчийн тогтоосон онооны хязгаарт багтсан өрх, иргэнийг;
4.1.16."нийгмийн халамжийн үйл ажиллагаа" гэж зорилтот өрх, иргэний хэрэгцээ, нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлэх, төлөвлөх, нийгмийн халамжид хамруулах, хэрэгжилтийг зохицуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үйлчилгээний чанарыг сайжруулах тасралтгүй үйл явцыг;
4.1.17."орон гэргүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн" гэж нийтийн эзэмшлийн гудамж, талбайд амьдарч нийгмийн хэвийн харилцаанаас хөндийрч, амьжиргаагаа хангах боломжгүй нөхцөлд байгааг;
4.1.18."өрх" гэж төрлийн, садангийн эсхүл гэрлэлт эсхүл хамтран амьдардаг эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон нэг орон байранд амьдарч байгаа өрхийн гишүүдийг эсхүл ганц биеэр амьдарч байгаа хүнийг;
4.1.19."өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээ" гэж иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг кейс менежментийн арга зүйд суурилан зан, хандлагыг өөрчлөх, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах арга хэмжээг;
4.1.20."өрхийн мэдээллийн нэгдсэн сан" гэж Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшинг тогтоож, оноогоор эрэмбэлсэн өрх, иргэний талаарх мэдээллийг;
4.1.21."өрхийн хөгжлийн төлөвлөгөө" гэж кейс менежментийн арга зүйд суурилан өрхийн оролцоотойгоор боловсруулсан, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, амьжиргааг дэмжих, бие даан хөгжих чадавхыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ, хугацаа, хариуцах этгээдийг тодорхойлсон төлөвлөлтийн баримт бичгийг;
4.1.22."өрх толгойлсон эх, эцэг" гэж нөхөр эсхүл эхнэр нас барсан, сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг тодорхойгүйн улмаас эхээрээ овоглосон хүүхэдтэй бөгөөд гэрлэж байгаагүй шалтгаанаар хүүхдээ ганцаараа асран хамгаалж, харгалзан дэмжиж өрхийн амьжиргааны үндсэн эх үүсвэр, эдийн засгийн хариуцлагыг дангаар хүлээж байгаа ганц бие иргэнийг;
4.1.23."сайн дурын үйл ажиллагаа" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн санаачилга, хүсэл эрмэлзлэлээр цалин, хөлсгүйгээр цаг зав, мэдлэг, ур чадвар, нөөц боломжоо бусдын болон нийтийн сайн сайхны төлөө зориулан зорилтот өрх, иргэнд үзүүлж байгаа биет болон биет бус дэмжлэг, үйлчилгээ, оролцоог;
4.1.24."согтуурах, мансуурах донтой хүн" гэж архи, согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээгээ хянах чадвар алдагдсан сэтгэц, зан үйлийн эмгэгтэй хүнийг;
4.1.25."хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хүнийг;
4.1.26."эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд" гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4-т заасан хүүхдийг.
5 дугаар зүйл.Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.1.1.хүний эрхийг дээдлэх, хувь хүний нэр төрд хүндэтгэлтэй хандах;
5.1.2.хүмүүнлэг, энэрэнгүй байдлыг эрхэмлэх;
5.1.3.хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг хадгалах;
5.1.4.хувь хүний ялгаатай байдал, онцлогийг хүндэтгэх;
5.1.5.жендерийн тэгш байдлыг хангах;
5.1.6.улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх;
5.1.7.гэр бүл, орон нутаг, олон нийтийн оролцоог дэмжих;
5.1.8.үйлчилгээг үл тулгах, сайн дурын үндсэн дээр сонголттой байх;
5.1.9.нийгмийн халамжийн арга хэмжээ нь нөхцөл шалгуур, хугацаатай байх;
5.1.10.хөдөлмөр эрхлэхийг дэмжих, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлыг бууруулах.
6 дугаар зүйл.Нийгмийн халамжийн арга хэмжээний төрөл
6.1.Нийгмийн халамжийн арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:
6.1.1.нийгмийн халамжийн тэтгэмж;
6.1.2.нийгмийн халамжийн дэмжлэг;
6.1.3.нийгмийн халамжийн үйлчилгээ;
6.1.4.Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн сангаас олгох дэмжлэг, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээ.
6.2.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан тэтгэмж, дэмжлэгийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
6.3.Энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас бусад 6.1.3-т заасан үйлчилгээг үзүүлэх журам, үйлчилгээний чанарт тавих шалгуур, иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.4.Энэ хуулийн 8.13-т заасан жишиг үнэ, 6.1.3-т заасан үйлчилгээний жишиг үнэ, иргэний хариуцах төлбөрийн хэмжээ, үйлчлүүлэгчид ногдох хувьсах зардлын ангилал, хэмжээ, олгох аргачлал, 9.2, 9.3-т заасан нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг тооцох аргачлалыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
6.5.Энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.4-т заасан дэмжлэг, үйлчилгээнд хамрагдсан иргэний бүртгэл, мэдээллийг цахимжуулах, давхардлыг арилгах, гэрээт байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн олгох зорилгоор иргэний Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан мэдээллийг ашиглана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ
7 дугаар зүйл.Нийгмийн халамжийн амьжиргааг дэмжих тэтгэмж
7.1.Нийгмийн халамжийн амьжиргааг дэмжих тэтгэмж /цаашид "амьжиргааг дэмжих тэтгэмж" гэх/-ийг дараах хүнд сар бүр олгоно:
7.1.1.өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлэгдсэн өрхийн 65 насанд хүрсэн ахмад настан;
7.1.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.1, 37.2-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй болохыг тодорхойлсон, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 18 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
7.1.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.2.1-д заасан комиссын тодорхойлсон хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд;
7.1.4.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрх, үүрэг бүхий тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;
7.1.5.18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг.
7.2.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.4-т заасан иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бол тэтгэмжийн төрлөөс үл хамааран амьжиргааг дэмжих тэтгэмжийг давхардуулан олгохгүй.
7.3.Энэ хуулийн 7.1.1-д заасан иргэнд 7.1.2-т заасан иргэний амьжиргааг дэмжих тэтгэмжийг давхардуулан олгохгүй.
7.4.Өрх толгойлсон эх, эцэг нь хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21.5-д заасан хүүхэдтэй эсхүл Иргэний хуулийн 126.2-т заасан хамтран өмчлөх дундын өмчтэй эсхүл 180 хоногоос дээш хугацаагаар нэг гэрт амьдарч байгаа хамтран амьдрагчтай бол энэ хуулийн 7.1.5-д заасан амьжиргааг дэмжих тэтгэмжийг олгохгүй.
7.5.Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн байгууллага, ажилтан нь нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын шимтгэл албан журмаар эсхүл сайн дураар төлдөггүй эсхүл төлсөн хугацаа нь нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан хугацаанд хүрэхээргүй байгаа 45 насанд хүрсэн иргэнд ирээдүйд өндөр насны тэтгэвэр, эсхүл амьжиргааг дэмжих тэтгэмж авах эрх үүсэхгүй тухай мэдээллийг цахим хэлбэрээр хүргүүлж, зөвлөгөө өгнө.
8 дугаар зүйл.Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж
8.1.Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж /цаашид "асаргааны тэтгэмж" гэх/-ийг 16 насанд хүрсэн дараах иргэнд сар бүр олгоно:
8.1.1.өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлэгдсэн өрхийн, эмнэлгийн хяналтад байдаг,асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа;
8.1.2.эмнэлгийн хяналтад байдаг, асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд болон 18 ба түүнээс дээш насны хүнийг асарч байгаа;
8.1.3.тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
8.1.4.бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан, Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
8.1.5.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 9.2.1, 9.2.2-т заасан гэр бүлдээ авч асрамжилж байгаа.
8.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан хүний өвчин, гэмтлийн жагсаалт, хугацаа, бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээний шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх аргачлалыг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
8.3.Өрхийн болон сум, тосгоны эрүүл мэндийн төв нь энэ хуулийн 8.2-т заасан өвчин, гэмтлийн жагсаалт, Ахмад настны тухай хуулийн 4.1.7-д заасан үнэлгээг тус тус үндэслэн санал, дүгнэлтээ энэ хуулийн 8.4, 8.5-д заасан зөвлөл, комисст цахим эсхүл цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
8.4.Ахмад настны болон 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргаа шаардлагатай эсэхийг энэ хуулийн 4.1.12-т заасан мэргэжлийн хамтарсан зөвлөл тогтооно.
8.5.18 хүртэлх насны хүүхдийн асаргаа шаардлагатай эсэхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.2-т заасан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс тодорхойлно.
8.6.Энэ хуулийн 8.4, 8.5-д заасан зөвлөл, комисс нь асаргаа шаардлагатайг тогтоох, хугацааг сунгахдаа иргэнийг зайлшгүй биеэр байлцуулах шаардлагатайгаас бусад тохиолдолд холбогдох нотлох баримтад үндэслэн эсхүл цахимаар шийдвэрлэнэ.
8.7.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуулийн 8.8-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 8.4, 8.5-д заасан зөвлөл, комиссын дүгнэлтийг үндэслэн иргэнд асаргааны тэтгэмж олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
8.8.Асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан асаргааны тэтгэмж эсхүл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32.2-т заасан хувийн туслах үйлчилгээний аль нэгийг сонгоно.
8.9.Асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нь нэг сараас дээш хугацаагаар асаргааны хувилбарт үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан асаргааны тэтгэмжийг тухайн хугацаанд давхардуулан олгохгүй.
8.10.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан иргэнд асаргааны үйлчилгээ үзүүлэх сургалтыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.4-т заасан сургалтын төв танхимаар, цахимаар, явуулын хэлбэрээр хэрэгжүүлнэ.
8.11.Энэ хуулийн 8.10-т заасан сургалтад иргэн өөрийн зардлаар суралцах ба энэ хуулийн 4.1.15-д заасан өрхийн гишүүний сургалтын зардлын жишиг үнийн 50 хувийг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
8.12.Энэ хуулийн 8.1.4, 8.1.5-д заасан иргэнд хүүхдийн эрх, эрүүл мэнд, хөгжил, сэтгэл зүй, хүмүүжлийн эерэг харилцаа хандлага, аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын багц сургалтыг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь иргэн, хуулийн этгээдээр гэрээлэн гүйцэтгүүлж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 заасны дагуу хүүхэд хамгааллын тохирох үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр улс, орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
8.13.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан иргэнд асаргааны үйлчилгээ үзүүлэх иргэнтэй эхний 6 сард багтаж энэ хуулийн 8.10-т заасан сургалтад хамрагдах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулна.
8.14.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн нь энэ хуулийн 8.10-т заасан сургалт явуулах байгууллагын мэдээллээр иргэнийг хангах, интернэтгүй, алслагдсан, сургалтад хамрагдах боломжгүй тохиолдолд тохирсон хэлбэрээр хамруулах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
8.15.Энэ хуулийн 8.1.4, 8.1.5-д заасан асаргааны тэтгэмжийг авах иргэн, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай гэрээ байгуулах, сургалтад хамруулах, хяналт үнэлгээ хийх ажлыг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага зохион байгуулна.
8.16.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан асаргааны тэтгэмжийг авах иргэн, сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнтэй гэрээ байгуулах, сургалтад хамруулах, хяналт үнэлгээ хийх ажлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага зохион байгуулна.
8.17.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан асаргааны тэтгэмжийг авах иргэн асруулж байгаа иргэний хяналтын эмнэлэг, эмчтэй байнга холбоотой байж тогтоосон хугацаанд нь үзүүлэх, эмчилгээг тогтмол хийлгэж эрүүлжүүлэхэд анхаарч, асруулагчийн биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйд гарч буй өөрчлөлт, хүндрэл бэрхшээлийн талаар үйл явцын тэмдэглэл хөтөлж, жилд нэг удаа сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд танилцуулна.
8.18.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан асаргааны тэтгэмжийг авах иргэн энэ хуулийн 8.15-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, асруулж байгаа хүн асруулахаас татгалзсан тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, асаргааны тэтгэмжийг зогсооно.
8.19.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан асаргааны тэтгэмжийг авах иргэн нь асруулж байгаа хүний эрх, эрхийг зөрчиж, түүний амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаандболон тэтгэмж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.20.Асаргааны тэтгэмжийг асруулж байгаа хүн тус бүрээр тооцож олгоно.
8.21.Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа гурав хүртэлх иргэнийг асарч болно. Энэ хуулийн 8.1.4, 8.1.5-д заасан иргэн нэг гэр бүлийн хүүхдийг асрах тохиолдолд энэ хэсэг хамаарахгүй.
8.22.Энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан иргэнд асруулж байгаа иргэний оршин суугаа хаягийн дагуу, 8.1.3, 8.1.4, 8.1.5-д заасан тэтгэмжийг асарч байгаа иргэний оршин суугаа хаягийн дагуу тус тус олгоно.
8.23.Хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслах үйлчилгээний зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, бусад хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны хувилбарт үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас тус тус санхүүжүүлнэ.
9 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээ
9.1.Энэ хуулийн 7.1-д заасан хүнд олгох амьжиргааг дэмжих тэтгэмжийн хэмжээг ахмад настанд өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа, үйлдлийн чадамж, хэрэгцээний үнэлгээнд үндэслэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэдтэй өрхөд болон энэ хуулийн 7.1.5-д заасан эх, эцэгт хүүхдийн тоо, өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулан тус тус ялгаатай Засгийн газар тогтооно.
9.2.Энэ хуулийн 8.1.1-д заасан иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ нь өрхийн амьжиргааны түвшин, ахмад настны цогц үнэлгээ, 8.1.2, 8.1.3-т заасан иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.14-т заасан бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээнд үндэслэн, энэ хуулийн 8.1.4, 8.1.5-д заасан асаргааны тэтгэмжийн хэмжээ нь өрхийн амьжиргааны түвшин, хүүхдийн тооноос хамаарч тус тус ялгаатай байна.
9.3.Нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг тухайн өрхөд улсын төсвөөс болон нийгмийн халамжийн сангаас сард олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэмж, дэмжлэгийн нийлбэр, өрхийн хөдөлмөрийн чадвартай гишүүний тоо зэргээс хамаарч бууруулж тооцно.
10 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тэтгэмж олгох
10.1.Нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн (цаашид "нийгмийн халамжийн мэргэжилтэн" гэх)-д биечлэн эсхүл цахимаар өргөдөл гаргана.
10.2.Иргэнд тэтгэмж авах эрх үүссэн эсэх тухай мэдэгдлийг системээс цахим хэлбэрээр хүргүүлнэ.
10.3.Нийгмийн халамжийн тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, хуулиар тогтоосон бусад эрх нь дуусгавар болсон эсхүл нас барсан тохиолдолд тухайн сарыг дуусах хүртэл хугацаанд түүний сонгосон арилжааны банк дахь дансаар дамжуулан олгоно.
10.4.16 хүртэлх насны хүүхдэд олгох нийгмийн халамжийн тэтгэмжийг эцэг, эх, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгох бөгөөд хүүхэд16насандхүрсэнболөөрт нь олгоно. Хэрэв хүүхэд асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа бол тухайн хүүхдийн арилжааны банк дахь дансанд шилжүүлнэ.
10.5.Иргэний хөдөлмөрийн чадвар алдсан болон асаргаа шаардлагатай байх хугацааг нөхөн сунгасан бол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь уг иргэнд зургаа хүртэлх сарын нийгмийн халамжийн тэтгэмжийг нөхөж олгоно.
10.6.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас иргэнд нэг жилээс доош хугацааны олгогдоогүй нийгмийн халамжийн тэтгэмжийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын шийдвэрийг, нэг жилээс дээш хугацааны олгогдоогүй нийгмийн халамжийн тэтгэмжийг шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн олгоно.
10.7.Энэ хуульд заасан амьжиргааг дэмжих тэтгэмж, асаргааны тэтгэмж авах эрх нэгэн зэрэг үүсэж байгаа бол иргэнд тэтгэмжийг давхар олгоно.
10.8.Асаргааны тэтгэмж авах хэд хэдэн нөхцөлийг зэрэг хангаж байгаа бол хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмжийг олгож болно.
10.9.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.8-д заасан хүнийг тэтгэмж, дэмжлэг, үйлчилгээнд хамруулахдаа оршин суугчийн үнэмлэхийг үндэслэнэ.
10.10.Асрамжийн газарт асруулж байгаа, сэтгэцийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа, хорих ангид ял эдэлж байгаа хүний тэтгэмжид хамрагдах хүсэлтийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан нь байгууллагын байрлаж байгаа газрын нийгмийн халамжийн байгууллагад хандан гаргана. Нийгмийн ажилтан нь зөвхөн хүсэлт гаргах эрхтэй байх бөгөөд нийгмийн халамжийн тэтгэмжийг арилжааны банк дахь тухайн иргэний нэр дээрх дансанд шилжүүлнэ.
10.11.Асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг асрамжийн газрын эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан гаргана.
10.12.Асрамжийн газрын эсхүл сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь асрамжийн газарт асруулж байгаа хүүхдэд зөвхөн данс нээлгэх эрхтэй байх бөгөөд нийгмийн халамжийн тэтгэмжийг арилжааны банк дахь тухайн хүүхдийн нэр дээрх хугацаатай хадгаламжийн дансанд шилжүүлнэ.
10.13.Асрамжийн газарт амьдарч байгаа 18 хүртэлх насны мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, коллежид суралцаж байгаа хүүхдийн тэтгэмж, дэмжлэгийн 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэнэ.
10.14.Асрамжийн газар болон орон нутгийнхүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь хүүхдийг 18 насанд хүрч хадгаламжийн дансан дахь мөнгөө захиран зарцуулахаас өмнө санхүүгийн мэдлэг, боловсрол олгох сургалтад хамруулна.
10.15.Энэ хуулийн 10.11, 10.12, 10.13, 10.14 дэх хэсэгт аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагч, сум хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хяналт тавьж ажиллана.
10.16.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, ажилтан нь хууль тогтоомжид зааснаас бусад баримт бичиг нэмж шаардахыг хориглоно.
11 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тэтгэмж олголтыг зогсоох
11.1.Нийгмийн халамжийн тэтгэмж олголтыг дараах үндэслэлээр зогсооно:
11.1.1.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар сэргэсэн эсхүл хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 50 хувиас доош тогтоогдсон бол эрх дуусгавар болсны дараасараас;
11.1.2.тэжээгч нь нас барсны тэтгэмж авагч хүүхэд 18 насанд хүрсэн бол эрх дуусгавар болсны дараасараас;
11.1.3.энэ хуулийн 7.1.5-д заасан өрхийн хүүхдийн тоо хоёр ба түүнээс цөөн болсон бол эрх дуусгавар болсны дараасараас;
11.1.4.энэ хуулийн 8.1.1, 8.1.2-т заасан иргэний асарч байгаа хүнд асаргаа шаардлагагүй болсон бол эрх дуусгавар болсны дараасараас;
11.1.5.энэ хуулийн 8.1.1-д заасан иргэний өрхийн амьжиргааны түвшин босго шугамаас дээшилсэн бол дараа сараас;
11.1.6.хуурамч баримт бичиг бүрдүүлж нийгмийн халамжийн тэтгэмж авсан бол нийгмийн халамжийн улсын байцаагчийн актад заасан хугацаанаас;
11.1.7.нийгмийн халамжийн тэтгэмж авагч Монгол Улсын харьяатаас гарсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болсны дараасараас;
11.1.8.Монгол Улсын нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа нийгмийн халамжийн тэтгэмж авагч гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсаас бүрмөсөн буцах хүсэлт гаргасан бол Монгол Улсын хилээр гарсны дараа сараас;
11.1.9.нийгмийн халамжийн тэтгэмж авагч нас барсанбол нас барсны дараасараас;
11.1.10.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ
12 дугаар зүйл.Нийгмийн халамжийн дэмжлэг
12.1.Өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлгээтэй өрх, иргэнд нийгмийн халамжийн дараах дэмжлэг үзүүлнэ:
12.1.1.хүнс тэжээлийн дэмжлэг;
12.1.2.сургалтын байгууллагад суралцагчид үзүүлэх дэмжлэг;
12.1.3.эрүүл мэндийн дэмжлэг;
12.1.4.орон сууцны хөлс, түлшний үнийн дэмжлэг;
12.1.5.эрчим хүчний төлбөрийн дэмжлэг;
12.1.6.усны үйлчилгээний төлбөрийн дэмжлэг.
12.2.Энэ хуулийн 12.1.2-т заасан дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно.
12.3.Энэ хуулийн 12.1.4-т заасан дэмжлэгийг өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлгээтэй өрхийн ахмад настан эсхүл хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан жилд нэг удаа мөнгөн тусламж,эсхүл түлшхудалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгоно.
12.4.Энэ хуулийн 12.1.5-т заасан дэмжлэгийг өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлгээтэй өрх эсхүл асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй өрхөд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасан аргачлалаар тогтоосон тарифын дагуу үзүүлнэ.
12.5.Энэ хуулийн 12.1.6-д заасан дэмжлэгийг өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлгээтэй өрхөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасны дагуу үзүүлнэ.
12.6.Энэ хуулийн 12.1.4, 12.1.6-д заасан дэмжлэгийг олгох арга хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан журмын дагуу хэрэгжүүлж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
13 дугаар зүйл.Хүнс тэжээлийн дэмжлэг
13.1.Хүнс тэжээлийн дэмжлэгийг өрхийн амьжиргааны түвшин нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго шугамаас доогуур үнэлгээтэй өрх, иргэн хамрагдана.
13.2.Хүнс тэжээлийн дэмжлэгт хамаарах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, сард олгох дэмжлэгийн хэмжээ, журам, өрхийн хөгжлийн төлөвлөгөөний загвар, хэрэгжүүлэх, хяналт тавих аргачлал, зааврыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг цахим картаар худалдан авна.
13.3.Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байгаа өрх нь дараах нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй:
13.3.1.хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах;
13.3.2.хүүхдээ товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулах;
13.3.3.ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдээ албан боловсрол эсхүл албан бус боловсролд бүрэн хамруулж, хүүхдэд суурь боловсрол заавал эзэмшүүлэх.
13.4.Хүнс тэжээлийн дэмжлэгийг энэ хуулийн 13.1-д заасан өрхөөс хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнээс бусад дараах иргэнд сар бүр олгоно:
13.4.1.18 хүртэлх насны хүүхэд;
13.4.2.ахмад настан;
13.4.3.хөгжлийн бэрхшээлтэй хүн;
13.4.4.жирэмсэн болон гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх эсхүл эцэг;
13.4.5.хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол зургаа хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх эсхүл эцэг;
13.4.6.асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа иргэн;
13.4.7.их дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсрол, албан болон албан бус сургалтын байгууллагад суралцагч.
13.5.Сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн нь харьяа нутаг дэвсгэртээ оршин суугаа хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай дараах өрх, иргэнийг илрүүлэн, энэ хуулийн 13.1-д заасан босго оноог шаардахгүйгээр дэмжлэгт хамруулна:
13.5.1.орон гэргүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
13.5.2.нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ шаардлагатай тэжээн тэтгэх хүүхэдгүй эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломжгүй ганц бие харж хандах хүнгүй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие хүн,
13.5.3.аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр хоол тэжээлийн дутмагшлын улмаас хүнд хэлбэрийн тураалтайг тодорхойлсон хүүхэд.
13.6.Энэ хуулийн 13.3-т заасан нөхцөлийн биелэлтийг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн, энэ хуулийн 16.3-т заасан ажлын баг, эрүүл мэнд, боловсролын байгууллага, ажилтан хамтран хэрэгжүүлнэ.
13.7.Хүнс тэжээлийн дэмжлэгийг өрхийг төлөөлөн насанд хүрсэн нэг гишүүн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргана.
13.8.Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг өрхөд шинээр төрсөн хүүхэд, 18 насанд хүрсэн болон шилжиж ирсэн өрхийн гишүүний дэмжлэгийг мэдээллийн санд оруулсан сарын дараагийн сараас нэмж, нас барсан гишүүний дэмжлэгийг нас барсан сарын дараагийн сараас хасаж тооцно.
13.9.Үйлчилгээнд хамрагдсан өрхийн гишүүдээс насанд хүрээгүй хүүхэд хорих ангид ял эдэлж байгаа тохиолдолд тухайн хугацааны дэмжлэгийг түр түдгэлзүүлж, тухайн өрхдөө буцаж ирсэн нөхцөлд үргэлжлүүлэн олгоно.
13.10.Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдах хугацаа нь 24 сар байх бөгөөд тухайн өрхийн амьжиргааны түвшин болон энэ хуулийн 13.3-т заасан нөхцөлийн биелэлт, идэвх оролцоонд үндэслэн дахин 24 хүртэлх сараар сунгана.
13.11.Энэ хуулийн 13.10-д заасан хугацааны дараа тухайн өрхийн амьжиргааны түвшин нь хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдахаар байвал нэг удаа 12 сараар сунгах бөгөөд дахин сунгахгүй.
13.12.Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байгаа өрхөд хөдөлмөрийн чадвартай хөдөлмөрийн насны иргэн байхгүй бол энэ хуулийн 13.11 дэх хэсэг хамаарахгүй, үргэлжлүүлэн олгоно.
13.13.Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдаж байгаа өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийж, үнэлгээнд үндэслэн энэ хуулийн 4.1.21-д заасан өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж ажиллана. Өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудлаар хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
13.14.Энэ хуулийн 13.12-т заасан арга хэмжээг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн нь энэ хуулийн 16.3-т заасан ажлын баг, холбогдох байгууллага, ажилтантай хамтран хэрэгжүүлж, төлөвлөгөөний биелэлт, үр дүнг хагас, бүтэн жилээр аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж үнэлүүлнэ.
13.15.Сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн нь хүнс тэжээлийн дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай оршин суух бүртгэлгүй энэ хуулийн 13.1-д заасан өрх, иргэнийг илрүүлж, кейс менежментэд үндэслэн зургаа хүртэлх сарын хугацаанд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлж болно. Энэ хугацаанд улсын бүртгэлийн ажилтантай хамтран баримт бичгийн зөрчлийг арилган зохих нийгмийн халамжийн болон бусад арга хэмжээнд хамруулна.
14 дүгээр зүйл.Сургалтын байгууллагад суралцагчид үзүүлэх дэмжлэг
14.1.Магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахын өмнөх 2-оос доошгүй жилийн хугацаанд асрамжийн газарт асруулж байсан суралцагч, 18 насанд хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны суралцагчид амьжиргааны зардлын дэмжлэг олгоно.
14.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээлэлд үндэслэн энэ хуулийн 14.1-д заасан дэмжлэгийг тухайн суралцагчийн арилжааны банк дахь харилцах дансанд нийгмийн халамжийн сангаас шилжүүлнэ.
14.3.Энэ хуулийн 14.1-д заасан дэмжлэгийг магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад анх удаа суралцаж байгаа суралцагчид 4 жилээс илүүгүй хугацаанд олгоно.
14.4.Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч байгаа өрхийн амьжиргааны түвшин нь нийгмийн халамжийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго шугамаас доогуур үнэлэгдсэн өрхийн нэг суралцагчид хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлнэ.
15 дугаар зүйл.Эрүүл мэндийн дэмжлэг
15.1.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2.3-т заасны дагуу Өрхийн амьжиргааны түвшин нь санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго шугамаас доогуур үнэлгээтэй өрхийн албан журмын даатгал төлж байгаагаас бусад гишүүн болон орон гэргүй тэнэмэл амьдралтай өрх, иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
15.2.Өрхийн амьжиргааны түвшин нь санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго шугамаас доогуур үнэлгээтэй өрхийн зургаа хүртэлх насны хүүхдэд нэн шаардлагатай эм, бичил тэжээл, эмэгтэйчүүдэд эм, хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг үзүүлнэ.
15.3.Энэ хуулийн 15.1-д заасан өрхийн согтуурах мансуурах донтой иргэний донтолтыг бууруулах эмийн хөнгөлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 33.1-д заасан сангаас олгож, эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэх ба үйлчилгээнд хамрагдах иргэнийг холбон зуучлах үйл ажиллагааг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн хэрэгжүүлнэ.
15.4.Энэ хуулийн 15.2-т заасан бичил тэжээл, эм, хэрэгслийн төрөл, хөнгөлөлтийн хэмжээ, 15.3-т заасан эмийн хөнгөлөлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл батална.
15.5.Энэ хуулийн 15.1-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг санхүүжүүлэх зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
16 дугаар зүйл.Нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл
16.1.Нийгмийн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
16.1.1.өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээ;
16.1.2.зорилтот өрх, иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ;
16.1.3.асрамжийн үйлчилгээ;
16.1.4.гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээ.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээнд орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгийг төсөвлөхөд санал өгөх, хэрэгжилтэд холбогдох байгууллагын оролцоог хангах, орон нутагт ядуурал, ажилгүйдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай зөвлөмж, арга зүйгээр хангах, нөөцийг хуваарилах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий аймаг, дүүргийн эрүүл мэнд, боловсрол, насан туршийн боловсрол, гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгаалал, цагдаа зэрэг байгууллагын удирдлагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллана.
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээнд хамруулах зорилтот өрх, иргэнийг тодорхойлох, илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллээр хангах, үйлчилгээг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, сайн дурынхныг татан оролцуулах, орон нутгийн боломж, нөөцөд тулгуурласан арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий сум, хорооны эрүүл мэндийн төвийн эмч, цагдаа, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоотой ажлын баг ажиллана.
16.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуулийн 6.3-т заасан сонгон шалгаруулах журмын дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана.
16.5.Нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь мэргэжлийн нийгмийн ажилтантай, тухайн үйлчилгээний чанарт тавигдах шалгуурыг хангасан байна.
16.6.Энэ хуулийн 17.5, 17.6-д заасан иргэнд үзүүлэх үйлчилгээний зардал, энэ хуулийн 16.1.1, 16.1.2, 16.1.4-т заасан нийгмийн халамжийн үйлчилгээний зардлыг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
16.7.Энэ хуулийн 16.3-т заасан орон тооны нийгмийн ажилтны нийгмийн ажлын үйлчилгээнд тавигдах стандартыг, энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан асрамжийн үйлчилгээний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан байгууллага батална.
17 дугаар зүйл.Өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээ
17.1.Өрхийн амьжиргааны түвшин нь босго шугамаас доогуур үнэлгээтэй нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж 36 хүртэлх сарын хугацаанд үйлчилгээ үзүүлнэ.
17.2.Өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг дараах үе шатаар хэрэгжүүлнэ:
17.2.1.үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн нь энэ хуулийн 16.3-д заасан ажлын багтай хамтран судалж, 16.2-т заасан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн жагсаалтыг батлах;
17.2.2.өрхтэй ажиллах зөвлөхийг сонгох, ажиллуулах;
17.2.3.сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн, зөвлөх нь өрхийн гишүүдтэй хамтран энэ хуулийн 4.1.21-д заасан өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
17.2.4.үйлчилгээнд хамрагдах өрх, иргэний хөдөлмөр эрхлэх чадавх, ур чадвар, сонирхол, зах зээлийн боломж, өрхийн нөөц боломжид үнэлгээ хийх;
17.2.5.энэ хуулийн 17.2.3-т заасан төлөвлөгөөний дагуу өрх, өрхийн насанд хүрсэн гишүүн болон хүүхдийг нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, амьдрах орчныг сайжруулах болон өдөр тутмын амьдралд дэмжлэг үзүүлэх, холбон зуучлах;
17.2.6.өрхийн гишүүдийг идэвхжүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, нийгмийн оролцоог дэмжих, өөртөө итгэх итгэл, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, сэтгэл зүйн засалд хамруулах;
17.2.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах;
17.2.8.өрхийн бизнес, орлогын эх үүсвэрийг тогтвортой хөгжүүлэх, санхүүгийн сахилга бат, хуримтлалын бүлэг байгуулах, сургах, хуримтлал хийх дадлыг хэвшүүлэх, өрх хооронд туршлага солилцох, хамтарч ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх;
17.2.9.энэ хуулийн 17.2.4-т заасан үнэлгээнд үндэслэн сонгосон өрхөд амьдрах ухаан, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэр бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
17.2.10.энэ хуулийн 17.2.4-т заасан үнэлгээнд үндэслэн сонгосон өрх, өрхийн гишүүнийг ажилд зуучлах, дагалдан ажиллуулж, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд дадлагажуулах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах;
17.2.11.энэ хуулийн 17.2.9-д заасан дэмжлэгт хамрагдсан өрхийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бичил бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, зах зээлд холбон зуучлах дэмжлэг үзүүлэх;
17.2.12.өрхийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, хөдөлмөр эрхлэлт, орлогын өөрчлөлтийг өрхийн ахицын үнэлгээний дагуу улирал тутам хянаж, өрхөд тулгамдаж буй асуудлын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх;
17.2.13.өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг энэ хуулийн 17.2.1-д заасан жагсаалтад багтсан өрхийн гишүүдэд сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн, энэ хуулийн 17.2.2-т заасан зөвлөхийн дэмжлэгтэйгээр тасралтгүй, тогтвортой, цогц хэлбэрээр 36 хүртэлх сарын хугацаанд үзүүлэх.
17.3.Энэ хуулийн 17.2.2, 17.2.4, 17.2.7, 17.2.10, 17.2.11-д заасан арга хэмжээний зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, мөн хуулийн 17.2.3, 17.2.5, 17.2.6, 17.2.8, 17.2.9, 17.2.12, 17.2.13-д заасан үйл ажиллагааны зардлыг нийгмийн халамжийн сангаас тус тус санхүүжүүлнэ.
17.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуулийн 17.3-т заасан нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэх өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг хэрэгжүүлэх, сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн, зөвлөхөд дэмжлэг үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг энэ хуулийн 6.3-т заасан журмын дагуу сонгон шалгаруулж, хамтран хэрэгжүүлнэ.
17.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээний хэрэгжилт, үр дүнг хагас жил тутам үнэлж, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнана.
17.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээнд хамрагдах өрхийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх, нөхцөл байдалд үндэслэн өрхийн ахицыг үнэлэх, үр дүнгийн үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
17.7.Асрамжийн газраас гарсан 18 насанд хүрсэн иргэн болон 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, тав ба түүнээс дээш жил хорих ял эдлээд суллагдсан иргэн, согтуурах, мансуурах донтой хүн, үйлчилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай ч оршин суух бүртгэлгүй өрх, иргэний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 16.1.1-д заасан үйлчилгээнд хамруулж болно.
18 дугаар зүйл.Зорилтот өрх, иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ
18.1.Сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн, энэ хуулийн 16.3-т заасан ажлын баг, үйлчилгээг үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь дараах өрх, иргэнийг илрүүлж, зорилтот өрх, иргэний хүсэлтэд үндэслэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна:
18.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүн;
18.1.2.өрх толгойлсон эх, эцэг;
18.1.3.гэр бүлийн хүчирхийллийн хохирогч;
18.1.4.ахмад настан;
18.1.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд;
18.1.6.тав ба түүнээс дээш жил хорих ял эдлээд суллагдсан иргэн;
18.1.7.асрамжийн газраас гарсан 18 насанд хүрсэн иргэн болон 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;
18.1.8.орон гэргүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн;
18.1.9.согтуурах, мансуурах донтой хүн;
18.1.10.урт хугацааны эмчилгээ, хяналт шаардлагатай Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хүн, сүрьеэ, сэтгэцийн эмгэгтэй хүн, түүний гэр бүл.
18.2.Энэ хуулийн 18.1.4, 18.1.5-т зааснаас бусад зорилтот өрх, иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ нь дараах төрөлтэй байна:
18.2.1.амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадавхыг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;
18.2.2.нийгэмд дасан зохицох, нийгмийн оролцоог дэмжих сургалтад хамруулах, зөвлөгөө өгөх;
18.2.3.нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах;
18.2.4.сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах;
18.2.5.дэмжих бүлэг зохион байгуулах;
18.2.6.зорилтот өрхийн хүүхдийн хөгжлийг дэмжих;
18.2.7.бичиг баримтжуулах;
18.2.8.орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
18.2.9.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд холбон зуучлах;
18.2.10.олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил хийх;
18.2.11.шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх;
18.2.12.эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх;
18.2.13.сайн дурын үйл ажиллагаа явуулах;
18.2.13.нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;
18.2.14.гэр бүлд нь эргэн нэгтгэх, үргэлжлүүлэн дэмжих;
18.2.15.орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн халамжийн бусад үйлчилгээнд хамруулах.
18.3.Энэ хуулийн 18.8-д заасны дагуу гэрээ байгуулан гүйцэтгэх иргэн, хуулийн этгээд нь мөн хуулийн 18.2-т заасан үйлчилгээг кейс менежментийн арга зүйд суурилан дараах үе шатаар үзүүлнэ:
18.3.1.нөхцөл байдлын үнэлгээ хийх;
18.3.2.өрх, иргэний онцлог, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг төлөвлөх, хүрэх үр дүнг тодорхойлох;
18.3.3.төлөвлөгөөний дагуу үйлчилгээг үзүүлэх;
18.3.4.бусад шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах;
18.3.5.төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, үр дүнг үнэлэх;
18.3.6.үйлчилгээг хаах;
18.3.7.үйлчилгээг хаасны дараа 6-12 сарын хугацаанд давтан үнэлгээ хийж, дахин эрсдэл үүсэхээс сэргийлэх.
18.4.Энэ хуулийн 18.1.4-д заасан иргэнийг Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үйлчилгээнд хамруулна.
18.5.Энэ хуулийн 18.1.5-д заасан хүүхдийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үйлчилгээнд хамруулна.
18.6.Энэ хуулийн 18.1.3-т заасан иргэнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан хамтарсан багтай хамтран илрүүлж, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан үйлчилгээнд хамруулна.
18.7.Энэ хуулийн 18.2-т заасан үйлчилгээг кейс менежментийн арга зүйд суурилан өрх, иргэний хэрэгцээ, онцлогоос хамаарч урт болон богино хугацаанд цогц хэлбэрээр үзүүлнэ.
18.8.Энэ хуулийн 18.2-т заасан үйлчилгээг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуулийн 6.3-т заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдээр гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
18.9.Зорилтот өрх, иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэхдээ кейсийг нээхээс хаах хүртэлх хугацаанд цахим мэдээллийн сан бүрдүүлж, тухайн мэдээлэлд үндэслэн, энэ хуулийн 18.8-д заасан гэрээний биелэлтийн үр дүнгийн үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
18.10.Энэ хуулийн 18.2-т заасан үйлчилгээний зардлын 50 хувийг улсын төсвөөс, үлдсэн 50 хувийг орон нутгийн төсвөөс тус тус нийгмийн халамжийн санд төвлөрүүлэн санхүүжүүлнэ.
18.11.Энэ хуулийн 18.10-т заасан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.
18.12.Энэ хуулийн 18.1.1, 18.1.4, 18.1.8, 18.1.9, 18.1.10-т заасан өрх, иргэнд эрүүл, мэндийн тусламж үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээг эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
18.13.18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, 18 насанд хүрээд асрамжийн байгууллагаас гарсан иргэн, тав ба түүнээс дээш жил хорих ял эдлээд суллагдсан иргэн, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй орон гэргүй өрх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон өрх, иргэнийг гэр, хашаа, нийтийн байр зэрэг түр хугацаанд амьдрах сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан журмын дагуу хэрэгжүүлж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
18.14.Орон гэргүй тэнэмэл амьдралтай өрх, иргэнийг илрүүлэх, түр хоноглох байранд байрлуулах, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд холбон зуучлах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг урт хугацаанд цогц хэлбэрээр үзүүлнэ.
18.15.Нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрхийн согтуурах мансуурах донтой иргэнийг донтолтоос ангижруулах эмчилгээ, сэргээн засах тусламж, үйлчилгээнд зуучлан хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулах, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд холбон зуучлах үйлчилгээг урт хугацаанд цогц хэлбэрээр үзүүлнэ.
18.16.Энэ хуулийн 4.1.15-д зааснаас бусад согтуурах мансуурах донтой иргэн 18.15-д заасан үйлчилгээнд хамрагдах бол үйлчилгээний төлбөрийг тухайн иргэн өөрөө хариуцна.
18.17.Энэ хуулийн 18.8-д заасан гэрээ байгуулан ажиллах байгууллага нь 4.1.23-т заасан сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хэрэгжүүлнэ.
18.18.Сайн дурын үйл ажиллагааг дэмжих, сайн дурын үйл ажиллагаанд оролцоог бүртгэх, зарцуулсан цагийг тооцох, үнэлэх, урамшуулах, батламж олгох, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбоотой журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
19 дүгээр зүйл.Асрамжийн үйлчилгээ
19.1.Асрамжийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд үзүүлнэ.
19.2.Төрөөс үзүүлэх асрамжийн үйлчилгээнд дараах иргэнийг хамруулна:
19.2.1.тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие ахмад настан;
19.2.2.тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
19.2.3.тэжээн тэтгэх хүүхэд нь хорих ангид ял эдэлж байгаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь тухайн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бие даан амьдрах чадваргүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
19.2.4.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан хүүхэд болон эрсдэлт нөхцөлд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
19.2.5.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан үйлчилгээнд хамрагдах сэтгэцийн эмгэгтэй хүн.
19.3.Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэн болон бусад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, сэтгэцийн эмгэгтэй хүн, асаргаа шаардлагатай хүнд асрамжийн үйлчилгээг төрөлжсөн болон хувилбарт хэлбэрээр, төлбөртэй, төлбөргүй, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлж болно.
19.4.Энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь ашгийн бус байх бөгөөд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
19.5.Асрамжийн үйлчилгээг үйлчлүүлэгчийн нас, эрүүл мэндийн байдал, онцлог хэрэгцээг харгалзан төрөлжүүлж болох бөгөөд энэ хуулийн 19.2.5-д заасан асрамжийн газар нь мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөлийг хангасан төрөлжсөн үйлчилгээ байна.
19.6.Энэ хуулийн 19.3-т заасан иргэн, хуулийн этгээд нь мөн хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-т заасан хүнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа бол тэдгээр үйлчлүүлэгчид 19.16-д заасан хувьсах зардлыг олгоно.
19.7.Энэ хуулийн 19.6-д заасны дагуу хувьсах зардлыг олгохдоо нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулна.
19.8.Энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээд нь хувьсах зардлыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хүүхэд хамгааллын санхүүжилтээс авч болно.
19.9.Сэтгэцийн эмгэгтэй хүний төрөөс үзүүлэх асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хуулийн 19.2.5-д заасан иргэний хувьсах зардлыг нийгмийн халамжийн сангаас, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, урсгал зардал, ажиллагчдын цалин хөлсийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцаас санхүүжүүлнэ.
19.10.Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа асаргаа шаардлагатай гэж тогтоогдсон үйлчлүүлэгчид 19.19.1, 19.19.2-т заасан зардлыг гурав дахин нэмэгдүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа ажилтны илүү цагийн хөлс, урамшууллыг нэмж олгоно.
19.11.Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэнийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын, 19.2.4-т заасан хүүхдийг аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын саналыг тус тус үндэслэн асрамжийн үйлчилгээнд хамруулах тухай шийдвэрийг аймаг, дүүргийн Засаг дарга гаргана.
19.12.Асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэний нийгмийн халамжийн сангаас олгох амьжиргааг дэмжих тэтгэмж эсхүл нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн 30 хувийг өөрт нь олгож, 70 хувийг асрамжийн газрын дансанд төвлөрүүлж, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, хөгжил, оролцоог дэмжих үйл ажиллагаанд зарцуулна.
19.13.Асрамжийн үйлчилгээний стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталж, стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийн, иргэн, хуулийн этгээд, төрөөс үзүүлэх асрамжийн үйлчилгээний байгууллагад тохирлын гэрчилгээ олгоно.
19.14.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3, 19.2.5-д заасан иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага болон энэ хуулийн 19.7-д заасан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийнэ.
19.15.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийнэ.
19.16.Асрамжийн үйлчилгээнд хамрагдах нэг үйлчлүүлэгчид ногдох хувьсах зардал, үйлчилгээний зардлын хөнгөлөлтийн хэмжээ болон энэ хуулийн 19.26-д заасан зардлын хэмжээ, журмыг санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална:
19.16.1.хоол хүнс, хувцас, зөөлөн эдлэл ариун цэврийн хэрэгсэл;
19.16.2.эм, живх болон эмнэлгийн туслах хэрэгсэл;
19.16.3.асрамжийн газарт ирэх, буцах унааны зардал;
19.16.4.асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хамрагдахтай холбоотой зардал;
19.16.5.оршуулгын зардал;
19.17.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний батлах асрамжийн үйлчилгээ үзүүлэх журамд дараах харилцааг зохицуулна:
19.17.1.асрамжийн үйлчилгээнд хүүхэд, иргэнийг хамруулах, шилжүүлэх, гаргах;
19.17.2.асрамжийн газрын төсөв, хөрөнгө, бусад хандив, тусламжийг бүртгэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
19.17.3.асрамжийн газарт төвлөрсөн иргэний тэтгэвэр, тэтгэмжийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
19.17.4.асрамжийн газрын ажилтны сургалтын агуулга, хөтөлбөр, үргэлжлэх хугацаа, гэрчилгээ олгох;
19.17.5.асрамжийн үйлчилгээний чанарт тавих шалгуур, иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, санхүүжилт олгох.
19.18.Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3-т заасан хүнд үйлчилгээ үзүүлэх улсын асрамжийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд, бүс болон орон нутгийн асрамжийн газар нь харьяа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын харьяанд, хүүхдийн асрамжийн байгууллага нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд, Сэтгэцийн эмгэгтэй иргэний асрамжийн газар нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяанд ажиллана.
19.19.Энэ хуулийн 19.2-т заасан хүнд үйлчилгээ үзүүлэх улсын асрамжийн газар байгуулах асуудлыг Засгийн газар, бүсийн болон орон нутгийн асрамжийн газар байгуулах асуудлыг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
19.20.Төрийн асрамжийн үйлчилгээний урсгал зардал, ажиллагчдын цалин хөлс, үйлчлүүлэгчдийн хувьсах зардлыг улсын болон бүсийн асрамжийн газарт улсын төсвөөс, орон нутгийн асрамжийн газарт орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
19.21.Шинээр асрамжийн үйлчилгээ үзүүлэх эсхүл асрамжийн үйлчилгээний барилга байгууламж барих, өргөтгөл хийх иргэн, хуулийн этгээдийг төрөөс бодлогоор дэмжин нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
19.22.Энэ хуулийн 19.3 болон 19.2.4-т заасан хүүхдэд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдэд урсгал зардалд дэмжлэг үзүүлж болно.
19.23.Энэ хуулийн 19.21, 19.22-т заасан дэмжлэгийн хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.
19.24.Улс, бүс, орон нутгийн асрамжийн газрын төсөв нь тухайн төсвийн жилд асрамжийн газрын үйл ажиллагаанд зарцуулахаар улсын болон орон нутгийн төсөв, холбогдох хууль, журмын дагуу санхүүжүүлсэн бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
19.25.Асрамжийн үйлчилгээний байгууллагад иргэн, хувийн хэвшил, олон улсын байгууллагаас олгосон санхүүжилт, хандив тусламжийг зориулалтын бусаар зарцуулахгүй бөгөөд төсөв, зарцуулалтын тайлан нь ил тод, нээлттэй байна.
19.26.18 насанд хүрэхээс өмнө 2-оос доошгүй жилийн хугацаанд асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан энэ хуулийн 19.2.4-т заасан хүүхэд 18 насанд хүрч асрамжийн газраас гарсан бол 24 нас хүртэл нь нэг удаа байрны түрээс, амьжиргааны зардалд нийгмийн халамжийн сангаас дэмжлэг үзүүлнэ.
19.27.Энэ хуулийн 19.18.4-т заасан журмын дагуу асрамжийн газрын хүний нөөцийг бэлтгэх, чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулахад нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, судалгааны байгууллагатай хамтран ажиллаж болно.
19.28.Энэ хуулийн 19.27-д заасан сургалт зохион байгуулах зардал нь асрамжийн үйлчилгээнд улсын төсвөөс олгох тухайн жилийн нийт зардлын 5 хүртэлх хувиас багагүй байна.
20 дугаар зүйл.Гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээ
20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, онцгой байдлын байгууллага, ажилтан, нийгмийн халамжийн байгууллага, нийгмийн халамжийн мэргэжилтэн хамтран гамшгийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болон зорилтот өрх, иргэнийг гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэлд нэрвэгдэж орон гэр, мал, аж ахуй, амьжиргааны эх үүсвэрээ алдсан тохиолдолд гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээнд үндэслэн хариу арга хэмжээ авах, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
20.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээг онцгой байдал, ус цаг уур, орчны хяналт шинжилгээ болон бусад холбогдох байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлнэ.
20.3.Өрх, иргэнийг гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн оролцоонд түшиглэсэн дараах арга хэмжээг иргэн, хуулийн этгээдээр гэрээлэн гүйцэтгүүлнэ:
20.3.1.эрсдэлийн үнэлгээг хийж, гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөл байдалд өртөж болзошгүй өрх, иргэнийг тодорхойлох, эрсдэл бүхий өрхүүдийн мэдээллийг онцгой байдлын байгууллагатай хуваалцаж, хамрагдах боломжтой үйлчилгээний мэдээллийг гаргаж, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах;
20.3.2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.12-т заасан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах;
20.3.3.энэ хуулийн 20.3.1-д заасан эрт сэрэмжлүүлэх арга хэмжээний хүрээнд эрсдэлийн зэрэг өндөр гэж тодорхойлогдсон орон нутгийн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн зорилтот өрх, иргэнд нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгөн дэмжлэгийг иргэний хүсэлтэд үндэслэн гурав хүртэлх сарын хугацаагаар урьдчилан олгох;
20.3.4.энэ хуулийн 20.3.1-д заасан эрт анхааруулах системийн хүрээнд эрсдэлийн зэрэг өндөр, нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай болон зорилтот өрхөд олон нийтийн оролцоонд түшиглэн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийг малын хашаа хороо барих, хадлан тэжээл бэлтгэх, суваг шуудуу ухах, гэр байшингаа дулаалах зэрэг урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн зохион байгуулах;
20.3.5.ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, хүүхдийг гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд үзүүлэх арга хэмжээний талаар цогц сургалтын хөтөлбөр боловсруулан, олон нийтийг зохион байгуулах, олон нийтэд сургалт зохион байгуулах;
20.3.7.эмэгтэйчүүдийн цалин хөлсгүй асаргааны хөдөлмөрийг хөнгөвчлөхөд чиглэсэн дэмжлэг, сургалт арга хэмжээг зохион байгуулах, орлогыг нэмэгдүүлэх, жендерийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд холбон зуучлах.
20.4.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь энэ хуулийн 20.3.3-аас бусад өрх, иргэнийг гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам баталж, зардлыг жил бүрийн төсвийг батлах, халамж хэрэгжүүлнэ.
20.5.Гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлд нэрвэгдсэн сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, онцгой байдлын газрын дүгнэлтэд үндэслэн нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд хууль тогтоомжид заасан үйлчилгээ үзүүлнэ.
20.6.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т заасан аюулт үзэгдэлд өртсөн өрх, иргэнийг нөхөн сэргээхэд чиглэсэн дараах үйлчилгээг тухайн өрхийн нөхцөл байдал, онцлог хэрэгцээнд үндэслэн сонгон үзүүлнэ:
20.6.1.гэнэтийн аюулт үзэгдэл, эрсдэлт нөхцөлд өртсөний улмаас орон гэргүй болсон, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон өрхөд нэг удаагийн дэмжлэг олгох;
20.6.2.гэр бүлийн хөгжлийг дэмжих хүрээнд сэтгэл зүйн болон холбогдох зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
20.6.3.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах;
20.6.4.хүмүүнлэгийн болон бусад тусламж, арга хэмжээнд холбон зуучлах;
20.6.5.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан Өрхийн амьжиргааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээнд хамруулах.
ТАВДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН
21 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн сан
21.1.Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байна.
21.2.Нийгмийн халамжийн сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
21.2.1.улсын төсвөөс олгох хөрөнгө;
21.2.2.орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
21.2.3.олон улсын байгууллага, гадаад улсаас өгсөн хандив, тусламж;
21.2.4.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж;
21.2.5.зорилтот өрх, иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн арга хэмжээг нийгмийн халамжийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэхэд бусад сангаас санхүүжүүлэх хөрөнгө;
21.2.6.бусад эх үүсвэр.
22 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн зарцуулалт
22.1.Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
22.1.1.нийгмийн халамжийн тэтгэмж;
22.1.2.нийгмийн халамжийн дэмжлэг;
22.1.3.нийгмийн халамжийн үйлчилгээ;
22.1.4.Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тусламж, дэмжлэг, хөнгөлөлт, үйлчилгээ;
22.1.5.шинэ төрлийн үйлчилгээ турших болон хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас нийгмийн халамжаас хасагдсан иргэнд үзүүлэх үйлчилгээний;
22.1.6.нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтын;
22.1.7.нийгмийн халамжийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, хөгжүүлэх;
22.1.8.өрхийн амьжиргааны түвшин тогтоох, дахин үнэлэх, өрхийн мэдээллийн сан бүрдүүлэх, шинэчлэх;
22.1.9.нийгмийн халамжийн бодлого, үр нөлөө, үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ, хяналт, үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ хийх;
22.1.10.хууль тогтоомжид заасан бусад.
22.2.Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
23 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах
23.1.Нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын мэдээ, тайланг доор дурдсан хугацаанд гаргаж тайлагнана:
23.1.1.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага тухайн сарын мэдээг дараа сарын 2-ны, тухайн жилийн эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 15-ны, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус тус гаргаж нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
23.1.2.нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сарын мэдээг дараа сарын 5-ны, тухайн жилийн эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 25-ны, жилийн эцсийн тайланг дараа оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор гаргаж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлэх.
23.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн халамжийн сангийн жилийн эцсийн нэгдсэн тайланг хянан төрийн аудитын байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулна.
23.3.Нийгмийн халамжийн сангийн мэдээ, тайлангийн маягтын загварыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрснөөр санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
24 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн үйл ажиллагааны удирдлага
24.1.Нийгмийн халамжийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд эрхэлнэ.
25 дугаар зүйл.Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо
25.1.Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, нийгмийн халамжийн улсын байцаагч, сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэн, орон нутгийн холбогдох албан хаагчаас бүрдэнэ.
25.2.Сум, хороонд ажиллах нийгмийн халамжийн мэргэжилтний орон тоог тогтоох шалгуур үзүүлэлт, аргачлалыг тухайн засаг захиргааны нэгжийн нийт хүн ам болон зорилтот өрх, иргэний тоо, ядуурлын түвшин, орон нутгийн онцлогийг харгалзан Засгийн газар батална.
26 дугаар зүйл.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
26.1.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан яамны нийтлэг эрхлэх асуудлаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.1.1.улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн нийтлэг зорилтыг тодорхойлоход нийгмийн халамжийн үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг тусгах, салбар хоорондын зохицуулалтыг хангах;
26.1.2.нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн нийгмийн халамжийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааг салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх;
26.1.3.гадаад улстай нийгмийн халамжийн асуудлаар олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ конвенцод нэгдэх асуудлыг судлах, шийдвэрлүүлэх.
27 дугаар зүйл.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
27.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан агентлагийн нийтлэг эрхлэх асуудлаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
27.1.1.нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжилтийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнах;
27.1.2.аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын болон нийгмийн халамжийн мэргэжилтнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тасралтгүй сургах, мэргэшүүлэх, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
27.1.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 71.2 дахь хэсэгт заасан гэрээний хэрэгжилтийг хангахад бүх шатны Засаг дарга нарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх;
27.1.4.нийгмийн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйгээр хангах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээг нэгтгэн авч үр дүнг тооцох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
27.1.5.өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдсан иргэний сэтгэл ханамжийн үнэлгээг тогтмол авч, үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглах;
27.1.6.нийгмийн халамжийн талаар иргэд, олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
27.1.7.нийгмийн халамжийн мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, технологийн дэвшлийг үйлчилгээнд нэвтрүүлэх, тооцоо, судалгаа боловсруулахад шаардлагатай тоон мэдээллээр төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай хангах;
27.1.8.сайн дурын үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ хийх, нийгмийн халамжийн салбарт сайн дурын байгууллагын баримтлах зарчим, ажилтны ёс зүй, аюулгүй ажиллагааны чиглэлээр заавар гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлэх, нэгдсэн мэдээллийн цахим систем бүрдүүлэх;
27.1.9.энэ хуулийн 16.4-т заасны дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх, хяналт тавих, зөвлөн туслах;
27.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын чиг үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
27.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг хуульд заасны дагуу нэр дэвшүүлж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын даргыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
28 дугаар зүйл.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын бүрэн эрх
28.1.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.нийгмийн халамжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн тэтгэмж, тусламж, дэмжлэг, хөнгөлөлт олгох, үйлчилгээ үзүүлэх ажлыг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;
28.1.2.нийгмийн халамжийн анхан шатны маягт болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, нийгмийн халамжийн сангийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргах, төсвийн төсөл, төсөөллийн саналыг боловсруулж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
28.1.3.нийгмийн халамжийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, нийгмийн халамжид хамрагдах шаардлагатай боловч хамрагдаж чадаагүй зорилтот өрх, иргэнийг хамруулах арга хэмжээ авах;
28.1.4.сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтнийг энэ хуулийн 4.1.13-т заасны дагуу мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөн туслах, ажлын үр дүн, үнэлгээнд үндэслэн шагнаж урамшуулах;
28.1.5.нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх;
28.1.6.нийгмийн халамжийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, цахим архивын үйлчилгээ үзүүлэх;
28.1.7.нийгмийн халамжийн арга хэмжээг сайжруулах, халамжийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх;
28.1.8.нийгмийн халамжийн арга хэмжээний талаар иргэн, олон нийтэд зөв мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх;
28.1.9.нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилт, халамжийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
28.1.10.тухайн орон нутагт нийгмийн халамжийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэсэн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх, дараа жилд хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж гаргах, иргэний эрх ашгийг хохироосон бол тухайн байгууллагын гэрээг цуцлах арга хэмжээ авах;
28.1.11.энэ хуулийн 4.1.23-т заасан сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдийг элсүүлэх, бүртгэх, сайн дурын ажилтны нөөц бүрдүүлэх, сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулах, сайн дурын ажилтан, байгууллагын шинэлэг санаачилга, манлайллыг урамшуулах, олон нийтэд сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төрийн болон салбарын шагналд тодорхойлох, алдаршуулах, сайн дурын ажилтныг гүйцэтгэлийн түвшин, үр дүн, сайн дурын ажил хийсэн хугацаа зэргийг харгалзан батламж олгох;
28.1.12.хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ хуулийн 16.4-т заасны дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр тогтмол зохион байгуулах, зөвлөн туслах;
28.1.13.хуульд заасан бусад чиг үүрэг.
29 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн мэргэжилтэн
29.1.Нийгмийн ажлын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан иргэнийг сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллуулна.
29.2.Нийгмийн халамжийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, ёс зүйн дүрмийг нийгмийн халамжийн асуудал Засгийн газрын гишүүн батална.
29.3.Сумын нийгмийн халамжийн мэргэжилтнийг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн байгууллагын дарга, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтнийг дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
29.4.Нийгмийн халамжийн мэргэжилтэн дараах эрх, үүрэгтэй:
29.4.1.нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах зорилтот өрх, иргэний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэх;
29.4.2.нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдсан зорилтот өрх, иргэнийг бүртгэх;
29.4.3.зорилтот өрх, иргэнийг амьжиргаагаа дээшлүүлэх чадавхтай болоход нь туслах чиглэлээр зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн бусад үйлчилгээнд холбон зуучлах;
29.4.4.зорилтот өрх, иргэний амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх, ядуурлыг бууруулах хөтөлбөр, арга хэмжээнд хамруулах ажлыг орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
29.4.5.нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах шаардлагатай боловч хамрагдахгүй байгаа зорилтот өрх, иргэнийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх;
29.4.6.үйлчлүүлэгчийн оролцоо, давуу талд тулгуурлаж тэднийг чадваржуулах, шаардлагатай үйлчилгээг хувь хүн, гэр бүл, бүлэг, байгууллага, олон нийтэд хүргэх;
29.4.7.нийгмийн асуудлыг судлан шинжилж, үйлчилгээг хүргэхэд шаардагдах нөөцийг тодорхойлох, бүрдүүлэх, дайчлан ажиллах;
29.4.8.нийгмийн ажлын болон судалгааны аргуудыг ашиглан анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, судалгааны дүнг тайлагнах, түгээн дэлгэрүүлэх;
29.4.9.нийгэм эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого, нийгмийн хамгааллын асуудалд дүн шинжилгээ хийх, нөлөөлөх чадвартай байх;
29.4.10.кейс менежментийн явцад үйлчлүүлэгчийн мэдээллийг тавигдах шаардлагын дагуу тухай бүрд хөтлөх, цаас эсхүл цахим хэлбэрээр тэмдэглэж, архивын ажлын үндсэн зааврын дагуу кейс файлыг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах;
29.4.11.мэргэжил боловсролоо дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах, мэргэжлийн удирдлагын уулзалт, хэлэлцүүлэгт тогтмол оролцох, мэргэжлээрээ өсөж хөгжих, тасралтгүй суралцах, үйлчлүүлэгчид үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх мэдлэг, чадвартай байх;
29.4.12.мэргэжлийн хувьд өсөн хөгжих ерөнхий чиг хандлагаа тодорхойлж, мэргэжлийн удирдагчаас суралцах, хамтран ажиллах, дагалдах, дадлагажих, мэргэших зэрэг бүтээлч, санаачилгатай байдлаар мэргэжлийн хөгжилтөд анхаарах;
29.4.13.асаргаа шаардлагатай хүний өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадварын түвшнийг үнэлэх;
29.4.14.нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдаж байгаа зорилтот өрх, иргэний амьдралтай газар дээр нь танилцах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон гэрээт байгууллагаас үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих, цаашид авах арга хэмжээний талаарх санал, тайлбарыг дээд шатны байгууллагад хүргүүлэх;
29.4.15.иргэнд нийгмийн халамжийн арга хэмжээний зорилт, нөхцөл, шалгуур болон нийгмийн халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэн, хуулийн этгээдийн талаар мэдээлэл өгөх;
29.4.16.гэрээгээр нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай мэдээ, судалгаа, санхүүгийн тайлан түүнтэй холбоотой баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авах;
29.4.17.нийгмийн халамжийн үйл ажиллагаатай холбоотой иргэн, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэх, шаардлагатай бол дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
29.4.18.нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандсан хувь хүний нууцыг хадгалах;
29.4.19.ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан нийгмийн халамжийн мэргэжилтний тусгай өрөө эсхүл тусгаарлалт бүхий ажлын байр болон шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдах;
29.4.20.хууль тогтоомж болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гүйцэтгэхээс татгалзах.
29.4.21.энэ хуулийн 4.1.23-т заасан сайн дурын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгууллага, ажилтны оролцоог дэмжих, үйл ажиллагаанд зорилтот өрх, иргэнийг хамруулах, холбон зуучлах, зорилтот өрх, иргэнд үзүүлж байгаа биет болон биет бус дэмжлэг, үйлчилгээ, оролцоог дэмжих, сайн дурын үйл ажиллагаанд зарцуулсан цагийг тооцож нэгдсэн мэдээллийн цахим системд бүртгэх.
29.5.Нийгмийн халамжийн мэргэжилтэн нь энэ хуулийн 29.4-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ тухайн сум, хорооны сургуулийн, эрүүл мэндийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай хамтран ажиллана.
30 дугаар зүйл.Мэргэжлийн хамтарсан зөвлөл
30.1.Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл (цаашид "Мэргэжлийн хамтарсан зөвлөл" гэх) нь аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын дэргэд ажиллана.
30.2.Мэргэжлийн хамтарсан зөвлөл нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээнд үндэслэн хувийн цогц төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний дагуу хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, сэргээн засах болон нийгмийн оролцоог дэмжих чадваржуулах үйлчилгээ, асаргааны хувилбарт болон хувийн туслах үйлчилгээ, тохирох хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслийн дэмжлэгт холбон зуучлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
30.3.Мэргэжлийн хамтарсан зөвлөл нь аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын нийгмийн халамжийн асуудал хариуцсан нэгжийн дарга, нийгмийн халамжийн улсын байцаагч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн асуудал хариуцсан ажилтан, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан орон тооны 5, согог зүйч, хөдөлгөөн засалч, хэл засалч, ахмадын эмч эсхүл сэргээн засалтын эмч зэрэг орон тооны бус 3, нийт 9 гишүүнтэй байна.
30.4.Мэргэжлийн хамтарсан зөвлөлийн ажиллах дүрэм, урамшууллын хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
31 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн хяналт
31.1.Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь нийгмийн халамжийн улсын байцаагч эсхүл нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч (цаашид "нийгмийн халамжийн улсын байцаагч" гэх)-тай байна.
31.2.Нийгмийн халамжийн улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож, цуцална.
31.3.Нийгмийн халамжийн улсын байцаагч нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эсхүл аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад тав буюу түүнээс дээш жил ажилласан, ёс зүйн зөрчил гаргаагүй, нийгмийн халамжийн улсын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн байна.
31.4.Нийгмийн халамжийн улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
32 дугаар зүйл. Нийгмийн халамжийн улсын байцаагчид хориглох зүйл
32.1.Нийгмийн халамжийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
32.1.1.удирдамж, томилолтгүйгээр хяналт шалгалт хийх;
32.1.2.нийгмийн халамжийн улсын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй акт, бусад баримт бичгийг иргэн, хуулийн этгээдэд урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;
32.1.3.иргэн, хуулийн этгээдэд хууль бус зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг буруугаар тайлбарлах, хууль тогтоомж зөрчихийг зөвлөх, ятгах, тулгах, шаардах;
32.1.4.нийгмийн халамжийн мэдээллийн сангийн мэдээллийг хууль бусаар өөрчлөх, засварлах, устгах, сэргээх, хуурамч мэдээлэл оруулах, лавлагааг хуурамчаар гаргах, энэ талаар бусдад боломж олгох, улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийг хууль бусаар ашиглах, бусдад хэрэглүүлэх;
32.1.5.хууль тогтоомжид заасан бусад хориглох зүйл.
ДОЛООДУГААР БҮЛЭГ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД,
АЛБАН ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
33 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг
33.1.Нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдаж байгаа зорилтот өрх, иргэн дараах үүргийг хүлээнэ:
33.1.1.өрхөд шинээр хүүхэд төрсөн, үрчлэн авсан, өрхийн гишүүн нас барсан, эсхүл шилжиж ам бүлийн тоонд өөрчлөлт орсон бол сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд 14 хоногийн дотор мэдэгдэх;
33.1.2.нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдахдаа нийгмийн халамжийн хууль тогтоомжид заасан нөхцөл, шалгуурыг хангаж байгаа эсэхээ үнэн зөв мэдээлэх;
33.1.3.орон нутгаас зохион байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн болон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох.
33.2.Иргэн нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах шаардлагатай зорилтот өрх, иргэний талаар мэдсэн тохиолдолд тухайн орон нутгийн нийгмийн халамжийн байгууллага, нийгмийн халамжийн мэргэжилтэн, нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
33.3.Иргэн, хуулийн этгээд нь нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот өрх, иргэнд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, дэмжлэг үзүүлж болно.
33.4.Үндэсний статистикийн хороо, улсын бүртгэл, татвар, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгалын зэрэг асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийгмийн халамжид хамрагдах зорилгоор амьжиргааны түвшнээ үнэлүүлэх хүсэлт гаргасан өрх, иргэний холбогдох мэдээллийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухай бүр үнэ төлбөргүй, шуурхай гаргаж өгөх, мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.
34 дүгээр зүйл.Бүх шатны Засаг даргын хүлээх үүрэг
34.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан нутаг дэвсгэрийн хүн амын ядуурал, ажилгүйдлийг бууруулах хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
34.2.Энэ хуулийн 34.1-д заасан зорилтыг хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулж, санал санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана.
34.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь доод шатны Засаг дарга нартай тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, өрхийн ядуурал, ажилгүйдлийг бууруулах гэрээ байгуулж ажиллана:
34.3.1.гэрээнд тухайн жилд ядуурлаас гаргах өрх, иргэний тоо, мэдээллийг тусгах;
34.3.2.ядуурал, ажилгүйдэл ихтэй нутаг дэвсгэрийг тогтоож, түүнд чиглэсэн бодлого боловсруулах;
34.3.3.газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор ядуу өрх, иргэнд газар олгох, эзэмшлийн газартаа тариа, ногоо тарих, малжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэх, тогтмол орлого олох боломжийг бүх талаар дэмжин ажиллах;
34.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нарын ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт тавьж, тайланг дүгнэж, урамшуулах, хариуцлага тооцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
34.5.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь энэ хуулийн 34.1-д заасан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр нийгмийн бусад үйлчилгээнд зорилтот өрх, иргэнийг тэргүүн ээлжид хамруулна.
34.6.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь тухайн орон нутгийн зорилтот өрх, иргэнд энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн халамжийн байгууллага, ажилтанд дэмжлэг үзүүлж ажиллана.
34.7.Сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга нь тухайн нутаг дэвсгэртээ энэ хуулийн 16.1-д заасан үйлчилгээг үзүүлэхэд иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх байр болон хууль тогтоомжид заасны дагуу дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
34.8.Баг, хорооны Засаг дарга нь зорилтот өрх, иргэнийг үнэн зөв тодорхойлж нийгмийн халамжийн болон нийгмийн бусад үйлчилгээнд хамрагдахад дэмжлэг үзүүлнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН МЭДЭЭЛЛИЙН САН
35 дугаар зүйл.Нийгмийн халамжийн мэдээллийн сан
35.1.Нийгмийн халамжийн байгууллага нь нийгмийн халамжийн арга хэмжээг хүргэх, өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, удирдах, ашиглах, эх, хүүхдэд чиглэсэн мөнгөн дэмжлэг олгох, нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагыг тооцох, зорилтот, өрх иргэнийг тодорхойлох зорилгоор эдийн засаг, амьдрах орчин, эрүүл мэнд, боловсролын мэдээлэл болон бусад мэдээллийг агуулсан мэдээллийн сан (цаашид "мэдээллийн сан" гэх)-тай байна.
35.2.Энэ хуулийн 35.1-д заасан мэдээллийн сангийн мэдээллийг бүрдүүлэх, шинэчлэх, хяналт шалгалт хийхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан суурь, төрөлжсөн болон байгууллагын мэдээллийн санг ашиглана.
35.3.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.2-т заасан мэдээлэл хариуцагчийн үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
35.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь мэдээллийн санд бүртгэж байгаа мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
35.5.Мэдээллийн санг нийгмийн халамжийн сан болон улсын төсвөөс олгосон санхүүжилтийн мэдээ, тайлан гаргах, тооцоо, судалгаа хийх, нэг өрхөд үзүүлж байгаа мөнгөн дэмжлэгийн хэмжээг тооцох, хяналт тавихад ашиглана.
35.6.Энэ хуулийн 6.1-д заасан арга хэмжээ болон бусад хууль тогтоомжийн дагуу өрхөд төрөөс олгож байгаа нийт мөнгөн тэтгэмж, тусламжийн нэг гишүүнд сард ногдох дээд хязгаарыг тухайн өрхийн амьжиргааны түвшинтэй уялдуулан ялгаатай тогтоох бөгөөд аргачлалыг санхүү төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
35.7.Мэдээллийн сангийн мэдээллийг устгах, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрчлөх, дамжуулах, зориулалтын бусаар ашиглах, хуулбарлахыг хориглоно.
35.8.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу мэдээллийн сангийн өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгоно.
35.9.Энэ хуулийн 35.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах, салбар дунд мэдээлэл солилцох, ашиглах, тухай бүр шинэчлэх, хадгалах, мэдээлэлд хяналт тавих, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.
35.10.Энэ хуулийн 4.1.20-д заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход өрх, иргэний холбогдох мэдээллийг төрийн бусад байгууллагын мэдээллийн сангаас авч ашиглана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
36 дугаар зүйл.Хууль бус үйл ажиллагааг хориглох
36.1.Нийгмийн халамжийн тэтгэмж авагч хуурамч баримт бичиг бүрдүүлсний улмаас илүү олгогдсон тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийнэ.
36.2.Суутгалын хэмжээ нь тухайн иргэний сарын нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээний 50 хувиас хэтэрч болохгүй.
36.3.Энэ хуулийн 36.1-д зааснаас бусад тохиолдолд иргэний нийгмийн халамжийн тэтгэмжээс суутгал хийх, барьцаалахыг хориглоно.
36.4.Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, хууль санаачлагч нь өрх, иргэнд нийгмийн халамжийн аливаа төрлийн хөтөлбөр, арга хэмжээг олгохоор улс төрийн амлалт өгөх, сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд зарлах болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэхгүйгээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн барих, төсөвт тусган хэрэгжүүлэхийг хориглоно.
37 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
37.1.Энэ хуулийг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37.2.Энэ хуулийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
37.3.Нийгмийн халамжийн байгууллага, Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, Мэргэжлийн хамтарсан зөвлөлөөс нийгмийн халамжид хамрагдах иргэнийг буруу тодорхойлж, хамрагдах шаардлагагүй иргэн нийгмийн халамжид хамрагдсан нь илэрсэн тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
37.4.Хуурамчаар баримт бичиг үйлдсэн, тэтгэмжийг зогсоох хугацаа болсныг мэдэж байсан боловч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, сум, хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд мэдэгдээгүй тэтгэмж авсан иргэнээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
37.5.Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн, нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтан, нийгмийн халамжийн мэргэжилтэнд энэ хуулийн37.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
38 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
38.1.Энэ хуулийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ
Нүүр
Санал өгөх