A

A

A

Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэн
Нийтэлсэн огноо 2026-02-10 16:16:44
Төслийн төлөв Идэвхтэй
  • 0
  • 0
  • 25
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
САНАЛ АВЧ ДУУСАХ ХУГАЦАА: 2026-02-25

Танилцуулга:

ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ/Шинэчилсэн найруулга/

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр                     Улаанбаатар хот

ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төрийн нууцын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хуулийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага, албан тушаалтан дагаж мөрдөнө.

3.2.Монгол Улсын төрийн нууцтай танилцсан гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгсөн төрийн нууцад хамаарах мэдээллийг хамгаалахад энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Мэдээллийг төрийн нууцад хамааруулах, нууцлах зарчим

Хэвлэх

4.1.Мэдээллийг төрийн нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй, цаг үеэ олсон байх зарчмыг удирдлага болгоно.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."төрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг;

5.1.2."төрийн нууц тээгч" гэж төрийн нууцыг бичвэр, тэмдэг, дүрс, дохио, техникийн шийдэл, үйл ажиллагааны хэлбэрээр агуулж байгаа материаллаг зүйлийг;

5.1.3."мэдээллийг нууцлах" гэж төрийн нууцад хамааруулсан мэдээлэлтэй танилцах, мэдээллийг эзэмших, ашиглах, тараах, дамжуулахад хязгаарлалт тогтоох арга хэмжээг;

5.1.4."нууцын зэрэглэл" гэж төрийн нууц мэдээллийн нууцлалын түвшинг илэрхийлэх, нууц тээгч, эсхүл түүний дагалдах баримт бичигт тавьсан тэмдэглэгээг;

5.1.5."төрийн нууцтай танилцах эрх" гэж энэ хуульд заасны дагуу албан тушаалтан, иргэн төрийн нууцад хандах, хуулийн этгээд төрийн нууцыг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг;

5.1.6."төрийн нууц хамгаалах ажилтан /цаашид "нууц хамгаалах ажилтан" гэх/ гэж төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд төрийн нууцын хамгаалалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий нэгжийн ажилтан, эсхүл энэ чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтныг;

5.1.7."төрийн нууцыг хамгаалах хэрэгсэл" гэж төрийн нууцыг хамгаалах зориулалтаар ашиглах техникийн, программ хангамжийн, криптографийн болон бусад хэрэгслийг;

5.1.8."төрийн нууцыг хамгаалах" гэж төрийн нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль зүй, зохион байгуулалт, техник, криптографын болон бусад арга хэмжээний цогцыг;

5.1.9."төрийн нууцыг ил болгох" гэж энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн нууцын хамгаалалт, нууцлах хугацаа, зэрэглэлийг хүчингүй болгохыг;

5.1.10."төрийн нууцыг задруулах" гэж мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар төрийн нууцтай танилцах эрхгүй этгээдэд хүрсэн байхыг;

5.1.11."төрийн нууцыг үрэгдүүлэх" гэж тогтоосон дэглэм, журмыг зөрчсөний улмаас байгууллага, албан тушаалтан, иргэний эзэмшил, ашиглалтаас төрийн нууц түр, эсхүл бүрмөсөн гарсныг.

6 дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах нийтлэг үүрэг

Хэвлэх

6.1.Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн нууцыг хамгаалах үүрэгтэй.

6.2.Төрийн нууцтай танилцсан Монгол Улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд /цаашид "төрийн байгууллага, бусад хуулийн этгээд" гэх/, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

6.3.Төрийн байгууллага нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад ирүүлнэ.

6.4.Төрийн нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

6.5.Төрийн нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлсэн, нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн буюу бусад хэлбэрээр тагнуул, хууль сахиулах байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хуулийн этгээд, иргэнийг урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл.Төрийн нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх

Хэвлэх

7.1.Гадаад улс, олон улсын байгууллагаас шилжүүлэн өгснөөс бусад төрийн нууц нь Монгол Улсын төрийн өмч байна.

7.2.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд, албан тушаалтан, иргэн хариуцсан, эсхүл өөрт байгаа төрийн нууцыг хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, ашиглаж, хамгаална.

7.3.Иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа үндэсний ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой, эсхүл хохирол учруулах мэдээлэл, түүний тээгчийг нууцлах шаардлагатай гэж үзвэл өмчлөгчтэй зөвшилцөн түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр нөхөн төлбөртэй болон төлбөргүйгээр төрийн өмчид авч болно.

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан өмчлөгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээний талаар харилцан тохиролцож чадаагүй бол хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэж, баталгаажуулсан үнээр нөхөн төлбөрийг тооцно.

7.5.Энэ хуулийн 7.3-т заасан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл, түүний тээгчийг төрийн өмчид авах эсэхийг эрх бүхий байгууллагын санал, тагнуулын байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

7.6."Онц чухал нууц" зэрэглэлээс бусад зэрэглэлийн төрийн нууцыг гадаад улс, олон улсын байгууллагатай байгуулсан нууц мэдээллийг харилцан хамгаалах гэрээ, хэлэлцээр, тагнуулын байгууллагын саналыг үндэслэн шилжүүлэн өгч болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН НУУЦЫГ ХАМГААЛАХ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА,

АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

8 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

8.1.Улсын Их Хурал төрийн нууцыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

8.1.1.төрийн нууцыг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

8.1.2.төрийн нууцыг хамгаалахад чиглэсэн хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж батлах;

8.1.3.мэдээллийг төрийн нууцад хамааруулах, ил болгох, нууцын зэрэглэл, хугацааг тогтоох.

9 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

9.1.Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд төрийн нууцын хамгаалалтад хяналт тавьж, энэ талаар холбогдох төрийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

10 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Засгийн газар улсын хэмжээнд төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.төрийн нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, чиглэл өгөх;

10.1.2.төрийн нууцыг хамгаалах төрийн бодлого, төсөл, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх;

10.1.3.төрийн нууцтай холбоотой журам, зааврыг батлах;

10.1.4.төрийн нууцыг харилцан солилцох, хамгаалах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;

10.1.5.төрийн нууцад хамаарах мэдээллийг шилжүүлэх шийдвэр гаргах;

10.1.6.мэдээллийг төрийн нууцад хамааруулах, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах асуудлыг Улсын Их Хуралд оруулах.

11 дүгээр зүйл.Байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Хэвлэх

11.1.Байгууллага, албан тушаалтан төрийн нууцыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг харгалзан төрийн нууцыг хамгаалах талаар нарийвчилсан зохицуулалт бүхий журмыг нийтлэг журамд нийцүүлэн баталж мөрдүүлэх;

11.1.2.эрхэлсэн салбар, харьяа байгууллагын хэмжээнд байгаа төрийн нууцын хамгаалалтад хяналт тавих;

11.1.3.төрийн нууцыг хамгаалах арга, хэрэгслийг боловсронгуй болгох, шаардлагатай хөрөнгийг төсөвтөө тусгаж санхүүжүүлэх саналаа эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх;

11.1.4.онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн нууцыг хамгаалах төлөвлөгөө боловсруулж батлах, тухайн үед авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах.

12 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

12.1.Тагнуулын байгууллага төрийн нууцыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.төрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

12.1.2.төрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан нууцыг ашиглаж, хамгаалж байгаа байдалд хяналт тавих, шалгах;

12.1.3.төрийн нууцыг хамгаалах техник, криптографийн хэрэгсэлд туршилт, шинжилгээ хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

12.1.4.байгууллага, албан тушаалтан төрийн нууцаа хамгаалах ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

12.1.5.төрийн нууцын тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;

12.1.6.мэдээллийг төрийн нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах, энэ хуульд заасан үндэслэлээр ил болгох асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;

12.1.7.төрийн нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, ашиглах;

12.1.8.төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалт явуулах, төрийн нууцыг ашиглан үйл ажиллагаа явуулах, ажил гүйцэтгэх хуулийн этгээдийг судалж, шалгах;

12.1.9.төрийн нууцыг дамжуулах, илгээх мэдээлэл, шуудан харилцаа холбооны сүлжээ, шифр харилцааг улсын хэмжээнд болон хилийн чанадад зохион байгуулж, хяналт тавих;

12.1.10.төрийн нууцыг хамгаалах сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;

12.1.11.төрийн нууцыг харилцан солилцох, хамгаалах асуудлаар байгуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал, дүгнэлт өгөх.

12.2.Энэ хуулийн 12.1.7-д заасан мэдээллийн санг байгуулах, ашиглах журмыг Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН НУУЦАД ХАМААРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ

13 дугаар зүйл.Төрийн нууцад хамааруулах мэдээллийн хүрээ

Хэвлэх

13.1.Төрийн нууцад дараах мэдээллийг хамааруулна:

13.1.1.төрийн бодлогын хүрээнд:

13.1.1.а.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, номлолын нууцалбал зохих хэсэг;

13.1.1.б.Улсын Их Хурлын чуулган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл;

13.1.1.в.аливаа улстай харилцах Монгол Улсын чиг бодлого, байр суурийг нарийвчлан илэрхийлсэн мэдээлэл, гадаад орнуудаас итгэмжлэгдсэн байдлаар авсан мэдээлэл;

13.1.1.г.Засгийн газар, Төв банкнаас гадаад улс, олон улсын байгууллагатай санхүүгийн салбарт хамтран ажиллах болон өр, зээл, тусламжтай холбоотой гэрээ, хэлэлцээр, тэдгээрт хамаарах мэдээлэл;

13.1.1.д.төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл;

13.1.1.е.энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлаар гадаад улсын Засгийн газар, байгууллагатай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээр, протокол, тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

13.1.1.ё.хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын онцгой нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүнтэй холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг;

13.1.1.ж.олон улсын хурал зөвлөгөөн, чуулганд оролцох дээд, өндөр түвшний болон Засгийн газрын төлөөлөгчдийн ажлын чиглэл, түүнтэй холбоотой мэдээлэл;

13.1.1.з.улсын батлан хамгаалах, эдийн засагт чухал ач холбогдол бүхий үйлдвэр, онц чухал обьектод гарсан гэмт халдлага, осол, сүйрэл, онцгой нөхцөл байдлын үед эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, түүнтэй холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг.

13.1.2.эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хүрээнд:

13.1.2.а.эдийн засгийн аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн нууцалбал зохих хэсэг;

13.1.2.б.мөнгөн тэмдэгтийн нөөц, нөөцийн сангийн байршил, хамгаалалтын тухай мэдээлэл;

13.1.2.в.үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой шинжлэх ухаан, технологийн тухай мэдээлэл;

13.1.2.г.мөнгөн тэмдэгтийн эх загвар бүтээх, үйлдвэрлэх, устгах, мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт, солилцоо, гүйлгээнээс гаргах тухай мэдээлэл.

13.1.3.батлан хамгаалах хүрээнд:

13.1.3.а.батлан хамгаалах бодлого, төрийн цэргийн номлолын нууцалбал зохих мэдээлэл;

13.1.3.б.зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч, төрийн цэргийн байгууллагын нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоо, жинхэнэ нэр, зохион байгуулалт, бүтэц, тэдгээрийн байлдах чадвар, байлдааны бэлэн байдлыг тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт, мэдээлэл;

13.1.3.в.төрийн цэргийн байгууллагын стратегийн удирдамж, бэлэн байдлын төлөвлөгөө, тэдгээрийн биелэлт, тооцоо, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, хэрэглэх болон стратегийн төлөвлөлтийн баримт бичиг, бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдаанд бэлтгэх, шилжүүлэн байрлуулах төлөвлөгөө, зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах арга ажиллагааны тактикийн тухай мэдээлэл;

13.1.3.г.байлдааны болон хил хамгаалалтын бэлэн байдлын мэдээ, байлдааны тушаал, захирамж, байлдааны ажиллагааны газар, орныг төхөөрөмжлөхтэй холбогдсон мэдээлэл;

13.1.3.д.батлан хамгаалах болон улсын хил хамгаалах зориулалттай болон энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулсан байр зүйн зураг;

13.1.3.е.улсын болон цэргийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөө, нөөц, нөхөн хангах тооцоо, төрийн цэргийн байгууллагын байлдааны техник зэвсэглэл, материал, галт хэрэглэлийн хангалт, захиалга, нөөцийн талаарх мэдээлэл;

13.1.3.ё.төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, бэлтгэл үүрэгтэн, цэрэгт татах болон цэргээс халагдах хүмүүсийн нэгдсэн мэдээлэл, цэргийн мэргэжлийн ангилал, оногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн дүн, тооцоо /улсын болон нийслэл, аймгийн хэмжээнд/;

13.1.3.ж.төрийн цэргийн байгууллагын автоматжуулсан болон далдуур /удирдлага холбооны/ удирдлагын системийн бүтэц, зохион байгуулалт, хангалтын тухай мэдээлэл;

13.1.3.з.төрийн цэргийн байгууллагын удирдлагын байрны байршил, мэдээлэл, холбооны сүлжээ, радио долгионы давтамжийн хуваарилалтын тухай мэдээлэл;

13.1.3.и.улсын болон цэргийн дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр, улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, төлөвлөгөөний тухай мэдээлэл;

13.1.3.й.улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны арга ажиллагаа, хангалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл;

13.1.3.к.улсын болон батлан хамгаалах нөөцийн бодит хэмжээ, байршил, тайлан, санхүүжилтийн тухай мэдээлэл;

13.1.3.л.улсын болон батлан хамгаалах нөөцийн жилийн болон дунд, урт хугацааны үндсэн чиглэлийн төслийн тооцоо, үндэслэл, түүнийг хэрэгжүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;

13.1.3.м.улс орныг дайны байдалд шилжүүлэх төлөвлөгөө, дайны болон дайн бүхий байдлын үед төрийн байгууллагын ажиллах төлөвлөгөө, түүнд холбогдох мэдээлэл;

13.1.3.н.онцгой байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө, холбоо, зарлан мэдээллийн үйл ажиллагааны зохион байгуулалт, энэ зорилгоор дэд бүтцийг ашиглах тухай мэдээлэл, удирдлагын хоргодох байр, төсөв, байршил, хүчин чадлын тухай мэдээлэл.

13.1.3.о.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлагатай холбоотой нууцалбал зохих мэдээлэл.

13.1.4.тагнуул, сөрөх тагнуул, хууль сахиулах ажлын хүрээнд:

13.1.4.а.тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбоотой мэдээлэл;

13.1.4.б.гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлийн болон тусгай сангийн мэдээлэл;

13.1.4.в.гүйцэтгэх ажлын мэдээллийн болон тусгай техник хэрэгслийн тоо бүртгэлийн сан, түүнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник технологи, программ хангамж, нууцлах код, түлхүүр, өгөгдөл, нууц тээгчид байгаа мэдээлэл;

13.1.4.г.бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын салбар нэгж, тэдгээрийн барилга байгууламж, байршил, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн тухай мэдээлэл;

13.1.4.д.гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл;

13.1.4.е.эрх бүхий байгууллагын удирдлагаас гүйцэтгэх ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан шийдвэр, заавар, журам, бусад баримт бичиг;

13.1.4.ё.гүйцэтгэх ажилтны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөө, тайлан, ажлын байрны тодорхойлолтын мэдээлэл;

13.1.4.ж.тагнуул, сөрөх тагнуул, эрх бүхий бусад байгууллагын гүйцэтгэх ажил эрхлэх нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны тухай мэдээлэл;

13.1.4.з.тагнуулын байгууллагын төсөв, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий бусад байгууллагын гүйцэтгэх ажлын зардал, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлангийн мэдээлэл;

13.1.4.и.гүйцэтгэх ажилтан, нууц гүйцэтгэх ажилтны хувийн хэргийн болон тэдний албан ажилтай холбоотой мэдээлэл;

13.1.4.й.тагнуулын байгууллагаас үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд илгээсэн мэдээлэл;

13.1.4.к.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын тусгай архивын данс, бүртгэл, эд зүйл;

13.1.4.л.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх төлөвлөгөө, террор, хорлон сүйтгэх ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны төлөвлөгөө, удирдамж, хэрэглэх дохио;

13.1.4.м.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа;

13.1.4.н.тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын өөрийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт, арга, тактик, хүч, хэрэгсэл, төлөвлөгөөний мэдээлэл;

13.1.4.о.тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажлын зориулалттай зэвсэг, тусгай хэрэгсэл, материал техникийн хангалт, нөөцийн мэдээлэл;

13.1.4.ө.тагнуулын байгууллагаас гадаад улсын тусгай албатай тогтоосон хамтын ажиллагааны тухай мэдээлэл;

13.1.4.п.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх арга хэмжээний явц, уг арга хэмжээгээр хамгаалагдсан этгээдийн нууцалбал зохих мэдээлэл.

13.1.5.мэдээллийн аюулгүй байдлын болон бусад хүрээнд:

13.1.5.а.төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц, зохион байгуулалт, программ хангамж, мэдээлэл нууцлагч техник хэрэгсэл, тэдгээрийн ажиллагааны зарчим, радио долгионы давтамжийн хуваарилалтын мэдээлэл;

13.1.5.б.төрийн мэдээллийн сүлжээний удирдлагын төвийн тусгай зориулалтын техник, программ хангамж;

13.1.5.в.төрийн шифр харилцааны бодлого, төрийн тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны болон шифрийн криптографын боловсруулалт, сан, нөөц, шифрийн арга ажиллагаа, аргачлал, тэдгээрийг ашиглах заавар, код, түлхүүр, түүнтэй холбоотой мэдээлэл;

13.1.5.г.төрийн шифр мэдээ, шифрийн харилцааны дүрэм, заавар, шифрийн материалын бүртгэл;

13.1.5.д.төрийн нууц тээгчийг хүлээлцсэн, шилжүүлсэн, шалгасан тухай мэдээлэл;

13.1.5.е.төрийн нууцад хамаарах мэдээлэл, нууц тээгчийг ашиглан бэлтгэсэн ном, сурах бичиг, бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, тайлан, илтгэл, мэдээлэл, дүгнэлт, хурал, зөвлөгөөн, лекц, гүйцэтгэх ажлын сургалтын хөтөлбөр, хичээлийн тэмдэглэл;

13.1.5.ё.энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудлыг шалгасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцалбал зохих баримт бичиг, мэдээлэл;

13.1.5.ж.хуулиар төрийн тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлээр хамгаалуулж байгаа албан тушаалтны эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл;

13.1.5.з.улсын онц чухал болон тусгай обьектын байршил, олгосон газрын нэр, зураг, хамгаалалтын зохион байгуулалт, хүч хэрэгслийн тухай мэдээлэл;

13.1.5.и.цэвэр ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн байршлын зураг;

13.1.5.й.энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээ, баримт бичиг, эд зүйлийг битүүмжлэн хүргэх төрийн тусгай болон дипломат шуудан, битүүмжлэхээс хэрэглэгчид хүртэл үйл ажиллагаа;

13.1.5.к.энэ хуулиар төрийн нууцад хамааруулсан асуудал хэлэлцсэн хаалттай хуралдааны тэмдэглэл, баримт бичиг;

13.1.5.л.хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал, чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтын зохион байгуулалт, хүч, хэрэгслийн болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийн тухай мэдээлэл;

13.1.5.м.улсын онц чухал болон тусгай обьект, үйл ажиллагааг халхлах журам.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хүрээнд хамаарах төрийн нууцын жагсаалтыг хуулиар тогтооно.

13.3.Салбарын болон байгууллагын хэмжээнд нууцлах мэдээллийн жагсаалтад тухайн мэдээллийг нууцлах хугацаа, нууцын зэрэглэлийг тусгасан байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ БОЛОН ИЛ БОЛГОХ

14 дүгээр зүйл.Мэдээллийг нууцлах

Хэвлэх

14.1.Мэдээллийг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн нууцад хамааруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжүүлнэ.

14.2.Мэдээллийг энэ хуульд заасан нууцын зэрэглэл болон бусад тэмдэглэгээг тавьж бэхжүүлэх замаар нууцална.

14.3.Обьект, тодорхой үйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Засгийн газрын баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

14.4.Байгууллага, албан тушаалтны боловсруулсан, эсхүл хүлээн авсан мэдээлэл нь энэ хуулийн 13.2-т заасан жагсаалтад ороогүй боловч энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан шалгуурт нийцэж байгаа тохиолдолд төрийн нууцад хамааруулах саналаа нэн даруй тагнуулын байгууллагад хүргүүлнэ.

15 дугаар зүйл.Төрийн нууцад хамаарах мэдээллийн зэрэглэл, түүний шалгуур

Хэвлэх

15.1.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхол, байгууллага, иргэнд учруулах аюул, занал, хохирлын хэмжээнээс хамаарч төрийн нууцад хамаарах мэдээлэл дараах зэрэглэлтэй байна:

15.1.1.онц чухал нууц;

15.1.2.маш нууц;

15.1.3.нууц.

15.2.Төрийн нууцад хамаарах мэдээлэлд энэ хуульд зааснаас өөр нууцын зэрэглэл хэрэглэхийг хориглоно.

15.3.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул, занал учруулах, үндэсний ашиг сонирхолд онц хүнд үр дагавар бий болгох, хүний амь биед аюул учруулах мэдээллийг "онц чухал нууц" зэрэглэлд хамааруулна.

15.4.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд хүнд үр дагавар бий болгох, батлан хамгаалах чадавхыг сулруулах мэдээллийг "маш нууц" зэрэглэлд хамааруулна.

15.5.Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хохирол учруулах, эсхүл энэ хуулийн 15.3, 15.4-т заасан мэдээллийг задруулах нөхцөл бий болгох мэдээллийг "нууц" зэрэгт хамааруулна.

16 дугаар зүйл.Мэдээллийг нууцлах хугацаа

Хэвлэх

16.1.Энэ хуулийн 16.4, 16.5-д зааснаас бусад төрийн нууцыг дараах хугацаагаар нууцална:

16.1.1."онц чухал нууц" зэрэглэлд хамаарах мэдээлэл-30 жил;

16.1.2."маш нууц" зэрэглэлд хамаарах мэдээлэл-20 жил;

16.1.3."нууц" зэрэглэлд хамаарах мэдээлэл-10 жил.

16.2.Мэдээллийг нууцлах хугацаа нь түүнд нууцын зэрэглэлийн дардас, бусад тэмдэглэгээ тавьж бэхжүүлсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

16.3.Төрийн нууцын зэрэглэлийг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчилсөн зэрэглэлийн хугацаагаар тооцно.

16.4.Тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын нууц гүйцэтгэх ажилтан, эдгээр байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байсан болон нууцаар хамтран ажиллаж байгаа хүн, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтад авсан хүний талаар нууцалбал зохих мэдээллийг байнга нууцална.

16.5.Төрийн нууцад хамаарах мэдээлэлд хугацаа тогтоох боломжгүй бөгөөд тодорхой үйлдэл хийснээр, эсхүл үйл явдал болсноор ил болох бол тухайн нөхцөлийн дагуу нууцлах хугацааг тооцно.

16.6.Төрийн нууцад хамаарах мэдээллийг үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлын үүднээс цаашид үргэлжлүүлэн нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн нууцыг хариуцсан байгууллага, албан тушаалтан нь тагнуулын байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн 16.1-д заасан хугацаагаар нууцална.

16.7.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улс, олон улсын байгууллагын нууц мэдээлэлд энэ хуульд заасан хугацааг мөрдөнө.

17 дугаар зүйл.Төрийн нууц тээгчид тавигдах тэмдэглэгээ

Хэвлэх

17.1.Мэдээллийг нууцлах арга хэмжээг зохих баримт бичиг, бусад нууц тээгчид дараах тэмдэглэгээ тавьж бэхжүүлэх замаар хэрэгжүүлнэ:

17.1.1.нууцын зэрэглэл;

17.1.2.бүртгэлийн дугаар;

17.1.3.мэдээллийг нууцалсан огноо, нууцлах хугацаа;

17.1.4.мэдээллийг нууцалсан албан тушаалтны албан тушаал, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг.

17.2.Нууцын зэрэглэлийн дардсыг баримт бичигт хуудас бүрийн баруун дээд өнцөгт дарж тэмдэглэх ба хуудас бүр дугаарлагдсан байна. Хэрэв баримт бичиг хэд хэдэн хувиас бүрдсэн бол хувь тус бүрийн эхний хуудсанд өөрийн дугаарыг баримт бичгийн нийт хуудасны тооны хамт заасан байна.

17.3.Энэ хуулийн 15.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан баримт бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ.

17.4.Төрийн нууц тээгчид нууцын зэрэглэлийн дардсыг тавих боломжгүй тохиолдолд түүний дагалдах баримт бичигт, биет зүйлд түүний гадна талд нууцын зэрэглэлийн дардссыг тавьж бэхжүүлнэ.

17.5.Нууцын зэрэглэлийн дардсыг төрийн нууцад хамаарахгүй мэдээлэл тээгчид хэрэглэхийг хориглоно.

18 дугаар зүйл.Төрийн нууцыг ил болгох үндэслэл, журам

Хэвлэх

18.1.Төрийн нууцыг дараах үндэслэлээр ил болгоно:

18.1.1.төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт орсон;

18.1.2.нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төрийн нууцад хамааруулсан тодорхой мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон;

18.1.3.нууцлах хугацаа дуусгавар болсон.

18.2.Энэ хуулийн 18.1.2-т заасан үндэслэлээр тагнуулын байгууллага төрийн нууцад хамаарах нууц баримт бичиг, бусад тээгчийг ил болгох саналаа тухайн мэдээлэлд хийсэн шинжилгээ, үндэслэл бүхий дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлнэ.

18.3.Энэ хуулийн 18.2-т заасан тагнуулын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн тухайн мэдээллийг ил болгох эсэхийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

18.4.Энэ хуулийн 18.1.3-т заасан үндэслэлээр төрийн байгууллага, албан тушаалтан мөн хуулийн 16.5-д зааснаас бусад нууц баримт бичиг, бусад тээгчийг ил болгох, эсхүл нууцлах хугацааг сунгах эсэхийг дараах журмын дагуу зохион байгуулна:

18.4.1.тухайн мэдээллийг нууцлах хугацаа дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө ажлын хэсэг байгуулан шинжилгээ хийлгэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргуулан тагнуулын байгууллагын саналыг авна;

18.4.2.мэдээллийг ил болгох талаар тагнуулын байгууллагын саналыг авсны дараа ажлын хэсэг төрийн нууцыг ил болгосон тухай нотолгоо бичиж, тухайн байгууллагын даргаар батлуулснаар төрийн хамгаалалтаас гарсанд тооцно;

18.4.3.төрийн хамгаалалтаас гаргасан нууц баримт бичиг, бусад тээгчид "ил болсон" гэсэн тэмдэглэгээг тавьж, бүртгэлд тэмдэглэнэ. Тухайн баримт бичгийг цаашид шилжүүлэх, хадгалах, нийтэд ашиглуулах асуудлыг албан хэрэг хөтлөлт болон архивын журам, зааврын дагуу шийдвэрлэнэ;

18.4.4.нууц баримт бичиг, бусад тээгчийн нууцлах хугацааг сунгасан тохиолдолд "хугацааг сунгав" гэсэн тэмдэглэгээг тавьж, бүртгэлд тэмдэглэнэ.

18.5.Төрийн архивын хаалттай сан хөмрөгт хадгалагдаж байгаа нууц баримт бичиг, бусад нууц тээгчийг боловсруулсан буюу бүтээсэн байгууллагын эрх олгосноор, тухайн байгууллага, түүний эрх залгамжлагч байхгүй тохиолдолд төрийн архивын байгууллага өөрөө нууцыг ил болгох, хугацааг сунгах асуудлыг энэ хуулийн 18.4-т заасны дагуу шийдвэрлэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН НУУЦТАЙ ТАНИЛЦАХ

19 дүгээр зүйл.Төрийн нууцтай танилцах нөхцөл

Хэвлэх

19.1.Энэ хуулийн 20 дугаар зүйлд зааснаас бусад төрийн нууцтай танилцах ажил, албан тушаалд аюулгүй байдлын шалгалтын дүнг үндэслэн тодорхой зэрэглэлийн нууцтай танилцах эрх олгосон иргэнийг ажиллуулна.

19.2.Хяналт, шалгалтын болон тодорхой ажил, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төрийн нууцтай танилцах иргэн, албан тушаалтанд энэ хуулийн 19.1-д заасан шаардлага нэгэн адил хамаарна.

19.3.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага тухайн байгууллагын хариуцсан төрийн нууцтай танилцах албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг авч батална.

20 дугаар зүйл.Төрийн нууцтай танилцах тусгай нөхцөл

Хэвлэх

20.1.Хуулиар хориглоогүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.

20.2.Хуулиар хориглоогүй бол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын хүрээнд төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.

20.3.Төрийн нууцад хамаарах асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан ажлын хэсгийн гишүүн, эсхүл энэ зорилгоор тусгайлан эрх олгогдсон хүн тухайн шалгах асуудлын хүрээнд хуулиар хориглоогүй бол төрийн нууцтай зэрэглэл харгалзахгүйгээр танилцана.

20.4.Гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гүйцэтгэх ажлын нэгдсэн тоо бүртгэлд холбогдох мэдээлэлтэй зөвхөн шалгаж байгаа асуудлын хүрээнд Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүд танилцах бөгөөд бусад хүн танилцахыг хориглоно.

20.5.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч зөвхөн шалгаж шийдвэрлэх тодорхой хэрэг, маргаанд хамаарах төрийн нууцтай хуулиар тогтоосон журмын дагуу танилцана.

20.6.Энэ хуулийн 20.1-20.5-д заасан албан тушаалтан, Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас байгуулагддаг байгууллагын дарга, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга аюулгүй байдлын шалгалтад хамрагдахгүй бөгөөд төрийн нууцыг задруулахгүй байх баталгаа гаргана.

21 дүгээр зүйл.Төрийн нууцтай танилцах эрх олгох

Хэвлэх

21.1.Төрийн нууцтай танилцах эрхийг дараах шаардлагыг хангасан иргэнд олгоно:

21.1.1.төрийн нууцтай танилцах эрх олгохтой холбоотойгоор аюулгүй байдлын шалгалт явуулахыг өөрөө бичгээр зөвшөөрсөн;

21.1.2.эрх бүхий байгууллагын аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж, тэнцсэн;

21.1.3.төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргасан.

22 дугаар зүйл.Төрийн нууцтай танилцах эрх

Хэвлэх

22.1.Төрийн нууцтай танилцах эрх нь тухайн танилцах нууцын зэрэглэлээс хамааран түвшинтэй байх бөгөөд түүнийг олгохтой холбоотой харилцааг төрийн нууцыг хамгаалах нийтлэг журмаар зохицуулна.

23 дугаар зүйл.Албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзах үндэслэл

Хэвлэх

23.1.Албан тушаалтан, иргэнд дараах үндэслэлээр төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзана:

23.1.1.төрийн нууцтай танилцах шаардлага, нөхцөлийг хангаагүй;

23.1.2.аюулгүй байдлын шалгалтад хамрагдах, төрийн нууцыг хамгаалах баталгааг бичгээр гаргаж өгөхөөс татгалзсан;

23.1.3.аюулгүй байдлын шалгалтад өөрийн тухай болон холбогдох бусад мэдээллийг танилцуулаагүй, эсхүл худал мэдээлсэн;

23.1.4.төрийн нууцыг хамгаалах журмыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж байсан;

23.1.5.Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргасан;

23.1.6.сэтгэцийн өвчин, эмгэгтэй нь тогтоогдсон;

23.1.7.согтуурах, мансуурах донтой болох нь тогтоогдсон.

23.2.Төрийн нууцтай танилцах эрх олгохдоо тухайн албан тушаалтан, иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн болон шалгагдаж байгаа гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг харгалзан үзнэ.

24 дүгээр зүйл.Төрийн нууцтай танилцах эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Хэвлэх

24.1.Гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, эсхүл төрийн нууцыг хамгаалах журам зөрчсөн үйлдэлд шалгагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болох, эсхүл албаны шалгалтын дүн гарах хүртэл албан тушаалтан, иргэний төрийн нууцтай танилцах эрхийг тагнуулын байгууллага түдгэлзүүлж болно.

24.2.Албан тушаалтан, иргэний төрийн нууцтай танилцах эрхийг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн, халагдсан, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон, төрийн нууцыг хамгаалах талаар тогтоосон журам, үүргээ удаа дараа болон ноцтой зөрчсөн тохиолдолд тагнуулын байгууллага хүчингүй болгоно.

25 дугаар зүйл.Аюулгүй байдлын шалгалт явуулах

Хэвлэх

25.1.Энэ хуулийн 20.6-д зааснаас бусад төрийн байгууллага, хуулийн этгээдийн төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалтыг тагнуулын байгууллага явуулна.

25.2.Энэ хуулийн 25.1-д заасан аюулгүй байдлын шалгалт явуулах журмыг тагнуулын байгууллагын дарга батална.

26 дугаар зүйл.Албан тушаалтан, иргэний үүрэг

Хэвлэх

26.1.Төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээнэ:

26.1.1.төрийн нууцыг хамгаалах хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

26.1.2.танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх;

26.1.3.төрийн нууцыг задруулах, үрэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

26.1.4.нууц задрах, үрэгдэх нөхцөл байдал бий болсон, эсхүл үрэгдсэн, задарсан, нууц хамгаалах журам зөрчигдсөн бол нууц хамгаалах ажилтанд нэн даруй мэдэгдэх;

26.1.5.албаны болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, өөр ажил, албан тушаалд шилжих тохиолдолд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан төрийн нууц тээгчийг зохих ёсоор хүлээлгэн өгөх, албан үүргийн хувьд танилцсан төрийн нууцыг задруулахгүй байх баталгааг бичгээр гаргах;

26.1.6.хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх.

27 дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах ажилтны үүрэг

Хэвлэх

27.1.Төрийн нууцыг хамгаалах ажилтан нь энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:

27.1.1.төрийн нууцыг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах, нууц албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх;

27.1.2.албан тушаалтан, албан хаагчид төрийн нууцыг ашиглах, хамгаалахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

27.1.3.салбар, харьяа байгууллагын хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, үзлэг, тооллого зохион байгуулах;

27.1.4.төрийн нууцтай эрх олгосон албан тушаалтан, иргэнээс нууц хамгаалах баталгаа гаргуулан авах;

27.1.5.гадаад улсын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай тагнуулын байгууллагад мэдэгдэх;

27.1.6.төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтны шилжилт хөдөлгөөний талаар тагнуулын байгууллагад мэдэгдэх;

27.1.7.төрийн нууцыг хамгаалах журам зөрчигдсөн тохиолдолд албаны шалгалт явуулж дүнг байгууллагын удирдлагад, шаардлагатай бол тагнуулын байгууллагад танилцуулах, зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх;

27.1.8.төрийн нууц задарсан, үрэгдсэн бол нэн даруй байгууллагын удирдлага болон тагнуулын байгууллагад мэдэгдэх.

28 дугаар зүйл.Нууц хамгаалах ажилтны хууль зүй, эдийн засгийн баталгаа

Хэвлэх

28.1.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь нууц хамгаалах ажилтныг чөлөөлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх бол тагнуулын байгууллагын саналыг авсан байна.

28.2.Төрийн нууц хамгаалах болон шифр хариуцах ажилтанд Засгийн газраас тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл олгоно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН НУУЦЫГ ХАМГААЛАХ

29 дүгээр зүйл.Төрийн нууцыг хамгаалах ажлын зохион байгуулалт

Хэвлэх

29.1.Монгол Улсын төрийн нууцын ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үйл ажиллагааг Засгийн газар чиглүүлэн удирдана.

29.2.Тагнуулын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд тагнуулын байгууллага улсын хэмжээнд төрийн нууцыг хамгаалах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах бүтцийн нэгжтэй байна.

29.3.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд төрийн нууцыг хамгаалах ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлагыг тэдгээрийн удирдлага хүлээнэ.

29.4.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь төрийн нууцтай холбоотой ажлын цар хүрээ, ачааллаас хамааран тэдгээрийн удирдлагад шууд захирагдах төрийн нууцыг хамгаалах нэгж, эсхүл ажилтантай байна.

29.5.Төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагааг энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад заасны дагуу хууль зүй, зохион байгуулалтын, техникийн болон бусад арга хэмжээний тусламжтайгаар хэрэгжүүлнэ.

30 дугаар зүйл.Төрийн нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, бүртгэх, тээвэрлэх, илгээх, устгах

Хэвлэх

30.1.Төрийн нууц, түүний тээгчийг бүтээх, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулах, шилжүүлэх, тээвэрлэх, илгээх, бүртгэх, устгах, бүрэн бүтэн байдлыг хангах болон тэдгээртэй холбоотой бусад үйл ажиллагааг энэ хууль болон Засгийн газрын баталсан төрийн нууцыг хамгаалах нийтлэг журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.

30.2.Төрийн нууцыг хилийн чанад дахь Монгол Улсын байгууллага, албан тушаалтанд илгээх, хүлээн авахад түүнийг биечлэн хүргэх тусгай шуудан зөөгч ашиглаж болно.

30.3.Хилийн чанад дахь Монгол Улсын байгууллага, албан тушаалтанд тусгай шуудан хүргэх, хүлээн авахтай холбогдсон харилцааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, тагнуулын байгууллагын даргын хамтарсан тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна.

31 дүгээр зүйл.Төрийн нууцыг төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх

Хэвлэх

31.1.Төрийн нууцыг хариуцсан төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх бүхий удирдлагын шийдвэрээр төрийн нууцыг өөр төрийн байгууллага, хуулийн этгээдэд зохих журмын дагуу шилжүүлнэ.

31.2.Энэ хуулийн 31.1-д заасны дагуу төрийн нууцыг шилжүүлэн авах, эсхүл ашиглах төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан нууцыг хамгаалах нөхцөл, шаардлагыг хангасан байна.

32 дугаар зүйл.Ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор төрийн нууцыг шилжүүлэх

Хэвлэх

32.1.Тагнуулын байгууллагын зөвшөөрлийг үндэслэн төрийн нууцыг хариуцсан байгууллагын удирдлагын шийдвэрээр ажил гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор хуулийн этгээд, иргэнд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээ, хязгаарын дотор төрийн нууцыг хамгаалах тухай нийтлэг журамд заасны дагуу шилжүүлж болно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасны дагуу нууцыг шилжүүлэн авах хуулийн этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан нууцыг хамгаалах нөхцөл, шаардлага хангасан, иргэн нь төрийн нууцтай танилцах эрх авсан байна.

32.3.Ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэх үед төрийн нууцыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол захиалагч уг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд төрийн нууцыг ашиглах үйл ажиллагааг зогсоох, төрийн нууцыг татан авах арга хэмжээ авна.

32.4.Төрийн нууцад хамаарах мэдээлэл шинээр боловсруулах, шилжүүлэн авч тодорхой ажил гүйцэтгэх хуулийн этгээд нь тагнуулын байгууллагаас аюулгүй байдлын гэрчилгээ авсан байна.

32.5.Энэ хуулийн 32.4-т заасан хуулийн этгээдийг судалж, шалгах, аюулгүй байдлын гэрчилгээ олгох журмыг тагнуулын байгууллагын дарга батална.

33 дугаар зүйл.Төрийн нууцын техник, криптографын хамгаалалт

Хэвлэх

33.1.Төрийн нууцыг хамгаалах техник, криптографын арга хэмжээг төрийн нууцыг хамгаалах нийтлэг журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.

33.2.Төрийн нууцыг хамгаалах техник, криптографын хэрэгсэл нь мэдээллийг хамгаалах зохих шаардлага хангасныг баталгаажуулсан байна.

33.3.Төрийн нууцыг хамгаалах криптографын хэрэгслийг ашиглах асуудлыг Засгийн газрын баталсан төрийн шифр харилцааны дүрмээр зохицуулна.

34 дүгээр зүйл.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн тохиолдолд төрийн нууцыг хамгаалах

Хэвлэх

34.1.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, эсхүл төрийн нууцыг ашиглахтай холбоотой ажил дуусгавар болсон бол тухайн байгууллага, хуулийн этгээд өөрт байгаа төрийн нууц тээгчийг хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй.

34.2.Энэ хуулийн 34.1-д заасан тохиолдолд тухайн байгууллага, хуулийн этгээд төрийн нууц тээгчийг тогтоосон журмын дагуу дараах байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна:

34.2.1.тухайн төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх залгамжлагч, эсхүл харьяалах дээд шатны байгууллагад шилжүүлэх;

34.2.2.тухайн нууцыг хариуцсан төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх;

34.2.3.Энэ хуулийн 34.2.1, 34.2.2-т заасан байгууллага байхгүй тохиолдолд Үндэсний төв архивт шилжүүлэх.

34.3.Энэ хуулийн 34.2-т заасан төрийн нууц тээгчийг устгах, шилжүүлэх арга хэмжээг авахад тагнуулын байгууллага хяналт тавина.

35 дугаар зүйл.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төрийн нууцыг хамгаалах

Хэвлэх

35.1.Иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд төрийн нууцыг хамгаалах асуудлыг энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.

36 дугаар зүйл.Төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

Хэвлэх

36.1.Улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын төрийн нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохих төсвийн хөрөнгөөс, бусад байгууллага, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.

37 дугаар зүйл.Төрийн нууцын хамгаалалтад тавих хяналт

Хэвлэх

37.1.Тагнуулын байгууллага улсын хэмжээнд өмчийн хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн төрийн нууцын хамгаалалтыг хянан шалгаж, зөрчил, дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч, биелэлтийг хангуулна.

37.2.Тагнуулын байгууллагын хяналт, шалгалтын дүнд гаргасан албан шаардлагыг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлж, хариу мэдэгдэх үүрэгтэй.

37.3.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан нь тагнуулын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол энэ хуулийн 18.4-т заасны дагуу шийдвэрлэнэ.

37.4.Энэ хуулийн 37.1-д заасан хяналт шалгалт явуулах журмыг Засгийн газар батална.

37.5.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн удирдлага, тэдгээрийн нууц хамгаалах нэгж, ажилтан харьяа салбар, байгууллагын хэмжээнд төрийн нууцын хамгаалалтад хяналт тавина.

37.6.Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь тухайн ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн төрийн нууцын хамгаалалтад хяналт тавих үүрэгтэй.

37.7.Тагнуулын байгууллага төрийн нууцын хууль тогтоомжийн биелэлт, хяналт, шалгалтын нэгдсэн дүнгийн талаарх мэдээллийг жил бүр Засгийн газарт танилцуулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

38 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

38.1.Төрийн нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, зөрчлийн болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

38.2.Төрийн нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тагнуулын байгууллагаас дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

38.2.1.энэ хуулийн 6.2, 6.3, 14.1 дэх хэсэг, 26, 27 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

38.2.2.энэ хуулийн 6.2, 6.3, 14.1 дэх хэсэг, 26, 27 дугаар зүйлд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн 37.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.

38.3.Харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь холбогдох албан тушаалтандаа энэ хуулийн 38.2-т заасан хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.

38.4.Энэ хуулийн 38.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллагаас түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

38.5.Тагнуулын байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүний дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.

38.6.Энэ хуулийн 38.5-д заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

38.7.Төрийн нууцын тухай хууль зөрчигчид торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

39 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

39.1.Энэ хуулийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ

ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу албаны нууцад хамааруулсан мэдээллийг ил болгох арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор зохион байгуулна.

Хэвлэх

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн "болон албаны" гэснийг хассугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.2.3 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"15.2.3.төрийн нууцын хууль тогтоомжийн биелэлт, хяналт, шалгалтын нэгдсэн дүнгийн талаарх тагнуулын байгууллагын мэдээллийг жил бүр."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан" гэснийг "Энэ хуулийн 15.1, 15.2.1, 15.2.2-т заасан" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсгийн "болон албаны" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ГАРЫН ҮСЭГ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2026 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ

ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийн "болон албаны" гэснийг хассугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ГАРЫН ҮСЭГ

Төслийн хавсралтууд
Санал өгөх