Танилцуулга:
УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
20... оны ... дугаар Сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
(Шинэчилсэн найруулга)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1. Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайд улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт, нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай хууль тогтоомж
2.1.Улсын нисэхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар дараах харилцааг зохицуулна:
3.1.1.улсын нисэхийн үйл ажиллагаа, түүнд хамаарах улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын нислэг;
3.1.2.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнийг удирдахтай холбогдсон харилцаа.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."аюул тулгарсан агаарын хөлөг" гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон;
4.1.2."улсын нисэх" гэж улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдсон цогцолбор ойлголтыг;
4.1.3. "улсын агаарын хөлөг" гэж төрийн цэргийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын агаарын хөлгийг;
4.1.4."улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага" гэж төрийн цэргийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагыг;
4.1.5."байлдааны агаарын хөлөг" гэж байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлгийг;
4.1.6."онцгой үүргийн нислэг" гэж Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, 6.1.6, 6.1.7-д заасан этгээдэд үйлчлэх нислэгийг;
4.1.7."тусгай үүргийн нислэг" гэж тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, хилийн эрэл, тусгай ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон нислэг, гамшиг, осол, эрэн хайх, аврах ажиллагаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх зорилгоор үйлдэх нислэгийг;
4.1.8."байлдааны үүргийн нислэг" гэж байлдааны үүрэг, байлдааны жижүүрлэлт болон Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлдэх нислэгийг;
4.1.9."захиалгат нислэг" гэж гамшиг ослын болон бусад үед яаралтай хүний амь нас, эрүүл мэндийг аврах болон тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйлдэх нислэгийг;
4.1.10."сургууль-байлдааны нислэг" гэж бүх төрлийн буудлага, бөмбөгдөлт, пуужингийн харвалттай нислэг болон олон улсын хээрийн сургууль дадлагын нислэгийг;
4.1.11."шалгалт, туршилтын нислэг" гэж агаарын хөлгийг агаар болон газарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, тоног төхөөрөмж суурилуулсны дараа хийх нислэгийг;
4.1.12."сургууль-дадлагын нислэг" гэж олон улсын сургууль, хамтарсан болон бие даасан бүх төрлийн дадлага сургалт, эрх олгох нислэгийг;
4.1.13 "олон улсын нислэг" гэж энэ хуулийн 14.1.1, 14.1.6-д зааснаас бусад олон улсад үйлдэх нислэгийг;
4.1.14."аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг" гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, нислэгийн явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн буюу бүрэн эвдэрсэн;
4.1.15."цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгсэл" гэж Зэвсэгт хүчний тухай хуулийн 3.1.10-т заасан ажиллагаанд ашиглагдах алсаас удирдлагатай, эсхүл автомат удирдлагатай нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон)-ийг;
4.1.16."Улсын нисэхийн багц дүрэм" гэж энэ хуульд нийцүүлэн гаргасан улсын нисэхийн үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг;
4.2.Нисэхийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад нэр томьёог Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Улсын Их Хурал улсын нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.улсын нисэхийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
5.1.2.улсын нисэхийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох.
6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар нь улсын нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.улсын нисэхийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, улсын нисэхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
6.1.2.улсын нисэхийн эрэн хайх, аврах ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлэх;
6.1.3.улсын нисэхийн аэродром байгуулах, өөрчлөх, шилжүүлэх, татан буулгах;
6.1.4.улсын нисэхийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг батлах;
6.1.5.улсын нисэхийн нисгэгч, инженер техникчид болон нисэхийн тусгай мэргэжлийн жагсаалт, тэдний хөдөлмөрийн хөлсний ерөнхий үнэлгээ, тусгай нэмэгдлийг тогтоох.
7 дугаар зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
7.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.улсын нисэхийн багц дүрмийг батлах;
7.1.2.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох;
7.1.3.Энэ хуулийн 8.3-т заасан бүтцийн нэгжийн улсын хяналтын байцаагчид хяналт шалгалт явуулах эрх олгох;
7.1.4.энэ хуулийн 15.2, 17.2-т заасан журмыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж батлах;
7.1.5."улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нисгэгч, нисэхийн тусгай мэргэжлийн бүрэлдэхүүний нислэгийн цагийн хөлсний үнэлгээний тусгай норм, зэрэг, зэрэглэлийг тогтоох.
8 дугаар зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
8.1.Улсын нисэхийн үйл ажиллагаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтад байна.
8.2. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.2.1.улсын нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
8.2.2.улсын нисэхийн хяналт зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нисэхийн мэргэжлээр бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх;
8.2.3.улсын нисэхийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалттай холбоотой мэдээллийн санг хөтлөх, холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох;
8.2.4.улсын агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн гэрчилгээ, нисэхийн мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, зэрэг, зэрэглэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах;
8.2.5.улсын нисэхийн багц дүрэм болон бусад холбогдох эрх зүйн актыг боловсруулах, батлуулах, бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;
8.2.6.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээний хугацаа дууссан, нислэгт тэнцэх чадвараа алдсан агаарын хөлгийн нислэгийг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
8.2.7.улсын нисэхийн аюулгүй байдал, аюулгүй хамгаалалттай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх;
8.2.8.нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулагдаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой хугацаатай шийдвэр гаргах, холбогдох этгээдэд мэдээлэх;
8.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нисэхийн үйл ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжтэй байна.
9 дүгээр зүйл.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын чиг үүрэг
9.1.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага нь улсын нисэхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрөлд хяналт тавих;
9.1.2.онцгой үүргийн нислэгийн зөвшөөрөл олгох;
9.1.3.байлдааны үүргийн, сургууль-байлдааны үүргийн нислэгийг төлөвлөж, гүйцэтгэх;
9.1.4.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнд хяналт тавих;
9.1.5.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 7.1-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
9.1.6.Зөвшөөрлийн тухай хуулийн 10.14-т заасан зөвшөөрлийг олгох.
10 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын чиг үүрэг
10.1.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагад энэ хуулийн 4.1.4-т заасан Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, тэдгээрийн харьяа агаарын хөлгийг ашиглагч анги, байгууллага хамаарах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.улсын агаарын хөлөг эзэмшигч Засгийн газрын тохируулагч, болон хэрэгжүүлэгч агентлаг нь тухайн байгууллагын нислэгийн үйл ажиллагаа, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий нэгжтэй байх бөгөөд шалгагч зэрэглэлтэй нисгэгч, инженерийг энэ хуулийн 8.3-т заасан бүтцийн нэгжийн дүгнэлтийг үндэслэн томилох;
10.1.2.энэ хууль, түүнтэй нийцүүлж баталсан эрх зүйн акт, эзэмшиж буй агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс гаргасан дүрэм, зааврын хүрээнд нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх;
10.1.3.нислэгийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах;
10.1.4.нисэхийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх мэргэжлийн бүрэлдэхүүнийг сургах, хүний нөөцийг бүрдүүлэх;
10.1.5.улсын агаарын хөлөг, түүний нисэх багийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгуулсан байх.
10.2.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага нь нисэх онгоц, нисдэг тэрэгний дадлагажууртай байж болно.
10.3. Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ
11 дүгээр зүйл.Улсын нисэхийн багц дүрэм
11.1.Улсын нисэхийн багц дүрмээр дараах харилцааг зохицуулна:
11.1.1.улсын агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах;
11.1.2.нисэхийн мэргэжлийн үнэмлэх, зэрэг, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах;
11.1.3.улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх;
11.1.4.нисэхийн инженерийн албыг зохион байгуулах;
11.1.5.улсын нисэхийн аэродромын бүртгэл, ашиглалт, хангалтыг зохион байгуулах;
11.1.6.улсын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавих;
11.1.7.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах;
11.1.8.эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх;
11.1.9.улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах;
11.1.10.нислэгийн дадлагажуурын цогцолборыг ашиглах;
11.1.11.Цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгслийг бүртгэх, гэрчилгээжүүлэх, ашиглах, хяналт тавих.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УЛСЫН АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНД ХАМААРАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
12 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийн бүртгэл, нислэгт тэнцэх чадвар
12.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсад бүртгэх улсын агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн бүртгэлийг хөтөлнө.
12.2.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага өөрийн өмчлөл, эсхүл эзэмшилд байгаа бусад улсад бүртгэлгүй агаарын хөлгийг Улсын нисэхийн багц дүрмийн дагуу улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгүүлнэ.
12.3.Энэ хуулийн 12.2-т заасан бүртгэлгүй агаарын хөлгөөр нислэг үйлдэхийг хориглоно.
12.4.Энэ хуулийн 8.3-т заасан бүтцийн нэгжийн үзлэг, шалгалтаар нислэгийн аюулгүй байдлыг хангасан агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
12.5.Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээнд түүний хүчинтэй хугацаа, агаарын хөлгийн зориулалт, нислэгийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай ангилал, хязгаарлалт болон бусад мэдээллийг тусгана.
12.6.Улсын агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, нислэгт тэнцэх чадварыг тодорхойлох, гэрчилгээ олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.
12.7.Энэ хууль болон Улсын нисэхийн холбогдох дүрмийг зөрчсөн тохиолдолд агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоно.
13 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийн дарга, нисэх баг
13.1.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага нь нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх шаардлага хангасан нисгэгчийг агаарын хөлгийн даргаар томилно.
13.2.Агаарын хөлгийн дарга, нисэх багийн гишүүд нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон мэргэжлийн хүчин төгөлдөр үнэмлэх, гэрчилгээтэй байна.
13.3.Агаарын хөлгийн дарга нь нислэгийн аюулгүй байдалд илт аюул тулгарсан, аюул тулгарах нь тодорхой болсон тохиолдолд Улсын агаарын хөлөг болон түүний бүхээгт байгаа хүмүүсийн амь насыг аврах зорилгоор нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний удирдагч /удирдлага/-ийн өгснөөс өөр шийдвэр гаргах эрхтэй.
13.4.Агаарын хөлгийн дарга нь энэ хуулийн 14.1.1-т зааснаас бусад нислэгийг гүйцэтгэх үед Иргэний нисэхийн тухай хуулийн 21.3-т заасан эрхийг хэрэгжүүлнэ.
13.5.Байлдааны агаарын хөлгийн нисэх багийн гишүүд нь байлдааны үүргийн нислэг үйлдэх үед үнэмлэхийг улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нууцад хадгалуулна.
13.6.Улсын агаарын хөлгийн нисэх багийн бүрэлдэхүүнд олон улсын болон Монгол Улсын иргэний нисэхийн байгууллагаар гэрчилгээжсэн, Улсын нисэхийн багц дүрмийн шаардлагыг хангасан Монгол Улсын болон гадаад улсын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэж болно.
13.7.Гэрээгээр ажиллах иргэн, хуулийн этгээд нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас улсын агаарын хөлгөөр нисэх, техник үйлчилгээ хийх эрхийг авсан байна.
14 дүгээр зүйл.Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилал
14.1.Улсын агаарын хөлгийн нислэг дараах ангилалтай байна:
14.1.1.байлдааны үүргийн нислэг;
14.1.2.онцгой үүргийн нислэг;
14.1.3.тусгай үүргийн нислэг;
14.1.4.захиалгат нислэг;
14.1.5.сургууль-байлдааны нислэг;
14.1.6.шалгалт, туршилтын нислэг;
14.1.7.сургууль-дадлагын нислэг;
14.1.8.олон улсын нислэг.
14.2.Энэ хуулийн 14.1.1, 14.1.5-д заасан нислэгийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын баталсан дүрмээр зохион байгуулна.
14.3.Улсын агаарын хөлгөөр захиалгат нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална.
14.4.Улсын агаарын хөлгийг агаарт болон газарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, тоног төхөөрөмж суурилуулсны дараа шалгалт, туршилтын нислэг үйлдэнэ.
14.5.Энэ зүйлийн 14.1.2, 14.1.3, 14.1.4-т заасан нислэг, түүнтэй холбогдон гарах зардлыг тухайн захиалагч тал хариуцна.
15 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалт
15.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын шийдвэрээр Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.
15.2.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан журмаар зохицуулна.
15.3.Энэ хуулийн 14.1.4-14.1.8-д заасан нислэгийн хөдөлгөөнийг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫН АШИГЛАЛТ
16 дугаар зүйл.Улсын нисэхийн аэродром
16.1.Улсын нисэхийн аэродромыг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, гэрчилгээ олгох, цуцлах, аэродром ашиглах үйл ажиллагаа, түүнд тавигдах шаардлагыг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.
16.2.Цэргийн зориулалттай нисэхийн аэродром байгуулах, өөрчлөх, шилжүүлэх, татан буулгах, түүний бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагыг тогтоох асуудлыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын санал болгосноор Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн Засгийн газар шийдвэрлэнэ.
16.3.Улсын нисэхийн аэродром байгуулах, түүний бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагыг тогтоох асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
16.4.Улсын нисэхийн зориулалттай аэродром нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гэрчилгээжсэн байна.
16.5.Улсын нисэхийн аэродромын бүртгэлийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
16.6.Улсын нисэхийн аэродром орчмын нутаг дэвсгэрийн гадна барилга байгууламж барих, холбооны болон өндөр хүчдэлийн шугам тавих асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцож шийдвэрлэнэ.
16.7.Улсын нисэхийн аэродромын аюулгүй байдал, ашиглалт, хамгаалалт, бэлэн байдал, аэродромыг техник, технологийн баримт бичигт зааснаар тоноглож, ашиглахыг улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага хариуцна.
17 дугаар зүйл.Аэродромыг хамтран ашиглах
17.1.Улсын болон иргэний нисэхийн зориулалтаар хамтран ашиглах аэродром нь иргэний нисэхийн аэродромд тавигддаг шаардлагыг хангасан байна.
17.2.Улсын болон иргэний нисэхийн аэродромыг хамтран ашиглах харилцааг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарсан журмаар зохицуулна.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НИСЛЭГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ
18 дугаар зүйл.Улсын нисэхийн аюулгүй байдлын хяналт
18.1.Улсын нисэхийн аюулгүй байдлын хяналт нь улсын агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлын болон нислэгийн үйл ажиллагааны хяналтаас бүрдэнэ.
18.2.Улсын нисэхийн аюулгүй байдлын хяналтыг энэ хуулийн 8.3-т заасан бүтцийн нэгж хэрэгжүүлнэ.
18.3.Улсын нисэхийн үйл ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжийн улсын хяналтын байцаагч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
18.3.1.эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, зөвлөмж, дүгнэлт, акт бүхий хэвлэмэл хуудас хэрэглэх;
18.3.2.хяналт шалгалт хийх зорилгоор улсын нисэхийн үйл ажиллагаатай холбогдолтой объект, барилга байгууламжид саадгүй нэвтрэх;
18.3.3.улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн хувийг шаардан гаргуулах;
18.3.4.шаардлагатай тохиолдолд улсын агаарын хөлгийг саатуулах;
18.3.5.холбогдох этгээдийн улсын нисэхийн баримт бичгийг түр хураах.
18.3.6.дээрх заалтын дагуу хийгдэх үйлдэл, байцаагчийн үүрэг даалгаврыг гүйцэтгэх хугацаа болон бусад нэмэлт зохицуулалтыг Улсын нисэхийн багц дүрмээр нарийвчлан зохицуулна
19 дүгээр зүйл.Улсын нисэхийн аюулгүйн хамгаалалт
19.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах зорилгоор зорчигчдын бие болон гар тээш, ачаанд агаарын хөлгийг эзэмшигч болон холбогдох мэргэжлийн байгууллага зохих зааврын дагуу үзлэг хийнэ.
19.2.Энэ хуулийн 19.1-т заасан үзлэгээс татгалзсан зорчигч тээвэрлэхийг хориглох ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
19.3.Улсын агаарын хөлгөөр онцгой үүргийн нислэг үйлдэх үед аюулгүйн хамгаалалтыг хангах зорилгоор нисэх багийн бүрэлдэхүүнд хамгаалалтын ажилтныг ажиллуулж болно.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
УЛСЫН АГААРЫН ХӨЛГИЙГ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА
20 дугаар зүйл.Эрэн хайх, аврах ажиллагаа
20.1.Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, аврах, тусламж үзүүлэх, тэдгээрийг ослын газраас шилжүүлэн зөөвөрлөх ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага дор тухайн агаарын хөлөг эзэмшигч байгууллагатай хамтран, тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.
20.2.Эрэн хайх, аврах ажиллагааг улсын болон иргэний нисэхийн байгууллагууд, холбогдох бусад байгууллага хамтран гүйцэтгэж болно.
20.3.Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээллийг зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх, нисэх баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэг хүлээнэ.
20.4.Энэ хуулийн 20.1-т заасан ажиллагааг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.
21 дүгээр зүйл.Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, аврах ажиллагааг зогсоох
21.1.Аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх бүх арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд эрлийн ажлыг зогсоох шийдвэрийг уг агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ ЗӨРЧЛИЙГ
ШИНЖЛЭН ШАЛГАХ
22 дугаар зүйл.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаа
22.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг агаарын хөлгийн осол, зөрчлийн нөхцөл, шалтгааныг тогтоох зорилгоор хэрэгжүүлнэ.
22.2.Энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу томилогдсон ерөнхий шинжээч нь нисгэгч, инженер, эсхүл шинжлэн шалгах чиглэлээр мэргэшсэн нисэхийн бусад мэргэжилтэй, хараат бус, бие даасан байна.
22.3.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага болон холбогдох бусад этгээд осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгтэй холбоотой эд мөрийн баримтыг шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэж дуусах хүртэл хадгалж, хамгаална.
23 дугаар зүйл.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийн бүрэн эрх, чиг үүрэг
23.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
23.1.1.албан үүргээ гүйцэтгэхдээ улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой газруудад саадгүй нэвтрэх;
23.1.2.шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээ, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох хүн, хуулийн этгээдээс шаардан авах;
23.1.3.Улсын нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;
23.1.4.улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллагын нислэгийн бэлтгэл, гүйцэтгэлд үнэлэлт өгөх;
23.1.5.улсын нисэхийн техникийн ашиглалтын горимд хяналт тавьж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
23.1.6.улсын агаарын хөлгийн нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг үнэн зөв тогтоох, шаардлагатай мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг холбогдох этгээдээс шаардан гаргуулж авах.
23.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
23.2.1.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах;
23.2.2.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг гүйцэтгэх;
23.2.3.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах;
23.2.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэх;
23.2.5.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргах.
24 дүгээр зүйл.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс, түүний бүрэн эрх
24.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс, түүний бүрэн эрх:
24.1.1.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчил болсон газарт саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, эд зүйлст хяналтаа тогтоох;
24.1.2.шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримт хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйлс үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах;
24.1.3.ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
24.1.4.шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох;
24.1.5.ослын газрын хамгаалалт буулгах, цаашид шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагагүй болсон агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;
24.1.6.шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргах.
24.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг тогтоох, шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл дотоод, гадаадын мэргэжилтэн /байгууллага/-ийг оролцуулж болно.
24.3.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс нь гарсан осол, зөрчлийн нөхцөл, шалтгааныг тогтоож, цаашид уг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
25 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
25.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Цэргийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
25.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гарын үсэг
Нүүр
Санал өгөх