Танилцуулга:
Төсөл
2026.05.25.
Зөвхөн албан хэрэгцээнд
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот
ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1. Энэхүү хуулийн зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалах хүрээнд иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод нийцсэн орон сууц худалдан авах боломж, сонголтыг өргөжүүлэх, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөн, үр ашгийг нэмэгдүүлэх, бага өртөгтэй санхүүжилтийн хүртээмжийг хамгаалах, улмаар үндэсний эдийн засагт орон сууцны салбарын тогтвортой, зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар хөгжлийг дэмжихэд оршино.
2 дугаар зүйл. Орон сууцжуулалтын тухай хууль тогтоомж
2.1. Орон сууцжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Орон сууцжуулалттай холбогдох үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2. Үндэсний орон сууцны корпораци болон орон сууцны корпораци (Хамтад нь "Корпораци" гэх) үйл ажиллагаатай холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Компанийн тухай хууль болон Корпорацийн дүрмээр зохицуулна.
3.3. Орон сууцны санхүүжилтийн банкны үйл ажиллагаатай холбогдох харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "орон сууц" гэж Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д заасныг;
4.1.2. "орлогод нийцсэн орон сууц" гэж иргэний орлого, худалдан авах чадварт нийцсэн, инженерийн дэд бүтэц бүхий орон сууцыг;
4.1.3. "хүртээмжтэй орон сууц" гэж өрхийн орлоготой харьцуулахад боломжийн үнэтэй байх бөгөөд үүний үр дүнд иргэд хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, тээвэр зэрэг бусад суурь хэрэгцээгээ санхүүгийн дарамтгүйгээр хангах боломжийг бүрдүүлсэн орон сууцыг;
4.1.4. "Орон сууцны санхүүжилтийн банк" гэж Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн 4.1.1-д заасныг;
4.1.5. "Орон сууцны корпораци" гэж орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууц захиалах, удирдах, түгээх, хуваарилах чиг үүрэг бүхий төрийн, хувийн, эсхүл холимог хэлбэрийн хуулийн этгээдийг;
4.1.6. "Үндэсний орон сууцны корпораци" гэж үндэсний хэмжээнд орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны нийлүүлэлтийн санхүүжилтэд зориулсан урт хугацааны эх үүсвэрийг татан төвлөрүүлэх, хуваарилах зэргээр санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, дэмжих чиг үүрэг бүхий төрөөс үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд;
4.1.7. "орон сууцжуулалт" гэж эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах замаар Орон сууцны тухай хуулийн 3.1.3-т заасан үйл ажиллагааг хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг;
4.1.8. "орон сууцны санхүүжилтийн тогтолцоо" гэж орон сууц худалдан авах, захиалах, сайжруулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хуваарилах, удирдахтай холбогдсон зохион байгуулалтын цогц тогтолцоог;
4.1.9. "орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэн" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нийгмийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй, өөрийн өмчлөл дээр орон сууцгүй, хөдөлмөр эрхлэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг;
4.1.10. "нийгмийн орон сууц" гэж орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, энэ хуульд заасан хөлсний орон сууц болон хөлслөөд өмчлөх орон сууцад хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн иргэдэд төрөөс бүрэн болон хэсэгчилсэн төсвийн дэмжлэгтэйгээр түр хугацаанд ашиглуулдаг орон сууцыг;
4.1.11. "хөлсний орон сууц" гэж өөрийн өмчлөлийн орон сууцгүй боловч төлбөр төлөх тогтмол орлоготой иргэдэд төр, орон нутгийн өмчийн орон сууцыг зах зээлийн ханшаас хөнгөлөлттэй үнээр, тогтоосон хугацаанд эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг;
4.1.12. "хөлслөөд өмчлөх орон сууц" гэж ипотекийн зээлийн шаардлага хангахгүй боловч тогтмол орлоготой иргэдэд орон сууцны үнийг урт хугацаанд төлүүлэх замаар эцэст нь өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, ашиглуулах орон сууцыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл. Орон сууцжуулах үйл ажиллагааны зарчим
5.1. Орон сууцжуулах үйл ажиллагаанд Орон сууцны тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
5.1.1. хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөлтийн дагуу орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
5.1.2. төвлөрлийг сааруулах, агаар, хөрс, орчны чанарын үзүүлэлтийг үндэслэн гэр хорооллыг орон сууцжуулах;
5.1.3. иргэдийн өрхийн орлогын түвшнийг нь харгалзан хүртээмжтэй орон сууцжуулах төсөлд хамруулах;
5.1.4. орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлт, татаасын санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, баталгаажуулсан байх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨРӨЛ
6 дугаар зүйл. Орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө
6.1. Орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт үндэслэнэ.
6.2. Орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон аймаг, нийслэл хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд дараах төрөлтэй байна.
6.2.1. улсын орон сууцжуулалтын
дунд хугацааны төлөвлөгөө буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бодлогын баримт бичиг нь зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэнэ.
6.2.2. Улсын болон аймаг, нийслэлийн орон сууцжуулалтын тухайн жилийн төлөвлөгөө
6.3. Энэ хуулийн 6.2.2-т заасан төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:
6.3.1. Орон сууцжуулах үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулсан байх;
6.3.2. Санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нь батлагдсан, тухайн жилд эхлүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг эрэмбэлсэн байх.
6.4. Энэ хуулийн 6.1-д заасан орон сууцжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө нь дараах бүтэцтэй байна:
6.4.1. иргэдийн орон сууцны нөхцөл байдлын судалгаа;
6.4.2. иргэдийг орон сууцжуулах зорилго, зорилтыг тодорхойлох;
6.4.3. хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын тооцоолол.
7 дугаар зүйл. Төрөөс иргэдийг орон сууцжуулах төрөл
7.1. Нийгмийн орон сууц
7.1.1. Орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэнийг нийгмийн орон сууцанд хамруулна.
7.1.2. Нийгмийн орон сууцны талбайн дээд хэмжээ 30 м.кв-аас ихгүй байна.
7.1.3. Тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 5 хувиас ихгүй байна.
7.1.4. Нийгмийн орон сууцанд хамрагдах энэ хуулийн 4.1.9-т заасан иргэдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7.1.5. Нийгмийн орон сууцанд иргэнийг хамруулахад шаардлагатай зардлыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын жил бүрийн төсөвт тусгана.
7.2. Хөлсний орон сууц
7.2.1. Хөлсний орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууц худалдан авах боломжгүй, ипотекийн зээлийн үндсэн нөхцөл, шаардлагыг хангахгүй, хөлсний орон сууцны сууцны төлбөрийг төлөх чадамжтай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
7.2.2. Хөлсний орон сууцны талбайн дээд хэмжээ 36 м.кв-аас ихгүй байна.
7.2.3. Хөлсний орон сууцанд иргэнийг хөнгөлөлттэй үнээр хамруулах дээд хугацаа 5 хүртэлх жил байна.
7.2.4. Орон сууц хөлслөх хөнгөлөлттэй үнийг нэг м.кв тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тогтооно.
7.2.5. Энэ хуулийн 7.2.4-т заасан хязгаарт багтаан хөлсний орон сууцны хөнгөлөлттэй үнийг тухайн бүс нутгийн хүн амын нягтаршил, байршлыг харгалзан орон сууцны корпорацийн эрх бүхий этгээд тогтооно
7.2.6. Энэ хуулийн 7.2.3-т заасан хугацаа дууссан боловч иргэн хөлсний орон сууцад үргэлжлүүлэн амьдрах тохиолдолд гэрээний төлбөрийг зах зээлийн үнээр тогтооно. Судлагааны байгууллагын тогтоосон зах зээлийн үнийг орон сууцны корпорацийн эрх бүхий этгээд тогтооно.
7.2.7. Хөлсний орон сууцанд хамрагдсан иргэд хөлсний орон сууцны гэрээний хугацаа дуусаж, хүлээлгэн өгөхдөө орон сууцны бүрэн бүтэн байдлыг хариуцна.
7.2.8. Хөлслөгч нь хөлсний орон сууцны гэрээ байгуулахдаа 6 сарын хөлсний төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгийг байршуулна.
7.2.9. Тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 15 хувиас ихгүй байна.
7.3. Хөлcлөөд өмчлөх орон сууц
7.3.1. Хөлслөөд өмчлөх орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууц худалдан авах боломжгүй, ипотекийн зээлийн үндсэн нөхцөл, шаардлагыг хангахгүй, хөлслөөд өмчлөх орон сууцны сууцны төлбөрийг төлөх чадамжтай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
7.3.2. Хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 30 хүртэлх жилийн хугацаанд хөлсний төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцыг өмчилж болно.
7.3.3. Хөлслөөд өмчлөх орон сууцны талбайн дээд хэмжээ 60 м.кв-аас ихгүй байна.
7.3.4. Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлснээс хойш 5 жилийн дотор орон сууцны корпорациас бусад этгээдэд худалдан борлуулахыг хориглоно.
7.3.5. Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг худалдан борлуулах тохиолдолд анх худалдан авсан үнийг худалдан борлуулах тухайн үеийн үнийн ханштай тохируулан орон сууцны корпорацид худалдан борлуулна.
7.3.6. Тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 20 хувиас ихгүй байна.
7.3.7. Хөлслөөд өмчлөх орон сууцанд өрхийн орлогын түвшнээр эрэмбэлж, бага орлоготой өрхөөс нь эхлүүлэх дарааллаар хамруулна.
8 дугаар зүйл. Орон сууцжуулах төсөлд хамрагдаж буй иргэний хүлээх үүрэг
8.1. Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орон сууцжуулах төсөлд хамрагдаж буй иргэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:
8.1.1. хууль болон гэрээгээр тогтоосон орон сууцны төлбөр, хураамжийг цаг тухай бүрд төлөх;
8.1.2. өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа орон сууц болон түүний орчны газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;
8.1.3. өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцанд холбогдох хууль тогтоомжид заасан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;
8.1.4. ашиг олох зорилгоор зориулалтын бусаар ашиглах, дамжуулан түрээслэхгүй байх;
8.1.5. хуульд заасан бусад үүрэг.
9 дүгээр зүйл. Үндэсний болон орон нутгийн орон сууцны санд бүртгүүлэх
9.1. Энэ хуульд заасан Үндэсний орон сууцны корпораци төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрөөс энэ хуульд заасан хувь хэмжээгээр орон сууцыг хүлээн авч, өөрийн эзэмшлийн орон сууцны санд бүртгэнэ.
9.2. Хот байгуулалтын тухай хуулийн дагуу барилгажих талбай, барилгын талбайн эзлэхүүн нь бүсчлэлийн дүрэмд тогтоосон хэмжээнээс хэтэрсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол тухайн хэтэрсэн хэсгийн 50 хувийг Үндэсний орон сууцны корпорацийн орон сууцны санд бүртгэнэ. Орон сууцны хэлбэрээр шилжүүлэх боломжгүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцсон дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Корпорацийн дансанд төвлөрүүлнэ.
9.3. Төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар зах зээлээс худалдан авсан орон сууцыг төрийн болон орон нутгийн орон сууцны санд бүрдүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
10 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
10.1. Монгол Улсын Их Хурал орон сууцжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1. орон сууцжуулалтад шаардлагатай дэд бүтэц болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган батлах замаар шийдвэрлэх;
11 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
11.1. Засгийн газар орон сууцжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1. Улсын орон сууцжуулах үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг батлах , хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.2. Улсын орон сууцжуулах үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар, дэд бүтэц хөгжүүлэх хөтөлбөрийг батлах;
11.1.3. Нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууцны хөтөлбөрт иргэнийг хамруулах журам, хөлслөх хугацаа, төлбөр тогтоох аргачлал, хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
11.1.4. Банканд орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжүүлэх эх үүсвэрийг олгох нарийвчилсан журмыг батлах.
11.2. Засгийн газар Үндэсний орон сууцны корпораци болон Орон сууцны корпорацийн талаар Компанийн тухай хуулийн 62.1-д заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.2.1. Үндэсний орон сууцны корпораци болон Орон сууцны корпорацийн буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг худалдан авах, хөрөнгө оруулалт хийх;
11.2.2. Үндэсний орон сууцны корпораци болон Орон сууцны корпорацийн санхүү, төлбөрийн чадварын хэвийн, тогтвортой байдлыг хангах цогц арга хэмжээ авах;
11.2.3. Үндэсний орон сууцны корпорацийн дүрмийг батлах;
11.2.4. Үндэсний орон сууцны корпораци болон Орон сууцны корпорацийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх;
11.2.5. Үндэсний орон сууцны корпораци болон Орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг батлах;
11.2.6. Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
11.2.7. Үндэсний орон сууцны корпорацийг татан буулгах, өөрчлөн байгуулах, эзэмшлийн хувьцааг шилжүүлэх тухай шийдвэр гаргах.
11.3. Төрийн албан хаагчдад зориулсан тухайлсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд шаардагдах зардлыг тухайн оны улсын төсөвт тусгана.
12 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
12.1. Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон сууцжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1. Орон сууцжуулалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
12.1.2. Улсын орон сууцжуулалтын дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх.
13 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
13.1. Аймаг,нийслэлийниргэдийнТөлөөлөгчдийнХуралньорон сууцжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1. Аймаг, нийслэлийн тухайн жилийн орон сууцны төлөвлөгөөг энэ хуулийн 6.3-т заасан улсын дунд хугацааны төлөвлөгөөнд нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавьж, жил бүр Орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайланг хүргүүлэх;
13.1.2. Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг баримтлан орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах;
13.1.3. Орон нутгийн төсвөөр хэрэгжих орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр батлах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
13.1.4. Орлогод нийцсэн орон сууц захиалан бариулах, худалдан авах, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг бүхий орон нутгийн өмчит хуулийн этгээдийг Засаг даргын гаргасан саналын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах;
13.1.5 Энэ хууль болон Компанийн тухай хуульд нийцүүлэн харьяалах нутаг дэвсгэр дээрх Орон сууцны корпорацийн дүрмийг батлах;
13.1.6. Харьяалах нутаг дэвсгэр дээрх Орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
13.1.7. Харьяалах нутаг дэвсгэр дээрх Орон сууцны корпорацийг татан буулгах, өөрчлөн байгуулах, эзэмшлийн хувьцааг шилжүүлэх асуудлаар Засгийн газарт санал хүргүүлэх.
ТАВДУГААР БҮЛЭГ
ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
14 дүгээр зүйл.Орон сууцны корпораци
14.1. Орон сууцны корпораци нь хүн амын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих хүрээнд орлогод нийцсэн орон сууц, түүний газар, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа хуулийн этгээд байна.
14.2. Орон сууцны корпорацийг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.
14.3. Орон сууцны корпораци санхүүжилт хийх, хөрөнгө оруулах шийдвэрийг бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, бие даан гаргана.
14.4. Орон сууцны корпорацийн нэр, нэрийн товчлол болон түүнтэй ижил төстэй оноосон нэрийг өөр хуулийн этгээд хэрэглэхийг хориглоно.
14.5. Орон сууцны корпорацийн өөрийн хөрөнгийн доод хэмжээг Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
15 дугаар зүйл. Орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
15.1. Орон сууцны корпорацийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
15.1.1. ил тод, нээлттэй байх;
15.1.2. санхүүгийн үр ашигтай байх;
15.1.3. хараат бус байх.
15.2. Орон сууцны корпорацийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
15.2.1. хараат бус хөндлөнгийн хяналттай байх;
15.2.2. мэргэжлийн байх;
15.2.3. хариуцлага, эрх, үүргийн хувьд бие даасан байх.
16 дугаар зүйл. Орон сууцны корпорацийн үйл ажиллагаа
16.1. Орон сууцны корпораци нь энэ хуулийн зорилгод нийцүүлэн дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
16.1.1. төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, зарцуулалтад хяналт тавих;
16.1.2. орон сууцны зориулалттай газар эзэмшиж, орон сууцны газрын дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
16.1.3. орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн,санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор санхүүгийн хэрэгслийг гадаад дотоодын санхүүгийн зах зээлд гаргах, санхүүгийн эх үүсвэр татах ажлыг олон талт арга хэлбэрээр зохион байгуулах зэргээр тогтвортой сан бүрдүүлж, санхүүжилтийг шийдвэрлэх баталгаа гаргах;
16.1.4. орон сууцны барилга барих, шинэ суурьшлын бүс байгуулах ,зорилгоор олгосон газрыг өөрийн нэр дээр эзэмших, ашиглах, түүнийг барьцаа баталгаа болгон хөрөнгө оруулалт, санхүүжилт татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
16.1.5. тухайн бүс нутгийн хэмжээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг захиалан гүйцэтгүүлэх;
16.1.6. орон сууцны барилга угсралтын явцтай уялдуулан орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөр бүрдүүлэх зорилгоор хуримтлуулсан иргэдийн мөнгөн хөрөнгөд тулгуурласан шаталсан санхүүжилт олгох;
16.1.7. компанийн эзэмшлийн орон сууцны ашиглалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
16.1.8. орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим мэдээллийн сан бүрдүүлэх хөтлөх.
16.2. Аж ахуй нэгж байгууллага барьж буй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг бүрэн дуусгах чадамжгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд Орон сууцны корпораци нь гарсан хөрөнгийн баталгааг буцаан төлүүлж, өөрийн эх үүсвэрээр хийсэн бүтээн байгуулалтад акт үйлдэн хохиролгүй болгох нөхцөл бүхий гэрээ байгуулан, барилга байгууламжийг ашиглалтад оруулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулна.
16.3. Орон сууцны корпораци нь энэ хуульд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
17 дугаар зүйл. Орон сууцны корпорацийн санхүүжилт
17.1. Орон сууцы корпорацийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
17.1.1. Улсын болон орон нутгийн төсвөөс компанийг санхүүжүүлэхэд зориулан хуваарилсан хөрөнгөөс;
17.1.2. Хөрөнгө оруулалтын зээл;
17.1.3. Компаниас тодорхой төслийг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болон тодорхой хүрээнд хаалттай гаргасан бондын борлуулалтын орлого;
17.1.4. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодорхой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан ашиглахыг зөвшөөрсөн бусад эх үүсвэр.
18 дугаар зүйл. Орон сууцны корпораци өрийн бичиг гаргах, зээл авах
18.1. Орон сууцны корпорациас өрийн бичиг гаргах асуудлыг Компанийн тухай хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
18.2. Орон сууцны корпораци нь төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зээл авч болно.
19 дүгээр зүйл. Орон сууцны корпораци газар эзэмших
19.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь орлогод нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Орон сууцны корпорацитай гэрээ байгуулж газар эзэмшүүлж болно.
19.2. Орон сууцны корпораци нь ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмших, өмчлөх эрхтэй газрыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 25.1.1, 25.1.2, 25.1.3-т заасан аргаар шилжүүлэн авч болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
КОРПОРАЦИЙН УДИРДЛАГА
20 дугаар зүйл. Корпорацийн удирдлага
20.1. Корпорацийн удирдлага нь Компанийн тухай хуульд заасны дагуу дараах бүтэцтэй байна:
20.1.1. хувьцаа эзэмшигчдийн хурал;
20.1.2. төлөөлөн удирдах зөвлөл;
20.1.3. гүйцэтгэх удирдлага.
20.2. Үндэсний орон сууцны корпорацийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, харин Орон сууцны корпорацийн хувьцаа эзэмшигч нь тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна.
20.3. Засгийн газар хувьцаа эзэмшигчийн эрхийг орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлж болно.
21 дүгээр зүйл.Төлөөлөн удирдах зөвлөл
21.1. Корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийг 9 гишүүнтэйгээр 4 жилийн хугацаатай сонгох бөгөөд тэдгээрийн гурав нь хараат бус гишүүн, зургаан нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байна.
21.2. Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд орон сууцны, санхүү, төсвийн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус бүр нэг төрийн захиргааны албан тушаалтан санал болгоно.
21.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахнийтлэг
шалгуурыг хангасан байна:
21.3.1. зээл, татвар, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
21.3.2. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, түүний таваас доошгүй жилд уг салбартаа удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх;
21.3.3. эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, залилах, хөрөнгө завших болон эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
21.3.4. төрийн улс төрийн албан болон улс төрийн намын удирдах албан тушаал хашдаггүй байх.
21.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь Компанийн тухай хуулийн 79.1.1-79.1.5-д зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна:
21.4.1. сүүлийн таван жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй
байх;
21.4.2. өөрөө, эсхүл нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь банк, барилга,
орон сууцны санхүүжилтийн компанийн эрх бүхий албан тушаалтан, түүний
холбогдох этгээд бус байх, эсхүл хувьцааны 5 ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх.
21.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар, гишүүд дотроос хоёр жилийн хугацаагаар сонгоно.
21.6. Корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа таван жил байна.
21.7. Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг Засгийн газраас, Орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус тус батална.
22 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх
22.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1. корпорацийн үйл ажиллагааны стратегийг тодорхойлох;
22.1.2. корпорацийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах;
22.1.3. корпорацийн дотоод журам, заавар, аргачлалыг батлах;
22.1.4. корпорацийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулан ажиллуулах;
22.1.5. корпорацийн жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах;
22.1.6. гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үр дүнг үнэлэх;
22.1.7. корпорацийн дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний үйл ажиллагааны журам, төсөв, орон тоог батлах, ажилтныг томилох, цалин, урамшууллын хэмжээг тогтоох;
22.1.8. санхүүгийн алдагдалтай, эрсдэл өндөртэй гэж дүгнэж байгаа нөхцөлд хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгох, тайлантай танилцаж, шийдвэр гаргах;
22.1.9. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан орон сууцны санхүүжилтийн тусгай зориулалтын компани байгуулах шийдвэр гаргах, эсхүл бусад орон сууцны санхүүжилтийн компаниар хуульд заасан үйл ажиллагааг гүйцэтгүүлэх шийдвэр гаргах;
22.1.10. корпорацийн ёс зүйн дүрмийг батлах;
22.1.11. хууль тогтоомжид нийцүүлэн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, төсөл санхүүжүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх, үнэт цаас гаргах, зээл авах, батлан даалт, баталгаа гаргах, үнэт цаасжуулалт хийх;
22.1.12. хууль болон корпорацийн дүрэмд заасан бусад.
22.2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэйгээр хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
23 дугаар зүйл. Гүйцэтгэх удирдлага
23.1. Корпорацийн гүйцэтгэх удирдлагыг /цаашид "гүйцэтгэх удирдлага" гэх/ хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлнэ.
23.2. Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн, эсхүл багаар хэрэгжүүлэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана.
23.3. Гүйцэтгэх удирдлага нь Корпорацийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
23.4. Гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан байна.
23.5. Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, Корпорацийг төлөөлөх зэргээр Корпорацийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
23.6. Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор багийн гишүүдийн ажиллах дотоод журмыг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж мөрдөнө.
23.7. Энэ хуулийн 23.6-д заасан баг төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө гэрээ болон Корпорацийн дүрэм, холбогдох хууль тогтоомжийн дагуу хамтын хариуцлага хүлээнэ.
23.8. Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч баг энэ хуулийн 23.5-д заасны дагуу гэрээ, хэлцэл хийх, төлөөллийг хэрэгжүүлэх тохиолдолд Корпорацийг төлөөлж багийн ахлагч гарын үсэг зурна.
23.9. Энэ хуулийн 23.8-д заасан багийн ахлагчийг төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн багийн гишүүд сонгох бөгөөд багийн ахлагч Корпорацийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ.
23.10. Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэгч багийн хурал, гаргасан шийдвэрийн тэмдэглэлийг заавал хөтлөх бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг Гүйцэтгэх захирал биечлэн хариуцна.
23.11. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.
23.12. Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд Корпорацийн гүйцэтгэх захирал байна.
23.13. Гүйцэтгэх удирдлага хувь хүн байх тохиолдолд гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна:
23.13.1. банк, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн удирдлага, хууль, барилга, хот байгуулалтын салбарын инженерийн мэргэжилтэй, магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
23.13.2. мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх, үүнээс таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх;
23.13.3. шүүхийн шийдвэрээр тогтоосон зээл, татвар, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх.
23.13.4. Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, залилах, хөрөнгө завших болон эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
23.13.5. хууль, дүрэмд заасан бусад.
24 дүгээр зүйл. Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх
24.1. Гүйцэтгэх удирдлага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1. корпорацийн үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх;
24.1.2. корпорацийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд Корпорацийг төлөөлөх;
24.1.3. санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэрийг гаргах;
24.1.4. корпорацийн жилийн төсвийг боловсруулан батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулах;
24.1.5. корпорацийн захирлуудыг гэрээ байгуулан ажиллуулах, Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж байгаа тохиолдолд багийн бүрэлдэхүүнд ороогүй захиралтай гэрээ байгуулан ажиллуулах;
24.1.6. корпорацийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах;
24.1.7. төлөөлөн удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээний хүрээнд, төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамруулснаас бусад журам, заавар, аргачлалыг батлах;
24.1.8. корпорацийн санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, гаргасан үнэт цаас, түүний борлуулалтын хэмжээ, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, үр ашгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар санал боловсруулан төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;
24.1.9. төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө ажлаа улирал бүр тайлагнах;
24.1.10. корпорацийн дүрэмд заасан бусад.
24.2. Гүйцэтгэх удирдлага бусад байгууллагад ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.
24.3. Гүйцэтгэх удирдлага ээлжийн амралт эдлэх, гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, удаан хугацаагаар өвчтэй байх зэрэг тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөөс урьдчилан тогтоосон этгээдэд өөрийн бүрэн эрхийг тушаалаар шилжүүлж болох бөгөөд ийнхүү эрхээ шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ТАЙЛАГНАЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ
25 дугаар зүйл. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлагнал
25.1. Корпораци санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, бүтэн жилээр гаргана.
25.2. Корпорацийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу гаргаж, аудит хийлгэнэ.
25.3. Корпорацийн үйл ажиллагааны тайланг Төрийн албаны тухай хуулийн 54.2-т заасан Засгийн газраас баталсан журам, аргачлалын дагуу тайлагнана.
25.4. Корпораци санхүү болон үйл ажиллагааны тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн тайлангуудын хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлнэ.
25.5. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн үнэн зөвийг Корпорацийн гүйцэтгэх удирдлага хариуцна.
26 дугаар зүйл. Ил тод байдал
26.1. Корпораци жилийн тайлан, тайлан тэнцэл, орлого зарлагын тайлан болон аудитын дүгнэлтийг нийтэд мэдээлнэ.
26.2. Корпораци нь үйл ажиллагаандаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
27 дугаар зүйл. Корпорацийг тайлан, мэдээ, мэдээллээр хангах талаарх бусад байгууллагын үүрэг
27.1. Банк, нутгийн захиргааны байгууллага нь Корпорацийн хүсэлтээр, түүний хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орон сууцны хангамж, зээлийн үнэн зөв мэдээ, мэдээллээр хангана.
28 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
28.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.3. Энэ хуулийг зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
29.1. Энэ хуулийг 2026 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
Нүүр
Санал өгөх